Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс өмнө 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин татвараа төлнө

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу энэ сард 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө. Хуулийн хугацаа энэ сарын 31-нд дуусна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх хуваарьтай юм.

Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж. Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлож чадах юм.

Categories
гадаад мэдээ

​Японы ханхүү Хисахитогийн амь насанд заналхийлжээ

Японы эзэн хаан Акихитогийн ач хүү ханхүү Хисахитогийн амь насанд заналхийлсэн үйл явдал болсон талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

Өдгөө 12 настай ханхүүгийн сурдаг сургуулийн ширээнээс галт тогооны зориулалттай хоёр хутга олдсон нь хааны гэр бүлийг багагүй сандаргасан гэнэ.

Ханхүү энэ ширээндээ өнгөрсөн оны хичээлийн жилээс хойш тасралтгүй суусан аж. “Тухайн үед ханхүү сургууль дээрээ байгаагүй” гэж албаныхан уламжлав.

Дуулга болон барилгачдын хувцас өмссөн 45-50 насны эрэгтэй сургуулийн барилгад нэвтэрч, улмаар ханхүүгийн анги руу орсон нь тус сургуулийн хяналтын камерт бичигджээ. Цагдаагийнхан уг асуудалд анхаарлаа хандуулан, ханхүүгийн амь насанд заналхийлсэн этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.

Акихито эзэн хаан хэдхэн өдрийн дараа өөрийн бүх эрх мэдлээ ууган хүү Натухитод шилжүүлэн өгөх билээ. Уг үйл явдалтай холбогдуулан хааны гэр бүлийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Ундармаа охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон билээ. Эцэг эхийнх нь хэлснээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж.

Охиныг алга болсон гэх мэдээллийн мөрөөр сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн арав гаруй хэсэгт гарч, сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагаа явуулж байна.

Тус аймгийн онцгой, цагдаагийнхан нийлэн нийт 76 алба хаагч, найман автомашинтайгаар энэ сарын 24-ний өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй юм байна.

Өнөөдрийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Иймд охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-аас ахин нэг ажилтанг саатуулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх үндэслэлээр ял сонссон этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр ТЕГ, ШШГЕГ-ын нэр бүхий ажилтнуудыг саатуулсан. ТЕГ-ын дарга Б.Хурцыг “Гүйцэтгэх ажиллагааны хууль журам зөрчсөн” гэх үндэслэлээр 15 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан.

Тэгвэл баасан гарагт дахин нэгэн баривчилгаа болж, ТЕГ-ын ажилтан Б-г хууль хяналтынхан саатуулсан аж. “Хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн” гэх хэргийг АТГ шалгаж байсан бол энэ сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн хэлтэст шилжүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Hu” хамтлаг АНУ-ын хөгжмийн фестивальд оролцоно

“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэд болоод байгаа билээ.

Тэгвэл тум хамтлагийнхан ирэх аравдугаар сард АНУ-ын Калифорниа мужид болох “Aftershock” хөгжмийн наадамд оролцохоор болсноо өөрсдийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

“Aftershock” нь 2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа метал, рок амьд хөгжмийн томоохон фестивалиудын нэг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Алга болсон охины ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө өгүүлсэн

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-нд Б.Ундармаа хэмээх есөн настай охин алга болсон, өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд та энэ асуудал дээр анхаарал хандуулж байгаа юу?

-Миний хувьд өдөр бүрийн нөхцөл байдлыг орон нутгийн удирдлагууд, цагдаагийн байгууллагаас асууж тодруулаад явж байна. Эх хүний хувьд өөрийнхөө хүүхдийг алга болсон мэт сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдад талархаж байгаагаа хэлсэн. Ар гэрийнхнийх нь хувьд тун хүнд байгаа. Тийм учраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийг орон нутагт ажиллуулж, ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөг өгүүлсэн. Мөн Гэр бүл Хүүхэд Залуучуудын агентлагийн төлөөлөл цуг очсон. Орон нутгийн ард иргэд, удирдлагууд, цагдаагийн албан хаагчид өдөр, шөнөгүй, нойр хоолгүй маш идэвхтэй ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн мотоциклчдийн холбоо, нутгийн ард иргэд эрлийн ажилд сайн дураараа оролцож байгаа юм билээ. Эрэл хайгуулд оролцож байгаа хүмүүст хоол, цайгаар тусалж байгаа хүмүүс байна. Миний хувьд ч тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлсэн. Одоогоор бол сураг чимээ алга. Залбираад л суухаас өөр аргагүй байна.

-Та Олон улсын парламентын хуралд оролцоод ирсэн. Хурлаар ямар асуудлууд яригдсан бол?

ОУПХны ээлжит хурал Катар улсын Доха хотноо боллоо. Хуралдаан залуучууд, эмэгтэйчүүд, хүний эрх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, энхтайван аюулгүй байдлын асуудал гэх мэт олон чиглэлээр явагддаг. Хуралдаанд Монгол Улсын парламент маш идэвхтэй, сайн оролцсон. Н.Учрал гишүүний хувьд ОУПХ ба НҮБ, миний хувьд ОУПХ ба энхтайван олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр өөрийн бүс нутгаасаа сонгогдож ажиллахаар болсон. Эдгээр нь ОУПХнд төдийгүй олон улсад манай парламентын байр суурийг өндөрт өргөж өгч байгаа явдал болсон гэж харж байна. Манай улс Химийн зэвсгийн эсрэг конвенцид нэгдсэн. Парламентууд ч химийн зэвсэг, цөмийн зэвсгийн талаарх бодлогоо дотоодынхоо хууль тогтоомжид тусгаж өгдөг юм байна лээ.

Химийн зэвсгийн эсрэг Ази, Номхон далайн бүсийн хурлыг Батлан хамгаалах яам ирэх зургадугаар сарын эхээр зохион байгуулахаар байгаа. Мөн Тогтвортой хөгжил ба ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хурлыг тавдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Тогтвортой хөгжлийн хүрээнд Монгол Улс болон Азийн улс орнууд ямар хэмжээнд ажиллаж байна вэ гэдгийг хэлэлцэх юм. Мөн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентуудын үүрэг оролцоо ямар байх талаар туршлага солилцох томоохон арга хэмжээ болно.

ОУПХ-нд Хүний эрхийн дэд хороо ажилладаг. Энэхүү Хүний эрхийн дэд хорооны хурал дээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Н.Учрал болон миний бие оролцсон. Дэлхий дээрх долоон тэрбум хүнээс 45 мянган парламентын гишүүд байдаг юм билээ. Тэдний эрх, эрх чөлөө ямар нэгэн байдлаар хөндөгдсөн тохиолдолд ОУПХ анхаарч ажилладаг. Парламентын гишүүдийн амь нас эрсэдсэн тохиолдлууд ч бусад улс оронд гардаг юм байна. Манайхаас С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой асуудлыг ярьж танилцуулсан байдаг.

-ОУПХ-ны зүгээс С.Зориг агсны хэргийн нууцаас гарсан материал сэлт болоод уг хэргээр хоригдож буй хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийсэн гэсэн. Ийм боломж бий юү?

-Парламентын гишүүний амь настай холбоотой асуудал гэдэг утгаараа ОУПХ санаа тавьж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа ОУПХ-ноос гаргаж байгаа санал, зөвлөмжийн дагуу бид өнөөдрийн чуулганаар түр хороо байгуулсан. Ер нь өмнө нь ч ОУПХ-ноос баримт сэлттэй танилцах хүсэлтээ ирүүлж байсан. Харин энэ удаагийн УИХ-аар С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой материал анх удаа нээлттэй хэлэлцэгдэж, мэдээлэл харьцангуй нээлттэй болчихож байна. Тиймдээ ч ОУПХ-ноос гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг өгөх боломжтой эсэх талаар асуусан. С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор 15 мянган хуудас материал байдаг. Түүний 74 нь хаалттай буюу нууцын зэрэглэлд хамаарагддаг. Нууцын зэрэглэлд хамаарагддаг асуудлыг УИХ-ын гишүүд бид ч харах, үзэх боломжгүй. Харин нээлттэй материалуудыг орчуулаад ОУПХ-руу илгээх боломжтой талаар бид хэлсэн. Мөн Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа талаар бид танилцуулсан. Бид нарыг явахын өмнөхөн Л.Мөнхбаатар гишүүнээр ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байсан юм. Харин ирсний дараа Түр хороо байгуулагдахаар болчихсон байсан.

-Түр хороо нь яг ямар эрх, үүрэгтэй байх вэ?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулахаар болсон. Түр хорооны ажиллах цар хүрээ нь байнгын хорооны статустай байна гэж ойлгож болно.

-“Капитал” банк дампуурсанд Монголбанк буруутай талаар яригдаж байгаа. Сөрөг хүчний зүгээс ч Монголбанкны ерөнхийлөгчийг огцрох нь зүйтэй гэж үзсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд “Капитал” банкны дампууралтай холбоотойгоор 30 орчим мянган иргэд хохирсон гэх өргөдөл, гомдол ирсэн. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын гэх төрийн мөнгө ч энэ асуудалд холбогдож байгаа. УИХ-д ажлаа шууд тайлагнадаг Монголбанк өнөөдөр эрх үүрэг хүлээн авагчаа дөнгөж саяхнаас ажиллуулж эхэлсэн. Монголбанкнаас банкны менежмэнттэй холбоотой сэрэмжлүүлэг, үйл ажиллагааг нь илүү сайжруулах зөвлөмж өгсөн л байх. Гэхдээ банк дампууралд хүрч байгаа нь ноцтой юм.

Монголд нийт банкинд хадгаламж эзэмшигчдийн 2.8 их наяд төгрөг зах зээлд эргэлдэхгүй гацаанд орсон гэсэн судалгаа байна. Банкуудын олгосон чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 1.051 их наяд төгрөг байсан бол 2017 оны эхний улиралд 1.8 их наяд төгрөг хүрсэн байна. Ер нь чанаргүй зээл улам нэмэгдэж байгаа явдал нь эдийн засаг доройтож, улам их хумигдаж байгаагийн илрэл. Тэр утгаараа төр бизнес, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг илүү бодитой болгох нь зөв юм. Учиргүй хувийн хэвшлүүдийг дэмждэггүй юм аа гэхэд зарим тохиолдолд төр бизнесийнхний үйл ажиллагаанд оролцохоо больчих хэрэгтэй юм.

-Элчин сайд нарын томилгоог удахгүй хэлэлцэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү нэр дэвшиж байгаа талаар Гадаад харилцааны сайд хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ онд 10 гаруй улсын Элчин сайд нарыг томилох ёстой. Одоогоор томилгооны асуудал хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. УИХ-ын зүгээс Элчин сайд нарын томилгоог аль болох мэргэжлийн дипломат байлгах гэж хичээж байгаа. Гэсэн ч Элчин сайд нараа томилж чадахгүй жил тойрч байна. Үүнээс үүдэн Япон, БНСУ-д суух элчин сайдгүй байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаа зогсонги байдалд орох сөрөг нөлөөтэй. Мөн манай улсад хэрэгжих төсөл хөтөлбөр, зээл тусламжууд зогсох нөхцөл байдалд хүргэж байна. Буцах хугацаа нь дууссан Элчин сайд нарт ч ажил, албаа зохицуулахад нь хүндрэл үүсч байна.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль батлах боломжтой юу?

-Энэ парламентад МАН 64 суудалтай, үлдсэн нь бусад улс төрийн намуудаас болоод бие даагчид байна. Үндсэн хууль хэлэлцэх дээрээ тулвал 64-үүлээ хэлэлцээд баталчихна гэж юу байхав. Парламентын засаглал юм чинь бүх төлөөллүүдтэйгээ хэлэлцээд л явна. Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт орохоор байгаа. Иргэдийн хамгийн их анхаарлыг татдаг зүйл нь шүүх засаглал байдаг. Шүүх засаглалыг ил тод, шударга, хараат бус, ёс суртахуунтай байлгахад чиглэнэ. Мөн орон нутгаас сонгогдсон гишүүд бидний хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын асуудлуулыг онцлон анхаарч байна. Гүйцэтгэх засаглалын эрх хэмжээг нэмэгдүүлэх илүү их хариуцлагажуулах, давхар дээлний асуудал зэргийг оруулж өгнө.

Нэгэнтээ Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа учраас Үндсэн хуулийн манаанд зогсдог Цэцийн гишүүд тавигдах шаардлагатай. Цэцийн гишүүд зургаан жилээр сонгогддог. Бусад улс орнуудад бол ес хүртэлх жилээр сонгогддог тохиолдлууд байдаг. Энэ асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ярьж байгаа. Мөн улс төрийн намын чиг үүргийн асуудлууд яригдана. Тиймээс олон намын оролцоотойгоор хэлэлцэх нь зүйн хэрэг юм.


Categories
мэдээ цаг-үе

Спортын сэтгүүлчдийн “Бааз“

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль улсдаа ганц “Спортын сэтгүүл зүй”-н чиглэлээр жилд нэг л анги элсэлтээр авдаг. Энэ мэргэжлийн ангийг анх 1996 онд нээжээ. 23 жилийн хугацаанд тус ангийг төгссөн олон арван шавь нар нь Монголын спортын салбарт хөтлөгч, тайлбарлагч, нэвтрүүлэгч, шүүгч гээд маш олон чиглэлээр ажиллаж амьдарч байна.

Тус сургуулийн спортын сэтгүүлчийн бахархал болсон төгсөгч нь ETV телевизийн бөхийн төрлүүдийн тайлбарлагч С.Шижирбат юм. Тэрээр Монголын бөхийн төрлүүдийн нэрийн хуудас болсон тайлбарлагч. Түүний хэлдэг “дүрмийн дагуу” гэх үг бөхийн спорт сонирхдог залуусын дунд брэнд болоод байгаа. Жүдо бөхийн хөгжилд энэ хүний оруулсан нэмэр асар их гэж харж байна.

