Categories
мэдээ нийгэм

“Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зохион байгуулна

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан, “Хатан ижий” хүндэтгэл ёслолын арга хэмжээ, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд нөхөрсөг уулзалт тэмцээн, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ стратеги болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна.

Мөн Зэвсэгт хүчний цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарын “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” хүндэтгэлийн тоглолт, “Халхын гол-Эх орны цэрэг” яруу найргийн наадам, Монгол цэргийн музейн үзэсгэлэн, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан зэрэг олон ажил, арга хэмжээ зохион байгуулах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо “Голомт”, “Хас” банкаар урьдчилж авсан 64 мянга 266 иргэний үлдсэн урамшууллыг энэ сарын 31-нд багтаан данс руу нь шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдсэн. Гэхдээ товлосон хугацаа байхгүй тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох аж. “Голомт” банкнаас НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломжийг иргэдэд олгосон билээ. Татварын ерөнхий газарт хандаж буй иргэдээс и-баримтаа бүртгүүлэхдээ аж ахуй нэгж илгээгдээгүй төлөв болон үнийн дүн зөрүүтэй гэсэн төлвийг хэрхэн засварлах вэ гэсэн гомдол, санал ихээхэн ирдэг байна. Тиймээс нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 сумын нутагт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 2315 га бэлчээр, 240 га ойн талбай шатаж, ард иргэдийн өмч хөрөнгөнд 5,3 сая, байгаль экологид 136.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Өвөл хур тундас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж. Тухайлбал, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг бүх сумдад байгуулж гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага олгох, шаардлагатай техник багаж хэрэгслээр хангах үүрэг даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт 487 зээлдэгчид ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгож, оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгожээ. Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн онд орон сууцны 8 хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар санхүүжүүлсэн байна. Энэ онд мөн ийм хэмжээний зээлийг иргэдэд олгох аж.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Монголын хоккейчид аваргын төлөө Филиппинтэй өрсөлдөнө

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтонд Филиппин улсын багтай тоглож 6:3-аар хожигдсон юм. Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан. Манай хоккейчид Малайз, Сингапурыг хожиж, Филиппинд хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгаран хагас шигшээд өрсөлдөх болсон юм.

Өчигдөр талбайн эзэн малайзчуудыг 12:6-аар хожсон хоккейчид алтан медалын төлөө Филиппинтэй тоглохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгааг амжилттай хийлээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан түүхтэй. Тус баг өнөөдрийн байдлаар 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байгаа бөгөөд 2019 он гарснаас хойш нийт таван удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс дөрөв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, нэг нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Осолдсон дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг гаргасан.

Харин өнөөдөр буюу 09-ний өдрийн 08:56 цагт дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа.

Categories
мэдээ спорт

Г.Марал-Эрдэнэ олон улсын тэмцээнд уран гулгалтын төрлөөр оролцов

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 02-12-нд болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмын уран гулгалтын ганцаарчилсан, эмэгтэй төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцож, энэ төрлөөр олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын анхны тамирчин боллоо.

Ганцаарчилсан, эмэгтэй төрөлд нийт 38 тамирчин өчигдөр өрсөлдсөн бөгөөд Г.Марал-Эрдэнэ 24.75 оноо авч, 30 дугаар байрт орсноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлөсөн байна. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид үлдэж, Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байрт шалгарчээ.

Тэрээр ярихдаа, “Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гадаггүй”-г хуваалцжээ.

Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа ярьж байв. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ.

Г.Марал-Эрдэнэ анх таван настайгаасаа Японд амьдарч, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ.

Categories
мэдээ спорт

Астана хотод Монголын боксын эмэгтэй шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байна

Казахстан улсын нийслэл Астана хотод Монголын боксын эмэгтэй шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ удаагийн олон улсын багийн хамтарсан бэлтгэлд ОХУ, Казасхтан, Украйн, Узбекистан, Монголын баг тамирчид багтжээ. Энэхүү бэлтгэл гуравдугаар 1-11-ний өдрүүдэд болж байна. Олон улсын бэлтгэлд хамрагдаж байгаа манай боксчид Астанад болох олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох юм. Тамирчдын бэлтгэлтэй Биеийн тамир, спортын газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нарын албаны хүмүүс танилцжээ.

Багийн бүрэлдэхүүнд эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч н.Галтбаатарын удирдлага дор ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй дараах тамирчид багтжээ.

  • 54-кг-д М.Нандинцэцэг /ОУХМ/
    57-кг-д Т.Болортуул /ОУХМ/
    48 кг-д О.Жаргалан /спортын мастер/
    48-кг-д У.Алтанцэцэг /спортын мастер/
    48 кг-д Б.Мөнгөнсаран /спортын дэд мастер/
    51 кг-д М.Энхжаргал /спортын мастер/
    64 кг-д Л.Шинэцэцэг /спортын мастер/
    60 кг-д М.Намуун /ОУХМ/
    69 кг-д Э.Эрдэнэтуяа /спортын мастер/
    75 кг-д М.Мягмаржаргал /спортын мастер/нар олон улсын бэлтгэлд хамрагдаж байна.