Categories
мэдээ улс-төр

Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгөв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нийслэлийн 23 дугаар сургуулийн “Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзав.

Сурагч З.Мишээл, Г.Эрдэнэчимэг нар Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд Монгол бичгийн хэрэглээг бий болгох зэрэг асуудлуудыг хөндсөн захидал бичсэн учир ийнхүү уулзаж монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон юм. 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос Уянга” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хүлээн авсны сацуу дугуйлангийн үйл ажиллагааг сайшаагаад “Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” гээд Шадар сайдын харьяа “Стандарт, хэмжил зүйн газар”-т Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа ярьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа Хөгжлийн Банкны Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа

Дөнгөж сая Худалдаа Хөгжлийн Банкны Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчиллаа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эргэж мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сонсгол хамгаалах дэлхийн өдөр

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд сонсгол бууралт, дүлийрэлттэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна (2018 он). Хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг байна. 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэ байна. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум доллар зарцуулж байна.

Ямар нэгэн арга хэмжээ авахгүй тохиолдолд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. Урьдчилан тооцоогоор сонсгол бууралт, дүлийрэлтийн тоо 2030 онд 630 сая, 2050 онд 900 саяд хүрэхээр байна.

Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд сурталчлан таниулах, зөв хэвшилд дадуулах, эрт оношлон эмчлэх нь өрх гэр, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой.
Тиймээс ДЭМБ жил бурийн 3-р сарын 3-ны өдрийг “Дэлхийн Сонсгол Хамгаалах Өдөр” болгон зарласан юм. Энэ жил дэлхийн сонсгол хамгаалах өдрийг “Ирээдүйг сонсохын тулд өнөөдрөөс сонсголоо шалгуулцгаая” уриан дор тэмдэглэж байна.
Жил бүр ЭХЭМҮТ-ийн ЧХХМЗТ-ийн хамт олон уламжлал болгон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд хамгаалах төвүүдэд чих хамар хоолойн болон сонсголын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөөг өгч сургалт явуулдаг.

Бид 2019 онд сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа.Үүнд:

  1. Хүүхдийн төв сувиллын дутуу нярайн тасгийн 20 нярайд сонсголын скрининг шинжилгээ, сувиллын 68 хүүхдэд ЧХХ-н урьдчилан сэргийлэх үзлэг, эхчүүдэд сургалт зохион явууллаа.
  2. Баянхошууны асрах төвийн “Хөх тэнгис цэцэрлэгт”-ийн 28 хүүхэд; Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Нарны хүүхдүүд цэцэрлэг”-ийн 85 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, сонсголын скрининг хийж, зөвлөгөө өгч, сургалт хийв.
  3. Мөн C1 телевиз, TV-25 телевиз, Эмчийн өргөө TV болон FM 104.4-р “Сонсголоо хэрхэн хамгаалах” талаар шууд нэвтрүүлэгт оролцож, ард иргэдэд зориулж сонсгол хамгаалах талаарх мэдээллийг түгээв.
  4. Мөн ЭХЭМҮТ-н Хүүхдийн Зөвлөх Поликлиникээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарт сургалтын материал тараан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион явуулав. 30 нярайд сонсголын скрининг хийж, 40 гаруй хүүхдийн сонсголыг шалгалаа.
  5. Сонсгол хамгаалах өдрийн хүрээнд нийт 250 гаруй хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, үүнээс сонсгол бууралтыг илрүүлэх шинжилгээг 50 хүүхдэд хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно” хэмээн заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлоод байв. Хуралдаанаар олон улсын, нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөхөөс гадна “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны ирц хүрээгүй хэдий ч “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас хүссэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 57 тоот захирамж гарган “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмснээр нийт 13 гишүүнтэй болсон гэв. Тус ажлын хэсэг нийт 7 удаа хуралдсан бөгөөд гишүүдийн гаргасан санал, хэлсэн үг бүрийг тэмдэглэн дэд ажлын хэсгүүд дээр нэгбүрчлэн хэлэлцэж, санал, дүгнэлтэд тусгахыг хичээж ажилласан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва онцолж байв. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий таван дэд ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, ажиллуулсан байна. Дэд ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд нам, эвсэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд багтжээ. Дэд ажлын хэсгүүд нийтдээ 37 удаа хуралдсан бөгөөд чиглэл чиглэлээрээ сайн ажилласан гэж дүгнэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва дурдлаа.

Ажлын дэд хэсгүүдийн тайланг 2018 оны 06 дугаар сард нэгтгэсэн хэдий ч нягтлах, тодотгох шаардлагатай хэмээн үзснээр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор хүлээн авчээ. Эдгээр тайланг нэгтгэн 2018 оны есдүгээр сард багтаан ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, саналыг нь авсан байна. Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сард ирсэн бөгөөд санал, дүгнэлтүүдийг нэгтгэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хэсгийн тайланг эцэслэн боловсруулсан гэв. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргад тайлангийн хувийг хүргүүлж, уг тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан аж. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн ажлын хэсэг өнөөдрийг хүртэл хуралдаагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлсэн. Ажлын хэсгийн гишүүдийн ихэнх нь тайланд гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа бол зарим нэг гишүүн нягтлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд багтсан эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, нам, эвслийн төлөөлөл хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтэд эдгээр төлөөллийнхөө саналыг бүрэн хэмжээгээр тусгасан гэж үзэж буйгаа тэрбээр төгсгөлд нь хэллээ.

Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хойшлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос уянга” монгол бичгийн дугуйлангийн сурагчидтай уулзжээ

Нийслэлийн 23 дугаар сургуулийн “Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн сурагчид Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд Монголбичгийн хэрэглээг бий болгох зэрэг асуудлуудыг хөндсөн захидал бичсэн байна. Иймд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос уянга” моншгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон аж. Тэрээр 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос Уянга” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хүлээн авч, үйл ажиллагааг нь магтжээ. Мөн “Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” Шадар сайдын харьяа “Стандарт, хэмжил зүйн газар”-т Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа ярьсан байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сарангэрэл Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мерлин-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбар нь Монгол-Францын хамтын ажиллагааны уламжлалт салбаруудын нэг болохыг онцлоод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын тасгийг шинэчлэх Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 10.0 сая франкийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл болон 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2013-2018 онд хэрэгжсэн тус төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг шинэчлэх төсөл нь Монгол Улсын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.


Мөн Эрүүл мэндийн салбарт Дэлхийн эмч нар, Аксион Монголи, Санте Сюд, Апау зэрэг хэд хэдэн ТББ-ууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллага хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл багаж, тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах, хамтарсан судалгаа хийх, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг мөн онцоллоо.

Үүний дараагаар Элчин сайд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа 1992 оноос өнөөг хүртэл өргөжин хөгжиж байгааг онцлоод энэ хугацаанд төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Одоогоор эрүүл мэндийн салбарт Дэлхийн эмч нар, Аксион Монголи ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын шугамаар шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд татварын асуудал хүндрэлтэй байдаг тул энэ тал дээр анхаарч өгөхийг хүслээ.

Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны замын зураглал гарган, цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлон ажиллахаар харилцан тохиролцсон тул эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тэргүүлэх чиглэл, шийдвэрлэвэл зохих асуудлуудаа тусган ажиллах нь зүйтэй болохыг мэдэгдлээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нисдэг тэрэг нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд зөвхөн гамшиг, ослын үед төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, шаардлагатай тохиолдолд алслагдсан аймгуудаас өвчтөн, эм тариа тээвэрлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохын зэрэгцээ төслийн хүрээнд яаралтай түргэн тусламжийн эмч нарт зориулсан сургалтууд тогтмол явагдахаар төлөвлөж байгаа тул энэ тал дээр дэмжиж ажиллах саналыг дэвшүүлэв. Уулзалтын явцад талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх аливаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авч эхэлжээ

Image result for Ц.Пүрэвтүвшин

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Албаны эх сурвалжууд түүнийг саатуулаагүй. Харин яг одоо байцаалт авч байгаа гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Сурах бичгийн талаар авах арга хэмжээг хэлэлцэнэ

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Засгийн газар хоорондын загвар хэлэлцээрийн төслийн тухай, Сурах бичгийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Энэ сарын башёг монгол их аваргууд тэргүүлж барилдана

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 10-нд эхэлнэ. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдахаар эрэмбэлэгджээ. Харин баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн сэкивакэ, Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн зүүн жигүүрийн 16, Чоёошима Г.Мөнхсайхан 17-д эрэмэбэлэгдсэн байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлснээр сэкивакэ цолоо буцаан авчээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын элчин сайдын яамд өдөрт 500-700 хүн визийн хүсэлт өгч байна

Монголд суугаа БНСУ-ын элчин сайдын яамд өдөрт 700-800 хүн визийн хүсэлт өгч байна. Үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн хүмүүс дундаас сард дунджаар 500-аас дээш хүн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа аж. Иймээс БНСУ-ын элчин сайдын яамнаас визийн материалыг илүү нарийн шалгах шаардлагатай байгааг дуулгасан байна. Иймээс өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан материалууд болон хойшид визийн хүсэлт өгч буй Монгол иргэдийн визийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулагдах болсныг мэдэгджээ. Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд ) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох юм.