Categories
мэдээ нийгэм

ОХУ-д Монгол улсаа сурталчиллаа

ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны гуравдугаар сарын 28-30-нд Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээний нэг “Байкалтур” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт Си тур, Далай тур, Дискавэр Монголия, Легенд Хубсугул, Лэтс трэйвэл, Саян радиан, Холидэй трэйвэл, Хөвсгөл мон трэйвэл компаниуд оролцсон байна.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан “Цайны зам”-ын олон улсын холбооны гишүүдийн ээлжит хурал “Байкалтур” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах мөн аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг ажлууд байв.

Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Мөн хурлын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамны сайд М.Б.Бадмацыренова Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсын боомт болгоно хэмээн мэдэгдлээ. Хөвсгөл нуурын хойд эргийг эмжин байрлах ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг бөгөөд 10 гаруй мянга нь ОХУ-ын жуулчид байдаг байна. Тус боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх боломжгүй байдаг. Харин олон улсын боомт болсноор хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус сум нь аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих боломжтой.

Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Сүүлийн 3 жил буюу 2016 онд 84 мянга, 2017 онд 106 мянга, 2018 онд 129 мянган жуулчин ОХУ-аас Монгол Улс руу зорчсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Сангидорж агсны нэрэмжит анхдугаар уралдаан боллоо

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам” Монгол Улсын консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежид болж гран при шагналын эзэд тодорлоо.

МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга” бүтээл гаргасан нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг. Хоёр жилийн өмнө “Ардын дууны 33 найруулга” бүтээлийг БСШУСЯ наас дэмжин ерөнхий боловсролын сургуулиудад нэг нэг ширхгийг худалдан авч байсан юм. Өнөөдөр ардын урлаг өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа багш сурагчдыг БСШУСЯ-наас шагнаж урамшууллаа.

Энэхүү наадмыг Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэг зохион байгуулсан бөгөөд хоёроос дөрөвдүгээр ангийн сурагчид оролцсон юм. Тэд A, B, C гэсэн гурван хэсэгт хуваагдан шилдэгээ тодрууллаа. Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарсан байна. Харин Гран При буюу тэргүүн байранд А ангилалд 4а ангийн сурагч О.Нандин, В ангилалд 3а ангийн сурагч Б.Сорхогтан, С ангилалд 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар шалгарсан юм.

Дээрх сурагчдыг БСШУСЯ-аас шагнасан бөгөөд шагналыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулж үг хэллээ. Тэрбээр, зөвхөн гран при шагналын эзэд биш ардын сайхан аялгуу дуугаа дэлхийн сонгодог хөгжимтэй хоршуулан энэ тайзан дээр тоглосон бүх хүүхэд ялагч юм шүү. Монгол Улсын когсерватори Хөгжим бүжгийн коллеж байхаас эхлээд энэ сургуулиас тэргүүний уран бүтээлч, соён гэгээрүүлэгчид төрөн гарч ирсэн. Хойч үе болох хүүхэд багачууд та бүхэн манай улсын сайн сайхан ирээдүй, лидерүүд байх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэв.

Энэхүү наадмыг зохион байгуулсан төгөлдөр хуурч С.Саянцэцэг өнөөдөр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаасан бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурчдын наадмаа хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн 10-р хороо,
  • Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа.

  • Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3” чиглэлийг 2 чиглэл болгон хүлээгдлийн хугацааг багасган, иргэдийн зорчих эрэлтэд нийцүүллээ.

  • Чингэлтэй дүүргийн 17, 18, 19-р хороо, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”, Ч:24б “Зүрх уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орууллаа.

  • Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармаг-10 дугаар хороолол-3,4 дүгээр хороолол-Зурагт” чиглэлийн замналыг Баянхошууны суурьшлын бүс хүртэл сунгаж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн болно.

Өөрчлөлт орсон чиглэлүүдийн үйлчилгээг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангасан тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн голомтод гучин алба хаагч ажиллаж байна

Related image

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 230 км зайд орших “Хэвэнгийн нарийны эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр энэ сарын 02-ны өдөр хүргэж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, Цагаан-Үүр сумын Засаг дарга нийт 45 алба хаагч ажиллаж түймрийг цааш тархахгүйгээр тогтоосон байна. Одоогийн байдлаар түймрийн голомтод салхитай, хуурайшилт ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даатгалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн иж бүрэн бүртгэл, түүний өөрчлөлт, хөдөлгөөнийг хянах нь зохицуулалтын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Холбогдох хуулиудаар өгөгдсөн үүргийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчдод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгон, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэн, хувь нийлүүлсэн хөрөнгө, түүний эх үүсвэрийг хянан зөвшөөрөхийн зэрэгцээ эрх бүхий албан тушаалтныг батламжлан ажиллаж байна. Дээрх чиг үүргийн хүрээнд СЗХ өнгөрөгч гуравдугаар сард даатгалын хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, нэг компанийн хоёр салбар нээх асуудлыг хянан зөвшөөрсөн байна. Мөн даатгалын мэргэжлийн оролцогч хоёр компанид гурван салбар нээх зөвшөөрөл өгчээ. Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр хуулийн этгээдэд олгож, нэг төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны зэрэгцээ даатгалын хоёр компанийн оноосон нэрийг өөрчилсөн байна.

Categories
булангууд мэдээ редакцийн-нийтлэл шинжлэх-ухаан-технологи

​Одон орны хураангуй цаг тоолол

Image may contain: sky and cloud

2019-оны 4-сард

( Улаанбаатарын цагаар )

4.2. Сар, 3°-аар Сугар гарагаас хойш байрлана. Үд дундад

4.3. Буд гараг, 0.4°-аар Далай ван гарагаас хойш байрлана. Үүр шөнөөр, 3 цагт

4.3. Сар, 3°-аар Далай ван гарагаас урагш байрлана. Өглөө 7 цагт

4.3. Сар, 4°-аар Буд гарагаас урагш байрлана. Өглөө 7 цагт.

4.5. Сар битүүрч, Шинэ сар гарна. Үдээс хойш 16:50′ цагт

4.5. Астероид Айрис ( Iris) – ийн Нарны ар талд дахь тохиолго буюу Нарны чанх цаад талд байрлана. Үдээс хойш 17 цагт

4.6. Сар, 5°-аар Тэнгэрийн ван гарагаас урагш байрлана. 21 цагт

4.9. Одой гараг Церера төлөв байдалдаа ирнэ. ( гарагийн тохиол). Үүрийн 5 цагт

4.10. Урлагын ван хэмээх бага гараг буюу астероид Паллас-ын Нарны цаад тал дахь тохиол буюу Нарны чанх цаад талд байрлана. Өглөө 9 цагт

4.10. Сугар гараг, 0.3°-аар Далай ван гарагаас хойш байрлана. Өдөр дундад

4.11. Бархасбадь гараг төлөв байдалдаа ирнэ. ( гарагийн тохиол) Өдөр 13 цагт

4.12. Буд гараг, Нарнаас Баруун их даялал өнцөг дээрээ ирнэ. (28°) Үүрээр 4 цагт

4.13. Сарны дээд хагас ( эхний тал сар) Үүр шөнөөр 3:06′ цагт

4.17. Ангараг гараг, 7°-аар Альдебаран буюу Үхэрийн ордны гялаан Дөлгөөн тэнгэрийн эх одноос хойш байрлана.

4.19. Сарны дөхлөг, ( 364208 км = 226,306 миль) Өглөө 6:05′ цагт

4.19. Бүтэн сар Тэргэл болно. Орой 19:12′ цагт

4.22-4.23. СОЛИРЫН БОРОО.

Лириды буюу Тэнгэрийн сангийн ордны солиронцын бөөгнөрлийн чигт дэх солирын бороо.

