Categories
мэдээ цаг-үе

Л.Насанцэнгэл: Манайхан “Хүний дор орж болохгүй” гэсэн сэтгэлгээгээр хүүхдээ хүмүүжүүлдэг нь амиа хичээсэн иргэдийг бэлтгэж байгаа хэрэг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал АУ-ы доктор дэд профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.


-Сэтгэл гутралын өвчин манайд тохиолдох нь элбэг болжээ. Шалтгаан нөхцөл нь юу юм бол?

-Сэтгэл гутрал бол зонхилон тохиолдох сэтгэцийн зургаан эмгэгийн нэг. Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амьдралын хугацаанд сэтгэл гутралаар өвчилдөг гэж үздэг. Даамжирвал хөдөлмөрийн чадвар алдагдахад хүргэх эрсдэлтэй өвчин. Сэтгэцийн эмгэг нь 2005 онд дэлхий нийтийн өвчлөлийн 10 хувийг эзэлж байсан бол 2020 гэхэд 15 хувь болж нэмэгдэнэ гэж тооцоолсон байдаг. Нийгэм хөгжихөд сэтгэцийн эмгэг дагаад өсдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баруун бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэцийн эмгэг хүн амын 27 хувийг эзэлж байхад хөгжиж буй орнуудад 15 хувьтай байдаг. Хөгжилтэй оронд сэтгэл гутралын эмгэг өндөр байдаг нь энэ үзүүлэлтээс харагдаж байна. Манайд сэтгэцийн эмгэгийн тархалт бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 4-6 дахин бага байсан. Одоо нийгэм хөгжөөд сэтгэцийн эмгэг өссөн байна. 2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаа хийсэн л дээ. Үүнийг 1982-1994 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин өсөөд, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байгаа юм. Сэтгэл гутралыг хүмүүс тэр бүр анзаардаггүй эмгэг. Тухайн хүнд ямар нэгэн зүйлд дур сонирхолгүй болох, үйлдэл хөдөлгөөн удаашрах, хоолонд дургүй болох, бэлгийн дур буурах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Шалтгаангүйгээр сэтгэлээр унах, гутрах зэрэг нь энэ эмгэгийн нөлөөлөл. Ажлын идэвхгүй болчихдог. Ийм эмгэг гол төлөв эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог.

-Сэтгэл гутрал даамжирвал юунд хүрэх вэ?

-Сэтгэл гутралтай удаан явж хүндэрвэл амиа хорлох эрсдэл өндөр байдаг.

-Сая Улсын прокурорын ерөнхий газраас гаргасан судалгаанаас харахад амиа хорлолтын 85 хувийг эрчүүд эзэлж байгаа гэдгийг онцолсон байсан. Энэ юутай холбоотой вэ. Монгол эрчүүд ийм сэтгэлийн хатгүй болчихсон хэрэг үү?

-Би сэтгэл гутралаар гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг гэж хэлсэн. Харин сэтгэл гутралд автаж амиа хорлосон тохиолдлуудыг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4-5 дахин илүү байсан. Олон улсын судалгаанаас харахад ч эрэгтэйчүүд гол төлөв амиа хорлосон байдаг.

-Манай эрэгтэйчүүдийн амиа хорлож байгаа шалтгаанууд нь юу байдаг вэ. Бид түүхээ эргээд харвал дайн тулаан, хэлмэгдүүлэлт гээд хагацал зовлон бишгүй үзсэн сэтгэлийн хаттай улс шүү дээ. Одоо багахан л асуудал тулгарахад өөрийгөө дүүжилчих гээд байдаг болж?

-Дэлхий нийтэд 35 хүртэлх насны эрчүүдийн нас баралтын нэг, хоёрдугаар шалтгаан нь амиа хорлох байдаг. Ийм насны хүмүүс өвчнөөр нас барахгүй шүү дээ. Амиа хорлож байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэх гээд байдаг. Судалгаанаас харахад 0.5 хувь нь л сэтгэцийн эмгэгтэй, 99.5 хувь нь эрүүл хүмүүс байна лээ. Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарч хийсэн судалгаанаас харахад сүүлийн таван жилийн хугацаанд нийт 2055 хүн амиа хорлосон байна. Үүнээс үзэхэд 47 хувь нь баталгаат түвшингээс доош амьдралтай гэж гарсан байгаа юм. Дани улсын туршлагаас ч харахад амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд хийж байгаа эхний алхам нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх байсан. Үүнээс сэргийлэхэд хүүхдийн төлөвшилт чухал байдаг. Амиа хорлож буй хүмүүсийн зан үйлийг судлахад дуу муутай, хүнтэй сэтгэлээ нээж ярьдаггүй, дотогшоо хүмүүс их байдаг. Дээрээс нь гэр бүлийн маргаантай, архидалттай, дарамттай орчинд өссөн хүүхэд амиа хорлох тохиолдол их. Ийм орчинд өссөн хүүхэд сэтгэл зүйн дархлаа муутай иргэн болж төлөвшдөг. Тулгарсан асуудлыг шийдэхдээ амиа хорлох гаргалгааг сонгох жишээ олон бий. Гэр бүлийн салалт, хойт эцэг эхийн хандлага амиа хорлоход хүргэдэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндрөөс үсэрч амиа хорложээ, хүнд дурлаад өөрийгөө боомилжээ гэх зэрэг мэдээг дэлгэрэнгүй нэвтрүүлж байгаа нь өсвөр насныханд сөрөг сэдэл төрүүлээд байна. Хүн амиа хорлох шийдвэрийг хоромхон хугацаанд л гаргаж эрс шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ ажлыг Хууль зүй дотоод хэргийн яам, НХХЯ, ЦЕГ, ГБХЗХГ зэрэг байгууллагууд хамтарч хийх ёстой. Манайд амиа хорлолтыг бүртгэх мэдээлэх тогтолцоо алга. Бүртгэх, мэдээлэх тогтолцоо бий болгох ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байгаа. Энэ ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралдаж Засгийн газрын тогтоол, журам гаргаж амиа хорлох оролдлогыг бүртгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар болсон. Үүнд НХХЯ, БСШУСЯ-ын оролцоо чухал. Хамтарч энэ ажлыг хэрэгжүүлэхээр зөвлөж байгаа.

-Хүүхдээ сэтгэлийн дархлаатай иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, ярилцаж байх нь тулгарсан бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн хаттай иргэнийг бэлтгэж байгаа хэрэг. Хувь хүний сэтгэлийн дархлаа чухал. Манайхан хичээлдээ сайн, англи хэлтэй төгс хүүхдийг бодоод байдаг. Үнэндээ зөв төлөвшилтэй, зөв харилцдаг, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг, өөртөө тулгарсан асуудлыг хялбар зөв аргаар шийдвэрлэх ухаанд суралцуулах хэрэгтэй. Ийм иргэн нийгэмд илүү үнэ цэнэтэй. Мэдээж сурч боловсроход нь тодорхой хэмжээнд анхааралгүй л яахав. Хэтэрхий их ачаалал өгөх нь мэдрэлийн ядаргаанд оруулчихдаг. Ийм хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болж төлөвшинө. Хүүхдэдээ цаг гаргаж, үгийг нь анхааралтай сонсч, өөрөөр нь сайн яриулж байх хэрэгтэй. Улмаар тохирсон асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлж байх нь өөртөө итгэлтэй болгоход тустай. Аливаа асуудал гарахад амиа хорлох биш, асуудлыг оновчтой шийдэх чадвартай иргэнийг бэлтгэнэ гэсэн үг. Ийм хүн хувь хүний нөлөөнд автдаггүй, хорт зуршилд “үгүй” гэж хэлж чаддаг ухамсартай болно. Ийм хүн сэтгэл гутралаас өөрийгөө сэргийлэх дархлаатай байдаг.

-Манайхан хүүхдэдээ “хүний дор орж болохгүй” гэж хүмүүжүүлээд байх шиг. Энэ талаар та юу гэж зөвлөх вэ?

-Сэтгэцийн эмч нарын санааг зовоож буй асуудал энэ. “Чи заавал тэрнээс илүү байх ёстой” гэж төгс төгөлдрийн үзэлтэй болгож хүмүүжүүлж байна. Хүн болгон хүнээс илүү байх албагүй. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Өөр нэг асуудал нь хар амиа бодсон үзлийг хүүхдэдээ суулгаад байна. Хүнд тусалдаггүй, заавал илүү гарах гэсэн сэтгэхүйтэй байвал тухайн хүн насан туршдаа аз жаргалгүй, ганцаардаж амьдарна гэсэн үг. Атаархах, хүнд муу санах, үзэн ядах зэрэг нь сөрөг бодол л доо. Ийм үйлдэл хөдөлгөөн хийх нь яваандаа зуршил болж зан үйл болон төлөвшдөг. Эргээд хувь хүнд сөргөөр нөлөөлдөг байхгүй юу. Сэтгэл гутралд автахад хүргэнэ.

-Хотжилт гэдэг хувь хүнээс асар их хурд шаарддаг. Богино хугацаанд их ажил амжуулах ёстой. Энэ нь сэтгэл гутрал автахад нөлөөлөх үү?

-Нөлөөлж болно. Хувь хүнээс их ачаалал шаардана гэсэн үг шүү дээ. Замын түгжрэл, хүмүүсийн таагүй харилцаа, гэр бүлийн таагүй харилцаа, ажлын ядаргаа зэрэг нь стресс болдог. Гоё хоол хийе гээд хийхэд стресс болохгүй. Энэ хоолыг яаж хийнэ дээ гэж дургүйцэх сэтгэл нь стресс болж байгаа юм. Юманд өгч байгаа хариу урвал стресс болдог. Энэ нь хүнийг сэтгэл гутралд оруулах шалтгаан болдог.

