Categories
мэдээ спорт

Монголын 10 бөх Якутын дэвжээнд зодоглоно

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1999-2001 он) ОУТ гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Сахад болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ гэсэн 10 тамирчин, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор хүч үзэх юм. Түүнчлэн олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас тэмцээнийг дэнслэнэ.

Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Т.Тулга, М.Лхагвагэрэл 2018 онд алт, Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга 2016 онд, Э.Батмагнай, Ч.Алтангэрэл 2018 онд хүрэл медаль хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм

С.Өлзийтогтох: 310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажил хийх гэж яваад машинд дайруулж нас барсан

ЗХЖШ-ын алба хаагч золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох тайлбар өглөө. Тэрбээр “Хоёрдугаар сарын 28-нд 310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газар хайрга татахаар томилогдсон хоёр ажилтан албан үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орсон. Хайрга татах ажилд нэг жолооч, мөн ахлах ахлагч Я.Г туслах жолоочоор томилогдон явж байсан. Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн. Зуун мод орчмын элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдан зогссон. Ийм нөхцөлд машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Г нь буугаад ивээс хайн туслахаар болсон. Энэ үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин ухарч, гулган осол гарсан байна. Манай 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” сувиллын газрын барилгын ажиллагаанд буюу цахилгааны шугам татах ажилд туслахаар явж байсан. Ослын газарт 19.00 цагийн орчимд очиход цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаагийнхан ирж ослын газар үзлэг, шалгалт хийсэн. Осол гаргасан жолоочийг Налайх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ

Categories
мэдээ спорт

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны гуравдугаар сарын 4-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай Астана хотноо уулзаж, хоёр талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий хоёр орны биеийн тамир, спортын газрын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов.

Мөн тэрбээр Казахстан Улсын тамирчид өвлийн спортын төрлөөр амжилт гаргаж байгаа талаар дурьдаж, тус улсад өвлийн спортын төрлөөр хоёр орны баг тамирчдыг хамтарсан бэлтгэл сургуулилт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга С.Сапиевыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиев Монголын тамирчид тив дэлхийд өндөр чансаатай, тухайлбал жудо, бокс, буудлагын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, дасгалжуулагч хамтран бэлтгэх саналтай байгаагаа илэрхийлж, тэрбээр саяхан Монголын Үндэсний Олимпын хорооны одонгоор шагнагдсандаа баяртай байгаа талаараа дурьдав.

Уулзалтын дараа Монгол, Казахстаны Биеийн тамир, спортын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Олон жил хуулийн байгууллагад шалгагдаж байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү, “Алтжин”-гийн Г.Алтан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн Ч.Ганзориг, хуулийн зөвлөх асан Б.Мөнхжаргал Г.Амарбат “Алтжин”-гийн Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал өнөөдөр 13.30 цагт эхлэхээр товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонг баривчиллаа

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг баривчлаад байгаа. Тэгвэл яг одоо Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонг Эрүүгийн цагдаагийн албаныхан дайчлан баривчилж, Эрүүгийн цагдаагийн албаны байранд авчирсан байна.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковатай албан ёсны уулзалт хийж талуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа ялангуяа сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолоо илэрхийлж цаашид эрчим хүчний зохистой эх үүсвэрийг бүрдүүлэх, эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Сонгуулийн байнгын хорооны дарга, Чех-Монголын Парламентын бүлгийн гишүүн Станислав Берковецтэй хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх асуудлаар уулзалт хийсний зэрэгцээ Парламентын Сенатын танхимын гишүүн Ярослав Доубраватай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар уулзаж ярилцлаа.

Төлөөлөгчид ухаалаг цахилгаан тоолуур, алсын зайнаас удирдах, орчин үеийн хэмжих системийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д амжилттай нэвтрүүлж байгаа Чех Улсын “ZPA Smart energy” компаний үйл ажиллагаатай танилцсан бөгөөд эрчим хүчний алдагдлыг бууруулах, шугам сүлжээний найдвартай ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүний зэрэгцээ Эльба голд байрлах Лес Краловствигийн усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, жижиг болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах нөөц боломжийн талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

“Амжилтын үндэс” уулзалт, ярилцлага боллоо

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр “Чех-Монголын соёлын төв” ТББ-тай хамтран “Амжилтын үндэс” уулзалт, ярилцлагыг ЭСЯ-нд зохион байгууллаа. Хилийн чанадад эх орноо сурталчилан, амжилттай хөдөлмөр эрхлэн яваа хүмүүсийг урьж оролцуулах зорилготой “Амжилтын үндэс” уулзалт, ярилцлагын анхны зочноор загвар зохион бүтээгч, стилист А.Цэцгээ Франц Улсаас хүрэлцэн ирж оролцлоо.

Загвар зохион бүтээгч, стилист А.Цэцгээ нь “Аюураа” брендийг үүсгэн 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ стилистийн зөвлөгөө үзүүлдэг бөгөөд тэрээр уулзалт ярилцлагад хүрэлцэн ирсэн зочдод өөрийн “Аюураа” брендийн талаар болон хувь хүний гадаад имидж бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өглөө.

“Амжилтын үндэс” уулзалт, ярилцлагыг улирал тутам зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус ЭСЯ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасны дагуу монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Соёлын элч Д.Мэндмаад соёлын элчийн гэрчилгээг гардуулав

Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Д.Мэндмаад гуравдугаар сарын 4-ны өдөр Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгөв. Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа 2019 оны дөрөвдүгээр сард Испани Улсын Мадрид хотноо зургаа дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлоод байна.

Categories
мэдээ нийгэм

Францад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзалт хийв

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр францын аж ахуй нэгж, байгууллагуудад ажилладаг Монгол иргэд болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг зохион байгуулав. Уулзалтыг Элчин сайд А.Баттөр нээж, Элчин зөвлөх Э.Есүхэй Монгол, Францын харилцааны талаар товч танилцуулга хийж, Францын хөгжлийн агентлагийн Зээл, санхүүгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Батчимэг өөрийн ажиллаж буй байгууллагыг танилцуулав. Мөн оролцогчдоос урьдчилж авсан санал асуулгын дагуу оюутны тэтгэлэг, Франц дахь монголчуудын хоорондын харилцаа холбоо, сургалт семинар зохион байгуулах нэгдсэн мэдээллийн сан үүсгэх боломжууд, бизнес боломжуудын талаар санал солилцож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.