Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол өнгөрөгч пүрэв гарагт бүртгэгдсэн.Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой компанид Энэтхэг улсаас ажиллахаар ирсэн хүнээс өвчний шинж тэмдэг илэрч, тусгаарлаад байгаа юм.

Уг өвчин халдвар өндөртэй бөгөөд дархлаа султай, архаг хууч өвчтэй, тэжээлийн доройтолтой, тураалтай, хөхөөр хооллодоггүй 0-4 насны хүүхдүүд өвчлөх өндөр магадлалтай байдаг.

Улаанбурхан өвчний онцгой шинж тэмдэг:
-Хүүхэд өндөр халуурч, хүүхдийн нүд нуухтаж, тууралт өгөх
-Хоолой боогдож амьсгалын дутагдалд амархан орох
-Цаашид хүндэрвэл хараагүй болох, дүлийрэх, тагнай цоорох зэрэг эрсдэлтэй.
Иймд Эрүүл мэндийн яамнаас:
-Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх!
– Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
– Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулжээ. Зөвлөгөөнд салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна.

Салбарын хэмжээнд нийт 3,218 байгууллагад 105,291 албан хаагч ажиллаж байгаа нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлдэг. Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол эзэмшүүлэх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа бол соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлэгч иргэдийн тоо давхардсан тоогоор 6 сая орчимд хүрсэн нь тус салбарын үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж өндөр байгааг илэрхийлж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 18 хууль, 14 олон улсын конвенц, 6 Улсын Их Хурлын тогтоол, 33 Ерөнхийлөгчийн зарлиг, 132 Засгийн газрын тогтоол, шийдвэр, 128 сайдын тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цаашид салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгохоор 13 хууль, 9 Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжуудыг боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах юм

Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцогчид салбарын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийт удирдах ажилтнуудад хандаж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд онцгой анхаарах, иргэний ёс зүйн боловсролын жил болгох чиглэлд 19 зүйл бүхий уриалгыг гаргалаа.

Categories
мэдээ спорт

Сүмогийн нэгдүгээр сарын барилдаан эхэллээ

Өнөөдөр Осака хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башё эхэлж байгаа бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлна.

Озэки цолтнуудыг Такаясү манлайлсан бол өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке цолтой барилдана. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард Сэкиваке цолтой барилдаж байв.

Мэргэжлийн сумо бөхийн Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ хаврын тэмцээнээс дохёндоо эргэн ирж байгаа бөгөөд өнөөдөр өглөө эхний даваагаа авсан талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна.

Хүнд гэмтэл бэртлийн улмаас барилдалгүй бараг жил болсон Тэрүнофүжи өнөөдөр Жониданы дохён дээр гарч ирж барилдлаа. Жонидан зиндааны барууны 48-д бичигдсэн Тэрүнофүжи зүүн жигүүрийн 48 дахь бөх Ваканогүчиг зайлж, давлаа.

Өнгөрсөн жилийн хаврын тэмцээний 11 дэх өдрөөс хойш анх удаагаа ялалтын амтыг мэдэрсэн нь энэ аж. Харин тухайн үед Тэрүнофүжи Жюүрёод барилдаж байв. Өглөөний 10 цаг орчим бараг хоосон Бөхийн өргөөнд хоёр өвдгөө боосон Тэрүнофүжиг гарч ирэхэд цөөхөн хэдэн үзэгч ихэд баярлан угтжээ. Зайлсан ч гэсэн ялж чадсан Тэрүнофүжи сэтгүүлчдэд “Дохён дээр гаралгүй удсан болохоор бага зэрэг эвгүй байлаа. Нэг сонин мэдрэмж төрөөд. Үзэгчдийн дэмжин хашгарч байгааг сонсоод баярласан” гэж хэлсэн байна.

Озэки байсан бөх Макүшита зиндаанд барилдаж байсан түүх байхгүй. Харин манай бөх Жониданаас буцаад дээд зиндаа /Макүүчи/-нд дэвших зорилготой барилдаж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Үр тогтоох, шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүйн орчин бүрдэнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Та энэ хугацаанд ямар ажлууд амжуулж байна вэ?

-Чуулган завсарлахаар гишүүд амраад явчихаж байгаа мэт нийгэм ойлгодог. Бид тойрогтоо ажиллаж, хийсэн хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын сацуу иргэдийн санал бодлыг сонсдог. Гишүүн бүрийн үүрэг л дээ. Миний хувьд энэ хугацааг ашиглан тойргийн сумдаараа ажиллаж, хотод байх сонгогчидтойгоо ч уулзсан. Өргөн барих хуулийн төслүүд дээрээ судалгаа хийлээ. Үүнээс гадна БНСУ-ын Пёнчан хотод болсон “Энхтайвны форум”-д Монгол Улсаа төлөөлж оролцлоо. Уг форум нь Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын өмнө болсноороо онцлог байсан. Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай байх асуудлыг болоод тогтвортой хөгжлийн зорилтууд, 16 дугаар зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар ярьсан.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд өргөн бариад буй. Уг хуульд бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийг 349 мянган төгрөг болгох зохицуулалт тусгагдсан гэсэн үү?

-1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан.

Ингэснээр тэдгээр эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарч ажил, хөдөлмөр эрхлэх боломж, эрхээ хасуулж, тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдсон байгаа юм. Төр засгийн зүгээс тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч тэдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эх-чүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна. Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээг улсын дундаж тэтгэврийн хэмжээ буюу 342.8 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгцээ шаардлага байна. Хууль хэрэгжиж эхэлбэл өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50-70 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

-Та мөн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хуульд ямар гол зохицуулалтууд орж байна вэ?

-Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил дутагдалтай байна. Үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Олон улсад үргүйдлийн оношлогоо, эмчилгээнд хамруулахад зөвхөн бэлгийн эсийн донор хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн умайгаа тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд тээгч эхийн тусламжтайгаар л хүүхэдтэй болох боломжтой байдаг. Тиймээс энэ чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн бэлгийн эсийн донор гэж байх эсэх, тэдгээртэй холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах нь эргэлзээтэй байна.

Тиймээс уг хуульд үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга, шаардлага хангасан эмнэлэг нь ямар нөхцөлд хэрэглэх, нууцлал, тээлгэгч эцэг эх, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд юуг тусгахыг оруулж өгсөн. Мөн тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг тусгасан юм.

-Хүүхдээ тээж хилээр гаргаж зарж байгаа тохиолдол гарсан талаар Хүний эрхийн комиссоос мэдээлж байсан. Энэ байдлаар хүүхэд худалдаалах гэмт хэрэг гарах вий гэх болгоомжлол байдаг. Хуулинд энэ талаар зохицуулалт орсон уу?

-Хүний эрхийн комисстой Дорноговь аймагт ажиллаж байх үед нэг удаагийн тийм тохиолдол гарсан гэдгийг хэлж байсан. Гэхдээ энэ хуульд тэр талаарх заалт ороогүй. Ямартай ч энэ хуулийн төсөл батлагдснаар иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна. Хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ. Гадаад оронд явж үргүйдлийн оношлогоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн хөрөнгөө хэмнэх боломжтой. Гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэнэ. Улмаар эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна гэж ойлгож болох юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Хэлэлцэх тохиромжтой цаг хугацаа нь мөн үү?

-1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлахдаа бүхий л талыг харгалзан үзэж, нухацтай хандсан. Түүний үр дүнд маш мундаг хуулийг баталж чадсан. Гэхдээ тэр үеэс хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний амьдралд маш их өөрчлөлт гарсан. Хариуцлагын тогтолцоо, Засгийн газрын бүтэц, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ ямар байх эсэх асуудлуудыг авч үзэх шаардлагатай гэдгийг олон нийт илэрхийлж байгаа. Үнэмлэхүй олон болчихоод хүч түрэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна гэх хүмүүс байна л даа. Ер нь бол түүхэн үе нь л энэ удаад таарч байна гэж харж байгаа. Улс төрийн тогтолцооны гүйцэтгэх, шүүх засаглал, Их хурал, хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцааны зохимжийг тааруулах нь зөв байх. Буруутай, зөрүүтэй өөрчлөхөөр зүйлүүд 30 жилийн хугацаанд харагдлаа шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар санал нийлж ажиллаж байгаа зүйл бий юү?

-Бид өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, эрх, хүмүүжлийн асуудлуудад зориулагдах төсвийг нэмэхэд анхаарч ажилласан. Ер нь бол төрийн албан хаагчдын 60 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр ачааны хүндийг үүрч яваа эмэгтэйчүүдийн төлөө хийх шаардлагатай зүйл бидэнд их бий. БНСУ-д л гэхэд эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тусгай яам бий. Хойч үеэ хүмүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүддээ хандсан бодлогыг тус яам явуулдаг хэрэг. Бидний ярьдаг шиг “Цалинтай ээж хөтөлбөр” гэх мэт эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг юм.