Монгол ньюс агентлагийн спортын төв хэвлэл Таван цагираг сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо Монголын даамны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, даамны спортын их мастер Р.Манлай бас л энэ сургуулийн “бүтээгдэхүүн. Тэрбээр Афин-2004 зуны олимпийн наадам, Сочи-2014 өвлийн олимп, Бусан-2002 Азийн XIV наадам, Хонгконг-2009 Зүүн Азийн наадмыг сурвалжилж байсан. Тэрбээр 2000 онд оюутан байхаасаа Таван цагариг сонинд ажиллаж эхэлсэн түүхтэй. Даамны спортоор 2016 оны Ази тивийн аварга, 2010 оны Ази тивийн хүрэл медальтай. 2014 оноос Монголын даамны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. Түүнтэй хамтран ажиллаж, спортын төв хэвлэл Таван цагирагийн бас нэгэн өнгө төрхийг тодорхойлж байсан спортын сэтгүүлч Б.Өлзийтогтох тус сургуулийг спортын сэтгүүлчээр дүүргэжээ.

Нэгэн хэсэг 25 дугаар суваг телевизийн спортын албаны даргаар ажиллаж байгаад одоо найруулагч бослон Д.Соёлсайхан энэ л ангийг төгсчээ.

“Монгол HD”телевизийн продюсер Ж.Баттөмөр, MNC телевизийн спортын сэтгүүлч Ш.Анхбаяр, спортын сэтгүүлч Б.Түвшинжаргал, МҮОНТ-ийн мэдээний хөтлөгч А.Мөлдир нар энэ л ангийн төгсөгчид. Мөн “Өдрийн сонин”-д хоёр төгсөгч ажиллаж байна. Спортын сэтгүүл зүйн анхны магиструуд болох МҮОНТ-ийн спортын сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан, Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа нар тус сургуулийн бахархал юм.

Мөн олон тамирчин сэтгүүлчид ч энэ ангийг төгссөн байдаг. Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер О.Янжинлхам, тэшүүрийн спортын мастер Б.Амарзаяа, Боксын спортын олон улсын мастер М.Нандинцэцэг гээд тоочоод байвал дуусахгүй.

Тэдгээр төгсөгчид дундаас энэ удаад 2015 оны төгсөлтийг онцолж байна. Яагаад энэ ангийг онцлов гэхээр хамгийн олон тайлбарлагч төгсчээ. SPS телезээр NBA-ын бүх оддын тоглолтыг өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын хойд Каралино мужийн Шарлот хотоос шууд тайлбарлан хүргэсэн. Уг багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангийг 2015 онд төгссөн Л.Тулга орсон байна. Тэрбээр “NBA-ийн тоглолтыг газар дээрээс нь шууд дамжуулж, монголчуудын шүтэж биширдэг даган дуурайдаг, багаасаа тоглолтыг нь харж, мэдэрч өссөн тамирчдаас яриа авч тоглолтыг тайлбарласандаа баяртай байдаг” гэв. Энэ ангиас Монголын волейболын холбооны тайлбарлагч С.Өлзийбадрах, “Ухаантай морь” сэтгүүлийн сэтгүүлч Б.Нанзаддорж, Гандболын спортын тайлбарлагч Б.Өлзийбаяр, SPS-ийн тайлбарлагч Ж.Сугар, С.Батчулуун, Like телевизийн сэтгүүлч Х.Гэрэлээ, орон нутгийн телевизид Ж.Батчимэг, Э.Марал, зэрэг төгсөгчид ажилладаг байна. 2011 онд элсэхдээ 35 оюутантай байсан бол 2015 онд 22 оюутан спортын сэтгүүлчээр төгсссөн. Анх SPS телевизтэй холбогдох гүүрийг хөлбөмбөгийн спортын тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа багш тавьсан хэмээв. Үнэхээр спортод сонирхолтой хүсэл тэмүүлэлтэй хүүхэд спортын аль ч чиглэлд зорьсондоо хүрэх боломж бийг 2019 оны хоёрдугаар сард NBA –ийн бүх оддын тоглолтын шууд дамжуулалтыг газар дээрээс нь Монголд анх удаа хийсэн үйл явдал харуулсан билээ. Л.Тулга ярихдаа “Би анх NBA тайлбарлахаар SPS телевизэд орсон. Тухайн үедээ SPS телевиз NBA дамжуулах эрхээ аваагүй байсан. Тэгээд хөлбөмбөг, гольф, ширээн теннис, талбайн теннис гээд SPS-ээр гардаг спортуудыг тайлбарлаж эхэлсэн. Хүн өөрийгөө дайчлаад хөгжүүлээд явахаар болохгүй зүйл гэж байхгүй. Гольф гэхэд нэг темпээр сэтгэлийн хөдлөлгүй тайлбарладаг бол хөлбөмбөг, ширээн теннис хүний эмоцыг гаргахыг шаарддаг. Спорт бүр өөрийн гэсэн онцлог тайлбарыг шаарддаг. Тэр бүхнээс их зүйл сурсан. Одоо бол зөвхөн NBA-ийн тайлбараар дагнан ажиллаж байна” гэв. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль спортын сэтгүүлчийн курс бүрт ганцхан ангитай болохоор жил бүрийн сэтгүүлчийн анги спортоор нэрээ гаргаж байгаагүй. Гэтэл энэ анги спортын сэтгүүлчийн түүхэндээ сургуулийн сагсны лигийн алтан медалийг хүртсэн. Түүний өмнө энэ шагналыг хүртсэн сэтгүүлчийн анги байдаггүй. Сургуулиас зохион байгуулдаг үйл ажиллагаанаас энэ анги манлайлж байсан нь цөөнгүй. Ангийн онцлог нь эрэгтэй оюутнууд нь ангиа манлайлдаг. Анги бүрийн охид ихэвчлэн онц сурдаг, сурлагаар тэргүүлдэг ангиа манлайлдаг бол эдний ангид эрэгтэй оюутнууд бүх зүйлийг санаачлан хийдэг, сурлагаар тэргүүлдэг байжээ. “Тохиолдлоор ч гэх юм уу, тэр жилийн элсэлтээр манай ангид сагс тоглодог хэд хэдэн залуу элсэн орсон. Ж.Сугар Хан-Уул дүүргийн шигшээд тоглодог. Л.Тулга Чингэлтэй дүүргийн шигшээ, Хөвсгөл аймгийн шигшээд тоглодог байсан Б.Давка гээд энд тэндхийн шигшээгийн хүүхдүүд манай ангид цугласан. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн түүхэнд спортын сэтгүүлчийн анги хэсгээсээ гарсан түүх байдаггүй. Тэр түүхийг манай анги нэгдүгээр курсдээ шинэчилэн бичсэн. Тэгээд дөрөвдүгээр курсдээ аваргыг нь аваад төгч билээ” хэмээн дурсацгаав. Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж нь хээрийн дадлага юм. Арав хоног бие биенээ танидаг, мэддэг хоолоо хувааж идсэн өдрүүд байлаа. Уулын орой дээр хонож, бие биенээ таних тийм хээрийн дадлага ганцхан манай сургуульд л явдаг байх. Өглөө 06:00 цагт босоод гүйлтээ хийнэ. Өглөөний цайгаа уугаад хуваарийн дагуу үйл ажиллагаандаа орно. Өдрийг маш завгүй үр дүнтэй л өнгөрүүлдэг байсан хэмээн ярьцгаасан юм.