-Сэтгэл гутралыг хувь хүн хэрхэн даван туулах вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр хүмүүс эмч, эмнэлгээс хайгаад байдаг. Гэтэл манайх 135 сэтгэцийн эмчтэй 3.2 сая хүнтэй учир нэг эмчид 20 гаруй мянган хүн ногдож байгаа юм. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ахуй амьдралын дэглэм маш чухал. Жишээ нь нойр, хоол, ажил, амралтын дэглэм. Мөн цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалт хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлаа яаралтай, зөв замаар шийдвэрлээд сурчихвал сэтгэл гутралын эмгэгт өртөхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Э.Буяндулам: Манай хамтлаг “Шарк танк”-аас өмнө “Оддын академи” шоунаас 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан

“Боловсрол” телевизийн зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasa­bies” охидын хамтлаг “Шарк танк” нэвтрүүлэгт орж 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан билээ. Тус хамтлагийн ахлагч Буяндуламтай ярилцлаа.


-“Шарк”-уудаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсанд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Хөрөнгө оруулалт авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Хамтлагаараа ороод үзье гэсэн шийдвэрийг гаргасан. Нэлээд айдастай байсан. Дэмжих болов уу гэсэн найдвар байсан ч бүрэн итгэлтэй байгаагүй. Бид 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсээд оронд нь бичлэгийн эрхээсээ олсон ашгийнхаа 50 хувийг амалж орсон. Тэгээд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон.

-“Шарк”-уудаас хэн хэн нь дэмжих бол гэсэн таамаг байсан уу?

-Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл “шарк”-ууд маань урлагт сонирхолтой гэж сонсч байсан учраас тэднийг дэмжих байх гэж бодож байсан шүү.

-“Шарк танк”-д анх удаа хамтлаг, тэр дундаа олонд танигдаагүй охидын хамтлаг ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан гэхээр хүн бүр гайхаж сонирхож байна?

-Фэйсбүүк болон сошиал дээрх хандалтуудыг ажиглахад тиймэрхүү хандлагууд байсан. Гэхдээ дийлэнх нь эергээр хүлээж авсан. Анх удаа “Шарк танк” нэвтрүүлэгт хамтлагаараа урлагаа төлөөлж орсонд магтсан ч хүмүүс байсан, шүүмжилсэн хэсэг ч байсан. “Юугаа ч мэдэхгүй хүүхдүүд хөрөнгө оруулалт авчихлаа” гэдэг тийм байдлаар шүүмжилж байгаа хүмүүс ч байсан.

-Танай хамтлаг “Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан хамтлаг. Уг шоу саяхан л болж байсан санагдана?

-Тус телевиз “Оддын академи” шоуг 2017-2018 оны хооронд зохион байгуулсан. Шоу маань хоёр сарын хугацаанд үргэлжлээд охид маань хамт амьдраад, багш нараасаа суралцсан. Энэ шоу нь реалити болон концертыг хослуулсан хэв маягтай байсан. Бид реалитигаа хийгээд долоо хоногийнхоо төгсгөлд тоглолтоо хийгээд шүүгч нараараа дүгнүүлээд явдаг байсан. “Боловсрол” телевиз бидэнд маш их зүйлийг зааж сургасан. Бидэнд энэ том боломжийг нээж өгсөн. Хамгийн гол зорилгодоо хүрэхэд хамгийн их ойртуулж өгсөн хүмүүс. Тийм учраас “Боловсрол” телевизийнхэндээ баярлаж явдаг. Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншихад “Та нар “Боловсрол” телевизийн шоунаас гарсан биз дээ. Тус телевизийнхэнд хаягдчихсан юм уу” гэсэн сонин хандлагууд ажиглагдсан. Тэр нь бидэнд хэтэрхий өрөөсгөл санагдсан. Тус телевизийнхэн биднийг боловсруулаад цаашаа явахад бэлэн болгоод гаргаад өгчихсөн. Энэ бол тэр хүмүүсийн бидний төлөө хийж өгсөн маш том зүйл. Биднийг насаар нь ивээн тэтгэж, бүхий л насаар нь авч явна гэсэн үг биш. Үүнийг л хүмүүс буруу ойлгосон юм шиг санагдсан.

-Танайх хэдэн гишүүнтэй хамтлаг вэ. Хэдээс хэдэн насныхан байна вэ. Ямар сургуульд сурцгаадаг вэ?

-Манай хамтлаг таван гишүүнтэй. 16-19 насны өсвөр үеийн охид. Сургуулийн хувьд бүгд өөр өөр чиглэлээр сурдаг. Миний хувьд Солонгос судлалын чиглэлээр сураад сая төгссөн. Жүжигчин, олон улсын харилцаа гэсэн чиглэлээр тус тусдаа сурч байгаа. Нэг маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч.

-Хөрөнгөө босгочихсон учраас одоо та нарын зүгээс л бүх юм шалтгаална. Маш их ачаалалтай, байнгын бэлтгэлтэй байх болох нь дээ?

-“Шарк танк” нэвтрүүлэг дээр ч хэлсэн л дээ. “Оддын академи” шоу дуусаад бид 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан. Энэ гэрээ маань нэг жилийн хугацаанд маш амжилттай болж өнгөрсөн. Манай хамтлагийн продюсероор хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ах ажиллаж байгаа. Жилийн хугацаанд бид маш сайн багийг бүрдүүлж ажиллаж чадсан гэж үзэж байгаа. Тиймээс яг энэ багаараа цаашдаа, 2019 ондоо ажиллана. Тийм болохоор уран бүтээлийн хувьд бидэнд санаа зовох зүйл байхгүй. Өнгөрсөн жил манай хамтлагийнхан маш завгүй байсан. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийгээд уран бүтээлээ туурвиад явж байсан. Энэ гэрээн дээр ч яг тэр хэмнэлээрээ явах байх гэж бодож байна. Ямартаа ч биднийг дэмжээрэй. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Улам их хичээх болохоор чадлаараа дэмжиж өгөөрэй гэж хүсье.

