Categories
мэдээ нийгэм

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59 мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, мэргэжилтэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх, шуурхай мэдээлэх, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор авч хэрэгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх, сургалт сурталчилгааг тасралтгүй хийж гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулжээ. Мөн эмчлэн эрүүлжүүлэх талаар ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж, эмчилгээний алгоритм болон сурталчилгааны материалыг түгээж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

13 мянган хүүхэд хамар залгиурын үрэвсэлтэй байна

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар, улсын хэмжээнд 27 төрлийн 42 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр 10 мянган хүн амд 132.4 ногдож байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотод 10 мянган хүн амд ногдох халдвар улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа гэнэ. Үүнд амьсгалын замын цочмог халдварт өвчний 13.122 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 31.2 хувийг эзэлж байгаа аж. Хүйтний эрч, цаашилж, урин цаг болохтой зэрэгцэн газар гэсэж, амьсгалын замын өвчүүд жилийн жилд нэмэгддэг. Тиймээс энэ дэгдэлтээс урьдчилаг сэргийлэх зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нартай хамтран менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийсэн байна. Ингэхэд нийслэлийн Ерөнхий боловсролын 189 сургуулийн 108.756 хүүхдэд хамар залгиурын үрэвслийг илрүүлэх үзлэг шинжилгээг хийснээс 13031 үрэвсэлтэй хүүхэд, 304 цэцэрлэгийн 123.954 хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулснаас хамар залгиурын үрэвсэлтэй 108.756 хүүхдийг оношилж, эмчилгээнд хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд ослын голомтод ажиллалаа

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн юм.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа юм. Тиймээс 24 цагийн турш усыг соруулан өчигдрийн байдлаар усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй байна.

Мөн завь ашиглан карьерийн зайрмагдсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Ослын голомтод Онцгой байдал, Прокурор, Мэргэжлийн хяналт болон аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн нийт 242 хүн, 38 техник, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтийн төлөвлөгөөг баталлаа

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан энэ сарын 5-ндболлоо. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Монголын МСС-ийн 2018-2019 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2019 оны хоёрдугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд Монголын МСС-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллахаар шийдвэрлэв. Хуралдаанд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон Далай, Латин америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Каролин Нуен, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл П.Микаллэр зэрэг албаны хүмүүс оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн хуралдааны үеэр Компакт гэрээ хэрэгжих хугацаанд МСК-ыг төлөөлөн Монгол Улсад ажиллах Суурин захирал ноён Алекс Рассиныг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан бөгөөд тэрбээр цаашид Монголын МСС, түүний Удирдах зөвлөл болон холбогдох яамд, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Game of Thrones” төгсгөлийн бүлгийн трейлер цацагдлаа

Гал мөсний тулаан хэрхэн төгсөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа.HBO суваг урд шөнө “Game of Thrones” цувралынхаа наймдугаар буюу төгсгөлийн бүлгийнхээ албан ёсны трейлэрийг цацлаа.Энэ бүлэг өмнөхтэйгөө харьцуулбал бага буюу зургаан ангитай ч анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой дүйцэх хэмжээний хугацаатай байх юм. Мөн сүүлийн бүлгийг бүтээхэд хамгийн урт хугацаанд зураг авалт хийсэн аж.


Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ. Ингэснээр худалдан авсан алтны хэмжээ өмнөх оны мөн үеэс 354.5 кг-аар бага буюу 81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь салбар 2.3 кг алт худалдаж авчээ.

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Алт худалдан авалт буурсныг Төв банкнаас АМНАТ-тэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны нэгдүгээр сарын 24-нээс энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд дээрх хугацаанаас эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хуваар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж буй. Түүнчлэн өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байсан хэмээн тайлбарлаж буй. Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн сард грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111.7 мянган төгрөг байжээ.

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгана. “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажиллана” гэлээ.

Энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 106 жилийн ой тохиож байна

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 106 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй. Цөөхөн хэдэн ширхгийг нь иргэдэдхудалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий. Ингээд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон редакци, сэтгүүлч, ахмад буурлууддаа энэхүү ойн баярын мэндийг хүргэе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Менежмэнт ба анти-эдийн засаг

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ

Тэтгэвэрт гарсан хүмүүст ажил олж өгөх сан хөгжингүй орнуудад байдаг. Мэргэжил, дадлага туршлага суусан тэдэнд хөгжиж буй ядуу орнуудад очин сайн санаагаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломж олгоно. Цалин мөнгөний хувьд тухайн орны хүмүүсийн олж буй дундажтай тэнцүү гэхээр энэ нь цэвэр сайн санааны үйлс юм. Ерөнхийлөгч Кеннеди 1960 онд залуусыг уриалан төстэй сан байгуулсныг Пийс корпус гэдэг. Залуус амьдралын их далайд орохын өмнө хүнд хэцүүг туулж, ядарсан нэгэндээ туслаг гэсэн санаа бол дээрх тэтгэвэрийнхний сан нь чаддаг мэддэгээ бусдад түгээх ариун зорилготойгоороо ялгаатай. 2000 оноос өмнө эдгээр сангийн шугамаар олон хүн Монголд ирсэн дээ. Ид картны үеэр Пийс корпусын залуус хөдөө хөхөрч, гадаа гандан багш, эмч хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүд ч монголчуудад компани байгуулах, байгуулагдсан нэгэнд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх гээд зөндөө сайхан юм хийсэн.

Ерээд оны эхээр ямааны болон сарлагийн сүүгээр хийсэн голланд, швейцарь бяслаг гэнэт элбэг болж билээ. Монголд үйлдсэн ийм төрлийн бяслаг бол мөнөөх тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүдийн санаачилга. Өвөрхангайд нэг эр ийм “гадаад” бяслаг шахах болсон нь энэ төрлийн бяслаг үйлдвэрлэгч нэлээд олон айлын зөвхөн нэг нь. Багш нь Швейцариас ирсэн тэтгэврийн хөгшин. Үйлдвэрлэл дороо өргөжин мундахгүй орлого олох болов. Мань эр ч багшаасаа огт дутахгүй сайн чанартай бяслаг шахах болж. Тэгээд нэг өдөр боджээ, мал минийх, сүүгээ манай авгай саадаг, бяслагаа би өөрөө хийчихдэг. Гэтэл энэ швейцарь өвгөн яахаараа надтай орлого хуваадаг билээ!? Ингээд хармын сэтгэл төрж өнөөх багштайгаа зориуд муудалцан хөөж явуулав. Ердөө сарын дотор дампуурсан даа. Бяслаг хийхээ ч больсон. Шахаад тавьчихсан бэлэн бяслагийг нь авах эзэн байдаггүй. Монголчууд, тэр дундаа хөдөөнийхөн гадуур нь лаадчихсан шорвог бяслаг идэж сураагүй, гагцхүү зарах гэж л хийж байв. Манай баатар хаана зарахаа мэддэггүй, учир нь мөнөөх швейцарь өвгөн тэрийг нь зах зээлд нийлүүлдэг байж. Энэ жишээ нэлээд түгээмэл болсон байх, учир нь шинэ зуун гарснаас хойш нүдний гэм болсон. Нам засаг ч нүүрсний буянгаар бэлэн мөнгө баахан тараалаа, үйлээ үзэж бяслаг шахаж суух тэнэг хаанаас олдох билээ. Харин хямрал нүүрлээд эхэлсэн өнөөгөөс “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой дажгүй сайхан бяслаг элбэг үзэгдэх боллоо. Үнэ нь ч гайгүй.

Харамч эр өөрийнхөө сүүгээр дажгүй бяслаг шахаад сурчихсан нь үнэн боловч менежмэнт, маркетингийн талаар ямар ч ойлголт байсангүй. Менежмэнт гэдэг нь хувь хүн, өрх гэрээс эхлээд улс орон төр засгийг хүртэл хамарсан үйлдвэрлэлийг хамгийн ашигтай явуулах удирдлага, ур ухаан, эв дүй, арга, чадамжийн ерөнхий нэр юм. Манайхан нэг хэсэг “удирдлагын ухаан” гэж орчуулж байсан байх. Менежмэнт нь аж ахуйн янз бүрийн тодорхой салбарыг хөтлөх аргыг эдийн засгийн онолтой хослуулсан арга зүй юм. Менежмэнтийн хамгийн чухал бүрэлдэхүүний нэг нь маркетинг. Энэ нь хамгийн энгийнээр хэлэхэд буй болгосон бүтээгдэхүүнээ борлуулах арга ухаан. Товчхондоо зах зээлийн эрэлтийг зөв тодорхойлж бүтээгдэхүүнээ борлуулан тэндээс ашигаа нэмэгдүүлэх ухаан.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт энэ хоёр аль аль нь огт хэрэггүй. Хамтын нийгэмд өрсөлдөөн байхгүй учир менежмэнт огт хэрэггүй, гаргасан чанаргүй бүтээгдэхүүнийг нь үргэлжийн хомсдол гачигдалтай байдаг зах зээл нь булаацалдаад авчихдаг учир зарах гэж ур ухаан зарах хэрэг юу байхав дээ. Тэгэхээр ийм тогтолцоонд эдийн засгийн утга учир үгүй, эдийн засаг гэж нэрлээд байгаа нь үнэндээ анти-эдийн засаг юм. Хүйтэн дайн зогссоноор антиэдийн засгийн тогтолцоо нуран унаж, хүссэн хүсээгүй зах зээлийн тогтолцоо бүрэлдэж эхэлсэн юм. Гэхдээ маркетинг, менежмэнтийн ухаан, арга, онол, чадвар шууд залгаагүй, хүмүүс хар зөнгөөрөө л ашиг олохын тулд бие даан аж ахуй эрхлэх болжээ.

Ерэн оны эхээр хөдөө амьдардаг хуучин танилтайгаа таарав. Тэрээр гурван сарын дамжаанд суралцахаар хотод ирсэн гэнэ. Ямар дамжаа болохыг нь асуутал ээрч гацаад удтал бодов. Дамжааных нь нэр санаанд нь ордоггүй бололтой. Гэнэт духаа алгадаад “Брокер!”. “Брокерийн сургалтын дамжаанд сууж байгаа юм уу?” гэж лавлатал “Биш ээ, брокерын нөгөөх нь юу билээ?” гэж сөргүүлж асуув. “Менежмэнт үү?” гэхэд тэрээр баярлан дуу алдаж “Тийм тийм, мээнэжир, Мээнэжирийн дамжаанд хөгшин чинь сууж байгаа!”

Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжээд 30 жил болжээ. Тэр үеийг бодвол нийгмийн ойлголт их өөр болсон. Жинхэнэ менежмэнт, маркэтингийг онолын ч практикийн ч хувьд мэддэг шинэ залуу үе аажмаар түрсээр. Гэвч энэ процесс нийгэмд давамгайлахад төрийн удирдлага саад болсоор. Өнөөдөр манай нийгмийг антиэдийн засгийн бодлого, антиэдийн засагчид удирдсаар. Удирдлагын бүтэц бүрэлдэхүүн нь социалист онолоор зэвсэглэсэн өнгөрсөн нийгмийн бүтээгдэхүүнүүд, шилжилтийн эхэн үед тэднээр антиэдийн засаг заалгасан завсрын үеийнхэн.

Социалист антиэдийн засгийн мэргэжлийн дипломтой бүтээгдэхүүнүүдийн дотор хүмүүний ердийн эдийн засаг ойлгодог ядахнаа ганц хүнтэй өдий болтол тааралдсангүй. Тархиных нь эд эс болоод ургачихсан болохоор тэр ойлголт нь мэс заслаар ч эдгэдэггүй бололтой. Нэг хэсэг нь “улстөрэдийн засгийн ухаан” гэх гарчиг бүхий мэргэжилтэй, зэрлэг капитализм, мөлжлөг, хүн төрөлхтний нийгмийн таван шат, анхны хуримтлал, үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх, нэмүү өртөг гэсэн хэдэн нэр томьёотой. Ядахнаа “нэмүү өртөг” байхдаа ч яахав. Surplus valueийн буруу орчуулга. Өртөг бол зарлага, сүйтгэл. Хөсрий капиталистууд улам их ашиг олохын тулд улам их өндөр өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн байж мөлжигчөөрөө дуудуулдаг юм бол усан тэнэгүүд байж таараа.

Хоёр дахь бүлэг нь анти-эдийн засгийг аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжүүлэхийг үзэл сурталтай холин заалгаад эдийн засагч нэр авсан амьтас. Тээврийн эдийн засаг, нийтийн хоолны эдийн засаг, хамтралын эдийн засаг, уул уурхайн эдийн засаг, инженер эдийн засагч гэх хачирхам мэргэжилд сурган “эдийн засагч” хоч авцгаасан хүмүүс. Социалист антиэдийн засгийн тогтолцоонд тухайн аж ахуйн нэгжид нягтлан нярвуудыг даргалж суудаг мэргэжил бололтой. Ленин хэзээ ч үйлдвэрлэл сонирхож байгаагүй, түүний эдийн засгийн гол хэллэг нь хяналт, шалгалт. Түүний 50 боть тэр чигээрээ хяналт шалгалтаар дүүрэн. Арга ч үгүй юм даа, эзэнгүй хамтын нийгэм байгуулсан болохоор хулгайч, шамшигдуулагч эзэнгүй өмч дээр овоорох нь ойлгомжтой, тэгэхээр илэрснийг нь буудаад л, дүүжлээд л… Ийм л “эдийн засагчид” чөлөөт зах зээлийн Монгол орныг сүүлийн 30 жил удирдан чиглүүлж менежерлэсээр ирлээ. Одоо болтол бараг бүгдээрээ алдагдалтай төрийн мэдлийн зуу гаруй компани нийгмээ мөлжиж, жинхэнэ шууд утгаараа нэмүү өртөг үйлдвэрлэсээр яваад гайхах юм алга. Ийм эрлийз нийгэмд авилга, хээл хахууль, хулгай, шамшигдуулал ноёлж буйд ч гайхах явдалгүй.

Хувийн хэвшил буй болоод гучаад жил боллоо. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй, хоёрдугаарт, хэн ч өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэдэг. Иймээс жижиг түц-ийн эзэн ч хичнээн онолыг нь мэдэхгүй байсан ч хэрэндээ хар ухаанаараа (хүний ухаанаар шүү дээ!) арга эвийг нь олох гээд мурчийна.

Үүнийг өнөөгийн ялдамхан ааштай махны худалдагчийг оочирлож оочирлож арай гэж ганц кг яс авахдаа, социалист дэлгүүрийн аашилж хялалзсан худалдагчид арай л зодуулчилгүй салдаг байсантайгаа харьцуулаад үзээрэй.

Хэдийгээр монгол хүн болгон дарга болох сонирхолтой авч менежмэнт хийнэ гэдэг цаад хүний төрөлх авьяас чадвараас их хамааралтай. Одоо бараг 120 мянга шахам хувийн хэвшлийн компани бүртгэлтэй байгаа ч арав хүрэхгүй хувь нь татвараа төлдөгөөс үүнийг харж болно. Хүсэл хяслын хоорон дахь энэ зөрүү нийгмийг эцэст нь ёс суртахууны айхавтар зөрчил хямралд аваачдаг.

И.Одончимэгийг авьяастай жүжигчин гэдгээр нь хүн бүр мэднэ. Манай сумандаа Маркс гэгчээр Монголд төрсөн ховорхон авьяаслаг найруулагч гэдгийг нь цөөн хүн ажигласан байх. Гэтэл Онон тэр хоёр тун сүрхий менежмэнт, маркетинг сайтай гэдгийг анзаарсан хүн ховор болов уу. Тогтмол цалинтай төрийн албан хаагч урлагчин байснаас чөлөөт уран бүтээлч болбол өөрийн эрсдэлээр гагц орлого төдийгүй ёс суртахуун, чөлөөт амьдрал, бүтээл, нэр хүндийн хувьд хавьгүй дээр гэдгийг тэд анхлан ажиглаж чөлөөт зах зээлд гарснаар чадал тэнхээгээ харуулж чадсан. Д.Сосорбарам ч анхдагчдын нэг. Эд цалингаа нэмэгдүүлнэ гэж төр засагтаа гомдон талбай дээр жагсдаггүй, суулт хийдэггүй, өлсгөлөн зарладаггүй. Тэд чөлөөт уран бүтээлчид болсноор бусдад сайхан үлгэр дуурайл болж араасаа бусдыг дагуулсан, тэр л утгаараа олон өрсөлдөгчидтэй болсон. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч менежмэнт, маркетингаа сайжруулах шаардлага гарчээ. Икс түүцэд орж ирсэн жүжигчин цоорч гарч ирдэг, тэндээс салаад явахаараа эрс суларчихдагийн цаад нууц нь менежмэнтийн чадавх биш гэж үү? Бүхний нүдэн дээр ил харагддагаар нь энэ жишээг онцлов. Салбар болгонд ийм жишээ зөндөө.

Бараа солилцоо хүн анх буй болсноос эхтэй байх. Хүн л юм чинь! Түүхийн турш янз бүрийн овсгоотой нэгэн бишгүй л байгаа биз. Бүгд л менежмэнт, маркетингтаа анхаарч байсан байж таараа. Харин менежмэнтийг онол, судлахуун, шинжлэх ухаан болгосон явдал дөнгөж ХХ зуунаас эхтэй. Дэлхийн II дайны дараагаас л зах зээлийн баримжаат эдийн засаг дахь удирдлагын онол буй болсныг “Маркетинг-менежмэнтийн онол” гэдэг. Өнөөдөр дэлхийд хамгийн үнэтэй бараа бол менежмэнт. Саяхан болтол Японы томоохон зочид буудлуудын менежмэнтийг өөрснөө биш, Америкаас өндөр үнээр залагдаж ирсэн менежерүүд гүйцэтгэж байжээ. Арабын баян орнуудын бараг бүхий л бараа үйлчилгээ, үйлдвэрлэлийг Америк, Европоос уригдаж ирсэн менежерүүд гүйцэтгэдэг. Чилийн зэсийн ордууд Алендагаас болоод хуугаараа нийгэмчлэгдсэн, одоо болтол төрийн өмч, гэхдээ бүх менежмэнтийг хувь хүмүүс, хувийн компани гэрээгээр гүйцэтгэдэг. Тэд тогтмол цалин хүртдэггүй, үйлдвэрлэлийг хамгийн зохистой хэлбэрээр удирдаж ашиг орлогыг нь нэмэгдүүлснээсээ хамаарч хувь хишиг авдаг.