Гуравдугаар курсдээ орохдоо дадлагат явсан бүх хүүхдүүдийн харилцаа маш эерэгээр өөрчлөгддөг. Бүгд бие биенээ таньдаг, мэндтэй устай, дуу шуутай зөрдөг гэж энэ аялалд явсан оюутан бүр хэлнэ. Спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болохоор байнга л спортын тэмцээн уралдаан болж байдаг. Тэр бүхэнд спортын сэтгүүлчийн анги тайлбар, хөтлөлт, дамжуулалт, мэдээ цацах ажлыг хийнэ. Нэгдүгээр курсээсээ эхлээд практик дадлагаар явах боломжтой. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа ах эгч нар нь үнэхээр идэвх зүтгэл санаачилга сайтай, оюутан дүү нараа ажиллаж байгаа газраа дагалдуулан төгсхөөр нь мэргэжилтэн болгож авцгаадаг гэж төгсөгчид хэлэв. Төгсөх ангид сургуулийн бизнес шиг медаль худалдаж авах асуудал гардаг болжээ. Медаль гэдэг хоцрогдсон нийгмийн шагнал шүү дээ. Тийм шагнад өнөөгийн нийгэмд хэрэг болох уу гэж байлаа.

Спортын түүхийг бичилцэж яваа спортын сэтгүүлчдийн буухиа одоо ч үргэлжилсээр. Нэг хэсэг энэ ангийн элсэлт тасарсан одоо нэг, хоёрдугаар курсийн оюутнууд суралцаж байгаа аж. Тэд сургуулийн бүхий л тэмцээн уралдааныг сурвалжлан, дадлага туршлага хуримтлуулсаар байна.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Алтан ургийн Бахытжан Канапьяновын “Мөчир” монголчлогдлоо

Зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана ах “Мөчир” хэмээх нимгэн цэнхэр ном илгээж. Дэлхийн номын баярын үеэр ирсэн болохоор ч тэр үү, тэрүүхэндээ хөөрхөн догдлов. Энэ ном бол Казахстаны өнөө цагийн нэрт яруу найрагч, эзэн богд Чингис хааны ууган хөвүүн Жочийн угсааны, үе тасраагүй шууд удам Бахытжан Канапьянов хэмээх яруу найрагчийн сонгомол шүлгийн түүвэр аж. Ердөө жаран хэдхэн хуудас эл номын шүлгүүдийг Ховдын Булганд төрж өссөн ч эдүгээ Казахстанд аж төрдөг, наяад оны сүүлчээр монголоор бичсэн шүлгүүд нь уран зохиол сонирхогчдын анхаарлыг татаж байсан, яруу найрагч Хамайн Жүкел, МЗЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч, яруу найрагч Рахметын Сүраган, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана нар орчуулжээ. “Өлгийдүүлсэн аагим халуундаа алимын болц гүйцдэг,

Өвсөн дунд голио дэвхрэг сахиусан тэнгэр мэт донгоддог,

Жимсээ дааж ядсандаа мөчир бүр нумардаг,

Жирэлзэх сувгийн усанд моддын үндэс дэвтдэг,

Тийм л бага наснаас би төрсөөн.

Тэнд минь одоо бетоон хавтангууд эгнэжээ” гэж гэгээн тунгалаг хүүхэд ахуйгаа санагалздаг эл найрагч Горькийн нэрэмжит Утга зохиолын их сургуулийн дээд курст манай ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой хамт суралцаж байсан гэнэ. “Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг бид Дэлхийн яруу найргийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон. Ийм өдөр тэмдэглэж байх санаачилгыг анхлан гаргасан хүн нь Бахытжан агаа. 1996 онд Андрей Вознесенский, Белла Ахмадулина нарын уран бүтээлийн үдэшлэг дээр түүний дэвшүүлсэн энэ санааг олон яруу найрагч дэмжсэнээр ЮНЕСКО яруу найргийн өдрийг тунхаглан зарласан түүхтэй. Орчин цагийн дэлхий ертөнцөд яруу найргийн энх амгалан тогтоох үйлсэд аанай л Алтан ургийн бичээч ийн хошуучилж, тэр нь аль хэдийнэ уламжлал болон тогтоод явж байгаа нь нүүдэлчин ард түмний хувьд бахтай хэрэг шүү” гэж Гүн овгийн Аюурзана номын өмнөтгөлд онцолжээ.

Бахытжан Канапьянов яруу найрагч төдийгүй кино, жүжгийн зохиолч, уран бүтээл нь дэлхийн олон орны хэлнээ орчуулагдсан хүн юм байна. “Эгшиг уянгагүй амьдралд би угаас дургүй,

Элэг зүрхнээ тээсэн анир бүхэн намайг сэрээнэм…”,

“Хуучин балгаснаас дэгдэх мөнгөлөг манан

Хүлгийн дэлэнд дусах нь алганд мэдрэгдэнэ…”,

“Бүүдгэр тасалгаанд, чи ганцаар

Хүүгээ цээжиндээ тэврэн бүүвэйлнэ.

Бүрийд цайрах цагаахан манцуй

Хүчит тулааны дараахь туг мэт ээ.

Эгэл борогхон амьдралын бүгээн үзэгдэл-

Гэрэл үзээгүй цайвар дэвсгэр мэт

Цагаахан манцуйд тодорно.

Энхрий чинийхээ бүдэгхэн царайг

Хүүгийнхээ нүдээр харнам” гэх мэтээр уянгалан дуурсах шүлэгчийн туурвилын тухайд “Бахытжан агаагийн шүлгүүд бол нүүдэлчний ертөнцөд цоо шинээр төлөвшсөн, ахуйн дүрслэл болоод үндэстэн угсаатны онцлог, хэлний сонсголонгийн ай саваас хальж, даяаршин дэлхийжсэн яруу найргийн тодорхой жишээ юм. Орчин цагийн нүүдэлчний яруу найраг бол дэлхийн үгийн урлаг дахь өвөрмөц дуу хоолой. Хэвшмэл загварт бүрмөсөн орж автчихаагүй чөлөөт сэтгэлгээний салхи гэдэг утгаараа, суурин иргэншлийн яруу найргаас ирээдүйтэй ч байж магадгүй” гэж номыг эх баригч дурджээ.


Categories
мэдээ цаг-үе

Дуурийн урлагийн дуурьсах зүтгэлтэн

“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН 85 ЖИЛИЙН ОЙД


Далан жилийн өмнө Булган хангай нутагт Толя гэдэг орос нэртэй төрхгүй банди байжээ. Нэрийн хувьд ч яахав, эх баригчаа хүндэтгэсэн хэрэг биз. Ядахдаа нэг нүд нь цаанаа эрүүл мөртлөө наанаа төрөлхийн анимхай учир сохор гэж хочилдог нь юу чив дээ. Хэлэвээс хэлэв, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр сүрхий төрхгүйтдэг учир нэрмээс болсон ч байж магадгүй. Хүүхэд шинжих дуртай нутгийн өвгөд “Дашдаваагийн энэ өргөмөл олигтой хүн болохгүй байх аа” гэхэд зарим нь эцэг Лхагваагаа дуурайсан хөөрхөн хоолойтой юм. Хожим түүгээр хоолондоо хүрч магадгүй шүү” гэдэг байжээ. Энэ нь тэр үедээ хүмүүст үнэмшихэд амаргүй, үлгэр санагдсан ч байж мэднэ. Гэхдээ аль санаанд орошгүй юм болохыг тэр гэхэв.

