МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр зарлагдсан байсан ч хойшлогджээ. Хурлаар дараагийн УИХ-ын даргаар хэнийг ажиллуулах талаар ярилцах аж. Удирдах зөвлөлийн хуралд намын дарга нь нэр оруулж ирж нууц санал хураалтаар шийддэг. Одоогоор хэнийг нэр дэвшүүлэх талаар эцсийн байдлаар тохирч чадаагүй аж.
Month: January 2019
Шодоргос
–ТҮҮВЭР ШОДОРГОС-
-Нөхдөө. “Шодоргос, шодоргос, бас дахин шодоргос” гэж манай их багш Шодор Шодорыч Шодорин хэлсэн билээ. “Би шодорч байгаа учраас л шодоруулж байна” гэж гүн ухаантан Шодоре Шодерт сургажээ. “Шудар хусыг сурахаар шодорогосыг сур”хэмээн өвөг дээдэс маань ч захисаар ирсэн бөлгөө. Орон бүхний шодоргосчууд аа, шодорогтун.
– Хүн монгол хэлээрээ “шодоргос байгаа цагт шодоргос бол шодоргосоод, шодоргосох гэснээс шодоргосохыг шодорогдоод шодорсныг шодорцгооё” гээд байхад юуг нь ойлгохгүй шодоргосоод байгаа юм бэ?
-За хүүхээ, барагтайхан шодоргосоорой. Нээх, юу юуны туханд хүрэлгүй шодоргосч гэнэ. “Шодоргоссон хүн шударгусна” гэгчээр шодорогосонд шодороо мэдүүлсэн хүн гарах нээ. Хүн чинь эхлээд юмыг ядаж л шодорч үздэг байгаа. Гэтэл шодорсон ч юмгүй шууд шууд госоод явчихсан байх юм. Айл амьтны хүүхэд шодоргосч л байдаг, хэзээ чам шиг хамаг байдгаараа шодоргосч байлаа. “Шодоргоссоор, шодоргоссоор Шодовын орон дээр шодоргосно” гэгч болох нээ. Чамайг айл амьтнаар шодоргосоод явсан хойгуур авгай чинь шодоргосцоон, хохь чинь.
-Хүн хажуудаа байгаа үнэт шодоргосоо ер шодордоггүй юм байна. Сая л мэдлээ. Ингээд дүүгийнхээ шодоргосыг дуусгаж өгөөд өөрөө нэмээд дээр нь шодоргосчихсоон.
-Чи тэр айлын авгайг хар. Нөхрөөрөө шодоргосуулсаар байгаад яаж байна. Одоо хүүхдүүд нь толгой даагаад шодоргосох хэмжээнд хүрч. Хүн, хаа хамаагүй ах дүүсээ бөөнөөр нь татаж авчраад шодоргосуулж байна. Чамайг би, аав ээжийг минь шодроод аль гээгүй. Ядаж л өөрөө амьтны нүдэн дээр шодоргосуулсан царайтай явмаар байна…
-Зээ, манайд хольцоогүй цэвэр Хонгор “шодор” нэг байна. Танайд гайгүй сайн “гос” байна. Энэ хоёрыг нийлүүлж “шодоргос” цохивол лус жагсаж, ус суулт хийсэн шодоргоо гээч болно… За настайчуудыг Шодорт урья. Өнөө орой шодоргоссоны шодоргоо хийж, цүү шодорноо.
-Тарган тавтай шодоргосч байна уу? Онд мэнд шодоргослоо. Мал шодоргосоод, гэрийн бүрээс урж идээд байх боллоо. Зайлуул, хөгшин ухна шодоргосоод шөнөжингөө бавтнаж хонолоо. Танай тийшээ мал жилбэ муутай шодоргоссон гэв үү. Намар хуц ухна жаахан оройтож шодоргосоод, хурга ишиг хэнзлээд байна аа. Манай бэр үү, төрөх гээд бүр шодоргосох орон дээр гарчихаж гэнэ…
-Зах зээлийн үнэнээс харьцангуй хямдаар шодоргосно. Бид бүтээгдэхүүндээ нэг жилийн шодоргоо өгнө. Хятадынх биш, Солонгосын захиалгаар Шанхайд хийдэг шодоргос. Та ирээд шодорч үзээд ав, госсон ч болно…
-Шодор дагаж гос нэмнэ. Манай шодор таны зиндааг госно. Үндэсийхээ шодоргосыг дэмжье. Манай үйлдвэрийн эсгий шодоргос бол…Ар халхад алдартай Архангайн шодоргос…Шанага нь таван шодрогос…
-Манай хүн Солонгост хараар шодоргосоод гэр орноо шодоргосно гээд явсан. Сураг тасарсан, залуу хүн шодоргосоод хэцүү байсан бололтой юм аа. Тэндээ нэг юмтай шодоргоссон бололтой юм аа.
-За шодор бол гос бол шодоргос юмаа гэж Америкийн бол шодоргосууд шодоргосуулж бол байхад манай шодрууд бол госсон хэвээр байгаа явдал нь бол дээд зэргээр шодоргоссоны шинж бол мөн юм аа. Цаашдаа бол 200 орчим шодоргосын бол госыг нь авчраад талбай дээр шодорохгүйгээр Монголд шодоргос тогтохгүй гэж бол ард түмэн үзэж бол байна.
-Хүн шодоргоссон байж магадгүй гэсэн дуудлагын дагуу шодоргосын газарт цагдаагийн групп очсон. Талийгаач шодоргоссон байдалтайгаар шодоргоссон байхыг олсон. Хохирогч тархиндаа хэдэн гүнзгий шодоргос авч, зүрх рүүгээ хурц үзүүртэй зүйлээр шодоргосуулсны улмаас “гадны нөлөөгүй”шодоргоссон нь тогтоогдоод байгаа.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 29 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааны тайлангаа танилцуулах юм. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Беларусь улстай байгуулсан Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, Монгол, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгох сонгууль товлох, зардлын хэмжээг батлах тухай, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай, УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл багтжээ. Мөн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явц” сэдвээр мэдээлэл хийнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.
Засгийн газрын өчигдрийн хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар танилцууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэлийг хийхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарлаа. Уул уурхайн ашигт малтмал зургаан боомтоор гардаг. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, гарч буй баялагийн сорьц тодорхойгүй байдаг. Сайн чанарын нүүрс гаргачихаад түүнийг чанар муутай мэтээр бичдэг. Калорийн хэмжээг зөрүүтэй мэдээлдэг. Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар авто тээврээр гарч буй ашигт малтмалаас сорьц авдаг, түүн дээр татвар тооцдог зүйлийг нэвтрүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, хилээр гарч буй тээврийн хэрэгслийг хянадаг цахим тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр холбогдох шийдвэр гаргалаа. Гуравдугаарт, ашигт малтмал гарч буй зургаан боомт дээр рентген тоног төхөөрөмж суулгах, камержуулах, нэгдсэн мэдээллийн системийг бий болгохоор тогтоол баталлаа.
Мөн нийтдээ 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт маргааш өглөөнөөс (өнөөдөр) эхэлж олгоно. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд буцаан олголтоор 630 мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгний буцаан олголт хийсэн. Энэ жил буцаан олголтын хэмжээ 60 хувиар, хамрагдалт 40 хувиар нэмэгдсэн. Үүнийг бид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, эдийн засгийн идэвхжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзсэн. НӨАТ-ын буцаан олголтыг энэ пүрэв, баасан гаригуудад багтаан иргэдийн данс руу шууд олгоно” хэмээн мэдээлэв.
Мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Татварын ерөнхий газрын дарга арилжааны банкуудтай гэрээ байгуулж НӨАТ-ын буцаан олголтыг зээл маягаар түрүүлж олгосон. Үүнийг та хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдээд байгаа. Яг ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой хэлэхгүй юу?
-Нэмүү өртөгийн албан татварын тухай хуулиар та бүгдийн худалдан авалтын и-баримтаар цуглагдаж буй мэдээллийг зөвхөн татварын алба, статистикийн байгууллага ашиглах зориулалттай.
Статистикийн байгууллага хэрэглэгчдийн мэдээллийг гаргахгүйгээр иргэд ийм төрлийн бүтээгдэхүүн илүүтэй худалдан авдаг, ийм үнэтэй гэдэг ерөнхий мэдээлэл гаргах үүрэгтэй. Нэмүү өртөгийн албан татварын тухай хууль үүн дээр бүрэн агуулгаараа зөрчигдсөн. Иргэдийн мэдээлэл арилжааны банкуудад очсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Төр ард иргэдийн мэдээллийг цуглуулчихаад үүнийг цөөн тооны аж ахуйн нэгжид олгож, давуу байдал үүсгэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно.
-Үүн дээр хариуцлага тооцсон уу?
-Татварын ерөнхий газрын даргыг чөлөөсөн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Дараагийн даргыг төрийн албаны шинэ хуулиар сонгон шалгаруулаад явах байх.
-НӨАТ-ын буцаан олголтыг нэмье гэсэн иргэд цөөнгүй бий. Үүнийг шийдэх арга зам бий юу?
-Татварын тухай багц хуулийг хийхдээ энэ талаар ярилцсан. НӨАТын буцаан олголтын системийг Тайванийн туршлага судалсны хүрээнд боловсруулж нэвтрүүлсэн. Татварын багц хуулийг УИХд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар есөн сар өнгөрчихөөд байхад хэлэлцээгүй. Үүн дээр бид буцаан олголтыг улирал болгон олгох зохицуулалтыг тусгасан. Дээр нь шинэ хууль гарснаар татвар, нэн ялангуяа НӨАТ-тай холбоотой системүүдийг шинэчлэх ажлыг хийх юм. Энэ системийг нэвтрүүлээд хэвшүүлтэл тодорхой хугацаа хэрэгтэй. Үүний дараа буцаан олголтыг өөрчлөх талаар ярьж болно.
-НӨАТ-ын буцаан олголт, насны хишиг гээд бэлэн мөнгөний олголт хийж буй нь инфляцийг өсгөх, долларын ханшийг хөөргөх эрсдэлтэй. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Тодорхой нэг арга хэмжээ, баярын өмнө нэлээд их хэмжээгээр санхүүжилт хийдэг. Энэ нь эргээд үнэ хөөрөгддөг сөрөг үр дагавартайг бид анзаарч байгаа. Үүн дээр цаашдаа анхаарч ажиллана.
-Тусгай сангуудын шалгалт ямар түвшинд яваа вэ?
-Сангуудын шалгалт дууссан. Цагаан сарын дараах анхны хуралдаанаар сангуудын шалгалт, түүнтэй холбогдох арга хэмжээнүүдийг оруулна. Бүх материад Сангийн яаман дээр бэлэн болсон.
