Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн С зөвшөөрлийг нээлттэй олгохоор болжээ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй долоон боомтын 169 аж ахуй нэгжүүд болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг нээлттэй ашиглах боломж бүрджээ.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий системийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү нэвтрүүлээд байгаа аж.

Энэхүү системийг ашиглаж эхэлснээр ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй цаасыг багасгаж цахим хэлбэрээр мэдээлэл илгээх хүлээн авах боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Уг системд, улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй ААНБ бүртгэх, Ачаа тээврийн төлөвлөлт хийх, осол, зөрчил бүртгэгдэх, Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэгдэх, Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ оруулж шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх, Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй, Уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх, ААНБ-ын мэдээллийг нэг цонхноос харах боломжтой, Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу талтай юм байна.

Тус программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээр зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм.

Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх байдал арилхаас гадна жолоочийн давхардал үүсэхгүй, жолооч нарын бодит тоо гарах ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлээ дэлхий нийтэд танилцуулах ховорхон боломж олгодог “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал ёсоор зарлаад байна. ХААН Банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) болон Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны Гүйцэтгэх захирал, МУЗ-ийн Дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж буй билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгодгоороо онцлог юм. Энэ жилийн тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч Нидерландын Вант улсад 2019 оны 9-р сарын 19-22-нд болох 15 дахь удаагийн “TodaysArt” олон улсын наадамд оролцохоос гадна ХААН Банкны ХААН Галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхтэй болох юм.

Тэтгэлгийн хүрээнд шилдэг уран бүтээлчийн Нидерланд руу зорчих замын зардал, байр, унааны зардлыг бүрэн хариуцна. “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн онцлог нь дуу авианы урлаг буюу Sound art & sound installation төрлөөр бүтээл туурвидаг, 25-45 насны мэргэжлийн уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Сонгон шалгаруулалтад өгөх бүтээл нь 2018 оноос хойш бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх төдийгүй тухайн уран бүтээлч өөрийн дэлгэрэнгүй намтар, бүтээлийнхээ ерөнхий танилцуулгыг англи хэл дээр бичиж ирүүлэх ёстой юм.

Өргөдлийг холбогдох материалын хамт 2019 оны 6-р сарын 3ны өдрийн дотор culture@artscouncil.mnхаягаар хүлээн авна. Шалгаруулалтыг ХААН Банк Сан болон Монголын Урлагийн Зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 6-р сарын 11-нд олон нийтэд зарлана. Хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

(Жич: Олон улсын наадамд оролцохоор шалгарсан уран бүтээлчийн тухайн улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс хамтран ажиллах боловч визний баталгаа өгөх боломжгүй болно)
Дэлгэрэнгүй мэдээллийг 319017, 319015 утсаар холбогдон авна уу.

Categories
мэдээ нийгэм

Зайсангийн амны 500 орчим га газрыг тусгай хамгаалалтаас гаргана

Монголын хамгийн анхны дархан цаазат уул болох Богдхан суурьшлын бүс болоод байгаа гэхэд болно. Үүнтэй холбоотойгоор Зайсангийн аман дахь суурьшлын бүс мэт болсон газруудыг тусгай хамгаалалтаас гаргаж нийслэлийн Засаг даргад хариуцуулах саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Одоогийн байдлаар тусгай хамгаалалтаас гаргах газар нь 500 орчим га байгаа юм байна. ЮНЕСКО-гийн албан ёсны цахим хуудаст Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээг 41.6 мянган га хэмээн бүртгэсэн байдаг. Тиймээс дээрх хэмжээний газрыг тусгай хамгаалалтаас гаргахдаа ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл хүргүүлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг цэвэр агаарт спортын тэмцээн зохион байгуулж өнгөрүүлэв

Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал зэрэг эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм.

Ялангуяа суугаа ажил хийдэг хүмүүс аль болох дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, зааланд тоглох, спортын өөрт тохирох төрлийг сонгож хичээллэх зэрэг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Иймд ГССҮТ ажилчдын нэг өдрийг хамт олноор идэвхтэй хөдөлгөөнтэй өнгөрөөх зорилгоор “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийг цэвэр агаарт спортын тэмцээн зохион байгуулан тэмдэглэж өнгөрүүллээ. Мөн ГССҮТөвийн эмч нар ЭМЯ, Монголын Залуучуудын Холбоо, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнууллаа.

Эрүүл мэндийн яамны “Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр

1. Эрчимт Эмчилгээний тасгийн их эмч О. Гантогтох
2. Хүүхдийн гэмтэл согогийн 2 дугаар тасаг Д. Оюунжаргал
3.Хүзүү, нурууны гэмтлийн тасаг Л. Бат-Эрдэнэ
4.ЯҮ-3 дугаар тасгийн их эмч Б. Бямба-Эрдэнэ
5.Гар Сарвуу Бичил Мэс Заслын Тасаг Ц. Мөнх-Очир

Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр

1. Гавал тархины гэмтийн тасгийн их эмч Ц. Эрдэнэ
2. Хүзүү нуруу нугасны гэмтлийн тасгийн их эмч Б. Нарангэрэл
3. Гар сарвуу бичил мэс заслын тасгийн их эмч Д. Батбаяр

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр

1. Сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч П. Мягмарцогт
2. Яс үений гэмтлийн 1 дүгээр тасгийн их эмч Ш. Баасансүрэн

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу эмч медаль”-иар

1. СМТСАлбаны эпидемилогич эмч Б. Буян-Аривжих
2. Яс үений гэмтлийн 3 дугаар тасгийн их эмч О. Цэрэндорж
3. ДОТасгийн их эмч Б. Олз-Эрдэнэ
Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн сургалтанд суралцагчдаас сурлага болон харилцаа хандлага, нийгмийн идэвхээрээ тэргүүлсэн резидент эмчийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

ГССҮТ-ийн “Шилдэг резидент эмч”-ээр

1. ГССҮТ-ийн резидент эмч Э. Батболд
2. ГССҮТ-ийн резидент эмч Б. Оюунболд
3. ГССҮТ-ийн резидент эмч Л. Бүнчин
4. ГССҮТ-ийн резидент эмч Э. Ариунсанаа
5. ГССҮТ-ийн резидент эмч Ш. Идэрсайхан
6. ГССҮТ-ийн резидент эмч С. Аманбек нар нар тус тус шалгарчээ.