Төр яажшуу “менежмэнт” хийдгийн хамгийн тод жишээний нэг бол Бразилийн “Пэтробрас” хэмээх зуун хувь төрийн өмч, зуун хувь төрийн менежмэнттэй нефть хийн аварга корпораци. Жижигрүүлээд үзэх юм бол манай Эрдэнэт. Бүтэц бүрэлдэхүүн, менежмэнт маркетинг, удирдлага зохион байгуулалт нь ихэр мэт. Пэтробраст хийхгүй юм, оролцохгүй сэдэв гэж үгүй. Бараг бүх юмыг ивээн тэтгэх дуртай. Түүнээс хамгийн их ивээн тэтгэдэг юм нь сонгууль. Өрсөлдөгч гол намуудыг бүгдийг нь даана. Ялсан намыг сонгуулийн хугацаанд ивээнэ, төрийн эрхэнд гарсан намчуудыг байнга тэтгэнэ. Үргэлжийн урамшуулал! Шагналын гол хэлбэр нь тэдэнд тендэр өгч баяжихад нь тусална. Үйлдвэрийн удирдлага аль нам ялснаас хамаарч, эсвэл төрийн толгойд хэн гарснаас хамаарч солигдоно. Гэвч төрийн менежерүүд ухаалаг учир шууд л ялсан талд нь даруй урван орж тэднийг тэтгэлэгтээ хамааруулдаг учир зарим нь үйлдвэрийн удирдлагад олон жил элээжээ. Пэтробрасын авлига луйвар бүхэнд ил, иргэд бүгдээрээ үгүйдээ л гадарладаг, хэвлэл мэдээлэлд байнга шүүмжлүүлдэг байсан боловч он удаан жилийн турш төрийн хамгаалалтад байсаар иржээ. Пэтробрас гагц Засгийн газрыг төдийгүй парламент, шүүх, цагдаа, зэвсэгт хүчнийг хуугаар нь худалдаад авчихсан хэрэг. Төрийн өмчит Пэтробрас Бразилийн төлөө биш, Бразил орон Пэтробрасын төлөө амьдарч байлаа. Пэтробрас төрийн өмч гэхээсээ Бразил орон Пэтробарасын өмч юм даа! Элдэв хэрэг төвөг байнга илрэх боловч тэгэсхийгээд л нам жим болно. Гээд алив гоё үлгэр ч төгсгөлтэй байдаг болохоор Бразилд хэдэн мундаг (манайхаар бол шударга) прокурорууд гарч ирээд Пэтробрасыг дарж авсан.

Үүний тулд прокурорууд олон жил тэмцэж, янз бүрийн сүрдүүлэгт өртөж амь насаа ч дэнчинд тавьсан байна. Гээд тэд өөрсдийгөө шударга ажилтнууд гэдгийг харуулж чадсанаар мэдээллийн хэрэгслэл, олон нийтийн дэмжлэг авч ялалт байгуулж дөнгөсөн. Дараалсан хэдэн Ерөнхийлөгчийг огцруулж, шүүхэд хүлээлгэн өгч, Пэтробрасын удирдлагуудыг шоронд аваачиж чадсан. Гэвч энэ бүхэн эцсийн ялалт биш байх. Хувьчлахгүй л бол энэ байдал хожим сэргэж л таараа.

Ардчилсан сонгуулийн тогтолцоотой авч тогтворжоогүй нийгэмд тохиолдлоор газрын өндөрлөгт гаран удирдагч болсон хүмүүс өөрийгөө төр гээд ойлгочихдог, тэр л ойлголтоороо бүхнийг өөрөө мэдэн захирч, өөрөө ерөнхий мэнэжэр болж байгаад болбол бүхий л өмчийг нэг газар төвлөрүүлэхийг хичээдэг. Нэг газар гэдэг нь төрийн өмч болгох. Эрдэнэт, Салхит, Цагаан суварга дээр энэ нь тод харагдаж байна. Энд хууль, логик, бодит байдал, үр ашиг ёстой түй л байна. Эдийн засаг ёстой хамаагүй. Менежмэнт бол яршиг л байна. Маркетинг яриад үхснээ хийх вэ дээ. Ингээд л “Сангийн юм сандайлаад байгаарай” болж дарж ална. Өгөөж нь харин удирдлагад нэлээд унац өгнө.

Орчин үед менежмэнтийн шинэ шинэ арга туршлага, санаачилга үй олноор гарах болжээ. Мэдээж тэр болгон нь амжилт дагуулаагүй ч бусдад үлгэр дуурайл болох мундаг санаачилга олон. Ийм шилдгүүд өөрийн зохиосон эзэнтэй. Урьдын Копэрник, Чөрчилл, Соломон хаан, Чингис хаан, Хиппократ, Наполеон, Жэймс Ватт нар ч цагтаа шаггүй менежерүүд байсан гэх юм. Менежмэнтийг хэнд хамааралтайгаар нь гурав ангилдаг юм байна.