Хувиараа жижиг бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Түүнд нь зориулж “Итгэлийн зээл”-ийг бий болгож, сум, дүүргээр нь дамжуулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бизнес эрхлэх боломж бололцоог нь нэмэгдүүлэх зорилготой “Эмэгтэйчүүдийн банк” байдаг. Эмэгтэйчүүдийн санаачилсан бизнесийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Бидний хувьд ч энэхүү туршлагыг судалъя гэсэн бодолтой байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдбат: Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар тоноглох нь хориотой

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Сүүлийн хэд хоногт зарим жолооч нар тээврийн хэрэгслийнхээ салхины шилэнд маск зүүж хөдөлгөөнд оролцох боллоо. үүнээс хүүхэд, хөгшид цочих тохиолдол гарч байгаа талаар иргэд гомдол ирүүлж байна. Энэ асуудал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Жолооч нар салхины шилэндээ маск зүүж оролцох нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ яг энэ төрлийн зөрчлийг арилгах, жолоочид нь сөрөг хор нөлөөг тайлбарлаж ажиллаж байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй байдаг. Харах орчинг хязгаарлана. Зөвхөн маск ч биш цонхондоо хар тен, лазер гэрэл нааж, хөшиг татаж замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна. Зориулалтын бусаар тээврийн хэрэгслийг тоноглох нь хориотой. Энэ асуудал дээр тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа.

-Салхины шилнээс маск зүүж хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглосон заалт бий?

-Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар тоноглож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Тээврийн цагдаагийн албанаас МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудад энэ төрлийн маскийг худалдаанд гаргахад хяналт тавих, худалдаалагдсан үед зориулалтын дагуу хэрэглэх талаар санамж хүргүүлж ажиллаж байна.

-Замын цагдаа нарын ажил сүүлийн үед эрчимжсэнийг уулзвар бүр дээр л зогсох цагдаа нараас харж болохоор байна. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрүүдэд ямар аян өрнүүлж байна вэ?

-Саяхан сурагчдын хичээл нь амраад орчихсон. Сургууль орчимд хөл хөдөлгөөн нэмэгддэг учраас хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт суларснаас шалтгаалж осол хэрэг гарах нь элбэг. Тээврийн цагдаагийн алба энэ төрлийн осол хэргээс урьдчилан сэргийлэх аянга өрнүүлж ажиллаж байгаа. Мөн цаг үеийн нөхцөл байдалтайгаа тохируулаад аян, улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Орон нутгийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, сэлбэг хэлбэрээр угсарч хөдөлгөөн оролцох зэрэг зөрчил нь өндөр эрсдэл дагуулдаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх аян Тээврийн цагдаагийн албанаас явуулсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяр зэрэг баярууд дөхөхөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны эрс суух тохиолдол эрс нэмэгддэг. Иргэдийн дунд цагдаагийн хяналт байхгүй газар замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, цагдаа байгаа уулзвараар дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцдог сэтгэхүй байна. Энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлж тээврийн цагдаагийн газраас хөдөлгөөнт байдлаар арга хэмжээг зохион байгуулж хяналт тавьж ажиллаж байгаа. Бид үүрэг гүйцэтгэхдээ тухайн пост уулзварт бүх төрлийн гэмт хэрэг зөрчилд давхар хяналт тавьдаг. Ялангуяа сүүлийн үед үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргүүд тээврийн хэрэгслээр л үйлдэгддэг. Гудамжинд айлын хивс, зурагт хулгайлаад явдаг иргэд байхаа больсон шүү дээ. Камерын хяналт, эргүүл гээд илрүүлэлт эрс нэмэгдсэн. Тээврийн хэрэгслийн ачаа тээш зэрэгт хяналт тавьж хэрэг зөрчил илрүүлж байгаа.

-Цаг наашилж урин дулаан болжээ. Энэ үед хөдөлгөөний ачаалал нэмэгддэг үү. Өвөл дулаан гараашд байсан тээврийн хэрэгслээ дулаарахаар гаргаж ирдэг гэх юм. Хүйтний улиралд тээврийн хэрэгслээ унаж байгаад урин болоход хашаандаа хадгалчихдаг тохиолдол байдаг гэсэн?

-Хичээл сургууль, иргэдийн амрах хүртэл буюу зургадугаар сар хүртэл замын хөдөлгөөн ачаалалтай байдаг. Зуны долоо болон наймдугаар сард нийслэл хотод хөдөлгөөн сийрэг байдаг.

-Сая замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцогчид дүрмэндээ дасч байна уу. Олон заалт шинэчлэгдсэн байсан шүү дээ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс шинэчлэгдсэн замын хөдөлгөөний дүрэм хэрэгжээд эхэлсэн. Хэрэгжилтийн хүрээнд таван сар орчмын өмнөөс л хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хэлбэрээр мэдээлэл түгээсэн. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг гээд бүх шатны байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Өнөөдөр зарим нэг мөрдөгдөхгүй дүрмийн заалтууд байна л даа. Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд удаан хугацаагаар зогсдог, уулзвар гарц ачаалалтай үед хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болдог, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг гэх мэт зөрчлийг их гаргаж байна. Бид эхний ээлжинд энэ зөрчлүүдийг тайлбарлаж сануулах арга хэмжээг авч байсан. Одоо бол хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаас өөр арга алга. Гудамж талбайд үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар, камерын хяналт зэргээр хяналт тавьж зөрчилд арга хэмжээ тооцож байна. Хангалттай дүрмийг сурталчилсан, дүрмийн хэрэгжилтийн дараа сануулах арга хэмжээ авсан. Иргэд дүрэм мэдэж байгаа хэрнээ л яаруу адгуу, амин хувиа хичээсэн зангаараа зөрчиж байна.

-Иргэн бүр замын хөдөлгөөнд хяналт тавих боломжоор хангаж “E POLICE” аппликейшнийг нэвтрүүлсэн. Энэ системийг шинэчлэл хийж байгаа талаар хэлж байсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?

-“E POLICE” аппликейшнийг зөвхөн самсунгийн андройд үйлдлийн системтэй утсанд хэрэглэж байсан бол “I Phone” хэрэглэгчид ч ашиглах боломжтой болсон. Энэ ажлаас хойш хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж тээврийн цагдаагийн албанд ирж буй хэрэг зөрчлийн мэдээлэл тэр хэмжээгээр нэмэгдсэн. Мэдээлэл ирүүлсэн иргэдэд эргүүлээд торгуулийн арга хэмжээ авсан талаарх мэдээллийг илгээдэг болсон. Зөвхөн “E POLICE” гэлтгүй тээврийн цагдаагийн алба, “Paparazzi traffic Mongolia” группүүдэд дүрэм зөрчсөн иргэдийн дүрс бичлэгээр баталгаажуулсан мэдээллийг хүлээж аваад хурдан шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэж иргэдэд мэдээллийг нь хүргэж ажиллаж байгаа. Нийслэлд 300 гаруй замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг нь хэрэг зөрчил бүрийг илрүүлээд хүндрэлтэй байдаг. Иргэд бүгд цагдаа хийх боломжтой болсноор зөрчил буурах нөгөө, цагдаагүй үед дүрэм зөрчих тохиолдол буурах хандалдагтай байгаа. 100 гаруй мянгуулаа л замын цагдаа болчихлоо л гэсэн үг. Иргэд өөрийнхөө ирээдүйн төлөө, бусдын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө, соёлтой замын хөдөлгөөнийг төлөвшүүлэхийн төлөө хамтарч байгаа нь сайшаалтай. Үүнийг зарим иргэд хүний мууг үзлээ гэж дургүйцэх гээд байдаг талтай. Замын хөдөлгөөний соёл таны, таны үр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чухал нөлөөтэй гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

-“E POLICE” аппликейшнээр өдөрт хэдэн зөрчил бүртгэгдэж байна. үр дүнгийн тухайд дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тээврийн цагдаагийн албанд “E POLICE”-оор өдөрт 100 орчим зөрчил бүртгэгдэж үүний 60-70 д нь арга хэмжээ тооцож байна. Урин дулаан цаг ирэхэд хотоос гарах орох хөдөлгөөн нэмэгддэг. Тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийг зөв тээвэрлэх дадал хэвшлийг суулгамаар байна. Эцэг эхчүүд дүрэм зөрчиж үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Энэ бүхнээс таны хүүхэд суралцаж давтана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Зөвхөн би би, биш та би гэсэн зарчмаар замын хөдөлгөөнд оролцмоор байна.


Categories
мэдээ цаг-үе

Ингэн шилрээ

Хавар цаг. Ирж яваа цаг. Ингэ ботголоод эхэлчихсэн энхэр урин цаг. Манайх Хөх хадынхаа Бяцханы хаваржаа, хөлөөр хөглөрч нургисан хөх бууцан дундаа.

Үүр цүүрээр, унтаа сэрүүний завсраар гаднаас орж ирсэн Баваа зүүн хойморт завилан суунгаа цай чанаж буй Өгөөд хандан хэлж байна. Бид аавыгаа Баваа, ээжийгээ Өгөө гэж авгайлдаг юм. Манай говийнхны заншил хүндлэл юм даа, аав ээжийгээ авгайлан дууддаг нь. -Бага хүрэн ингэ шилэрчихсэн бололтой… Бараа алга. -Ээ, урд орой нэг л тогтвор алдаад уулын толгой шилбүүрдэж хараад байсан юм аа. Ботголох арай болоогүй байлтай. Бага хүрний эхээс унасан газар хаана билээ дээ. -Барчингийн энгэрийн хэдэн буйлстэй ам. Тийшээ явсан нь тодорхой. Нар хөөрөхөөр хойноос нь мордоё доо. Ойрд “тэнгэрийн амьтан”-ы гүйсэн мөр энд тэнд харагдаад байгаа…

Бавааг гарсны хойно хорхой хөдлөөд:

-Өг-өө…

-Аа-йн…

-Ботголох дөхөхөөрөө ингэ яагаад шилэрдэг юм бэ? -Хөөрхий дөө, төрөх гэж байгаа хүнтэй адил дуншиж өвдөөд байж ядахаараа алхуулчихдаг биз дээ. Эхээс унасан газрыг нь мэдэхгүй болохоор хаа хамаагүй явдаг гэж ярьдаг. Түүнээс биш ингэ ботголох гээд шилрэхээрээ өөрөө эхээс унасан газар руугаа л амь тэмцэн зүтгэдэг амьтан. Хэдэн өртөө холоос ч унасан газартаа хүрээд ботголчихсон зогсч байдаг…

Сонин юм. Гүү унагалах гээд эхээс унасан газар руугаа гүйчихэж гэж сонсоогүй. Үнээ, хонь, ямааны тухайд бүүр ч үгүй. Гэтэл тэмээ… гагцхүү ингэ л аминаасаа амь, биенээсээ бие таслах болохоороо чухам яагаад газар тамгалан унаж, амьсгал анх залгилсан тэр алгын чинээхэн хонхор руугаа тэмцэн тэмцэн зүтгэдэг юм бол?! Ямар нэгэн нарийн учир, нандин утга, ахуй байгаль, амьдрал мөнхийн үл тасрах алтан шижим, далд амьсгал тэнд шүтэлцэн байнам бус уу.

Салхидаж яваа, сайр уруудан тэшиж байгаа, үнсэн дээр шавааралдан зогсч байгаа, налж, хөрвөөж байгаа тэмээд зүүдэнд харагдаж, сэтгэлийн хаяа хөвсөлзөн нутаг санагддаг. Санагддагийн учир нь ингэн сүүний хүүхэд юм, би.

Хорвоод мэндлэх цаг үед нэгдэл, нийгмийн олон зуун хонины хойноос Баваа минь морин дэл дээр, Өгөө минь хурга ишиг, өвс, хужир… гээд өдрийн ихэнхийг хороо хотондоо өнгөрөөдөг байж. Улаан цурав би Зээрэн гэж ингэний сүүгээр хүн болсон юм билээ. Бусад ингэнээс ганцхан Зээрэнг тусад нь сааж сүүг нь хөөрүүлээд намайг угждаг байж. Зээрэн минь багад, зэлний дэргэдүүр явах бүрийд нэг л уяхнаар гунганан ирж үнэрлэнэ. Мэдэхгүй юм даа, сүүг нь ууж өссөн надаас ямар нэгэн дотно “юм” үнэртдэг байсан болов уу.

Тээр хойно, сургуульд орсны дараа хөөрхий миний “сүүн ээж” Зээрэн өтлөөд, мэлзэн хоншоор нь бууралтаад. Өвөл сургуулийн амралтаар ирэхэд Баваа минь намайг дагуулан хороо хотны хормойд очоод аминчлан “Миний хүү, муу Зээрэн чинь өтөлчихлөө. Одоо энэ өвөл нэг л сөхөрчихвөл босохгүй. Зовоогоод яахав, хүнсэнд авчихъя” гэж билээ. Учирлаж, урьдчилж хэлэхгүй бол хүүхэд гэнэт үгүйлж, төхөөрснийг сонсоод “хэрэг тарьж” мэднэ гэж болгоомжилсон биз дээ, аав минь.

Зээрэн гэснээс манайх Хүрэн буур, Хонгор ингэ, Бор ингэ, Гоёо түүдэг, Хоёр ивлэдэг, Дарваан, Хурдан шар ингэ, Хар ат, Халтар ат, Хонгор ат, Хонины бор, Эрх бор, Их бөхт, Шөвгөр, Тэнэг, Шаахай, Сампаг, Дэгдээхэйн тайлаг, Тэрэгний хүрэн, Бахираа хар, Өндөр улаан… гэхчилэн сүрлэг сорлог, омголон, амгалан нийлсэн амины хэдэн сайхан тэмээтэй. Ёстой л хүчирхэг туурвигч Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэнчлэн

“Бударганаар сэвхэтсэн талын

Буйлдаг улаан уулс”-тай айл.

…Шөнө шилрээд ганийсан бага хүрний хойноос явсан Баваа хонь бэлчих үед ирж “Ботголчихсон байна, харчихаад ирлээ” гэж байв.

Хэд хоногийн дараа юм. Халзан овоо, Алаг овооны дундуур Бага хүрэн ботгоо дагуулаад гараад ирсэн. Усандаа ирж яваа нь тэр. Бараа нь харагдаад л, удсаан. Ботго нь явж өгөхгүй, газар хороохгүй. Эхийнхээ хойно өмнө бөртөлзөөд л…

-Бага хүрэн худаг дээр ирчихлээ.

-Миний хүү яваад услаад туугаад ир. Ботгыг нь барьж уяна.

Худаг дээр тавиад хүрлээ. Хөөрхөн юм аа, ботго. Гайхсан, дүрлэгнэсэн нэг их том хүрэн нүд, шөмбөлзсөн цоровгор хошуу, бөх гэж шалчгар хоёр согсоо, чацархаг урт хөл… эхийнхээ омруун доогуур орж нуугдаад л. Барихаар дөхтөл уруул жилэмдэн хуйхарч учиргүй тийрч байна. Урьд өмнө хараагүй амьтан довтлохоор айх гайхах нь арга байж уу.

Ботгоны хүзүүнд цагаан даавуу уячихсан байхыг анзаарвал Баваагийн хөлийн ороолт байх юм.

Манай Баян-Овоогийн “Хангай” Мижиддорж гэж хангай шиг дүнхгэр тэмээчин байх. Алдартай уяач. Сум, аймгаар тогтохгүй суу алдраа мандуулсан улсын аварга малчин. Миж аварга их хөгжилтэй, адал явдал арвинтай хүн. Идэр эрмэг цагтаа шинэ мотоцикль худалдаж аваад сумын төвөөс гэрээдээ салхи татуулан гарч өгч. Давхиж хариад барааны газраас “Охион, хөөе Охин (эхнэр нь) зогсоогоорой, зогсоогоорой” гэж хашгираад гэрээ тойроод давхиад байсан ч гэх шиг, арай гэж зогсоон буугаад харахнаа нь төмөр хүлгийнх нь хармаа онгойгоод акумлятороо гээчихсэн байсан ч гэх шиг, “Ээ хайран акумлятор, ээ хайран акумлятор” гэж хэнийг хэлээд байгаа нь мэдэгдэхгүй шогшроод байсан ч гэх шиг хоршоонтой хууч олны салхинд хамхуул шиг хийсч явах. Их багагүй л тэгж ярьдаг сан. Томчууд “явуулсан” ч байхаа магад.

Тэмээчин аварга нэгэнтээ хаврын хуйсагнасан хуурай салхитай борлог өдөр манайд дөрөө мултлахдаа “Нэг тумай гунж шилэргэж алдаад. Танай энэ зүүн урдах хэдэн шовх улааны ботго юм. Нэхээд гүйцсэнгүй. Ирээд аль хэдүйнээ ботголчихжээ. Ботгыг нь явдлын ая даахтай болохоор ирж авья даа. Чоно нохой гайгүй байгаа. Эргэж тойрч байгаарай, Баваа минь” гэж суусан сан.

Тэднийх манайхаас жар, далан км-ын алсад нутагладаг айл. Тийм газрыг хоногт туулсан гэхээр шилэрсэн ингэ зам харгуйг ямархан хурдтай туулдгийг төвөггүй мэдэж болох.

Хонинд явж байхдаа аваргын ботголсон ингийг очиж харж л байсан. Ботгоных нь хүзүүнд цагаан даавуун ороолт зүүгээтэй л байсан. Бодвол, Миж аваргад Баваа ботгоных нь хүзүүнд хөлийн ороолтоо уяад орхи гэж хэлсэн ч болов уу.

Дан ганц ботго гэлтгүй хол бэлчээрт гүү унагалсан байхад аав минь хөлийн ороолтоо нялх унаганы хүзүүнд уячихаад ирдэг байв. Энэ нь ямар нэг дом биш л дээ. Хээрийн амьтнаас л хамгаалах ардын арга.

Боохой хүний үнэрээс дайжаад халдаж чадахгүй тойрч байгаад явчихсан байдаг гэж Баваа минь сүүлд өгүүлж байсан сан. Хүний хөлийн ороолтыг хүзүүндээ уяуллаа гээд адуу малын тэнгэр уруудаж буруудсан нь ер үгүй.

Хүний үнэр… “тэнгэрийн амьтан” хүртэл жийрхдэгийг бодоход хүчтэй, эхүүн сэхүүн үнэр дэг ээ.

Ирж яваа цаг ингэ ботголохын тоолон зэл уртасна. Хороо хондны ойр тойронд хэвтэх шилний хагархай, ширхэг хадаасны хугархайг ч Баваа Өгөө хоёр минь алгаахгүй түүнэ. Бидэнд ч түүж авч байхыг үргэлж сануулна. Нялх ботгоны ул таваг хүүхдийн зулай шиг нимгэн зөөлөн болохоор хадаас шааж, шил зүсчих вий гэсэндээ л тэр. Дөнгөж эхээс унасан ботгоны сүүлний үзүүрт мухар сөөмөөс уртгүй уйланхай шиг хальсан ууттай ус унжиж байх. Удаж төдөлгүй хагараад арга болно. Ботгоны айраг гэж нэрлэдэг түүнийг хагарч алга болохоос нь өмнө амжиж авч чадвал машид эрхэмлэн гэртээ авчирч чагтаганаасаа уяж зүүнэ. Айрагны ус хэдийчинээ их байна төдийчинээ сааль сүү элбэг арвин байх нь гэж билэгшээж өегшинө. Билэг арвидах хавар цаг. Үртэй бүхэн төллөж, үндэстэй бүхэн цэцэглэх урин хонгор цаг. Дэлгэрлээ…

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

Categories
мэдээ цаг-үе

Р.Оюунгэрэл: Зургаан настнуудын сонирхлыг татахуйц хэрэглэгдэхүүн ашиглах, тоглоом тоглонгоо сургах аргыг хэрэглэдэг

Д.Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн Хоёрдугаар дунд сургуулийн багш Р.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Яагаад багш хэмээх эрхэм мэргэжлийг сонгох болсон бэ?

-Намайг Рагчаагийн Оюунгэрэл гэдэг. Би Булган аймгийн Булган суманд төрсөн. СБД-ийн Тэргүүний Хоёрдугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Бага ангийн багш болох маань багын мөрөөдөл байсан л даа. Хүүхэд байхаасаа л ээжийнхээ цүнхийг үүрээд найзууд, дүү нартаа үргэлж өөрийгөө багш нь болж байна гэж мөрөөдөн хичээл зааж тоглодог байлаа. Энэ мэргэжлийг сонгоход миний бага ангийн багш их нөлөөлсөн юм. Шавь нартайгаа үргэлж инээмсэглэн сайхан харьцдаг байсан. Ямар ч хүн багшийг маань хараад л үлгэр дуурайл авахаар тийм л хүн байлаа. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. Ингээд л өөрийн хүсэн мөрөөддөг мэргэжлээрээ сурч, багш болсон доо.

-Анх ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-2005 онд СБД-ийн Хоёрдугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Энэ сайхан түүхтэй сургуульд ороход, сургалтын менежер байсан Х.Батхүү багш маань надад маш их дэм өгсөн. Ажилдаа орсон анхны өдрөө л тэр олон хүүдүүдийг хараад их айж байлаа. Би энэ хөөрхөн хүүхдүүдийг сургаж чадах болов уу? гэж өөрөөсөө их асуудаг байсан. Төдийгөөс өдий хүртэл энэ ажлыг амжилттай сайн хийж яваа нь тэр хүний л ач тус. Х.Батхүү багшийг үнэхээр мундаг гэж боддог. Би энэ хүн шиг сайн багш болно гэж хичээдэг байлаа. Багш мэргэжил сонгосон минь миний амьдарлын зөв сонголтуудын нэг байсан даа.

-Таны хувьд хичээл заахдаа юуг анхаарч ажилладаг вэ?

-Миний хувьд хүүхдийг дуугүй, чимээгүй суулгах нь тийм сайн зүйл биш гэж ойлгодог. Хүүхэд бүр тухайн хичээл дээр өөрийн санаа бодлоо илэрхийлдэг, чөлөөтэй сэтгэдэг байвал илүү ихийг мэдэж, илүү ихийг бүтээнэ гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, тэдний сонирхол хэрэгцээнд нь тулгуурлан хичээлээ явуулдаг. Өөрийн хичээлээ заахдаа аль болох хүүхдийг өөрийнхөөр нь байлгах дуртай. Энэ нь зарим хүнд замбараагүй мэт санагдах боловч хойч ирээдүйд хүүхэд зөв хүн болон төлөвших суурь нь болно.

-Зургаан настнуудад зааж сургана гэдэг багшаас асар их тэвчээр, ур чавдар шаарддаг гэж боддог. Ер нь яаж тэднийг хичээлд нь бүрэн төвлөрүүлдэг вэ?

-Хүүхэд бол тайлагдашгүй оньсого. Гагцхүү түүнийг нээж таних нь багш, эцэг эх бидний хэрхэн чиглүүлэхээс шалтгаална. Багшийн мэргэжил дотроо бага ангийн багш хамгийн хүнд. Зургаан настай хүүхэдтэй ажиллах нь багшаас маш их тэвчээр шаардагддаг. Нэг ангид 50 гаруй зургаан настай хүүхэд байна гээд бодоход багшийн ачаалал их л дээ. Жирийн нэгэн эцэг эхчүүд ганцхан хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ яаж бухимддаг билээ. Энэ анги маань зургаан настай сурагч авч байгаа хоёр дахь анги юм. Орчин үеийн хүүхдүүд мэдээлэл технологийн дэвшилт болон хүрээлэн буй орчноосоо хамааран огт өөр сэтгэхүйтэй болсон. Энэ үед багш хичээлээ заана гэдэг нь хүндхэн асуудал болж байна л даа. Багшид техник хэрэгсэл дутмаг. Зургаан настны анхаарал төвлөрөлт 5-8 минут байдаг. Энэ насны хүүхдүүдэд аль болох сонирхлыг нь татахуйц хэрэглэгдэхүүн ашиглах, тоглоом тоглонгоо сурах нь илүү сонирхолтой байдаг учраас энэ аргыг хэрэглэдэг дээ.

-Бага ангийн багшийн ачаалал маш их шүү дээ. Энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Хүүхэд бүрийн гэгээн оюунд ухаан нэмж, итгэл өгч, урам хайрладаг сайхан мэргэжил. Хүүхэд бол хайрлахгүй байхын аргагүй шүү дээ. Шавь нарынхаа цангинасан сайхан дуу, нүүр дүүрэн инээмсэглэлийг хараад миний бүхий л муу муухай зүйл мартагддаг. Өөрөөр хэлбэл, тэднээсээ үргэлж сайхан энерги авдаг даа.

-Багш мэргэжил танаас ямар зан чанарыг илүү шаарддаг вэ?

-Би их зөөлөн ааштай хүн. Багш хүн хатуу байлаа гээд сайн багш болохгүй. Хамгийн гол нь хүүхдийг ойлгодог, сонсдог, зөвлөн тусалдаг, хамтран ажилладаг байх нь чухал. Ажиллах хугацаандаа өөрийн шавь нарыг ажиглаад байхад тухайн сурагчтай өөрийн найз шиг харьцахад багш, шавь хоёр илүү дотно болж сурах үйл явцад эерэгээр нөлөөлдөг юм шиг санагдсан. Мөн багш хүн зөвхөн сурагч гэлтгүй эцэг эх, өөрийн мэргэжил нэгт хамт олонтойгоо эвсэг найрсаг харьцаатай байж, бусдыгаа хүндэлдэг, сонсдог, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг байх нь чухал. Мөн багш хүн олон талын авьяастай, хөрвөх чадвартай байх хэрэгтэй санагддаг.

-Хүүхдийн сургалтын чанарт эцэг эхийн оролцоо хэдэн хувийг нь хангах ёстой вэ?

-Эцэг эхийн харилцаа хандлага болон хүүхдэдээ хэр сэтгэл гаргаж байгаагаас хүүхдийн хэн болох нь шалтгаална. Нэгэн мэдээллээс харахад тухайн хүүхэд хэрхэн сурч мэдэх нь эцэг эхээс 60 хувь, сурагчаас 10 хувь, багшаас 30 хувь шалтгаална гэж бичсэн байсан. Би сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг илүү их явуулахыг хичээдэг.

-Багш хүний бахархал бол сурагчдынх нь амжилт байдаг. Ингэхэд та хичнээн шавь төрүүлсэн бэ?

-Одоо дааж байгаа ангийн шавь нартайгаа нийлээд би 200 гаруй шавь төгсгөжээ.

Багш миний мэдлэг эзэмшүүлэх арга зүй нь суралцагч, шавь нарын маань сурах хүсэл сонирхолд нөлөөлдөг байгаасай гэж хүсдэг. Боловсролын байгууллагад 16 жил ажиллахдаа шавь нарынхаа сайн сайхан явааг хараад маш их бахархдаг. Анхны шавь нар маань ажил амьдарлын гараагаа эхлүүлэн сайн сайхан ажиллаж, хөдөлмөрлөж улс эх орондоо ихийг бүтээж байгааг харах сайхан санагддаг юм. Мөрөөдөж, дурлаж эзэмшсэн мэргэжилдээ их хайртай байдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Санхүүгийн зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун: Улсын их дэлгүүр ашиггүй ажиллах үндэс байхгүй

Санхүүгийн зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуунтай ярилцлаа.


-Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй Улсын их дэлгүүр өнгөрсөн долоо хоногийн гол шуугианы нэг байлаа. Улсын их дэлгүүрийг ашиггүй ажилласан гэвэл хэн ч итгэхгүй. 45 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл танай хороо руу ч чиглэлээ. Хороо хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр юу хийсэн бэ?

-“Улсын их дэлгүүр” ХК яагаад ийм олон хувьцаа эзэмшигчтэй болсон талаар эхлээд товчхон түүх дурдъя. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл болон гадаад худалдаа, тоног төхөөрөмжийн импортын үйл ажиллагаа эрхэлж байсан нэгдлүүд зэргийг хувьчлагдах үед хувьцааг нь худалдан авахаар захиалж, эрхийн бичгээ баталгаажуулсан иргэдийн ХОЭБ (хөрөнгө оруулалтын эрхийн бичиг)-ийн үлдэгдлийг “УИД” ХК-ийн хувьцааны арилжаанд оролцуулснаар ХОЭБ нь арилжаанд ороогүй байсан иргэд бүгд уг компанийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Тухайлбал, Орхон аймаг дахь “Эрдэнэт инвест” Хөрөнгө оруулалтын санд /ХОС/ оруулан баталгаажуулсан 10 гаруй мянган иргэний ХОЭБ-ээр тус компанийн хувьцааг худалдан авсан байдаг.

Мөн 1992 онд Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 15 хувийг ажилчдад нь хувьчлах шийдвэр гаргаж байсан. Гэтэл 1996 онд Стратегийн буюу төрийн мэдэлд байх уул уурхайн жагсаалт гарсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” уг жагсаалтад орсон тул хувьчлах үйл ажиллагааг зогсоож, ХОС-т хадгалуулсан цэнхэр тасалбарыг нь“Улсын их дэлгүүр”ХК-ийн хувьцаа эзэмшигч шилжүүлсэн юм билээ.

Хороо холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу “УИД” ХК-д удаа дараа газар дээрх хяналт шалгалтыг хийж байсан, мөн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбоотой тус компанийн 45 000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахын тулд “УИД” ХК-ийг ашиггүй ажиллахад нөлөөлсөн зарим хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандсан байдаг. Иргэний хэргийн шүүхээс Хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн тул Хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүх рүү буцаагдсан. Энэ маягаар хэрэг маргаан шүүхийн шатанд удаан хугацаагаар үргэлжлэх, олон жил сунжрах нөхцөл үүссэн тул Хороо болон “УИД” ХК хоёр талаас ажлын хэсэг байгуулж, “УИД” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээг байгуулсан.

-Хэзээ шалгалт оруулсан юм бэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 онд 2 удаа буюу хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард“УИД” ХК-д шалгалт оруулсан. Шалгалтын тайлангууд нь энэ байна (Үдэж хавтасласан арваад хавтас материал харуулав). Дээрх шалгалтуудаар “УИД” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах шийдвэр гаргасан, мөн “УИД” ХК нь Улсын их дэлгүүрийн барилгыг бүхэлд нь түрээслэх талаар “Номин холдинг” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй удаа дараа гэрээ байгуулсан, “УИД” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар “Номин холдинг” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон нь Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Газар дээрх шалгалтаар илэрсэн эдгээр зөрчил дутагдлыг арилгуулахаар Хорооноос 2015 оны 54 тоот Улсын байцаагчийн албан шаардлагыг “УИД” ХК-д хүргүүлсэн боловч “УИД” ХК-иас уг Улсын байцаагчийн албан шаардлагыг эс зөвшөөрөн илт хууль бус захиргааны акт гэж тооцуулан хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг.

-Тэгээд дараа нь ямар процесс өрнөсөн бэ?

-“УИД” ХК нь Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй тул санхүүгийн зах зээлийн үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд Хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахаар Хорооноос шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Уг нэхэмжлэлийн шаардлага нь шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдох түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай байсан.

Анхан шатны шүүхээс дээрх гэрээнүүд нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу “Сонирхлын зөрчилтэй хэлцэл мөн байна, гэвч сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэж үзээд Хорооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг юм.

-“Улсын их дэлгүүр” ХК-ийг ашиггүй ажиллахад хүргэсэн сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл гэдгийг илүү энгийнээр тайлбарлаач. Ямар гэрээг, хэн хийсэн гэсэн үг вэ?

Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд сонирхлын зөрчил бүхий этгээд, 92 дугаар зүйлд сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг хийх журмын талаар зохицуулсан байдаг. Уг зохицуулалтаар сонирхлын зөрчил бүхий этгээд нь хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзнэ.

“УИД” ХК-ийг шалгасан Хорооны шалгалтын ажлын хэсгийн зүгээс “УИД” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь“Номин холдинг” ХХК, “Номин реалтор” ХХК-иудадУлсын их дэлгүүрийн барилгыг бүхэлд нь түрээслүүлэх шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийг зөрчсөн, мөн хэт доогуур ханшаар Улсын их дэлгүүрийн барилгыг түрээслүүлсэн, улмаар ерөнхий түрээслэгч болох “Номин холдинг” ХХК болон нэгдмэл сонирхолтой компаниуд нь зах зээлийн ханшаар гуравдагч этгээдүүдэд дамжуулан түрээслүүлсэн, “УИД” ХК-д өндөр хүүтэй зээл олгосон нь компанийг алдагдалд оруулж, төлбөрийн чадваргүй болгох үндэслэл болсон гэж дүгнэсэн.

-“Номин”-гийн компаниуд өөр хоорондоо өр зээл өгч авалцсан, нөхөр нь эхнэртээ зээл өгсөн гэсэн шүүмжлэл өрнөсөн. Таны хэлээд байгаа өр зээл энэ шүүмжлэлтэй холбоотой юу?

Дээр дурдсан Хорооноос явуулсан газар дээрх шалгалтаар “УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-иас өндөр хүүтэй зээл авсан нь тогтоогдсон. Энэ нь “УИД” ХК-ийн бие даасан байдлыг алдагдуулан, тус компанийн үнэ цэнийг бууруулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн байна.

-Ер нь манай ХК-иудад дэргэдээ трейдинг охин компани байгуулаад ашгаа зувчуулах хандлага нийтлэг анзаарагддаг. Тэрний л нэг хэлбэр юм байна даа…?

-Ингэж болохгүй л дээ. “УИД” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь өөрийн охин компаниар дамжуулан ашиг олоод, тэр хэмжээгээрээ “УИД” ХК-д хохирол учруулсан байгаа юм.

-Жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөхгүйн тулд “Улсын их дэлгүүр” ХК-ийг ашиггүй ажиллуулах сонирхол компанийн гол хувьцаа эзэмшигчдэд байна гэж ойлголоо. “Номин” танайхаас өгсөн үүргийг биелүүлсэн үү?

-Дээр хэлсэнээр Хороо “УИД” ХК хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард “УИД” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээг байгуулсан. Гэрээгээр “УИД” ХК Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэхээр байсан. Гэвч 2018 оны дөрөвдүгээр сард хуралдсан “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хорооны тавьсан бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн өрийг хувьцаагаар солих шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч Хороо гэрээгээр хүлээсэн үүргийг нь хангуулахаар бүхий л арга хэрэгслээр шаардсаар ирсэн.

-Улсын их дэлгүүр ногдол ашгаа тараадаггүй гэсэн мэдээлэл шинэ зүйл биш. Санхүүгийн зохицуулах хороо асуудал үүссэн үеэс хойш энэ асуудалд анхаарч байна уу, эсвэл жаахан хожуу анхаарал тавьж эхлэв үү?

-Хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд “УИД” ХК-ийг хувьцаат компанийнх нь хувьд бие даасан байдалтайгаар ашигтай ажиллуулж, компанийн засаглалыг сайжруулж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг авах зэрэг эрх ашгийг хангадаг болгох талаас нь тухай бүр ажиллаж байсан.

Хорооны зүгээс “УИД” ХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг үе шаттай хийж байсан. Тухайлбал: “УИД” ХК-ийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирал нарт гэрээ хэрэгжүүлэх тухай албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан бөгөөд “Улсын их дэлгүүр” ХК-ийн холбогдох албан тушаалтнуудтай гэрээний хэрэгжилтийн хангуулахтай холбоотой 2017 онд нийт зургаан удаагийн уулзалт зохион байгуулсан. Гэвч “УИД” ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг татгалзаж шийдвэрлэсэн тул Хорооноос тус компанитай байгуулсан “УИД” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-ний хэрэгжилт хангагдаагүй.

Тиймээс Хорооны зүгээс жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “УИД” ХК-нд хяналт шалгалт хийх шалгалтын ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг шалгалтын тайлангийн үр дүнгээс шалтгаалан дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах болно.

-Яагаад, ямар шалтгаанаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна вэ?

-Биелүүлэх сонирхол алга гэж харж байгаа.

-Их дэлгүүрийн түрээс ШангриЛа-гаас өндөр гэсэн яриа бий. Түрээсийн гэрээг өөрсдөдөө тааруулж хямдаар тогтоосноос ашиггүй ажиллах шалтгаан үүссэн гэж ойлгож болох уу?

-“УИД” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох ТУЗ-ийн дарга, гишүүд нь “Номин холдинг” ХХК, “ Номин реалтор” ХХК-иудад Улсын их дэлгүүрийн барилгыг бүхэлд нь түрээслэх гэрээ байгуулах шийдвэрийг гаргахдаа Компанийн тухай хуулийн 84.4.2-д “үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх”, 84.4.3-т “компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах”, 84.4.4-т “шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” гэснийг зөрчсөн байна.

Энэ түрээсийн гэрээ байгуулснаар “ Номин холдинг” ХХК нь 2014 онд 3,503,224,6 мянган төгрөгийн ашиг олсныг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын ажлын хэсэг тогтоосон ба олсон ашгийн хэмжээгээр “УИД” ХК хохирол хүлээсэн гэж шалгалтын тайланд байгаа.

-Жижиг хувьцаа эзэмшигчид өмнө нь ногдол ашиг авч байсан уу?

-2001 онд 0,3 төгрөг(30 мөнгө), 2007 онд 3,0 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан.

-Ногдол ашиг тараахгүй шахаж байгаад хувьцааг нь худалдаж авдаг жишиг хөрөнгийн зах дээр анзаарагддаг. Тийм арга хэрэглээд байгаа юм болов уу?

-Тэрийг бол хэлж мэдэхгүй байна.Хороо жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө үүргээ хэрэгжүүлээд л явж байгаа. Дээр дурдсанчлан газар дээрх шалгалт мөн одоо явагдаж байгаа. Цаашид Хороо хуульд заасан бүхий л арга хэмжээг авах болно.


Categories
мэдээ цаг-үе

Д.Нямсүрэнгийн “Би цас болно” шүлгийн учир

Жинхэнэ суу билгээс төрсөн яруу найраг ямагт ирээдүй цагт оршиж байдаг ажгуу. Тухайн шүлгийг уншиж, түүнд уусан шингэх уншигчийн дотоод ертөнцийн долгионд тэртээх өнгөрсөн цаг дахь яруу найрагчийн судасны цохилт мэдрэгдэх энэ уулзварт өнгөрсөн, ирээдүй хоёр одоо цаг дээр огтлолцоно. Энэ бол яруу найргийн долгионлог оршихуйн мөн чанар.

Яруу найрагч үгийн увдислагт нэвтрэх тусам, ертөнцийн оршихуйг нээх тусам хувилгаан чанарт шилждэг нь үнэн ажгуу. Суу билигт яруу найрагч Данзангийн Нямсүрэн нэгэнтээ “Нас ахих тусам шүлэг минь хувилгаан чанарт шилжиж байна” хэмээн дуун алдсан удаатай. Үнэхээр тийм байсан. Шүлэг нь хувилгаан чанарт шилжинэ гэдэг бол томоор нь харахад ундруулагч эх булаг болох яруу найрагч өөрөө хувилгаан чанараа танин барьсан хэрэг. Нямсүрэнгийн шүлгүүдийг унших бүрийд ер бусын увдис ховс эзэмдэнэ. Зөн совинтой учирна. Уярна. Гайхна. Биширнэ.

Их найрагч хамгийн сүүлд хоёр мянга нэг оны сүүлчээр Эрээнцаваас Улаанбаатарт ирж өвөлжөөд, хаваршуулаад буцсан юм. Энэ үед нь бид түүний “Аглагхан талаасаа” номыг нь хэвлүүлсэн. Дарь.Сүхбаатар, бид гурав манай галын өрөөнд сууж уг номыг хэвлэлд бэлтгэх үед мань хүн баахан төвөгшөөж ном хэвлүүлэх ажил чинь яасан залхуутай юм хэмээн яршиглана. Ямартаа ч бид хичээснээрээ зүтгэж хэвлүүлж амжсан юм даг. Их найрагч бээр мөнөөх номоо өдөр болгон өвөртөлж гараад дотнын хүмүүстээ гайгүй сайн тараасан даа. Номон дээрээ голдуу л “Ирлээ… явлаа…” гэсэн хоёр үг бичиж харагдах. Яг л түүгээрээ болж нутагтаа очоод төдий л удалгүй зуны тэргүүн сард тэнгэрт буцсан билээ.

Яруу найрагчийн үг зөн совинтой аж. Нямсүрэн нийслэлд ирэх болгондоо өврийн дэвтэр дүүрэн шүлэгтэй ирж, орсон айл, уулзсан хүн болгонд уншина. Тэр нэгэн өвөл “Би цас болно”, “Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй” хэмээх хоёр шүлгийг мөн ч их уншсан даа. Сүүлийн шүлэг бол ёстой бэх нь хатаагүй байсан. “Гурвуулаа байлаа… гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр дуулмуу” хэмээн бидний нэрийг дурдаад “Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ” хэмээн гунигтайяа хэн нэгнээс асууж уянгалуулан уншихдаа хоолой нь зангирдаг байж билээ. Аглаг буйд Эрээнцавдаа тэрбээр тэнгэрт одсон дүү О.Дашбалбарыгаа санан гансарч, бэтгэрч байсан нь олон шүлэгт нь мөр бадгаар шингэсэн байв. Тэгээд

“Бодоод байхнээ би хаднаас ч хатуу, чийг ч үгүй болж дээ

Болжмор, болжморуудад нулимсаа бэх бэхээр нь өгчихсөн

Нарт энэ орчлон дээр хоёр юмыг авч үлдлээ, би

Надаас өөр хэн ч бичихгүй шүлэг, хэн ч үнсэхгүй уруул…” (2001.11.17)

Нэг л ер бусын гансрал, шаналан мэдрэгдэнэ. Тэр юуг зөгнөж, дотоод чинадын долгионд нь юу орж ирсэн юм бол доо хэмээн бодном. Яруу найрагчид чинадын нэг совин тэмтрэгдсэн хэрэг байжээ.

“Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно…”

Тэр үед уншсан, сонссон хэн ч энэ шүлгийн бүүр гүн нууц руу орж чадаагүй байх. Яагаад гэвэл “Би цас болно” хэмээх энэ шүлэгт дөрвөн оны дараа болох амин насныхаа төгсгөлийн үйл явдлыг өнгөт дэлгэцнээ тольдох мэт зөгнөн бичсэнийг нь хэзээ хойно олж үзвэй.

Хоёр мянга хоёр оны зуны тэргүүн сарын гунигт тэр өдөр суу билигт яруу найрагч Д.Нямсүрэн андын цогт шарилыг тээсэн тусгай галт тэрэгний цуваа Чойбалсан хотоос Эрээнцав тосгоны зүг түг түг, түг түг хэмээн нэгэн хэмийн судасны цохилт мэт чичиргээгээр довтолгож явлаа. Зорчигчид бүгд аньсага чийгтэй, дор дороо тус тусын гунигт бодол тээж чимээ аниргүйхэн галт тэрэгний цонхоор ширтэнэ.