-Халамжийн мөнгө зарим банкуудад орохгүй байна гэсэн яриа гарлаа. Энэ үнэн үү?
-Халамжийн мөнгө авах иргэд банкин дээр урт дараалал үүсгэсэн зүйл бий. Сангийн яамны хувьд халамжийн байгууллага, ХНХЯтай ярилцаж байгаа. Өмнө нь нэлээд олон халамж орон нутгийн төсвөөс олгогддог байсан юм. Орон нутгийн төсвийн орлого тодорхой хэмжээнд орж ирдэг. Энэ мөнгийг эхлээд шаардлагагүй зүйлд зарцуулаад сүүлд нь халамжийн мөнгийг олгодог байсан. Тэгэхээр хүмүүс мөнгө дуусчихаж магадгүй гэсэн сэтгэхгүйтэй байсан учраас түрүүлж очиж очерлодог байсан юм. Үүн дээр Сангийн яам ажиллаж, 2019 оны төсвийг өргөн барихдаа дийлэнх халамжуудыг улсын төсөв дээр авсан. Халамжийн мөнгийг энэ сарын 16нд банкууд руу шилжүүлсэн боловч хүндрэл гарсан. Зарим нэг банктай хийсэн гэрээ дуусгавар болсон байсан. Тэр банкуудаар олгогдох мөнгийг Төрийн банк руу шилжүүлэх явцад ачаалал үүссэн гэв.
Үүний дараа ЗГХЭГын дарга Г.Занданшатар “Засгийн газрын хуралдаанаар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. Ажлын байр бий болж байж ажилгүйдэл, ядуурлын асуудал шийдэгдэнэ. 2017 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан. Үүний 47.1 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийсэн нь маш бага үзүүлэлт юм. Улсын хэмжээнд төрийн бүхий л байгууллагууд дээр ахуйн өдөр тутмын хэрэглээнээс эхлээд бололцоотой бүх түвшинд дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжих бодлогыг баримтлах нь зүйтэй. Мөн төрийн төдийгүй нийт байгууллагууд, иргэддээ эх оронч худалдан авалт хийх уриалга гаргаж байна. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид иргэддээ чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн уриаллаа.
Түүнээс сэтгүүлчид цөөн асуулт асууж, хариулт авсан юм.
-Хотын захирагчийг ямар шалтгаанаар батламжлахгүй байгаа юм бэ?
-Утаа, түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан ажлуудыг шийдвэрлэж чадах, намынхаа бүлгүүдийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн нийслэлийн Засаг дарга байх ёстой. Энэ зарчим, хуулийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал дэгдээд байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрдэнэт үйлдвэр 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа. Аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл ирээгүй. 51, 49 хувьтай холбоотой асуудлаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан.
Э.ЯНЖМАА
УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-УИХ-ын дарга огцорлоо. Таны хувьд УИХ-ын даргыг огцруулж байгаа энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг баталлаа. Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг буруу гэж үзэж байсан. Өнөөдөр ч гэсэн тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн саналыг өгсөн. Тэрэээр УИХ-ыг даргалж байх үеийнхээ үйл ажиллагааг дүгнэсэн чухал үгнүүдийг хэлж байна лээ. Сүүлийн хоёр сарыг эс тооцвол түүний даргалж байх үеийн УИХ-ын үйл ажиллагаа сайн байсан. Баталсан хууль тогтоомжийн тоо, хэлэлцсэн асуудлуудын тухайд, ямар эдийн засаг хүлээж аваад хэр хэмжээнд аваачсан гэдгээ ч хэлсэн. Мөн уг хуулиараа дараагийн УИХ-ын дарга нарыг огцруулж, тогтворгүй байдал үүсгээд байх вий гэх асуудал дээр ч байр сууриа илэрхийллээ. Тэр бол хамгийн чухал асуудал гэж бодож байна.
Өнгөрсөн 20-иод жилийн бүх л болохгүй, бүтэхгүй үйл явцыг нэг хүн дээр тохож байгаа нь туйлын зарчимгүй, шударга бус, ёс бус үйлдэл. Нийгэмд ахиц дэвшил их л гарч, амьдрал бага ч болов сайжирч байгаа. Гэхдээ болохгүй зүйлүүд ч бий. Гэсэн ч тэр бүхэн нэг хүнээс хамаарна гэдэг боломжгүй зүйл. Хамтын засаглал, парламентын системтэй, чөлөөт ардчилсан нийгэмд зөвхөн нэг хүнээс бүх зүйл хамаарна гэдэг өрөөсгөл. Магадгүй дарангуйллын нийгэм байсан хэн нэгнийг оноож, түүнд бүхнийг тохож болох байх. Ийм бүтэшгүй санаа гаргаж, түүгээрээ ард иргэдийн тархийг угаах маягаар ажиллаж байгаа нь сайн үр дүнд хүргэхгүй.
-Дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдаад эхэлсэн. УИХ-ын дарга болвол хамгийн тохиромжтой хүн хэн бэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Урьдын практикийг харж байхад олон удаа сонгогдсон, ноён нуруутай, жинхэнэ төрийн хүнийг УИХ-ын даргын албан тушаалд сонгодог уламжлалтай явж иржээ.
Энэ удаад миний хувьд олон удаа сонгогдсон, тулхтай гэж болохуйц намын ахмад гишүүддээ үнэхээр сэтгэл дундуур байгаа.