Categories
мэдээ улс-төр

“Зөвшөөрлийн тухай”, “зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүдийн тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаараа 13 асуудал хэлэлцэж, найман асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн зэрэг асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.

Өөр ямар асуудал хэлэлцэх төлөвлөснийг дараах жагсаалтаас харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүдийн тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм/

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай

Н.ЦЭРЭНБАТ

4.

Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай

Д.ЦОГТБААТАР

5.

Хөрөнгө гаргах тухай

Д.ЦОГТБААТАР

6.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

7.

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Ц.НЯМДОРЖ

8.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай

С.ЧИНЗОРИГ

9.

Хөрөнгө гаргах тухай*

Ё.БААТАРБИЛЭГ

10.

Журамд нэмэлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

11.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай*

Д.СУМЪЯАБАЗАР

12.

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай*

Ч.УЛААН

13.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

14.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

15.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16.

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

17.

Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар

С.ЧИНЗОРИГ

18.

2019 оны улсын төсөвт хөрөнгө нь батлагдаагүй, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төсөл, арга хэмжээний талаар

Ё.БААТАРБИЛЭГ

19.

“Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар*

Б.ЭНХ-АМГАЛАН

20.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар*

Б.ЭНХ-АМГАЛАН,

Д.СУМЪЯАБАЗАР

21.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар*

Д.СУМЪЯАБАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн мэргэжилтэн ямар үнэтэй вэ?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Лхагваа алслагдсан аймгийн нэгэн суманд төрж, улмаар тэндээ бага анги төгсчээ. Дараа нь аймгийн төвд ирж үргэлжлүүлэн сурч, дотуур байранд амьдарсаар 10 дугаар ангиа төгсгөв. Ингээд Улаанбаатарт ирэн МУИС-д орж суралцлаа, мөн л дотуур байранд. Онц сурдаг тул сурлагын нэмэгдэлтэй стипенд авна. Гэтэл 2 дугаар курсэд байхад нь сайн сурлагатай оюутнуудыг шилж Германд сургуульд явуулах болж, Лхагваа ч үүнд багтлаа. Герман хэлний бэлтгэл ангид сураад дараа нь мэргэжлээрээ таван жил хичээллэж арай гэж дээд мэргэжлийн диплом өвөртөлсөөр эх орондоо эргэж ирэв.Түүнийг төгсөөд ирүүт нь дадлагажуулж байна хэмээн нэг жил үйлдвэрт ажиллуулжээ. Дараа нь нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа. Ингээд аспиранрт шалгуулаад дахиад л гадаадад гурван жил суралцав. Эргэж ирээд дээд сургуульд багшилж байтал Сайд нарын зөвлөл өөртөө авч референт болгожээ. Энд Лхагваа бичиг баримт боловсруулах, төсөл бичихийн мастер болж чадсан юм. Энэ хооронд нэг удаа хагас жилээр ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх курст сурсан байна. Чухал газар ажилладаг тул МАХН-д ч элссэн.

Ингэж байтал 90 оны нийгмийн хувьсгал боллоо. Лхагваа МАХН-аас тасарсан Сэргэн мандлын намынхантай нийлэв. Гэхдээ улс төртэй амьдралаа холбосонгүй, төрийн ажилд зүтгэсээр. Англи хэл яаралтай сурснаар барахгүй Австралид мэргэжлээрээ нэг жил бас суралцаад авчээ. Албан тушаал сүрхий ахиж гавиагүй ч чадалтай технократын хувьд яам тамгын газарт хэлтсийн даргатайгаа. Бүгдээр хүлээн зөвшөөрдөг, эрдэм ном чадал тэнхээг нь хэн ч үгүйсгэж чадахгүй.

XXI зуун гарсан анхны жил Лхагваа ажилгүй болон гудамжинд нь гарах нь тэр. Хуучин гишүүн нь байсан МАХН нь арваад жилийн өмнө намаасаа гарсных нь тооцоог хийж буй хэрэг. Хэдийгээр тэрээр улс төрөөс холхон байдаг ч улс төр түүнээс холдоно гэж үгүй л дээ. Лхагваа эргээд бодлоо. Тэрээр улсын хөрөнгөөр 20 жил гадаад дотоодод суралцжээ. Улс нийгэмдээ 20 жил ажиллажээ. Тавь хүрээгүй тэр ажлын чадамж, хүсэл эрмэлзэл, туршлага, мэдлэгийн хувьд ид гялалзаж яваа дээрээ байгаа. Лхагваа шиг хүнийг бэлдэхэд нийгэм асар их мөнгө хөрөнгө, цаг зав зарцуулжээ. Зөвхөн сургууль ном, стипенди, байр хоолны мөнгө, унааны зардалд нь улс хичнээн төгрөгөө гарлагадсаныг Лхагваа өөрөө ч тооцоолж чадахгүй байна. 100 сая уу, 200 сая уу, магадгүй хагас тэрбум төгрөг зараа биз. Лхагваагийн оронд уртаашаа техникумын боловсролтой, мэдлэг мэргэжил гэж нойл, чадал их муутай нэг амьтныг сонгуулийн үеэр сайн далдганаж гүйлээ гэж шагнаж байгаа юм байлгүй тавьчихжээ. Чадал мэргэжлээрээ насаараа бусдад дарлагдаж явсан энэ мэтийн амьтныг дарга болгочихоор ёстой нэг баллаж тавьдаг бололтой. Лхагваагийн хэлтэст ажиллаж байсан аль л өнгөтэй өөдтэй, чадал тэнхээтэй болгоныг нөгөө далдгануур хуу ажлаас нь халж гудманд гарган өс хонзонгоо тайлав. Уул албан газар ч тун удалгүй үзэл суртлын том төв болон хувирлаа. Нөгөө далдгануур хүн болгоны цаанаа нуучихсан улс төрийн үзэл баримтлалыг нь илрүүлэх хоточ нохойн үүрэг гүйцэтгэнэ. Матах, ховлох, дээшээ долдогонох, доошоо өвчигнөх, оромдох зэрэг чадал муутай амьтнаас гардаг авир болгоныг биедээ шингээсэн нэгэн.

