Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх, томилуулах саналаа эгүүлэн татлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өнөөдөр эгүүлэн татлаа.

Тухайлбал:

Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин санал оруулах шийдвэр гаргаснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдэв.

Мөн Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүлсэн саналаа эгүүлэн татаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх асуудлаар Улсын Их Хуралд дахин хандах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжлалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
  2. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
  3. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хэрэгжүүлэх БСШУС-ын салбарын төсөл, арга хэмжээнүүдийн явцыг хэлэлцлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 онд дэвшүүлсэн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд харилцан уялдаатай ажиллах холбогдох албаныхны хурлыг БСШУСЯ-ны санаачилгаар зохион байгууллаа.

Хурлыг БСШУС-ийн дэд сайд Г.Ганбаяр удирдаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төвийн хөрөнгө оруулалт, барилга, бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дарга, мэргэжилтнүүд оролцов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны улсын төсөвт шилжих 222, шинэ 381 төсөл арга хэмжээний 616.4 тэрбум төгрөг батлагдсан юм. Үүнээс зөвхөн Нийслэлийн хэмжээнд 2019 онд урьд оноос шилжин хэрэгжиж буй 40, шинээр хэрэгжүүлэх 51 төсөл, арга хэмжээний явц байдлын мэдээлэлтэй танилцаж, аль шатанд ямар бэрхшээл байгааг нэгбүрчлэн тодрууллаа. Тухайлбал, дээрх 91 төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн хувь, зураг, төсөв нь батлагдаж, тендер зарлагдсан эсэх, газар чөлөөлөлтийн явц, үнэлгээ зэргийг тодруулж, зарим ажлыг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд сурах бичиг, дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, худалдааны асуудлаар үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Хэвлэлийнхэнд нээлттэй болсон уулзалтын эхэнд сайд бодлогын байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн сурах бичгээр бүрэн хангахад 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгогдож байхад хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байна. Тиймээс ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд сурах бичгийг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болгохын тулд гарц, шийдэл хайж өнөөдрийн уулзалтыг хийж байна. Бага анги болон зорилтот бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг хуучин журмаараа явна. Гагцхүү дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэг дээр санал нэгдээд ажиллаж байна. Эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар сурах бичиг хэвлэхэд зориулж 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн. Мөн Азийн Хөгжлийн Банктай уулзаж, санхүүжилт шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа. Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас бид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг судлан үзэж, зохих арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах болно. Зориуд онцлон хэлэхэд сурах бичгийн агуулгыг өөрчлөх, дахин шинэчлэх асуудал байхгүй” гэлээ.

Уулзалтад “Соёмбо принтинг”, “Мөнхийн үсэг”, “Сэлэнгэпресс”, “Содпресс”, “Битпресс” зэрэг хэвлэх үйлдвэрийн удирдлагууд оролцож, урьд жилүүдэд үүсэж ирсэн хүндрэлүүд болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо сайдад уламжлав. Тухайлбал, сурах бичиг ченжүүдээр дамжин хэт өндөр үнээр дамлагдах явдлыг зогсоох шаардлагатай гэлээ. Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийн ченжүүд 2000-5000 төгрөгийн үнэтэй худалдан аваад 20 мянган төгрөг хүртэл үнэ нэмж борлуулдаг гэж байлаа. Иймд яамны зүгээс сурах бичиг хэвлүүлэх зардлыг бага хэмжээгээр нэмсэн тохиолдолд, хэвлэх үйлдвэрүүд номын дэлгүүрээр номуудыг хямд үнээр борлуулах, ченжүүдийн гарт хүргэхгүй байх боломжтой гэсэн юм.

Дараа нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Батзүү”, “Топ зүү”, “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Торгон хийц”, ”Налайхын “Бүтээлч үйлс” зэрэг компани, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзав.

Дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том бэрхшээл нь зах зээлээ импортын бараанд 70-80 орчим хувиар алдсан явдал гэлээ. Тодруулбал, есдүгээр сарын нэгэн дөхөхөөр БСШУСЯ-ны дүрэмт хувцасны загварыг хуулбарласан, чанаргүй материал бүхий дуураймал бүтээгдэхүүн томоохон захуудаар дүүрдэг байна. Өмнөд хөршид үйлдвэрлэсэн эдгээр хувцас татваргүй орж ирдэг учраас хямдаар зарагдаж, үндэсний үйлдвэрүүд үнэтэй гэгдэх харьцуулалтыг бий болгодог гэв. Энэ явдлыг хязгаарлахад яамнаас тодорхой стандарт тогтоох, нэг загварын биш, өөрөөр хэлбэл сургууль өөрсдөө загвараа санал болгож, үйлдвэрүүдтэй гэрээлдэг байх зэрэг саналыг хэлж байв.

