Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Улаанбаатарын утааг богино хугацаанд 50 хувиар багасгах боломж байна

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор өнөөдөр Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд Ерөнхий хяналтын сонсгол болж байна.

Ерөнхий хяналтын сонсголын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцож, байр сууриа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулан Ерөнхий хяналтын сонсголд оролцож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгуулсан билээ.


Агаарын бохирдлын асуудлаар явагдаж буй Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга:

“…Энэ бол Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу явагдаж буй анхны Ерөнхий хяналтын сонсгол. Хойшдоо сонсгол зохион байгуулах жишиг үүгээр тогтох тул дэгтэй холбоотой санал хэлье. Сонсголын дэгийн 11-т “Оролцогчид сонсголын үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй” гэсэн байна. Нийтийн сонсголын тухай хуулийн зорилтод “Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулна. Төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино” гэсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүд оролцогчдоос асуулт асууж, иргэд УИХ-ын гишүүдээс асуулт асуух эрхгүй байна. Энэ дэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Хоёрдугаарт, сонсголд дөрөвхөн иргэнийг оролцуулж байна. Иргэд мэдээлэл авах, иргэдийн оролцоог хангах зорилготой хууль. Энэ бол УИХ-ын байнгын хорооны хурал биш цаашид жишиг болох учиртай сонсгол тул дэгд өөрчлөлт оруулах саналтай байна” гэсэн юм.

Харин хуралдаан даргалагч, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Сонсголыг зохион байгуулахын тулд нэлээн хэдэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Сонсголын тухай хуулийн зүйл заалтуудыг баримталж сонсголын дэг бичсэн…” гээд хуралдааныг үргэлжлүүлэв.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг илэрхийлсэн мэдээллийг уншиж танилцууллаа.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ХҮРЭЛЦЭН ИРЖ:

“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг мэдээлэл болгон өгч байсан.

Одоо танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бид утаатай холбоотой мэдээллийг хэдэн жил ярьж, өөр хоорондоо солилцов? Тоо нь, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь эрх мэдэл нь ихсээд л байдаг. Гадаадын хүмүүс ирчихсэн байгаа юм шиг “утаа тэгсэн…, барилга тэгсэн…, мөнгө хүрэхгүй байна…” гэж бие биедээ танин мэдэхүйн юм яриад, ажил хийж байгаа мэт чухал царайлахаа боль.

Шийдэж цөхөөд байх зүйл байхгүй. Сэтгэл, зүрх байх юм бол шийдэгдэнэ. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Сая УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлогыг бүх өнцгөөс нь харсан, хөдөө орон нутаг, дэд бүтэц, хотжилтоо оруулсан сайн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг олон хүн эсэргүүцдэг.

Алслагдсан 98 сумаа шинэчилье, 21-р зуун гарлаа. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гээд бүгдийг нь халуун, хүйтэн устай болгоё гэсэн ч таван сумыг шинэчлэх мөнгийг нь шийдээд хоёр сум баригдаад л энэ ажлыг зогсоосон.

Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Шийдэл л гаргах ёстой. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой билээ. Малчид л орлоготой болох ёстой биз дээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Хөдөө, аж ахуйн биржийг хөгжүүлье гээд Хөдөө, аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил одоо хаана, хэрхэн явж байгааг юм бол.

Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваатай ярьж байгаад арьс, ноос боловсруулах үйлдвэрээ Дарханд барья гээд дэмжигдсэн. Иймэрхүү шийдлээ л өнөөдөр ярих хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж л нүүдлийг зогсооно. Ямар ч замбараагүйгээр газар олгосноос болж төлөвлөлтгүй орон сууцнууд ихээр баригдсан. Тиймээс дагуул хот байгуулъя гэж 2010 оноос хойш ярьсан. “Шинэ яармаг” хороолол гэхэд 10 мянган айлаас судалгаа авахад 80 орчим хувь нь газраа орон сууцаар сольё гэсэн. Улмаар барилгыг нь өөрсдөөр нь бариулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажлыг зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж л утаанаас салах ёстой. Иймэрхүү шийдвэрийг сонсголоос гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй.

Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй. Бусад орны шийдсэн туршилгыг судалж, яриад одоогоос 9 жилийн өмнө УИХ-аар батлуулчихсан ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо утаагүй зуух гэж ярих ёсгүй. Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш.

Баярлалаа” гэсэн юм.

Мөн энэхүү сонсголыг даргалж буй УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг утаагүй зуух зарсан компанитай нэр холбогдож буйг шүүмжилж, утаагүй зуух нэрийн дор олон зуун тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж, зарим эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАРААХ МЭДЭЭЛЭЛ ӨГСНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Г.УЯНГА УНШИЖ, СОНОРДУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.

Агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн хөтөлбөр- цогц бодлого МУИХ-ын 2010 оны 36дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг хангах, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөний бодлогоор зохицуулах, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл шаардлагын хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн болон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот хөдөөгийн хөгжил ба үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөний сааруулах зэрэг чиглэлийн олон чухал зорилт, арга хэмжээг тусгасан боловч, энэхүү иж бүрэн хөтөлбөр ашиг хонжоо хайгч бизнесийн бүлэглэлийн утаагүй зуух, түлш мэтийн бизнест дарагдсаар арваад жил боллоо. Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг тэтгэхийн оронд энэ хөтөлбөрт хөрөнгө, зохион байгуулалтаа төвлөрүүлэн хэрэгжүүлсэн бол арваад жилд Улаанбаатарыг утаанаас салгах хангалттай хугацаа байлаа.

Тэр ч байтугай агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2,4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ.

Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5,1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна.

Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.

Дурдсан тайлан, баримтуудад дүн шинжилгээ хийж хууль бус үйл ажиллагаа, зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дурдвал тоймгүй олон байх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бодлого, төсөл арга хэмжээний хүрээнд явагдсан сонгон шалгаруулалт, бүтээгдэхүүний туршилт ба шаардлага хангасан байдал, нийлүүлсэн тоо хэмжээний болон бараа, ажил, үйлчилгээний үнэ ханшийн бодит байдал, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан эсэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай, анхаарал татсан олон асуудал байна.

Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт асуудлуудад онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдсэн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллүүдийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гардуулаад байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 2 дахь хэсгийн 1т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул” тохиолдсон” зэрэг нөхцөлд УИХ онц байдал зарлана” гэж заасны дагуу Ерөнхийлөгч миний бие агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх саналыг УИХ-д 2017 оны 12-р сард явуулсан. УИХ-ын дарга “… агаарын бохирдол нь гамшиг, аюулт үзэгдэл болон осолд хамаарахгүй байх бөгөөд … онц байдал зарлах онцгой нөхцөл үүссэн гэх хуулийн үндэслэл байхгүй байна” гэсэн хариулт өгсөн билээ. Нийслэлийн иргэд олноороо хүүхэд томчуудгүй ханиад томуу, хатгалгаанд нэрвэгдэн, эмнэлгийн ор, шалыг дүүргэж, нялхас хэдэн мянгаараа хэвлийдээ эндэж, цонхоо онгойлгож агаар амьсгалах боломжгүй ийм нөхцлийг онц байдал зарлах онцгой нөхцөл гэж миний бие үзэж байна. Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик. Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометр прогрессоор өссөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ.

Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна. Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж газар суларна. Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй.

Хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хүчийг төвлөрүүлж хугацаатай, үе шаттайгаар богино хугацаанд утааг эрс багасгах ийм боломжийг ашиглахын оронд зуух, түлш зарж бизнес хийсээр ирсэн нь даан ч харамсалтай. Өмнөх үйлдлүүдийг цэгцлэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохын сацуу утаатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, нэгдсэн бодлогодоо төвлөрүүлэн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шаардлагатай байна.

Ийм шалтгааны улмаас Нийтийн сонсголын тухай хуулийн 8дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д гаргасан болно” гэжээ.

Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Жинжин Д.Сүхбаатарын танхимд үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгохоор төлөвлөжээ

УИХ-ын нэр бүхий долоон гишүүн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Энэхүү хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд баталж ирэх хичээлийн шинэ жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч ажлын хэсгийн шийдвэрээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Уг хуулийн төслийн агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг үдийн хоол болгох явдал юм. 2006 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд 600 төгрөгт багтаасан үдийн цайг өгч эхэлсэн. Харин энэ хуулийг баталж хэрэгжүүлэхдээ үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, 2020-2021 онд дунд ангийн сурагчдыг, 2021-2022 онд ахлах ангийн сурагчдыг, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлээд 1-12 ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Вонгуан их сургуулийн эмнэлэгт Монгол эмч нар нарийн мэргэжлээр суралцаж байна

Эрүүл мэндийн сайдын А/519 дүгээр тушаалаар халдварт бус өвчнөөс, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтанд суралцуулах болсон билээ.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагын эх-барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээ, гэмтэл-мэс заслын эмч, дүрс оношилгооны 10 эмчийг БНСУ-ын Вонгуан их сургуулийн эмнэлэгт нарийн мэргэжлээр суралцуулж байна.

Сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтнийг Эрүүл мэндийг дэмжих сан болон Төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулж хүний нөөцийг бэхжүүлэн чадавхижуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.