Тэмцэгч гээд байгаа таван залуу гишүүн гэж ярьж байна. Ийм инээдтэй юм ярьж болохгүй л дээ. Жишээ нь Л.Болд гишүүнийг би залуу хүн гэж хэлэхгүй. 60 хүрч яваа хүнийг залуу хүн гэдэг юм уу. Хамгийн олон сонгогдсон гишүүдэд Д.Лүндээжанцан, Л.Болд зэрэг хүмүүс орж байна. Тэр үүднээсээ Л.Болд мөн манай намын олон удаа сонгогдсон гишүүд энэ бүх зүйл гэнэт өнөөдөр бий болчихсон юм шиг ярьж байна. Өнгөрсөн практикийг бүхэлд нь шүүмжилж байгаа юм. Тэгвэл тэд өнгөрсөн хугацаанд юу хийж байсан юм бэ. Яагаад гэнэт өнөөдөр нойрноосоо сэрсэн юм шиг яриад байгаа юм. Энэ логикоор харах юм бол хуучны, олон удаа сонгогдсон гэдгээрээ тулхтай төрийн түшээ болохгүй юм байна гэдгийг эдгээр хүмүүсийн үйлдлээс харж болохоор байна. Үг үйлдлийн зөрүү, биеэ авч яваа байдал нь парламент дотор байгаа улстөрчид, улс төрд идэвхтэй залууст сөрөг үлгэр дуурайл үзүүлж байгаа. Үүн дээр үндэслээд ярихад Их хурлын дарга болохоор хүн алга л гэж хэлнэ. Огцруулах асуудлыг зохион байгуулсан хүмүүсээс Т.Аюурсайхан УИХ-ын дарга болох сонирхолтой, Ж.Энхбаяр хүсэлтэй байна гэх зэрэг зүйлүүдийг мэдээ, сэлтнээс олж харсан. Санал дэвшүүлээд гишүүд олонхоороо л шийдэх байх.
-УИХ-ын даргыг огцрохыг шаардаж эсэргүүцэл зарласан таван гишүүн бий. Тэдгээрийг УИХ-ын даргын албан тушаалыг булаацалдан өөр хоорондоо хагаралдсан гэх яриа гараад байна. Энэ хэр бодитой вэ?
-Надад анзаарагдсан юм алга байна. Магадгүй тэд дараагийн УИХ-ын дарга болохыг хүсч байгааг үгүйсгэх аргагүй юм. УИХ-ын даргыг огцруулах санаачилга гаргасан энэ хүмүүс дотор Их хурлын дарга болох хүн лав харагдахгүй байна.
Түүнчлэн энэ жагсаал, цуглааныг зохион байгуулаад байгаа жинхэнэ шалтгаан нь зарим зүйлийг мартагнуулж, нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн үйл ажиллагаа л гэж бодож байна.
-ЖДҮ-ийн асуудлыг уу?
-ЖДҮ, Таван толгойн асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулахыг эрмэлзсэн байх.
-УИХ-ын даргыг огцруулна гэх дуулианы хажуугаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудал дарагдаад хоцорлоо гэдгийг чуулганы хуралдааны үеэр гишүүд онцолж байсан…
-Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн “ЖДҮ-ийн асуудлаар шударга, хуулийн дагуу зөв шийдвэр гаргана гэж хэлэхэд хүнд байна” гэж байсан. Өөрөө өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргахгүй шүү дээ гэдгийг тэрээр хэлж байна лээ л дээ. Энэ нь надад зөв л санагдсан.
-Ээлжит сонгууль болоход хугацаа богинохон үлдлээ. Эрх баригч нам цаашид яах ёстой гэж та бодож байна вэ?
-Намын удирдлагуудын хувьд хагарсан бутарсан намаа эвлүүлэх хэрэгтэй. Хамтын шийдвэр гаргадаг тэр механизмыг эргээд бий болгохын төлөө ажиллах ёстой. Намыг удирдаж байгаа хүмүүс нь ухаалаг, хүлээцтэй, олон талын байр суурийг сонсох тэвчээртэй байж баг хамт олныг удирдах нөхцөл үүснэ гэж бодож байгаа. Тэр утгаараа М.Энхболд дарга маш мундаг зохион байгуулагч байжээ. Багийг удирдаж, манлайлж ажиллаж байсан арга барил нь үгүйлэгдэж байна. Хүн бүр өөрийн гэсэн санаа бодолтой. Хэвэнд цутгачихсан юм шиг бүгд нэг санал, санаачилга гаргана гэж байхгүй. Тэгэхээр хүмүүсийн санаа бодол зөрөхийг би асуудал гэж бодохгүй байна. Тэр саналуудыг тал бүрээс нь ярьж байж зөв шийдвэр гарна. Өнөөдөр манай намын бүлэг хүмүүсийн санаа бодлыг сонсох нь битгий хэл, хурлаа хуралдулж чадахгүй байгаа. Удирдлага байхгүйтэй адил байна. Намынхаа эв нэгдэлгүй байдлыг арилгаж, өөр гарц хайж, юу болохгүй байна гэдгийг сонсохоос илүүтэйгээр дуу хоолойг нь боомилох байдлаар хандаж байна. Би энэ тухай намын Бага хурал дээр ч хэлсэн. Хэт түрэмгийлсэн, дарангуйллын шинжтэй энэ байдал хол явахгүй. Энэ нь бидний намынхаа дүрмэнд тунхагласан үнэт зүйл, үзэл баримтлал, бүх зүйлээс зөрүүтэй байна. Нам, бүлгийнхээ үйл ажиллагааг жигдрүүлэх үүрэг нь тус тусын дарга нарт нь бий. Тэр үүргээ хэр зэрэг биелүүлэхийг цаг хугацаа л харуулах байх. Асар том асуултын тэмдэг л бидний өмнө байна.
