Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөг байдлын талаар товч танилцууллаа. Засгийн газар олон тулгуурт эдийн засагтай болж, эрүүл хүнсээр иргэдээ ханган, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай сүлжээтэй, газрын тос боловсруулах үйлдвэртэй, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн нийгэмд шударга ёс тогтоож, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэхийг зорьж байна гэлээ.

Хан-Уул дүүрэг, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны дарга нар ахмадуудаа төлөөлөн санал, хүсэлтээ хэллээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн ахмадуудыг үнэ төлбөргүй эмчилдэг герентлогийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгох зэргийг хүсэв.

Дээрх санал, хүсэлтийг анхааралдаа авна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэлээ. Ахмадуудад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг орон нутагтаа шийдэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахыг Засаг дарга нарт даалгаж Албан даалгавар гаргана. Мөн Ахмадын холбооны санхүүжилтийг боломж бололцооныхоо хүрээнд нэмнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэгт шалгалт хийж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Тухайлбал тус хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Авто-тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах энэхүү арга хэмжээ нь дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж арга хэмжээг авч байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд Орос улсад “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу Оросын цэргийн баярыг тэмдэглэдэг. Энэ баярыг тохиолдуулан өнөөдөр /2019.02.22/ ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Энэ жилийн цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд тэргүүтэй салбар яамны төлөөлөл, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон Монголд ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Цэргийн баярыг ОХУ-д 1918 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Москва хот болон Оросын олон хотод ёслолын жагсаал, үзэсгэлэн, концерт, баярын үйл ажиллагаанд зориулсан театрчилсан тоглолтууд болж, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдэл, хэсгүүдэд хоёрдугаар сарын 23-нд ёслолын жагсаал хийдэг.

Ийн ахан дүүсийн холбоотой манай хоёр улсын хувьд жил бүрийн энэ өдөрт зориулж Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Зөвлөлтийн дайчдадаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм

Архивын ерөнхий газрын 2019 оны эхний сард хийсэн ажлын инфографик мэдээ

Архивын ерөнхий газрын 2019 оны нэгдүгээр сард хийж хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

Categories
мэдээ нийгэм

Офицер, ахлагч нар сургалтад хамрагдаж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ‘’Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нарын мэргэжил дээшлүүлэх арга зүйн сургалт’’-ыг зохион байгуулж байна.

Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг, дүүргийн Засаг дарга Т.Баясах, ЗДТГ-ын Б.Амартүвшин, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, дүүргийн Цэргийн штабын дарга, Хошууч Т.Амартогтох болон Нийслэл, 9 дүүргийн Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцож байна.

Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах зорилго бүхий тус сургалт нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Чуулганы танхим болон Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр явагдах юм.

Уг сургалтын үеэр Монгол Улсын Батлан Хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Орон нутгийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, галт зэвсэг, техник материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх журмыг холбогдох албаны хүмүүс танилцуулах юм. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Цэрэг татлагын программыг танилцуулж, санал авна.

Categories
мэдээ нийгэм

Эртний амьтны олдворуудыг хууль бусаар зарах гэж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтны олдворууд олж, түүнийгээ Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах зорилгоор Улаанбаатар хотод оруулж ирснийг мэдээллийн дагуу илрүүлэн шалгажээ. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд 30 настай эрэгтэй Б, 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 35 саяас 10 мянган жилийн өмнө хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсний зарим яс болох эрүү, шүд, толгойн ясны хэсэг, эвэрний дугалмай, шилбэний хэсэг зэрэг болох нь Палентологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогджээ.

Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж суурилуулна

НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимд газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулахаар болжээ. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах тус танхим нь 3-12валлын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмийг суурилуулж өгснөөрөө онцлогтой гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нисэх онгоцны буудлын шинэ хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг, Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 29 дүгээр тогтоолоор батлагдсан байна.

Нисэх онгоцны буудлын шинэ хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар тухайн бүс нутагт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад баримтлах хот төлөвлөлтийн бодлого тодорхой болж байгаа юм. Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, дагуул хаяа хот тосгодыг хөгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт олон улсын шинэ нисэх буудал нь 1695.0 га нутаг дэвсгэрийг хамарч, үүнийг түшиглэн хөгжих шинэ хотыг 51.5 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэлтэй хурдны авто замаар холбохоор тусгасан байна.

Мөн шинээр байгуулагдах хотод 9479 айл өрх оршин суухаар төлөвлөж байгаа бөгөөд худалдаа, үйлчилгээ хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг бий болгох аж. Мөн төлөвлөлтийн хугацаанд 960 хүүхдийн 7 сургууль, 280 хүүхдийн 12 цэцэрлэг, 670 хүүхдийн 1 МСҮТ, 330 ортой нэгдсэн эмнэлэг шаардлагатай байх тооцоо гарсан байна. Шинэ хотын бүтээн байгуулалтын үйл явцыг 4 үе шатанд хуваан үзэж, 20 жилд багтаан хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлгийг шалгаж байна

Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлгийг шалгаж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Тус хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Авто-тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах энэхүү арга хэмжээ нь дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж арга хэмжээг авч байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.

“МЯНГАНЫ СОРИЛТЫН КОМПАКТ ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойшх хугацаанд гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 оны 5 дугаар сард дуусгасан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны сайд Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан.

Компакт гэрээ нь 8 зүйл, зургаан хавсралтаас бүрдэх бөгөөд гэрээний санхүүжилт, татвараас чөлөөлөх үндэслэл, гэрээний хэрэгжилтийг дүгнэх болон талуудын хүлээх үүрэг зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгасан. Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлнэ. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээдэг. Монголын талаас гаргах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцож байна.

Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулна. Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэнэ.