Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бүх талын оролцоо чухал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болов. Хуралдаанаар гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл, Үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажил зэргийн талаар хэлэлцлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. Иймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ялангуяа төв, суурин газрын иргэдэд мэдлэг, дадлага олгох, онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулав.

Мөн бүх шатны байгууллага уялдаа холбоогоо сайжруулж, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан цогц төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов. Гамшгийг тэсвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд байнга анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэх, эрсдэлийг хуваалцах даатгалыг хөгжүүлэх нь чухал гэв. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилж, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах шаардлага байгааг хэлэв.

Хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, бүх яам, нэр бүхий агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа.

Өнгөрсөн онд манай улсад 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож 200 гаруй хүн амь насаа алдан, 82 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Нийт аюулт үзэгдэл, ослын 90 хувь нь гал түймрийн улмаас гарсан бөгөөд дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүйгээс осол гарсан

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шадар сайд “Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байна. Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байгаа. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна.

Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүйгээс үүдэн осол гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана” хэмээн хэлэв. Мөн Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байгааг хэлээд бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгож, шаардлага хангахгүй бол хаах хүртэл арга хэмжээ авахыг даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан залуусын дунд “Эв нэгдлийн цом” яруу найргийн наадам болно

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах зорилтын хүрээнд эх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодол, хайр дурлалыг тунхаглан сурталчилах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, залуу уран бүтээлч, яруу найрагчдын үгийн цэц, ухааны царааг тэлэх, тэдний уран бүтээлийг үнэлэх, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. Тус наадамд 18-35 насны яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвидаг болон утга зохиолын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутан залуус, 18 настай ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцоно.
Наадамд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн комисс өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүж шалгаруулна.
I шатны шалгаруулалт:
Наадамд оролцогчид эх орон, эв нэгдлийн сэдэвт 1 бүтээл, хайр дурлал, залуу нас сэдэвт 1 бүтээлийг 2019 оны 03-р дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн 18 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.
1. “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 201 тоот/-д, хэвлэмэл байдлаар,
2. namzkh.office@gmail.com емайл хаягаар болон https://www.facebook.com/NAMZHcom/ фейсбүүк хуудсанд цахимаар
Бичмэлээр ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан шилдэг 30 яруу найрагчдын нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим хуудсаар олон нийтэд зарлана.

II шатны шалгаруулалт: Шалгарсан 30 яруу найрагчид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцож өөрийн бүтээлийг уншиж өрсөлдөнө. Наадамд амжилттай оролцсон яруу найрагчдыг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:

Тэргүүн байр 1
“ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” цом, Өргөмжлөл 1.000.000₮

Дэд байр 1
Өргөмжлөл 800.000₮

Гутгаар байр 1
Өргөмжлөл 500.000₮

Тусгай байр
• МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагнал
• НАМЗХ-ны нэрэмжит тусгай шагнал
• НАМОХ-ны нэрэмжит тусгай шагнал

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо

Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо фейсбүүк цахим хуудаснаас болон
7711-5006, 9974-2325, 8898-9616 дугааруудаас авна уу.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр (2019.03.06) хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг гэлээ.

Тэрбээр, хэдийгээр манай улсын эдийн засаг сэргэж байгаа хэдий ч бидний өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол юм. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглох тул энэ жил агаарын бохирдол дор хаяж 50 хувиар буурна гэсэн тооцоо байгаа.

Манай хоёр орны улстөрийн харилцаанд сэтгэл хангалуун байгаа хэдий ч бид эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргах хэрэгтэй гэж үздэг. Бид Турк Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Хоёр талын өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлснээр хоёр талын харилцааг өргөжүүлнэ. Монгол Улс Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-тай 1994 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжээд байгаа. Энэ бүхэнд ноён Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэлээ.

Элчин сайд Ахмет Язал Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хоорондох худалдааны эргэлт энэ жил нэмэгдсэн үзүүлэлт гарсныг тэмдэглээд хоёр тал хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа, хэлцээ эхэлсэн төдийгүй дараагийн уулзалт удахгүй зохион байгуулагдана. Тэрбээр үргэлжлүүлэн, хоёр талаас иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эрхэмлэн, агаарын харилцааг өргөжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэ хүрээнд хоёр орны хооронд агаарын тээврийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, агаарын харилцаанд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа дахин илэрхийлье гэлээ. Уулзалтын үеэр талууд ирэх зургадугаар сард тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар дурдаж, энэхүү арга хэмжээ болоод түүхэн үйл явдлыг тохиолдуулан Турк Улсын Үндэсний Их Хурлын даргыг Монгол Улсад айлчахыг урилаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