-Ардчилсан намын зүгээс УИХ ажиллаж чадахгүй бол тарах хэрэгтэй гээд байгаа. Тарах нь зөв үү?
-УИХ тарах асуудлыг гишүүдийн олонх батална. Тэгэхээр тарах шийдвэр бодитойгоор гарна гэдэг эргэлзээтэй. Гэхдээ ажиллаж чадахгүй ингэж байж байснаас дахин ээлжит бус сонгууль явуулж, дүнгээ тавиулах нь ч зөв байх.
Миний хувьд залуучуудын байгууллагуудад уригдаж лекц тавих явдал их байдаг л даа. Нийгмийн шилдэг гэж байгаа залуучуудын бүлэг дотор ороод харж байхад улс төрийг үл ойшоох, улстөрчдөд дургүйцэх хандлага маш хүчтэй байна. Үүнийг аргагүй ч байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө талдаа улс орноо авч явах, ачааны хүндийг үүрэлцэх хүмүүс нь тэдгээр манлайлагч залуус байх учиртай юм. Тэгэхээр хэдий чинээ дургүй байна, төдий чинээ үүнийг өөрчилж, зөв болгохын төлөө оролцоосой гэж хэлмээр байна.
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт ХНХЯ-нд “Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв” судалгааг танилцуулна. Утас: 91915340
09.30 цагт “Blue Sky” зочид буудалд Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлсэн төслийн тайлангийн хурал болно. Утас: 99023120, 99052154
09.30 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лаборатори”-ийн нээлт болно. Утас: 9008-2028
09.30 цагт ХХААХҮЯ-нд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт болно.
10.00 цагт ХХААХҮЯ-ны гадна талбайд найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт УАЗ-220695-520 маркийн автомашин хүлээлгэн өгнө.
10.30 цагт Гандантэгчэнлин хийдийн Их гэрт тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ. Утас: 360066, 88048481, 88061991
10.30 цагт ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 262752, 80050100
11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315
11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нийслэлийн харьяа 28 байгууллагын 331 үйлчилгээг төвлөрүүлнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д эрлийз адууг Монгол морьдын уралдаанд оролцуулахыг эсэргүүцэж уяач нар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Новотел” зочид буудалд “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлэг болно.
11.40 цагт Богд хааны ордон музейд Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол болно. Утас: 88016871, 99089487, 88136969
14.00 цагт ШУА-ийн байранд тус академийн Их чуулган болно. 98119897
Эдүгээ 100 насны босго алхаж буй нэрт сэтгүүлч, гавьяат Ж.Ядмаагийн тухай СГЗ зохиолч Дамдины Жамьянгийн бичсэн туурвилыг хүргэе. “Улаан од” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Жавзангийн Ядмаа 16 насандаа багш бэлтгэх зургаан сарын курст суралцаж, дараа нь бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн домогт түүхт нэгэн билээ.
Зуун настай сэтгүүлчийн намтар 100 жилийн явдал суудлыг агуулна. Ялангуяа сэтгүүлчийн ажил мэргэжил гэгч юутай агуу, юутай нүсэр билээ. Ингэж бодоод энэхүү эссэ нийтлэлийг эхлэх үед Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Ховдын хорооны шуудуу татаж, улиас тарьсан хашаанд цэрэг амьдралын цаг хугацаа эгшиглээд, нүдэнд харагдаад ирэв. Жагсаалын бүрээнээр анги нэгдсэн хойно хоёр төө өндөр саарал папах малгайтай, улаан цэргийн домогт дарга нар шиг сүр жавхлантай тэнхлүүн том хурандаа надтай гар барьсан нь “Улаан од” сонины эрхлэгч Жавзангийн Ядмаа абугай билээ. Тэрбээр намайг анх харж, би түүнийг бишрэн ёсолсон юм. “Чи нөгөө манай идэвхтэн бичигч Жамьян шив дээ, бичээд байгаарай, оны шагналтан минь” гэсэн сэн. Тэгэхэд би зүрхээ яаж догдлохыг мэдэрч бас барьц алдаж, яагаад ч юм “Мэдлээ, гүйцэтгэе” гэж тангараг өргөх адил хэлж, өчигдөрхөн тэрлэсэн “Улиасхан минь чи ургасаар бай даа” гэсэн нэгэн мөрийг санасан юм.
Үүрийн цолмон тэргүүнд нь гялалздаг Ямаат улаан уулын бардам тэнүүн оргил догдолсон надад хурандаа Ядмаатай адилхан харагдаж, саявтар Да.Дамдиндорж сэтгүүлчээс хүлээн авсан захидлын хариуд “Би алтайн ууланд өссөн, зохиол бичих сонирхолтой, зураг зурдаг” гэж биеэ тоосон захидал явуулсандаа гэмших шиг болж байлаа. Нэгэн өдрийн жагсаал, цэргүүдийн “бакаал”-ын чимээ, яамнаас яваа шалгалтын дарга нар, Ховдын хорооны штабын дан цагаан байшин, дуут хайрхан уулс намайг тойрон баярлах мэт сэтгэгдэл төрснийг совин билиг гэж бодъё.