Тус сургалтанд хамрагдсанаао орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага болон олон улсын түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өөрсдийн ажиллаж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэн, хамтран ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудтай туршлага хуваалцах, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чухал холбогдолтой юм байна.

СУРАЛЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЭЛ

Овог

Нэр

Албан тушаал

1

Нармандах

Ганболд

Амгалан амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

2

Алтангэрэл

Мэндбаяр

Амгалан амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч

3

Буянхишиг

Нямцэцэг

Амгалан амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

4

Бэгзжав

Долгормаа

Амгалан амаржих газрын Эрчимт эмчилгээний эмч

5

Дагважанцан

Одончимэг

Амгалан амаржих газрын Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын эмч

6

Иванов

Амгалан

БЗД-ийн Эрүүл мэндийн төв

Дүрс оношилгооны эмч

7

Саранцэцэг

Алтанзул

ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс заслын эмч

8

Гантөмөр

Лхагвадорж

СХД-ийн эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч

9

Сэвжид

Лхасүрэн

СХД-ийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч

10

Бямбасүрэн

Сумъяа

ХУД-ийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч

11

Дашболд

Чимэдцэрэн

БГДЭМТ-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Цанын спортын өсвөрийн УАШТ боллоо

Монгол Улсын спортын мастер Паламын Балдангийн нэрэмжит өсвөрийн цаначдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Дадал суманд болжээ. Уг тэмцээнд 13 аймаг, хотын 128 тамирчин сонгомол, тэших техникээр, хөгжөөнт буухиа гэсэн гурван төрлөөр дөрвөн насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Багийн дүнгээр Булган аймгийн баг тамирчид алт, Төв аймгийн баг тамирчид мөнгө, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэв.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, БТСГ-ын дарга Г. Нэргүйбаатар нар оролцож цанын спортоор амжилт гаргасан зарим тамирчид болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан, ивээн тэтгэсэн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шагнажээ. Мөн Хэнтий аймгийн БТСГ-аас Дадал сумын ЗДТГ-т 2018 оны аймгийн Спортын салбарын “ Шилдэг менежменттэй сум”-ын шагнал, цомыг гардуулсан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бодол унших аргын эерэг ба сөрөг тал

Эрдэмтэд бидний оюун ухааныг уншиж чадна гэж хэлэхэдэнэ биелэх нь цаг хугацааны л асуудал байсан. АНУ-ын Нью-Йорк, Колумбын Их Сургуулийн Зукерманы Институт, мэдрэлийн ухаан болон хүний тархины механикчлалаараа нэрд гарсан юм. Бидний мэддэг баримтууд:

Zuckerman хүрээлэнгийн инженерүүдийн бүлэг “сонсголын сэргээн засалт” аргыг туршиж байсан. “Байгалийн шинжлэх ухааны олдворын тухай зөвхөн үлгэр домогт л гардаг яриаг бодит болгожээ. Энэ нь “хүнд ярианы мэдрэлийн эмчилгээ хийлгэх боломжоос хэлтэй шууд харилцах ярианы невропопетийг бий болгох боломж юм”. Энэ арга гадна ил болон тархин доторх бодлын нөхцөлд хоёуланд нь боломжтой гэж үзсэн. Үндсэндээ тархины нэг хэсэг нөгөө хэсэгт дохио дамжуулах “тархины үйл ажиллагаа” –г 0-10 хүртэлх тоонд хөрвүүлэх арга юм. Гэвч энэ ньаудио чанар нь сайн, ойлгоход төвөгтэй аж. Дээрх аргыг тархины цус харвалттайболон Стэфен Хаукинг шиг хажуугийн склероз (ALS) мэдрэлийн өвчинтэй хүмүүст ашигладаг байжээ.

Ирээдүйд:

Колумбын эрдэмтэд цахилгаан судлалын шинжилгээнд хэрэглэдэг техникийг ашиглан тархины дохиог уншиж хүний ярианд буулгадаг байна. Электроктортикографи нь тархинд нэг хэсгийг нээж, электродыг шууд гадаргуу дээр байрлуулахдаа цахилгааны ямар ч үйл ажиллагаа, тархины дохиоллыг бүртгэх чадвартай болгосон байна.

Гэсэн хэдий ч энэ нь том үсрэлт биш юм. Хүний тархинд энэ аргыг ашиглах нь ямар эрсдэлтэй гэдгийг төсөөлөхийн аргагүй.

Хэрэв тэд хүний мэдрэг байдлыг бууруулж чадах юм бол танин мэдэхүйн бусад чадвар, тархины бүхий л үйл ажиллагааг боломжтой болгоно. Бид гудамжаар нэг нэгийхээ бодлыг сонсож мэдээлэлүүдийг шууд тархиндаа хүлээж авна гэсэн үг.

