Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Эрдэнэт 100 хувь удирдлагын асуудалтай болсон учир онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзсэн

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрээр “ЗХЖШ-ын даргаар нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг УИХ-ын шинэ даргаас хүсч байна. Мөн Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод гурван сар болж байна. Тиймээс Ерөнхий прокуророор томилох нэр дэвшигчийг оруулсан. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. 1994 оны хуулиар арга хэмжээ авсан нь зөв үү?

-Энэ хуулинд буруу байхгүй. 1997 оны Засгийн газар энэ хуулийг хэрэглээд, би очиж хэрэгжүүлж байсан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн Орост хийсэн хувьчлал асуудалтай байсан. Тиймээс Онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг явуулж байлаа. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 51 хувь Стандарт банкинд өртэй байгаа энэ үед онцгой дэглэм тогтоох нь зөв. “Эрдэнэт” өөрөө 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учир зөв арга хэмжээ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

-ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхийг АН-аас хүсэлт гаргалаа. Энэ талаар…?

-ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээр байгаа.

-Цэргийн ангиудад хариуцлага алдаж, цэргүүд амь насаа алдаж байна. Яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

-ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан байгаа. ЗХЖШ-ын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар нь ажлаа хийж байгаа. Хамгийн сүүлд Зүүнбаянгийн цэргийн ангид цэргийн албан хаагч амиа алдсан. Саяхан дахиад нэг хугацаат цэргийн албан хаагч амиа алдлаа. ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө өргөн барьсан.

-ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өчигдөр Эрдэнэтэд ажиллах явцдаа мэдэгдсэн.
-Өнгөрсөн мягмар гарагт ҮАБЗ хуралдсан. Манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан юм. Энд ярьсан зүйлс нууц учир би энд одоо ярих боломжгүй. Гэхдээ байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт, зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмж гаргасан. Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр ажиллагаа явууллаа. Бид нэг улсаас хэтэрхий хараат болсон тул үүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс 49 хувийг авчирсан нь зөв буруу гэдэг жижиг юм битгий хөөцөлд, цогц арга хэмжээ гэж Засгийн газарт анхааруулсан. Эхний алхмуудаа хийлээ. Шаардлага гарвал дараагийн ААН-д ч онцгой дэглэм тогтооно. ЭТТ-н Засгийн газарт ногдох 85 хувийн орлогыг төмөр замын төсөлд зарцуулах шийдвэр гаргасан. Төмөр замын ажил энэ хавар эхэлнэ. Төмөр замын гэх зохиомол хэргийн талаар их ярьдаг. Тухайн үед Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайд байсан.

-ЭТТ хувьцаагаа нээлттэй арилжих уу?

-Арилжина. Гэхдээ урьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулсан. Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна.

-Нэр бүхий албан тушаалтнуудыг халснаар шударга бусын хонгилыг нурааж чадах уу?
Монголын төр хувийн компанийн халаасанд орчихлоо шүү дээ. Цагдаа, тагнуул ном журмаараа ажиллаж байна. Харин шүүх, прокурор ингэж ажиллаж чадахгүй байна. Буруутай хүмүүсийг халж, хуулийн дагуу ажиллах хүмүүсийг томилохоос өөр аргагүй.

Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкны маргаан 51 хувийн гэх мэт өмчлөлтэй огт холбоогүй гэдгийг Ц.Нямдорж сайд тайлбарласан.

Монголын төр байсаар байтал цаана нэг хүн өөртөө банктай, хуулийн байгууллагатайгаар ажил аваад байна. 49 хувийг хувийн хэвшил эзэмшиж болно. Гэхдээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд цаг байгаагүй гэсэн шалтгаан тоочоод эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн. Тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын дарга гэх мэт олон хүнээс тас нуусан. Энэ худалдан авалтад миний ямар ч оролцоо байхгүй. Би Коммерсант гэдэг сэтгүүлээс анх энэ тухай олж уншаад, Ч.Сайханбилэгт энэ талаар тайлбар өгөх шаардлага тавьсан юм. Би Н.Золжаргал Ерөнхийлөгчийг томилуулсан нь үнэн. Энэ хүн 49 хувьтай холбоотойг хуулийн байгууллага тогтоогоогүй байна. Мөн Н.Золжаргал ч хууль бусаар зээл олгосон, эсэхээ тайлбарлах ёстой.