Төдөлгүй галт тэрэг нэн уртаар дохиогоо хангинуулснаар эхний зөрлөг дээр зогсоход төмөр замын бяцхан суурингийнхан эгнэж зогссон байлаа. Тэд шарил залж яваа вагоны зүг бүгд нэг юмыг унших бололтой харж зогсоод дээрээс доош хараа гүйлгэхийг ажваас;

“Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа цас болно…” хэмээн том цагаан даавуун дээр бичээд дэлгэж татсан их найрагчийн шүлгийг уншиж байгаа нь тэр ажгуу.

Дорнод аймгийнхан, бас төмөр замынхан их найрагчаа гүн хүндэтгэлтэй сүүлчийн замд нь үдсээр байлаа. Аймгийн төв номын сангийн үүдэнд цугласан Дорнод аймгийн зон олон, хүндэт харуул, ёслолын буудлага, галт тэрэгний дуут дохио тэргүүтэн бол дэндүү эгэл амьдарсан түүний, эзгүйд нь үргэлжлэх ирээдүйн ер бусын амьдралын зэрэг зиндааг тодорхойлох мэт байвай.

“Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио, дун бүрээ цас болно…”

Галт тэрэг нэг зөрлөгөөс нөгөө зөрлөг зорин хөдлөх уянгалсан урт дохио ердийн аялалынхаас нэг л өөр, хүндэтгэл хийгээд харууслыг дуулах мэт. Дарь.Сүхбаатар дүү, бид хоёр галт тэрэгний холбоос хаалгаар гарч цувааг чирч яваа толгой вагоны нүүр тавцан дээр гарч баруун зүүн хоёр өнцөгт нь баахан зогсов. Төмөр замын хос ган шугам дээгүүр мөнөөх Нямсүрэнгийн маань хөх өвс хөшилдөөд ургачихсан нь ердийн шороон замаар явж буй мэт санагдахад нэг л сонин мэдрэмж төрж билээ… Их найрагч бээр тэр нэгэн өдөр “цас болохоор шийдэхдээ”, яг өнөөдөр, энэ цаг мөчид ган замаар “гурвалсан морьд шиг галт тэрэгний” “дуут дохио” хангинуулан ингэж явахыг найргийн зөн совиндоо үзсэн л байна. Яруу найрагчийн сүнс-сэтгэл аль хэдийнэ хоосон чанарт шилжиж, ертөнцийн оюунт мандлын нэгтээгээс,

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно…” хэмээн шүлгээ дуудах шиг санагдана. Орчлон ертөнцөөс одохын цагт өөрийн амьдарч, хайрлаж явсан бүхэндээ эн тэнцүү нэгэн зэрэг эргэж ирэх боломж бол анхил зөөлөн хурмаст тэнгэрийн цагаан цас байх болно гэж бодсон нь цаанаа учиртай.

“Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа,

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно…”

Найрагч бээр хоосон чанарт шилжсэн хойноо ч хайрлан дурлаж явсан он цаг, янагийн захиа, Эрээнцав, Хөх нуурт бичсэн шүлгүүд, ялангуяа “амраг гэргийгээ”-ээ бүрхсэн их цасан дотор нууж хайрлах нэгэн учир энд оршном. Шүлгийг чинагш уншваас;

“Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан,

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ…”

Галт тэрэг зөрлөг бүхэнд дуут дохиогоо хангинуулан зогсож, төмөр замын бяцхан суурингийнхан их найрагчтайгаа салах ёс хийж үдсээр байлаа. Бид Чойбалсан хотоос хойхно орших хуучин уурхайн карьер дотроос нэгэн шагай шиг гурвалжиндуу цагаан чулууг олж дэрний чулуу болгохоор сонгосон юм. Чулуун дээр;

“Үргэлж залуу

Үргэлж мөнх өдрийг үзье” хэмээх шүлгийн мөрийг сийлсэн билээ.

Их найрагчийг оршуулах цуваа зүүн Эрээнцав хэмээх төмөр замчдын бяцхан суурингаас үүрээр хөдөлж Улз голын гүүрээр гарч, Баруун Эрээнцав суурингийн дундуур орж ирэхэд сумын төвийнхөн, сургуулийн хүүхдүүд хэдийнээ эгнээд зогсчихсон хүлээж байж билээ. Оршуулах ёслол цомхон боловч утга төгөлдөр болж байлаа. Эрээнцавд Нямсүрэнг тойрон хүрээлдэг яруу найргийн хорхойтнуудын нэгэн Махабахарта гуай зөвшөөрөл аваад найрагчийн цээжин тушаа зогсож нэгэн уярам туульс мэт шүлэг уянгалуулан дуудсан нь санаанаас ер гардаггүй юм. Өвгөний нэрийг жаахан гуйвуулаад Нямсүрэн бээр Энэтхэгийн их хөлгөн туульсын баатраар дууддаг байж, бид ч энэ л нэрээр нь тогтоосон хэрэг. Өвгөн яг л “Махабахарата” туульсыг хайлж буй мэт санагдсаныг хэлэх юун. Уярам шүлэг байсныг би санаж байна, харамсалтай нь цээж зангираатай байсан болохоор юу ч тогтоож үлдсэнгүй. Эвхээстэй цаасандаа үүрд шингээд найрагчийн мөнхжинтэй цуг мөнхөрсөн бөлгөө.

Их найрагчийн тэргүүнд түшүүлэх чулуугаа газарт суулгах гэсэн боловч, намсаад нэг л сүр бараа нь дутах гээд болохгүйд бид тэр доор нь мөнхжингийн газрын ойролцоогоос гурван цайвар чулуу олж тулгын гурван чулуу болог хэмээн ивж тавьбаас захиалсан мэт яв цав таарсан билээ. Бас л мөнөөх шүлэг утга санаагаа үргэлжлүүлсээр байлаа.

Дөрвөн жилийн өмнө найрагч “Би цас болно” хэмээх шүлгээ бичиж байхдаа цаг хугацааны ямар орчилд орж, хожим болох бүх явдлыг далдаас харсан мэт тодорхой бичсэн нь гайхмаар. Энэ бол суу билиг. Энэ бол зөн билиг. Үгийн увдис. “Гурвалсан морьд шиг галт тэргээр” явахаа, хашаан дотроо хэц татаж угаасан юмаа өлгөсөн байх гэргийнхээ төрхийг, тэгээд алтан шарилыг нь үүрд манах “эрхин цагаан судалтай”, “эрдэнийн гурвалжин чулуу”-нд агуулгаа шингээхээ яруу найрагч шүлгэндээ яг л хэлчихсэн байна. Бас гэрээслэсэн байна.

Тэрбээр үгэнд маш эмзэг нэгэн билээ. Үгийн шидийг эзэгнэсэн хүн ер нь тийм байдаг. Ялангуяа сүүлийн үеийн шүлгүүдэд нь тэрхүү эмзэглэл их тод туссан байдаг. Нэгэн залуу шүлэгч мань эртэй уулзаад ихэд өтөлж хөгширснийг нь хэлчихэж. Яруу найрагч бээр тэр доор нь “Ертөнцийн хоосон чанарыг таниагүй дүүдээ хэлмү” хэмээх шүлэг бичиж тайтгарч байсныг би тод санаж байна. Миний бие нэг хэсэг ойр ойрхон өвдөж, түүнийг дуулсан Нямсүрэн анд маань “Ашид мөнхийн нар цонхоор тань гийгүүлтүгэй” хэмээх шүлэг бичиж, бас нэгэн удаа нутгийн өвс ургамлаар увдисласан “Эрдэнийн сангийн найруулга” хэмээх залбирал тахилын шүлэг бичсэнээ илгээсэн билээ. Нямсүрэн бээр тэр үед хувилгаан чанарт шилжсээр байж дээ хэмээн бодном.

“Би цас болно” шүлгийн төгсгөл ер бусын шидтэй:

“Тэргүүний минь үс

Тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо

Билиг болон очино.

Цагийн жамаар гэзэг минь

Аясхан бударч

“Цагаан шүхэрт”

Ном болно…”

Яруу найраг, оюун санаа, цагаан цас… хайрладаг бүх юмс төгсгөлд нь “Цагаан шүхэрт” ном болж буйгаар шүлэг төгсөнө. Элдэв бурангуйн тоос товрог өчүүхэн ч тогтоогүй, бас хэрээс нь хэтрүүлж өнгө будгаар гоёж эрээлээгүй, голч бөгөөд зөнч үгсээр бүтсэн түүний шүлгүүд бол хар ба цагаан хэл амаас ямагт зайтай оршихуйн бэлгэдэл болох “Цагаан шүхэрт” ном болох увдистайг их найрагч Данзангийн Нямсүрэн шүлэгтээ зөгнөн адисласан нь энэ буюу.