Гэвч үр дагавар нь гэвэл Дэлхий чив чимээгүй болно.

Та зүгээр л бүх зүйлийг бодох болно.Таниас авиа гарах шаардлагагүй.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ спорт

Эмэгтэй боксын дэлхийн чансаанд дөрвөн тамирчин багтжээ

Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг шинэчилэн жагсаажээ. Монголын боксын спортын дөрвөн эмэгтэй тамирчин дэлхийн чансаанд багтсан байна.

Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, уулын
баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” боксын клуб мөн “Зевс” боксын клубын тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар, үндэсний шигшээ багийн гишүүн,
“Монгол эрч” клубийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Жаргалан 325 оноогоор 14 дүгээр, үндэсний шигшээ багийн
гишүүн, “Ширэн бээлий” клубийн тамирчин ОУХМ М.Мягмаржаргал 50 оноогоор
25- дугаар, үндэсний шигшээ багийн гишүүн, “Хилчин” спорт хорооны
тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор 26 дугаар байрт тус тус Дэлхийн чансаанд бичигджээ.

Categories
мэдээ нийгэм

Тендер захиалагч байгууллагуудын уулзалт болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тендер захиалагч байгууллагуудын уулзалтыг 2019 оны нэгдүгээр сарын30-ны өдрийн 10 цагт зохион байгууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тус газар тендерийн нээлт хийхээс өмнө тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан эсэх талаарх тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авч, тендерийн баримт бичгийг хянадаг.

Сүүлийн үед тендер шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцогчдоос гомдол ихээр ирүүлж байгаа нь тухайн тендер шалгаруулалт цаг хугацаандаа явагдахгүй хойшлох, захиалагчийн төлөвлөсөн ажлууд хойшлох шалтгаан болж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарын тендер шалгаруулалт хойшлогдсоноор хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарч болзошгүй нөхцөл байдал үүсдэг.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас уулзалтад оролцсон байгууллагуудын дарга, холбогдох мэргэжилтэн нарт тендерийн баримт бичиг боловсруулахдаа тендерт оролцох аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байхаар хуульд нийцүүлэн худалдан авах үйл ажиллагаа явуулахыг талаар захиалагч байгууллагуудад анхаарч ажиллах талаар зөвлөмж хүргүүлэв.

Categories
мэдээ улс-төр

АШУҮИС-ийн эмнэлгийг энэ сард ашиглалтад хүлээн авна

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг энэ сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 гаруй оюутан, 1000 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломж бүрдэж байна.

Эмнэлэг жилд дунджаар 11 мянга гаруй хүнд дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрөлжсөн мэргэжлээр хэвтүүлэн эмчилнэ.

4800-5200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24 кабинет, оношлогооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай юм.

Товч мэдээ

– “Төрийн жинхэнэ албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжив. Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурт харилцааны болон ёс зүйтэй холбоотой шаардлагыг нэмж тусгах, ач холбогдолгүй, шаардлагагүй материал бүрдүүлэх зэргээр иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх, шалгалт авах байр, бусад нөхцөлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлэх зэргийг нэмж тусган Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр болов.

– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

– Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай шилдэг эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэв.

– БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Зола Брос” хамтлагийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Хамтлагийн уран бүтээлчид Т.Будын найруулсан “Хувьсал” үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн байна.

– Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг худалдан авах, хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар гаргана. МУЗН “Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж 1000 хүүхдэд тусламж үзүүлэхээр бэлдэж байна. Сири Улсын 13 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бөгөөд зургаан сая нь хүүхэд юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газар “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа. 2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм.

Засгийн газар иргэдээ эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөр болон “Гурван тулгуурт бодлого”-доо тусгасан. Энэ хүрээнд эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ тогтвортой, хүртээмжтэй хангах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боломжит нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын чиг баримжаатай хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

– Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдал хангагдана

– Хүн амын хүнсний шим тэжээллэг чанар сайжирна

– Хүнсний сүлжээний бүх шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана

– Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадвар дээшилж, экспортын баримжаатай хөгжих нөхцөл бүрдэнэ

– Экспортын хэмжээ нэмэгдэнэ

– Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бий болно

– Хоол хүнснээс хамааралтай хордлого, өвчлөл буурна гэж үзэж байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” дэд хөтөлбөрийг орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Улсын дээд шүүх хоёр намыг шинээр бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүх өнөөдөр “Миний Монгол нам”, “Монгол Шинэчлэлт нам”-уудыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намуудыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.