Categories
мэдээ нийгэм

Гадаад оюутнууд агаарын бохирдлыг бууруулах санаачилга гаргажээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн сургуулийн багш оюутнууд, “Дезерет” Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж туршиж үзсэн байна. Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг тав дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр монгол гэрийг тогтмол дулаанаар хангах боломжтой нь тогтоогджээ. Энэ нь түүхий нүүрсний хэрэглснээс бага зардалтай, хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах боломжтой аж. Мөн 53 мкв бүхий Монгол гэр хэлбэртэй байшин зохион бүтээж туршиж байна. Эдгээрийг Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд 100 гаруй айл өрхөд нэг жил туршиж үр дүнг нь Монгол Улсын Засгийн газарт танилцуулна гэдгээ төслийн ахлагч Бримин Янгийн Их Сургуулийн профессор Брайн Маззе хэлэв. Хэрэв эдийн засгийн хэмнэлттэй байж, агаарын бохирдлыг бууруулж, түүхий нүүрсний хэрэглээг халахад бодитой хувь нэмэр оруулах нь нотлогдвол ихээхэн баяртай байх болно гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад хүн бүрийн оролцоо нэн чухал. Тавдугаар 15-ны өдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон энэ үед дэвшилтэт технологи, шинэ санаачлагыг танилцуулж байгаад талархалтай байна. Үр дүнтэй нь нотлогдвол дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.03.28) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Ноён Жон Жэ Нам Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд, цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай болж өнгөрснийг тэрбээр дурдсан. Айлчлалын хүрээнд ноён Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд эдгээр уулзалтын үеэр хоёр улсын харилцааны талаар олон чухал яриа өрнүүлсэн. Энэ нь цаашдаа хоёр улсын харилцааг эрчимжүүлэх гол түлхүүр болно хэмээн найдаж байна хэмээн Элчин сайд Жон Жэ Нам хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас Таныг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлыг хүлээн авсныг туйлын чухалчилж байна. Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан танд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, харилцаа илүү өргөжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн захидлыг нь Танд уламжилж байна” гэлээ. БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг Монгол Улсад айлчлахыг хэдэнтээ урьж байсан бөгөөд энэ удаад мөн урилгыг хариу захидлын хамт хүргүүлвэл айлчлалыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хичээн ажиллах болно гэлээ.

Ноён Элчин сайд хэлэхдээ “Их сургуульд профессор, банкны салбарт эдийн засагч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэд сайд, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажиллаж байсан арвин туршлагатайн хувьд Монголын улс төрд үлгэр жишээ болдог улстөрч хэмээн Таныг үнэлдэг” гэв. Тэрбээр жил бүр Чэжү аралд зохион байгуулагддан Олон улсын энх тайвны форумын талаар Улсын Их Хурлын даргад дэлгэрэнгүй танилцуулаад тус форумыг зохион байгуулах хорооны дарга, Чежү мужийн Засаг даргаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн урилгыг уламжилсан юм.

2019 оны 05 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд болох тус форумд олон улс орны төрийн тэргүүн, парламентын дарга, Засгийн газрын тэргүүн оролцохын зэрэгцээ өмнө нь төрийн тэргүүн, парламентын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан нэр хүндтэй эрхэмүүд оролцдог чухал арга хэмжээ гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, Олон улсын энх тайвны форумд оролцох асуудлыг судалж, нааштай шийдвэрлэх болно гэлээ.

Элчин сайд Жон Жэ Нам 2018 оны 05 дугаар сард БНСУ-аас Монгол Улсад суух 12 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирээд ажиллаж байгаа талаараа танилцуулав. Өөрийн дипломатчийн 30 жилийн туршлага, мэдлэг, судлаачийн ажлаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүрнээ дайчлан ажиллаж байгаа талаараа танилцуулсан. БНСУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлал маш өндөр түвшний зохион байгуулалттай болж өнгөрсөн талаар тэрбээр онцлоод Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын Их Хурлын Тамгын газар тэргүүтэй холбогдох бүх талуудад Элчин сайдын хувиар талархал илэрхийлсэн. Энэ онд хоёр улс анх харилцаа тогтоосны түүхт 800 жил, ирэх 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тус тус тохиож байгаа, эдгээр арга хэмжээг хамтран, дээрхийн адилаар өндөр түвшний зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын баяр хүргэсэн мэндчилгээний хариуд халуун талархал илэрхийлж буйг нь уламжлахыг ноён Элчин сайдаас хүсэв. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, итгэлцэл, ойлголцлолыг төрүүлсэн, эдийн засаг, хөрөнгө оруулалт тэргүүтэй бүх салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжүүлэх стратегийн түншлэлийн түвшинд хоёр орны харилцааг хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан айлчлал болсныг цохон тэмдэглэлээ. Уг айлчлалын арга хэмжээг талуудад өндрөөр үнэлэгдэх түвшинд зохион байгуулсан ноён Элчин сайд Жон Жэ Намд тухайлан баяр хүргэж, талархал илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сөүлийн Үндэсний Их Сургууль тэргүүтэй тус улсын нэр хүндтэй их сургуулиудад Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран Зөвлөлдөх ардчилал-Зөвлөлдөх санал асуулгын тухай лекц унших завшаан тохиож байсан талаар дурдаад БНСУ-ын их сургуулиудын профессоруудтай хамтран ажиллаж байсан талаараа дурсав. Түүнчлэн Сөүлийн Их Сургууль дээр хэрэгжүүлж буй Зөвлөлдөх ардчилал-зөвлөлдөх санал асуулгын талаарх хэлэлцүүлэг, сургалтын талаар судлах академик түвшний хамтын ажиллагааг Элчин сайд ноён Жон Жэ Намыг дэмжихийг хүслээ. Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэн иргэдээсээ ихээхэн талархал, дэмжлэг хүлээгээд буй “Иргэн та эрх баригч” хөтөлбөртэй танилцаж, туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлсэн.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ноён Элчин сайд танд Монгол Улсын Их Хурлын шинээр баталсан хуулийн талаар онцгойлон танилцуулж, мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ нь ард түмний төр засагт, шүүх хуулийн байгууллагад итгэх итгэлийг сэргээхэд чиглэсэн алхам байв. Монгол Улсын ардчиллын гол дайсан бол авилгал, шударга бус байдал юм. Хүний эрхийг хамгаалж, дээдлэх нь ардчиллын гол үнэт зүйл байдаг. Тиймээс хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг, авилгал хээл хахуулийн асуудлаас үүдэн иргэдийн шүүх, хуулийн байгууллагад итгэх итгэл илт суларсан өнөөгийн нөхцөл байдал нь Монгол Улсын залуу ардчиллын эмзэг цэг, гол дайсан нь болоод байгаа хэмээн бид үзэж байгаа. Тиймээс иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хангах, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн амлалт, үүргээ биелүүлэх зорилгоор шүүх, хуулийн байгууллагуудын хариуцлага, сахилга батыг чангатган, ил тод байдлыг хангахаар хичээж, эрмэлзэн дээрх хуулиудыг баталсан. Эрх зүйн өөрчлөлтийн зорилго, ач холбогдлын талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам Элчин сайдуудын яамдад бодит мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж ажиллах болно” гэв.

Хүний эрхийг хамгаалах, хангах, улмаар авилга хээл хахуулийн эсрэг Монгол Улсын хууль тогтоох байгууллага хууль эрх зүйн шинэчлэл хийж буйг дэмжиж байгааг Элчин сайд Жон Жэ Нам илэрхийлсэн юм. Монголын парламентын уг шийдвэр өнөөдрийн байдлаар тодорхой бэрхшээл, хүндрэлтэй тулгарч байгаа ч гэсэн урт хугацаандаа стратегийн хувьд ач холбогдол бүхий зөв чиглэл хэмээн үзэж байгаа гэв. БНСУ, Монгол Улс үнэт зүйлс болон тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр онцолсон. БНСУ энэ замаар замнаад хэдий 70 жил болж байгаа ч одоо хэр нь бэрхшээл, хүндрэл тулгардаг. Монгол Улсын хувьд энэ ардчилсан тогтолцоо 30 жилийн түүхтэй, өнөөдрийг хүртэл тогтвортойгоор хичээн ажиллаж байгааг хараад бахархаж явдаг хэмээн хэлэв.

Уулзалтаар үргэлжлүүлэн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчих боломжийн талаар ярилцаж санал солилцсон юм. Ноён Жон Жэ Нам Элчин сайдын хувиар энэ асуудлаар ихээхэн санаачилгатай, дэмжин ажилладаг болохоо илэрхийллээ. Гэсэн хэдий ч уг асуудлыг хоёр талаасаа нэлээд нухацтай, үр дагаварыг тооцож судлах шаардлага бий гэдгийг хэлж байв. БНСУ хэдэн жилийн өмнө Тайланд Улстай иргэдийг визгүй зорчуулах хэлэлцээр байгуулсан байна. Үүний үр дүнд олон зуун мянган тайландчууд БНСУ-д аж төрж, ажил хөдөлмөр эрхлэн суурьшжээ. Үүний нөгөө талд асар их хэмжээний ажиллах хүчээ алдсан Тайланд Улсад нийгэм, эдийн засгийн ихээхэн хүндрэл учирсан талаараа тус улсын Засгийн газраас илэрхийлж байсан гэлээ. Энэ туршлагыг Монгол Улс болон БНСУ судалж, холбогдох шийдвэр гаргахдаа анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Элчин сайд илэрхийлсэн. БНСУ-ын зүгээс тус улсад зорчих Монгол Улсын иргэдэд олон удаа зорчих виз олголтыг 10 дахин нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд тодорхой мэргэжлийн хүмүүс болон орлогоо хангалттай нотолж чадсан 200.000 гаруй монгол иргэн 3-5 жилийн хугацаанд БНСУ-д чөлөөтэй зорчих боломж бүрдсэн байна. Харин Монгол Улсад олон удаа зорчих эрх бүхий визтэй солонгос иргэдийн тоо ердөө 1000 орчим байгааг энэ дашрамд хэлж байсан.

Уулзалтын үеэр талууд Урал-Алтай язгуурын хэлний судалгааны ажлыг дэмжих, үүнд талууд онцгой ач холбогдол өгч эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах чиглэлээр санаачилгатай ажиллах талаар харилцан санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Элчин сайд Жон Жэ Намыг бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр шууд хандаж болно гээд ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Худалдааны сайд Жун Шань нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуульд яг ямар өөрчлөлт оров?

-УИХ-ын чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг ямар үндэслэлээр чөлөөлөх, түдгэлзүүлэхийг заасан байдаг. Энэ заалтууд нь Үндсэн хуульд заасан заалтыг илүү дэлгэрүүлэн тайлбарласан гэсэн үг. Үндсэн хуульд шүүгчтэй холбоотой шүүхийн шийдвэр гарвал огцруулж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, тэр нь шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогдох юм бол чөлөөлж болно. Мөн Шүүхийн тухай хуульд шүүгч өвчтэй болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд чөлөөлж болно гэж заасан байдаг. Үүнийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дэлгэрүүлээд заачихсан байсан. Гэсэн ч сая үүн дээр нэмээд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд тэр зөвлөмжийг ажлын албанаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, шүүгчийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгч шийднэ гээд заагаад өгчихөж байгаа юм.

Прокурорын тухай хуульд Ерөнхий прокурор болон орлогч прокурорын, Авлигын эсрэг хуульд АТГ-ын дарга, дэд даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх тухай тус тус заагаад өгчихсөн.

-Уг хууль батлагдсанаараа ҮАБЗ-д ямар давуу тал гарч байгаа юм бэ?

-ҮАБЗ-ийн гурван гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байдаг. Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг. Тэдний 100 хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч өөрөө дараа жилийн ҮАБЗ-ийн хурлаар юу хэлэлцэхийг баталдаг. Мөн тухайн цаг үеэсээ хамааралтайгаар жагсаалтад ороогүй асуудал гарч ирвэл хэлэлцэх эсэхийг Ерөнхийлөгч шийддэг. Ерөнхий сайд ч саналаа хэлээд асуудлаа оруулж болно. Тэгэхээр Засгийн газар хууль бус үйлдэл хийчихлээ гэж бодъё. Түүнийг шүүх хянаж таарна. Хянаж байх явцад Засгийн газрын таашаалд нийцээгүй шийдвэр гаргах гээд байх юм бол Ерөнхий сайд ҮАБЗ-д очоод “Энэ шүүгчийг огцруулъя” гэдэг саналаа хэлнэ. Тэр тохиолдолд гурвуулаа ярьж сууж байгаад зөвлөмж гаргачихна. Өнөөх зөвлөмжийг ШЕЗ-д хүргүүлчихнэ гэсэн үг. Үндсэндээ АТГ, прокурор гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын болоод тэрхүү хэргийг үнэн мөнийг дэнсэлдэг шүүхийн байгууллагын удирдлагууд, шүүгч нар Ерөнхийлөгчийн эрх мэдэл дор төвлөрчихөж байгаа юм.

ҮАБЗ бүх шийдвэрийг гаргах эрхтэй болчихоор Засгийн газар, УИХ-ын гишүүд нь тэд нарт тал засах хэрэгтэй болчихож байгаа юм. Тэр гуравт тал засаж байж шийдүүлэх гэсэн асуудал нь цаашаа явна, хэрэгээ нуун дарагдуулж чадна. Хэсэг хүмүүс Ерөнхий сайдыг АТГ-т өгсөн байна лээ. “Ерөнхий сайд ЖДҮХС-гийн мөнгийг тарааснаараа гишүүдэд авлига өгсөн байна. Хариуд нь өөрийгөө огцруулахын эсрэг байлгаж чаджээ. УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байхад ЖДҮХС-гаас зээл авсан бүх гишүүд өөрийнх нь талд кноп дарсан. Өөрийнхөө талд кноп даруулахын тулд ЖДҮХС-гийн мөнгийг тараажээ” гэсэн үндэслэлтэй байгаа юм. Харин одоо ил байгаа мэдээлэл дээр дүгнэлт хийхэд “Та нар энэ хуулийг баталж надад эрх мэдэл өг. Үгүй бол та нар шоронд орно шүү” гэж барьцаалсан байгаа мэт л харагдаж байна. Магадгүй тийм болоод ч тэр үү, энэ хууль 90 хэдэн хувиар батлагдсан биз.

-Хуулинд өөрчлөлт орсноороо шүүх засаглалын бие даасан, хараат бус байдалд нөлөөлнө гэдгийг хуульчид хэлж байгаа. Таны хувьд ямар суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн зарчим ёсоор шүүгч хараат бус, шүүх бие даасан байх ёстой. Энэ утгаараа шүүгчийг бүх насаар нь томилдог. Дундаас нь ямар нэгэн байгууллага, хэн нэгний саналаар чөлөөлөөд байх юм бол шүүгч хэн нэгнээс нөлөөлөхгүйгээр хэргийг үнэн бодитой шийдэх боломжгүй болно. Би тэр хүний хүссэнээр энэ асуудлыг шийдэхгүй бол намайг ажлаас чөлөөлчих юм байна гэдэг ойлголт төрж таарна аа даа. Ийм байдлаас л сэргийлж бүх насаар нь томилдог юм. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хуваарилдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан бие биенээ тэнцвэртэй хянаж байх ёстой. Хэрэв бүх эрх мэдэл нэгэнд нь байх юм бол дарангуйлал бий болдог. XVII зуунаас өмнөх бүх цагийн үеийн түүхэнд хаан бүхнийг шийддэг, тэр хүнд л бүх эрх мэдэл төвлөрчихсөн байсан. Тиймээс эрх мэдлийг нь гурван хэсэгт хуваасан хэрэг. Хууль тогтоох байгууллагын гаргасан хуулийг Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хэрэгжилт дээр нь хууль тогтоох байгууллага хяналт тавина. Шүүх эрх мэдлийн байгууллага нь Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг хуульд нийцэж байгаа эсэхийг хянана. Буцаагаад Засгийн газар нь шүүхийн төсөв санхүүг шийдэх замаар шүүхээ хяная гэх байдлаар харилцан тэнцвэртэй байх ёстой. Үүнийг XVIII зуунаас эрх мэдэл хувиарлах онол гэж нэрлэж, бүх улсууд Үндсэн хуульдаа тусгаж ирсэн. Үндсэн хуульд эрх мэдлээ хуваарилаагүй байх юм бол Үндсэн хууль гэж үзэхгүй гэсэн зарчим ч байдаг. Гэсэн ч өнөөдрийн нөхцөл байдлаар энэ гурван эрх мэдэл нэг хүнд оччих хэмжээний асуудал болчихоод байна.

-Парламентын засаглалыг үгүйсгэж байгаа явдал мөн үү?

-ҮАБЗ гэдэг Үндсэн хуулийн байгууллага биш. Хоёрдугаарт, аль ч улсын жишгийг харсан ҮАБЗ гүйцэтгэх эрх мэдлийнхээ дор байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчийн дор, парламентын засаглалтай бол Засгийн газрынхаа дор байна гэсэн үг. ҮАБЗ-ийн шийдвэр нь зөвлөмжийн шинж чанартай. Зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй юм биш. Тэгэхээр парламентын засаглал болоод эрх мэдлийн хуваарилалтыг энэ хууль үгүйсгэж байгаа юм. Бүр тодруулбал, парламентын засаглал, ардчилал, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, Үндсэн хуульт ёс хэрэг дээрээ бүр байхгүй болчихоод байна.

-Хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж, авлига авч байгаа шүүгчид байгаа учраас тэдгээрийг солихын тулд энэ хуулийн өөрчлөлтийг хийж байна гэж яриад байгаа…

-Тэр хүмүүсийг сольсон ч дараа нь Ерөнхийлөгчийн хүмүүс орж ирэх нь ойлгомжтой. Мэргэжлийн хүмүүс орж ирэх үгүйг харж л байя. Үндсэн хуулийн Цэц дээр өнгөрсөн жил дөрвөн хүн томилсон. Нэг хүн нь насаараа ЗГХЭГ-ын тэргүүн, дэд дарга хийсэн хуулийн мэргэжлийн хүн. Харин үлдсэн гурав нь мэргэжлээрээ ажиллаж үзээгүй шахам л хүмүүс байсан. Ерөнхийлөгч санал болгосон, түүний хүн гэдэг нь ч ойлгомжтой. Одоо хийж байгаа ажлууд, гарч байгаа шийдвэрүүд нь ч түүнийг нь батлан харуулдаг. Хүмүүс “Манайх Ерөнхийлөгчийн засаглал руу орох гээд байгаа юм биш үү” гэж яриад байгаа юм. Энэ бол их сайхнаар хэлж байна. Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна.

-Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох боломж хууль эрх зүйн хувьд байдаг уу?

-Манай хууль хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бэхжүүлнэ, тогтооно гэсэн уриатайгаар батлагдсан. Тэр утгаараа манай Эрүүгийн хуульд эрүүдэн шүүхийн эсрэг заалтуудыг оруулсан. Хэрвээ эрүүдэн шүүсэн байх юм бол хариуцлага хүлээлгэх заалт нь бий.

Энэ бол гэмт хэрэгт тооцогдоно. Дээрээс нь манай улс эрүүдэн шүүхийн эсрэг Венийн конвенцид нэгдэн орсон улс шүү дээ. Хүний эрхийн конвенцуудад ч нэгдэн орсон байдаг. Тэр утгаараа эрүүдэн шүүнэ гэдэг байж боломгүй зүйл. Эрүүдэн шүүж олж авсан баримтыг нотлох баримт гэж үнэлэх ч ёсгүй. Тухайн хүн үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байсан ч эрүүдэн шүүсэн л байх юм бол нотлох баримтын хэмжээнд хүлээх авах ёсгүй юм.

Шүүгч эрүүдэн шүүгээд байгаа учраас шүүгчдийг солино гэж яриад байгаа юм. Шүүгч эрүүдэн шүүнэ гэж байхгүй шүү дээ. Тэр нотлох баримтыг цуглуулж, хэргийг мөрдөн шалгаж байгаа байгууллага нь өөрөө цагдаагийн байгууллага, мөрдөгчид юм. Эсвэл харьяаллаараа Тагнуулын байгууллага байна. Нөхцөл байдлыг прокурор хянаж, дараа нь шүүхээр шийдүүлдэг.