Өнгөрсөн зууны 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам орон даяар өрнөж байхад гярхай нүдтэй билгүүн Ж.Дорждагва гуай “гажигтай” нүдтэнд юм байгааг олоод харчихжээ. Цагтаа бас Норовбанзадыг нээсэн хашир билээ. Энэ азтай мөчөөс Долгор эмээгийн ярьдаг бурхан Толя урлагийн моринд дөрөөлөх анхны алхмаа хийсэн гэнэ. Нэгэнт жолоо цулбуураа атгасан тэрбээр нисэн одох замдаа орж Болгар улсын Урлагийн академид суралцаад 1967 онд дуурийн дуулаачийн үнэмлэх өвөртөлчихсөн эх орондоо иржээ. Түүн дээр нь төрөлх нутгаа бэлгэдэж нэрлэсэн Эрдэнэбулган гэдэг нэр дурайж байлаа. Далаад оны улсын дуурь бүжгийн театрынхан түүнийг ажилдаа их эрчимтэй орсон. Дуурьт дуулахаар бэлтгэхийн хамтад Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” дууг анх удаа дуулж, Т.Чимиддоржийн “Ургацын далай” дуугаар газар тариаланг алдаршуулсан юм гэцгээдэг билээ.

Ерөнхий найруулагч Д.Лхасүрэн гуай, гадаадад суралцаж ирсэн залуу мэргэжилтнүүдийн тухай ярихдаа, “Болгарт манай дуучид бузгай болж ирдэг. Тэр дундаас Эрдэнэбулган суурь дэвсгэр багатай явсан гэхэд тун сайн болж ирсэн. Самбаатай, ажилд идэвхтэй бүтээлч хүн юм. Энэ залуу сайхан найдвар төрүүлж байна. Шинэдээ хэн хүнгүй л тэгдэг дээ. Эхлээд өөрийнхдөө тааруу, хүнийхэд илүү байдаг. Энэ хүүхэд бас тийм л байна. Харин нэг онцлог нь амархан чангарах янзтай. Фаустын Валентин, Евгений Онегиний Онегин энэ тэр ч цухалзуулаад л байна. Товчдоо маш чадамгай, их өвөрмөц байх гээд байна. Үндэсний дууриас “Учиртай гурав” ч хэлээд өгөв. Мэргэжлийн хүмүүс, Цэвэлсүрэн энэ хоёрын тоглолтыг сайн үнэлж Эрдэнэбулганыг шууд театрын тайзанд гаргалаа. Төгсөж ирээд хоёрхон жилийн дотор шүү” гэж байж билээ.

Эндээс эхлээд Эрдэнэбулган “Учиртай гурав”т 319 удаа тоглож, нийтдээ гадаад дотоодын хорь гаруй дуурьт дуулжээ. Үүнийг багш нь том амжилт, улам ахина. Бид ч дэмжээд найруулагч болгоно гэж хэлсэндээ хүрсэн гэдэг юм.

Энэ талаар ярихыг түр азнаад “Учиртай гурвын” тухай хэдэн үг хэлмээр болов.

* * *

Түүний тухай ярих гэхлээр эртний явдлууд сүүмэлзээд, элдэв сонин чимээ сонсогдоод байдаг билээ. Энэ сацуу өвгөн багш маань шоволзоод гараад ирнээ. Намдаг багш биднийгээ орхиж одоод гучин таван жил болсон ч гэлээ, түүнээс арван жилийн өмнө ярьсан яриа нь өчигдөрийнх шиг санагдана. Хөөрхий минь. Сайн хүн холдох тусмаа ойртоно гэдэг энэ байх даа.

Намдаг багш гарын шавь нартайгаа энгийн яриа дэлгэн суухдаа их Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын тухай дурсах дуртай байсан билээ. Энэ удаад Нацагдоржийн талаар ярьснаас нь та нарын сонорыг мялаая.

-За байж, одоо чинь далан дөрвөн он билүү. Яг гучин жилийн өмнө гээд цонхоор харснаа, ийм л нэг хаврын хуйсагнасан, гудамжны шороо боссон зэвэргэн өдөр Нацагдоржтой уулзах гээд явж билээ гээд бодлогоширно. Тэгээд хайрцагтай улаан дүнсээ шүүрэн авч тагийг нь нясалснаа онгойлгоод шалмаг ороож шилэмдээд уруулдаа наалдсан иш навчханыг тургих зуур хоёр нэг хүчтэй сороод дээш цоргих утааг нь харж бодолхийлснээ,

-Намайг очиход Нацагийнх маань эхнэр, хүүхэдтэй тохижсон юм шиг мөртөө зутруу байж билээ. Цэл залуу царайлаг орос эхнэр нь нойтон мод утаа саагсан ханан пийшинд чихээд, Нацаг маань дулаан дээл өмсчихсөн өөжинтэй хүүхдээ хараад инээмсэглэн сууж байж билээ. Бичгийн ширээн дээр ном цаас овоолоотой. Би түүнийг нь хараад, ийм завгүй хүнд ажил удах гэж ирж байх гэсэн шиг бодож суув. Нацаг, намайг ирсэнд ихэд олзуурхсан янзтай,

-За тэгээд сонин сайхан юутай вэ. Ажил хэр бүтэмжтэй байна вэ. Шинэ жүжиг тавьж байна уу гээд шууд яриа өдөж билээ. Ингээд би ч уухайн тас л юм боллоо гээд л догдлонгуй ярьж гардагсан. Тэр тухайгаа ч бас бичсэн бий. Энэ ялдамд хэлэхэд манай багш, Төв театрын тухай, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн тухай зэрэг цөөхөн дурьдатгал бичсэний нэг, миний эмхэтгэн хэвлүүлсэн “Шинэ Монголын шинэ театр” ном нь Хөх хотод хуучин монгол бичгээр саяхан хэвлэгдсэн юм. Энэ номд бичсэнээс үзвэл, Нацагдорж тэр хоёр хуучин танил, “Би биш” жүжгийн зохиол хамтран бичиж театрт тавиулах зэргээр ойр дотно явдаг анд нөхөд билээ. Тиймээс найруулагч эрээлэлгүй, зохиолгүйн зовлонгоо эхэлсэнд, зохиолч анхааран чагнаж байснаа,

-Та нарт урьтаж бодсон, тиймэрхүү сэдвийн юм гэж сонгосон юм байна уу гэж асуув. Найруулагч цогногосхийгээд,

-Байна. Хүмүүс сонирхох нь дээр байх. Дуу хууртай, хөгжөөн наргиантай үйл явдал зүгээр гэж бодож байгаа гэв. Цаадах нь, яг хийх гэхээр бас амаргүй дээ гэж бувтнаснаа,

-Миний санаанд нэг домог байгаа юм. Оролдвол юм болмоор… чиний санаанд нийцэх эсэхийг мэдэхгүй байна гэсэнд наадах нь ихэд олзуурхан,

-Сонин явдалтай домог бол тун зүгээр алив сонсъё гээд сандлаа урагшлуулан дөхөв.