Ийнхүү сурах бичиг болон дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсаны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг хугацаатай эдгээр асуудлыг “Хүүхэд-хэрэглэгч” гэдэг агуулгаар харж, чанартай, боломжит хямд үнээр хүргэх талаар үйлдвэрлэгчид нэгдсэн санал боловсруулж, дахин уулзах чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Эх оронч худалдан авалт инновацийн үйлдвэрлэл” хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд дотооддоо өндөр хүчин чадлаар үйлдвэрлэх боломжтой, импортийг бүрэн орлох инновацийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Эх оронч худалдан авалт инновацийн үйлдвэрлэл” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар зэрэг зочид уригдаж, эрдэмтдийн бүтээлтэй танилцаж, санал бодлыг нь сонсов.

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт 18 эрдэм шинжилгээний байгууллага болон их, дээд сургуулийн компаниас таван салбарын 77 нэр, төрлийн инновацийн бүтээгдэхүүний саналаа танилцуулж, зарим нь үзэсгэлэнгийн танхимд бүтээгдэхүүнээ дэлгэсэн байлаа.

Сайд Ё.Баатарбилэг эрдэмтийн бүтээл, инновацийн бүтээгдэхүүнүүдийг үзэж танилцсны дараа хэлсэн үгэндээ, шинжлэх ухааны ололт, амжилтыг танин мэдүүлэх, ялангуяа хөдөө орон нутагт, хүүхэд багачуудад хүргэх чиглэлд дорвитой ажил хийх хэрэгтэй санагдлаа, та нөхөд энэ санааг баяжуулж, боловсруулаад танилцуулаарай гээд үзэсгэлэн, хэлэлцүүлгийн арга хэмжээг илүү өргөн хүрээнд эцсийн хэрэглэгч, бизнесийн хөрөнгө оруулагчдад таниулах болон төрийн худалдан авалт хийдэг ХХААХҮЯ, БХЯ, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтарч зохион байгуулах замаар салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарах хэрэгтэйг онцоллоо.

ЭРДЭМТДИЙН БҮТЭЭЛЭЭС…

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.

Цэвэгмэдийн ЗОРИГ нь

1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбиртын яаманд арбитрч,
1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч;
1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн;
1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга;
2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү мэндэлжээ

Энэ сарын 25-нд ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү эсэн мэнд мэндэлжээ. Эмч нарын хэлж буйгаар эмнэлэгт ийм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй гэдгийг хэлэв.
Монголдоо хамгийн томд тооцогдож буй энэ хүү долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын гишүүн болон мэндэлжээ. Хүүгийн ээж 33 настай Т.Энхтуяа нь хийсвэр хагалгаагаар бус өөрөөрөө төрж, найм дахь хүүхдээ ийнхүү өлгийдөн авсан байна. Хүүгийн аав П.Энхтайван нь “Хар хорин” захад гутал засвар ажиллуулан ар гэрээ авч явдаг гэлээ. Хүүгээ төрөхөд тосохоор очсон аавын авч очсон өлгий багадсан тул 8-9 сартай хүүхдийн хэмжээ бүхий хувцас дахин худалдан авсан талаараа хүүгийн эмээ нь сонирхуулан ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Даатгалын багц дүрэм мөрдөгдөж эхэллээ

СЗХ-оос шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр багц дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Хорооны энэ оны 02 тоот тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн баталсан энэхүү багц дүрэмд нийт 17 журам, заавар, аргачлал, шалгуур багтаж буй юм. Тухайлбал, даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан болон санхүүгийн тайлан, мэдээллийн маягт зэрэг тус салбарт мөрдүүлж буй зохицуулалтын гол баримт бичгүүд багтаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

ЗХАНЗХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны (NEAR) Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён болон тус холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид илүү нягт хамтын ажиллагаатай байж ЗХАНЗХ-оор дамжуулан Монголын гишүүн орон нутгууд ЗХАНЗХ-ны бусад гишүүн орон нутгуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Мөн 2018 оны аравдугаар сарын 29-30-нд БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотноо болсон “NEAR-ын 12-р бүгд хурал” амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд, дараагийн хурал 2019 оны намар ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад зохион байгуулагдахыг мэдэгдэв

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод байршуулах 4,820м авто замын урсгал тусгаарлах хайсыг хүлээн авч байна

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100м хайс хашлага байдаг бөгөөд өдөр ирэх тусам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 дугаар захирамжаар хотын төв гудамжуудад байрлуулах шаардлагатай байгаа 10000м хайсны эхний ээлжийн 4,820м хайсыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нямьяанжүгийн гудамжинд байрлуулахад бэлэн болоод байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тээврийн хэрэгсэл жолоодох явцад зөрчил гарган хайс хашлага эвдсэн 1.935м буюу 55 тохиолдлыг Тээврийн цагдаагийн албатай хамтран илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлээд байна.