Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Тусгай хүчний командлагч манай улсад айлчиллаа

АНУ-ын Тусгай хүчний командлагч манай улсад айлчиллаа

АНУ-ын Тусгай хүчний командлагч, генерал Раймонд Томас нарын төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт бараалхав. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай хоёр талын уулзалт хийсэн юм. Уулзалтаар Монгол улс, АНУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны үндсэн таван чиглэлийн нэг болох энхийг дэмжих, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Categories
гадаад мэдээ

Кристина Кок, Энн Макклайн нар гуравдугаар сарын 29-нд задгай сансарт ажиллах гэнэ

Олон улсын сансрын станцад ажиллаж буй НАСА-гийн хоёр эмэгтэй сансрын нисгэгч Кристина Кок, Энн Макклайн нар гуравдугаар сарын 29-нд задгай сансарт ажиллах гэнэ. НАСА-гийн агентлагийн мэдээлснээр сансрын хөлгийн гадна ажиллах, тэднийг удирдан чиглүүлэх бүрэлдэхүүн бүгд эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа нь анхны тохиолдол болох аж. Учир нь задгай сансарт дан эрэгтэй эсвэл холимог баг ажилладаг байж. НАСА-гийн онцолсноор 1998 оноос хойш 213 удаа олон улсын сансрын станцын гадна талд засвар үйлчилгээ, туршилт судалгааны зорилгоор сансрын нисгэгчдийн баг ажиллаж байссан гэв.

Categories
гадаад мэдээ

“Huawei” компани АНУ-ын Засгийн газрын эсрэг гомдол гаргахаа мэдэгджээ

Хятадын үүрэн холбооны “Huawei” компани АНУ-ын Засгийн газрын эсрэг гомдол гаргахаа мэдэгджээ. Түүнд дурдсанаар АНУ-ын конгресс тус байгууллагын бүтээгдэхүүний талаар ямар ч нотлох баримтгүйгээр хориг тавьсан. Мөн АНУ нь холбоотон улсууддаа “Huawei”-ийн бүтээгдэхүүн нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэрэмжлэх хэрэгтэйг анхааруулсан мэдээлэл өгсөн гэж буруутгаж байгаа юм. Энэ талаар “Huawei”-ийн захирал Гуо Пинг “АНУ-ын конгресс манай бүтээгдэхүүнийг буруутгах нотлох баримт байхгүй байхад удаа дараа хориг тавьж байна. Бид энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардаж байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

Аварга, арслангуудын аранга аймгийн цолтнууд

Улсын аварга, арслангуудыг айлгадаг аймгийн цолтнууд олон болжээ. Заалны барилдаанд аймгийн цолтой залуу бөх их, бага шөвөгт шалгарах нь энгийн үзэгдэл болсон байна. Дээхнэ үед аварга, арслангууд амласан бөхөө алчуур шиг сэгсэрчихээд л тугны зүг ханддаг байсан тухай ахмад бөх сонирхогчид хуучилдаг. Харин өнөөдөр зүүн, барууны магнай бөхчүүд заалны барилдааны нэг, хоёрын даваанд өвдөглөх нь энгийн үзэгдэл болсон байна. Залуу бөхчүүдийн барилдааны ур чадвар, арга мэх улсын цолтнуудаас нэг их дутахааргүй болчихсон. Аварга арслангуудыг айлгаж буй залуу хүчтэнүүдийг танилцуулж байна.

БУЛГАН-ЭРДЭНИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Булганы Түмээг хаяна гээд амлачих хүчтэн өнөөдөр алга. Өнгөрсөн жилийн Сар шинийн барилдааны дөрвийн даваанд аварга Г.Эрхэмбаярыг халз хутгачихад дараагийн даваанд амлах хүчтэн байсангүй. Түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзийтэй тунаж барилдаад тахим буулгасан. Аймгийн заан цолтой бөх тавын даваанд тунаж хүч үзсэн нь тухайн Сар шинийн барилдааны содон өнгө болж түүхэнд бичигдэж үлдсэн юм. Улсын аварга Н.Батсууриас авахуулаад өнөө цагийн шилдгүүдтэй бүгдтэй нь өгөө аваатай барилддаг. 2018 онд Шинэ Үндсэн хуулийн ойн барилдааны үеэр хагалж өшиглөх дархан мэхээрээ аварга Батсуурийг тонгойлчихоод туг тойрч байсан зартай бөх. Энгийн үед төлөв даруу, бөхийн дэвжээнд дайчин шаргуу энэ залуу улсын цолд хүрэх нь цаг хугацааны асуудал биз ээ. Тэрбээр 2016 оны Хүрээ цам Даншиг наадамд үзүүрлэж даншигийн заан хүртэж байсныг энд онцолъё.