Хүссэн ёсоор нь Нацагдорж Юндэн гөөгийн домгийг ярьж, Намдаг түүнийг нь уриалгахан хүлээн авсан мөчөөс шинэ Монголын анхны үндэсний дуурийн үндэс суурь нь болсон “Учиртай гурван толгой” хэмээх дуулалт жүжиг бий болсон түүхтэй билээ.

Энэ тухайд бид ч олон асуусан, багш маань ч тэр тоолонд зугаатай хууч хөөрдөг байлаа.

-Бид хоёр анхнаасаа тусгай хөгжим бичүүлэхгүй, ардын дуугаа ашиглана гэж тохирсон юм. Энэ ч бас ажилд нэг алхам дөхөм. Зураачийн хувьд монгол, орос хоёр хүн томилсон. Тэгэхээр би бол зохиол бэлэн болмогц ажлаа эхэлж болох байсан. Нацаг ашгүй нэгдүгээр үзэгдлийг долоо хоногийн дотор бичээд өгсөн. Арав хүрэхгүй хүн тоглох юм чинь манай хэдэн залуу зохиолоо аваад л өрөө тасалгаа ч гэхгүй гудмын үзүүр, цонхны тавцан дээр сууж байгаад цээжилж, харилцан ярилцдаг байлаа. Бүх юм одоотой адил байсангүй, ховор зэвэр ч байж. Баргийн юмыг голж гоодох ч үгүй, олдсоноороо, бололцооны хэрээр хэрэглэдэг байж. Үнэндээ, бидэнд тухлах, ямбалах санаа ч байхгүй, сачий ч байгаагүй дээ. Нацаг маань зөв хүмүүжилтэй, ер нь яс хүн байсан юм шүү. За гэвэл, ёогүй хүн. Жүжгийн эхний гурван үзэгдлийг хэлсэндээ долоо долоо хоногийн завсартай бичээд өгчихлөө. Хэн хүнгүй, урам зориг ч сэргэлээ. Манай хэдэн залуу жүжигчин ч өлөн ховдог амьтан шиг зохиолыг шүүрч аваад дор нь цээжлээд харилцан ярилцаад өөрийн болгочихно. Тэд хэн байв. Цагааны Цэвэгмид, Хандсүрэн, Жадамбаа, Дэвээ, Цэндээхүү, Дагийсүрэн, Сосорбарам… эд нар чинь өнгө үзэмжтэй, залуу бол залуу, ёстой галзуу авьяастнууд байлаа. Эд нар бол ирээдүйд Монголын урлагийг нуруун дээрээ үүрэх тавилантай залуус байсан юм. Зарим нэг нь муу хүмүүсийн нөлөөнд орж цааш хол яваагүй ч гэсэн, урлагт нэрээ хугалаагүй юм. Энд би, Сосорбарамыг хэлж байна. Ёстой нэг дүрэлзсэн авьяастан гэж түүнийг хэлнэ. Бусад нь яриа юу байхав. Цөмөөр шатаж явах, бурханаас бидэнд илгээсэн элч байлаа. Дарга нар маань ч мөнгө санганд гар татсангүй. Бүх театрыг энэ жүжиг рүү хөдөлгөлөө. Тэр үед хүнд суртал гээч юм бага байсан юмуу. За ямарч гэлээ, одоотой адил байгаагүй. Тийм учраас нэгэнт эхэлсэн ажил эцсээ хүртэл явдаг байлаа гээд багш маань тамхи руугаа гараа дөхүүлэв. Хөөрхий минь, энэ утгагүй юманд яасан ч дуртай байгаа вэ дээ. Хайран сайхан биеийг нь мэрж байгааг мэдэхийн дээдээр мэдэх л хүн дээ. Түүнийг тоох ч үгүй сороод, тэрүүхэндээ их л тавтай байх шиг харагддагсан. За би ч хүн хэлэлтгүй ээ, улаан тамхины угалзалсан саарал утаанд тойвшоож байдаг мөртөө, та наадахаа боль гэж хэлж байгаагүй л юм даа. Мөн ч тусгүй хүн дээ би.

Багш маань тамхиа хэд сорж, утаагаа үлээчихээд,

-Ер нь бүтэх гэсэн юм бүтдэг учиртай. Мөн үү. Саад учирсан ч бүтдэг номтой. Бид эхний гурван үзэгдлээ цэгцэлчихээд сүүлийн үзэгдлээ хүлээж, яарч байлаа. Би гүйгээд л Нацаг дээр очно, тэр маань гэнэгүй сайхан инээчихээд “Нааяа минь нэг л болохгүй байна” гэнэ. Би гацаж гэж бодоод, урьд ярьж тохирсноороо хийчих гэж шаардах өнгөөр хэлнэ. Мань хүн инээмсрээд,

-Тэр ч тэгнээ. Одоо зохиол бичихэд саад гараад байгаа юм аа. Яаралтай хийх юмыг алгуураллаа гээд албанаас зэм ирээд байнаа. Түүнийг яаравчлалгүй тун горьгүй. Тэгээд муу нөхөр чинь шалбалзанаа гэж учирлана. Би яаруу болоод тэгсэн үү, ийм үг цөхөртлөө сонсож тоймгүй их удсан шиг санан бачимдана. Сүүлдээ жүжигчид ч цөхөрлөө. Дарга нар ч ярваганалаа. Найруулагч би ч худалч, хуумгай гэж үзэгдэх шиг боллоо. Тэгсэн хэр нь би Нацагт уурлаж, хатуу үг хэлж чадахгүй, дэмий л тэднийхээд явж байгаад буцна. Өдөр шөнөгүй шанална. Цаг ч яваад л хаврын урт өдрүүд ч сунаад л байлаа. Одоо яах вэ гэж би өөрөөсөө асуугаад хариу олдохгүй, үхэх ихдээд, уйлах багадаад учраа олохоо байлаа. Ямар сайндаа тэгэх вэ. Хүн оруулахгүй гэж хаалгаа дотроос нь түгжчихээд цонхоор ширтэн баахан гөлрөв. Тэгтэл тэртээх хашааны булангаар Нацагтай адилхан хүн гарч ирсэнээ харахын зуур бултгасхийгээд алга болчихлоо. За тэр ч яахав, биш л байгаа биз гэсэн шиг цөхрөн байтал дахиад гараад ирлээ. Нацаг шив дээ гээд ажвал мөн нь мөөн. Тэгэхдээ цүнхгүй юм. Дахиад гонсойв. Оруулах уу, байх уу гэсэн шиг их зантай зогсож байтал хаалга цохив. Дахиад цохилоо. Янз нь Нацаг мөөн. Би хэрдээ ихэмсэг байя гэснээ, түүнийхээ ялдамхан инээмсэглэхийг хараад яаж ч болсонгүй. Нацаг маань аргадсан янзтай,

-За Нааяа минь, би чамайгаа ойлгож байна аа. Тэгэхдээ би хоосон ирлээ. Муу нөхөр чинь албаны юмсыг цөмийг хийгээд өгчихлөө. Тэд нэг хэсэгтээ надаас нэхэж шаардах юм байхгүй болсоон. Би одоо тайван суугаад жүжгээ дуусгана. Өөр ч хийх юм бий. Энэнийг хэлэх гэж л ирлээ. Гурваас илүү хонохгүй эргээд ирнэ ээ гэв. Би Нацагийн найдвартайг мэдэх мөртлөө гурав хоног хүлээх хэцүү шиг санагдаад ер баярлахгүй байж билээ. Зохиол мөд ирнэ гэж хүнд хэлсэн ч үгүй. Харин чиг тэвчээртэй бай, жүжиг зохиох хэцүү. Тэр дундаа төгсгөл үзэгдэл хийнэ гэдэг маш хэцүү гэж жүжигчдээ бүр санаатай мохоож байх мөртөө өөрөө яараад л байж билээ гэснээ гол яриагаа орхичихоод өөр тийш хадуурах янзтай болчихлоо.

Багш маань үе үе тийм зан гаргадаг болохоор бид хачирхсан ч үгүй чагнаж л байж билээ.

-Одоо бол тийм богино гуравхан сарын хугацаанд ийм зохиолыг бичихгүй. Бичиж гэмээ нь яаж зовооно гэж санана. Тэр үед бичдэг хүн цөөн чадах нь бүр ховор байсан. Нацаг тулдаа л “Учиртай гурвыг” бичсэн. Харин хөлс шагналын хувьд бузгай өгсөн байх юмдаг. Тэр үед театраас мөнгө салгах хэцүү байсан. Одоо ч дээрдсэн юмгүй. Гар дээрээ мөнгө тавьсан хойноо л мөнгөтэй боллоо гэж бодно. Энэ мөн үү, мөөн гээд инээснээ, Мягмарыг хараад,

-Чи сая жүжгээ тавиулсан хүн мөнгөө авсан уу гэсэнд цаадах нь,

-Авсаан гэв. Багш

-Зүйтэй… Нэгэнт хийснээс хойш хөлсөө авалгүй яахав гээд инээнгээ гар нь тамхи руугаа явна. Энэ ч бас нэг ёсондоо бидэнд юм асуух завсар, багш ч сонирхолтой яриагаа таслахгүйг хичээх мэт. Мягмар асуултын хариу барих гэсэн шиг,

-Найруулагч, харанга цохих гээд цаг харж зогсох мөч сонин юм шүү гэсэнд багш илт сэргэж,

-Тэр агшинд энэ маш чухал санагдсан юм. Тэгээд би өөртөө үүрэг болгосон хэрэг. Энэ намайг догдлуулж, жүжигчид маань алдах вий хөгжим саадгүй байгаасай гэж өрж гарж байсан боловч бүх юм санаснаар сайхан болж үзэгчдийн алга нижигнэхэд дотор онгойж, хоёр мөрөн дээрээс нэг их хүнд юм авчих шиг болоод, хөшиг хаангуут суун тусаж, жүжигчид хувцсаа солихоор гүйн одоход би тайзан дээрх жижиг сажиг юм янзалсан шиг болж байтал хэн нэгний хүнд алхаа цочоож билээ. За байз. Ямар гайхал нь вэ гэсэн шиг бодож байтал Нацагдорж ирэх шиг санагдав. Энэ зуур “Би урихаа мартсан байна шүү дээ” гэж бодмогц дотор аягүйдсэнээ, дүүрсэн хэрэг хэнэггүй л байя” гэж шийдтэл мань хүн, инээд алдсаар тулаад ирлээ. Ямарч гэсэн би эхэлж дуугарах ёстой гэж бодсон мөртөө үгээ олохгүй.

-Чи маань яаж оров оо. Би санасаар мөртөө урилга өгч чадаагүй… гэтэл мань эр,

-Тэр яах вэ. Би билет аваад үзсээн гэв.

-Миний асуулт, үүний хариулт хоёр яасан ч эвцгүй юм болов доо гэж хулгаж билээ. Үнэндээ зохиолчоо мартана гэдэг бол алтыг нь аваад авдрыг нь хаяв гэсэн л үг. Ийм сайхан юм хийгээд өгч байхад, хичнээн ч их ажилтай байсан гэсэн, Нацагаа мартана гэдэг миний хувьд том нүгэл болсон. Энд би далим гарсан дээр нэг юм захья. Бүх юм зохиогчтой, үүсгэгчтэй, голлон хөгжүүлэгч өөрөөр хэлбэл үүрч явдаг хүнтэй байдаг. Түүнийг “Мартаж болохгүй ээ. Тэр үед Нацагаас өөр хүн бол надад уурлах байсан. Гэтэл тэгээгүй. Харин ч мэдээд өөр үгээр дүйвүүлж”,

-Ишдорж багш чи бидэнд баяр хүргэж байна. Санаанд нь таарчээ гэж хэлээд, хамгийн нүүрэнд суусан багшаасаа бүх жүжгийн турш айж, халгаж байсан сэтгэлийг минь амрааж билээ. Багш маань хамгийн түрүүнд “Учиртай гурвын” тухай дуугарч, энэ жүжиг дэлхийн ямар ч жүжгээс өөр, өөрийн үндэстний онцлогийг сайн харуулсан онцгой бүтээл болжээ гэж нотлоод биднийг шинэ юм хийж чадсан байна гэж дүгнэн амжилт хүссэн юм. Дараа нь Дамдинсүрэн, Буяннэмэх нар ч бичсэн. Намайг Дамдинсүрэн гуай магтаад ийм хүнийг тал бүрээр дэмжихийг уриалсан. Буяннэмэх шинэ жүжгийн өгөөж, цаашдын нөлөөг улам их болно гэсэн. Энэ бүхэн ёсоор болсныг өнөөдрийн явдал харуулж байгаа. Дамдинсүрэн гуай дуулалт жүжгийн үйл явдлыг нь өргөтгөж зөрчил тэмцлийг нь хурцатган бичсэнийг түүний амьдаа бүдүүн Дамдиа дуурь болгосон. Энэ бол их амжилт. Одоо бол манай урлагийн нүүрийг тэр тахалж байна аа гэхэд, хэн нь билээ бидний нэг,

-Танд дуурь ямар санагддаг вэ гэсэнд багш,

-Сайхаан сайхан гэснээ бяцхан бодлогошроод, урьдын туршлага, уламжлалыг дутуудуулсан тал бий. За тэр яахав, тийм ч биз, үгүй ч биз. Ер нь “Учиртай гурвын” их нөлөө, үр ашгийг яавч үгүйсгэж болохгүй. “Учиртай гурвыг” театр дөчин жил тоглож байна. Өдий жил, театрыг тэжээгээд зогссонгүй, Монголын ард түмний оюуны соёлыг хөгжүүлэхэд хэмжээгүй тусалсан. Энэ жүжгийг найруулсан, түүнд тоглосон, ер бүх оролцсон хүн өсч хөгжлөө. Дагаад соёл урлаг ч хөгжлөө. Таануус энэ театрыг хараад бод гээд залхуу нь хүрсэн янзтай, ширээгээ зөөлхөн алгадсанаа гашуун улаанаадаа гараа гулсуулж байж билээ.