1. Байгууллагын менежмэнт (Билл Гэйтс, Фил Найт, Ворэн Бафэт гэх мэт)

2. Инновацийн менежмэнт (Стив Жобс, Мадонна, Густав Эйфль гэх мэт)

3. Хувь хүний менежмэнт (Михаил Шүмахэр, Стивэн Хокин, Пабло Пикассо г.м.)

Зохион байгнуулалттай гэмт хэрэг ч менежмэнтээс амжилт нь хамаарна. ХХ зууны шилдэг 100 менежерийг Таймс сэтгүүл шалгаруулахад Лакки Лучиано хэмээх зартай гангстэр багтаж байсан. Гэмт хэргийн ертөнцөд түүн шиг төгс менежмэнт хийж чадсан хүн өөр байдаггүй юм гэсэн. Шилдэг менежерүүдээс чухам юуг нь суралцах талаар Франк Арнолдын “Менежмэнт: Шилдгүүдээс суралцъя” гэсэн бэсрэг ном ч бий.

2019.3.4

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Эрдэнэтийн 51 хувийн асуудал “Стандарт” банктай хэлэлцээрт орж байж дуусна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг талаар ярилцлаа.


-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг шалгах ажлын хэсэг Эрдэнэт хотод ажиллаад ирлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шалгалтын явц ямар байна вэ?

-2013 онд анх Эрдэнэтийг хулгайлж хувь компаниуд авах гэж байна гэсэн яриа гарсан. Дараа нь Стандарт банк Арбитрын шүүхэд хандахад би Англи улсад очоод Элчин сайдтай нь уулзаж, мэдээлэл авсан. Тухайн үед би Монгол Улсыг өрөнд оруулчихсан байна гэж мэдээлж байсан. Нөхдүүд намайг Н.Энхбаярын өмгөөлөгч гэдэг өнцгөөс цааш харахгүй байсан болохоос биш Эрдэнэт үйлдвэрээ өмгөөлөөд явж байсан юм. Дараа нь хэдэн нөхөр гарч ирээд Эрдэнэтийн 49 хувийг авчихлаа гэхэд нь би тодорхой хэлсэн. 49 хувь Монголд ороод ирчихсэн юм бол хоёр зүйл байгааг хэлсэн удаатай. Нэгдүгээрт, хуулийн дагуу авсан бол мөнгийг нь өгөөд юм аа авъя. Хоёрдугаарт, хууль бусаар авсан бол буруутайг нь шоронд оруулаад хөрөнгөө хурааж ав гэсэн. Гэтэл үүнийг сонгуулийн үеэр улстөржүүлж МАН иргэдээс олон санал авч гарч ирсэн.

-Таныг энэ ажлын хэсэгт орох санал гаргахад татгалзсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт нь оръё гэхэд оруулаагүй, санал өгсөн ч аваагүй. Дараа нь эрх баригчид Эрдэнэтийг ард түмний мэдэлд авлаа гэсэн. Дараа нь авч чадахгүй байна гэх болсон. Сүүлдээ Засгийн газраас тэнд байсан 49 хувийнхныг хөөгөөд явууллаа л гэнэ. Гэтэл нөгөө хэд нь шүүх дээр ялагдлаа гэсэн. Энэ хэрүүлийн цаана нэг асуудал бий.

-Ямар асуудал байгаа юм бэ?

-Бид Арбитрын шүүхэд ялагдчихсан. 50, 100, 150 сая доллар гээд хэдэн төгрөгийн өрөнд орсныг би мэдэхгүй. Үүнийг ил ярьж болохгүй. Учир нь шүүх дээр ялагдсан бол төлбөрөө төлөхөөр хэлэлцээрт орох ёстой. Нөгөө тал болох “Стандарт” банк Монголыг сар бүр 1.2 сая ам.долларын өрөнд оруулж байна. Тэгэхээр тэнд хэн нэгэн төлөөлөн очоод ярих ёстой биз дээ. “Уучлаарай, та нарын мөнгийг бид төлөхгүй. Буруутай этгээд, өөр хүн төлнө” гэх ч юм уу ярьж таарна. Гэтэл одоо хэн хэлэлцээрт орох вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Засгийн газар уу, хувьцаа эзэмшигчид үү, ТУЗ эсвэл Эрдэнэтийн захирал ярих юм уу. Эрдэнэтийн 49 хувийн маргаанаас болж ярих ёстой жинхэнэ субьектээ тодорхойлж чадахгүй яваад байна. Тиймээс ажлын хэсэгт ороод би хамгийн түрүүнд “Субьектийн асуудлаа цэгцэл” гэж хэлсэн. Учир нь сар бүр тоолуур яваад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. 1.2 сая ам.доллар гэдэг чинь гурван тэрбум төгрөг.