Салхитын мөнгөний ордыг зарвал 400 сая америк долларын үнэтэй. Улсын өмчөөр хайгуул хийсэн байтал тусгай зөвшөөрлийг нь нэг уяач залуу энд юу ч байхгүй гээд авсан байгаа юм. Тэр хүн Хятадад зарсан. Хоорондоо маргалдсан. Шүүгч асан Л.Бямбаа гэж хүн амь үрэгдээд байна. 400 сая америк долларын үнэтэй орд яаж уяачийн гарт очив? Хэрэв энэ ордыг Хятадын талд худалдаагүй бол авлигын хэрэг гарахгүй, шүүгч амиа алдахгүй байв. Энэ ордыг төрийн өмчөөс хувьд шилжүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Луйврын ийм аргаар авсан нийт 400 орчим орд бий. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу энэ бүхнийг хийсэн. Эдгээрийн 95 хувьд нь л уурхай барьсан. Үүнд Оюутолгойн уурхай хамаарахгүй юм шүү.

-Цагаан суваргын ордод 400 орчим сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.Номтойбаяр гишүүн ярьсан.
-Улс энэ хөрөнгө оруулалтыг буцаан төлөхгүй. Харин Н.Номтойбаяртай гэрээ хийн, олборлох зардлыг нь төлөөд, гарсан баялгийг улс авна. Бусад улсууд байгалийн баялгаа ашиглах маш их туршлага хуримтлуулсан. Жишээ нь ЭТТ гэрээгээр нүүрсээ олборлуулдаг. Авлига авсан гэх мэт муу талууд энэ компанид бий. Гэхдээ нүүрс олборлосон ААН-үүд ч сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч “Цагаан суварга”-ыг ав гэж хэлээгүй шүү. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, зардал гаргасан бол улс буцаан авах нь зөв.

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвсний түймрээс сэрэмжлүүлж байна

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 16 удаа иржээ. Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Шадивлан зусланд өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд шар өвсний түймэр гарч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангийн аврагчид, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраажээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа тул онцгой сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн мэдлэг олгох сургалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн А/304, А/699, А/460 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-ыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын үүрэг, оролцоог сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Төрөлжсөн мэргэжлийн багт баримжаа олгох болон 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн мэдлэг олгох” сургалт зохион байгууллаа.

Энэ сарын 06-нд болсон тус сургалтад дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүүхдийн эмч, өрхийн менежер, сэргээн засах эмчилгээний эмч, хөдөлгөөн засалч зэрэг нийт 45 эмч, мэргэжилтэн хамрагдсан юм.
Сургалтын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвд 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгээр хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх аргачлал, төрөлжсөн мэргэжлийн баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношилж, эмчлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих дүүргийн салбар комисст хэрхэн дүгнэлт гаргах талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хоригдлыг хугацаанаас өмнө суллаж, хоёр хоригдлын дэглэмийг бууруулжээ

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй зургаан хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм бууруулах тухай дүгнэлт хүргүүлсэн аж. Дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Уг шийдвэрээр Шүүхээс өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр дөрвөн хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, хоёр хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр болжээ.

Тэдний дунд өрх толгойлсон, таван хүүхдийн эх байсан байна. Тэрбээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлжээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Ус цаг уур орчны шинжилгээний газраас “Энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтэрч цас орж, салхи шуургатай байна” гэж мэдээллээ. Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол маргаашаас говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж 4-8 градус хүйтэн байх юм.

Энэ сард ихэнх нутгаар дулаан байх боловч салхины эрч ширүүсч цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурна.

Гуравдугаар сарын 8-12-н хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв

Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганы оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо.

Үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, чуулганы төлөөлөгчид Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.

Энэ өдөр бол баяр ёслолын гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх, эрхийг хамгаалахад чиглэсэн чухал өдөр бөгөөд үүнд чиглэсэн үндэсний чуулган зохион байгуулж байгаад олзуурхаж байна.

Хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй ноцтой асуудал мөн. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болж, гэр бүл салалт жилээс жилд нэмэгдэж байна. Үүнээс үүдэх нийгмийн сөрөг үр дагавар, хохирлыг ч эмэгтэйчүүд л илүүтэйгээр амсаж байна. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хязгаарлах тал дээр төрийн байгууллагууд нэн даруй тодорхой ажлуудыг эрх зүйн хувьд ч, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хувьд ч хийх шаардлагатай. Монгол Улсын хүн амын тал хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, тэнүүн жаргалтай гэр бүлд, ажилтай орлоготой сайхан амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг мөн.

Хүчирхийллийн эсрэг хүн бүр тэр дундаа эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ээлтэй хүчирхийлэлгүй нийгмийн төлөө эх хүний сэтгэлээр хамгийн түрүүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн, эмэгтэйчүүдийн байгууллага, салбарын яам нэгдсэн зохион байгуулалтаар ханган, манлайлж ажиллаасай гэж хүсэж, бодитой ажлууд хийх, санаачлахыг уриалъя.

