Categories
мэдээ нийгэм

Он дамжин хэрэгжиж, гүйцэтгэл нь удаашралтай байгаа сургуулийн барилгын ажлыг яаравчлууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэстэй хамтарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай 126 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцаж, гадна фасад, хөөсөн дулаалгын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж, хугацаатай үүрэг, чиглэл өглөө.

“Немон” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж 11 дүгээр хорооны 847 хүүхэд Ботаник дахь “Амгалан” цогцолбор, Улаанхуаран дахь “Баянзүрх” цогцолбор сургуулиудад суралцахын тулд өдөр бүр 7 км явж байна.

126 дугаар сургуулийн барилгын ажил 2011 онд эхэлжээ. Энэ хугацаанд газрын маргаан, зураг, төсвийн өөрчлөлт, зарим жил төсөвт санхүүжилт суугаагүй зэрэг шалтгаанаар хойшилсоор өдий хүрлээ гэж гүйцэтгэгч “Немон” ХХК-ийн ерөнхий менежер Х.Булганхангай тайлбар хийж байна.

Сургуулийн захирал Э.Галхүүгээс тодруулахад, гүйцэтгэл нь 2017 онд дуусах ёстой байсан ч, одоог хүртэл ажил нь сунжирсаар байна. Гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт 795 сая төгрөг нь 2019 оны Улсын төсөвт тавигдсан боловч ажил нь эхлээгүй өдий хүрлээ. Олон зуун хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, эцэг, эхчүүд бухимдалтай байна гэсэн юм.

БСШСЯ-ны Санхүү , хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа өнөөдрөөс эхлэн ажиллах хүч, туслах ажилчдын тоо, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, энэ оны 5 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх 34 ширхэг эхо аппаратыг ашиглаж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн.

“HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ургийн оношилгоог хийх давуу талтай.

Нийт гурван төрлийн датчиктай бөгөөд хэвлийн буюу гүдгэр датчик /EUP-C715/ нь хэвлийн хөндийн дотор эрхтнүүдийг харах боломжтой бол, шугаман буюу шулуун датчик /EUP-L74M/ нь зүрх судас, хөх, бамбай зэрэг эрхтэнд оношилгоо хийнэ. Харин гурав дахь датчик буюу 3D/4D буюу /EUP-CV724/ нь эх барих, эмэгтэйчүүд болон ургийн гаж хөгжлийг оношлох боломжтой.

Уг аппарат нь цуллаг эрхтний хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм.

Мөн элэг болон бусад цуллаг эрхтэнд үүссэн голомтот өөрчлөлт, хавдрын хэмжээг нарийвчлан тооцоолно. Ялангуяа цуллаг эрхтний, тэр дундаа элэгний хатуурлын зэргийг тодорхойлох Эластография программтай юм.

Энэ нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр цогц байдлаар хэрэгжиж, элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чухал алхам боллоо. Ийм хүчин чадалтай аппарат өмнө нь нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаагүй болно

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжлээ

Өчигдөр /2019.03.28/ НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмблэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг хэлэлцсэн.

Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсож саналаа хэлж, цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Бүтцэд орж байгаа өөрчлөлт нь Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гол зорилготой нь нийцүүлж орлогч болон төсөл хөтөлбөр хариуцсан удирдагчдыг томилно. Тухайн төслийн удирдагч нар зөвхөн өөрт харьяалагдах асуудлыг л бүрэн дүүрэн хариуцаж ажиллах нь илүү үр дүнг авчирна гэдэгт би итгэж байна. Тиймээс зөвхөн Агаар орчны бохирдол хариуцсан төсөл хөтөлбөрүүдийн удирдагч, зөвхөн замын тээвийн асуудал хариуцсан төсөл хариуцсан гэх мэтээр үүрэг хариуцлагыг нь тодорхой болгосон.

Цаашлаад Улаанбаатар хотын хувь заяаг дөрвөн жилээр шийддэг биш 30, 40 жилээр төлөвлөж, бусад хөгжилтэй улс орнуудын жишгээр хөгжих үндэс суурийг тавьж ажиллана. Ингэхийн тулд замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэл, барилга хот байгуулалт, үйлдвэрлэл инноваци гэх мэт чиглэл бүрээр мэргэжлийн баг бүрдүүлж нэгдмэл бодлого, нэг зохион байгуулалтайгаар ажиллах зорилгоор энэхүү бүтцийг хийсэн. Тамгын газар, агентлаг, харьяа газрууд, орон нутгийн өмчит төсөвт байгууллагууд нь тус тусын үүрэг, хариуцлагаас үл шалтгаалан нийслэл нэг бодлоготой байна” гэдгийг онцоллоо.

Төлөөлөгчдийн олонхи нь бүтцийн өөрчлөлт болон төсвийн тодотголыг дэмжиж баталлаа. Ингэснээр нийслэлийн Засаг дарга Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн хоёр орлогчтой болж байгаа бол Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч, Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч, Агаар орчны бохирдол хариуцсан Төслийн удирдагч, Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч гэсэн тус бүр чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллахаар болж байгаа юм.

Мөн нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хэрэгжүүлэгч 33 агентлагаас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучдын хөгжлийн газар гэсэн хоёр газрыг нэгтгэж, Гэр бүл хүүхэд залуучуудын газар болгон өөрчилж байгаа бол шинээр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчины аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг нэмж байгуулснаар нийт 34 агентлагтайгаар Нийслэлийн Засаг дарга үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн дахин сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд үймээн үүсгэж байна

Гуравдугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн X, XIX дүгээр тойрогт дахин сонгууль болсон. Сонгуулийн дүнгээр 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 55.2 хувь, МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 19 дүгээр тойрогт 52.7 хувиар хамгийн олон санал авсан байдаг.

Өнөөдөр тус дүүргийн ЗДТГ-ын байранд дахин сонгуультай холбоотой асуудлаар маргаан үүсгэж, иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Цуглаж үймээн үүсгэсэн иргэд хууль бус сонгууль болсон, мөнгө тараасан хэмээн үзэж зарим төлөөлөгчдийн буруутган байр сууриа илэрхийлж байгаа аж.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын хурал ирэх сарын 19-нд товлогдсон. Тус хурлаар дахин сонгуульд ялалт байгуулсан МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам, Б.Галхүү нарыг албан ёсоор батламжлах асуудал яригдах юм. Эдгээр нэр дэвшигчдийн хувьд түр үнэмлэхээ авсан ч бүрэн эрх нь хараахан хэрэгжиж эхлээгүй байна.

Тус дүүргийн АН-ын зүгээс сонгууль анхнаасаа хууль бус байсныг мэдээлж, энэ сонгуульд оролцоогүй хэмээсэн. Түүнчлэн бие даан нэр дэвшигч н.Уламбаяр АН болон МАН-ыг мөнгө тараасан хэмээн үзэж шалгуулах хүсэлтээ хуулийн байгууллагад гаргаад буй. Сонгуулийн тухай хуулийн 70 дүгээр зүйлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага хянан, шийдвэрлэх зохицуулалтын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Монголд угсрах “ТВС-2 МС” хөлгийг түймэр унтраахад ашиглах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх талын оролцоог хангах, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудад 2017 оны 12 дугаар сард үүрэг, чиглэл өгсөн. 2018 онд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь хэлэлцүүлэг юм. Болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг бууруулахад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын үүрэг оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагаа онцгой чухал гэдгийг тэмдэглэн хэлье. “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдвийг хөндөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна.

Монгол Улсад өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан статистик байна. Гал түймэр нь эдгээр нийт тохиолдлын 90 гаруй хувийг (объектын гал түймэр 84%, ой хээрийн түймэр 3.2%), гамшиг осолд өртөж амь насаа алдсан хүний 33 хувийг (объектын галд 31.7%, ой хээрийн түймэрт 1.5%) эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болсон.

ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох галын тоогоор 57 орноос 40-д, 100 мян.хүн тутамд нас барсан хүний тоогоор 9-д, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.

Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа гал түймэр нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдэлтэй холбоотой байна. Учир нь обьектын түймэр гарч буй шалтгааны 60 шахам хувь, ой хээрийн түймрийн тэн хагас нь хүний буруутай үйлдлээс үүдэж гарснаас тодорхой харагдаж байна. Гал түймэрт өртсөн нэг га ойг нөхөн сэргээхэд 2500 орчим суулгац шаардлагатай. Энэ нь ой болоход 90 жилийн хугацаа зарцуулагдана.

Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй хохирлыг бууруулах чиглэлээр техник, технологийг ашиглах шаардлагатай. Нэн ялангуяа шатахуун бага зарцуулдаг, эдийн засгийн үр ашигтай, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд нислэг үйлдэх чадвартай бага оврын нисэх онгоцыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах нь зүйтэй байна. Тухайлбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан Монгол Улсад угсрах гэж буй “ТВС-2 МС” агаарын хөлгийг ой хээрийн гал түймэр унтраах, шүхэрчдийг тээвэрлэх, агаараас эрэн хайх ажиллагаанд ашиглах боломжтой юм.

Иймээс иргэн хүний санаатай, санамсаргүй буруутай үйлдлээс урган гарч буй гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоог хангахад анхаарлаа хандуулж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, шийдлийг энэ хэлэлцүүлгээс гаргаж, бүх түвшинд хариуцлагатай хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна.

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хөндүүр сэдвүүдээр миний бие хэлэлцүүлэг санаачлан хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Ингээд “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье!” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын “Гал түймрийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудал” илтгэлийг сонсов.

Categories
мэдээ улс-төр

“Dubai Cares” байгууллагын санхүүжилтээр дөрвөн цэцэрлэг барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын “Dubai Cares” байгууллагын гүйцэтгэх захирал Тарик Аль-Гургтай уулзлаа.

Ноён Тарик Аль-Гург уулзалтын эхэнд Монгол Улсын БСШУСЯ-тай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Та бидний энэ уулзалт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АНЭУ-ын Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Рийм бинт Ибрахим нарын уулзалтаар яригдсан хамтын ажиллагааны саналуудын үргэлжлэл гэдгийг тодотгов.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг манай яам төдийгүй Монгол Улсын Засгийн газрын тулгамдсан асуудал болоод буй хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд БСШУСЯ болон АНЭУ-ын “Dubai Cares” байгууллагын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэ хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр болов.

Уулзалтад Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжи, БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцов.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч монтажилж чадахгүй

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тухай 27 минут 5 секундын нууц бичлэгийг өнөөдөр Төрийн ордонд өндөржүүлсэн хамгаалалтын дор сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

Уг бичлэгийг өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бөгөөд өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон хууль хяналтын байгууллагын төлөөллүүд бичлэг үзэхэд хамт байв. Энэ бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж байна.

Ц.Нямдорж сайд, Би хэвлэлийнхэн та бүхнээр дамжуулан Содномдаржаа, Чимгээ хоёр болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Харин одоо уг хэрэгт холбогдож, гэр бүлээрээ шатаагдсан Отгонбаатар гэж залуугийн ар гэрийнхнээс Монголын төр уучлалт гуйж байна.

Энэ хэрэг шийдэгдсэнээс хойш 3 жил 8 сар, би энэ асуудлыг судалж эхэлснээс хойш 2 жил 6 сарын хугацаа өнгөрлөө. Асар их хугацаа өнгөрсөн. Би энэ асуудлыг шийдээд, энэ хүмүүсийг явуулаад өгөөч гэж Ерөнхий прокуророос их гуйсан, шийдэгдээгүй юм.

Үхтэл үр харам гэж үг бий. Хүүхдүүдийнхээ төлөө маш их санаа зовж явсан Чимгээ, Содномдаржаа, нас барсан Отгонбаатарын ээж гэсэн энэ гурван настай хүнийг амьд байхад “Танай хүүхдүүд хүний аминд хүрээгүй” гэдгийг нотлохыг хүсэж байгаа юм.

Энэ тамлах ажиллагаа 3 үе шаттай явагдсан. 2013 оны 8 сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа эхэлсэн. Чимгээ, Содномдаржаа нарыг харьяаллын бус АТГ-т аваачиж, гүйцэтгэх ажил явуулсан.

Тэгж тэгж явсаар шийтгүүлснээс хойш энэ гурван хүнийг Ганц худагийн хамгийн чанадад, хүн оруулж болохгүй газарт хорьсон. Чимгээгийн ээжийг эргэлтээр очиход оруулаагүй. Нэгэнт ял шийтгэгдсэн хүнд хуулийн хугацаа нь болсон бол эргэлт оруулах ёстой.

ШШГЕГ-ын сервэрээс сэргээсэн бичлэг. Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч монтажилж чадахгүй. Монголд ШШГЕГ гэж байхгүй болсон гэв.

Ер нь энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс бол 4-5 прокурор. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, зохион байгуулах тэр бүх ажлыг орлогч прокурор Г.Эрдэнэбат хариуцаж ажилласан. Нэг хүн энэ бүх шат дамжлагыг хариуцдаггүй хуулийн зохицуулалттай.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбар “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөнийг зохион байгуулна

Уул уурхайн үндэсний ассоциацаас ирэх дөрөвдүгээр сарын 03-нд “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн сүлжээг ашиглан зохион байгуулах энэхүү хөдөлгөөний зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро түвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэл тулгуурлан харуулах, хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлгол өгөхөд чиглэх юм байна.

Энэ хүрээнд бүтэн нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ гэдгийг салбарын яам, агентлаг болон Үндэсний статистикийн хорооны тооцоолж гаргаснаар олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Судалгааны дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8.1 тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж.

Нэг хоногт уул уурхайн салбараас төвлөрүүлж буй мөнгөний 40 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар эзэлдэг байна. Энэ мөнгөөр 50 өрхийг орон сууцжуулах боломжтой. Дээрх 8.1 тэрбум төгрөгийн 10 хувийг уул уурхайн салбарын нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлдэг бөгөөд үүгээр 37720 төрийн албан хаагчийн нэг сарын цалин, 70887 өндөр настны нэг сарын тэтгэврийг өгч болох ажээ. Эсвэл 24 цагийн дотор уул уурхайгаас оруулж буй нийт мөнгөөр 1000 хүүхдийн цэцэрлэг барьж болно.

Эсрэгээрээ уул уурхайн салбар нэг хоног сул зогсох юм бол эдийн засагт мөн ийм хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Зөвхөн ийнхүү мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг шимээр хэмжиж болно. Энэ талаарх мэдээллүүдийг “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөний үеэр олон нийтэд нээлттэй түгээх ажээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар олон нийтийн сүлжээнд “24 цагийн зогсолт” хийх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Энхтуяа: Манай эрүүл мэндийн эмчилгээ, оношлогоо сайжирч байгаа

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨРТ


Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор, ЭСҮТ-ийн зөвлөх эмч Ш.Энхтуяатай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Эмгэг судлалын чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би 1981 онд Анагаахын дээдийг төгссөн. Тухайн үед, 1980 онд одоо ажиллаж байгаа Эмгэг судлалын үндэсний төвийн дарга маань хичээл заасан юм. Бидэнд зургадугаар курсээсээ эмгэг судлаачаар ажиллах сонирхол байвал манайд нэг жил ажиллаж болно гэж хэлсэн юм. Тэгээд зургадугаар курсээ төгсөж болно гэсэн л дээ. Ингээд гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад зургадугаар курстээ тэнд ажиллахаар шийдсэн. Бүх хичээлээ орхиод ажилласан анхны хүн нь би. Зургадугаар курсээ оруулбал 39 дэх жилдээ ажиллаж байна даа. Тухайн үед энэ чиглэлийн эмч нар аймаг бүрт нэг нэг байлаа.

-Эмгэг судлаач мэргэжилтнүүд өвчтөнүүдтэй уулзаад байдаггүй. Оношийг нь тогтоодог хүн байх аа?

-Тэгэлгүй яахав. Миний мэргэжил өвчтөнүүдтэй харьцаад яваад байдаггүй. Бид ердөө эмчтэй харьцдаг. Үндсэндээ өвчний оношийг тавьж байдаг мэргэжил юм. Хүний биеийн бүх эд эрхтэнг эсийн түвшинд нь онош тавьдаг. Бидний мэргэжил хүний эд эрхтэнг бүрэлдүүлж байгаа эд эс, тэдгээрийг бүтээж байдаг оршихуйн жижиг молекулынх нь түвшинд онош гаргадаг. Хүний бие доторх бүхий л зохицогдож байдаг, түүнтэй холбоотойгоор гарсан үйл ажиллагаанаас үүссэн эмгэгүүдийг бодитоор нь харж, нотолж, онош тавьдаг. Бусад эмч нарыг бодоход бид өөр л дөө. Мэс заслын эмч бол мэс заслаа л хийнэ. Харин бидний хувьд тэр гэх зүйлгүй хэрнээ бүх хүнд хүрч онош тавьдгаараа онцлогтой. Энэ ажил маань хүнд ажлын тоонд багтдаг. Ялангуяа залуу насанд хүч хөдөлмөр, хичээл чармайлт их шаардагдана. Энэ хүн ямар өвчнөөр өвдөөд байгаа вэ гэдгийг л тогтоож өгдөг. Бидний тавьсан оношоор эмчлэгч эмч нар өвчтөнөө эмчилдэг. Бүх өвчлөлийг нарийн тодорхой дэлгэрэнгүй гаргаж өгдөг гэсэн үг. Ямар эсэнд өөрчлөлт орж, ямар хэлбэрээр, ямар шатанд явж байгааг нарийн товч тодорхой гаргаж өгдөг. Энэ талаараа маш хариуцлагатай мэргэжил. Эмч хүн алдах эрхгүй байдаг. Тэр дундаа бидний тавьсан оношоор эмчлэгч эмч нар тухайн өвчтний эмчилгээ болоод хагалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бид бүр алдах эрхгүй. Тэр ч утгаараа манай мэргэжлийг эмчийн эмч гэж нэрлэдэг. Эмч нар гэдэг ард түмнийг өвчин шаналлаас авардаг хүн шүү дээ. Тэгэхээр бид нар эмч нарт тусалдаг эмч хүмүүс юм. Бидний хийсэн шинжилгээний үр дүнгээр эмчлэгч эмч эмчилгээгээ хийж өвчтөн эдгэрснийг харахаар сэтгэл санаа ч сайхан болдог. Үүгээр эмч нар хэр оновчтой эмчилсэн нь ч үүгээр батлагдаж явдаг.

-Манайхан ихэвчлэн ямар өвчлөлөөр өвдөж байна вэ. Манайд хавдар ихсээд байна гэж ярьдаг.

-Төрлөөрөө янз бүр байдаг л даа. Маш олон төрлийн өвчлөлүүд ирдэг. Онош нь олдохгүй өвчлөл ч нэмэгдэж байгаа. Хавдрын хувьд эрт илрүүлэлт нь нэмэгдсэн гэж хэлж болно. Хуучин, хавдар дандаа хожуу үедээ оношлогддог байсан. 80-аад оны үед хавдрын 70,80 хувь нь хожуу үедээ оношлогдож, өвдсөн хүмүүс эмнэлэгт ирэхээр л бид мэдээд байсан. Харин одоо бол өөр. Эрт илрүүлэх үйл ажиллагаа хийгдээд ирэхээр хавдрын оношлогоо зарим талдаа ихсээд байгаа юм шиг харагддаг. Мөн хүүхдийн хавдар гээд л ярьдаг. Хүүхдийн хавдар нэмэгдэж байгаа үнэн. Гэхдээ энэ нь оношлогоо сайжраад байгаатай холбоотой. Намайг сурч байх үед ч хүүхдийн өвчлөл өндөр байсан. Улирлын чанартай өвчлөлүүд их гардаг байсан. Харин өнөөдөр оношлогоо үнэхээр хөгжиж чадсан шүү дээ. Монголын эмч нарын чадал чансаа үүнд харагдаж байгаа. Манайд гарч байгаа оношууд хаана ч очсон батлагдаад л гараад ирнэ. Манай эмч мэргэжилтнүүд маань өндөр ур чадвартай болчихсон. Гадагшаа сургалтад хамрагддаг. Тухайн улсуудын оношлогооны арга, техник технелогийг нутагтаа нэвтрүүлэн нутагшуулаад эхэлчихсэн. Солонгос, Америкт оношилж байгаа оношлогоонуудыг бид хийж байгаа.

Манай оношлогоо сайжирч байна гэж хэлнэ. Бид эд эртхэн, эд эсэн дээр оношлогоо хийдэг учраас нарийн оношлогоог хийгээд ирэхээр олон төрлийн өвчнүүд ихэссэн гэж ярихаасаа илүү оношлогоо сайжирсан шүү гэдгийг хэлмээр байна. Эмгэг судлал гэдэг нотолгоонд суурилсан шинжлэх ухаан. Бид бүдэг хариу тавих эрхгүй. Бүдэг хариугаар хүнийг эмчилнэ гэж байж болохгүй шүү дээ. Тэгж нарийн нотлоод гаргаад өгсөн оношоор эмнэл зүйн эмч нар эмчилгээгээ хийж байдаг. Өвчлөл ихэслээ гэхээс илүү оношлогоо сайжирч байна гэж харах хэрэгтэй.

-Онош тодруулна гэхээр маш их цаг хугацаа ордог байх даа?

-Ихэнх цаг нь ганцаараа юмаа хараад уншаад л сууж байна. Нөгөөхөө хэдэн талаас нь уншиж, харж байдаг. Маш их цаг зав зарцуулдаг хүмүүс байдаг.

-Энэ чиглэлээр манайд хэр боловсон хүчин бэлтгэгдэж байна вэ?

-Их цөөхөн байдаг. Залуу насанд энэ мэргэжил хүнд л дээ. Залуу хүмүүс юм үзэж харж явмаар санагддаг байх. Тиймээс ч даваад гарах хүн цөөхөн байдаг. Бид өвчин судалж байгаа юм л даа. Саяхан бид энэ чиглэлээр сурч байгаа залуучууддаа “Урам зориг өгөх хүндэтгэлийн лекц” уншсан. Нэр нь хүртэл урам зориг өгөх гэсэн байгаа биз.

-Та саяхан гавьяат эмч цол хүртсэн. Эмч хүний бахархах зүйл юу вэ?

-Сар шинийн босгон дээр гавьяат эмч болсон. Эмч хүний бахархах зүйл өвчтөнүүдээ эрүүл саруул болоход нь баярладаг. Түүний адил эмч хүн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байх хэрэгтэй. Би энэ хүнд юугаар тусалж чадах вэ гэдгээ үргэлж бодох нь зүйтэй. Би бол онош тавьж л тусалж чадна. Оношийг тавихын тулд тэр хүний урьдны эмчилгээний мэдээлэл хэрэгтэй болно. Эмч хүн хүний төлөө юу хийж чадах тэр л зүйлээ хамгийн сайнаар хийх ёстой. Хүний төлөө зөв онош гаргах юмсан гэж хичээж явдаг. Хэцүү хүнд онош ч гарна.

Хүнд өвчин биш байна гэж хэлэхэд хүмүүсийн баярласан царай маш сайхан харагддаг. Тэр утгаараа өөрөө бахархах сэтгэл төрдөг. Хамгийн түрүүнд үнэн зөвөөр онош гаргахыг хичээж ажилладаг. Энэ маань маш том аз жаргал юм даа.


Categories
мэдээ нийгэм

Даваа гаригт Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарна

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгчээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гаргах юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ)-ийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.

Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдана.

Энэ жил 12 дугаар ангийн төгсөгчид дээрх сайт руу орж регистрийн дугаараа хийж, харин өмнөх оны төгсөгчид нэвтрэх нэр, нууц дугаар хийж дүнгээ харна.

Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана” гэсэн мэдээллийг өглөө.

Их, дээд сургуульд элсэх гэж байгаа иргэд заавал өгөх ёстой Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болох юм.

ЭЕШ-ийн онлайн бүртгэл орон даяар 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж байгаа юм. Бүртгэл хаагдсанаас хойш шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүйг анхаарах хэрэгтэй.