Хурандаа Ж.Ядмаа абугайг дайны жилийн эр цэрэг гэж бодохуйяа ирэх он цагийн зөн совингоос гадна морин цэргийн тоосон дундаас түүний цээлхэн сэтгэл, том алхаа, ноён нуруу тодорч Сулинхээрийн аян дайны бүрээ сонсогдов. Саяхан ангийн клубт дайнд оролцож явснаа тэрбээр өгүүлсэн юм. Япончууд 1933 оноос Зүүн хойт Хятад, Манжуур, Өвөр Монголыг эзлэн түрэмгийлж дайнд санаархсан нь Ар Монголыг эрхшээх бодлого байсныг отрядын дайчид мэдэж байлаа. Олон жилийн хойно 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сулинхээрийн 470 хүнтэй байлдааны хээрийн бүлэг байгуулагдаж, тэр бүлгийн штабын даргаар Ж.Ядмаа томилогдон өмнийн уудам тал хээрийн нутагт байлдааны ажиллагааг удирдах ариун үүрэг хүлээжээ. Ариун гэдэг нь чөлөөлөх дайны утга агуулга байсан юм. Ж.Ядмаа 25 настай, хилийн Дэл дуулганатын Заставын дарга байж таван жилийг хил дээр өнгөрөөсөн, багагүй хатуужил суусан, итгэгдсэн шударга хилчин офицер болжээ.
Монголын хилийн цаана нутгийн урвагчид, Японы тагнуул, хорлон сүйтгэгчдийн бүлэг нуугдаж, нууцаар үйл ажиллагаа идэвхтэй явуулж байлаа. Мөн Монгол нутгаасаа дүрвэж нүүсэн айлууд ямар ч хуйвалдааны золиос болоход бэлэн байгааг манай тагнуулчид мэдээлж, маш их мэдээлэл Сулинхээрийн отрядын штабт бөөгнөрсөн зэргийг Ж.Ядмаа багцлан нягталж, газрын баримжаа, худаг ус, сүм хийд, эрэг ганга, нууцлаг толгод, агт морьдын байрлал, хүн хүчний дайчилгаа мэтийг газрын зурагт оруулж цүнхэлжээ.Хамгийн хэцүү хүнд цагт маршал Х.Чойбалсангийн өмнө дэлгээтэй байсан газрын зураг дээр дайны чиглэл заадаг улаан харандаа Сулинхээрийн хээрийн бүлгийн удирдагч, дэслэгч Ядмаагийн дайчин нөхдийг онож заав. Монгол Улсын дархан хилийг давах тушаалыг хээрийн бүлгийн дарга дэслэгч Ж.Ядмаа маршалын заасан улаан сумтай эн сацуу дайчин эрсдээ өгчээ. Түүний хоолой цээл, зориг чанга, зэвсэг бүрэн байлаа. Цаана нь Монгол Улс байсан юм. Нүдний хараанд Замын-Үүд, Сулинхээрийн хармаг бут, элсэрхэг хөндий хоолой, дайнд үдэж буй ар гэрийнхэн үзэгдэнэ. Хань Сэрээнэн нь охин Мядагмаатайгаа зогсож байлаа. Штабын дарга Ядмаа “Зэрэгц дундаа! Бууны хоолойд сум хий, мориндоо! Эх орныхоо торгон хилийн зүг алхаад марш!” хэмээн тушаахад бууны замаг нэг зэрэг шархийж, дөрөө ханхийж, гөлөм дэрхийж үдэгсдийн царайд гүнзгий тэвчээр тодорчээ. Морьдын туурайд намрын цагаан тоос босож, хармагийн бутанд цэнхэр жимс бөндийн байснаа газар өнхөрч, хилчдийн зүрхний гүнд нутаг усаа хамгаалах, тусгаар тогтнолоо бэхжүүлэх үзэл санааны гал асаж явав.
Штабын дарга Ж.Ядмаагийн удирдсан бүлэг хилийн цаана удтал бугшиж байсан Японы хорлон сүйтгэх бүлгийг юуны өмнө мөшгин, Өвөр Монголын сайн санаат ард иргэдээс мэдээлэл цуглуулж шөнө, өдөргүй нойр хоолгүй явсаны хүчинд тэднийг илрүүлэн устгахаар бүсэлжээ. Гэвч Японы талаас эсэргүүцэн тулалдаж, урвагчдыг ашиглан байлдах болов. Өргөн уудам тал нутагт цэргээ тараан байрлуулж, чиглэл бүрт эргүүл, толгойн сэргийлэх, мэдээч байрлуулж байв. Ж.Ядмаа японы хорлон сүйтгэх бүлгийн ахлагчийг амьдаар барихыг зорив. Ганц гэрийн арын жалганаас буудаж байсан тагнуулыг устгаад газрын бартаа ашиглан гэрийн хаяанд хүрэх үед дайсны гранат Ж.Ядмаагийн хажууханд газар өнхөрлөө. Өнхөрсөн гранатыг Ж.Ядмаа хором алдалгүй атгаж аваад эргүүлж шидэв. Гранат дэлбэрч дайсан этгээд үхлийн шарх авлаа. Хэрэв гранат Ж.Ядмаагийн гарт дэлбэрсэн бол, эс бөгөөс түүнийг шидэх үед тэсэрсэн бол хилчин эр алтан амиа алдах байлаа. Үхлийн зэвсэг эзэнтэйгээ цуг төгсөн жаргах нарны туяан дор хилчин цэргүүд сүм дацанг нэгжин япончуудын илд, буу, архи, тамхи, давсалсан загас мэтийг бөөгнүүлэн гоминданы намын цэргүүд Мао Цзе Дуны коммунист цэргүүдтэй ээлжлэн учирч, цэвэрлэгдсэн хязгаар нутагт соёмбот туг намирлаа. Харийн нутагт залхталаа амьдарсан нүүдэлчид эх орныхоо зүг нүүлээ. Даалгавар биелүүлж асан монголчууд тээнэгэлзэнгүй нүүхэд дэслэгч Ж.Ядмаа тэдэнд боломж байгааг сэнхрүүлэн ятгаж, үнэмлэх бичиг шийтгэн олгож байлдааны бэхлэлтэд харуулд авчээ. Ийнхүү дайны гал утаанд явснаа хурандаа Ж.Ядмаа уулзалтад өгүүлсэн боловч шагналын тухай огт яриагүй үлдээснийг миний бие хожим мэдэж билээ.