БАТСҮХИЙН ЗОРИГТБААТАР

Уран, дайчин барилдаантай бөх ч олон л доо. Нэг, хоёрын даваанд бужигнуулаад л барилдаанаа өндөрлүүлнэ. “Тэр чинь мөн ч эвгүй шүү дээ” гэж дурсагдаад дуусдаг бөхчүүд бий. Архангайн Зоригтбаатар бол өөр өө. Ямар ч том цолтонтой таарсан айна гэж үгүй. Дайрсаар байгаад л дуусгана. Жин, массаар илүү нь ноёлж барилдаж буй өнөө үед бөх, морь жижигддэггүй жишээг биеэрээ үзүүлж байгаа. Э.Оюунболд, Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, М.Бадарч гээд мундгуудыг бүгдийг нь хазайлгачихсан элдэвтэй залуу. Бөхийн өлгий Архангай нутгийн энэ залуу ирэх жилийн наадмын начны даваанд зогсож л байна байх. Нутгийн ах цолтнууд нь дэмжээд өгөх биз. “Жижиг” Сүхбат аваргын гал цогтой барилдааныг өнөө цагт Зоригоо үзүүлж байна даа.

ЭНХБАТЫН СУМЪЯАБАТ

Гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүгийн шавь нарын дундаас арслан Оюунболд, заан Пүрэвсайхан, начин Даш нарын тодорчихсон бөхчүүд бий. Харин өнөө цагт тодорч буй хүчтэн нь Энхбатын Сумъяабат. Өнгөрсөн жил Булганы наадамд түрүүлж арслан болсон залуу цол дагаж бяр нэмээд байгаа. Намраас хойших барилдаануудад үзүүлсэн амжилтууд нь үүнийг гэрчилнэ. Аймгийн начин байхдаа улсын гарьд цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны нэгийн даваанд арслан Пүрэвийн Бүрэнтөгсийг тонгороод чулуудчихаж байсан айхавтар бөх. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард зохиогдсон “Жем интернэйшнл”-ийн ойн барилдаанд хазайхгүй байгаа Хангай харцагыг хонгодоод суулгачихсан шүү дээ. Булганы Орхон сумын харьяат энэ залууг хаяна гээд амлах бөх ховор болсон. Булганы дараагийн улсын цолтон нь Сумъяабат ч байж мэдэх юм.

ЭНХТӨРИЙН МӨНХБААТАР

2000-аад оны эхэн үед Говьсүмбэрээс Дагвадоржийн Азжаргал гэж залуу тодорч, хожмоо төрийн наадамд үзүүрлэсэн байдаг. Үүнээс хойш өдийг хүртэл Чойроос улсын цолтой бөх төрөөгүй л байна. Саяхнаас Чойрынхон нэгэн залууд итгэл хүлээлгэх болсон нь Энхтөрийн Мөнхбаатар. Жин ихтэй, хий, зайгүй нягт барилдааны онцлогтой энэ залуу Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Б.Амарзаяа гээд том бөхчүүдийг өвдөглүүлж байсан. Гуравдугаар сарын 1-нд болсон Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч улсын цолд тулаад ирчихсэн гэдгээ мэдэгдсэн. Дөрвийн даваанд шилдэг харцага Нацагсүрэнгийн Золбоог тун түвэггүй хаяж олон хүний таавар будлиулсан. Мөнхбаатар арслан харцагуудад халтай барилдаад байгаа харагддаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Сумогийн холбооны 25 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Бат-Өлзий харцагыг хөмрөөд дороо хийчихэж байна лээ. Төрийн наадамд хэнийг ч царайчлахгүй тав давчих бяр чадал түүнд бий. Э.Мөнхбаатар арслан өнөө жил 24 настай.