​“Хөх сувд-2019” өвлийн баяраар зам тээврийн осол гараагүй байна

“Хөх сувд-2019” өвлийн баяр энэ сарын 2-ны өдрөөс 3-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд зориулан Булган, Хөвсгөл аймгуудын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээсурьдчилансэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт, хөдөлгөөн зохицуулалт хийж ажилласан байна. Хяналт шалгалтаар тус аймгуудын замын цагдаагийн тасаг, хэсгээс нийт 18 алба хаагч 10 чиглэлд 24 цагийн байнгын болон хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэжээ. Үүний үр дүнд “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр тус чиглэлийн авто замуудад зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна. Харин арга хэмжээнд гадаад, дотоодын 27000 гаруй иргэн, жуулчин, 3200 орчим тээврийн хэрэгсэл зорьж оролцсон байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал боловсруулахаар болжээ. Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг эрэлхийлэх болсон байна. Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэх юм. Бага ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн. Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна. Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

KFC-д хийсэн шалгалтын хариу хэзээ гарах нь тодорхойгүй байна

Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээллийг НМХГ-аас олон нийтэд мэдээлээд байгаа. Үүнтэй холбогдуулан, НМХГ-аас өнгөрсөн сарын 18-21-ны хооронд KFC салбаруудад шалгалт явуулсан билээ.

Тэгвэл, шалгалтын талаар зарим мэдээллийн сайтуудаар KFC-д хийсэн шалгалтын хариу маргааш гарна, эсвэл энэ сарын 25-нд гарна гэх зэргээр мэдээлж байна. Энэ талаар МХЕГ-аас тодруулбал ” Шалгалтын ажил хийгдэж байгаа. Хэзээ хариу гарах нь тодорхойгүй. Бид албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

М.Мөнхбаатар: Миний өмгөөлөгчийг дарамталсан

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол хүргүүлж байна. Шалтгаан нь ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага.

Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа.

Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, ШЕЗ болон прокурорын байгууллагад шударгаар ажилла гэдэг шаардлага тавьж байна.

Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой “Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурал дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг юм байна. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна. Миний бие ЭЦА-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй явж байгаагаа хэлсэн. Гэтэл өнөөдөр би өмгөөлөгчгүй болсон. Яагаад гэвэл өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталснаас болоод өмгөөлөгчгүй болсон. Надад өмгөөлөгч олдоход хүнд нөхцөл байдалд байна. Өөрийнхөө эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуулт үүсээд байна. Энэ асуудал 2009 онд анх үүссэн. Тухайн үед өнөөдрийн эрх баригч нам мөн л эрх барьж байсан. Үүнийгээ далдалж нуух зорилгоор манай компани дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм байна гэж ойлгож байгаа. М.Батсуурь гэдэг шүүгчийн асуудлыг би мэдэхгүй. Манай захиргааны хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч. Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

“Футзалын үндэсний цом”-ыг Увс аймгийн баг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насныхны “Футзалын үндэсний цом”-д Я.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн баг түрүүллээ.

Дархан-Уул аймагт хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 04-ий хооронд болсон 16 хүртэлх насныхны “Футзалын үндэсний цом”-д 14 дөрвөн аймгийн өсвөрийн хөлбөмбөгчид гурван хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Хэсгийн тоглолтууд шигшээ тулаануудаас ялгарахгүй нэн сонирхолтой өрнөсөн бөгөөд “А” хэсгээс 1. Орхон, 2. Дархан-Уул, 3. Өмнөговь, “В” хэсгээс 1. Дорнод, 2. Говь-Алтай, 3.Баян-Өлгий, “С” хэсгээс 1. Говь-Сүмбэр, 2. Увс аймгийн багууд тус тус шөвгийн наймд шалгарсан.

Дээрх багуудаас Увс аймаг аваргын цомыг өргөж Говьсүмбэр аймаг мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг талбайн эзэн Дархан-Уул аймгийн хөвгүүд хүртсэн бол баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн баг дөрөв дүгээр байранд орлоо. Увс аймгийн насанд хүрэгчдийн баг 2018 оны талбайн “Үндэсний цом”-д түрүүлээд байсан бол өсвөрийн баг нь ийнхүү “Футзалын үндэсний цом”-д аваргалаад байна.

Шигшээ багуудаа шагналт байранд шалгаруулсан шилдэг хөлбөмбөгчдийг тодруулахад “Шилдэг хаалгач”-аар Л.Болдбаатар /Увс/, “Шилдэг довтлогч”-оор 18 гоол А.Содмөнх /Дархан-Уул/, “Шилдэг тоглогч”-оор Е.Амарсанаа /Увс/ нар тус тус нэрлэгдээ.