Сэтгүүлч, хурандаа өнөөдөр 100 насны цадиг түүх бүтээлээ. Чөлөөлөх байлдааны дараа түүнд БНМАУ-ын баатар цол олгохоор тодорхойлсон тодорхойлолт архивт үлдэж тухайн үед Ж.Ядмаа “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулжээ. Гарт нь тэсрээгүй гранат дайсанд үхлийн гал болсон атал эрэлхэг зориг, авхаалж самбаа, эх оронч сэтгэлийн үнэлгээ нь зөвхөн одонгоор эцэслэсэн ажээ. Цагийн салхи түүний гавьяаг бөхөөгөөгүй байна. Гавьяат үйлс бол тэргэл саран мэт мандсаар байдаг. Мөнхийн цагаан уул цэцэгс уул толгод, тал хээрийн аглагт дөрвөн улирлын турш ургадаг Архангай нутаг нь Ж.Ядмаагаа мартаагүй нь сэтгүүлчийн буян юм.Хурандаа Ж.Ядмаа ахмад хилчин, хүндэт чекист, нэрт сэтгүүлч, дайнд оролцогчдын холбоо, байгууллага, эвслийн тэргүүлэгч гишүүн, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн билээ.Нутаг зүгийн салхи нь хөвүүнээ санан, нийслэл хотын дээгүүр салхилж өнгөрөхөд хурандаагийн бэтгэрсэн зүрхэнд юуны түрүүнд ижий нь бууна. Түүний ээж Жавзан нь 1932 оны эсэргүүний үймээн дунд гэв гэнэт өөд болжээ. Буу шийдэм барьж давхилдан нутгийн иргэдийг айлган цочоож явсан хувьсгалын эсэргүү бүлгийн буун дуу, хэнгэрэг цангийн дэлдээн, үхлийн аюул дуудсан хашгираандЖавзан тэссэнгүй. Ямар гээчийн ёр Цэцэрлэг сумын нутгаар далавчлан нисэж, ариухан сэтгэлт эхийг нь хөнөөгөөд хөөрхий Ж.Ядмаа хөвүүн орь ганцаар үлдсэн юм бол.
Бослого дарагдаж хамаатан садангийнхаа айл хунараар амьдарч явсаар бичиг сурч, 16 насандаа багш бэлтгэх зургаан сарын курст суралцаж, дараа нь бага ангийн багш, ХЗЭ-ийн үүрийн дарга болсон нь Ж.Ядмаад шинэ цагийн боловсрол олж, өсч торниход тус болжээ. Тэр битгий хэл Ю.Цэдэнбал даргатай уулзаж, суртал ухуулгын ажил хийж яваагаа таниулж, гурил будаа, цай даалимба тээдэг жингийн цуваанд Хөвсгөлийн Хатгалга орж, мэлтийсэн далай харж Ж.Ядмаа нүд нээжээ.Хүрээ хийдийн газар тэрбээр шавилж байсангүй. 1940 онд цэрэгт дайчлагдан татагдаж Сулинхээрийн Дэл дуулганатын заставт цэрэг, бага дарга, дараа нь офицерын курст суралцаж заставын дарга болсон агаад Ж.Ядмаагийн амьдралын замд эргэлт гарав. Өмнийн хил дээр алба хаасан нь Ж.Ядмаагийн амьдралын түүхийг эргүүлж, Чөлөөлөх дайны дараа сонин хэвлэлийн албанд шилжиж, Москвад курс хийж, орос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэн яван явсаар цэргийн төв хэвлэлийг олон жил удирдаж, улмаар тэтгэвэрт гарчээ. Дэлхийн II дайны он жилүүдэд хилчин офицерууд нэг өдрийн цалингаа фронтод хандивлаж сэтгэлийн угаас туслахаар чармайж байсныг өвгөн буурал хурандаа үл мартмуй. Түүний залуугаасаа нөхөрлөж явсан генерал Ж.Цэнд-Аюуш, С.Гомбосүрэн элчин сайд С.Дамбадаржаа, ардын зураач А.Сэнгэцохио нарын өчнөөн анд нөхөд нь тоост хорвоогоос алсад оджээ.