БАТЖАРГАЛЫН ЛХАГВАДОРЖ

Өвөрхангайн Нарийнтээл сум, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нутгаас өндөр шар хүү бөх сонирхогчдын анхаарлын төвд ороод буй нь Батжаргалын Лхагвадорж юм. Дөнгөж 17 насандаа аймгийнхаа наадамд түрүүлсэн тэрбээр намраас хойш том цолтнуудын шүдний өвчин болж байна. Аварга Батсуурьтай хамгийн сайн барилдаж буй аймгийн цолтноор Лхагвадоржийг нэрлэхэд сөргөлдөх хүн үгүй биз ээ. Сая Сар шинийн барилдаанаар шинэ аваргатай оноолтын даваанд хүч үзэж хэд хэд хазайлгаад өвдөг шороодож байна лээ. Дахиад барилдахад давж ч мэдэх юм. А.Сүхбат аварга “Ирээдүйн аварга” шагналаа Лхагвадоржид гардуулсан нь нэгийг өгүүлэх шиг. Энэ шагналын эзэд том цолд хүрдэг уламжлал бий. Өвөрхангайгаас төрөх дараагийн том цолтон нь Б.Лхагвадорж байх магадлал өндөр.

МАЛЫШИЙН ЭРКЕБУЛАН

Однойн Бахыт харцага “Өлгийгөөс улсын цолтон төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” гэж хэлсэн нь бий. Бахыт харцагаас онгоц авах залуусын тоо ч олшроод байна даа. У.Береке, Н.Мустафа гээд залуус улсын цолд хүрчих хэмжээнд барилдаад л байна. Гэхдээ Баян-Өлгийгөөс Малышийн Эркебулан гэж залуу том цолтнуудтай илүү сайн барилдаад байгаа нь харагддаг. Содномдорж арслан болчихоод анх удаагаа зааланд барилдахдаа энэ залууд тахим өгч байсан шүү дээ. Сая Сар шинийн барилдаанд түрүүлсэн Пүрэвдагва арсланг нэг биш нэлээн хэд өвдөглүүлсэн. 2017 оны намар улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны гурвын даваанд Дагва арслан Эркебуланыг амлахад нь давуулж гуядаад дарчихсан юм даг. Аатай арслан дараахан нь болсон заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд даагаа нэхэхээр амлаад дахиад л гуядуулчихсан. Энэ мэт том цолтнуудыг тонгойлгочихдог Өлгийн залууд улсын цол ойрхон байгаа.

ШАРХҮҮГИЙН ПҮРЭВГАРЬД

1970-1980-аад оны үед улсын заан Зэвэгийн Дүвчин гэж бөх уран өвөрмөц барилдаанаараа бөхийн ертөнцөд онцгойрч байсныг ахмад бөхчүүд хуучилдаг. Тэр барилдаануудыг өнөөдрийн монгол бөхөд үзүүлж байгаа хүчтэн бол Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд юм. Дүвчин зааны хашиж мордох, хагалж өшиглөх зэрэг мэхийг Пүрэвгарьд л өнөөдөр төгс төгөлдөр хийж байгаа талаар багш дасгалжуулагчид нь үнэлдэг. Аймаг, сумын цолтнуудын барилдаанд түрүүлж байсан энэ залуу улсын цолтнуудын барилдаанд түрүүлэх дутуу байгаа. 2017 оны Сар шинийн барилдаанаар улсын арслан П.Бүрэнтөгсийг хагалж өшиглөн хэвтүүлчихээд гүйж явсан элдэвтэй эр. Улсын наадамд нэг дээшээ гараад ирвэл дийлдэхгүй байж мэднэ дээ. Биеийн жижгийг уран дайчин барилдаанаар нөхдөг Пүрэвгарьд арслан том цолд хүрэх өдөр мөдхөн байх аа.

ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХ-АМГАЛАН

Аварга, арслангуудыг айлгаж буй дараагийн залуу нь Эрдэнэбилэгийн Энх-Амгалан. Цол нь аймгийн заан ч бараг л улсын зааны энд барилдаж байгаа хүчтэн гэхэд худлаа хэлсэн болохгүй дээ. Бусгах, зайлах, хутгах зэрэг мэхийг гаргууд хийдэг тэрбээр дархан мэхээрээ улсын аварга Г.Эрхэмбаяраас авахуулаад олон томчуудыг хазайлгаж байсан удаатай. 2016 оны Зэвсэгт хүчний ойн барилдаанд төдийлөн олны танил биш залуу гарч барилдаад тавын даваанд Эрхэмбаяр аваргыг халз хутгаад суулгачихаж байсан удаатай.

Улсын наадамд түрүүлснийх нь дараахан шүү дээ. Бөх сонирхогчид түүнийг өсөх идэр начин Энхбатын төрсөн дүү гэдгээр нь сайн мэднэ. Ахын нөмөр нөөлөг ч байх биз улсын цолд удахгүй хүрнэ дээ, Энх-Амгалан.

Categories
гадаад мэдээ

Режеп Тайип Эрдоган “Канал-24” телевизэд ярилцлага өгчээ

Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган өнгөрсөн лхагва гаригт “Канал-24” телевизэд ярилцлага өгчээ. Энэ үеэр тэрбээр ОХУ-аас S400 загварын пуужингийн систем худалдаж авах гэрээнээсээ буцахгүй” гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Турк ОХУ-тай байгуулсан гэрээнээсээ буцна гэдэг бол ёс зүйгүй хэрэг юм. Бид мөн Сирийн хойд хэсэгт байгуулахаар төлөвлөж байгаа аюулгүй бүсийг өөр хэн нэг этгээд хянахыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Хиймэл оюун ухаант эмэгтэй нэвтрүүлэгчид Шин Сяомэн гэсэн нэр хайрлажээ

Синьхуа агентлаг “Sogou”-ийн технологийн багийнхантай хамтран хиймэл оюун ухаант эмэгтэй нэвтрүүлэгчийг бүтээсэн талаар мэдээлж байсан билээ. Бодит хүний дуу хоолойг ашиглан бүтээсэн тус төхөөрөмжинд Шин Сяомэн гэсэн нэр хайрлажээ. Өнгөрсөн даваа гаригт хиймэл оюун ухаант нэвтрүүлэгч анхныхаа мэдээг уншиж, олон нийтэд хүргэсэн байна. Дээрх агентлагийн онцолж буйгаар роботон хөтлөгчийн гол давуу тал нь ямар ч амралтгүйгээр, жилийн 365 хоног, 24 цагийн турш ажиллаж мэдээлэл түгээх боломжтой аж. Үүнээс гадна үйл ажиллагааны зардлыг ч хэмнэх гэнэ.

Categories
гадаад мэдээ

Гадны 600 орчим тагнуулчийг илрүүлжээ

ОХУ-ын аюулгүй байдлын алба өнгөрсөн жил улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдсан гадаадын 600 орчим тагнуулч болон тусгай ажилтныг илрүүлжээ. Энэ талаар Оросын төрийн тэргүүн В.Путин лхагва гаригт Холбооны аюулгүй байдлын албаны зөвлөлийн хурлын үеэр онцолсон байна.

Тэрбээр “Өнгөрсөн жил тагнуулын тусгай албад идэвхтэй сайн ажилласны дүнд гадаадын 129 тагнуулч, 465 мэдээлэгчийг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоосонд талархсанаа илэрхийлж байна” гэв. Тэрээр цааш нь “Тэд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллийг бүхий л арга замаар олж авахыг эрмэлзэж байна. Тиймээс бид үйл ажиллагаагаа орчин үеийн аргуудад тулгуурлан үр дүнтэй, өдөр тутам явуулах ёстой. Энэ нь ялангуяа Оросын дэвшилтэт зэвсгийн үйлдвэрлэл туршилттай, мөн цэргийн дэвшилтэт техниктэй холбоотой мэдээллийг хамгаалах ажилд хамаатай юм. Тийм учраас уг салбарт тавих хяналтыг чангатгаж, хамгийн нарийн байх ёстой” гэж онцолжээ.

Холбооны аюулгүй байдлын алба өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын иргэн, Мичиганы оршин суугч Пол Уиланыг Москвад тагнуул хийсэн гэх хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрээр өдгөө Лефертовын урьдчилсан хорих төвд хоригдож байгаа юм. Оросын төрийн тэргүүн түүнчлэн тагнуулын байгууллагын ажилтнуудад эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг холбогдох хүмүүст үүрэгджээ.

Мөн тэрээр Холбооны аюулгүй байдлын алба терроризмтой тууштай тэмцэж байгааг онцолсон юм. Түүний ярьснаар, сүүлийн 10 жилийн хугацаанд террорист халдлагын тоо буурч байгаа. Гэхдээ Холбооны аюулгүй байдлын алба шинэ арга барилаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, гэмт халдлагын төлөвлөгөөг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн байна. В.Путин хурлын үеэр мөн үндэсний мэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Гадаадын тагнуул, тусгай албадын үйл ажиллагаанаас Оросын үндэсний эрх ашиг ихээхэн хамаарахыг онцолсон байна. Тэрээр ийн тэмдэглэхдээ ямар улс орнуудын зүгээс тагнуулын ажиллагаа явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын нутаг дэвсгэрт тагнуул хийхийг завдсан этгээдийн тоог 2017 онтой харьцуулахад 40-50 хувиар нэмэгдсэн гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Мартын 8-ны баярт зориулсан үзвэрүүд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан тоглох тоглолтуудын байршил, цагийн хуваарь, үнийг уншигчдадаа хүргэж байна.


VIP ТОГЛОЛТУУД:

Энэ тоглолт нь дуучид, хамтлагууд өөрсдийг нь сонсохыг хүсдэг цөөн тооны үзэгчдийн дунд тоглодог. Үзэгчдийнхээ ая тухыг хангаж, ширээ засан, багцаар үйлчилнэ. Ширээ бүр уух ус, ундаа, жүүс болон халуун вино, оройн зоог зэрэг зүйлс багтсан болохоор тасалбарын хувьд үнэтэй байх аж. Хамгийн эхэнд тоглолтын зараа тараан 100 мянган төгрөгөөр өөрсдийгөө үнэлсэн “Увертура” хамтлагийг олон нийт хэт үнэтэй тоглох гэлээ хэмээн хэл аманд өртөөд байсан. Харин тэдний араас “Камертон” хамтлаг тоглолтын тасалбараа 300 мянган төгрөгөөр үнэлсэн нь 19001617-оор үнэгүй хүргэж байгаа гэнэ. Сошиалаар тэднийг шинэ дуу гаргаагүй байж өндөр үнэтэй тоглолт хийх нь хэмээн шуугьцгааж байна. “Хурд” хамтлаг жил бүр уламжлал болгон бүсгүйчүүддээ зориулан тоглолтоо хийдэг. Харин тэдний энэ удаагийн тоглолтын тасалбарын үнэ 150 мянга. Мөн л хувь хүн бүрт зориулсан багцтай. Ширээгээр нь авч болох бөгөөд нэг ширээ нь 10 суудалтай, нийт нэг сая таван зуун мянгаар 10 хүний суудалтай ширээ захиалж болох ажээ.

Aurug event hall-д (Богд хааны ордон музейн баруун талд)

“ХАЙР” (Камертон хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 300 мянга

One event hall-д

VIP MEMORY POP ORCHESTRA live concert (Увертура хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 18.00 цагт

Тасалбарын үнэ: 100 мянга

Corporate Conventian centre-д

“ЗУРАГШИГБҮСГҮЙ” (Хурд хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 150 мянга, ширээгээрээ Нэг сая таван зуун мянга

“ХАЙР ГЭЖ…” Live concert (Дуучин Ж.Алтанцэцэг)

Хэзээ: 2019.03.08

Тасалбарын үнэ: 100 мянга, 80 мянга, 60 мянган төгрөг

Энэ жил анх удаа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин П.Баярцэнгэл энгийн тасалбараа 25 мянгаар үнэлжээ. Мөн VIP суудалтай ба суудлын тооноос хамаараад 280-480 мянгаар үнээ тогтоосон байна. Түүний тоглолтыг ихээхэн онцлог болно хэмээн үзэгчид нь найдаж байгаа юм.

