Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд зарим сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн багш нартай уулзалт хийлээ. Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд болсон уулзалтад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Дашдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Багш нар болон сургууль, цэцэрлэгийн удирдлагын зүгээс зарим сургууль цэцэрлэгт халаалт дулаан, урсгал болон их засварын ажил тулгамдаж байгааг дуулгалаа. Ерөнхий боловсролын 102 дугаар сургууль гэхэд өвөлдөө 14 хэмийн дулаантай танхимд сурагч багш нар өвлийн хувцастайгаа хичээллэдэг гэлээ. Хэдийгээр өнгөрсөн онд дүүргээс спорт заалны дээврийг 100 гаруй сая төгрөгөөр засварласан боловч нөхцөл байдал дээрдээгүй. Иймд хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлэхийн тулд сургуулийн барилгын дулаан алдагдлыг шийдвэрлэх асуудал тулгамдаж байна. Халаалт дулааны асуудалтай сургууль үүнээс гадна хэд хэд байна.

Мөн багш нарын ачаалал, бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг эхээс гаргуулах, сургуулийн автобустай болох, сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой саналаа сайдад уламжиллаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх асуудлуудад тодорхой хариулт өглөө. Сурагчдад сурах таатай орчин нөхцөл бүрдүүлэхээс эхлээд хөрөнгө оруулалт халаалт дулаан зэрэг бүгдийг зөвхөн яамны хэмжээнд шийдвэрлэх боломжгүй. Нийслэл, дүүргийн төсвөөр тодорхой хувийг шийдвэрлэх ёстой. 4 салбарын хэмжээнд 147 тэрбум төгрөгийн засварын санал ирсэн ч төсөвт 3 тэрбум төгрөг тавигдсан. Тиймээс нарийн судалгаатай, төсөв тооцоотой нэн шаардлагатай ажилд засварын мөнгийг хуваарилна гэлээ. Энэ ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргахыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ш.Дашдэмбэрэлд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Нурангид дарагдаж осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргажээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг 3-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны ажилтнуудад тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход хүндрэл учирдаг

БСШУС-ын сайд Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагатай уулзсан. Шинжлэх ухааны ажилтнуудын тухайд нэг байгууллагадаа тасралтгүй олон жил ажиллах нь ховор, гадаад дотоодод судалгааны ажлаар шилжин ажиллах нь олонтаа байдаг байна. Үүнээс шалтгаалан тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход гардаг хүндрэлийн талаар дурдлаа. Иймд Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуульд тодорхой заалтуудыг засаж оруулахыг хүслээ. Хүрээлэнгүүдийн барилга байгууламж, хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй, шаардлага хангахгүй болсон зэрэг нөхцөл байдлыг анхааралдаа авахыг сайдаас хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Багш нарын VII их хурал”-ыг зохион байгуулах ажилд Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарна

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл болон, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгө олгогдохгүй байгаад анхаарал хандуулж өгөхийг өмнөх уулзалт дээр уламжилсан. Сайд энэ асуудалд тодорхой хариулт өглөө. Энэ оны Төсвийн тухай хуульд багш нарын илүү цагийн мөнгө төсөвлөгдсөн. Тодорхой заалтад өөрчлөлт оруулах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулах болно. Тиймээс илүү цагийн мөнгө багш нарт олгогдох болно гэлээ.

Мөн тус холбооноос яам Үйлдвэрчний эвлэлийн холбоодтой харилцан ойлголцож, хамтран ажиллах, шийдвэр гаргах төвшинд саналыг нь сонсдог байх хүсэлтээ илэрхийллээ. 1996 оноос хойш зохион байгуулаагүй Монголын багш нарын долдугаар их хурлыг энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулна. Багшийн нэр хүндийг өсгөх, эрхийг нь хангах, хөгжүүлэх чиглэлээр дээрх хурлаас зөвлөмж гаргах юм. Хурлын зохион байгуулалтын ажилд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо оролцохоор боллоо.

Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооноос сайдын эхлүүлсэн “Цөм” хөтөлбөрийн агуулгыг засаж сайжруулах, их дээд сургуулийг чанаржуулах, их дээд сургуулийн цогцолбор байгуулах ажлыг судлах зэрэг амаргүй ажлуудыг зоригтойгоор эхлүүлсэнд талархаж байна. Зарчмын хувьд эдгээр ажлуудыг дэмжиж байна гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багшаар бэлтгэлээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1043 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цэцэрлэгийн багш нарт зориулж “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан 3500 ширхэгийг хэвлүүлээд байна.

Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэлээ.

Бэлтгэгдсэн сургагч багш нар нь өөрийн байгууллагын багш нарт дээрх сургалтыг зохион байгуулж, багш нараар дамжуулан хүүхэд, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдлэгийг олгож эхлээд байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Бүсгүй танаа” урлагийн тоглолт болно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярийг тохиолдуулан Монгол Улсын Филармони “Бүсгүй танаа” тоглолтоо маргааш буюу 2019 оны 03-р сарын 07-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна. Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Б.Батбаатар /СТА/, “Баян монгол” биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэцэг, С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү болон урилгаар МУГЖ Х.Төмөрбаатар оролцож эх үр, элбэрэл хайр, эмэгтэйчүүдийг магтан дуулсан уран бүтээлүүдээсээ толилуулна.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1722/ сайт болон 1900-1800 үнэгүй хүргүүлэн аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9919-6623, 8801-0854 лавлана уу.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийлээ

2018 оны жилийн эцсийн байдлаар, улсын хэмжээнд 27 төрлийн 42.074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10.000 хүн амд ногдох өвчлөл 12.5-аар буурсан боловч Улаанбаатар хотод /164.4/ улсын дундаж үзүүлэлтээс өндөр үзүүлэлттэй байна. Үүнд амьсгалын замын цочмог халдварт өвчний 13.122 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 31.2 хувийг эзэлж байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нартай хамтран менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийлээ. Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 189 сургуулийн 108.756 хүүхдэд хамар залгиурын үрэвслийг илрүүлэх үзлэг шинжилгээг хийснээс 13031 үрэвсэлтэй хүүхэд, 304 цэцэрлэгийн 123.954 хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулснаас хамар залгиурын үрэвсэлтэй 108.756 хүүхдийг оношилж, эмчилгээнд хамруулж байна.

Цаашид амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамар залгиурын үрэвслийн үзлэг шинжилгээг тогтмол хийж, эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж өгч, мэдээлэл сурталчилгааны материал түгээж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүллээ

Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байна. Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарна уу. Нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 331 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авч 3936 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 261 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирч, 311 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад -13.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Сар-шинэ” “Шөнийн-хяналт” “Хаалт-боолт” “Хяналт-шалгалт”, “Хамгаалах бүс” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан” хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх-ыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг “оюун санааны хөрш” бөгөөд гуравдагч хөршөө хэмээн үздэгийг тэмдэглээд цаашид хоёр орны дээд, өндөр түвшний яриа хэлцээг улам үргэлжлүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд М.П.Сингх уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараж-ын захидлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт гардуулж, Энэтхэг, Монголын хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, дараагийн шатанд гаргахын төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн Элчин сайд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах төсөл болон Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах зэрэг асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллана гэдгээ онцлов.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд М.П.Сингх энэ оны хоёрдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод байна.