Лхагваа ясны төрийн ажилтан. Гудамжинд гараад бизнес хөөх гэж оролдсоон, даанч үнэхээр энэ салбарт шон дутаж байна. Багшилж байснаа санаад хэд хэдэн дээд сургуулийн хаалга татлаа, аль нь ч улс төрийн хэрэгт орооцолдоно гэж хаширлаад Лхагвааг ажилд авдаггүй. Ажиллаж байсан хүрээлэн нь зах зээлийн жамаар аль дээр үед хаалгаа барьсан. Лхагваа өнөөдөр улс төр гэхээр уур нь хүрч жигшдэг нэгэн болжээ. Аль ч намыг үзэхгүй. Хичнээн их хөрөнгө, цаг гаргаж бэлдсэн мэргэжилтнээ гудамжинд хөөгөөд гаргачихдаг ийм ардчилал хэнд хэрэгтэй юм гэж бодно. Аль л хүний адаг болсон, мэдлэг мэргэжилгүй усан тэнэгүүд нь нам мам гэж гуугачиж яваад дарга даамлаар шагнуулаад нийгмийн хөрөнгө завшихаар барахгүй төрийн ажлыг дампууруулж байгааг хараад Лхагваагийн бөөлжис цутгана. Тэрээр өөр шиг нь 15 мянган мэргэшсэн ажилтан гудамжинд хөөгдөж гарсныг дуулаад ухаан алдаж унахтай шахав. Нийгэм өөрт нь зарцуулсан мөнгө, цагийг 15 мянгаар үржүүлэх нь байна шүү дээ!

Нийгмийн хамгийн үнэт баялаг бол алт мөнгө биш, харин чадамжсан хүн гэж түүнийг Австралид сурч байхад нь заажээ. Япон, Герман, Солонгос зэрэг орон дайнд хавтгай болтлоо машиндуулсан боловч чухам чадамжсан иргэддээ түшиглэж хөгжил цэцэглэлд хүрэн баялаг бүтээсэн тухай тэрээр зөндөө заалгасан. Энэ хэдийн нүдээ ухаж өгөх гэж хоорондоо булаацалдан хувааж идээд байгаа Худалдаа хөгжил, ХААН банк, МИАТ, АПУ, НИК, Сангийн аж ахуйнууд, Эрдэнэтээс хавьгүй үнэ цэнэтэй зүйл бол Лхагваа болон Лхагваачуудын мэдлэг, туршлага билээ.

2001.10.26

Categories
мэдээ цаг-үе

Я.Мөнгөнцэцэг: Цагдаа нар бүгдийнх нь нүдийг таглаж байгаад бусармаг хүчирхийллээ эхлүүлсэн

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнгөрөгч баасан гаригт Сүхбаатарын талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд гэр хороолол руу дэд бүтэц татаж, иргэдийг хашаандаа хаус хороолол барихад нь төрөөс дэмжлэг үзүүлж, үүнд чиглэсэн бодлого гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний жагсаал суултаар үргэлжилж, Сүхбаатарын талбайд майхнаа бариад нэг хонов. Гэвч тэднийг өнгөрсөн бямба гаригийн шөнө цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Энэ талаар “Гэр хорооллын хөдөлгөөн”ий гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.


-Та бүхний жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Тэр үед болсон үйл явдлын тухай ярихгүй юу?

-Гэр хороолол хөдөлгөөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жагсаал цуглаан хийж байна. Энэ хугацаанд хотын захиргаанд удаа дараа шаардлага өгсөн боловч хариу ирж байгаагүй. Энэ удаад мөн л шаардлагынхаа хариуг нэхэж, сайхан амьдрахыг хүсч байгаагаа хэлээд төв талбайд жагссан. Албан ёсоор бүртгүүлсэн жагсаал. Гэр хорооллынхон амьдралаа яриад л цугласан. Гэвч нэг ч дарга тоож хараагүй. Тиймээс бид жагсаалаа улс төрийн суултаар үргэлжлүүлэхээр шийдэж, улаан майхнаа барих гэсэн. Гэтэл цагдаа нар бариулаагүй. Хүч хэрэглэж, булааж авсан. Цуглаанд ирсэн иргэд тэмцэж байж үлдсэн майхнаа бариад суултаа үргэлжлүүлсэн. Ингээд бид Сүхбаатарын талбайд тэр шөнөө хоносон. Жагсаал хийх бүртгэлтэй хугацаа дууссаныг цагдаа нар үргэлж сануулж дарамталж байлаа. Бид хотын удирдлагуудыг гарч ирж уулзтал суултаа буулгахгүй гэдэг байр суурьтай байсан юм.

-Бүртгэлтэй хугацаа дууссан байхад суултаа үргэлжлүүлсээр байсан гэсэн үг үү?

-Өнгөрсөн өвөл эрх мэдэл булаалдсан УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд 40 гэр барьж, М.Энхболдыг огцруулахыг шаардаж жагссан. Ерөнхий сайд нь зарлигдаад гэрүүдийг нь гэрэл цахилгаанаар хангаж байлаа. Тэд бараг сар орчим Сүхбаатарын талбайд амьдарсан. Гэтэл гэр хорооллын иргэд аравхан майхан бариад суух гэхээр хууль яриад, зөвшөөрөл нэхээд дарамтлаад байдаг нь ямар шударга ёс вэ. Монголын хууль гуйлгачин ч бай, дарга ч бай алинд нь ч тэгш үйлчлэх ёстой биз дээ.

Үнэхээр хууль нь хууль байсан юм бол Их хурлын гишүүдийг гэр бариулахгүй байх нь яасан юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Мөн бид хотын дарга С.Амарсайханыг гарч ирж бидэнтэй уулзаж, юу хүсч, юу шаардаад байгааг минь сонсох хүртэл явахгүй гэдгээ л хэлсэн. Гэвч тэр үл ойшоосон. Гэр хорооллынхныг үнэхээр дорд үзсэн.

-Яаж?

