Categories
мэдээ нийгэм

Гарал үүслийн бичиггүй мах хэрэглэж байжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Орд, Бугаан гол, Их буян, Ургамал зэрэг худалдааны тѳвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа гуанз, цайны газар, зоогийн газар, махны захуудад байгаль орчин, хүнсний чанар, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Мал эмнэлгийн газартай хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэж байгаа 23, махны худалдааны 18 нийт 41 цэгээс 27 махны дээж авч МЭАЦЛ-т шинжлүүлэхэд периоксидазын урвалаар ѳвчтэй болон үхсэн малын мах илрээгүй бѳгѳѳд 2 дээж амталсан мах байсан учраас формалины сорилд тэнцээгүй дүнтэй байна.

Шалгалтаар дараах нийтлэг зѳрчлүүд илэрч байна.

Үүнд:
1. Гуанз, цайны газрууд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй мах хэрэглэдэг,

2. МЭАЦЛ-нь шинжилгээний хариуг тухайн ѳдѳртѳѳ олгодоггүй,

3. Нийтийн хоолны газруудад гар угаалгын хэсэг дутуу, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй зэрэг зѳрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгч ажиллалаа.

Иймд иргэд, хэрэглэгчид та бүхэн мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичгийг шалган авах, сэжигтэй, зөрчилтэй асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад шуурхай мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо төрийн өмчийн сургуультай боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ерөнхий боловсролын 142 дугаар сургууль шинээр ашиглалтад орж сурагчдаа хүлээн авлаа. Тус сургуулийн нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, 142 дугаар сургуулийн захирал Ч.Наранцэцэг болон хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо нь сургуулийн насны 1410 гаруй хүүхэдтэй бөгөөд Ерөнхий боловсролын 142 дугаар сургууль ашиглалтад орсноор сургуульгүй байсан тус хороо төрийн өмчийн сургуультай болж байна.

Categories
мэдээ улс-төр

​О.Орхон: Улс төрийн зорилготой баривчилгаа болсон

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өчигдөр гэрээсээ ажил руугаа явж байхад хууль бусаар намайг баривчилсан.

Ямар учиртай, ямар баривчилгаа болох талаар огт тайлбарлаагүй. Энэ бол хувь хүний эрх болоод хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болсон. Энэ бол улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор болсон явдал.

Энэ хууль бус үйл ажиллагааг шүүхэд мэдэгдснээр шүүх хууль бус гэдгийг нь тогтоож сулласан.

Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Биднийг баривчлахын өмнө Л.Оюун-Эрдэнэ сайд Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нарыг шоронд хоригдох болсонд харамсаж байна гэсэн. Цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Монголын нийгэмд болж байгаа бүх зүйлийн цаана нэг банк, нэг хүн байгаа мэтээр зохион байгуулалттайгаар мэдээлэл цацаж байгаа.

Л.Оюун-Эрдэнэ сайдын ил болгосон зүйл бол саяхан ил болсон зүйл биш. Тэр схем бол Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем. Схемд хууль, шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, худал зүйл олон бий. Энэ дээр харилцагчийн нууцтай холбоотой олон нууц байгаа. Схемд ашигласан материалууд бол хууль шүүхийн байгууллагуудын олж авсан зүйл” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.

Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог билээ. Иймд маргааш буюу Баасан гарагт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм гэж ТЦА-наас мэдээллээ.

НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгууллаа

Дэлхий дээр мал амьтнаас хүнд дамжин халдварладаг 200 гаруй өвчин тохиолдож байгаагаас манай улсад 30 орчмыг нь оношилж, бүртгээд байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, даяарчлал, хотжилт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудаас хумхаа, эбола, коронавирусийн халдвар зэрэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, “Тэгш дүүрэн хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран өвчний сэжигтэй тохиолдлын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын бэлэн байдлыг хангах, тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

“Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн сэжигтэй тохиолдлын үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт үзүүлэх дадлага сургалтанд халдварт өвчин хариуцсан эмч, мэргэжилтнүүд, амбулаторийн яаралтай тусламжийн багт томилогдсон эмч, сувилагч зэрэг нийт 40 хүн оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум, ”Оюутолгой” ХХК-д инженерээр ажиллаж байсан Энэтхэг улсын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрчээ. ХӨСҮТ-өөс хийсэн лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчин болох нь нэгэнт батлагдсан тул ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газартай цахим хурал зохион байгуулж, хэрхэн ажиллах заавар чиглэлийг өгсөн байна.

Түүнчлэн өнөөдөр ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүний эмч нарын баг тус аймгийг зорьж, голомтын хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн тухай өвчтөн болон ойрын хавьтал болох халдвар авах магадлалтай 12 хүнийг тусгаарлан, эмчийн хяналтанд үзлэг шинжилгээнд хамруулан тандалт судалгааг үргэлжлүүлж байна.