Г.МЭНД-ООЁО

2019.02.14 Гахай жилийн шинийн 9 Номын урландаа

Categories
мэдээ цаг-үе

Samsung S10

Самсунг Электроникс компани Galaxy ухаалаг гар утсаа арван жилийн өмнө гаргаж байсан. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Galaxy S10 шинэ загварын хэд хэдэн хувилбарыг Сан Франциско хотын Bill Graham Civic Audi­torium танхимд танилцууллаа. “Бидний хийж чадах бүх зүйл дууссан гэж хэлдэг хүмүүст энэхүү технологи хариулт өгсөн. Тэдний буруу байсан гэдгийг бид одоо нотолж байна” хэмээн “Samsung” компанийн ерөнхийлөгч Донг Джин Ко Сан үзэсгэлэнгийн үеэр хэлсэн юм.

Сан Франциско хотын Bill Graham Civic Auditori­um танхимд Apple компани олон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байсан түүхтэй. Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тавдугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байна. Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй. Харин S10 5G нь 6.7 инч буюу таблет шиг аж. S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ. Үнийн хувьд S10 нь 900 ам.доллар, S10+ нь 1.000 ам.доллар, S10e нь 750 ам.доллараас эхлэх юм. Харин S10 5G хувилбарын үнэ одоогоор тодорхойгүй байна. Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерын технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьжээ.

SAMSUNG GALAXY FOLD

Дундуураа нугалардаг “Galaxy Fold” загварын ухаалаг утсыг зохион бүтээгчид “ном” хэмээн нэрлэжээ. Учир нь 1536 x 2152 хэмжээтэй таблет дэлгэцийг дундуур нь нугалж эвхэх боломжтой юм. Энэхүү ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-наас худалдаанд гаргах бөгөөд ойролцоогоор 1600-2000 мянган ам.долларын үнэтэй байх юм.

САЙЖРУУЛСАН ДЭЛГЭЦ

Galaxy S10 ба S10 Plus загварууд нь 6.1 ба 6.4 инчийн QHDR10+ AMOLED дэлгэцтэй болсон бөгөөд ингэснээр дүрс илүү тод, амьд харагдах боломжтой юм.

ДЭЛГЭЦ ДЭЭРХ ХУРУУНЫ ХЭЭ УНШИГЧ

Шинэ загварын бас нэгэн анхаарал татсан зүйл нь дэвшилтэт ультрасоник хурууны хээ уншигч байлаа. Samsung-ийн мэргэжилтнүүд утасны ард байрлах уламжлалт хурууны хээ уншигчийг хассан тул одоо хэрэглэгч шууд дэлгэц дээрээ хурууны хээгээ уншуулдаг болжээ.

НИЙТ 4-5 ТӨРЛИЙН КАМЕР

Galaxy S10 загвар нь нийт дөрвөн төрлийн камертай. Тухайлбал 12MP-тэй энгийн, 123 градусын өргөн өнцгөөр буулгах чадвартай 16MP Ultra Wide, хэт холын объектыг татаж ойртуулах чадвартай 12MP Telephoto гэсэн гурван төрлийн линзтэй арын камеруудтай ба урдаа 10MP камерыг суулгаж өгчээ. Мөн зөвхөн арын төдийгүй урд талын камер 4K видео бичих чадвартай болсноороо давуу талтай. Харин S10 Plus загвар нь дээрх камеруудаас гадна урдаа RGB Depth гэх сайжруулсан нэмэлт селфи камер суулгаж өгчээ.

ЦЭНЭГЭЭ ХУВААЛЦДАГ ҮЙЛДЭЛ

Шинэ Galaxy S10 ба S10 Plus загварууд утасны цэнэгээ бусадтай хуваалцаж болдог Power Share нэртэй шинэ үйлдэл танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, таны ойр дотны хэн нэгний утасны цэнэг дуусч унтарсан тохиолдолд та өөрийн Galaxy S10 утсаа дээр нь тавиад л ямар нэгэн цэнэглэгч, холболтгүйгээр цэнэглээд өгөх боломжтой. Энэхүү үйлдлийг зөвхөн Sam­sung төдийгүй iPhone болон бусад төрлийн утаснууд дээр ч ашиглаж болох юм.

УХААЛАГ УТАС + ТАБЛЕТ

Бас нэгэн гайхалтай бүтээл бол Samsung Fold гэх нугалардаг ухаалаг утас. Энэхүү төхөөрөмж нь энгийн үедээ 4.6 инчийн дэлгэцтэй ухаалаг утас мэт харагдах боловч дэлгэх үед 7.3 инчийн таблет болон хувирна. Ингэснээр нэгэн зэрэг олон апп ашиглаж, видео тоглоом тоглож, ер нь хүссэн бүх үйлдлээ зөвхөн нэг төхөөрөмж ашиглан хийх боломж бүрдэж байгаа юм.

GALAXY S10E БА S10 5G

Samsung компани хямд үнэтэй S10e болон тавдугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G гэх хоёр төрлийн загварыг танилцуулсан. Galaxy S10 5G загвар нь 6.7 инчийн том дэлгэц ба асар хурдан ажиллагаатай гэдгээрээ онцлог болж байна. Харин S10e загвар нь арай жижиг буюу 5,8 инчийн дэлгэцтэй ба боломжийн үнэтэй юм. S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна. Харин S10 5G хувилбарын дөрөв дэх арын камер нь алслалтыг (depth) мэдрэх зориулалттай. S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.

Дөрвөн хувилбар нь тус бүр 4.500mAh, 4.100mAh, 3.400mAh, 3.100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна. Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “Power­Share” горимтой.

ҮНЭ БА ХУДАЛДААНД ГАРАХ ХУГАЦАА

Galaxy S10, S10+, S10e хувилбаруудын захиалга эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарна. Үнийн хувьд S10 загвар нь 900 ам.доллар, S10 Plus загвар нь 1000 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм. Урьд-чилан захиалсан хэрэглэгчдэд шинээр танилцуулсан 130 ам.долларын үнэтэй Gal­axy Buds утасгүй чихэвчийг дагалдуулж өгөх юм байна. “Galaxy S10+” загварын утас өмнөх загваруудаас 25 хувиар илүү удаан цэнэгээ барих аж. Тэгвэл арай хямд үнэтэй S10e загвар 750 ам.доллар бол S10 5G ухаалаг утасны үнэ ба худалдаанд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн хос сим карт хэрэглэж болохоос гадна “Wi-Fi 6” сүлжээнд тохирох хамгийн анхны гар утас юм. Харин Galaxy S10 5G хувилбар энэ оны сүүлийн хагаст зөвхөн АНУ-ын Ve­rizon операторын сүлжээнд ажиллахаар худалдаанд гарч, дараа нь зах зээлийн хүрээгээ тэлэх аж. Цоо шинээр зах зээлд гаргаж байгаа Galaxy Fold загварыг Самсунг “тансаг ангилал”-ын төхөөрөмж хэмээн нэрлэсэн нь учиртай. Нүүр хэсэг нь бүхэлдээ дэлгэц байхаар бүтээгдсэн шинэ загварын ухаалаг утаснуудын дэлгэцийн өнгөний нягтралыг илүү тодруулсан байна. Үүний зэрэгцээ эдгээр утсанд хөх туяа бага ялгаруулах өндөр нягтаршилтай “quad HD+AMOLED” болон өнгийг дээд зэргийн чанараар дамжуулах “Dynamic Amo­led” дэлгэцийг суулгаж өгчээ. Ухаалаг утаснуудын мэдээлэл хадгалах багтаамж 128 гигабайтаас 1024 гигабайт буюу нэг терабайт хүртэл байна. Түүнчлэн дэлгэцийн хэмжээ хамгийн багадаа 5.8-аас 6.4 инч байх бөгөөд өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, ягаан гэх мэт сонголттой байх ажээ. “Galaxy S10+” урдаа 12-13 мегапикселийн хос камертай байх бол ардаа 16 мегапикселийн гурван камертай байна. Мөн урд камер нь өргөн дурантай бөгөөд зураг, дүрс авахад тохиромжтой өнцөг, түвшинг тохируулах боломжтой автомат “HDR 10+” стандартыг агуулжээ. Үүний зэрэгцээ царай таних болон хурууны хээ мэдрэгчтэй байхаас гадна USB болон өөр бусад ямар ч утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой гэнэ. Мөн гар утаснаасаа өөр бусад утас болон чихэвч зэргийг цэнэглэх боломжтой болжээ.