-Хөгжмийн ямар урсгал чиглэлд хамаарагдаг вэ, танай хамтлаг?

-“The Wasabies” хамтлаг поп дуу дуулдаг. Дуу бүтээхдээ продюсертойгоо ярилцдаг. Уянгынх байх уу, бүжигтэй байх уу гээд зөвшилцөнө.

Бид хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж үзэж байгаа. Манай хамтлагийн анхны цомог маань 253 орны флатформ дээр худалдаанд гараад эхэлчихсэн байгаа. Удахгүй цомгоо хэвлүүлэх гэж байгаа.

-Нийгмийн маш олон салбар бий л дээ. Тэрэн дундаас урлагт хүн багаасаа дурласнаар ямар гол шинж чанаруудыг өөртөө суулгаж авдаг гэж боддог вэ?

-Урлагийн хүн маш их хатуужил, тэвчээртэй байх ёстой. Энэ чанаруудыг агуулж чадаж байвал цаашдаа тухайн хүндээ хэрэгтэй. Гол нь хатуужил. Янз бүрийн сөрөг болон эерэг сэтгэгдэлд бэлэн байх, тэвчээртэй, тасралтгүйгээр уран бүтээлээ хийх, бэлтгэлээ завсарлуулалгүй хийж чадаж байвал уран бүтээлч хүний онцлог нь тэр болно.

-Та нар өдөрт хичнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ?

-Бид өдөртөө уулзсан тохиолдолд цаг хамаарахгүйгээр бэлтгэлээ хийдэг. Маш удаан хугацаагаар бэлддэг. Охидын маань хичээл ихэвчлэн 18 цагаас хойш тардаг. Жүжигчнээр сурдаг гишүүний маань хичээл 20, 21 цагаас тардаг. Тэгэхээр хичээл нь тарсан хойно бүгд зааландаа цуглаад бэлтгэлдээ орно. Тэгсэн тохиолдолд шөнө 01, 02 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг. Цагт баригдахгүй бэлтгэлээ базаадаг гэж хэлж болно.


Categories
мэдээ цаг-үе

Доктор Б.Болдсайхан: Ламын гэгээн Лувсанданзанжанцан бол Монголын ууган оточ, оройгүй эрдэмт хүн байсан

НҮБ-ын Био ёс зүйн шинжээч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монголын уламжлалт анагаах ухаан холбооны ерөнхийлөгч асан, “Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал” төвийн удирдах зөвлөлийн гишүүн Бадамжавын Болдсайхантай хөөрөлдлөө.


-Монгол даяар төдийгүй дорно дахинд суу алдраа мандуулсан номын их хүмүүн Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ой энэ онд тохиож байна. Ямархан намтар цадигтай хүн билээ?

-Арванзургадугаар зууны үеийн Халхын өндөр гэгээн Занабазарын наран саран мэт хоёр шавь Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Зая бандида Лувсанпэрэнлэй (1642-1715) хоёр юм. Занабазар өөрийн шавь Лувсанданзанжанцан, Лувсанпэрэнлэй хоёртойгоо шарын шашныг дэлгэрүүлсэн. Халх Монголын газар шашин номын хөлийг суурилуулж, түгээн дэлгэрvvлсэн анхны хүн бол “Ламын гэгээн” хэмээн алдаршсан, бурханы шашны зүтгэлтэн, гүн ухаантан, нэрт оточ, зурхайч Лувсанданзанжанцан болно. Тэрбээр Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингис ургийн алтан аргамжны үзүүрт залгаанд гучдугаар үеийн Хөндлөн цөхүр ноёны хөвгүүн Номун эзний дүү Эрх цөхүр хэмээхийнд арван нэгдүгээр жарны шаргачин туулай жилийн хаврын тэргvvн сарын шинийн арван таванд мэндэлж, таван сүүдэртэйдээ Түвдийн Банчин эрдэнийн эш бошгоор Дашлхүнбэ хийдийн хамбо асан дүвчин Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорч долоон сүүдэртэйдээ Түвдийн газраас “Гачин” хэмээх зарлигийн багшаар нь залж авчирсан Гачин цорж Лувсаняринпилээс тойн хувраг болж, сахилын нэрийг Лувсанданзанжанцан хэмээжээ. Тэрбээр 17 сүүдэртэйдээ Түвдийн Үй Зангийн газар сургууль ломнир хийхээр морилж, тавдугаар Далай лам Лувсанжамц, Банчин эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан, багш шавь барьж, номын мэргэд олноор чуулсан Лхас, Дашлхүмбийн газар сурлага боловсролоо дээшлүүлэн, судар тарнийн болон чойрын номыг үзэж, эм зурхайн эрдэмд суралцсан байна. Лувсанданзанжанцан бол Монголын анхны оточ хүн л дээ.

-Ламын гэгээнтэн Монголын анагаах ухаанд чухам ямар гавьяа байгуулсан бол?

-Эртний Энэтхэгийн “Аюурвед” эмнэлэг цаст Гималайн ар бэл дэх сэрүүн бүс нутгийн нөхцөлд зохицон хөгжих явцдаа өмнөх сонгодог уламжлалыг өөрийн үндэсний хөрсөн дээр өсгөн дамжуулсан нь өнөөгийн түвд эмнэлгийн эх суурь болсон. Улмаар арвандолдугаар зуунаас Төв Азийн хангай, говь хосолсон Монгол орны нөхцөлд Энэтхэг-Түвдийн анагаах ухааны тэрхүү уламжлалыг хоёр дахь удаад нь өсгөн дамжуулж шилжүүлэн шинэчилсэн. Энэ эхлэлийг тавьсан хүний нэг бол Ламын гэгээн Лувсанданзанжанцан. Энэ хүн 1685 онд Мамба дацанг анх үүсгэн байгуулж, “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг шинээр барлаж байсан нь Монголд Энэтхэг-Түвдийн анагаах ухаан уламжлан дэлгэрэхийн эхлэл болсон байдаг. Өөрийн бүтээсэн “Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар тодорхой зул” гэдэг номондоо “Анагаах ухааны дөрвөн үндэс” хэмээх сонгодог бүтээлийн доторх “Язгуур үндэс” хэмээхийн агуулга, утга санааг нэг бүрчлэн тайлбарлаж, зарим санааг зохиогчийн зүгээс оруулан дэлгэрүүлжээ.

-Энэ талаарх судалгаа аль хэр хийгдсэн байдаг вэ?

-Бидэнд олдсон судар бичгүүдээс Лувсанданзанжанцангийн бүтээл нь монгол хүн анх удаа түвд хэлээр анагаах ухааны ном туурвиж байжээ гэдгийг батлах баримт яах аргагүй мөн. Лувсанданзанжанцангийн энэхүү бүтээл нь Энэтхэг-Түвдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн эмнэлгийн сургуульд суралцагчдад гол гарын авлага болж байсан. Энэтхэг-Түвдийн анагаах ухаан дээр суурилан Монголд үүсч хөгжсөн анагаах ухааны сургууль нь цаашид өргөжин дэлгэрч, XVIII-XX зуун гэхэд улиран дэвших зүй тогтлынхоо жам ёсоор хөгжлийн шинэ шатанд орж, “дээд нэгдэл” нь “Монгол уламжлалт анагаах ухаан” гэсэн цогц эрдэм ухааныг бий болгосон. Ингэж Энэтхэг-Түвд-Монголын уламжлалт анагаах ухаан 3500 гаруй жилийн турш өмнөөсөө умар зүг рүү, цаст Гималайн өврөөс ар бэл рүү, нэг ёсондоо халуун бүсээс сэрүүн бүс рүү цаашлаад бүр говь, хангай, тэгш тал, эрс тэс уур амьсгалд зохицон хөгжлийн шаталсан дээд эрчимд хүрсэн түүхтэй. XX зуун гэхэд Монгол, Түвдийн өндөрлөгөөс Алтай, Хангай, Монгол Дагуур, Их Хянган, Дундад Халх, Сибирь, Зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутгийн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн болон нутаг орондоо зохицсон хоол унд, ахуй амьдралын онцлог байдлууд хэвшин тусгагдсан байна. Энэхүү нөр их мэдээллийн санг бий болгоход монгол оточ нарын олон арван бүтээл, тэдний онолын шинэ санаанууд чухал үүрэг гүйцэтгэсэн л дээ. Тухайлбал, XIX зуунд Сүмбэ хамба Ишбалжирын үндсэн өвчний тухай онолын шинэ санаа, эмт бодисыг таних арга зүй болон XX зуунд Архангайн Цахирын Лүнрэг Дандарын өвчтөнд алдаагүй зөв онош тавихад Буддын логикийн магадлан шинжлэх арга, зарчмыг хэрэглэж, одоо, өнгөрсөн, ирээдүйд чухам ямар болохыг тодорхойлох арга зүй зэрэг монгол сонгодог анагаах ухааны эрдмээр улам нарийсгасан онолын болон хэрэглээний шинэ сэвүүн үр дүнг цохон дурдаж болно. Энэтхэг-Түвд-Монгол эмнэлгийн гурван мянга гаруй жилийн түүхэн уламжлалыг харуулах гол сонгодог бүтээлүүдэд тулгуурлан мэдлэгийн өсөлтийн зүй тогтлыг илэрхийлэх оролдлого хийсэн өнөөгийн бидний судалгааны үр дүнд уламжлалт анагаах ухааны онол арга зүйн шинэчлэлт нь IX-X зуунд Түвдэд, XIX-XX зуунд Монголд явагдсан болох нь тодорхой байна. Энэ нь чухамдаа орчин үеийн нөхцөл байдалд тохирсон хамгийн их мэдээллийн санг агуулсан, Энэтхэг-Түвд-Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн хамгийн боловсронгуй үе нь Монгол орноо тохиож байна гэсэн хэрэг юм.

-Энэтхэг, Түвдээс уламжлалт анагаах ухааныг дорно дахины Хятад, Японы анагаах ухаантай холбож ойлгож болох уу?

-Бид энэ үеийг дорно дахины анагаах ухааны нөгөө гол нэг чиглэл болох Хятад, Солонгос, Вьетнам, Японд түгэн уламжилсан уламжлалт анагаах ухааны салбартай хольж хутган уусгах хандлагаас анги тусгай авч үзвэл зохино. Лувсанданзанжанцан монгол анагаах ухааны сургуулийг анх үндэслэснээрээ энэхүү их ололт амжилтыг авчирсан гэдгийг мартаж болохгүй. Тиймээс ч монголчуудын дунд “Монголын ууган оточ” хэмээн алдаршсан юм. Лувсанданзанжанцан 18 наснаасаа Түвдийн Лхас, Дашлхүмбэд шавилан сууж Энэтхэг, Түвдийн мэдлэг ухааны ном судруудыг заалгасан. Түвдэд суралцахаар явахдаа Өндөр гэгээн Занабазарын онцлон захисныг мөрдлөг болгон анагаах ухаан, одон зурхайд шамдан суралцаж, түвдийн оточ Гунгаажанчив, Лувсандамбадаржаа нарт шавь орсон байна. Түвдийн Лхаст эрдмийн цол хамгаалж, оточ эмчийн хамгийн дээд “Лхаржи” цол хүртсэн байгаа юм. Лувсанданзанжанцан их таван ухаанд төгс боловсорч, тухайн салбаруудаараа тодорхой бүтээлүүд туурвиж байсны дотор анагаах ухааны хэд хэдэн номыг түвд хэлээр гаргасан нь түүний сүмбүм зохиолуудын дотор хадгалагдан үлдсэн байдаг.

-Тэр номуудаас нэрлэвэл сонин доо?

-За “Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар тодорхой зул” гэж 41 хуудастай ном байна. Удаад нь “Өвчний ялгалыг сайтар өгүүлж тодорхойлсон нь” хэмээх 50 хуудас бүхий ном бий. Мөн “Өвчний үндсийг арилгагч туулгын бүлгийн товчлол” гэсэн гурван хуудас товхимол, “Увдисын рашааны цацрал” гэх 18 хуудас номууд байгаа. Бас “Хорин тавт эмийн аймаг хэсэг” гэх долоон хуудастай ном эдгээр болно. Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан нь бусад мэдлэг ухааны чиглэлээр олон бүтээл туурвисан их эрдэмтэн л дээ. Түүнийг 1704 онд учир битүүлгээр олон удаа мэс өргүүлэн таалал төгссөн тухайд Ламын гэгээний тавдугаар дүр Пэрэнлэйтогмидын зохиосон “Дэчин ламсал дорж даян” нэрт Жадорын дацангийн шар торгон дэглэм бичигт тэмдэглэн үлдээсэн байна. Энэ нь Ламын гэгээний хийдийн олон үеийн лам нарын дотор ам дамжин яригдсаар ирсэн “Чой савна дүд савна” буюу “Ном ихэдвэл хорлол ихэснэ” гэдгийг өгүүлсэн мэт. Лувсанданзанжанцан нь Энэтхэг-Түвдийн анагаах ухааны сонгодог бүтээлд түвд хэлээр олон зүйл тайлбар бичсэн анхны монгол оточ, монгол уламжлалт анагаах ухааны анхны сургуулийг үндэслэснээрээ Монголын ууган оточ хэмээн өргөмжлөгдөх зүй ёсны гавьяатан юм даа.

-Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвөөс ямар ажлууд хийж ирэв?

-Манай төвөөс монголчуудын оюуны соёлын өв санг хөгжүүлж, хойч үедээ уламжлан үлдээхэд Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн оруулсан хувь нэмрийг тодруулах зорилгоор 1998, 2008, 2013 онд гурван удаа эрдэм шинжилгээний хурлыг зарлан хуралдуулж, илтгэл-судалгааны ном зохиолуудыг хэвлүүлэн олны хүртээл болгосон.

-Тэгш их ойд нь зориулж ямар буянт үйл зохиох гэж байна?

-Энэ удаа Эрдэнэ Бандида Лувсанданзанжанцаны мэндэлсний 380 жилийн ойд зориулан “Уламжлалт анагаах ухаан” олон улсын симпозиумыг Лувсанданзанжанцан судлал төв, АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургуультай хамтран энэ оны зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Олон улсын эрдэм шинжилгээний эл хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохион явуулж өгөх санал хүсэлтийг Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогын зөвлөх хатагтай Цоодолын Хуланд албан ёсоор уламжилсан байгаа. Монголын Шашны гурван зулын нэг хэмээгддэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны эрдмийн гэрэлт өлмийд сүслэгч хэн бүхэн эл гэгээн үйлсийг дэмжих байх гэж гүнээ найдаж байна даа.


Categories
мэдээ нийгэм

Чөдөр одтой, хар бар өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 6, Буд гариг. Билгийн тооллын битүүн, Чөдөр одтой, хар бар өдөр. Өдрийн наран 7:23 цагт мандан, 18:42 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 5 цаг 10 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Менежмэнт ба анти-эдийн засаг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Менежмэнт ба анти-эдийн засаг” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон: Ээлжит бус чуулган хуралдуулах УИХ-ын даргын захирамж гараагүй байна” хэмээн ярьжээ.

“Г.Занданшатар дарга минь зангаа хурдан хувиргахаа мэдэж байгаа биз дээ” гэж “Улс төр” нүүрт бичив.

“Соёлын гавьяат зүтгэлн, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид: Урианхай бол маш эртний овог аймаг юм” хэмээн “Түүхийн жимээр” нүүрт ярилаа.

“Дэлхий мэдээ” нүүрт “Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нээлтээ хийлээ” хэмээн бичжээ.

“Худалдаа хөгжлийн банкны эзэн
Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон,
Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

Багшийн мэргэжил
дээшлүүэх институтийн
захирал, удирдахуйн ухааны
доктор Б.Сүрэнчимэг: Өнөөдрөөс
сурагчдыг боловсролын
үйлчилгээний хэрэглэгч
гэж үзнэ хэмээн “Нийгэм” нүүрт ярилаа.

“Эдийн засаг” нүүрт Эдийн засагч Ч.Отгочулуу: Тодорхойгүй асуудлаар шуугиан тарьж улс төрийн оноо авах гэж бүү оролдоосой хэмээн ярьжээ.

“Гүүдсек” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал У.Энхтайван: Иргэд 1072 хувьцааны дансаа онлайнаар нээлгэх боломжтой гэж “Улс төр” нүүрт ярилаа.

Цагдаагийн хошууч П.Болормаа: Монголчууд уураа хормын төдийд л тэвчдэггүйгээс хэн нэгний амьдралыг орвонгоор нь эргүүлж байна хэмээн “” нүүрт ярьсан байна.

“Монгол Улсын Морин хуур чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан: Би өгөгдөлтэй гэхээсээ илүү хичээмтгий хүн” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Өндөр настан М.Пүрэвжав: Монголын нийгэм хүч чадалгүй хөгшин хүн, хүүхэд хоёрт л их дээрэлхүү хандах юм” хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Цахим өвчнөөс хөлөгт болон эвлүүлдэг тоглоом хамгаална гэнэ” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй 29 барилга байна

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн тохиолдол эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын хэлтэстэй хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед барилга байгууламжаас хэрхэн аюулгүй гарах зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг өгөх зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн 1, 3, 6, 13, 16 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй байгаа найман орон сууцны нийт 60 иргэн хамрагдсан юм.
Тодруулбал иргэдийн амьдрах таатай орчин бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууц дүүргийн хэмжээнд нийт 10 хороонд байгаа юм. Тэдгээр 29 барилгын ашиглалтыг нийслэлийн ЗДТГ-аас хориглосон бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээр хуучин орон сууцанд нийт 705 өрх амьдарч байна.
Дашрамд, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа нь иргэдийн санал дээр тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд сууц өмчлөгчдийн 80 хувь нь төслийг дэмжсэнээр хэрэгжих боломжтой аж.
Иймд тус сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр үлдсэн таван хорооны 21 хуучин орон сууцны нийт 431 иргэнд зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа газар, агентлаг, есөн дүүрэг, 152 хорооны дарга удирдлагууд оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж үг хэлээд, цаашид хэрхэн ажиллах, хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоотой, бодлогын нэгдсэн шийдэлтэй, гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд НИТХ болон Засаг дарга, ЗДТГ-аас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил төвшинд үйлчилдэг байх нь чухал. Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн шийдвэрийг өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Батлагдсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй орон тоог баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн эзэнгүй айлын дураараа хүүхэд шиг аашилдаг газрууд олон бий. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байх асуудлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогддог байх утсыг хотын даргын хувьд би өөрөө ажиллуулах болно. Эцэст нь хэлэхэд улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал, асуудалд хайхрамж алдвал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Миний ажил, хувийн ажил гэхээс илүүтэй та бидний хамтын ажил. Нийслэлчүүдийн ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой учир асуудалд туйлшралгүй хандаж ажил цалгардуулалгүй хамтран ажиллана” гэж уриалан, урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ ханган ажиллахыг үүрэг болголоо.

Үүний дараа нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан

ЦЕГ-ын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ оны эхний хоёр сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 69354 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7569 нэгж буюу 9.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь оны эхний 58 хоногийн хугацаанд 5 хоног ямар ч гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлгүй хот тайван байсан гэж ойлгож болно.

Улсын хэмжээнд 2019 оны эхний хоёр сард 7436 гэмт хэрэг бүртгэгдсэний 5166 буюу 69.5 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 304 хэргээр буюу 5.6 хувиар буурсан” хэмээв.

2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авчээ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авч 3936 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 261 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирч, 311 хүн гэмтсэн байна.

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад -13.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Сар-шинэ” “Шөнийн-хяналт” “Хаалт-боолт” “Хяналт-шалгалт”, “Хамгаалах бүс” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан” хэмээн мэдээлэв.

Энэ онд найман төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хоёрдугаар сарын 19-нөөс энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 981 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байгаа аж. Ирсэн өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар 231 зөрчил илэрсэн байна. Тус газраас энэ онд 3513 объектод давхардсан тоогоор 4940 хяналт шалгалт, 2299 объектод 2837 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг хэллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналт, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт, эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналт, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналт, дэд бүтцийн хяналт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт, агаарын чанарын хяналт зэрэг найман төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхээр төлөвлөн, ажиллаж байгаа аж.

1056 гахайг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн

“Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 130 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 126, эрэн хайх, аврах ажиллагааны 4 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 100 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 22,6 хувиар өссөн дүнтэй байна.

“Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг Олон Улсын Найрамдал төвд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн зорилтот 9 хорооны 90 гаруй хэсгийн ахлагч нар хамрагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Мал бордоход тогтоосон хорио цээрийн дэглэмийг дүүргийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамжаар цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагын 26 алба хаагч, 19 техник хэрэгсэлтэйгээр хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1056 гахайг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээллээ.

Үүний дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хот нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлын талаар танилцуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хот тохижилтын салбарт Цэцэрлэгт хүрээлэн, Ойн төгөл бүхий бичил цэцэрлэг, явган зам, сул шороон хөрсийг хатуу хучилттай болгох, хөшөө дурсгал, уран баримал, гадна сурталчилгааны байгууламж, “Манай хороо миний гудамж” аян, ногоон байгууламж зэрэг хийсэн ажлуудаа танилцуулахын сацуу энэ онд хийгдэх ажлаа танилцууллаа.

“Нийслэлд маш олон тулгамдсан асуудлууд бий. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гэх мэт. Үүн дотор нийслэлд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй том тулгамдсан асуудал байна. Цаашдаа Улаанбаатар хотын эрх зүйн орчныг таатай болгох, эрх зүйн орчныг шинэчлэх. Энэ шинэчлэл нь нийслэлийн иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломж нөхцлийг бий болгосон байгаасай гэж би хүсэж байна. Үүний төлөө НИТХ хичээн ажиллах болно” нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хотын даргын хувьд нийслэлд хийгдэж буй зам, дэд бүтцийн томоохон төслүүдийг түргэвчлүүлэн богино хугацаанд ашиглалтад оруулах. Засгийн газар, нийслэлээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг оновчтой зохион байгуулна. Иргэдийг чирэгдүүлдэг, оршин суугчдыг бухимдуулдаг олон асуудал бий. Тийм учраас өнөөдөр өргөтгөсөн зөвлөгөөн хийж үүрэг даалгавар өгч байна. Хамгийн түрүүнд хариуцлагаа сайжруулж, ёс зүйгээ дээшлүүл, иргэдийн оролцоог шат шатанд хангаж ажилла, төсөв хөрөнгийн үргүй зардлыг багасгах, бүтэц зохион байгуулалтын хүрээнд шаардлагатай асуудлыг цаг алдалгүй хийх зэрэг асуудлуудыг ярьж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад “Нэг зүрх-Нэг нийслэл” аян өрнөж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар, тус аянд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Жаргалант, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, мөн Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт 14 байгууллага нэгдэж зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд зорилтот бүлэгт хамаарах эмч, ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хандивын аян өрнүүлэх, хэрэгцээт эм бэлдмэл, хоол хүнсний зүйлээр байгууллага, хамт олны зүгээс тусалж дэмжих арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ үйлчлэх хүрээний зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчлэхээс гадна эмчилгээ, эд материалын хандив, тусламжийн аяныг өрнүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай эмч, ажиллагсадаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, Сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгож, нэг сарын хүнсний хэрэглээг нь хандивлажээ. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурав болон найман сартай хоёр хүүхдэд мөнгөн тусламж үзүүлснээс гадна хөгжийн бэрхшээлтэй хоёр үйлчлүүлэгчийг сувилалд хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна.

Мөн Энэрэл эмнэлгээс зорилтот бүлгийн 35 үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулан, эмзэг бүлгийн зургаан иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн ба зорилтот бүлгийн 14 эмэгтэйд гарын бэлэг, шаардлагатай хувцас хэрэглэл гардуулж өгчээ.

Энэ мэтчилэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэж, сэтгэлийн урам зориг хайрлах хандив тусламжийн аяныг өрнүүлсээр байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав.

Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Майкл С. Клечески илэрхийлэв.

Цаашид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм.

Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхижиж байгаад баяртай байна. Өнгөрсөн онд хэд хэдэн харилцан айлчлал хэрэгжсэн. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, уул уурхай, байгаль орчин, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт өргөн хөгжиж байна. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж хооронд хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон худалдааны элч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тус улсын Засгийн газрын Чивнингийн тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд цаашид энэ тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Монгол залуусыг боловсрол, мэдлэг эзэмшүүлэх нь манай улсад том хөрөнгө оруулалт болно гэлээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжиж байгааг Элчин сайд Филип Мэлоүн тэмдэглээд эдгээр салбарт улам олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.