Ташрамд дурдахад, Монголд төдийгүй Азидаа анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох 95 жилийн түүхтэй, Монголын эмэгтэйчүүдийн холбоо маань өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулганаас хойш эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үйл ажиллагаа нь эрчимжиж байгаад сайшаалтай байна.

Энэ сарын 11-нээс 22-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооны эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн 63 дахь удаагийн чуулганд манай эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Энэ удаагийн чуулганыг “Тогтвортой хөгжлийн зорилго – 2030” хөтөлбөртэй уялдуулж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Зохистой хөгжил ба эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог.

Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эдийн засаг, нийгмийн үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Америкийн Нэгдсэн Улстай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Үүний үр дүнд АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барихаар болсон. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс – АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олон мянгаар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Өнөөдрийн чуулганаас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангахад бодитой санал шийдэл гарч, төр засгийн бодлого шийдвэрт тусган тууштай ажиллана гэдэгт найдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бодитой нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, үйл ажиллагаа, санаачилгыг дэмжин, Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийт эмэгтэйчүүддээ аз жаргал, эрүүл энхийг ерөөе.

Айл бүр амгалан жаргалантай байх болтугай” гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

​Warner Bros кино компани “Hello Kitty”-ийн сэдэвтэй бүрэн хэмжээний кино хийнэ

Warner Bros кино компани багачуудын дунд алдартай Hello Kitty муурын түүхээр бүрэн хэмжээний кино хийх эрх авчээ.1974 онд Японд үүсгэн байгуулагдсан “Sanrio” компани хулсны цагаан муур Hello Kitty-ийн барааны тэмдэгтийг эзэмшдэг юм. “Sanrio” компанийн үүсгэн байгуулагч, захирал Синтаро Цузи “Hello Kitty маань Холливуудын дэлгэцнээ гарах болсонд баяртай байна.Бидний муур олон жилийн турш үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн.Шинэ киноны тусламжтайгаар нөхөрлөлийн гайхамшгийг бид дэлхий нийтэд түгээж чадна гэж найдаж байна” гэжээ. Variety сэтгүүлийн мэдээгээр New Line Cinema компани “Sanrio”-ийн бусад дүр төрхүүд болох My Melody туулай, Кики, Лалу нарыг ч бүтээлдээ ашиглах эрхийг авчээ. Бо Флин продюсерээр нь ажиллах уг бүтээл хүүхэлдэй кино байх уу эсвэл жүжигчид тоглох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Үүний өмнө Warner Bros компани Барби хүүхэлдэйн түүхээр кино бүтээхээ зарласан.Төгс бүсгүйн дүрд жүжигчин Марго Робби тоглох юм.

Categories
мэдээ нийгэм

Манай улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр 68 дугаар байрт жагсжээ

Жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баярыг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү арга хэмжээнд оролцохдоо “Манай улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ

Насанд хүрээгүй этгээдүүд бүлэглэн нийт 17 удаагийн үйлдэлтэй, 38 сая төгрөгийн хохиролтой хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна. Тэрээр дэлгүүр, худалдааны төв болон авто засварын газрууд руу хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлж, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мэдээллийн дагуу шалгаж байгаа аж.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн үндэсний тооцооны зөвлөлдөх уулзалт боллоо

Эрүүл мэндийн үндэсний тооцооны олон улсын SHA2011 ангилал, түүнийг тооцоолох аргачлал, тооцоололд ашигласан мэдээллийн эх үүсвэрийн талаар танилцуулах “Эрүүл мэндийн эдийн засагч, санхүүчдийн зөвлөлдөх уулзалт3 Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ, ҮСХ, ЭМДЕГ, ЭМЯ-ны харъяа эмнэлгүүдийн эдийн засагч, санхүүч нар нийт 30 хүн оролцов. Уулзалтын үеэр эрүүл үндэсний тооцооллыг гаргахад эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төв 2000 оноос эхлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолон гаргаж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг эрүүл мэндийн салбарын эдийн засгийн мэдээллээр хангаж ирсэн билээ. 2017 онд “Эрүүл мэндийн үндэсний тооцоо 2003-2014”-ыг тооцоолон гаргаж танилцуулсан бол 2018 оны 12 сард “Эрүүл мэндийн үндэсний тооцоо-2015” –г олон улсын SHA2011 аргачлалын дагуу өргөтгөсөн 9 ангиллаар тооцоолж гаргаснаар уг тооцоог хийсэн Азийн зүүн бүсийн цөөн орнуудын нэг болсон юм. Улмаар энэхүү тооцооллыг жил бүрд нь гаргахаар ажиллаж байна.