Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуй нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна. Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх сургалт явагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх сургалтыг ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд зохион байгуулж байна.

Сургалтыг ОБЕГ, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон Гамшгийн эрсдэлийн удирдлагын 30 орчим мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт 45 хоног үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн.

Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

310 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ

ЗХЖШ-ын даргыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш цэргийн алба хаагч амиа алдсан хоёр дахь хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан байна.
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан гэнэ. Энэ ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэнийг эх сурвалжууд батлав. Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон гэнэ.

ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан бөгөөд 310 дугаар ангийнхан засаж буй гэх мэдээлэл бий. Мөн тухайн осол гаргасан машин нь гадуур ажиллах хуваарьгүй байсан сурагтай. Ингэж явахдаа элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарч, туслахаар ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач үлдсэн аж. Г машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон аж. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга болохоор нэр нь яригдаж байсан гэдэг. Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгэд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэх мэдээлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Одонцэцэг: Хаврын улиралд яргуй, халгай гэх мэт халуун чанарын ургамал хэрэглэж болохгүй

Оточ Манрамба их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд хаврын ядаргаа гэж ярьдаг. Хавар цагт хүний бие ядарч сульддаг нь улирлын онцлогоос хамаардаг гэдэг. Уламжлалт анагаах ухаанд хаврын ядаргаа гэдэг үгийг яаж тайлбарладаг вэ?

-Жилийн дөрвөн улирал солигддог гол шалтгаан нь нар, сарны шилжилт хөдөлгөөн л дөө. Өвлийн дунд сард нар буцдаг. Сарны хүч аажмаар багасч нарны хүч ихэсдэг гэсэн үг. Энэ мэтээр нар, сар, дэлхий ертөнц, гариг эрхсийн хоорондын шилжилт хөдөлгөөнтэй уялдаж улирал солигддог. Ургамал, амьтад, хүмүүс бол шимийн амьтад. Улирал солигдоход шимийн амьтдын бие махбодод өөрчлөлт ордог л доо. Өвлийн дунд сараас зуны дунд сар руу нарны хүч аажмаар ихсэх тусам хүний биеийн хүч чадал алгуураар багасч байдаг. Өөрөөр хэлбэл, хүч чадал нь буурч эхэлдэг. Хаврын сар, хаврын эхэн сард байгаль дэлхийд хий махбод салхи ихэсдэг. Жишээ нь, хаврын эхний хоёр сард шороо, хий махбод ихэсдэг юм. Дараа нь луу, могой сар болно. Хаврын сүүл, зуны эхэн сар гэсэн үг. Энэ сард хуурай халуун, хий халуунтай нэгдэж хуурай гал хийн махбод ихэсдэг. Зуны дунд сар болоод зуны сүүл сард ус, хий махбод ихэсдэг гэх мэтээр өөрчлөлт явагддаг. Ерөөс энэ зургаан сард хий шороо, хий гал, хий ус гэсэн дандаа хийтэй хавсарсан махбодууд энэ замбуулин тив дээр байгальд өөрчлөлт өгч байдаг. Тийм учраас хүний биед хий махбод хямардаг. Мэдээж бие хямрах ёстой гээд зүгээр суугаад байж болохгүй. Хий махбодыг тэгшитгэх тэжээллэг хоол унд идэх хэрэгтэй. Явдал мөр, өдөр тутмын дэглэм, амьдралын хэвшилдээ анхаарах учиртай. Тэгж байж ядруу байгаа бие махбодоо тэгшитгэж өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

-Хаврын улиралд ямархуу хоол унд идвэл илүү эрч хүч, энергитэй болох вэ?

-Гол нь хий махбодоо тэгшитгэх хоол унд идэх хэрэгтэй. Энэ улирлуудад мацаг барьж болохгүй. Хүмүүс хавар болж дулаарахаар хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулж мацаг барьж байдаг. Тослог бүлээн чанартай хүнсийг тэжээллэг хоол гэдэг. Хонины мах түлхүү идэх хэрэгтэй. Хонины мах бол тослог бүлээн чанартай. Ногоон цай, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй. Сүүтэй цай, гурилтай шөлөө хэрэглэхийг зөвлөе. Гурилтай шөл, бууз, хуушуур, цуйван, будаатай шөл гэх тэжээллэг монгол хоолнууд сайн. Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэх дэмий. Ходоодны хийн хувьд зай, завсар гаргах хэрэгтэй. Ходоодны хэмжээ хүний гарын хоёр алгыг нийлүүлсэнтэй адилхан. Хоёр алганы дөрөв хуваасны гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идэх учиртай. Дөрөв хуваасны хоёрт нь гурил, мах зэрэг бүхэл хоол идвэл эрүүл мэндэд тустай. Ходоодныхоо дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний шөл уух ёстой гэсэн үг. Шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдсэн биеэ хоол ундаар тэжээж, тэтгэх хэрэгтэй. Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байгаа. Тийм учраас энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог. Бадгана нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад хэлэхэд хоолыг сойхдоо биш чанартай тэжээллэг хоол бага хэмжээтэй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

-Хавар болохоор архаг хууч өвчин сэдэрдэг гэдэг. Энэ нь ямар учиртай юм бол?

-Аливаа өвчний эх суурийг хий махбодийн хямрал үүсгэдэг. Хийн улирал эхэлж байгаа учраас аливаа архаг хууч өвчнүүд хийн хямарлаар хөдлөх эрсдэл өндөр байдаг юм.

-Тэгвэл хаврын өдрүүдэд архаг хууч өвчнөөсөө сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Өдөр тутмын амьдралын хэвшлээ зөв байлгахад л өвчнөөс сэргийлэх боломжтой. Ялангуяа хийнээс сэргийлэх учиртай. Хамгийн түрүүнд зөв нойрсох хэрэгтэй. Сарны хүч ид дэлгэрч байгаа оройн цагт буюу 23 цагаас өглөөний таван цаг хүртэл зайлшгүй унтах ёстой. Хүмүүс нойр их алдаж байна. Хүний нас ахих тусам хий махбодийн билэг чанар ихэсдэг. Мөн хаврын улиралд сэтгэлийн хямралд орох, галзуурах, солиорох эмгэгүүд илэрдэг, сэргэдэг. Шинээр ч үүсэх нь бий. Тиймээс хий хямарч байгаа улиралд сэтгэлзүйгээр маш тайван байх хэрэгтэй. Өөдрөг бодолтой амьдарч, амар амгаланг эрхэмлэх нь чухал. Үүнээс гадна архаг хууч өвчтэй бол урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Хаврын сүүл сар, зуны эхэн сарын хувьд хэт хуурайшилтын үе болдог. Цас аль хэдийн орж дуусаад, хур бороо орох арайхан болоогүй цаг шүү дээ. Энэ улиралд гал махбод хийтэйгээ хавсарч дэлгэрч байдаг. Тиймээс хаврын улиралд элэг цөс, цусны өвчлөл сэдрэх магадлалтай. Элэгний эмгэг архаг хуучтай хүмүүс урьдчиран сэргийлэх үзлэгт орж, эм эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Яргуй гэх мэт ургамал идвэл биед илүү сайн гэдэг ам дамжсан яриа бий. Халгайтай хуушуур сайн гээд иддэг. Уламжлалт анагаах ухаан талаасаа зөв хэрэглээ мөн үү?

-Яргуй, халгай гэх ургамал маш халуун чанартай. Миний өмнө хэлсэнчлэн гал хий махбод дэлгэрдэг энэ улиралд яргуй ургадаг. Харин ч аливаа эмгэг өвчнийг сэдрээх эрсдэлтэй. Ер нь яргуйг дангаар нь хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны эмнэлгийн туршлага бараг байхгүй. Яргуйг эм тангийн найрлагад бага хэмжээгээр л оруулдаг. Тиймээс шууд яргуй идэх нь зохистой зүйл биш. Эмчийн зөвлөгөөгүйгээр ийм хүчтэй ургамлуудыг дур мэдэн хэрэглэж болохгүй.

-Та түрүүн хаврын улиралд хамаагүй мацаг барьж болдоггүй гэж ярилаа. Мацгийг эмчилгээний арга гээд байгаа шүү дээ?

-Мацаг барих гэдэг нь эмчилгээний арга мөн. Гэхдээ хий хямарч байгаа хаврын улиралд мацаг барьж огт болохгүй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр, тухайн өвчлөлтэй холбоотойгоор маш нарийн дэглэмээр барих ёстой. Сүүлийн үед мацаг барих нь ихэсч, бүр “Мацагтан монголчууд” гэдэг групп хүртэл үүссэн байна. Мацаглаад хямарсан хүмүүс олноороо ирж байна. Дахиад хэлье, таван махбодоос бүтсэн биеийг таван махбодоос бүтсэн хоол тэжээлээр тэжээх ёстой.

-Мацгийг ямар тохиолдолд баривал зөв зохистойд тооцогддог юм бол?