-Суулт үргэлжилсэн хоёр дахь өдрийн орой 21:00 цагийн үед хотын Засаг дарга С.Амарсайхан гэр хорооллынхны суултыг албадан тараах тухай захирамж гаргасан. Түүний захирамжийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал гэдэг коммунист нөхөр танилцуулах гэж ирсэн. Ингэхдээ тэр “Энэ бол хотын даргын захирамж, та нар зөвхөн сонсох үүрэгтэй. Албадан тараах явцад хэн нэгний амь нас, эд хөрөнгө үрэгдвэл хариуцлагыг нь та нар өөрсдөө хүлээнэ шүү” гэж заналхийлсэн. Сайхан амьдрахыг хүсч шаардаж яваа гэр хорооллынхон цагдаа нарын гарт үрэгдвэл хохь нь шүү гэж хэлснээс өөрцгүй биз дээ. Нөгөө талаар цагдаа нарт гэр хорооллынхныг алсан ч болно гэж үүрэгдэж байгаа юм уу. Иргэдээ сонсч, гэр хорооллоор явж, айл бүрээр орж уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаад ямар бодлого шийдвэр хэрэгтэй байна гээд явж байх ёстой хотын Засаг дарга ийм увайгүй дарангуйлагчийн дүрээр иргэдээ заналхийлээд явж байна гээд бод доо. Тэгэхээр яаж гэр хороолол ядуурлаас гарах юм. Яаж дахин төлөвлөлт үргэлжлэх юм бэ.

-Дараа нь юу болсон бэ?

-Бямба гаригийн үдшийн 23:00 цагийн үед хотын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу цагдаа нар хүч хэрэглэж албадан тараах ажиллагаа эхэлсэн. Бид бууж өгөөгүй. Майхандаа ороод сууж байсан. Зарим жагсагчдын машин талбайн урд талын зогсоолд байсан. Тэр машинуудын цонхыг юмаар хааж, битүүлсэн. Дотор нь хүн сууж бичлэг хийх вий гэдгээс сэргийлж, бүгдийнх нь нүдийг таглаж байгаад бусармаг хүчирхийллээ эхлүүлсэн. Майханд сууж байгаа эмэгтэйчүүдийг орилуулж чирсэн. Нэг хүнийг дөрвөн цагдаа татаж, зулгааж байсан гээд бод. Үнэхээр гэр хорооллынхныг хүний ёсоор бус нохой шиг үзсэн. Толгой хоргодсон майхнуудыг нь хуу татаж, өмссөн хувцаснуудыг нь урж тасдаж зэрлэг балмад аашилсан. Майхнаасаа бариад тавихгүй нэлээд зуурсан учраас намайг дөрвөн цагдаа дороо хийгээд л нухчихсан. Ингээд гэр хорооллынхныг гэмт хэрэгтнүүд шиг бариад ачаад явсан. Очоод мэдүүлэг авч байгаа нь яг л ялтнуудтай харьцаж байгаа юм шиг байлаа. Ийм л дарангуйлал тогтсон байна. Хүний эрх, ардчилал устаж байна. Үнэхээр харамсалтай.

-Гэр хорооллынхон яг юу хүсээд байгаа юм бэ?

-Гэр хорооллын иргэд бид хашааны газраа үнэ цэнэд оруулъя. Халуун, хүйтэн устай, хар нүүрс түлдэггүй хауснууд барья. Дэд бүтэц татаад, газрыг минь барьцаалаад мөнгө зээлдэг болооч гэж л төрөөс гуйж байгаа. Бид анх жагсахдаа албан тушаалтнуудыг огцруулъя гэж ам ангайгаагүй. Амьдралаа ярьж Сүхбаатарын талбайд нэг хонолоо. Нэг ч дарга ирсэнгүй, тоосонгүй. Харин хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, цагдаа нараар баривчлуулан төв талбайгаас биднийг өшиглөөд хөөж гаргалаа. Өмссөн хувцсыг минь хүү татлаа. Орогносон майхныг минь хуу хамлаа. Эмэгтэйчүүдийг нь орилуулж, дахиад ирвэл хохино шүү гэж заналхийллээ. Амьдрал, ахуй орчныг минь сайжруулж өгөөч гэж нэхсэний төлөө ингэж дарамжталж байгаа бол харин одоо хотын дарангуйлагч Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг бид эхлүүлж байна. Сүхбаатарын талбайд зөвхөн дарга нар жагсах эрхтэй юм бол бид Ялалтын талбайд ирэх баасан гаригт дахиад жагсана. Тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид Монголын ядуучуудын төлөө тэмцэж байна. Бид үйл хэргийнхээ төлөө тэмцэж байна. Ядуурал чинь гэр хороололд л байгаа юм бол гэр хорооллоо хөгжүүлээч. Бодлого яриач, шийдвэр гаргаач л гэж шаардаж байна.

-Та бүхэн дөрөвдүгээр сарын 5-нд дахин жагсах юм байна. Тэр өдөр АН мөн жагсаал хийнэ. Та бүхнийг АН, Э.Бат-Үүлтэй холбож, ярьдаг шүү дээ. Энэ дээр тайлбар өгөхгүй юу?

-Гэр хорооллынхон халуун, хүйтэн устай байшин баримаар байна гээд хэлээд байхад өөдөөс нь Э.Бат-үүлийг яриад байх юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ дарангуйлагчид биднийг гутаах, харлуулах, Э.Бат-Үүлийн жагсаал гэж харуулах үйл ажиллагаа явуулж, троллын арми хөлсөлж ажиллуулсан байна лээ. Төрийн албаныхныг ч оруулсан гэдэг мэдээлэл бий. Нэг л зүйн үнэн. Бид Э.Бат-Үүлийн эрх ашгийг хамгаална гэж жагсаагүй. Хотын дарга болго гэж шаардаагүй. Гэр хорооллынхон зүгээр амьдралаа ярьж байна. Энэ нь Э.Бат-Үүлд ямар хамаатай юм. Ер нь бол Э.Бат-Үүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлт нүдэнд харагдаж, айлууд мянга мянгаараа орон сууцанд орж байсан. Өөр хэний үед, аль намын үед гэр хорооллынхон мянга мянгаараа орон сууцанд орж байсан юм бэ. Тиймээс энэ гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь яалт ч үгүй энэ хүний эхлүүлсэн, хийсэн ажил мөн. Тиймээс бидний жагсаал цуглаанд оролцоосой гэж хүсдэг. Хотын дарга асан Э.Бат-Үүл харин ч биднээс зайгаа бариад, “Та нарын тэмцлийг улстөржүүлмээргүй байна” гээд оролцож өгөхгүй байгааг нь гайхаад байгаа. Эцэст нь хэлэхэд гэр хорооллынхон минь хүчээ нэгтгээч, хүнээ нэмээд олуулаа дахиад тэмцье. Бүгдээрээ сайхан амьдралын төлөө жагсъя гэж уриалмаар байна.


Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 03-нд болох үйл явдлын тойм

08.30 цагт Нийслэлийн иргэний танхимд “Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хэлэлцүүлэг болно. Утас: 99128391, 99198900

09.00 цагт НҮБ-ын байранд “Шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсрол: Хана хэрэм бус гүүр барих нь” боловсролын хяналт шинжилгээний 2019 оны дэлхийн тайланг танилцуулна.

10.00 цагт “Ампер хаус”-т “Эрүүл, аюулгүй аялал жуулчлалын төлөө” аяны нээлт болно. Утас: 99031891

11.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа талаар мэдээлнэ. Утас: 91989890, 99094993

11.00 цагт “UB Grand” зочид буудалд “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнг танилцуулна.

11.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулна. Утас: 99007115

11.00 цагт Ард түмний олонхийн засаглал намаас Сонгуулийн eрөнхий хороонд мэдэгдэл хүргүүлнэ.

11.00 цагт Биеийн тамир, спортын газарт Польш улсын Торун хотноо болсон Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

11.30 цагт УДБЭТ-т БНСУ-ийн “WISE” балет театраас “HIGH FEELING” модерн балетын тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 99024933

16.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Хавдар судлалын үндэсний төвийн ажилтай танилцана. Утас: 86885060

16.00 цагт “Corporate Convention Centre”-т Олон улсын уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн ёслол болно. Утас: 89300512, 99070441

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт Увс аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дарга, алба хаагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурна. Утас: 91915340, 99047423, 99519677

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Оюутны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар мэдээлнэ. Утас: 99342525, 95269666

12.30 цагт “Бона-Вита” лабораториос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.,

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг нийтэд ил зарлах талаар мэдээлнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл цаг үеийн асуудлаа мэдээлнэ. Утас: 98112770

12.00 цагт “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл хөдөлгөөн” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99105845, 95119220

Categories
мэдээ цаг-үе

Сэлмээр цус урсгахаас, баялаг бүтээдэггүй

Хамгийн шаналгаатай зовлон юу вэ? Өр! Өртэй хүний нойр хүрдэггүй. Хоол хоолойгоор давдаггүй. Амиа хорлох нь ч бий. Ямаанд өтөө түүх мутар заяасангүй. Өт өдөр хоногоор үржиж, бүх цусыг шимээд ямаа дуусдаг. Өртэй хүнийг өтөнд бариулаад арилдаг ямаатай зүйрлэсэн. Стандарт банкинд тавьсан их өр сар тутамд 1.2 сая доллараар үржих торгуульд ороод олон сарыг үдэв. Үүнд шаналж буй эх оронч Монголд байна уу? Төр Засаг эхний дугаарт сард 1,2 саяар үржиж буй 160 орчим (?) сая долларын өрийг яаж ийгээд нэг хоногийн өмнө ч атугай дармаар. Гэвч тэгье гэх сэтгэл Төр Засагт алга. Харин Эрдэнэтийг барьцаалж гаднаас зээл аваад “идчихсэн” Жастын Батхүү, Алтан авхай, Ч.Ганзориг, Т.Очирхүү, Д.Сугар нарын өрийг зэсийн баяжмалаар сэм төлж, Эрдэнэтийн улсад тушаадаг татварыг бууруулж, иргэн таны хүртэх дуслыг замхруулахаар хуйвалдаж байна уу. Нүүрлэсэн өрийг огт хайхралгүй Оросоос оруулаад ирсэн 49 хувийг булаах нисванис бадарсан Ц.Нямдорж У.Хүрэлсүхийг шордоод, У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг командлаад дайнд мордов. Баривчилгаа, 6 сарын онцгой дэглэмийн сүр хүчнээс хэн айв? Хууль зөрчөөгүй, төсвөөс нэг ч төгрөг аваагүй гээд “Зэс” додигор харагдана. Сарын 1,2 сая долларын “цодгор хүү” ч залуу халуун командлагчаас дальдарсангүй тоолуураа гялалзуулсаар 3,2 сая-маний өр сар сараар нэмэгдсээр.

Оросоос оруулаад ирсэн 49 хувь Стандарт банкны зээл шиг өдөр хоногоор өрөнд унагаагүй. Тиймээс юуны өмнө хүү нь сард 1,2 сая доллараар үржиж байгаа Стандарт банкны өрийг дарж дуусгаад, дараа нь “Зэс”-ийг гавалъя. Өмнөд Африкт бус Монголдоо байгаа өөрийн муу “Зэс”-ийг эд бад хийх хугацаа хойшлоход төлөх өр үүсэхгүйг адгийн тэнэг тооцно. Харин булчинлагууд тооцсонгүй. Шууд л хувийн хэвшлийг төхөөрөв. Онцгой дэглэм тогтоож, “Зэс”-ийхнийг баривчилж, байцааж байх зуур өр аривжаад байгаа. Манай сэлэмт менежерүүд дайчин аж. Л.Оюун-Эрдэнэ сайд Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкнаас төрийн мөнгө зувчуулан хулгайлсан гэх хэрэгт ХХБ, “Зэс” корпорацийн удирдлагыг баривчлав гэдэг