Концерт

Crocus event hall-д

“BEST HITS” (Хурд хамтлаг, Никитон)

Хэзээ: 2019.03.07 18:00 цагт

Тасалбарын үнэ: 80 мянга, 120 мянган төгрөг

Corporate Conventian centre-д

“СҮҮН АЯЛГУУ” (Дуучин Х.Болормаа, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа)

Хэзээ: 2019.03.07, 09 19:00 цагт

Тасалбарын үнэ: 60 мянга, 40 мянган төгрөг

Ub palace-д

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон уран бүтээлчид уламжлал болсон тоглолтуудаа хийнэ. Мөн нийтийн дуучдын хамтарсан хэд хэдэн тоглолт төлөвлөгдөөд байна. UB Palace нь 3044 хүний суудалтай. 2019 оны гуравдугаар сарын 3-наас эхлээд тоглолтууд үргэлжилнэ.

“ХАЙРТАЙ ШҮҮ ЭЭЖЭЭ” (Дуучин М.Бямбажав, “Мөрөөдлийн театр”)

Хэзээ: 2019.03.06-07 19:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянган төгрөг

“МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН” (нийтийн дуучид)

Хэзээ: 2019.03.09 19:00 цагт

Тасалбарын үнэ: 14900, 19900 төгрөг

БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ (Гавьяатуудын нэгдсэн тоглолт)

Хэзээ: 2019.03.10 19:00 цагт

Тасалбарын үнэ: 25 мянган төгрөг

Мөрөөдлийн театр дуулж, дуучин М.Бямбажав жүжиглэнэ гэсэн реклам телевизүүдээр цацагдаад байгаа. Дуучин болон жүжигчдийн тоглолт мөн л бүсгүйчүүддээ зориулан удахгүй тоглогдоно.

“ОДОНГОО ЗҮҮ ЭЭЖЭЭ”

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 20 мянга, 25 мянган төгрөг

МУГЖ С.Батсүх, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар бас нэгэн өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маягийг агуулсан тоглолтоо тавина.

Соёлын төв өргөө-д

“БҮСГҮЙ ТАНАА…”

Хэзээ: 2019.03.07 19:00 цагт

Тасалбарын үнэ: 25 мянга, 15 мянган төгрөг

“Бөхийн өргөө”-нд

Үндэсний бөхийн холбооны талцлаас болоод өнгөрсөн оны 10 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй Бөхийн өргөө үүдээ нээгээд удаагүй байна. 2500 хүний суудалтай тус өргөөнд Мартын 8-нд зориулсан зарим тоглолтууд товлогджээ. Үүгээр Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаанд орсноо баталж байгаа юм.

“ҮРТЭЙ ХҮН ЖАРГАРТАЙ” (нийтийн дуучид)

Хэзээ: 2019.03.08-09 19:00 цагт

Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг

дуучин Д.НАМСРАЙНОРОВ

Хэзээ: 2019.03.06-07 19:00 цагт

Тасалбарын үнэ: 25 мянган төгрөг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр-т

ASI OPA

Хэзээ: 2019.03.07 19:00 цагт, 2019.03.08 18:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянга, 20 мянга, 10 мянган төгрөг

Ancore Conference & Event venue-д

“БҮСГҮЙ ТАНД…” (Ньюанс хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 130 мянган төгрөг

ДУУРЬ

И.ШТРАУС “САРЬСАН БАГВААХАЙ” ОПЕРЕТТА

Хэзээ: 2019.03.09 17:00 цагт

Тасалбарын үнэ: 20 мянга, 15 мянга, 10 мянган төгрөг

ЖҮЖИГ

Зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлээр УДЭТ-ын найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын жүжиг найруулан тавьжээ. Сэтгүүлч бүсгүйн тухай өгүүлэх уг жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ.