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн эсэхийг нь мэдсэн юм бол яагаад өнөөдөр гаргаж ирж байгаа юм бол гэх хүмүүс байна л даа. Энэ тухайд?

-Улстөрчдөд итгэхэд хэцүү болчихоод байгаа юм. Үнэхээр тийм бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв тийм бичлэг байгаа бол нууцлаад байх шаардлагагүй. Ил л байх ёстой асуудал шүү дээ.

Мэдээж эрүүдэн шүүсэн зүйл байгаа бол тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Гэхдээ эрүүдэн шүүсэн бичлэг нь байсан бол өнгөрсөн хэдэн жилийн турш яагаад чимээгүй байсан юм бэ. Мэдэж байсан юм бол яагаад ил гаргаж тавиагүй юм. Яг хэрэгтэй үедээ улс төрийн зорилгоор гаргаж ашиглаад байгаа нь ямар учиртай юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм уу. Эсвэл өөрийнхөө эрх мэдлийг нэмэхийн тулд ашиглаад байна уу. Энэ мэтчилэн энгийн ухамсрын түвшинд бодоод үзэхэд тун асуудалтай л санагдаж байгаа юм.

Хүний эрхийн комисс жил бүр тайлан гаргадаг. Түүнийгээ УИХ-ын бүтцүүдээр хэлэлцүүлж, зөвлөмжөө хүргүүлдэг. Тэр бүрт эрүүдэн шүүх ажиллагаа байгаа тухай дурддаг. Өнөөг хүртэл Хүний эрхийн комиссын зөвлөмжийг УИХ хүлээж авч, түүнийх нь дагуу ажил хийсэн тохиолдол байхгүй байх. Гэтэл гэнэт улс төрийн зорилгоор ашиглах болохоороо гаргаж ирж байгаа нь харамсалтай. Энэ нь ч цаанаа өөр нэг зорилготой гэдгийг нь харуулаад байгаа юм. Ер нь Эрүүдэн шүүнэ гэдэг нь зөвхөн тамлан зовоохыг хэлдэггүй. “Гэрийнхэнд чинь муу юм болно шүү” гэж сэтгэл санаагаар дарамтлах нь хүртэл эрүүдэн шүүлт юм.

-Энэ асуудал Цэц дээр очих болов уу. Цэц энэ асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Цэц дээр очоод буцах боломж байгаа. Хүний эрхийг, Үндсэн хуулийг хамгаалах хамгийн эцсийн зогсоол нь Цэц юм. Нэг жишээ дурдахад, 1930-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт яг иймэрхүү шийдвэр гаргах оролдлого хийсэн байдаг. Шүүх намынх нь болоод өөрийнх нь эсрэг шийдвэр гаргаад байхаар нь шүүгчдээ солихыг оролдсон. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөх хуулийн төслийг оруулсан. Хуулийн төслийг оруулахынхаа өмнө шүүгчид шиг авлига авдаг албан тушаалтан, шүүх шиг буруу шийвэр гаргадаг завхарсан байгууллага алга гэж мэдээлэх болсон. Тэднийг л сольж өөрчлөхгүй бол болохгүй гэж хэдэн сар, жилийн турш ярьсан байгаа юм. Ингэж ард иргэддээ гүн бат итгүүлснийхээ дараа хуулийн төслөө оруулсан. Харин конгресс нь хүлээж аваагүй учраас тэрхүү оролдлого нь талаар болсон байдаг. Рузвельтийн технологийг олон орон ашиглаж, дарангуйллыг тогтоосон. Хамгийн сүүлд Туркийн ерөнхийлөгч Эрдоган хэрэгжүүлж, хууль өөрчлөн 30 гаруй шүүгчээ барьж хорьсон.

Манай дээр ч гэсэн энэ технологи хэрэгжсэн. Тэд гуравдугаар сарын 26-нд л энэ хуулийн төслийг санаачлаад оруулаад ирсэн хэрэг биш. Тодруулбал, Х.Нямбаатар гишүүн “Захиргааны хэргийн шүүгчид авлига авдаг. Хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг, өөрийнхөд нь нэг сая ам.доллар байна” гэж нас барсан хүнийг АТГ-т шалгуулахаар явж байсан. Тэрээр гишүүний хэлээд байгаа асуудлаар шалгагдаж байсан ч хэрэгсэхгүй болсон байдаг. Х.Нямбаатар гишүүн тухайн хүнийг нас барсныг нь мэдэнгүүтээ “22 шүүгч хууль бусаар ашигт малтмалын лиценз өгсөн байна. АТГ-т өгч шалгуулна” гээд л ярьсан. Одоог хүртэл АТГ-т тэр хэргийг шалгасан тухай ямар ч мэдээлэл байхгүй. Энэ мэтчилэн хүмүүс ар араасаа шүүх эрх мэдлийн байгууллагууд руу дайрсан байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийн хуралд урьж байна

Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болно.

Тус хуралд МЗЭ-ийн дарга До.Цэнджав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, “Явуухулан сан”-гийн тэргүүн Э.Чинзориг МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал нар оролцоно. Сэтгүүлч та бүхнийг урьж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогтоос өс авдаг шигээ ажилладаг сан бол Монгол хөгжлөө шүү

Ингэж л бодогдоод байх юм. Та нарт тэгж санагдаж байна уу. Төрийн гурван өндөрлөгийн маань нэг нь сая Швейцарь гараад шидчихсэн. Арваад гишүүн дагуулаад. Гол зорилго нь С.Баярцогтын дансны хуулгыг олж ирэх байж. Ийм ажилтай явсныг нь үнэндээ ард түмэн ирсэн хойно нь мэдлээ. Урьд өмнө бол “гурав”-ынхаа хаашаа айлчлал хийх гэж байгааг мэддэг байлаа. Одоо ч өнгөрчээ, Суданд цэргийн хувцастай давхиж явахыг нь хардаг боллоо. Швейцарьт шилэн дансны хууль хэрэгжүүлэх гэж явааг нь сонсдог боллоо. Их хурлын дарга маань Швейцарьт хичнээн ширхэг нууц данс байсныг олсон гэнэ вэ. Хэдэн ч сая доллар байсан гээд байгаа юм бэ дээ. Эдний үгээр бол С.Баярцогт сэхэхээргүй болж, улс төрд шар шувталж байгаа бололтой. С.Баярцогт өөрөө хэвлэлийн хурал хийж “Тэр материалууд миний зөвшөөрлөөр өмнө нь Швейцариас ирчихсэн байсан юм. АТГ-ынхан мэдэж байгаа” гэлээ. Т.Аюурсайхан гишүүн болохоор “Үгүй ээ, би авчирсан” гэж байна. Итгэхийн тухайд бол Их хурлын даргын айлчлалд албан ёсоор багтсан төрийн түшээгийн үгэнд итгэхээс өөр аргагүй юм. Айлчлалаар явсан гишүүд “С.Баярцогтын данс…” гэсэн хоёр үгний эргэн тойронд баахан ярилаа. Өөр ямар ажил амжуулснаа ярихгүй байхыг бодоход үнэхээр л дансны хуулганд явсан болж таарлаа. Тэрнээс биш тэр сайдтай тийм ажил ярилаа, гэрээ хэлцэл хийлээ гэмээр юм. Төрийн өндөрлөгүүд маань мөн ч авсаархан айлчлал хийдэг болжээ.

Төрийн гурван өндөрлөгийн гадаадад хийх айлчлал албан ёсоор ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцэгдэж шийддэг. Ойрын айлчлалуудаас харахад Монгол Улсын хэмжээнд аюул занал нүүрлэсэн үйл явдал боллоо гэхэд ард түмэн нөгөө гурвыгаа ирж хайж мэдэх нь байна шүү. Их хурлын дарга Швейцарьт, Ерөнхий сайд Суданд, Ерөнхийлөгч Оросод… гээд сууж байвал яана. Муугаар бодоход айхавтар өвчин гарлаа гэхэд хөрш зэргэлдээ орнууд нь оготно зурам ч оруулахгүйгээр хилээ яс тас хаах үүргийг Олон улсын өмнө хуулиар хүлээдэг. Гэтэл манай гурван дарга хоёр хөршийнхөө хил дээр ирчихсэн “Би наад улсын чинь парламентын дарга нь юм аа, би Ерөнхий сайд нь юм аа, ормоор байна” гээд зогсож байвал юу болох вэ. Гэхдээ энэ улс орон иймдээ ч арай хүрчихээгүй гэдэгт найдъя. Найдаж байгаа учраас Их хурлын дарга Швейцарь руу явахыг төрийн гурван өндөрлөг сууж байгаад хоорондоо ярьсан байх. “Бид гурвын аль нэг нь очвол цаад нөхрийн чинь дансны хуулгыг өгчих юм шиг байна” гэж. “Очоод С.Баярцогтын хуулгыг авчихаар мөнгө өгсөн Оюу толгой нь ил болно. Бидний гарт орно. Гэрээг өөрчилнө гээд дайрахад хэрэг болно” гэж ярьсан л юм биз дээ. Хар үгээр тоймлож ойлгуулахад л энэ шүү дээ. Эд нар маань тэгээд дэлхийн гигант компанийг дийлнэ гэж боджээ. Нөгөөдүүл нь эдний бодлоор бөхөлзөх болов уу. Тоохгүй дээ.

Харин дотоодын улс төрийн хувьд С.Баярцогт бол тэдний хамгийн том өрсөлдөгч мөн. Москвагийн улсын их сургууль, Германы Гумбольдийн нэрэмжит Берлиний их сургууль төгссөн, Вашингтоны их сургуулийн докторант, орос, англи, герман, франц хэлтэй. 23 насандаа АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн. 33 наснаасаа хойш гишүүн, сайдын албыг тасралтгүй хашсан, дөнгөж 50 нас гарч байгаа эр. Арван жилээ алтан медальтай төгссөн гэдэг. Ямар гэр бүлд төрсөн, ямар сургуулиар боловсрол эзэмшсэн, ямар ажил алба хашсан, ямар найз нөхөд, гэр бүлийн хүрээлэлд амьдардаг… гээд улстөрчийн төлөвшлийн үйл явцыг нь монголчууд алган дээрээ байгаа юм шиг мэддэг. Ойр тойрных нь эх сурвалжууд бол эхнэрийг нь С.Баярцогтоосоо ч илүү боловсролтой эдийн засагч гэж ярьдаг, ийм л хүн. Манай гурван өндөрлөг бол хойд насандаа ч ийм боловсрол эзэмших нь юу бол. Доромжлол гэж бодохгүй байна. Хэнийх нь ч төлөвшиж боловсорсон үйл явцыг монголчууд бүгдээрээ мэдэх учраас хүн бүрийн мэддэг, ярьдаг зүйлийг бичлээ.