“Зэс”-ийнхэн тайлбарлахдаа Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкинд асуулга тавьсан. Тус байгууллагууд “Зэс” компани төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон хариундаа: Сангийн яам “Монголиан коппер корпорейшн” ХХК 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, санхүүжилт аваагүй болохыг үүгээр тодорхойлж байна” гэжээ. Тэгэхээр 2015-2017 онуудад буюу хэлцэл хийгдсэн цаг үеүдэд “Зэс” корпораци төсөвт хамаатай мөнгөнөөс хол байж. Хөгжлийн банкны албан бичигт “Монголиан коппер корпорейшн ХХК 2016 оноос хойш Монгол Улсын Хөгжлийн банкнаас ямар нэг зээл аваагүй” гэж хариулжээ. Монголбанк мэдэгдэхдээ “Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк Засгийн газар болон банкинд зээл олгодог” гэж онцолжээ. “Зэс” корпораци улсаас, төсвөөс ямар ч мөнгө аваагүйг дээрх гурван байгууллага ингэж нотолсон аж. Ийм хол зөрүүтэй хоёр тайлбарыг ямар ч ня-бо баримтын шалгалтаар ялгачихна. Улсын мөнгийг хулгайлж 49-ийг авч уу, эсвэл монгол бизнесмэнүүд нийлж хуулийн дагуу мөнгө босгоод 49-ийг эх орондоо оруулаад ирж үү? Хуулийн нюансыг нарийн ялгах тархигүй дарангуйлагч асуудлыг шанаадаж шийддэг.

Бүхэл бүтэн улс байна даа иймхэн маргааныг тайлчихмаар юм. Эсвэл хуулийн дагуу босгосон мөнгийг заавал хулгайнх болгох гэж хүчирхийлээд байна уу? Зөвийг хүчээр буруутгадаг харгислал урьд “намын эсрэг бүлэг”, “Хятадын талыг баримтлагч” гээд олонтаа гардаг байв. Л.Цэндийн нэр нөлөө өссөнөөс айсан Ю.Цэдэнбал түүнийг хөдөө нутгаар явахдаа САА-д трактор олгосон нь халамжтай удирдагч мэт харагдаж, албан тушаал ахих гэсний нотолгоо хэмээн цөлж байлаа. Л.Цэндээс ямар ч ноцтой гэм олоогүй атлаа хэдэн жил хараалаар балбасан.

Төрийн том компаниудаас санхүүждэг Нам, шахаа хийдэг эрх баригчид, төр хувийн хэвшлийн хослолоос үхтэлээ айдаг. Тэдэнд хувийн хэвшил мөнгөө алддаггүй. Сүүлийн үед тодорсон эх оронч эрэлхэг баатрууд шахааныхаа талбар Эрдэнэтээс хувийн хэвшлийг зайлуулахаар сэлмээ сэнсэртэл эргүүлж гарлаа.

Ц.Нямдорж “Бүр аймаар баримт дэлгэж сахал Эрдэнэбилэгийг баллана, хохь чинь шүү” гэж хэдэн жил занав. Шүүх бүх шатандаа “Зэс”-ийг Эрдэнэтийн 49 хувийг хулгайн мөнгөөр авсныг нотолж чадалгүй тэдний талд шийдээд байдаг. Ц.Нямдорж нөгөө баллах баримтаа шүүхэд өгч тусалбал сахалтай хулгайчийн толгой гялс өнхрөх учиртай. Ц.Нямдорж аймаар баримтаа дэлгэж Сахалыг балладаггүй.

Ц.Пүрэвтүвшинд атаархагчид жиргээндээ “27-той бацаан хаанаас тийм их мөнгө олов” гээд бүтэж үхэх нь. Хөрөнгөлөг бизнесмэнүүд 400 гаруй сая долларыг хамтарч босгоо. Монгол чинээлэг боссуудтай болжээ. Аварга үйлдвэр Эрдэнэтийн талыг эзэмших хүмүүст мөнгө зээлүүлэх баячууд олдоно. Менежмэнт авьяастай гэж үзээд цэл залуу Ц.Пүрэвтүвшинд ачааны хүндийг үүрүүлж захирал болгосон нь боловсон хүчний бодлого биз гэж гэгээлгээр харахыг хичээв. Засаг баячуулд хорсоод хөрөнгийг хуу нийгэмчлэхээр довтолсон үед хувийн хэвшлийг өмөөрлөө.

Салхитад мандуулсан баривчилгаа дайчилгаагаар 400 ордыг хямгадах тохироонд эв эетэй яг таг хүрчээ ҮАБЗ. Ухаан уралддаг мэтгэлцээний танхим-парламент гурван хувь хүний далалсан цагт ил гарч, далайсан цагт далд ордог номхон тэмээ болбол МАНАН арилах аж. Ард түмний өмч гэх баялгийн агууламжтай чулуу шорооныхоо зарим ордыг Төр өөрийнхөө зохиосон хуулиар чинээлэг иргэндээ гэрээгээр ашиглуулсан. Төрөөс ордуудыг нь хэн ч булааж аваагүй. Төр засаг сайндаа бус мөнгөгүйдээ түрээсэлсэн юм. Тэгтэл өдгөө гэрээ ёсоор ашиглаж буй иргэнээсээ ордоо буцааж авахдаа хулгайч луйварчнаар нь цоллож, дайснаа дарах мэт сүржигнэв. Таван толгой-Сайншандын 600 орчим км төмөр замыг 2019 онд барьж дуусгахаар Гурван өндрөөс сонордуулав. Сайншандаас цааш түүхий нүүрсээ Сибирийн трансаар 5000 км тойруулах уу, эсвэл Сайншандаас Хятадын сүлжээгээр халхиулсаар Өмнөговьтой саахалт Бугатын гангийн үйлдвэрт буцааж авчрах уу? Зөнөг би ойлгосонгүй. Манай түүхий нүүрсийг шингээдэг ганц хэрэглэгч нь Бугат. Япон, Солонгос түүхий нүүрс авахгүй. Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замыг 2020 онд барина гэдэг танил онигоо. Суурь бүтцийн ихэнхийг овоолчихсон 267 км-ийг 2019 ондоо Эрдэнэс Таван толгойн ашиг 800 тэрбумаараа түрүүлж бариад, тээвэрлэлтийн зардлаа 70 хувь хямдруулбал цэвэр ашиг эрс өсөөд тэр бэлээрээ 2020 онд Сайншандын тухай яримаар. 267-гийн гацаа ШХАБ-д элсээд ч арилахгүй юм бол, ард түмнээсээ үүрд нууж чадахгүйгээс хойш шууд хэлээч. Нүүрсээ угаавал бөөн мөнгө. Тээвэрлэхэд хөнгөн. Энэ хожил өөд зүтгэх Нам байна уу?