-Тодорхой номын бясалгал зан үйлийн үед удаан цагаар хөдөлгөөнгүй суудаг. Бүтэн гурван цагаар өдөртөө гурваас дөрвөн удаа сууж бясалгадаг. Ингэж хөдөлгөөнгүй сууж байгаа үед хоол тэжээл боловсрох боломж байдаггүй. Ийм үед яг тохиромжтой хоолоо өдөр дунд гүнцэглэнэ гэж байдаг. Өдөр дунд нэг удаа хооллоод л тэрнээс хойш шүдэнд торох юм идэхгүйгээр бясалгал, номын зан үйлийн мацаг барилт гэж бий. Нөгөөх нь өвчлөлийн үед. Хоол тэжээл авах шаардлагагүй зөвхөн эм эмчилгээ хийх шаардлагатай бол мацаглаж болно. Гэхдээ тийм олон хоногоор биш. Нэг хоёр өдрөөр ч юм уу мацагладаг. Үүнийг эмчилгээний зорилгоор мацаг барих гэдэг. Түүнээс биш турахын тулд мацаг барьдаг зан үйл, ёс байхгүй. Турахын тулд зөв хооллох хэрэгтэй. Эхний хоол унд нь шингэсний эцэст дараагийн хоолоо идэх хэрэгтэй. Нэг идэхдээ ходоодны хэмжээгээ мэдэх нь чухал гэж би түрүүн хэлсэн.

-Зөв хооллолт гэхээр өглөө дан ус ууж, орой нь огт юм идэхгүй гэсэн ойлголт хавтгай байна. Ер нь өдрийн хэмнэлдээ зөв зохистой хооллохын тулд ямар дэглэм барих ёстой вэ?

-Хүн эрүүл байя гэвэл өглөө заавал өл тайлж байх хэрэгтэй. Өлөн явж ерөөсөө болохгүй. Өглөө босонгуутаа 2-4 аяга ус ууна гээд л галын илчээ дарж, бадганаа өсгөөд, улам хавагнаад яваад байна. Энэ бол буруу. Буцалгаад хонуулсан ус хор адил гэдэг. Тиймээс ийм ус ууж болохгүй. Шөнийн турш унтсан биеийн тухайд бадганы билэг чанар бага зэрэг ихэссэн байдаг. Тиймээс өглөө буцалсан усанд зөгийн бал хутгаад ууж болно. Эсвэл аяга сүүтэй цай уух хэрэгтэй. Аяга цайгаа гэрийн боорцогтой идээд гарахад л хамгийн зөв өглөөний унд. Өдрийн хоолоо 12:00-14:00 цагийн хооронд багтааж идэхийг зөвлөе. Өдрийн энэ цагаар шарын махбод илүү идэвхтэй байдаг. Хүний биед галын илч ихэсч байна. Ходоодны галын илч хоол ундыг шингээх чадвар нь их байна гэж ойлгож болно. Хоол хүнсийг шингээх чадвар их байгаа энэ үед махан хоол идэж болно. Гэхдээ одоо бадганы улирал учраас нэг таваг нэгдүгээр хоол, нэг таваг хоёрдугаар хоол хэрэггүй. Ходоодныхоо хэмжээг бодож идэх хэрэгтэй. Шөлтэй хоол идсэн бол шингэн юм их уух шаардлагагүй. Хуурай хоол идсэн бол багахан цай уучихад л болно. Энэ мэтээр өөртөө ханал мэдлийг үүсгэх хэрэгтэй. За тэгээд үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хий махбодын билэг чанар хүний бид харьцангуй давамгайлдаг. Энэ үед бага зэрэг ядрах мэдрэмж төрнө. Тийм учраас өглөөний унданд идэж, ууж байсан шигээ хөнгөн хооллох ёстой. Оройн хоолоо 20:00 цагаас оройтуулалгүй идэж дадах хэрэгтэй.

-Хаврын өдрүүдэд сэтгэл санаа хямрах нь улирлын онцлог гэж ойлголоо…?

-Энэ улирал өөрөө сэтгэл гэгэлзүүлдэг, гадна сав ертөнцийн билэг чанар бие сэтгэлд нөлөөлж биеийн хий махбод хямрангуут сэтгэл дагаж хөлбөрдөг цаг. Ямар нэгэн юманд санаа зовж, гутарч, гуньдаг нь ийм учиртай. Тиймээс өөр рүүгээ харж байх нь чухал. Өглөө босоод л сэтгэлээр өөдрөг байхыг хичээх хэрэгтэй.

П.САЙНЖАРГАЛ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Их хурлын дарга болохоосоо өмнө буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа айхавтар дөвчигнөсөн. 2019 оны босгон дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын алт мөнгөний орд дээр бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхан, мөн бүрэн камержсан сэтгүүлчдийн багийг дагуулж очсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх тус ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын мэдэлд хурааж авсан. Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр сүрийг үзүүлэн очиж, тухайн орд газрын ажилчдыг гарыг нь гавлаж өмнөө сөгдүүлэн мөлхүүлээд түүнийгээ хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацаж, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг цаашид ч ийм байдлаар улсын мэдэлд авах болно гэдгээ мэдэгдсэн. “Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. 770 мянган тонн мөнгөний нөөцтэй, алт газрын ховор металлтай компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоолоо” гээд баахан сүржигнэсэн.

Занданшатарын энэ сүржигнэл явж явж гавьяат хуульчийн аминд хүрчихэв үү. Уг орд газартай хамаарал бүхий хэргийг өмгөөлж байсан Монгол Улсын гавьяат хуульч, манай нэртэй шүүгчдийн нэг Л.Бямбаа шоронд амь насаа алдлаа. Тодруулбал, талийгаач Салхитын алт мөнгөний орд газрыг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдэл гаргасан “Амин билигт” компанийн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Талийгаачийн цогцос хөрч амжаагүй байхад Авлигатай тэмцэх газраас өчигдөр “Талийгаач нь Салхитын ордын авлига хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон хэрэгт шалгагдаж байсан” гэж мэдээлж байна. Монголын нэртэй шүүгч шоронд амиа алдсан маш харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Тэрээр Салхитын мөнгөний ордын асуудлаар шоронд хоригдоогүй, гэртээ сэтгэл амар сууж байсан бол ийм айхавтар зүйл болох байсан уу. Талийгаач суллагдахаасаа хэдхэн минутын өмнө амь насаа алдсан байна. Өөрийгөө орноос боомилсон байж болзошгүй байдалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл бий.

Салхитын алт мөнгөний ордын асуудал асар том улс төрийн нөлөөтэй. Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч Занданшатарыг тусгайгийнхантай явуулсан. Тиймээс талийгаач бүхий л насаараа хууль шүүхийн байгууллагад ажилласан хүний хувьд “үхэн үхтэлээ энэ хэргээс би мултрахгүй нь” гэдгээ мэдэж байсан байх. Ардаа улс төрийн айхавтар асуудалтай хэрэгт холбогдсон нөхдийг хуулийнхан хэрхэн яаж тамладгийг, ямар хатуу харгис ханддагийг талийгаач мэдэх учир амиа хорлосон ч байж магадгүй. Улс төртэй холбогдсон ийм хэрэгт хууль шүүхийнхэн үнэн мөнийг нь олохоосоо илүүтэй улс төрийн нөлөөллөө бодох нь бий. Тиймийн учир талийгаач өөрийн минь ээлж ирлээ гэдгээ мэдээд явчих шиг боллоо, хөөрхий минь.

Уг эмгэнэлт явдлын эхлэл нь Занданшатарын дөвчигнөл гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мань эр гадны хөрөнгө оруулалттай компанийн тусгай эрхийг шууд цуцалж булаан эзэлснийхээ шанд Улсын Их хурлын дарга болох шиг боллоо. Харин дөвчигнөлийнх нь үр нөлөөнд Монголын нэр нүүр болсон нэгэн сайхан хуульч амиа алдсан нь харамсалтай.Тэрээр Улсын дээд шүүх, нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг нэр төртэй хашиж ирсэн юм.

Ийм хүн амиа алдсаныг бодоход их л үнэтэй дэвшил, их л үнэтэй албан тушаал болж байна даа, Занданшатар минь. Таныг Их хурлын дарга болгох гэж Монголын төр бүтэн хоёр сар гаруй хугацаанд зогсолт хийсэн. М.Энхболдыг суудлаас нь авч хаях гэж чухам юу болов. Эрх баригчид талбай дээр суулт зарлаж, нийгмийг донсолгосон жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч нь хууль санаачилж, түүнийг нь Их хурал баталж, Монголын парламент ёсны түүхэнд байгаагүй үйл явдал болсон. Энэ бүх тавилттай гэж хардахаар жүжгийн дараа та Их хурлын дарга болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын амийг нь чангааж, аж ахуйн нэгжийг нь дээрэмдэж байж Их хурлын дарга болдог нь ч ямар учиртай юм. Ер нь тэгээд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан дарга хүн байж гадаадын хөрөнгө оруулагчдын дундын маргаанд хүзүүгээ шаах хэрэг байсан уу.

Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр очиж, компанийн ажилчдыг өмнөө сөгдүүлж сүр хүчийг үзүүлэн дөвчигнөхийн оронд хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн энгийн албан хаагчтай очоод ном журмын дагуу албан шаардлагаа тавьсан бол ийм айхавтар хүнд тусгалтай үйл явдал болохгүй байх байлаа. Эцэст нь хэлэхэд, Г.Занданшатар та Их хурлын дарга болохынхоо өмнө ямар муухай балагтай, хар мөртэй зүйл хийсэн болохоороо ингээд гавьяат хуульчийн аминд хүрчихдэг байна вэ?


Categories
мэдээ цаг-үе

Р.Дагва: Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авсан НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.


-Таны нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ?

-Би өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн. Харин аав минь Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Их олон жил тээврийн жолооч хийсэн. Ээж минь нярав хүн бий. Ер нь ажилчин гаралтай гэж хэлэхэд болно доо. Хүүхэд насаа би Долоон буудалд эмээтэйгээ хамт өнгөрөөсөн. Миний эмээ надад амьдралын философи, амьдралд хүн яаж хөл тавих ёстой, ямар хүн байх ёстой талаар сургаал хайрладаг байлаа. Эмээ минь хүний сурсан, мэдсэн зүйл хэзээ нэгэн цагт заавал хэрэг болдог гэх зарчмыг байнга сануулдаг байсан. Би эрх зүйч мэргэжилтэй. МУИС, Их засаг олон улсын их сургууль, Удирдлагын академийг дүүргэсэн. Эхнэр, гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд тусдаа гарчихсан. Дор бүрнээ ажил төрлөө хийгээд л явж байна.

-Та яагаад улс төрд орох болов?

-Би бусад хүмүүс шиг улс төрд орохыг тэгж их тэмүүлээгүй. 2005 оны үед би МҮОНРТийн хүний нөөцөөс хотын захиргаанд татагдаж ирсэн юм. Хотын захиргаанд гурван жил болсны дараа тухайн үеийн Хотын дарга орон нутгийн сонгуульд нэр дэвш гэдэг чиглэл өгсөн. Тухайн үед их гайхаж, учрыг нь ч олоогүй. Дотроо бол сонгуульд нэр дэвших дургүй маягтай байсан хэрэг. Ингээд дүүргийн ИТХд нэр дэвшиж, ялсан юм. 2012 оноос хойш хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдон ажиллаж байна.

-Та НИТХ-ын даргад нэр дэвших эсэхээ хэзээ шийдсэн юм бэ. Гэнэтийн шийдвэр байсан уу?

-Оны өмнө намын удирдах зөвлөлийн хурлаар С.Амарсайхан дарга Нийслэлийн Засаг даргад нэр нь яригдаж, улс төрийн шийдвэр гарсан. Тэр үед давхар хурлын даргын асуудал нам дээр яригдаж миний нэрийг дэвшүүлсэн. Намын удирдах зөвлөл, бүлгийн шийдвэр гарчихсан байсан. Зөвхөн С.Амарсайхан даргын асуудлыг л хүлээж байлаа. Хотын даргын асуудал нэлээн сунжирлаа шүү дээ.

-Та шинэ ажлаа аваад удаагүй байна. Хамгийн эхний шийдвэрлэх ажил юу байх вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгааг мэдэж байгаа байх. Энэ ажлыг эрчимжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэхээс ажлаа эхлүүлнэ дээ. Улаанбаатар хотод эрх зүйн нэн таатай орчин хэрэгтэй байгаа. Манай хотын дүүргүүд сумын статустай адил байдаг. Гэтэл бодит нөхцөлд дүүргүүд аймгуудаас ч их хүн амтай болчихсон байна. Тиймээс төрийн болоод нийгмийн үйлчилгээнүүдийг хорооны иргэдэд хүргэхэд нэн бэрхшээлтэй болчихсон. Энэ нь маш олон тулгамдсан асуудлуудыг бий болгож байгаа. Хүн амын механик өсөлттэй холбоотойгоор манай хотод мэдээж оюуны, ажиллах хүчний төвлөрөл бүрдсэн. Гэхдээ үүнийг бид давуу тал болгож чадахгүй байгаа. Харин ч эсрэгээр бидний сул тал болчихоод байна. Учир нь нийгмийн харилцаанд их олон хүндрэлүүдийг араасаа дагуулж байна. Энэ сул талаа хэрхэн давуу тал болгох вэ гэдэг дээр илүү анхаарах ёстой. Хотын хөгжилтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд, ерөнхий концесс цаашдаа Улаанбаатар хот яаж хөгжих ёстой гэдгийг эхлээд ухаж ойлгох хэрэгтэй.

Нүдэнд харагдаж байгаа тэдгээр асуудалтай нь тэмцэх биш үндэс, сууриар нь асуудлыг нь шийдэх тал руу бодлого гаргаж ажиллана. НИТХ дахь хоёр намын бүлэгтэйгээ зөвшилцөж, тэднийхээ санаа оноог сонсож, бусад харьяа газар агентлагийн салбарын түвшин дэх бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гээд их олон зүйл байна. Гэхдээ гашуун үнэнүүд бий. Тухайлбал, улс, нийслэлийн төсвөөр Улаанбаатар хотын хөгжлийг хэзээ ч шинэ шатанд гаргахгүй. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улаанбаатар хотод тулгамдсан маш олон асуудал байна шүү дээ. Агаар хөрсний бохирдол, ажилгүйдэл, замын түгжрэл гэж явсаар золбин нохой дээр очдог байхгүй юу. Энэ бүх асуудлыг дээрх санхүүгийн эх үүсвэрээр шийдэх гэж 27 жил зүтгэлээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Тиймээс бид Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг өөрчлөх хэрэгтэй. Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлага руу Улаанбаатар хотын хөгжлийг дөхүүлж, орчин үеийн смарт хотын хөгжлийн төлөө бүгд ур ухаанаа уралдуулах ёстой. Ер нь хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төсөөлнө гэж хэзээ ч байдаггүй юм байна. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатар хотыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь л гэж хэлье. Бид арваад жилийн өмнө ганцхан гамшгийн хэмжээнд тулсан тулгамдсан асуудалтай байсан. Тэр нь агаарын бохирдол. Одоо өнөөх хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гамшгийн хэмжээнд ирсэн. Асуудал улам зузаараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх бэрхшээлийг хувийн хэвшлийн оролцоогүйгээр шийдэж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод, хувийн хэвшлийнхэн юу хүсээд байгаа юм, тэдэнд ямар эрх зүйн, шийдэл, шийдвэр, юу хэрэгтэй байгааг тэмтэрч үзэх хэрэгтэй байна.

-Улаанбаатарыг хөгжүүлэх нэг том гарц гаргалгаа нь хувийн хэвшлийн оролцоо гэж ойлгож болох уу?

-Хувийн хэвшил нэг том тал нь. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ажилгүйдлийг багасгах нь хамгийн чухал. Залуучуудыг ажилтай, өрхийг орлоготой болгох хэрэгтэй.

-Тэгвэл иргэдийг яаж ажил, орлоготой болгох вэ?

-Засгийн газар ажлын байрыг бий болгодоггүй. Ажлын байрыг хувийн хэвшлийнхэн бий болгодог байхгүй юу. Хувийн хэвшлийн ажил олгогчид үйлдвэрлэлээ, бизнесээ тэлэх хэрэгтэй. Тэр бүх боломж, хууль эрх зүйн орчныг хотын зүгээс гаргаж өгөх хэрэгтэй. Тэр олон мянган хүний ажлын байрыг бий болгох гэхээр юу саад болоод байна, тэрийг л бид олох хэрэгтэй юм. Тэдний бодол санааг сонсох хэрэгтэй гэсэн үг. Иймд би аль болох хувийн хэвшлийн оролцоог хангасан хотын хөгжлийн төлөө бодол санаагаа уралдуулж ажиллана.

-Гадны улсуудад хотын санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон гуравдагч туршлагууд юу байна. Та судалж үзэв үү?

-Хувийн хэвшлийн оролцоо хаана хангагддаг, тэр олон арван мянган ажлын байрууд хаана бий болдог, яавал гадаадын хөрөнгө оруулагчид тухайн бүс нутаг, улс оронд, хотод хөрөнгөө авчирдаг юм бэ гэхээр ерөөсөө татварын нэн таатай орчинд юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чөлөөт бүс, өөр тусгай бүсүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө авчирдаг.

-Та чөлөөт бүс гэж их ярьдаг.

-Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг ойлголт бол цоо шинэ зүйл биш. Хэдэн зуун жилийн түүхтэй. Дэлхийд 3500 гаруй чөлөөт бүс ажиллаж байна. Монгол Улс хил дамнасан гурван чөлөөт бүсийг 2002 онд анх байгуулсан. Тэрнээс хойш 17 жил боллоо. Энэ чөлөөт бүс Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлээгүй. Үйл ажиллагаа нь жигдрээгүй, тогтмолжоогүй.

-Яагаад?

-Хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсээс дэлхий нийт татгалзчихсан байна. Дэлхий нийтийн жишгээр чөлөөт бүсийг хөгжлөөр сулавтар байгаа бүс нутаг, хотуудынхаа дэргэд байгуулдаг. Манай Улсын чөлөөт бүсийн тухай хуулинд чөлөөт бүс байгуулах угтмал нөхцөлүүдийг заа-гаад өгчихсөн байдаг юм. Улаанбаатар хотод хуулинд заагдсан угтвар нөхцөлүүд бүгд бүрдсэн. Ажиллах хүч нь бэлэн байна. Залуучууд нь ажлын байр эрэлхийлж байна. Тэгэхээр хотын хөгжлийн нэг том концесс нь Улаанбаатар хотын дэргэд шинэ дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах замаар залуучуудыг ажлын байртай болгох. Тэр татваргүй орчинд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө авчрах хамгийн сайхан таатай нөхцөл бий болно. Тэнд бизнес хйиж байгаа, үйлдвэрлэлээ тэлж байгаа хувийн хэвшлийнхэн маань олон мянган ажлын байруудыг бий болгоно. Буянт-Ухаагаас Хөшигтийн хөндийн нисэх буудлын хооронд Улаанбаатарын, сууршлын бүсийг бий болгох ёстой. Тэнд эдийн засгийн тусгай бүс буюу No Taxе-тай FreeZone эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах замаар хотын түгжрэлийг саринуулах, энэ хотод төвлөрсөн их төвлөрлийг гадагш нь чиглүүлэх, хөрсний бохирдол, агаарын бохирдлоо давхар шийдэх, залуучууддаа ажлын байртай болгох гэх мэт асуудлыг шийдвэрлэх боломжтой. Миний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах юм бол 5-8 жилийн дараа 80-100 мянган хүн тогтмол орлоготой болно. Тиймээс гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулагчдыг бид урих хэрэгтэй. Монгол Улсад орж ирдэг нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ордог. Үлдсэн 20 хувь нь бусад салбаруудад руу явдаг. Хамгийн гунигтай нь Улаанбаатар хотод орж ирдэг хөрөнгө оруулалтын хэмжээ маш өчүүхэн. Яагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотыг сонирхохгүй байна вэ. Одоо яах вэ гэдэг цагийн байдлаа ярьцгаая. Энэ цагийн байдалтайгаа таарсан шийдвэрүүдийг хурдтай гаргах хэрэгтэй. Хөгжлийн том шийдлүүд нь юу байх юм. Хотын энэ олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн үндэс, ул суурь болсон асуудлууд руу нь бид юу хийж эхлэх юм. Одоо сонгуулийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1.3 жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд хэнбугай ч айхтар юм хийгээд сүйд болохгүй. Тиймээс хотын 20 жилийн урт хугацааны хөгжлийн том төсөл, хөтөлбөр, концесс, суурь асуудлуудыг шийдвэрлэх суурийг бэлдэж өгөх жил байгаасай гэсэн хүсэл байна.

-Та ямар бодлого баримтлах вэ. Өмнөх НИТХ-ын дарга хариуцлага, төсвийн таналт гэж ярьдаг байсан. Үүнийг үргэлжлүүлэх үү?

-Өмнөх НИТХ-ын дарга хариуцлагыг нэхэж байсан. Хуралдааны дэг ч боломжийн байлаа. Гэхдээ НИТХ-ын хуралдааны үйл ажиллагааг илүү чанартай, хариуцлагатай, ёс зүйтэй, тогтоол, шийдвэрүүдээ цаг хугацаанд нь шийдвэрлэж чаддаг, чадамжтай хуралдаан байлгахын төлөө хичээж ажиллана. Хоёрдугаарт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн үр өгөөжийг нэхэж эхэлнэ. Засаг дарга түүний харьяа газар албатуудаас буюу татвар төлөгч таны мөнгөөр цуглуулсан хөрөнгөөр бүтээн байгуулж байгаа нийгмийн бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтын ажлуудын эдийн засгийн үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг нэхэж эхэлнэ гэсэн үг. Улаанбаатар хот гэдэг болих том бүтэц. Тэр хэрээрээ урсгал зардал ихтэй. Тэгвэл Улаанбаатар хотын бүтэн жил хэрэглэж байгаа урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг бас нэхэж эхэлнэ. Цаашдаа энэ талаар ярина.

-Ойрын хугацаанд Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг та юу гэж харж байна?

-Аялал жуулчлалын салбар гэж харж байгаа. Эхлээд бид аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлүүдэд юу саад болоод байгааг судална. Тухайлбал, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орж байгаа. Жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Тэдгээр зорчигчдын хоёр сая нь гадны зорчигч буюу жуулчин байх боломжтой юм. Энэ нисэх онгоцны буудлын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг Монгол Улсын Засгийн газар тооцож байгаа байлгүй. Харин нийслэлийн удирдлагууд энэ бүтээн байгуулалт Улаанбаатар хотод ямар давуу талтайг бодох ёстой. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд гурван сая зорчигч тээвэрлэх тээврийн дэд бүтцийн боломж онгойлоо шүү дээ. Энэ боломжийг Улаанбаатар хот яаж ашиглах юм. Аялал жуулчлалын салбарт л гэхэд тэргүүлэх чиглэл байж болно. Жуулчид манай улсад төмөр зам, авто замаар ирдэггүй юм билээ. Ирдэг ганцхан тээврийн хэрэгсэл нь агаарын тээвэр. Тэгэхээр бид яаж тосож авах вэ гэдэг дээр тархиа уралдуулах ёстой. Нэг жуулчнаас хэдэн ам.долларыг Улаанбаатар хотын эдийн засгийн хөрс гээч зүйл рүү шингээж чадах вэ.

-Улаанбаатар хотыг та улсын төсөвт эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна уу?

-Улаанбаатар хотод хоёр орчим их наяд төгрөгийн үндсэн хөрөнгө бүртгэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгө гэсэн үг. Ямар ч эдийн засгийн эргэлтэд ордоггүй. Жилээс жилд элэгдэл хорогдол тооцогдоод байж байдаг. Тэр үндсэн хөрөнгийг дандаа татвар төлөгчдийн хөрөнгөөр босгож байгаа шүү. Үүний тодорхой хувь нь жил бүр моралийн элэгдэлд орсон гэдэг шалтгаанаар актлагдаж байдаг. Тиймээс дахиад л жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр шинэ үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгож, жил бүр тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгө эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй хаягддаг гэсэн үг. Үүнийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг бас нэг том ажил. УИХ-д өргөн барьчихсан байгаа нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг бид нар яаралтай батлуулж чадах юм бол эдгээр үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж болно. Тэр хоёр орчим их наяд төгрөгийн 1.3 их наяд нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой. Тэрийгээ барьцаалаад бонд гаргаад, хөнгөлөлттэй, хугацаатай зээл гаргаад нийслэлийнхээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улмаар хамгийн нээлттэй, шударга зарчимаар нийслэлчүүдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ер нь Монгол Улсын хэмжээнд эдийн засгаа макро түвшинд харах юм бол уул уурхайн салбар голлох үүрэгтэй. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялаг, түүнээс гарч байгаа бүтээгдэхүүний үнэ ханш савлахад манай эдийн засаг савладаг. Дагаад Улаанбаатар хотын эдийн засаг хөдөлгөөнд ордог. Ийм үелзэлтэй байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг солонгоруулмаар байна гэж ярьдаг. Өөр салбаруудыг тодорхой түвшинд уул уурхайн салбар шиг хөгжүүлмээр байна. Магадгүй дараагийн салбар нь хөдөө аж ахуйн салбар байх. Газар тариалан мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээх замаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын болон гадаадын зах зээл рүү хөдөө аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гурав дахь том салбар нь Улаанбаатар хотын эдийн засаг гэж хардаг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдхүүний 65 хувийг энд үйлдвэрлэдэг. Тэгэхээр Улаанбаатар хотын эдийн засгийн хөрсийг сайжруулж чадвал Монгол Улсын эдийн засагт макро түвшинд нь эерэг нөлөө үзүүлэх учиртай.

-Та аюлгүй Улаанбаатар хотын төлөө юу хийх вэ. Нийслэл хотыг эзэнгүйдчихээд байна гэж ярьдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж хомс байна?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд жил жилийн төлөвлөгөөтэй, дараалалтай явдаг. Би цагдаагийн байгууллагыг муу ажиллаж байна гэж хэлмээргүй байна. Тэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн боломжийг тултал нь ашиглаж байгаа. Энэ нь хангалтгүй байна. Техник тоног төхөөрөмж дутуу байна. Хүний нөөцийн асуудал ч байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хотын хөгжлийн асуудалтай холбоотой. Бид иргэдийг аюулгүй орчинд зорчих боломжийг тэр болгон бүрдүүлж өгч чадахгүй байна. Ер нь ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотыг бүхэлд нь камержуулна. Цаашдаа энэ чиглэлийн ажил хийгдээд явах байх. Гэхдээ төсөв хөрөнгө гэдэг зүйл хэмжээ хязгаартай. Хүсэл байвч төсвийн хүрээнд хийнэ гэдэг учир дутагдалтай.

-2016 онд та бүхэн мөрийн хөтөлбөртөө аз жаргалтай Улаанбаатарыг байгуулна гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Хүмүүс хэзээ аз жаргалтай болдог юм. Энэ асуултыг би өмнө нь байсан хотын удирдлагуудаас асуудаг байсан. Тэд гэр хороололд нийтийн байр барина. Засмал зам тавина. Замынхаа хажуугаар гэрэлтүүлэг, камер суурилуулна. Ингэхээр тэр хүний амьдрах орчин нөхцөл сайжирч, аз жаргалтай болно гэдэг. Харин орон сууцны иргэдийн нийтийн эзэмшлийн талбай дээр нь мод тариад, зүлэгжүүлээд хүүхдийн тоглоомын талбай бариад өгөхөөр орон сууцны хорооллын иргэд аз жаргалтай болно гэж байгаа юм. Харин би тэдэнд бүгд худлаа байна аа залуусаа гэхээр зөрүүлээд хүн хэзээ аз жаргалтай болдог юм гэж асуудаг. Миний хувьд хүн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадах хэмжээнийн тогтмол орлоготой болсон үедээ тайван, аз жаргалтай болдог гэж боддог. Тиймээс аз жаргалтай Улаанбаатарын төлөө нийслэлийн иргэдийг бүгдийг нь ажилтай болгох ёстой.

-Төлөөлөгчид ажилдаа хариуцлагагүй хандаж, назгайрах боллоо гээд буй. Үүнтэй холбоотойгоор та НИТХ-ын хуралдааны дэгийг өөрчлөх үү?

-Дэгийг бүрдүүлж ажил-лахын төлөө л явна. Би нэлээн шаардлагатай ажиллана. Цаашдаа ажлын хороодын хурал, бүлгүүдийн хурал, чуулганы хуралдааныг цагт нь эхлүүлдэг болгоно. Хэрэв хуралдааны ирц хүрэхгүй бол ирээгүй гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлана. Гэхдээ төлөөлөгчид маань ажилдаа хариуцлагатай хандах байх. Би итгэлтэй байна.

-Зуун айлыг нүүлгэхээс эхлүүлээд НИТХ-д хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил яригдаж байгаа. Тэр асуудлууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тэрхүү ажлууд үр-гэлжилнэ. Үйлдвэр тех-нологийн паркийн асууд-луудын үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатарын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг маш эрчимтэй хөөцөлдөх хэрэгтэй. Засгийн газар УИХ-тайгаа хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй байна. Иргэдийнхээ төлөө санаачилгатай байх хэрэг-тэй.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: Тоглолтдоо дэлхийн алдартай сопрано хоолойтнуудын авдаг дээд өнгөөр дуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Corporate convention center”-т “Хайр гэж…” уран бүтээлийн тоглолтоо тавих гэж байна. Энэ удаагийн тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд Поп Дивагийн тоглолт мэргэжлийн түвшинд хэрхэн болдгийг харуулахыг зорьж байгаа аж. Бэлтгэлийнх нь үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.


-Таныг хүчтэй хоолойтой гэдэг нь яах аргагүй үнэн юм байна. Сая гамм уншиж байхыг тань сонслоо?

-Миний оюутан ахуйн найз СУИС-ийн дуурийн дуулаачийн багш Батжаргал маань энэ удаагийн тоглолтод намайг дасгалжуулж, гамм уншуулж бэлдэж байгаа юм. Яагаад гамм уншаад байна вэ гэхээр энэ тоглолтдоо алдартай сонгодог дуунууд дуулна. Нэртэй, том дуу дуулах учраас дээд өнгөө сайн давтаж байна. Дэлхийн сопрано хоолойнуудын авдаг дээд өнгөөр дуулах учраас гамм уншиж байгаа юм.

“On’n Off” продакшн дээр бэлтгэлээ хийж байгаа. “А Sound” хамтлагийн ахлагч Пүрэвсүх маань хөгжмийн бүх талыг хариуцаж байгаа. Энэ тоглолтдоо дуулж байгаа дуунуудаа бүгдийг мэргэжлийн хүнээр нотлуулж архивлуулж үнэт өв, контент болгож авч үлдээх гэж байгаагаараа онцлогтой тоглолт болно. “On’n Off” продакшн манай гэртэй тун ойрхон учраас алхаж ороод л бэлтгэлээ хийчихнэ. Ерөнхийдөө амралтын байдалтайгаар л тоглолтын бэлтгэлээ хийгээд байна.

-Дуучид тоглолтын өмнө бэлтгэл хийхээс аль болох татгалзаж хоолойгоо амраадаг юм билээ. Ялангуяа мэргэжлийн дуучдаас ийм дадал анзаарагддаг?

-Мэргэжлийн дуучин хүн хоолойгоо маш сайн амрааж байх хэрэгтэй байдаг юм. Маш их амрааж, ерөөсөө ярихгүй байх жишээтэй. Тэгж байж хоолой гоё гардаг. Би олон жил гамм уншаагүй, танхай явлаа шүү дээ (инээв). Микрофон бариад дуулах үедээ дуулаад л явж ирлээ. Гамм гэдэг бол мэргэжлийн дуучдын хоолойг их өөр болгодог л доо. Амьсгалын дасгал хийнэ, өнгөө зөв гаргах хэрэгтэй. Бид чинь олон жил дуулчихаар өнгөнүүдэд өөрчлөлт орчих гээд байдаг юм. Бүдүүрээд, залуу өнгө гарахаа болих гээд байдаг. Нэг үгээр вибраци нь ихдээд байдаг байхгүй юу.

-Хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэн юм бэ. Удсан шиг санагдаад байна?

-2013 онд тоглосон шүү дээ. Зургаан жил өнгөрсөн байна.

-Уран бүтээлч хүнд тоглолт тавихгүй бол зургаан жил гэдэг хол хугацаа юу?

-Хол байлгүй яахав. Бид чинь чөлөөт уран бүтээлч гэгдээд л яваад байгаа. Ямар ч мэргэжлийн байгууллагад харьяалагдсан юм байхгүй. Уг нь гадны орнууд Концертын хуультай байдаг юм. Тэнд дуучид нь байнгын завгүй, бэлтгэлтэй байдаг.

-Тоглолтын товоо тогтоох олон л өдөр байсан. Гэтэл яагаад Мартын 8-ны өдөр тоглолтоо хийхээр болсон юм бэ?

-Би эмэгтэй хүн, эмэгтэй дуучин. Олон жил тоглоогүй учраас энэ сайхан баярын өдөр тоглолтоо хийхээр шийдсэн л дээ. Эмэгтэйчүүд маань энэ өдөр эрхээ хамгаалдаг, баярладаг. Энэ өдөр чинь онцгой өдөр шүү дээ. Special өдөр гэх юм уу даа. Энэ өдрийг гоё өнгөрүүлэх ёстой. Хаврын урин өдрүүд ирж байна. Тийм болохоор эмэгтэйчүүд маань өөрийгөө хөглөх хэрэгтэй гэж бодсон учраас тоглолтоо уг өдөр зохион байгуулахаар болсон. Бас тоглолтоо хийхэд манай уран бүтээлчид надад их нөлөөлсөн л дөө. Том дуучид маань “Алтаа, чи тоглолтоо хийгээч дээ. Дуучин хүн байж сул яваад байх юм. Америкт кино хийлээ, студиэ байгууллаа. Одоо өөрийнхөө юмыг хий” гэж их хөглөсөн. Олон хүн намайг ятгасан л даа. “Дууг минь сонсох дуртай хүмүүс байгаа. Дуунуудаа идэвхжүүлээч. Хүмүүс мартах нь байна шүү” гэцгээсэн. Ононбат, Нансаа хоёр маань их хөглөж өгсөн. Ононбат маань дуунууд дээр мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа.

-Мартын наймны баяртай холбоотой сайхан дурсамж хүн бүрт бий, ялангуяа бүсгүйчүүдэд?

-Байлгүй яадаг юм. Мартын найман гэхээр өөрсдийгөө гэхээс илүү ээжийгээ баярлуулдаг шүү дээ. Надад ийм юм бодогдоод байдаг юм аа. Хүүхэд байхад эцэг эхийн халамж, хайр байхгүй бол хэн ч биш юм шиг санагддаг байжээ. Нас биед хүрээд хань ижилтэй болоод ирэхээр хань, нөхрийн хайраас илүү юм үгүй юм шиг санагдана. Одоо ингээд дөч гараад ирэхээр үр хүүхдийн хайр гэж ямар нандин юм, ямар гоё юм. Ээжийгээ хайрлаж байна шүү дээ, миний тэр жижигхээн охин. Орой болгон унтахынхаа өмнө “Ээж ээ, би танд хайртай” гээд л санамсаргүй байж байхад хүрч ирээд л ээжийгээ хайрлаж байна. Ер нь бид чинь элбэрэл хайр дунд оршиж тогтнож үлдэж чаддаг. Хүн төрөлхтөн бүгд л адил. Тийм болохоор би тоглолтоо “Хайр гэж…” нэрлэсэн. Хайр юм уу, аялгуу дуу энэ ертөнцөд байхгүй байна гээд л төсөөлөөд үз л дээ. Би чинь уран бүтээлч хүн учраас амьдралаа ингэж хөглөх дуртай. Мартын найман бол Хаврын баяр. Хүмүүсийн сэтгэл сэргэдэг. Өвлийн хүйтэнд бээрч бээрч байснаа хаврын энэ үед л бүгд сэргэдэг. Байгаль дэлхий, бүх юм сэргэдэг шүү дээ. Ийм л болохоор их гоё өдрийг сонгож тоглолтоо хийх гэж байна. Монголчууд маань Мартын найман гэж нэрлээд заншчихаж дээ (инээв). Угтаа бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Америкт манайхан шиг ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэггүй юм билээ. Гэхдээ гоё шүү дээ. Энэ олон баярыг муухай гэж боддоггүй юм. Хүн бүтэн нойртой хоноход бие эрүүлжээд сэтгэл сэргээд сэвхийгээд л босоод ирдэг. Тэрэнтэй адилхан энэ баярууд чинь хүний амьдралд чухал өдрүүд болж үлддэг. Хүнд яах гэж амьдарч байгааг нь сануулж байгаа ч юм шиг санагддаг. Хавтгайгаар ууж идэж байгааг нь манайхан шүүмжлээд байдаг болохоос биш хаа ч, дэлхийн аль ч оронд Specialday өдрүүд бий. Тийм өдрүүдээр үр хүүхдүүддээ санамсаргүй бэлэг өгч, амраадаг ч юм уу, хүмүүст баяр хөөр бэлэглэдэг. Энэ үүднээсээ бол байх л асуудал. Тиймээс л бүсгүйчүүдээ баярлуулъя гэж шийдсэн юм.

-Та эх орондоо байсан бол жил болгон л тоглолт хийчих байсан байх?

-Тийм ээ, тийм. Тэгэх байсан.

-Энэ удаагийн тоглолтын өмнө та догдлолтой байгаа байх. Яагаад вэ гэвэл та эх орноосоо хол амьдарч үзлээ, харьд байж үзлээ. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, тайзаа санаж, үзэгчдээ үгүйлж байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Би өнгөрсөн жил буюу 2018 оны гуравдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотод дуучин Баярцэцэгтэй хамтраад “Зүрхнээс гарсан содон аялгуу” тоглолт хийж байлаа. Энэ тоглолтыг тус хотод ажиллаж амьдардаг монголчуудад зориулсан юм. Би урлагийн хүн учраас тэнд хоёр жил гаруй хугацаанд байхдаа бусад хотуудад соёл урлагийн ийм арга хэмжээ ямархуу байдалтай явагддагийг олж харахыг хичээсэн л дээ. Тэндхийн Монгол залуучуудын холбооны удирдлагуудтай уулзаад, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байлаа. Хэдийгээр харьд байгаа ч монголчууд маань нэгнээ хэр дэмжиж, хоорондоо уялдаа холбоотой байдаг юм бол гэдгийг судалсан л даа. Ерөнхийдөө бол бүгдээрээ л юм хийх гээд дор бүрнээ хичээцгээдэг. Нэг ийм юм ажиглагддаг юм. Харь оронд ажиллаж байгаа хүмүүсээ их шүүмжилдэг. Монголдоо байхгүй байж гадны орноос шүүмжиллээ, үг хэллээ гэдэг. Гадаадад очиж амьдарч байхад эх орноо холоос хардаг. Хэдийгээр дунд нь байхгүй ч санаа зовох юм ихтэй болчихдог. Түрүүлээд муу мэдээг нь олж хардаг ч юм уу. Хүмүүс чинь мэдэхгүй юм аа, мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л олж хардаг. Тэгэнгүүт бүх юм бужигнаад болохгүй байгаа юм шиг. Тэнд визний асуудалтай, бидэн шиг чөлөөтэй зорчиж чадахгүй байгаа хүмүүс олон бий. Бас тэндээ дасчихсан, амьдрал, ажил бүх юм нь тэнд уягдчихсан, үр хүүхэд нь сургууль соёлд орчихсон байлаа ч эх орон нь бодогдоод болдоггүй. Ёстой өнөө …Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон гэдэг шиг. Яг л энэ дууны мөрүүд шиг байдаг юм.

Би тэнд байхдаа тэндхийн амьдралын хэмнэлд орох гэж, гэр орноо авч явах гэж хажуугаар нь хэлний сургалтдаа сурах гэж их ядарсан. Тэгэхэд “Эх орондоо, гэртээ байсан бол хэн нэгнийгээ, эгчийгээ, дүү нараа дуудаад туслуулах байсан. Энд хэнийгээ дуудах билээ” гэж цөхөрсөн. Манай нөхөр дэндүү монголжуу. Монгол хоол, цайгаа идэж уух гээд Монголоо санаж дурсаад байдаг байлаа. Харин миний хувьд тусгай виз гарсан юм чинь 2020 он хүртэл эндээ амьдаръя, өөрийгөө харь оронд сориод хэл ус сураад амьдралын хэв маягтай танилцъя. Энэ бүхэн үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй шүү дээ гэж бодож байсан л даа. Тэнд олон жил амьдарсан монгол бүсгүйтэй танилцсан л даа. Ойр зуурын амьдралдаа туслуулъя гэсэн нэртэй ч үнэндээ би хань татсан юм. Гадаад хүн гэхээс монгол хүнтэйгээ ярилцсан нь дээр ч юм шиг. Тэгтэл манай хүн Монголоос ирлээ. Ирээд хэдхэн хонож байсан юм. Би нөхөртөө “Аянчин” хиам, боорцог гэх мэтийн идэх юм захичихсан байсан юм. Бид энд байхдаа тэгж их хиам, боорцог идээд байдаггүй шүү дээ. Тэгтэл өнөө бүсгүй маань манайд ирээд “Өгөөж”-ийн боов, хиам идэж байснаа гэнэт нулимс нь бөмбөрөөд ирсэн. Би эхлээд анзаараагүй юм. “Яана аа, амт нь яг хэвээрээ байна шүү дээ. Огт өөр юм аа” гээд уйлж билээ. АНУ-д арав гаруй жил болсон мөртлөө тэр боов, хиамны амтыг мартаагүй байна гэдэг чинь хүний зүрх сэтгэл ямар их ой санамжтай вэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу. Би хүртэл тэгж байгаа юм. Хүүхдүүдээ сургууль соёлд нь өгчихөөд нэг их сайхан сууя гэхээр найз нөхөд хамаг юм үгүйлэгдээд байдаг юм билээ. Харьд байгаа хүний сэтгэлийг сэтгэлээсээ мэдэрсэн гэж хэлж болно. Би ганц эгчтэй л дээ. Эгч маань Японд олон жил амьдарсан. Сүүлийн жилүүдэд нь утсаар маш их залгадаг байсан юм. “Ямар ядаргаатай, яасан их залгадаг юм бэ” гэж түвэгшээдэг байсан юм. Бид нар энд байдгаараа л байж байхад байн байн залгаад байх юм гэдэг байж билээ. Тэгтэл би эсрэгээрээ яг тэр байдалд орж үзээд л эгчийгээ яагаад байнга залгадаг байсныг ойлгосон л доо. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэй, хүний эх нутаг, ижий аав гэдэг ямар эрхэм бэ. Монголчууд маань газар шороо, байгаль эхээ дээдлэн амьдарч ирсэн нь их том ухаан юм даа.

-Таны дуулсан ариг сонссон л доо. Их сайхан дуулжээ. Энэ тоглолтдоо хуучны сайхан дуунуудаа, сэтгэлд хоногшсон бүтээлээ дэлгэх байх?

-Тоглолт маань дөрвөн хэсэгтэй. Ардын дуу дуулна. Хүүхдийн хоортой дуулна. Поп дуунуудаа эгшиглүүлнэ. Сонгодог дуу дуулна. 2007, 2013 онд хийсэн том тоглолтууддаа анх гаргаж байсан “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Хоёулаа хамтдаа” цомгуудаасаа ерөөсөө оруулаагүй юм билээ. Харин саяхан Ангирмаагийнхаа тоглолтод “Намайг эзэмдэх чиний сэтгэл”-ийг хийлч Дээгийтэй хамт дуулсан чинь хүмүүс маш их хүлээж байсан нь мэдрэгдсэн. “Итгэл өгөөч наддаа”-г дуулсан чинь хүмүүс их сайхан хүлээж авсан. Тэгээд би их баярлаж байна. 25, 27 жилийн өмнө гаргасан энэ дуунуудыг маань хүмүүс мартаагүй байна. Бид чинь шинэ юм хийх гээд л гүйгээд байдаг. Шинэ л цомог гаргачихвал бүх юм болчих гээд ч байгаа юм шиг. Тэгтэл үгүй юм байна. Хуучныхаа юмыг гоёор сэргээж байх ёстой юм байна. Тоглолтод маань эхнээс нь дуустал симфони оркестр сууна. Үзэгчдэдээ тэр тансаг хаан хөгжмийн эгшгийг мэдрүүлнэ гэж зорьж байгаа. Мэргэжлийн дуучны түвшинд хийх тоглолт болно. Тоглолтдоо олон сонгодог дуу дуулахгүй, хоёрыг дуулна. Хоёр дууны төлөө л ингээд гаммаа уншаад хөлсөө дуслуулаад зогсч байна шүү дээ (инээв).


Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 5-нд болох үйл явдал

10 цагаас Багш хөгжлийн ордны 602 тоот өрөөнд “Хүүхэд хэрэглэгч” аяны хүрээнд “Хүүхэд хэрэглэгч” талаасаа багш хүүхдийн харилцаан дээр үүсээд байгаа асуудал түүнийг шийдвэрлэх боломж гарцын талаар хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын 7 дүүргүүдийн төлөөлөл болох Ерөнхий боловсролын сургуулийн “Нийгмийн ажилтнууд”-ийн хэлэлцүүлэг өрнөнө. Тиймээс эрхэм сэтгүүлчид та бүхэн хэлэлцүүлэг болон тулгамдаж байгаа асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл ярилцлага бэлтгэх боломжтой. Харилцах утас: 96061497

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Орон гэргүй болон нярай хүүхэдтэй иргэдэд үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байнгын үйл ажиллагаатай газар нээж байгаа талаараа “Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компаниас мэдээлэл хийнэ.

13 цагаас Багшийн хөгжлийн ордны 405 тоотод Монгол-Солонгос Багш солилцооны хөтөлбөрийн нээлт болно.
Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд 2012-2018 онд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш тус хөтөлбөрт хамрагдан харилцан туршлага судалжээ. Харин 2019 онд Монгол улсаас 12 багш, Солонгос улсаас 9 багш оролцох юм. Харилцах утас: 96061497

14:00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Дарь эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ болно. НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт нь сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан, сурагчдад өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж 2018 оны 12 сарын 15-наас 2019 оны 02 сарын 22-ны хооронд “ДАРЬ ЭХИЙН ХӨГЖИЛ МИНИЙ НҮДЭЭР” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан.
2 сарын турш зарлагдсан уралдааны шилдэгүүд тодрох гэж байна. Уралдаанд Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооны харъяалалтай нийт 275 сурагчид өөрсдийн оюуны бүтээлээрээ ирүүлсэн бөгөөд дунд, ахлах анги гэсэн 2 ангилалд тус бүр шагналт 3 байр, тусгай 4 байр маргааш шалгаруулна. Холбоо барих утас: 88105910

Categories
мэдээ цаг-үе

Очирхүүгийн Жаргалсайхан: Зөв суурьтай хүнтэй байхгүй бол ардчилал нурж унадаг

Орчуулагч, япон судлаач, боловсрол судлалын мастер Очирхүүгийн Жаргалсайхан Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1964 онд төрсөн. МУИС-ийг орчуулагч-багшийн мэргэжлээр төгсч, 1993-1998 онд Токиогийн Гакүгэй их сургуульд суралцсан. Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” тууж болон “Хорин нэгдүгээр зуунд амьдрах хөвгүүд охидод”, “Коаны гэгээ”, “Тэнгэр уулын суганд орших талын эхэнд”, “Монгол таталбар” эсээ, Японы эзэн хааны шагнал хүртсэн “Оросын тухай” тууж, Мүрао Ясүкогийн “Талын салхи шигээ болохсон” тууж, Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибүгийн зохиосон “Гэнжийн туульс” нэг, хоёрдугаар боть, Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” роман зэрэг бүтээлүүдийг орчуулж уншигчдын хүртээл болгожээ. Япон хэл, соёлыг сурталчлах үйлсийг нь үнэлж Японы Засгийн газрын шагналаар шагнасан байна.


-Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүд багтсан таны орчуулгын “Хайрын ааш” бүтээл тань өнгөрөгч шар нохой жилийн шилдэг номоор шалгарсан. Энэ номд Японы хэн гэдэг зохиолчдын өгүүллэгүүд орсон бол?

-Энэ номд Акүтагава Рюүносүкэгийн “Эхнэрийн гоо”, “Ширэнгэн дунд”, Мишима Юкиогийн “Бороон дундахь усан оргилуур”, Монголд төдийлөн орчуулагдаж байгаагүй Ёокомицү Рийчигийн “Хавар морин тэрэгнээ залрахын цагт”, Дазай Осамүгийн “Арьс, сэтгэл хоёр”, “Дэвхрэг”, “Ичгүүр”, “Гүйгээрэй, Мэүрос минь”, Шиба Рёотарогийн “Коаны гэгээ”, “Хуучны хүний сэтгэл”, Үэда Акинаригийн “Харүсамэгийн үлгэр” зэрэг алдартай арван хоёр өгүүллэгийг түүвэрлэж оруулсан юм. Эдгээр зохиолчдын үе бол Японы уран зохиолын сэргэн мандлын үе байсан.

-Алтан үе байсан гэж үү?

-Алтан үе гэх нь хаашаа юм. Алтан үе гэвэл есдүгээр зууны үеийн “Гэнжийн туульс”-ын үеийг хэлэх байх. Эднийг ямар үе гэж манайхан үзэх юм байгаа юм. Миний хувьд үнэхээр сэтгэлгээний, Японы уламжлалт сэтгэлгээ, дэлхийн утга зохиолын модерн өнгө аяс хоёр л хоорондоо тулалдаж их дайны талбар болж байсан үеийн өгүүллэгүүд юм. Эл зохиолчдоос Шиба Рёотаро л саяхан болтол амьд байсан, ерэн зургаан онд өөд болсон хүн л дээ. Түүнээс бусад зохиолчид бүгд амиа хорлож нас барсан байгаа юм. Дазай Осамү өөрийнхөө хайртай хүүхэнтэй хамт голын усанд үйж үхсэн. Акүтагава Рюүносүкэ сэтгэлгээний гүн хямралд орж байгаад цэл залуугаараа амиа хорлож бурхан болсон. Ёокомицү Рийчи бас л зүй бусаар өөд болсон. Мишима Юкио болохоор бүр харакири хийж гэдсээ хүүлэн өөрийгөө егүүтгэсэн байдаг. Тэр түүх бол их урт, эмгэнэлтэй түүх л дээ. Хүчтэй байх ёстой Японы Эзэн хааны арми байхгүй байж болохгүй. Тэрээр 1949 онд батлагдсан Японы шинэ Үндсэн хуулиас “Цэрэг армитай байх” заалтыг авч хаясныг эсэргүүцэж, дөрвөн шавиа дагуулан Японы Батлан хамгаалах яаманд очиж Жанжин штабын ерөнхий командлагчийг барьцаалж байгаад харакири хийсэн байдаг. Мишима Юкио бол манай их яруу найрагч Очирбатын Дашбалбар шиг агуу авьяастай, улс орныхоо байдлыг хүндэрнэ гэдгийг олон жилийн өмнө мэдэрч байсан гайхамшигтай эх оронч, дүрэлзсэн халуун сэтгэлтэй, сэтгэлгээний нарийн мэдрэмжтэй уран бүтээлч байж л дээ. Мишимагийн хайрын их хөөрхөн өнгө аястай өгүүллэгийг орчуулсан. Өсвөр насны хүүхдүүдийн хайр сэтгэлийн өхөөрдөм хөөрхөн талыг дөвийлгөж гаргасан өгүүллэг байх жишээтэй. Энэ мэтчилэн хайрын өнгө хэлбэрүүдийн тухай бодож сонголт хийсэн түүврээ “Хайрын ааш” гэж нэрлэх нь аятайхан санагдсан. Насанд хүрсэн хүний хайр, өсвөр насныхны хайр, амьдралд нухлагдаж байгаа залуу гэр бүлийн хайр, эх орноо гэсэн хайр, залуу үеэ гэсэн хайр, шударга ёсны хайр гээд олон янзын хайрын тухай өгүүлэх ном гаргасан маань хүмүүст их хүрсэн бололтой байна.

-Та дэлхийн анхны роман, одоогоос мянгаад жилийн тэртээ зохиосон Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс”-ыг орчуулсан. Энэ алдарт бүтээлийг барьж авахад халгаж хулгах зүйл байв уу?

-Энэ бүтээлийг яагаад орчуулах болов гэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Дэлхийн сонгодог утга зохиол”-ын шигшмэл тавин ботийг гаргая гэсэн шийдвэр гаргасан. Манай олон нэртэй орчуулагчид бүтээлээ оруулсан. Сонголтыг Н.Энхбаяр гуай өөрөө хийсэн. Миний хувьд энэ агуу том бүтээлийг барьж авах зориг зүрх хүрэхгүй байсан. “Гэнжийн туульс” дэлхийн анхны роман гэдгийг би мэддэг байсан ч орчуулна гэж үнэндээ санаанд минь буухгүй байлаа. Энхбаяр гуай Горькийн утга зохиолын сургуульд сурч байхдаа оросоор нь уншсан байх. Английн Лийдсийн их сургуульд байхдаа англи орчуулгыг нь уншсан гэдэг. “Дэлхийн алдартай ийм романыг оруулахгүй бол ямар юмны тавин боть болох вэ” гээд намайг орчуулж чадах уу гэж санал тавьсан.

-Таны япон хэлээс орчуулсан анхны бүтээл тань ямар зохиол байна?

-Ерэн долоон онд Японд сурч байхдаа Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” туужийг зуныхаа амралтаар орчуулж гаргасан. Хойтон жил нь Токиогийн Боловсрол соёлын их сургуулийг дүүргэж ирэхэд Гадаад хэргийн яамнаас утасдаж “Ерөнхийлөгчийн Тамгын газраас өөртэй чинь холбоо барихыг хүсч байна” гэсэн. Ерөнхийлөгч Н.Багабанди, Тамгын газрын дарга нь С.Баяр байсан. Гайхаад очтол Шиба Рёотаро гэдэг Японы алдартай зохиолчийг 1998 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор нэхэн шагнах талаар ярилцах гэсэн юм билээ. Монгол хэлээр ганц ном гарсан байсан нь миний орчуулсан “Тал нутгийн тэмдэглэл” байж л дээ. Багабанди Ерөнхийлөгч Япон улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр гэргийд нь шагналыг гардуулсан. Би дөнгөж төгсөөд ирсэн байсан болохоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсрол хариуцсан ажилтнаар ажиллах саналыг хүлээн авч, төрийн албаны шалгалт өгч Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан реферэнтээр арав гаруй жил ажилласан даа. Тэр үед намд элсээд карьер хөөж болох л байсан. Шиба гуайн тэр ном Монголд ч, Японд ч их алдартай. Ном уншаад Монгол руу ирдэг жуулчид Японд түм бум байдаг. Тэр бүтээл миний орчуулгын анхны уран бүтээл байлаа.

-“Өөртөө туслах ухаан”-ыг та бас гайхамшигтай сайхан дуун хөрвүүлсэн шүү?

-Төрийн албаны ажлаа хийгээд, уран бүтээлдээ гүнзгий орох бодолтой байж байтал “Жайка”-гийнх байх аа, Монголбанкны зөвлөх Фүжимото Ацүши гэдэг хүн намайг сурагласаар ирж уулзсан. Тэр “Танай Монгол Улсын ардчилал арай л нэг өөр болоод байна. Монголчууд ардчиллын ийм сайхан замаар замнаж байгаагийн хувьд зөв суурьтай хүнтэй байхгүй бол ардчилал нурж унадаг юм. Хувь хүн бүхэн төр улсаа шаардах биш төр улсдаа дэмжлэг үзүүлэх цаг үе монголчуудад ирчихээд байна. Тийм учраас чадалтай сайн иргэнтэй байх ёстой. Энэ ном бол манай Мэйжийн үеийн Японыг төдийгүй барууны орнуудад сайн боловсролтой иргэнтэй болоход суурь нь болж өгсөн. Накамүра Масаоно гэдэг хүн орчуулсан юм. Япончуудын арван хүний нэг нь уншдаг, олддоггүй ном” гээд надад “Өөртөө туслах ухаан” гэдэг япон хэлээр хэвлэгдсэн номыг өглөө. Уншаад үзсэн чинь Мэйжийн үед бестселлер болж байсан ном байдаг юм байна. Мэйжийн үе гэдэг маань харанхуй бүдүүлэг феодалын нийгмээс ардчилалтай хөрөнгөтний нийгэм, барууны соёл руу гулсан орж байсан нийгмийн шилжилтийн үеийг хэлдэг. 1840-1850-иад оны үе л дээ. 1872 онд “Барууныхан хөл дээрээ боссон түүх” гэсэн нэрээр англи хэлнээс орчуулж гаргасан. Зохиогч Самуэл Смайлс Шотландын Хадинтон хотод төрсөн. Эмчийн мэргэжил эзэмшсэн хэдий ч “Өөртөө туслах ухаан” номоо 1858 онд хэвлүүлж амжилт олсон тул сэтгүүл зүй, бичиж туурвих ажилд хүчээ сорих болсон хүн юм билээ. Түүний бичсэн “Self-Help”, “Сharacter”, “Тhrift”, “Dutу” бүтээлүүд их алдартай. Тухайн үед Адуун чулууны нүүрсний уурхайн захирал байсан, УИХ-ын гишүүн асан Шинэбаяр ивээн тэтгэж хэвлүүлсэн. Өмнөх үгийг нь Б.Даш-Ёндон гуай бичсэн. “Ямар мундаг ном бэ. Ийм ном уншилгүй удсан байна шүү. Орчуулга чинь давгүй байна” гэж урам хайрлаж байлаа. Үүнээс хойш Японд зуун дамжин бестселлэр болсон Фкүзава Юкичийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” хоёр ботийг орчуулсан.

-Япон хэлийг та хаана тэгтлээ сайн сурсан билээ?

-МУИС-д сурсан даа. Хятад хэлний Болдбаатар манай анги. Сумо тайлбарладаг Төмөрбаатар Москвагаас манай ангид шилжиж ирж байлаа. Хятад хэлний ангид орох гэж Болдоо бид хоёр өрсөлдөөд, би япон хэлний ангид тунаж унасан хүн л дээ. “Хятад хэлний ангид оруулахгүй” гэхэд уйлж л байсан. Их шартай байсан байгаа биз. Их сургуулийн монгол хэл-уран зохиолын ангийнхантай яг адил хөтөлбөрөөр хичээллэж төгссөн. Тэгэхээр бид морфологи, авиан зүй, найруулга зүй, эртний уран зохиол, гадаадын, дорно дахины, Оросын, Европын уран зохиол гээд бүгдийг заалгаад, япон ханзаа бас давхар үзсний ач хожим орчуулагч болоход үр дүнгээ өгсөн. Манай сургуулийг агуу их Загдын Түмэнжаргал, зохиолч Доржзовдын Энхболд, Пүрэвжавын Баярсайхан нарын суу билэгтнүүд төгсөж байсан. Бид бүгд С.Дулам багшийн шавь нар. Манай япон хэлний сонгоныхны хувьд ханзаа ухаангүй үзээд ямар ч завгүй байдаг байлаа. “Монголын нууц товчоо”-гоо цээжилнэ. Нямаагийн Төмөрхуяг багш маань А.С.Пушкины шүлгүүдийг оросоор нь цээжлүүлдэг байлаа.

-Хятад ханз, япон ханз сурахад аль нь хэцүү бол?

-Хятадын бичгийн соёл манай эриний тавдугаар зуунд Японд нэвтэрсэн байдаг. Тэр цагаас хойш Хятадын бичиг үсгийн соёлыг япончууд өөриймшүүлэхдээ үл ялиг хураангуйлж авсан. Арван зургаан бичлэгтэй ханз байлаа гэхэд найм болгох ч юм уу хурааж боловсронгуй болгосон гэх юм уу даа. Одоо хэрэглэж байгаа хятад ханз тэр үеийнхээс бүр хураангуй болсон. Би Тайваньд очихдоо хоолны ханзаа нэг юм уншчихна. “Энэ чинь галууны нэг ийм далавч байна” гээд мэдээд байх жишээний. Бээжинд очихоор манай таталган бичиг шиг хураагаад биччихсэн юмыг уншиж чаддаггүй. Ханз үсгийн соёл бол нэг соёл мөртлөө хураангуйлсан, хураангуй биш, хураангуйлснаас бүүр хураангуй болсон гэх маягтай байдаг. Ерөнхийдөө арван мянган ханз үсэгтэй байхад Японоос маш сайн мэдрэмжтэй орчуулгыг хийнэ. Таван мянган ханзтай бол сонин сэтгүүл унших хэмжээний гэж ойлгож болно.

-Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан романыг монголчлох болсон учир юунд байна?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед ажлаасаа өргөдлөө өгч гарчихаад “Юу хийх вэ” гэж бодсон. Үндсэндээ ажлаасаа гарснаас хойш миний уран бүтээл цэцэглэсэн. “Ad­mon” компанийн захирал Роозонгийн Энхбат дуудаж “Франкфуртын номын яармагт очиход Мүраками гэдэг зохиолчийн бүтээл орон орны ном эрхлэгчдийн ярианы сэдэв болоод байна. Чи орчуулахгүй биз” гэж асуусан. Би “Бодъё” гэж яваад нэг хоёр ч жил болчихсон. Дэлхийн пост модерн роман шүү дээ. Дараа нь нэг явж ирэхэд нь гэрээ хийсэн. Тэгээд орчуулсан. Мүраками чинь тухайн улс орны хэвлэлийн газарт орчуулах эрхээ өгдөг. Хувь уран бүтээлчид эрх өгдөггүй.

-Та хувиараа орчуулна гэхэд эрх өгөхгүй байжээ?

-Өгөхгүй. Хамгийн гайгүй нэр хүндтэй хэвлэлийн газарт эрхээ өгдөг. Ингэж Р.Энхбат бид хоёрын түншлэл эхэлсэн. Орчууллаа. Хэвлэгдлээ. Сүүлдээ Мүракамигаар өвчлөх шахуу юм боллоо. Дэлхийн суут модерн зохиолчийн сэтгэлгээний хурд, миний орчуулах хурд хоёр эхлээд гарт орж өгөхгүй хэцүү байсан. Нэг хуудсан дээр нэлээд уддаг байлаа. Сүүлдээ Мүракамийн сэтгэлгээний хүч, миний утга зохиолыг мэдрэх хүч хоёр төстэй болж найрсаж зохицож эхэлсэн. Мүраками зохиочихсон мөртлөө зохиолд нь дэлхийн нийгмийн шинжлэх ухаан явж байдаг. Үнэхээр дэлхийн зохиолч л доо. Гурван боть нь монголоор хэвлэгдсэнээс хойш монгол уншигчид талархалтай хүлээж авсан. Дараа нь “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романыг орчуулж гаргасан.

Үргэлжлэл бий