4.23. Тэнгэрийн ван гарагийн Нарны эсрэг талын тохиол ( Нар, Дэлхий, Тэнгэрийн ван гараг гэсэн дарааллаар хавтгайн нэг шугаманд байрлана.) Өглөө 7 цагт

4.23. Сар, 1.6°-аар Бархасбадь гарагаас хойш байрлана. Орой

4.25. Дэлхий ван одой гараг төлөв байдалдаа ирнэ ( гарагийн тохиол) орой 17 цагт

4.25. ТУСГАЙЛСАН АЖИГЛАЛТЫН ТОВ

Сар, 0.07°-аар Санчир гарагаас хойш байрлана. Үүр шөнөөр 4 цагт

4.27. Сарны доод хагас ( сүүлчийн тал сар) Өглөө 6:18′ цагт

4.29. Сар, холхи цэг дээрээ ирнэ. ( 404576 км = 251,396 миль) Өдөр 14:20′ цагт

4.30. Санчир гараг төлөв байдалдаа ирнэ ( гарагийн тохиол) Өглөө 10 цагт

4.30. Сар, 3°-аар Далай ван гарагаас хойш байрлана. Үдээс хойш 14 цагт

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/312063645592536/permalink/1663177073814513/

Categories
мэдээ улс-төр

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфялцийн түвшинтэй уялдуулан нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээрт өнөөдөр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагууд гарын үсэг зурлаа.

2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр урьдчилсан байдлаар тохирсон гэдгийг С.Чинзориг сайд хэлээ. Тэрбээр, “2020 оны төсвийг батлахын өмнө гурван талт үндэсний хороо дахин хуралдаж, ирэх жилийн инфляцийн түвшинг тооцоолон, хэдэн хувиар нэмэхийг эцэслэн тохирох юм” гэв. Мөн үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр амжилттай хэрэгжсэнийг талууд онцлов. Тухайлбал, 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин 27.5 хувиар өссөн байна. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320000 төгрөг, 2020 онд 420000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн өрхийн орлого 2018 онд өмнөх жилээсээ 16 хувиар өссөн, ажилгүйдэл гурван хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2020-2021 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, Олон улсын харилцаа улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2019 оны 4 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 17-25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Шалгаруулалтад оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:

§ Цахим өргөдөл

§ Суралцаж буй сургуулийн тодорхойлолт; /Англи, эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/

§ Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

§ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; /Англи, эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгын хамт/

§ Иргэний үнэмлэхийн хуулбар

§ Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт.

§ ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл ЭНД дарж авна уу. /ЗӨВХӨН БИЧГИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДЭД ХАМААРАЛТАЙ/.

§ Мэргэжлийн чиглэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагч:

§ Цахим өргөдөлСонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг; /Англи, эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/

§ Эхний 2 улирлын дүнгийн тодорхойлолт;

§ Иргэний үнэмлэхийн хуулбар;

§ Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт

§ ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл ЭНД дарж авна уу /ЗӨВХӨН БИЧГИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДЭД ХАМААРАЛТАЙ/.

§ Мэргэжлийн чиглэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

2018 оны 04 дүгээр сарын 05-ны 00 цагаас 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг хүртэл https://scholarship.esis.edu.m… цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF (файлын хэмжээ – А4 цаасны тохиргоотой, 5Mb илүүгүй хэмжээтэй) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утганд ILWOO cангийн тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

2019 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 09.00 цагт Математик, 10:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Бичгийн шалгалтын дүнг 2019 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “ГАДААДАД СУРАЛЦАХ” цэсэнд зарлана. Бичгийн шалгалтын дүнгээр чиглэл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан эхний 15 шалгуулагчдыг /нийт 30 шалгуулагчдыг/ ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлэх ба 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалыг эх хувийг ILWOO санд хүргүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрсийг тодруулах ба болон ярилцлага хийх байр, цагийн хуваарийг 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцах” цэсэнд байршуулна. Ярилцлагыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ. (Ярилцлага Англи хэл дээр явагдана)

Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2019 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2020 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Онгоцны тийз (анх явахад 1удаа, төгсөөд буцаж ирэхэд 1 удаа), оюутнуудын сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг 540,000 вон олгох ба тэтгэлгийн хугацаа 4 жил байна.

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Холбогдох утас: 70002003 /8.30-11.30 цагийн хооронд холбогдоно уу/

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэлтэд өгнө гэв

Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байсан. Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ байгуулж дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу холбогдож байгаа газраа хүргүүлээд авч болох аж. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас үнэмлэхээ авч болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохиож, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглолоо

БСШУС-ын Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа.

Тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

БСШУС-ын сайдын мэдээллэж буйгаар “Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна. Түүнээс гадна багш нар давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ.

Зөвхөн тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ гээд эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байна.