Гэхдээ С.Баярцогтыг бол барах нь барах байх. Монгол юм чинь. Харин Оюу толгойг бол манай нөхдүүд барахгүй байх гэдгийг дахиад хэлчихье. Барлаа гэхэд Оюу толгой олон жилээр гацна. Оюу толгой ажиллахгүй байлаа гэхэд өлсөхгүй, ядрахгүй хүмүүс Оюу толгойгоор оролдоод байгаа юм. Харин ард түмэн бол өлсөнө, ядарна. Нөгөө талаас нь харахад ийм том гэрээг хийж чадсан хүмүүст энэ хэрийн шагналыг дэлхийн том корпорациуд ямар ч хуулиас айхгүйгээр өгдөг нь капиталист ертөнцөд байдаг үйл явц. Тухайн улс орон байтугай дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлдэг томчууд бол хуультай нийцүүлсэн шагнал урамшууллын дотоод системтэй. Тэр нь сая сая доллар яригдана. Үнэн хэрэгтээ монголчууд бид мөнгө барьж үзээгүй болохоор том сонсогдоод байгаагаас биш, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллар гэдэг чинь хөрөнгөтэй нийгэмд гайхширч гангинах мөнгөн дүн биш шүү дээ. Дэлхийгээр л нэг 400 саяын наймаа хийгдэж байгаа. Үүгээрээ С.Баярцогтыг авлига авчихсан гэж байгаа юм биш. Хаацайлж байгаа ч юм биш. Зүгээр л олон улсын том компанийн тухайд сайн төсөл хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнийг шагнадаг, тэр нь том мөнгөн дүн байдаг гэдгийг л сонирхуулж байгаа юм. Жижиг эдийн засагтай, жижиг улсын иргэн бидний л зан. Тийм болохоор монголчууд бид хэрсүү баймаар байна аа. Бид хөгжих хэрэгтэй байна. Нарийн дээрээ дэлхийд хийгдэж буй эдийн засаг, санхүүгийн бүх гэрээнүүд алдаатай байдаг. Түүнийгээ явцын дунд хоёр талаасаа сайжруулаад л явдаг. Алдаа их үү, бага уу гэдэг л байна. Оюу толгойн гэрээн дээр ингэж л хандах ёстой. Улс төрийн хийрхэл, сэтгэлийн хөдөлгөөн, мэдэхгүй зүйлээрээ оролдох, хүнд илүү хүрэх, таалагдах талаас нь Оюу толгойтой зууралдаж болохгүй. Хэрүүл л хүнд хүрдэг учраас Оюу толгойг хэрүүл болгоод байна. Гэтэл Оюу толгой ашиглалтад орсноор Монголын нийгэмд ямар их өгөөжөө өгч буй талаарх мэдээлэл нийгэмд хүрэхгүй байна л даа. Түүний нэг золиос нь л С.Баярцогт.

Ер нь бол энд Оюу толгойг ярих ч гэсэн юм биш шүү. Гол нь манай ихэс дээдэс С.Баярцогтоос өс хонзон авдаг шигээ ажиллаж чаддаг бол Монгол Улс хөгжих нь ээ гэдгийг л хэлэх гэсэн юм. Ийм шуурхай, ийм ажил хэрэгч байдлаар гурван тийшээ ээлжлэн нисч, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж, анхаарлыг нь хандуулж, Монгол Улсаа хөгжүүлэх гэж зүтгэдэг бол мөн сайхан аа. Жишээлбэл, Швейцарь орон цагаараа хамгийн алдартай. Нисч очоод тэр олон алдартай брэндүүдийнх нь үйлдвэрлэлийг Монголдоо оруулаад ир л дээ. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд байна шүү дээ. Швейцарийн дэлхийд алдартай Patek Philippe, Audemars Piguet, Vacheron Constantin… өөр ямар ч брэнд байдаг билээ, ядаж нэгийнх нь үйлдвэрийг Монголд байгуулж, давуу эрхийн гэрээгээр хаяанд байгаа хоёр том зах дээрээ зараад сууж байя л даа.

Ингэхийн оронд сая Салхитад салхилж очиж популизм хийсэн шигээ Швейцарьт салхилж очин данс хуулга төдийхөн ярьсан чинь шившиг биш үү. Өнөөдрийн улстөрчдийн нийтлэг дүр төрх ийм л байгаа. Ингэж л ажилладаг. Хонзонгийнхоо төлөө ямар их эрч хүч, потенциал, хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулна вэ. Хонзондоо зориулж буй энэ их эрчим хүчээ улс орныхоо хөгжилд зориулавал мөн ч их хөгжинө дөө. С.Баярцогт гэж нэг сул иргэнд зориулан фронтын шугам нээж байхаар өөр газар нээгээч. Улс орны аж ахуйн салбарт зориулсан фронт нээгээч. Таван толгой нүүрсээ гайгүй зараад эхэллээ. Тариа будаагаа ард түмэн хангалттай бэлдлээ. Мал сүрэг ч өслөө. Ядарсан муу ард түмэн чинь басчиг хөдөлмөрлөж л байна. Та гурвын нэмэр оролцоо гэж энүүнд байсангүй. Хонзон хорсолд зориулсан их нервийнхээ талыг нь ч болтугай нефтийн үйлдвэрт зориул. Бензинийг 1000 төгрөгөөр зараад эхлэхэд л ард түмэн та гуравт алтаар хөшөө босгоно. Та гуравт эрх мэдэл хангалттай бий. Түүнийгээ амьдралд хэрэгтэй зүйлийн төлөө зориул. Ард түмний амьдралд ямар ч хэрэггүй зүйлд зориулаад байна. Интернэт ухахаас өөр эдгүй суугаа С.Баярцогттой ноцолдож яах гэсэн юм. Нэг ёсондоо та гурав өөрсдийгөө доош нь хийж байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Удирдлагыг нь сольсноор шүүх, хяналтын байгууллагын алдаа завхрал үгүй болохгүй


УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-ҮАБЗ шүүх эрх мэдэл рүү халдаж, Үндсэн хууль зөрчиж байна гэж сөрөг хүчний зүгээс үзэж байгаагаа илэрхийллээ. Та хувь гишүүнийхээ зүгээс энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулиар зохицуулагдаж байгаа засаг төрийн эрх барих хүчний хуваарилалтын тэнцвэр алдагдах аюул нүүрлэж байна гэж харж байна. Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хянах зэрэг эдгээр хүчин зүйлүүд хоорондоо тэнцвэртэй байх ёстой. Хүчийг зөв хуваарилах хэрэгтэй гэсэн үг. Аливаа нэг хүчний эрх мэдэл нь хэтэрч болохгүй. Магадгүй хууль тогтоох байгууллага нь илүү эрх дархтай болчихвол хууль тогтоох байгууллагын хүчийг ашиглан өс хонзон авах хэрэгсэл болгох эрсдэл нүүрлэж мэдэх юм. Тэр дунд улстөрчдийн нөлөө орох вий гэж бодож байна. Гүйцэтгэх засаглалын тодорхой байгууллагад очих хяналт нь хэтрэх вий гэх асуудал нь туйлын эмзэг юм.

Тэр утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц дайны шинж чанартай гадна, дотны халдлага, байгалийн гамшиг зэрэг тодорхой хүчин зүйлүүдэд тулгарсан тохиолдолд зөвлөлдөх учиртай. Тэр хүнд үед яаралтай зөвлөлдөж УИХ, Засгийн газар зэрэг тодорхой байгууллагуудад зөвлөмж хүргэх үүрэгтэй байгууллага юм. Үүнийг нь ч хуулинд тодорхой заачихсан байгаа. Харин өнөөдөр ҮАБЗ хуулинд заасан эрх үүргээ хэтрүүлэн ашиглах эрсдэл нүүрлээд байгаа учраас дэмжихгүй гэх саналыг илэрхийлсэн.

-ҮАБЗ-д Ерөнхий сайд багтдаг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх засаглалын байгууллагад өөрчлөлт оруулах тухай санал оруулж байгаа нь эргэлзээтэй асуудал гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн. Энэ тухайд?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр олон жил ажилласан парламентын тулхтай улстөрчдийн нэг Д.Лүндээжанцан гишүүний байр суурьтай санал нэг байгаа. Төрийн эрх барих байгууллагуудын хоорондын эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэр алдагдах эрсдэл үүсч болзошгүй гэж бодож байна. Хэрэв тэрхүү тэнцвэр алдагдсан тохиолдолд буцаан тэнцвэржүүлэхэд туйлын хүндрэлтэй шүү дээ. Тиймээс дээрх байр суурьтай санал нэг байгаа юм.

-Шүүх, АТг, проку-рорын байгууллагын удирдлагуудыг сольсноор шүүх, хууль хяналтын байгууллагад байх алдаа завхрал устаж үгүй болох уу?

-Шүүх, прокурор, АТГ зэрэг байгууллагуудын удирдлагыг нь сольсноор шүүх, хяналтын байгууллагын алдаа завхрал үгүй болно гэж бодохгүй байна. Асуудал зөвхөн удирдлагадаа байгаа юм биш. Удирдлагуудыг л солих гэхээсээ илүү алдаа гаргасан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Тийм хууль эрх зүйн орчин нь ч бүрэн дүүрэн бий. Түүнийг ашиглах нь мэргэжлийн ёс зүй мөнөөс мөн. Магадгүй хуулиа дагах хувь хүний зүрх зориг дутаж байгааг үгүйсгэхгүй аргагүй юм. Ер нь бол төрийн эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулснаар өмнөхөөсөө ч илүү алдана гэж бодож байна. Тиймээс байгаа хуулиа л хэрэгжүүлэхэд анхаарах нь зөв.

-Зоригийн хэргээр улс төр хийж шүүх засаглалд халдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан харамсалтай явдал нь Монголын парламентын түүх болоод ардчилсан нийгмийн түүхэнд томоос том хар толбо болсон. Энэ явдлыг ашиглаж маш олон хүн улс төр хийж байна. Улс төр хийсээр ч ирсэн. Өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа энэ хэргийг ашиглан улс төр хийж байгаа нь тун харамсалтай юм. Тэгэхээр хүний үхлээр улс төр хийдэг явдлыг зогсоож, дахин шалгаж үнэн мөнийг тогтоогоосой гэж маш их хүсч байна. Үүн дээр хүн хулгайлсан, эрүүдэн шүүсэн хэрэг ч гарсан. Хуулийн байгууллагын ажлаа хийх явцдаа гаргасан энэ алдааг үнэн зөвөөр нь шалгаж, хэргийг эцэслэн тогтоомоор байгаа юм. Үүн дээр парламентын засаглал, Олон улсын парламентын холбоо, хүний эрхийн байгууллагууд, олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэнээс хойших Монголын Улсын Засгийн газрын тайлан зэргийг эргэж харах ёстой байх. Монгол Улсын парламентын түүхэнд үлдсэн энэ хар толбыг Монголын улс төрөөс гадна ардчилсан орнуудын хувьд анхааралтай ажиглаж байна. Энэ асуудлуудыг үнэн зөв шийдэж чадах эсэхээс манай хуулийн байгууллага болоод ардчилсан засаглалын бат бөх байдал харагдана гэж бодож байгаа.

-Хуулийн байгууллагын алба хаагчид хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж байсан нь нотлогдож байгаа гэж Ерөнхийлөгч хэлсэн. Тэр дундаа Зоригийн хэрэгт ял эдэлж буй хүмүүсийг эрүүдэн шүүсэн талаар зарим улстөрч ярьж байгаа. Та тэр талаар баримт сэлт олж үзсэн үү?

-Эрүүдэн шүүж байгаа нь нотлогдох юм бол тэрхүү явдал нь хүний эрхийн түгээмэл тунхаглал болон эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд бүрэн шийдэгдэх ёстой. Олон улсын парламентын холбооны хурал дээр очиход ч гэсэн Монголын парламентаас асуух гол зүйл нь энэ л байна. Тиймээс бид үүн дээр юу гэж хэлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Нийгмээрээ нэг байр суурьтай байх ёстой гэж бодож байна.

Нөгөө талаараа засч залруулах, шалгаж тогтоох ёстой гэмт хэрэг С.Зоригийн хэргээр хязгаарлагдахгүй. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, ял завших гэх мэт олон асуудлууд бий. Шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргах шаардлага байсаар байна. Мэдээж шүүх, хууль хяналтын байгууллагад ажлаа шударгаар хийж байгаа хүмүүс бий гэдэгт би итгэлтэй байдаг. Шударга шүүгчдэд бодож суугаа зүйл байгаа л байх. Тиймдээ ч тэр хүмүүсийн ажлыг үгүйсгэхгүй байхын төлөө дуу хоолой нь болохыг хүсч байна.

-Та НББСШУ-ны байнгын хорооны хурлын үеэр тус байнгын хорооны даргад нэр дэвшсэн. Хурлын үеэр Д.Оюунхорол гишүүнийг Байнгын хорооны даргаас нэрээ татна уу хэмээн хэлж байсан. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ?

-Өнөөдөр (өчигдөр) Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын сонгууль явагдсан. Нэр дэвшүүлэхдээ тулхтай улстөрч гэдэг зарчмаар явах ёстой юм уу, эсвэл Монголын нийгэмд бугшсан асуудлуудыг засч залруулахын төлөө шударгаар явах уу гэдэг асуудлыг ярих ёстой болов уу. Үүн дээр намуудын до-тоод асуудал харагдаж байгаа. Намын бодлого гээд буруу зөвийг хаацайлах зам руу явах ёсгүй гэж боддог. Ер нь намууд шинэчлэгдэх цаг болсон.

Намын санхүүжилт, намын шийдвэр гаргах процесс, намуудын бугшсан, илжирсэн, ялзарсан байдал ил гарах цаг ирсэн.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Сэнгэдорж: Найруулагч хүн асуултын тэмдэг байх хэрэгтэй. Би ингэж л хэлдэг

Хошин урлагийг үндэслэгч домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны шинэхэн уран бүтээл болох Би нар кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Найруулагч хүний хувьд хүүхдийн кино хийхийг боддог байсан гэж хэлж байсан. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Хүүхэд нас маань Тавдугаар хорооллын Тээврийн товчооны хойгуур л өнгөрсөн дөө. Хотын хүүхдүүдийн бага нас яаж өнгөрдөг, тэр маягаар л өнгөрсөн. Тухайн үед биднийг бага байхад аав, ээж сургууль амрангуут л хөдөө эмээ, өвөөгийнх рүү мал дээр аваачаад л орхичихдог байсан.

-Хүүхэд нас хүний төлөвшлийн нэг хэсэг гэж хэлж байсан. Хүүхэд наснаасаа авсан хамгийн том төлөвшил, хүмүүжил юу байв?

-Гэр бүл. Гэр бүлийн хүмүүжлээс хүний ирээдүй тэр чигээрээ зурагдаж байдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх нь ерөөсөө л гэр бүлээс шалтгаалж байгаа юм. Миний хүүхэд насны ертөнц урлагийн гэр бүлд өнгөрсөн. Ээж маань Авирмэд гэж эмч хүн. Аав маань жүжигчин. Тэгэхээр манайх сэхээтэн гэр бүл болж таарч байгаа юм л даа. Сэхээтэн айлд тэр үед юу байх ёстой бүгд л байдаг байлаа. Буйдан, босоо толь, томоо шкаф гэдэг ч юм уу. Аав гадагшаа явахдаа авчирдаг байсан. Заавал пянз тоглуулагч байна. Манайд их олон пянз байдаг байсандаа. Гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн хүмүүжлээс өөрийнхөө төлөвшлийг олж авчихаж байгаа юм. Хүүхэд насандаа юу авч байгаагаа мэдэхгүй л өсдөг шүү дээ. Бидний бага насанд ном их уншдаг байсан. Зурагт 18-23 цагийн хооронд л гарна. Аав дандаа орос суваг үздэг. Оросын соёлыг илүү их үздэг байж. Энэ бүхэн л төлөвшлийг өгсөн байгаа юм. Өсвөр нас руугаа орохоор тэр төлөвшил гэгч зүйл тогтож эхэлдэг. Аав маань намайг жүжигчин ч юмуу, найруулагч болгоно гэж хэлж байсангүй шүү дээ.

-Хүүхэд нас, гэр бүлийн тухай өгүүлэх энэ киногоор нийгэмд юу хэлэхийг зорив. Сүүлийн үеийн кинонууд нийгмийн хар бараан өнцгийг түлхүү үзүүлээд байна гэх шүүмжлэл байдаг?

-Миний хувьд энэ бүхний хариултыг үзэгчдэд үлдээх дуртай. Гэхдээ энэ киногоор юу илэрхийлэхийг зорьсноо тайлбарлаж болно л доо. Харин урьд урьдны кинонуудынхаа санааг үзэгчдэд үлдээж, тэд өөр өөрсдийн өнцгөөсөө шанагадаж аваасай гэж боддог. Хэлэх гэсэн санаагаа найруулагч нь хэлээд байвал нэг ёсондоо сурган хүмүүжлийн тулган шаардалт болно биз дээ. Энэ киноны хувьд гэр бүлийн уур амьсгалыг илүү гэгээлэг, цагаан өнгөөр харуулахыг зорьсон гэж хэлж болно. Нийгмийн хар бараан зүйлсийг хүмүүс бүгд л харж байна. Тэр болгоныг яг тэр чигээр нь кино хийхдээ биш, эсрэгээр нь гэгээлэг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, сайн сайхан руу хөтөлсөн кино хийх хэрэгтэй болов уу.

Энэ цаг үед байгаа 13 настай хүүхэд болоод аав, ээжийнх нь 13 настай үеийн дүр зургийг энэ кино харуулах юм. Аавынх нь 13 настай үе 90-ээд он гарч зах зээлд дөнгөж орж байгаа нийгмийн ороо бусгаа байдлыг харуулна. Харин ээжийнх нь 13 настай үе 2000 он руу хэлтийж, зах зээл нийгмийн солилцол өнгөрсний дараа гэр бүл дотор юу болсон бэ, тэр бужигнасан нийгэм гэр бүлүүдэд ямар хүчтэй нөлөөлснийг харуулж байх жишээтэй. Ихэнх нь гадагшаа гарч эхэлсэн шүү дээ. Энэ бүхний цаад тал болох далд санаанд нь дугарч байгаа юм. Тэр үеийн нийгмийн шуурганд авьяасаа хаяад амьдралын төлөө орсон залуучууд олон байдаг. Нийгмээс болоод өөр өөрийгөө алдчихсан. Гэтэл хүүхдэд байхдаа би ийм авьяастай байсан. Даанч тэр үед амьдрал болоогүй гэдэг ч юм уу ярьдаг шүү дээ. Тэр өнцгөөс нь авьяас гэж чухам юу юм бэ, хүний авьяас гэдэг ганц урлаг дээр биш бүх л зүйлд байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Мэдээж гурав дахь хэсэг нь 2019 оны 13 настай хүүхэд ямар байна вэ гэдгийг харуулна. Дэлхийн хөгжил хурдацтай явагдаж байгаа. Хөлөө олохгүй энэ олон мэдээлэл дунд тархи оюунаа маш бага ашиглаж байгаа талаар энэ хүүгийн амьдралаар илэрхийлж байгаа юм. Тэр өнцгөөрөө гэр бүлээрээ үзэх ёстой кино. Ганцхан хүүхдийн кино гэх тодотгол жулдаад байна л даа. Гэр бүлийн жанр явж байгаа юм. Гэр бүлийн гишүүд бүгдээрээ суугаад үздэг кино байгаасай гэж бодсон.

-Монголын кино урлаг ямар түвшинд явж байна гэж хардаг вэ?

-Кино урлаг зарчмаараа л явж байгаа. Манайх гажаад, дэлхий тэс өөрөөр явж байгаа юм биш. Явдаг зарчим гэж бий. Юуг хэлээд байна гэхээр 1990-ээд онд нийгэм солигдсоноор ганц кино урлаг биш бүх зүйл эргэсэн. Яг үүнтэй зэрэгцэн кино урлаг хаягдсан гэж хэлнэ. Улсын гэдэг тодотголтой хэдэн байгууллагууд үлдсэн л дээ. Тэр үеэс кино урлаг өндийж, дөнгөж хүүхдийн насан дээр явж байгаа юм. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Олон даваа нугачааг давж байж кино урлаг өдий зэрэгтээ босч ирсэн. Тэгэхээр идэр насан дээр явж байгаа кино урлаг дотор асар их алдаа, оноо байгаа. Байх ч ёстой. Энэ өөрөө дэлхийн киноны зарчим. Бүгд алдаа оноотой гарч ирсэн. Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй. Харин нийгэм солигдсоноос хойших 29 жил дотор кино урлаг босч ирж байгаа юм. Бүх юм сайнтай муутай л байдаг шүү дээ. Жишээ хэлье л дээ. Нэг монгол брэнд гээд оймс аваад өмсчихлөө гэж бодьё. Зарим нь тав хоноод урагдахыг алийг тэр гэхэв. Харин арай үнэтэй чанартай оймс аваад өмслөө. Эдэлгээ нь удаан байж болно. Зүгээр л нэг монгол оймс авч өмсчихөөд Монголын оймс муу гэж ярих утгагүй биз дээ. Ерөөсөө л зах зээлийн элементээр сайнтай муутай зүйлс явж л байдаг. Асар их сонголтыг өөрийнх нь урд тавьдаг болчихсон нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хуучин цагийн социализмийн системийн үзэл суртлаар бүх зүйлийг үндсэн обемаар нь муулдаг эсвэл сайлдаг. Одоо тэгвэл энэ бүгд өөр болсон. Монголын кино сайнтай, муутай байгаа. Мөн үзэгчдийн боловсролын асуудал байна. Үзэгчидээ боловсруулахад орон зай, цаг хугацаа хэрэгтэй биз дээ. 95 оноос хойш үзэгчид солонгос сериалийг маш их үзчихсэн. Тархиа тэгж их угаалгачихсан зрителийн өөдөөс өнөөдөр шууд “Тань руу нүүж явна” шиг кино хийхээр яаж ч бодсон хүлээж авахгүй. Хэцүү зритель болчихоод байна. Нэг талаараа балчир зрителийг хэлж байгаа юм. Яг одоо кино үзэж байгаа зритель 20-30 насны хооронд байна. Мэдээж зах зээлийн хуулиар гаднаас асар их контентууд орж ирсэн. Бидний нүд ч нээгдсэн. Тэгээд ирэхээр зритель аажим аажмаар бүтээлийн кино, массд зориулсан киног ялгаж салгаж эхэлж байгаа юм. Ингээд боловсорч байгаа зрителиүд маань магадгүй 30 жилийн дараа маш гоё болж ирнэ. Яг үүнийг дагаад Монголын кино урлаг ч цуг явж байх ёстой. Монголын киног сайжруулна гээд бүтээлийн кино хийхээр массын зритель 80 хувьтай байна шүү дээ. Иймэрхүү асуудлаас болж зрителийн араас хөөсөн кино хийгддэг. Мөр зэрэгцээд бүтээлийн кинонууд ч хийгдэж байгаа. Монголын кино урлагийг би мундаг байгаа гэж хэлнэ.

-Та 1998 онд анхны бүтээлээ гаргаж байснаас хойш 20 гаруй жил өнгөрчихжээ. Найруулагч хүний ид бүтээх үе хэдийд байдаг юм бэ?

-Найруулагч хүн 40-60 насандаа өөрийгөө ол гэж байгаа юм. 60 наснаас хойш жинхэнэ бүтээлийг хийнэ гэдэг ч юм уу. Найруулагч гэдэг чинь насаараа кино хийдэг хүн шүү дээ. Үхэн үхтлээ кино хийдгээрээ хамгийн гайхалтай мэргэжил. Хэзээ ч бууж өгдөггүй, амьдралыг туулах тусмаа амьдралын мөн чанарыг ойлгож эхэлдэг. Найруулагч хүн идэр залуу насандаа юм юм руу үсчиж, харайж илүү их унших, мэдэх гэж цаг хугацаагаа өнгөрөөдөг. Нэг ёсондоо найруулагчийн мэргэжил, урлагийнхныг спортынхонтой хутгаж болохгүй. Нас нь явлаа, харилаа гэж ярьдаг. Манайхан аливаа зүйлийг шинэ үе, залуу үе, ахмад үе зэргээр үнэлэх гээд байдаг. Тэр хэрэггүй байгаа юм. Харин найруулагчийн мэргэжил нас явах тусмаа улам ихийг хийдэг. 60 наснаасаа жинхэнэ бүтээлээ тавих, соруудаа хийх цаг гэж би ойлгодог. Нэг удаа кино үзэж гарчихаад кафе ороод харих замд мартагдчихдаг кино их байдаг. Энэ манайд ч биш, дэлхийд ч адил. Хүнд үлдэхгүй байна шүү дээ. Гэхдээ хэдэн сар жилээр дотор яваад байдаг, магадгүй тэр киноны нэг жижигхээн текст бүхэл бүтэн хүний амьдралд нөлөөлж байдаг тийм киног л бүтээлийн кино гэж яриад байгаа юм.

Хоёр ертөнцийн буудал драмын жүжгийг та найруулсан. Үзэгчдээс ч их үнэлгээ авсан. Дахин драмын жүжиг найруулах бодол бий юу?

-Би тайзан дээр ухаан орж, өдий зэрэгт хүрсэн. Миний өдий зэрэгтээ яваа минь аавын минь ач буян. Энэ тайз руу очиход хэзээд би бэлэн. Гэвч цаг хугацаа гэж бий. Монголын кино урлагт хийх зүйл их байна.

-Таны кинонууд нийгэмд маш их хүчээ авдаг. Таны ертөнц өөр санагддаг л даа. Найруулагч хүн ямар байх ёстой вэ?

-Би хэлдэг л дээ. Найруулагч хүн асуултын тэмдэг байх хэрэгтэй гэж. Би бол асуултын тэмдэг байх ёстой. Чи намайг нэмэх тэмдэг болгох гээд байна. Би өөрийгөө дэлгэчихвэл та нарт сонин биш шүү дээ. Нэвтрүүлэг болгонд ороод л бүх юмаа задлаад явах онцгүй. Басхүү хамгийн түрүүнд өөрийнхөө үзэл бодлыг олох нь чухал. Өөрийнхөө үзэл бодлоор ертөнцийг харах ёстой. Хүнийхээр биш. Юуны тухай дуугарах гээд байгаа юм бэ гэдгээ өөрийн үзэл бодлоороо нээх ёстой байхгүй юу. Ертөнцийг үзэх үзлээ тогтоох хэрэгтэй. Би ч мөн адил үзэл бодлоо олох гээд явж байгаа хүн. Үзэл бодлоо олчихсон, өөр өөрийнхөө ертөнцөөр бүх зүйлийг харж байна гэдэг найруулагч хүний гол зарчим. Өөрийнхөөрөө хараад эхэлбэл хорвоо дэлхий их өөр харагдана шүү. Би өөрийн ертөнцийг харах өнцгөөрөө киногоо хийдэг.

-Та их нууцлаг хүн шиг санагддаг юм?

-Нууцлаг гэхээр бас арай тохирохгүй. Ер нь энэ бүхэн хоёр үзүүртэй юм л даа. Тайлагдашгүй юм шиг бас баймааргүй санагддаг. Гэхдээ тодорхой хэмжээний утас хөвөрч баймаар байна шүү дээ. Балансыг нь олж харж байх ёстой. Би үзэгчдээр илүү их уншуулах дуртай. Үзэгчдийг уншуулах гээд юм хийхээр урдаас энэ нууц юм байна, найруулагч мэдэж байгаа гээд ойлгочихдог. Үзэгчид болгон өөр өөрийнхөөрөө тайлах ёстой. “Амьдрал” киноны сүүгээр бороо орж байгаа хэсгийг хүн болгон л ойлгочих зүйл шүү дээ.

-Та бүтээсэн кинонуудаа эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байх юм. Энэ хэсэгт ингэх байж гэж харамсах сэтгэл төрөх үү?

-Эргэж хараад харамсах сэтгэл төрдөггүй найруулагч гэж байхгүй байх.

– Та өөрөө найруулж, зохиолыг нь бичсэн Lovers кино байна л даа. Бас л өөр жанрыг кино урлагт түлхээд зоригтой харуулчихсан юм шиг санагддаг.

-Модерн гэж хэлэх юм даа. Шинэлэг орж ирж байгаа урсгал. Хайрыг сексгүйгээр зүйрлэх чинь тэнэг биз дээ. Би хайрыг асар бие биендээ нэвчин орсон, уусчихсан зэрэг асаж байгаа хоёр лаа гэж боддог. Секс бол лаа л байх. Яахав хайрыг секс рүү түлхсэн тийм өнцгийг л харуулсан.

-Найруулагчийн хувьд аливаа уран бүтээлийн сэдэл, санаагаа юунаас олж авдаг вэ?

-Их сонин сонин зүйлээс гарч ирнэ л дээ. Би жанрт баригдахгүй гэж хэд хэдэн кино хийлээ. Драм, мелодрам, tragedy, action, trailer, comedy чиглэлээр хийчихсэн байна. Аль болохоор тархиа савлуулахыг хичээдэг. Нэг жанр дээр төвлөрчихөөд зууралдаад явах онц биш. Энэ дотроос өөрийгөө олж байгаа гэж боддог.

-Энэ үеийн залуучуудын боловсрол, хүмүүжил, харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Одооны залуучуудыг янзын гоё гэж хэлнэ. Яахав хоёр нийгмийн зөрчил явдаг л даа. Нийгмийн энэ зөрчилдөөн хэзээд байх л байх. Энэ зөрчилдөөн дунд залуучууд, ахмад настнууд гэх ойлголт байдаг. Мэдээж уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй гэдгийг хоёр талдаа л ойлгох асуудал юм даа.

-Таны аав Монголын нэрт жүжигчин Л.Жанчивдорж гэдгийг уншигчид андахгүй. Аавынхаа талаар дурсахгүй юу?

-Аавынхаа талаар их ярьсан даа. Тэр хүний цус миний биеэр урсаж байна гэдэг л миний бахархах зүйл. Аавын минь надад үлдээсэн хамгийн том өв хөрөнгө авьяас юм даа. Аав маань орчин тойрныхоо хүмүүст гэрэл цацруулсан тийм л хүн байсан. Би одоо яг аавынхаа үе дээр ирчихсэн байна. Хүн байх хэрэгтэй гэдгийг сургасан. Аавыг маань Монголын ард түмэн надаас илүү мэдэж байгаа байх. Заримдаа гэрлэн дохион дээр зогсож байхад ааваар чинь бахархдаг шүү гэж хэлдэг. Аав маань ард түмэнд хайрлагдаж, хүндлэгдэж явсан нь үр хүүхдэд нь ирдэг юм байна даа гэж боддог.

-Найруулагч хүн жүжигчдийн чадварыг олонд харуулж, таниулахад гол роль нь болж байдаг. Таны хувьд жүжигчдээ сонгохдоо голчлон юуг нь хардаг вэ?

-Намайг кинондоо ихэвчлэн олны танил хүмүүс тоглуулдаг гэж хардаг байх. Найруулагчийн хамгийн авууштай чанар нь жүжигчдээ сонгохдоо Монголын бүх л жүжигчдээс эрэл хайгуул хийдэг. Энэ их авууштай чанар. Театр бол дотроосоо сонгодог. Яагаад тэр олон жүжигчдээс хайгаад байна гэхээр тухайн дүрийн 80 хувь руу очтол жүжигчин наалдаж байвал сонгоно. 10 хувьд нь жүжигчин өөрөө ажиллана. 10 хувьд нь найруулагч ажиллана. Тэгж гэмээнэ тэр дүр илүү бодитой болж байгаа юм. Ямар ч хамаагүй нэг жүжигчнийг авчирчихаад энэ дүрийг бүтээ гэвэл хэцүү шүү дээ. Кино тийм урлаг биш. Энгийн хүмүүсээс хүртэл жүжигчнээ хайдаг шүү дээ. Тэр хүнд дүрийн 80 хувь нь байх ёстой гэж боддог.

-Драм, кино урлаг ялгаатай юу. Найруулагч хүний хувьд ялгааг нь хэрхэн хардаг юм?

-Ер нь бол театр, кино урлаг хоёр метр 50-ийн ялгаатай. Яагаад гэвэл тайз метр 50 дээр байдаг. Дотор нь задлаад хэлвэл үл мэдэг ялгаанууд бий. Тайз мэдээж амьдаар өгдөг. Тэгвэл киног амьдаар өгөх хэрэгтэй. Тийм зарчимтай. Жүжигчнийг амьд юм шиг тоглуулж чадахгүй байна. Тэр өнцгөөрөө тайз, дэлгэц хоёрыг амьд болгох гээд байна. Санаа нь бол нэг зүйл дээр л авчирч тавих гээд байгаа юм. Кино урлаг яруу тансагийн туйл. Бүх урлагууд дотроос хамгийн залуу урлаг. Энэ залуу урлаг бүгдийг шингээж болохоороо гайхамшиг болох гээд байгаа юм. Удахгүй тийм болно. Тийм болгосон найруулагчид ч бий. Кинонд бүгд нэгдэж оруулж ирдгээрээ гайхал. Үүнийг гайхлын хэмжээнд хийх хэрэгтэй.

-Манайхан киногоо Холливудад гаргана гээд л ярьдаг.

-Холливуд мөнгөний дамар. Би хэлээгүй шүү. Энийг Холливудын найруулагчид баталсан. Нэг ёсондоо кино бол бизнес. Холливууд энэ зарчмаар ажиллаж байгаа. Дотор нь эсрэг хүрд ч эргэдэг. Тэр нь бүтээлийн кино. Харин манайхан мөнгөний хүрд рүү орох гээд байна. Нэг талдаа зөв. Гэхдээ Холливудад таалагдах гэж кино хийхдээ биш. Бид тэднийг гүйцэхгүй. Биднээс их хол тасарчихсан. Харин бид сөрж давхих ёстой юм л даа. Тэд хаа хүрэхээр давхиж байгааг олж харах ёстой. Хаана Холливуд очих гэж байгааг мэдсэнээр тэр зүг рүү нь давхиж бид нэг уулзварт уулзаж байвал болох гээд байгаа юм.

-Түүхэн кино нэлээд хийгдэж байна. Түүхэн киног түүхийг бүрэн эхээр нь бус, үнэн зөвөөр гаргаж чадахгүй байна гэдэг. Таны бүтээсэн Босуул кино ч гараад удалгүй хаагдаж байсан?

-Их том чулуу байсан. Би тэр чулууг нь сөхөж харж чадаагүй л дээ. Босуул дээр ч ийм зүйл яригдсан. Түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног хүмүүс түүхэн кино гэж ойлгоод байдаг. Түүхэн кино гэдэг чинь баримтат кино гэсэн тусдаа жанр шүү дээ. Тусдаа жанрыг уран сайхан руу хүчээр оруулах гээд байдаг талтай. Бид яагаад түүхээс сэдэвлэж кино хйиж болохгүй гэж. Хүмүүс яг тэр цаг он, бүх зүйлийг нь дурдуулах гээд байдаг. Тэгвэл уран сайхны зүйл байхгүй болчихно биз дээ. Мандухай сэцэн хатанг түүхээс сэдэвлэж ямар сайхан кино хийв. Гэтэл үнэн түүх дээрээ өөр байсан шүү дээ. Аливаа зүйлийг нухчин дарах гэхээрээ шүүмжлэгч гэхээс илүү доромжлогчид гарч ирж байна. Киноны бөөс түүж үздэг. Энэ кино надад юу мэдрэгдэв гэж боддоггүй. Маш түвэгтэй. Мэргэжлийн кино шүүмжлэгчид манайд байхгүй. Хэд хэдэн кино шүүмжлэгчид байсан гэхдээ одоо байхгүй. Мэдээж шүүмжлэл байж кино урлаг хөгжинө. Гэхдээ мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр нээсэн киног маргааш муулж тавина гэдэг хүний түрүүвч рүү өнгийж байгаа хэрэг. Соёлтой нийгэмтэй газар хүний түрүүвч рүү шууд өнгийдөггүй. Холливудад энэ үнэхээр хөгжиж байгаа. Тэнд киног шүүмжлэх эрх авдаг. Бүх зүйл хууль ёсны дагуу явагддаг.. Шүүмжлэл бол дэлхийд том урлаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайд бол шууд нулимдаг. Нэг талдаа маш бүдүүлэг хэрэг л дээ.

Босуул киног яг юунаас болоод буулгачихсан юм бэ?

-Ерөөсөө л ойлгомжтой асуудал байсан. Тэр кинонд ямар ч намын тухай гардаггүй. Бүгд Найрамдах Монгол Ард Улс л гэж ярьдаг. 2015 оны намар энэ киногоо нээсэн. Тэгээд яахав яг ирэх жил нь сонгууль болох байсан.

-Кино урлаг чөлөөтэй хөгжихөд саад бий юу?

-Мэдээж хэрэг. Урлагийг чөлөөтэй хөгжиж байна гэж бодож байна уу. Бүх урлаг л асуудалтай байгаа шүү дээ. Ганц кино урлаг биш. Киног үзэл суртлын зэвсэг гэж ойлгодог. Би тэрийг зөвшөөрдөггүй. Одоо бол чөлөөт нийгэм. Залуучуудыг буруу зүйлд уриаллаа гэдэг. Яагаад гэвэл нийгэм чөлөөтэй байна шүү дээ. Кино уран бүтээлчид өөрийнхөө санааг тусгасан, харсан өнцгөөрөө яагаад кино хийж болохгүй гэж. Уран бүтээлч хүн уран бүтээлчээрээ л байх ёстой. Дэлхийн кино урлаг, улам дотогшоо чиглэж байна. Цэвэр хүний дотоод сэтгэл рүү чиглэж байна.

-Таны гэр бүл олны өмнө тэр бүр ил байдаггүй.

-Нэг талдаа гэр бүлээ нууна аа нууна. Манай гэр бүлийн хүн бүжигчин мэргэжилтэй. Үндэсний ардын дуу бүжгийн театрт ажиллаж байсан Солонго гэж бүсгүй бий. Бид гурван хүүхэдтэй. Эхнэр маань бүжгийн тайз руугаа удахгүй буцаад гарах байх. Миний хамгийн том шүүмжлэгч миний эхнэр. Маш нарийн мэдрэмжтэй.


Categories
мэдээ цаг-үе

П.Оюунчимэг: 35 хүнийг 10 метр квадрат хүрэхгүй байранд хорьсон тохиолдол байна

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Хүний эрхийн үндэсний комиссоос хорих ангиудад хяналт шалгалт хийсэн гэсэн үү?

-Энэ сарын 14-нд Дарханы 435, 445 дугаар хорих ангид манайхаас гэнэтийн үзлэг шалгалт хийсэн. Дарханы цагдан хорих байр, цагдаагийн баривчлах байр, эрүүлжүүлэх байр, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэсэн үг. Дарханы хорих ангийн үйл ажиллагаа нь тогтворжсон юм. Хорих ангиудын нөхцөл байдлын хувьд шаардлага хангахгүй зүйлүүд байсан. Дархан-Уул аймгийн төв дээрх хорих ангиудад хоригдлуудын хөдөлмөр эрхлэлт явагдаж байна лээ. Тухайлбал, түүхий ноос авч, эсгий хийдэг үйлдвэр бий. Гар урлалаар сийлбэр, бэлэг дурсгалын зүйлүүд хийж байгаа юм билээ. Оёдлын цехэд эсгийгээр оёмол бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлдэг. 445 дугаар хорих ангийн ялтнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд, дотоод орлогоо бүрдүүлж байна. Нийт ялтнуудын хөдөлмөр эрхлэлтэд хамаарч буй байдлыг ажиглахад тэгш оролцоотой байна лээ. Гол зорилго нь хөдөлмөрийн дадал зуршил олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хохиролтой ялтнуудын хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөр бүхэн үнэлгээтэй юм билээ.

-Дарханы 435 дугаар хорих ангийн нөхцөл байдал нь ямар байна вэ?

-435 дугаар анги бол аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж ажилладаг. Хоригдлууд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөггүй. Хямд ажиллах хүчээр аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа юм билээ. Ингэхээр хоригдлын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа санагдсан. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэт доогуур байгаа тохиолдолд хохирлын нөхөн төлөлт муу байхаас аргагүй дүр зураг ажиглагдсан. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хоригдлын хөдөлмөр хөлсний үнэлгээний асуудалд өөрчлөлт хийх цаг нь болжээ. Үе үеийн хорих ангиудын ялтнуудын хөдөлмөр эрхлэлтийг ажиглахаар хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ямагт доогуур байдаг үнэлэмжүүд бий.

-Өөр ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Тодорхой хэмжээгээр эрх чөлөө нь хязгаарлагдаж байгаа хүмүүс. Тиймээс анги удирдлагаас шалтгаалж, өөрсдөө нийгэмд хэрэгтэй зүйл хийх ёстой юм байна хэмээх аянг өрнүүлжээ. Дарханы 435 дугаар хорих ангид хорих байгууллагын түүхэнд анх удаа Үндсэн хуулийг хуучин уйгаржин монгол бичгээр торгон дээр зүү ороож, оёж бүтээл туурвисан байна лээ. Зүү орооно гэдэг их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Аливаа зүйлийг анхаарал сэрэмжтэй хийж, хариуцлага гэдэг зүйлийг ойлгож байгаа юм. Үндсэндээ тэнд ямар нэг ажлаар дамжуулж, тухайн хүний хүмүүжил, нийгмийг үзэх үзэл хандлагыг өөрчлөх арга барил явагдаж байсан. Хоригдлын байрны хувьд Мэргэжлийн хяналтаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн үед хорих ангийн дарга нарын хийж буй ажил нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо тухайн оршин сууж байгаа аймаг, орон нутаг, олон улсын байгууллагуудтай хамтраад хүнсний ногоо тарьдаг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм билээ. Үүний дагуу Дарханы хорих анги өвлийн хүлэмж авч, хүнсний бүх төрлийн нарийн ногоонуудыг тарьж байсан. Нэг хэсэг ялтнууд ямар ч хөдөлмөр хийхгүй, тэднийг улс тэжээж байна гэсэн хандлага явдаг байв. Үүнийг өөрчилж, хөдөлмөрөөр өөрийгөө засах, ямар нэг чиглэлээр мэргэших, өөрсдийнхөө амьдралд хүмүүжлийн нэг хэлбэр суулгаж байгаа нь ажиглагдсан.

-Цагдан хорих байрнуудын ажиллагаа нь ямархуу байсан бэ?

-Дарханы цагдан хорих байранд очиж ажилласан. Барилга нь нэлээн удаж байгаа. Багтаамжийн хувьд боломжийн. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн ангилалтай. Стандартын дагуу үйлчилж байна лээ. Баривчлах байрны асуудал санаа зовоосон. 2021 он хүртэл баривчлах ялаар шийтгэсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага хүлээж авна гэсэн зохицуулттай болсон. Ингэхээр цагдаагийн байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, байр, орон сууц бэлтгэгдээгүй. Орхонд баривчилгааны байрны даац хэтэрсэн. 35 хүнийг 10 метр квадрат хүрэхгүй байранд хорьсон байна. Аливаа нэг хууль, дүрэм журам заавал судалгаан дээр үндэслэгдэж, боловсорч, хийгдэх ёстой. Мөн эрүүлжүүлэх байрны асуудал тулгамдсан. Үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага эрүүлжүүлэх ажиллагааг дагнаж, төрийн хамгаалалтын байранд ажиллагаа явуулдаг. Тэгэхээр хүний амь нас эрсдэх, ямар нэг байдлаар аюулд орох асуудлыг төр өөрөө хариуцаж байгаа гэсэн үг. Энэ ч үүднээс санхүү төсвийн асуудлыг гаргаж тавих цаг болжээ. Баривчлах байр, эрүүлжүүлэхтэй холбоотой асуудлыг сүүлийн арван жил УИХ болон бусад байгууллагад байнга хяналт шалгалттай гаргаж тавьж байгаа. Авч байгаа арга хэмжээ нь үнэхээр нөхцөл байдалтайгаа уялдахгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн цагдан хорих төв бол хүн ажиллах боломжгүй газарт үйл ажиллагаа явуулдаг. Төвөөс алслагдмал аймаг. Тэнд тусгай бодлогоор ажиллах цагдан хорих, баривчлах, эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг сайжруулахгүй бол цагдаа, шүүхийн байгууллага ашиглаж болохгүй байна. Төрийн өмнө тангараг өргөсөн ажилтан алба хаагч нар өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Энэ утгаараа ажлаа хийж байгаа. Иймээс уг асуудалд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй эрсдэл ихтэй байна.

-Хөдөө орон нутгийн хорих ангийг нийслэлийн хорих ангитай харьцуулахад нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөдөө орон нутгийн хорих ангийн ачаалал бага байдаг. Хотын хорих ангиудад шалгалт байнга хийдэг. Ачаалал ихтэй. Амгалангийн 421, 409 дүгээр хаалттай хорих анги зэрэг нь ачаалал ихтэй. 409 дүгээр хорих анги 1000 хоригдлын байр гэж баригдсан. Дотроо үйлдвэртэй. Ахуй, ажилтнуудаа ажиллуулж буй байдал, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал нь сүүлийн үед жишиг болж буй юм. 2016 онд ашиглалтад орсон. Хоёр давхар нь үйлдвэрийн зориулалттай. Гутал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн хийнэ. 70 орчим суурь машин дээр оёдлын цехүүд ажиллаж байна. Хөдөлмөрийн талбар сүүлийн үед хорих ангиудад түлхүү орж ирж байгаа. 421 дүгээр ангид гадаад иргэд олон бий.

-Хорих ангид шүүгч амиа алдсан. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үү?

-Цагдан хорих байранд хүн амь насаа алдаж байгаа тохиолдол цэвэр хариуцлагын асуудал. Тухайн хүн 24, 12 цаг камерын ард суух ёстой бол тэндээ байх ёстой. Харин хүн нойл орох, завсарлах шаардлага гарвал түүнийг заавал хянах хүн байх ёстой. Хоёрдугаарт, төсөв санхүүгийн асуудал яригдана. Хорих байранд камерын хяналтуудыг суурилуулж байна. Хорих ангид тухайн хүний аюулгүй байдлыг хангах, хүн өөртөө эрсдэлтэй ямар нэг алхам хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд камер ажиллаж байна. Камер нэртэй хаана, юу байгаа нь мэдэгдэггүй зүйл байх шаардлага алга. Бид камерын асуудлыг сүүлийн долоо, найман жил ярьж байна. Камерын хяналтын системийг чанаржуулах ёстой. Тэгэхгүй бол зарим хэсэгт харагддаггүй тохиолдол олон бий. Чанартай камертай бол ямар нэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хурдан явагдана. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих ангид ял эдэлж байгаа. Хууль зүйн сайд Ц.нямдорж дээрх хоёр хүний ар гэрийнхнээс уучлалт хүссэн. Хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрх нь зөрчигдсөн үү?

-Манайд янз бүрийн санал хүсэлт, гомдол их ирдэг. Бид байнгын хяналт, шалгалт хийдэг. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг нууцын зэрэглэлтэй. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

Б.ЧИМЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дарга нарынхаа бидэндээ үзүүлэхээр бэлдсэн эрүүдэн шүүлтийн бичлэг дээр юу гарах бол гэхээс нойр хүрдэггүй ээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дарга нарынхаа бидэндээ үзүүлэхээр бэлдсэн эрүүдэн шүүлтийн бичлэг дээр юу гарах бол гэхээс нойр хүрдэггүй ээ” хэмээн өгүүлжээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн: Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна гэж “Улс төр” нүүрт ярив.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Муу нэртэй хүмүүсээсээ шүүх, прокурор, АТГ салахгүй бол нийт системийг чинь хэнд ч хэрэггүй болгож байна хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор, ЭСҮТ-ийн зөвлөх эмч Ш.Энхтуяа: Манай эрүүл мэндийн эмчилгээ, оношлогоо сайжирч байгаа хэмээн “Эмч” нүүрт ярилаа.

“Comedy lab” клубийг үүсгэн байгуулагч Б.Гантулга: Reborn буюу дахин төрөх гэсэн утгаар нүцгэн зураг даруулсан хэмээн “Цаг үе, залуус” нүүрт ярьжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүж байгааг нь мэдсэн ч нууцын зэрэглэлтэй хэргийн талаар олонд дэлгэх эрх бидэнд байхгүй хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бичлэгийг жүжигчилсэн тоглолт маягаар олон нийтэд үзүүлэх хэрэгтэй гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Улаанбаатарт өнгөрүүлсэн Өвөр Монгол оюутнуудын нэг жил” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

Геологичид “Тусдаа албатай болохыг төрөөс хүсээд 11 жил болж байна” гэв хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлэв.

“Газар газрын “гоогоо” хоолнууд” хэмээн “Ертөнцийн сонин хачин” нүүрт өгүүлжээ.

“Интерполын экс дарга асныг авлигын хэрэгт буруутгажээ” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт бичжээ.

“Хануй фильм”-ийн тэргүүн мисс А.Баярцэцэг: “Хаадын тоглоом” киноны ерөнхий найруулагч Дэвид Петрарка Монголд ирнэхэмээн “Дуулгах сонин” нүүрт ярьжээ.

“Өдөр тутмын сонин үнэ цэнээ алддаггүйн учир” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