-Буруутай этгээдээр нь төлүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Манайхан хулгайлсан буруу этгээдээр төлбөрийг нь төлүүлнэ гэж ярих боллоо. Төлүүлж болно. Гэхдээ шүүхээр гэм бууртайг нь тогтоогоогүй байна шүү дээ. Гэм буруутайг нь тогтоогоогүй үед яаж төлүүлэх юм. Төлүүллээ гэхэд хэдэн төгрөгийг төлүүлэх болж байна. Эхлээд шүүхээс төлүүлэх дүнг гаргах ёстой. Хэрэв шүүхээс дүнг гаргавал бид хэлэлцээрт ашиглана. Хууль, шүүхийнхэн үүнийг шийдэх ёстой. 2006 оноос хойш бараг 100 гаруй хавтас материал хуулийнхан цуглуулж хэрэг боосон байна лээ. Энэ асуудал мөрдөн байцаалт, шүүхийн шатанд явж байгаа болохоор үүнийг ил ярьж болохгүй. Одоо нэн яаралтай “Стандарт” банктай хэлэлцэлд орох хэрэгтэй болчихлоо. Ер нь явж явж хэлэлцээрээр дуусах учиртай. Ингээд яриад байх хойгуур чинь тоолуур нь гүйгээд байгааг мартаж болохгүй.

-Хэлэлцэлд орох субьект хэн байвал манайд ашигтай вэ?

-Бид үүнийг дахиад ярих ёстой юм. Бид хэлэлцээрт орох гэж буй субьектээ ямар эрх өгч дархлаажуулах вэ гэдгээ ярих ёстой. Гэхдээ үүнийг ил ярьж болохгүй. Хэдэн сая доллар, хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудлыг Монголд ашигтайгаар ярих ёстой учраас субьектийн эрхийг баталгаажуулж өгөх ёстой юм. Үүгээр улс төр хийх нь утгагүй. Эрдэнэт үйлдвэр 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн. Үүнийг өрөнд өгөх нь утгагүй. Ний нуугүй хэлэхэд үүнд миний уур хүрч байна. Тэр мөнгөөр “Москва” хороолол бариулъя гээд хөөцөлдсөн. Эрдэнэтийн ажилчид, иргэд маань анх удаа 1990 оноос хойш орон сууцны бүтээн байгуулалттай болох гэж байлаа. Гэвч тэр мөнгөөр шуналтай нөхдүүдийн зүйлийг хийж байгаа юм. 2006 оноос хойш ийм юмнууд явсан байна лээ. Тухайн үед буюу 2006 онд хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга байсан юм бэ. МАН-ын нөхдүүд энд бүгд холбогдоод байгаа юм.

-Нууцын зэрэглэлд байсан баримтыг ил болгож, АН-ын Д.Эрдэнэбат гишүүнийг Эрдэнэтийн асуудалтай холбоотой гэж мэдэгдсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Энэ чинь 49 хувийнх. Эд нарын дунд хэн нь их идсэн бэ гэдэг уралдаан явж байгаа юм. Би 60 тэрбумыг хэргийг шалгуулахаар санхүүгийн баримтыг нь гаргаад өгсөн таг болсон. АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийхэд нь “Та нар МАН-ын санхүүг яагаад шалгахгүй байгаа юм бэ” гээд асуух сэтгүүлч ганц ч алга. Үүнээс гадна ЖДҮ-ийг шалга гэхэд бас л алга. 23 ЖДҮ-чин илэрлээ. Энэ нь 23 кноп гэсэн үг. 23 ЖДҮ-чинг хоёроор үржүүлэхээр 46 болно. Нэг хүн амиа аврахын төлөө хоёр хүнийг лоббидож байгаа шүү дээ. АТГ-аас очоод шалгая гэхээр “Чамайг өнөөдрийн дотор ална” гэж сүрдүүлсэн УИХ-ын гишүүн хүртэл байна. Тэр хүн ажлаа хийж байхад нь сүрдүүлж яаж байгаа юм. Нийгмийг зориуд айдаст оруулах гэж байгаа юм шиг шүүгч байсан хүн шоронд нас барна гэдэг аймшигтай хэрэг. Хэнийг айдаст автуулах гээд байгаа юм, бүү мэд. Намайг ална гэх агуулгатай мессэж ч ирсэн. Би тэрийг нь тагнуулын газарт өгсөн. О.Баасанхүүг алж болно гэсэн юм байлгүй, одоо болтол ямар ч хариу ирээгүй байна. Над руу сүрдүүлсэн мессэж явуулсан хүний зураг хөрөг нь байхад хэн бэ гэдэг нь тодорхой болоогүй байна. Монгол Улс хуультай, төртэй орон юм уу.

-Эрдэнэтийн 51 хувийг “Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банкинд барьцаанд тавьсан гэдэг. Гэтэл хууль шүүхийнхэн өдийг хүртэл хэн буруутайг нь гаргаагүй байна?

-Шүүх хурлаа хурдан хий гэж хэлээд л байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж огт болохгүй. Бид энд нэг зүйлийг ойлгох ёстой. Шүүх бие даасан хараат бус шийдвэр гаргана. Гэм буруутай болго гэж хэлж болохгүй. Гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоох ёстой. Бидэнд гэм буруутай, буруугүй, хохироосон, хохироогоогүй, хохироосон бол хэдэн төгрөгөөр хохироосон бэ гэдэг зүйл хэрэгтэй. Энэ чинь цааш хэлэлцээрт ороход эхний шат болох юм. Хоёрдугаарт, хэлэлцээрт орох субьект нь хэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Нэг өглөө босоод харахаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь ард түмнийх, МАН ард түмэндээ аваад өгсөн юм шиг харагддаг. Орой нь болонгуут 49 нь юмаа зарах гэтэл МАН авч чадахгүй, айхавтар мафийн нөхдүүд нь суугаад байгаа юм шиг. Шөнө болонгуут О.Баасанхүү 49 хувийг чинь худалдаад авчихсан юм шиг болгоод байгаа шүү дээ (инээв). Уг нь ингэж маазрах цаг алга. Маазрахаа больж, жинхэнээсээ ажлаа хийцгээмээр байна. Зурагтаар гараад мундаг гэдгийг чинь бүгд ойлгосон. Өдөр болгон аймар мэдээ гаргаж хүн залхаахаа боль. 49 хувиа авах гэж байгаа бол хурдан ав. Чадахгүй бол үнэнээ хэл. Авч чадах МАХН гэж байна. Ерөнхийлөгч гэж Монгол ялуулаад байгаа хүн бас байна. Би нэг бодитой үнэнийг хэлье. З.Энхболд чуулган дээр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэлээ гэж хэлсэн билээ. Би тухайн үед “Өрийг тэглэх үү” гэж л асуусан. Тэгсэн намайг гүтгэсэн гэдэг юм. Уг нь би гүтгээгүй юм. Манай хүн өөрөө л өрийг тэглэнэ гэж хэлсэн. Би “Дарга аа, наадах чинь болохгүй” гэхэд “Болно оо, амархан” гэсэн юм. Гурван өрийн талаар ярьсан. Тухайлбал, тэтгэврийн, оюутны, цалингийн гэсэн зээлүүдийг нэг удаа тэглэнэ гэсэн. “Энэ нь нэг их наяд гаруй төгрөг болно. Төсвийн долооны нэг хувьтай тэнцэнэ. Үүнийг төлнө” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Манай хүний жижиг юмыг том болгож боддог нь ядаргаатай байна.

-Засгийн газрын энэ долоо хоногийн хурлаар долоон санг татан буулгалаа. Энэ дунд Монгол Судлалыг дэмжих сан багтсан байна. МСДС-г татан буулгасан нь зөв үү. Та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-2012 оны наймдугаар сард тангараг өргөж УИХ-ын гишүүн болсныхоо дараа Монгол Судлалын академи байгуулъя гээд УИХ-ын тогтоолын төслөөр дамжуулан академи байгуулах ажлыг хийсэн юм. Тухайн үеийн академийн гишүүд “Одоогийн академийг нурааж шинэ академи байгуулах гэлээ” гэж хэлж байлаа. Нэрийг нь солиод Монгол судлалыг дэмжих сан гэж байгуулсан. Хэл соёл бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой зүйл. Монгол судлалыг дэмжих сан нь Монголын хэл соёлыг бусад улсад сурталчлах зорилгоор байгуулагдаж байсан юм. Гэтэл энэ санг татан буулгачихлаа. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Сангийн яам сангуудыг шалгаж байгаа гээд байна. Уг нь байнга хяналт тавих үүрэгтэй юм шүү дээ.

ЖДҮ гараад ирэнгүүт бидэнд мэдэгддэггүй байсан гэх юм. Бид биш тэд уг нь түрүүлж мэдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамныхан гэсэн үг. Хэдэн сангуудаар дамжуулан улс төрчид мөнгө угааж, улсаа цөлмөж байгааг эрт зогсоох байсан юм. Цөлмөчихсөн бол тэр буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэх ёстой болохоос биш татан буулгаж болохгүй. Уг нь ЖДҮХС буруу биш. Тэндээс төрийн албан хаагч, төрийн түшээ хүн хулгай хийснээр татан буулгах ямар үндэслэл байгаа юм.

Э.ЯНЖМАА