Categories
мэдээ нийгэм

“Хүмүүн бичиг” үзэсгэлэнг дэлгэлээ

Уламжлалт бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж сурч, хойч үедээ өвлүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Тиймээс аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос “Эх орончдын өдөр”-өөр “Хүмүүн бичиг” үзэсгэлэнг зохион байгуулж, олны хүртээл болголоо. Үзэсгэлэнд багш, судлаачид болон бийрэн бичгийг сонирхон суралцагчид оролцож, нийт 78 бүтээийг дэлгэлээ.

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг бол монгол уран бичлэг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Тиймээс “Хүмүүн бичиг” үзэсгэлэнг Эх орончдын өдрөөр ийнхүү зохион байгуулсан байна

Categories
мэдээ эдийн-засаг

Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчид Хятадын зах зээлд гарна

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран хороодын Засаг дарга нар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд “Ганц мод” хилийн боомт дахь Монгол худалдааны төвийн төслийг танилцууллаа.

Тодруулбал БНХАУ-н Баяннуур хотын “Ганц мод” хилийн боомтод Монгол худалдааны төв шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-н зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулах боломж нээгдсэнтэйхолбогдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.

Төслийн хэлэлцүүлэгт дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал А.Гэрэлт-Од, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ядаргаа тайлах аргууд

Хаврын хахир цагт боломж л олдвол ядаргаа тайлах арга хэмжээ авч байх хэрэгтэй аж. Учир нь хаврын цагт биеийн байдал ямар байхаас дараа жилийн өнгө зүс шалтгаалдаг гэж ардын уламжлалт анагаах ухаанд үздэг байна. Тиймээс энэ хаврын урт өдрүүдэд та болон таны ойр дотныхон ядаргаанд орсон бол дараах аргаар асаргаа сувилгаа хийгээрэй.

  • Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт
  • Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу
  • Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид
  • Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсын самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/.
  • Ихээхэн туйлдаж ядарсан үед терк дээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залиг!
  • Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс ½ аягыг бэлтгээд 2 цаг дутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид!
  • Нимбэгтэй сармисны каша ид. Үүний тулд 400 г сармисыг тёрк дээр үрж каша болго. Дээр нь 24 ш нимбэгний шүүс хийж хутга. Хэрэглэхийн өмнө зайлна. Энэ кашанаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчид хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг ирж, ажлын чавдар сэргэнэ.
  • 3000 мл шилэн саванд 1000 г угаасан хушганы самар хийж дээр нь 1000 г элсэн сахар нэмнэ. Эцэст нь 1000 мл архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе зайлж 3 хонуул. Үүссэн улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд юүл. Самрыг бас дахин 2 удаа тус бүр 1000 мл архиар эхнийх шиг дарна. Ингээд 3 хандмалаа хольж хүрэн шилэнд юүл. Дулаан газар хадгална. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа 21 хоногийн турш ууна.
  • Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай ваннад ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд хөлөө 10 минут дүр. Энэ нь цусны эргэлт сайжруулдаг.
  • Оюун санаагаа сэргэлэн цовоо болгодог цай уу. Йогчууд үүнийг хийж уудаг. 4 ш кардамон, 4 ш хар перец, 3 ш башир цэцгийг нунтаглаж 250 мл бүлээн усанд хийж цагаан гаа, шанцаар амталж 20 минут зөөлөн гал дээр чанана. Бэлэн болохоос 1-2 минутын өмнө хар цай хийж сүлнэ. Дараа нь 1 цайны халбага зөгийн балаар амтална.
  • Алжаал ядаргаа тайлах арга буюу Футсокинг: /хөлөө халуун бүлээн давстай усанд дүрэх сувилгаа/ тайвшруулна, амраана, дархлаа сайжруулна, сэргэлэн цовоо болгоно /энэ тохиолдолд өглөө босоод хүйтэн усанд дүрнэ/, нойр хүргэхэд тусална. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног.
Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт хаваржилт хүндэрч, өвс тэжээлийн нөөц дуусчээ

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 3-нд Ховд аймагт ажиллалаа.

Тус аймгийн 91 багт 3 сая 146.4 мянган мал хаваржиж байна. Өөр аймгийн нутагт 47 өрхийн 36.3 мянга, хилийн зурвас бүс нутагт 293 өрхийн 242.9 мянга, улсын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 1076 өрхийн 562 мянган мал отроор хаваржиж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 13 суманд хаваржилт хүнд байна. Аймгийн нийт нутгаар 5-10 см зузаан цас орж, хунгарласан газраа 10-20 см цастай, хоёрдугаар сарын эхнээс хүйтний эрч чангарсан учир зарим сумдын мал бэлчээрт гарах боломжгүй нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 641.2 мянган малыг нэмэгдэл тэжээлд оруулаад байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн 13 аймагт нийт 225 тонн өвсийг 50 хувь, 132 тонн тэжээлийг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон бөгөөд аймгийн нөөц дуусчээ.

2018 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 1 сая 398,2 мянган толгой малыг дархлаажуулж, вакцинжуулалт 99,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл тус аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгаас мал амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар төсөл бэлэн болгожээ.

Шуурхай бүлгийг Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүнийг оролцуулсан шуурхай хуралдаан зохион байгуулав. Энэ үеэр Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, аймгийн удирдлагууд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг Шуурхай бүлгээс хүссэн юм.

Тухайлбал, малын сэг зэм устгах ажилд шаардлагатай зардлыг шийдвэрлэх, хүн, малын эм, био бэлдмэлүүд, малын эрдэст тэжээл, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлэх, улсын нөөцөөс 500 тонн өвс, 450 тонн тэжээлийг улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгох, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Дуут сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин өгөх, өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд болсон шуурганаар орон гэргүй 14 өрхөд гэр олгох зэрэг санал дэвшүүллээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймагт 450 тонн өвс, 270 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох шийдвэр гаргасан. Тэгвэл Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг тус аймгийн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр нэмэлтээр үнэ хямдруулсан 150 тонн өвс, 230 тонн тэжээлийг ойролцоох аймгаас татах зардлыг орон нутаг өөрсдөө хариуцах нөхцөлтэйгээр худалдан авахыг зөвшөөрөв. Мөн Дуут сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин өгөх, орон гэргүй болсон 14 өрхөд гэр олгох боломжтой гэж үзлээ. Түүнчлэн малын эрдэст тэжээл, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл авахад санхүүжилт олгох асуудлыг судалж үзэхээ илэрхийлээд, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсоноос бусад тохиолдолд малын сэг зэм устгах зардлыг малчин хариуцах болохыг хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 3, 8-аар төгссөн дугаартай жолооч нар татвараа төлнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигч жолооч нар гуравдугаар сард багтан татвараа төлнө. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/27 дугаар тушаалаар зохион байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр эхэллээ. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн 60 гаруй захирагч хамрагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Гал түймэр унтраах аврах ангийн захирагч нарын хууль, эрхзүйн мэдлэг, ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой тус сургалт энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдсон

“Хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.УИХ-ын эмэгтэй гишүүдийн тавьсан уг асуулгын хариуг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт хүргүүллээ.

Монгол улсын хэмжээндөнгөрсөн оны байдлаар 6073 хүн хавдраар шинээр оношлуулжээ.Улмаар 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдсон аж. Аймаг, дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлэгт 19 мянга гаруй хүн хорт хавдрын хяналтад байна. Элэгний хорт хавдар36.1 хувь, ходоодны хорт хавдар14.8 хувьтай зонхилж байгаа бол уушгины хорт хавдар8.5 хувь,улаан хоолойн хорт хавдар 6.4, хувь,умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

83 настай иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ

Image result for дээрэм

Гуравдугаар сарын 1-ний өдрийн 14 цагийн орчимд тэтгэврээ аваад явж байсан 83 настай иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Үл таних хар өнгийн саравчтай малгайтай, хар богино хүрэмтэй 23-25 настай хоёр залуу банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарч явсан настай иргэнээс 315 мянган төгрөгийг дээрэмдсэн байна. Гэмт этгээдүүд 83 настай иргэнийг хоолойг нь боож унаган түрийвчтэй мөнгийг нь аваад хэргийн газраас зугтжээ. Уг хэргийг хохирогчийн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн хайж байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Шин Хаймин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргэлээ.

Тэрбээр хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт хурдацтай хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо шинэ түвшинд хүрсний гадна хоёр орон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд ч хамтран идэвхтэй оролцсоор байна. Энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү арга хэмжээ нь уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Шин Хаймин нар саяхан хоёр талын Хүмүүнлэгийн солилцооны механизмын хамтарсан зөвлөлийн II хуралдаан, Гадаад харилцааны яамдын стратегийн яриа хэлэлцээний уулзалт Бээжин хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал нэгдсэнд таатай байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх Төрийн айлчлал хоёр талын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр орны парламентын Дэд дарга нарын ахалсан байнгын уулзалтын механизм тогтмолжиж, Парламент дахь бүлгүүдийн харилцаа идэвхжиж байгааг сайшаав.

УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншу-д миний мэндийг уламжилж өгнө үү гэж Элчин сайд Шин Хайминээс хүсэв. Түүнчлэн ноён Ли Жаншу-г Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотолж байгаагаа тэмдэглээд, боломжтой бол энэ оны эхний хагас жилд багтаан айлчлал хийнэ үү хэмээн урьж байгааг минь дамжуулж өгнө үү гэлээ.

Тэрбээр, “Энэ жил манай хоёр орны хувьд чухал онцлог жил. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд олон үр дүнтэй ажлууд хэрэгжиж, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Үүнд ноён Элчин сайд Таны идэвх оролцоо чухал юм” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын парламентын Дэд даргаар ахлуулсан байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдаан энэ онд Улаанбаатар хотноо болно. Товыг ойрын үед тогтоож, бэлтгэлийг сайтар хангах нь зүйтэй. Өмнөх хуралдаануудаар тохирсон парламентын Тамгын газрууд, Байнгын хороод, орон нутгийн түвшинд солилцоог тогтмолжуулах, харилцан туршлага судлах зэрэг хамтын ажиллагааны хэлбэрүүдийг идэвхжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн бодит хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг хугацаа алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд, бусад төслүүд ноён Элчин сайд Таны болон танай хамт олны хүчин чармайлтаар бодит ажил хэрэг болж, хамтын ажиллагааны түүхэнд чухал хуудас нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоог шинээр байгуулна

Өнөөдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/ байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Тэд хүн төрөлхтөний соёлын биет бус өвд оруулсан монголчуудын хамгийн том соёл бол “Монгол наадам” юм. Монгол наадам соёлын биет бус өвийн нэг том үнэт зүйл бол Монгол Улсынхаа Төрийн сүлдэнд залсан Монгол адуу нь монгол хүний эрхэм дээд мөнхийн бахархал хэмээн онцолж байв.

Ю.Үнэнбүрэн: “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтөний Төлөөллийн жагсаалтад “Монгол наадам”-ыг бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн Их баяр-Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн. Харин өнөөдөр хурдан морины уралдаан тойрсон маргаан нь Монгол наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулах болсон. Бид хурдан морь сонирхогч, уяачдын маш олон санал хүсэлтийн дагуу “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” нэр бүхий нийт монгол адууныхаа төлөө уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоод болон ТББ-уудтай хамтран байгуулах санаачлага гаргаж байна. Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум дүүргийн баяр наадмаар зөвхөн монгол адуугаа уралдуулах зорилгоор энэ холбоог байгуулахаар Ажлын хэсэг гаргаад ажиллаж байна” гэлээ.

Бидэнтэй нэгдэж Монгол үндэсний морин уралдаан, уяачдыг холбоо байгуулахыг хүсвэл www.mongolnaadam.mn сайтаар орж бүртгүүлэн, холбооны гишүүний бүртгэлд хамрагдаж манай анхдугаар их хурлын төлөөлөгчөөр оролцох боломжтой. Мөн 88181181 дугаар утсаар бүртгүүлж болно” хэмээн тус хэвлэлийн бага хурлыг санаачилан зохион байгуулсан Ш.Ариунболд, Ю.Үнэнбүрэн, С.Амартайван, Г.Төмөрхадуур Н.Галбадрах, Н.Санжаадорж тэргүүтэй хүмүүс мэдээлсэн юм.