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй тул Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, өвчний голомтыг хумих чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж буй бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 08-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалсан аж.

2018 оны жилийн эцсийн байдлаас авч үзвэл Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Япон, Малайз, Украйн, Гүрж, Серби, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гарсан байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, халдвар тархах эрсдлээс хамгаалж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгожээ.

Мөн бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийнэ

Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон 17:00 цагаас банкныхаа төв салбарын байрандаа мэдээлэл хийнэ. Тэрбээр саяхан 461 дүгээр хорих ангид нэг хоног саатуулагдаад гарч ирсэн. Түүний мэдэгдлийг эргэн хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Ерөө голын гольдрилд хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ

Иргэдийн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран 2019.03.05-ны өдөр Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт нэр бүхий иргэд Ерөө голын гольдрил дотор мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны гуравдугаар сарын 07-ны өдөр ХСИС-ийн Соёлын төвд 500 оюутан, залуучуудын оролцоотой зохион байгууллаа. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь залуучуудад жендэрийн тэгш байдлын талаар мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсооход залуучуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, аливаа тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зорилготой юм. “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оюутан залуучууд нэгдэж, урлагаар дамжуулан охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” сэдэвт нас насны төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн зургийг өнгөөр ялган будах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгааргүй мөрөөд”, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Залуу хүний хөгжил, өөрчлөлт ба жендэр”, “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Бямбабат “Сайн дурын ажлаар нийгмийг хэрхэн өөрчлөх вэ?” сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир уулзалтыг нээж, дэлхийн улс орнууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг хадгалан даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, тэдэнд тэгш боломж олгох, зөрчигдөж буй эрхийг нь хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Харин манай улсад баярын ширээ засаж, эмэгтэйчүүдэд бэлэг сэлт өгөх, хамт олон, найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэх төдийгөөр тэмдэглэн өнгөрүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь үнэн билээ. Тиймээс аливаа тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх нь чухал байна. Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай энэхүү тэмдэглэлт өдрийн түүхийг сөхвөл, анх 1911 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нью-Йорк хотын нэгэн оёдлын үйлдвэрт гал гарснаас 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэйчүүд байсантай холбоотойгоор 1913 оны 03 дугаар сарын 08-нд Европ даяар энх тайвны жагсаал өрнөсөн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд Монгол Улс анх 1955 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 137 дугаар зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 64 жилийн нүүрийг үзлээ. Тогтвортой байдал эдийн засгийн өсөлт, хүний эрхийн төлөөх шилжилтийн гол хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх явдал бөгөөд хөгжлийн төлөөх бүх үйл хэргийн цөм хэсэгт жендэрийн тэгш байдлыг бий болгох учиртай. Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг алдагдуулалгүйгээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, зөрчигдөж буй эрхийг сэргээх, хамгаалах, охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аливаа хүчирхийллийг таслан зогсооход залуучууд Та бүхний оролцоо туйлын чухал гэдгийг тэмдэглэн хэлье. Мөн өнөөдрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас дэмжин, хамтарч ажиллаж байгаа юм. “ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” үйл ажиллагаа нь 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэхүү олон улсын хөдөлгөөнийг Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Залуучууд бид эерэг өөрчлөлт, зөв хөгжлийг түүчээлэгчид байх ёстой билээ.” хэмээн хэлэв

Categories
мэдээ нийгэм

“Анхдагч мэдээллийн чанар” сэдэвт сургалт боллоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”-ийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй албан ёсны статистикийн мэдээлэгч томоохон аж ахуй нэгж, байгууллагын мэдээ, тайлан хариуцсан ажилтан, албан тушаалтнуудад зориулсан “АНХДАГЧ МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР” сэдэвт сургалтыг Нийслэлийн Статистикийн газраас зохион байгуулж явуулав.

Тус сургалтын зорилго нь албан ёсны статистикийн мэдээллийг хэрхэн гаргах, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.

Энэ удаагийн сургалтад эдийн засаг, нийгмийн 14 салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа.

Сургалтын үеэр албан ёсны статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь тогтмол мэдээлж хэвшсэн Монпак трейд ХХК-ийн нягтлан бодогч Б.Оюунсувд, УСУГ-ын эдийн засагч Х.Отгонбаяр, Дэвшил трейд ХХК-ийн нягтлан бодогч Д.Цэцгээ, Үндэсний үнэт цаас ХХК-ийн эдийн засагч Ч.Шинэтуяа нарыг Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, “ХҮНДЭТ ЖУУХ”-аар Монголросцветмет ХХК-ийн эдийн засагч Э.Сэндмаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Сургалтад оролцсон статистикийн мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт ажилтан албан тушаалтнуудад СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК мэдээллээр бэлтгэсэн батламж гардуулав.