* * *

Түүнээс хойш олон жил өнгөрчээ. 2019 он гарах гэж байхад “Учиртай гурав” телевизээр гарав. Үүнийг Эрдэнэбулган хийсэн юм байна. Үүнээс улбаалаад, миний бодол өнгөрсөнөөд явж өглөө. Тэр зэрэгцээ “Учиртай гурвыг” найруулсан танил хүмүүс, дуулаачид үзэгдээд л, “Өнөө гайхал Юндэн чинь, өөдөөс гараад ирлээ” гэсэн аргил хоолой хүнгэнээд эхлэв. Танил сайхан хоолой… Энэ сацуу дуурийн дуулаач, найруулагч, кино жүжигчин Эрдэнэбулганы хэгжүүн мөртөө шийдэмгий царай тодроод ирэв. Яг нэг жилийн өмнө хүүхдийн зохиолч Шаравын Энхбаярын “Нарны хүүхдүүд” тоглолтыг найруулж байхдаа харж байсан харцаар ширтэж байлаа. Түүний сэтгэл хүүхдийн уран бүтээл хийхээр шийдээд Энхбаярыг сонгож авчээ. Тэрбээр түүний дууны түүврийг заагаад “Энд юм байна. Хөгжүүлэх ёстой” гэж байв. Тэгээд ч хэлсэндээ хүрч “Нарны хүүхдүүд” тоглолт бэлтгэж Улаанбаатар чуулгын их танхимд хоёр өдөр үнэгүй тоглолт хийсэн билээ. Энэ нь хүүхдийн зохиолчдын хувьд бие даасан анхны уран бүтээлийн тайлан тоглолт юм. Эрдэнэбулган тайзан дээр тоглогч хүүхдийн дунд баясгалантайяа зогсож байх нь аавтайгаа жигтэйхэн адилхан харагдав.

Дөчин таван жилийн өмнө МУИС-ийн хаминдай байсан Лхагваа гуай оюутнуудад, элгэмсэг ханддаг байлаа. Дотуур байр анги танхимаар өдөр бүр орж гарч хэлэх юм байна уу гээд аядуухан инээмсэглэн зогсож байдаг сан. Энэ үед бид Лхагваа гуайн хүү Эрдэнэбулган ЗХУ-д найруулагчийн сургуульд сурдгийг мэдээд эчнээ танил болсон ч уулзаж учирч байгаагүй. Харин Ленингадад суралцан хөгжмийн найруулагч болоод улсын Дуурь бүжгийн театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар шат дараалан дэвшсэн үед нь бид жаахан ойртсон юм. Урлагийн хашрууд дуулаачаас найруулагч болох нь ховор гэцгээж чухам юу бүтээхийг нь тандаж байх шиг байлаа. Энэ үед Лхасүрэн, Гончигсумлаа, Чулуун, Уртнасан бид яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байсан учир юу эсийг ярьсан л байлгүй. Тэгэхдээ бид тэр айхавтар үзэл сурталжсан үед толгой ороох хов ярьдаггүй, урлаг утга зохиол л ярьдаг байсан даа. Цаад Эрдэнэбулган чинь чанга шүү. Би наадахыг чинь театртаа тавих гэж найруулагч болсон юм гэж байгаад “Карменийг” найрууллаа гэж Лхасүрэн багш нь бахдан ярьж байсныг би санаж байна. Бас “Үнэн” дуурийг шинэчилж тавихдаа Гончигсумлаатай маргаж, зохиол болон аялгууг засуулж түүнээс “Том найруулагч” гэсэн үнэлгээ авсан ч гэж дуулсан билээ. Тэрбээр дуулаач байхдаа дуулсан дүрүүд шигээ хорь гаруй дуурь найруулсан гэж ярих юм билээ. Нэг сэтгүүлч түүнтэй ярилцаж байхдаа,

-Та их юм бүтээсэн хүн юм аа гэж дуу алдсанд,

-Би ганцаараа бол юу гавих вэ дээ. Энэ чинь хамт олны буян, тэдний дэмжлэг гэж хэгжүүхэн хариулсныг ч олж харж билээ.

Энэ хүн, том хамт олныг зохион байгуулан удирдаж чаддагаа нэгэнтээ харуулсан хүн юм.

Цаг төр хямарч, хамаг юм үймэрч, эх толгойгоо алдсан 1990 оноос дуурийн театрын даргаар томилогдоод, өөрчилж шинэчлэх гэж дээш доош гүйж дөрөв таван жил сандарсан ч гэсэн театрынхаа тоног төхөөрөмжийг бүрэн өөрчилж чадсан л юм билээ. Энэ бол наад захын л ажил нь.

Урлаг судлаачид түүнийг шинэчлэл өөрчлөлт хийсэн гэж дүгнэдэг. Тавь жаран жилийн турш цуцалтгүй давшсаар алхам ухарч үзээгүй энэ хүн шинэ сайныг санаачлан бүтээлгүй яахав. Олон түмэнд туслах нь ч мэдээж. Түүнийг Буриад Якутад очиж ажилласан, дөрвөн зуун концерт найруулсан энэ тэр гэж бичдэг. Энэ ч наад захын явдал даа.

Эрдэнэбулган эдүгээ ч ахисаар л байна. Кино жүжигчин, найруулагч, зохиогч, болчихсныг нь харцгаа!

Гэрч нь гэвэл “Чин ван Ханддорж”, “Их хувь заяа”, “Үхэж үл болно, Чингис хаан”, эдүгээ хийж байгаа “Амар сайд” гэж ам бардам хэлье. Тэрбээр төр, цэргийн зүтгэлтэн Магсаржавын дүрийг өвөрмөцөөр бүтээж, тууштай эх оронч, эрэлхэг жанжин, хүн шиг хүн гэж чадамгай харуулж чадсан учир “Баатар ван” гэж өргөмжлөгдсөн нь ховор тохиолдол хэмээн үзэлтэй. Энэ бүхий үйл явдал нь түүнийг бусдаас буюу урлагийн олон алдар цуутнаас онцгой харагдуулж байгаа билээ. Урлаг судлаачид, Эрдэнэбулганыг Монголын соёл урлагт нээлт шинэчлэлт хийсэн гэж нотолсныг төрөөс 1994 онд буюу хорин таван жилийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж баталгаажуулсан байна.

Лхагвагийн Эрдэнэбулган ч хийсэн ажил, авсан шагналдаа эзэн болж Монголын дуурийн урлагийн дуурьсах зүтгэлтэн ийм байдаг юм гэдгээ харуулж чадсан байна.

Х.Зандраабайдий

2019.1.20

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл сайд уламжлалт анагаах ухааны олон улсын хуралд оролцож байна

Бүгд найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон ДЭМБ хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний олон улсын хоёрдугаар хурал энэ сарын 24-28-нд Истанбул хотноо болж байна. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орны Эрүүл мэндийн сайд, дэд сайд болон олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид нийт 2000 орчим төлөөлөгчид оролцож байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуралд оролцох үеэрээ Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцжээ. Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд болон Истанбул дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл оролцсон байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын ЭМЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэлжээ.