Categories
мэдээ нийгэм

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдсан дөрвөн хүнийг суллажээ

Талийгаач Л.Бямбаатай хамт н.Мөнгөншагай нарын дөрвөн хүнийг цагдан хорьж байсан. Тэдгээр дөрвөн хүнийг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй аж.

н.Мөнгөншагай нарыг үргэлжүүлэн хорих шаардлаггүй гэж үзсэн шүүгч ч, Нийслэлийн прокурорын газрын улсын яллагч, АТГ-ын мөрдөгч нарт хариуцсан хэрэгт нь сэжиглэгдсэн нэг сэжигтэн амиа алдсан нь тэдний ажлын хариуцлага алдсантай холбоотой хэмээн буруутгаж эхэлсэн тухай мэдээлэл гараад байна. Түүнчлэн талийгаач шүүгчээс гадна Улсын Дээд шүүхийн шүүгч А, З, А, Ц, Ц нар болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э нар холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгтнээр татагдаад байсан шүүгч эмэгтэйн нас барсан шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцдог, энэ салбарынхны хамгийн том арга хэмжээ юм. Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

87 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргаж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцуулж, худалдааны гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татдаг уламжлалтай. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Mongolia@PDAC2019 арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчмыг нэвтрүүлнэ

Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Холбоо хамтран “Шилдэг ТоС-Банк” уралдааныг Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан 15 банкны дунд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг, Засгийн газрын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд энэ тухай тусгасан байдаг. Тиймээс ТоС хөтөлбөрийн хүрээнд банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөрөө төлсөн бол и-баримтаа авах эрхтэй

Монголын оюутны холбоо өнгөрсөн онд Нийслэлийн татварын газартай санамж бичиг байгуулжээ. Тус санамж бичигт НӨАТ-ын тухай хууль болон Нийслэлийн хэмжээнд Татварын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгыг тавьсан байна. Та сургалтын төлбөрөө төлсөн бол и-баримтаа заавал аваарай гэсэн уриалгыг Монголын оюутны холбоо тарааж байгаа аж.Сургалтын төлбөрийн и-баримтаа авснаар жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг авах боломжтой. Мөн сугалааны тохиролд оролцох эрхтэй болно. Хэрэв и-баримттай холбоотой ямар нэгэн асуудал Их, дээд сургуулиудад үүсэж байгаа бол санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх бололмжтой юм.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

Монголын хоккейчид Малайзыг хожив

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг “Asian challenge Cup” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Тус тэмцээнд оролцож байгаа Монголын баг өчигдөр Малайзын багтай тоглож, 9:5-аар хожин эхний хожлоо авлаа. Манай хоккейчид өнөөдөр хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийх бол ирэх Лхагва гаригт Филиппиний багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

“Asian challenge Cup” тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна. “А” хэсэгт багтсан Монголын баг хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Филиппин, Малайз нэг хожилтойгоор удаалж, Сингапур хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдлээ.

“В” хэсэгт Макао, Индонез, Оманы багууд багтжээ.

Asian challenge Cup” тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд гуравдугаар сарын 9-ний өдөр болно.

Сануулахад, Монгол улсын шигшээ баг 2018 онд тус тэмцээнд түрүүлж, түүхэн амжилт үзүүлж, энэхүү амжилтаараа Монголын спортын шилдгүүдэд очдог “Бөртэ чоно-2018” наадмын шилдэг багийн шагнал авсан билээ.





Categories
мэдээ улс-төр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Лондон хотноо ажлын айлчлал хийв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд сайд Д.Сумъяабазар Британийн Олон улсын худалдааны дэд сайд Рона Фэйрхэд, “Лондонгийн хөрөнгийн бирж” группын гүйцэтгэх захирал Дэвид Швиммэр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алэйн Пилью, “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группын захирал А.Суарат зэрэг Британийн Засгийн газар, Лондонд төвтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагууд, мөн “JP Morgan”, “Jefferies”, “Bank of America Merrill Lynch”, “Sturgeon Capital” зэрэг хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөллүүдтэй тус тус уулзалт хийв.

Уулзалтуудаар сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдэж байгааг онцлон тэмдэглэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах бэлтгэл ажлын тухай мэдээлэл өгч, уг төслийн талаар харилцан санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Машины урд шилэнд тень наахыг хориглодог

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг.
Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэхбодлоор хөдөлгөөний үед утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн тээвэр хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохзэргээрзөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн туршлага багатай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, шинэ залуу жолооч нар автомашинаа гангалах гэсэн сэдлээр урд салхины шилэндээ төрөл бүрийн өнгөт хальс нааж зөрчил гаргах явдал түгээмэл байдаг.

Иймд та бүхэн тээврийн хэрэгслийн дээрх хэсгүүдэд өнгөт хальс наахгүй байхыг зөвлөж байна.
Учир нь автомашины урд салхины шилэнд тень нааж замын хөдөлгөөнд оролцсоноор дараах эрсдлүүд бий болдог. Үүнд:
1-рт Жолоочийн харах чадварыг бууруулна. Энэ нь жолооч шөнийн цагт болон үзэгдэлт хангалтгүй үед явган зорчигч, мал амьтан, замын тэмдэг, тэмдэглэлийг бүрэн харахгүй байх эрсдэлтэй юм.
2-рт Салхины шилэнд тень наасан жолооч шөнийн цагт ойрын гэрэлтэй явахад замын зорчих хэсгийг хангалттай хардаггүйгээсгэрлээ шилжүүлэхгүй байх, холын гэрэлтэй явах, стандартад зөвшөөрснөөс илүү гэрлийн хүчтэй гэрэл /ламп/ суурьлуулах зэргээр хууль, дүрмийг зөрчдөг байна. Дээрх зөрчлийн улмаасөөдөөс яваа жолооч, зорчигчдыг гялбуулж, тэдэнд аюул учруулан зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлдэг байна.
3-рт Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хориглосон хэсэгт тень нааснаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ.
4-рт Энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүд шөнийн цагт зам тээврийн осол гаргах өндөр эрсдэлтэй байдаг. Ухрах үедээ зам тээврийн осол гаргасан жолооч нарын 80 орчим хувь нь автомашиныхаа урд хаалганы шилний толь харагдах хэсгийг хамруулан бүхэлд нь өнгөт хальс нааж халхалсан байдаг байна.
Автомашины салхины шилэндээ тень наасан жолооч нь харанхуй шөнө хар өнгийн нүдний шилтэй явж байгаа хүнтэй адил харах чадвар муу байдаг тул өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах буруу үйлдэл гаргахгүй байхыг ТЦА-аас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Инфографик: Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх нь зүйтэй гэж үзэв.Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм. Тодруулбал, Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн дээр дурдсан таван мужийг тус Ерөнхий консулын газарт харьяалуулж, Бээжин дэх Элчин сайдын яамны консулын болон визийн үйлчилгээний ачааллыг бууруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах боломж нэмэгдэнэ.

Түүнчлэн Монгол Улсыг сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхайн банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх юм.

Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур 2018” наадмаас МУГЖ Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ нар “Гран при” хүртжээ

“Морин хуур-2018” наадамд Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй хамтран хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн дуугаар оролцож, Гран при шагнал хүртжээ. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт нийтийн, эстрад, мэргэжлийн гэсэн гурван номинациар явагдаж, шилдэг 15 дуу шалгарсан байна.

“Морин хуур-2018” наамдын “Оны шилдгийн шилдэг Гран при шагналтан хөгжмийн зохиолч”-оор Х.Мөнх-Ертөнц шалгарчээ. Харин нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлиг, мэргэжлийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Ц.Пүрэвхүү нар шилдгээр шалгарсан аж.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая “Эрдэнэт Монголоо дуурсана” дуу үзэгчдийн шагнал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийн ая “Би Монгол бүсгүй” дуу болон хөгжмийн зохиолч Э.Эрболдын ая “Найз” дуу тусгай байр, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн аялгуу “Залбирал” дуу гуравдугаар байр, “Айзам” хамтлагийн хөгжимчин О.Хүрэлбаатарын аялгуу “Маш нууц” киноны “Үеийн үед” дуу дэд байранд тус тус шалгарчээ.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Морин хуур-2018” наадмыг 32 дахь жилдээ зохион байгууллаа. Шилдэг хөгжмийн зохиолч, дуучид чансаагаа сорьдог уг наадмын гала тоглолт гуравдугаар сарын 02-нд Соёлын төв өргөөнөө болж өндөрлөсөн юм. Уг наадмыг сүүлийн 10 жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болсон билээ. “Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны “Оны шилдгийн шилдэг гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-оор Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа авч байжээ.

Categories
мэдээ спорт

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнээс 11 медаль хүртжээ

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ш.Даваадорж өндөр амжилт үзүүлэн, алт, мөнгө, хүрэл медаль ихэрлүүлэн эх орондоо иржээ. Швед улсад болсон тус тэмцээнд 18 улсын 400 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос 2019 оны нэгдүгээр сарын 6-15-нд зохион байгуулсан тэмцээнүүдээс манай тамирчин Ш.Даваадорж нь 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

БНХАУ-ын Таерзиун, Жинан хотод энэхүү дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны хоёр дахь цуврал тэмцээн/-д 26 орны 1200 тамирчин оролцсон байна.

Спортын мастер Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаа нь дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байрт шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай өндөр амжилтыг үзүүлжээ.