Газрын баялаг ард түмний өмч гэдэг. Ард түмний нэг нь би. Тиймээс газрын баялаг миний өмч. Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга бүгд миний хувийн өмч. Хоногийн хоолгүй болбол энэ олон аварга ордууд надад таван цаас өгөх үү. Газрын баялаг ард түмний өмч гээ биз дээ. Эрдэнэтийн 49 хувийг хулгайчдаас Ц.Нямдорж булаагаад ард түмэнд өгмөгц би гүйж очоод хувиа авах юм шиг бөөн хөөр. Гэвч амьдралд би юу ч олж долоохгүй. Мөнгө нэхвэл манаач нь өшиглөөд гаргана. Газрын баялаг ард түмнийх гэдэг чинь ердөө энэ. Эрдэнэтийн улсад тушаадаг татвар улсын төсвөөр дамжаад танд дусах учиртай. Гэхдээ Эрдэнэтийн татвар эрх баригч намын санхүүжилтэд зальгуулчихгүй бол, баялаг ард түмний өмч утгаараа Эрдэнэтийн улсад тушаасан татвар төсвөөр дамжаад танд хувь ноогдоно. Тиймээс төр хувийн хэвшил 51:49-өөр хосолсон Эрдэнэтийн үйлдвэрлэл эрчимжиж, улсад тушаадаг татвар нь суга өсөөсэй гэж залбир. Газрын баялгийг үүнээс өөрөөр хүртэх хувилбар танд байхгүй. Тэгэхээр газрын баялаг ард түмний өмч гэж та бүү онгир. Эрдэнэтийн ашгийг эрх баригч нам бүү хамчихаасай, 49-ийг эзэмшдэг хувийн хэвшил шахаачдын хоншоорыг тас цохиосой гэж залбир. “Өөрийн чинь өмч гэгдэх газрын баялаг”-ийг хүртэх өгөгдөл ердөө энэ. Эрдэнэтийг саалийн үнээ гэдэг. Үнэн. Энэ ордоор бид өөдөлж яваа. Ер нь бид нүүрс, зэсийн баяжмал, хүдэр, малаараа амьдардаг болохоос МАН, АН-аар тэжээлгээгүй. Энэ хоёр намын авилгач жидүүч олигархууд ард түмнээ тэжээж байна гэж ханхалзахад нүүр лүү нь нулимдаг иргэд олширвол тэд бидний жанжин бус, бидний үйлчлэгч гэдгээ ухамсарлах сан. Гэтэл саалийн үнээ маань ард түмнийх бус эрх баригч Намынх болжээ. Одоо Эрдэнэтийн 49 хувийг булаах гэж нүдээ анин дайрч байна. Зодооны манлайд шинэхэн сайд Л.Оюу-Эрдэнэ дарцаг мэт дэрвэнэ. Эрдэнэтийг 100 хувь авч намаа 2020 оны сонгуульд санхүүжүүлэх, мөн АТГ-ын сейфэнд цоожлогдсон овгоруудынхаа хавтаст хэргүүдийг янзлах даалгавартай биз. Түүний ард У.Хүрэлсүх сэлэм далайж, түүний ард Ц.Нямдорж нуувчинд овоо хараагаа онилоод шагайж хэвтээ. Л.Оюун-Эрдэнэ та Бүргэдийн Лосол шиг л явна. Энэ комбинаци нурвал Л.Оюун-Эрдэнэ гэх жаал үсэрнэ. Харин тэр үед “захиалгат хайртай хүү”-гээ түүний жиргээчид тосоод аваарай.

Төр Засаг минь ариун дагшин ёс зүйг дээдэл. Боловсрол, суурь хүмүүжилтэй залуус эх орноо удирдаасай. Хууль зөрчдөг худлаа хэлдэг овилгогүй та хэд бол таарахгүй. Шинжлэх ухаанч, гэгээрсэн залуус горьдлого төрүүлнэм. Б.Лхагважав, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу, Л.Наранбаатар, Д.Ангар, Э.Долгион гээд. Гэвч өөдөө гарвал Батзандан шиг зэс нь цухуйхыг таах аргагүй. Ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг гадарладаг, тууштай, туршлагатай Э.Бат-Үүл, Баабар, М.Энхсайхан, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, С.Баяр гээд төрд хэрэгтэй ахмад зайрангуудаа нухалгүй ашигламаар. Эднээс илүү өөр хэн хэн байна нэм. Ачаа даах ид насны Тэмүүжин, Батчимэг, Баатарбилэг, Нарантуяа, Мөнх-Оргил, Тэмүүлин, Цогтбаатар гээд шинжлэх ухаанч идэрчүүд нүдэнд тусдаг. Намаа бус Монголоо гэх нэгдмэл зорилготой залуу, идэр, ахмадын холимог баг бяцхан эдийн засгаа өөд татахаа л голло. Хоёр хөршийнхөө итгэлийг бататгаад гурав дахь хөршүүдтэйгээ харилцаж буй өнөөгийн гадаад бодлого гуравхан сая ядуу бидний хэрд таарна. Дэлхийг талцуулсан цэрэг армийн хүчирхэг гүрнүүдтэй зиндаархан ШХАБ гэх том улстөрөөр биеэ үгүйлэхгүй пээдийхээсээ ичээч. Юутай ч сэлэм Тогмидууд минь тогтож хайрла. Сэлмээр цус урсгахаас, баялаг бүтээдэггүй.

Цэндийн Доржготов (Төрийн соёрхолт, СГЗ, зохиолч) 2019-03-07

Categories
мэдээ цаг-үе

Кокс, ган төмөрлөгийн үйлдвэр нүүрсээ Таван толгойгоос, төмрийн хүдрээ Сэлэнгэ, Хэнтийгээс авна

“Эрдэнэс стийл” компанийн Говьсүмбэр аймгийн Баянтээл сумын нутагт барих Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад байна. Компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэлийг “Монгол Улс жилд 7.4 сая.тонн төмрийн хүдэр, 35.7 сая.тонн коксжих нүүрсийг түүхий, хагас боловсруулсан байдлаар гадаадад гаргаж байна. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага бий” хэмээн тайлбарлалаа.

Төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын олборлолтоос гарсан коксжих нүүрс, төмрийн хүдрийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж компанийн зүгээс тайлбарлав.

Ирээдүйд өрнөх нь тодорхой бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хэрэгжсэнээр төмөрлөг бүтээгдэхүүний хэрэгцээ жилд нэг сая.тонн-д хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувиар өсөх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар барилгын арматур, бусад цувимал бүтээгдэхүүний 97 хувийг өмнөд хөршөөс импортоор хангаж байгаа. Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр үүдээ нээвэл импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж хэрэгцээт зах зээлийн тодорхой хувийг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм байна.

Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй хаягдал төмөрт суурилсан гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд дахин боловсруулах ширэм болон чанарын шаардлага хангасан ган бэлдэцээр хангах шаардлага байгаа аж. Энэ төсөл болон төмөрлөгийн үйлдвэрийн бусад томоохон төслүүд хэрэгжсэнээр коксын дотоодын хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Цогцолбор үйлдвэр жилд 500.000 тонн кокс, 300.000 тн ган үйлдвэрлэх гэнэ. 1500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гаргажээ. ТЭЗҮ-ийн дагуу үйлдвэрлэлийн түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрс, шатаасан шохой, доломит, жонш зэргийг хүлээн авч боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь. Шинээр байгуулах 179 м3 домен зуух, 25 тонн-ын конвертерын зуух, 25 тонн шанаган зуух нь өндөр бүтээмжтэй, хайлалтын хугацаа богино, автоматжуулагдсан байна гэсэн өгүүлбэр ТЭЗҮ дээр дурайж байна. Мөн тоос, утаа цэвэрлэх орчин үеийн байгууламжтай байх зураг гарчээ. Цутгамал бэлдэцийг дахин халааж цувин D10-D32 мм голчтой цувимал ган туйван буюу арматур, D3-D8 мм голчтой өндөр бат бэхтэй ган утас, хэлбэржүүлсэн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ-д онцолжээ. Хэлбэржүүлсэн цувимал бүтээгдэхүүн гэдэг нь булан төмөр, швеллер, двутавр зэрэг юм байна.

Коксын үйлдвэр жилд 500 мянган тонн металлургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай гэж өмнө дурдсан. Үйлдвэрт 5.5 м өндөртэй, 52 ширхэг уламжлалт буюу дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх коксын батарей суурилагдах аж. Жилд нэг сая тонн орчим түүхий нүүрсний хольцыг боловсруулж металлургийн кокс үйлдвэрлэхийн зэрэгцээ давирхай, хүхэр, аммиак, сульфат бензол зэрэг химийн үйлдвэрийн суурь бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө гарчээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин хангах 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х40 МВА дэд станц, салаа төмөр зам, үйлдвэрийн дотоод зам, үйлдвэрлэлийн явцад ялгарах домены болон коксын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх 12.5МВт чадал бүхий цахилгаан станц, усан хангамжийн байгууламж, гадны тоосгүйжүүлэх систем, цэвэрлэх байгууламж, хүчилтөрөгчийн станц зэрэг туслах цех, хэсэг, байгууламжуудын бүтээн байгуулалт өрнөнө гэж төсөлд тусгажээ.

Төслийн түүхий эдийн хувьд коксжих нүүрсийг Таван толгойн орд, төмрийн хүдрийг Хэнтий аймгийн Баргилтын төмрийн хүдрийн орд, Сэлэнгэ аймгийн Баянгол ордуудаас авахаар тооцжээ. Төмрийн хүдрийг цаашид Чойрын бүлэг ордоос нийлүүлэх боломж ч байгаа бололтой.

Төсөл хэрэгжсэнээр хэд хэдэн давуу тал үүснэ гэж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс онцоллоо. Давуу талуудыг дахин дурдахад эх орны төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэглээг металлургийн коксоор, боловсруулах үйлдвэрүүдийг ган болон ширмэн бэлдцээр бүрэн хангах боломжтой бүрдэхээс гадна зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн эцсийн бүтээгдэхүүн болох ган цувимал үйлдвэрлэнэ.

Жилд 900 мян.тонн коксжих нүүрсний дотоодын байнгын хэрэглээг үүсгэснээр, Монгол орны коксжих нүүрсний үнэлэмж дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. Мэдээж Монголд коксжих нүүрс, төмрийн хүдрийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кокс, металлургийн цогцолбор үйлдвэр бий болох нь хамгийн том давуу тал юм.

Кокс, химийн үйлдвэрийн тухайд коксжих нүүрсийг боловсруулан ашиглах технологи нь дэлхий нийтэд түгээмэл тархсан уламжлалт үйлдвэрлэл юм байна. Үндсэн бүтээгдэхүүн болох металлургийн кокс нь хар ба өнгөт металл хайлах үйлдвэрийн үндсэн чухал түүхий эдүүдийн нэг болдог аж. Коксын үйлдвэрлэл нь металлургийн салбартай салшгүй уялдаатай гэж салбарынхан онцолдог. Дэлхийн бусад оронд эдгээр хоёр үйлдвэрлэл зэрэгцэн хоршиж ажиллах нь кокс, химийн үйлдвэрийн хамгийн түгээмэл хэлбэр аж.

Бүтээн байгуулалт нь 3.6 жил үргэлжилнэ гэж буй уг цогцолбор үйлдвэр жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.

Төслийнхөн алсын хараагаа “Монгол Улсын кокс, хими, төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт манлайлагч байж, энэ салбарын үйлдвэрийн мэргэжлийн загвар үйлдвэр болно” хэмээн тодорхойлжээ. Харин эрхэм зорилгоо “Эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан кокс, төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр, түүхий эдийн нөөц, ашигт малтмалын ордыг түшиглэн барьж байгуулах, үндэсний стандартад нийцсэн ган төмөрлөгийн бэлдэц, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, экспортыг дэмжихэд оршино” гэж тодотгожээ.

Ц.СҮРЭН