Улсын драмын эрдмийн театр-т

“БҮСГҮЙН ЗУРВАС”


Хэзээ: 2019.03.01-15 19:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянга, 25 мянга, 20 мянга, 15 мянга, 10 мянган төгрөг

Хүүхэлдэйн театр-т

“ЗАМЫНХҮН”

Хэзээ: 2019.03.07-10 19:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянган төгрөг

ХОШИН ШОГ

МҮЭСТӨ-д

“АЛТ ШИГ ХҮРГЭН” (Шинэ үе )

Хэзээ: 2019.03.02-31 19:00 цагт

Тасалбарын үнэ: 15 мянган төгрөг

Соёлын төв өргөө-д

“МИНИЙ ЭЭЖ АТАМАН” (Эмоци продакшн)

Хэзээ: 2019.03.05-31 19:00 цагт

Тасалбарын үнэ: 15 мянган төгрөг

КИНО

“Гэгээнтэн” кино театрт

“2000” болон “ТЭНГЭРЭЭС БУУСАН ОД”


Хэзээ: 2019.03.01 15:00 цагт нээлтээ хийнэ

Тасалбарын үнэ: Том хүн 10 мянга, хүүхэд 7 мянган төгрөг

Тэнгис кино театрт

“2000” болон “Тэнгэрээс буусан од

Хэзээ: 2019.03.01-нээс гарч эхэлнэ

“Зоорь 2” зэрэг кинонууд гарч байна.

Тасалбарын үнэ: Том хүн 7000, хүүхэд 5000 төгрөг


Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа илүү сайжруулахыг зөвлөжээ

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 3 дугаар сарын 6-нд албан хаагчдынхаа сургалт, семинарыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн оролцож, хэлсэн үгэндээ ‘’Иргэн төвтэй-төрийн үйлчилгээний жил’’-дээ бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа илүү сайжруулж, идэвх санаачилгатай ажиллаж, 2018 онд ажлаараа аймагтаа тэргүүлсэн амжилтаа бататган бусад төрийн байгууллагуудыг манлайлж ажиллахыг хүсчээ.

Сургалтад Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид, сумдын улсын бүртгэгчид оролцож, 2018 оны ажлаа дүгнэн ярилцаж, 2019 оны зорилго, зорилт, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлсон байна.

Энэ үеэр улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд гарч байгаа өөрчлөлт, зөрчил дутагдал, шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлуудаа ярилцаж, харилцан мэдээлэл солилцжээ.

Мөн ‘’Хүний эрхэд суурилсан хандлага’’ сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь реферэнт Т Баярцэцэг, ‘’Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх нийтлэг журам’’ сэдвээр АЗТГ-ын хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д Даариймаа, ‘’Харилцаа ба холбоо тогтоох арга зүй’’ сэдвээр сургагч багш Ж. Нарангарав нар мэдээлэл хийж, зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссын ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа

Зарим суманд хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон ХХААХҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг энэ сарын 4-нөөс эхлэн Увс аймагт ажиллаад буцлаа. Тэд хаваржилт хүндрээд байгаа баруун талын сумдад ажиллаж, улсын нөөцөөс ирүүлсэн өвс тэжээлийг хуваарилан хүргүүлсэн юм.

Мөн аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, хүний нөөц дутагдалтай байгаа, түргэн тусламжийн автомашин байхгүй зэрэг тулгамдсан асуудлыг сонслоо. Тэрчлэн бэлчээрийн усан хангамжийн хүрэлцээ муу, эвдэрсэн худгуудыг засварлах шаардлагатай байгаад анхаарч ажиллахаар болсон юм.

“Увс аймгийн мал эмнэлэгт хүний нөөц дутагдалтай байна. Гэхдээ одоохондоо батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллах ёстой. Харин худаг засварлах ажилд анхаарч ажиллана. Мөн түргэн тусламжийн автомашиныг олгоно” хэмээн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэллээ.

Аймгийн хэмжээнд одоогоор 44 мянга гаруй мал зүй бусаар хорогдоод байна.