Ж.Ядмаа абугайн оюун санаанд дайн, байлдааны бэрх өдрүүд, хүйтэн жавар, халуун нартай хээрийн полигон, ялалтын дарстай хундага, олон улсын армийн тамирчдын цугларалт, сэтгүүлчийн жирийн бус хүнд хөдөлмөр үлджээ. Бичгийн эрдэмд хичээн суралцаж их сургуулийн диплом өвөрлөж, цэргийн хэвлэлүүдэд 30 жилийн хөдөлмөрөө үлдээсэн Ж.Ядмаа гуай маань 10-аад ном туурвиж, 2200 гаруй тэмдэглэл, найруулал, нийтлэлээ ах дүү армиудын сонин хэвлэлд бичиж үлдээсэн сэтгүүлч. Тэрбээр өөрөө амьд түүх юм. Би Ямаат улаан уулынхаа гүн үрчлээт магнайг харж зогсохдоо “Ядмаа хурандаад баяртай” гэж хэлье хэмээн бодсон ч “АН-24” онгоц газардаж, яамны шалгалтынхан, ангийн дарга нар буудал руу явж билээ. Хэдхэн жилийн дараа Цэргийн хэвлэх үйлдвэрийн гурван давхарт хурандаагийн албаны өрөөнд магнайгаа хагартал баярлахаа тэгэхэд яахан төсөөлөх билээ. -Хэзээ ирэв? -Өчигдөр. -Ямар ажлаар явна? -Хүүгээ санаад чөлөөгөөр ирлээ. Ийм яриа болж хурандаа Ж.Ядмаа, Да.Дамдиндорж хоёрт ажил, амьдралын тухай, уран бүтээл хийх тухай бодол, санаагаа хэллээ. Цонхоор цас будрахыг харж нэлээд азнасны эцэст Ж.Ядмаа хурандаа ам нээж, -Манайд нэг сурвалжлагчийн орон тоо сая батлагдсан. Энэ нөхрийг авчихвал яасан юм гэж сонины нарийн бичгийн дарга Да.Дамдиндоржоос асуух байдалтай хэлэхэд тэрээр, -Тэгье. Яг тохирох офицер гэлээ. -Лхагва гаригт яамны коллеги хуралдана. Тэр хурлаар оруулж батлуулъя хэмээн Ж.Ядмаа хэлэв. Би “баярлалаа” гэхээс өөр үг хэлсэнгүй. Өвлийн дун цагаан өдөр Алтайн их уулсын зүгээс будан татаж, сэтгэлээ барьж ядан Ногоон нуурын хонхорт байдаг өвгөн эцгийндээ очив.
Ингээд Ж.Ядмаа хурандаагийн “гал тогоонд” ороод ирлээ. Сонины сигнал унших, сурвалжлага хийх, идэвхтэн бичигчдийн мэдээ, материалтай ажиллах гээд дур хүслийнхээ ажилд зүтгэлээ. Хэд хоногийн дараа армийн ангиудын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Сонгинын буланд болж би хурандаагийн “УАЗ-69” машинд явлаа. Хурандаа сайхан буурал захтай зузаан пельниктэй, мөнөөх хоёр төө өндөр папах малгайгаа чихээ тултал угласан нь нэлэнхүй каракул тул үнэтэй соргог харагдана.-Олон хөлийн газар мэдээж сурвалжлага мэдээгээ олоод авчихна биз. Харин хаа нэгтэйгээс бор ходоодоо бордоорой. Ичиж эрээлэх юмгүй хоолоо олж идэх хэрэгтэй шүү гэж захисан.
Миний сэтгүүлчийн ажил хоолоо олж идэхээс эхэлсэн гэж болно. Хурандаад олон ч удаа магтуулж, олон ч удаа зэмлүүлж явсан. Сонины сурвалжлагч болсныхоо дараа хоёр сар болоод томилолтоор өөрийн батарейнд очвоос жагсаалын даргын буруугаас цэргийн амь эрсдэж, золбоолог офицер Дашцэрэн маань гэмтэн болчихсон байв. Болсон явдалд хурандаа Ж.Ядмаа ихэд харамсаж билээ. Намайг аз дайрсан ч гэж одоо хэр нь нөхрийн төлөө харамсдаг. Харин хүний буян, худгийн ус хоёр хэмжээтэй гэж санагдсан. Ж.Ядмаа хурандаа 1978 онд тэтгэвэрт гарч “Улаан од” сонины уран бүтээлийн лаборатори шинэчлэгдэж, бичлэгийн уран чадвар, цэргийн хэлмэгдлийн нууц задарч эхлэв. Би тэр үед 22 дугаар хорооны гунигт түүхээс сэдэвлэн “Шинельтэй хүмүүс” роман бичиж байв. Хурандаагийн заасан зам тийшээ хөтлөв.Хурандаа Ж.Ядмаа бол яндашгүй баялаг намтартай, хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй, эрийн мөс жудаг сайтай, ханхар сайхан хүн билээ. Хорин жил Жанжин туг залж, бунхант индрийн өмнүүр парадын манлайд Ж.Ядмаа алхсан байна. Жанжин тугийг хамгийн итгэлтэй, эх оронч, гуйвшгүй зан чанартай, шилдэг офицер өргөдөг. Хэнийг сонгож, хэнээр туг залуулж Төрийн сүлдний өмнүүр алхуулахыг дотоодыг хамгаалах байгууллага шийдвэрлэдэг байсныг Ж.Ядмаа хурандаа мэдэвч тангарагаа биелүүлж байна гэж бодсоор иржээ.
Шонхорууд тулалдаанд түрүүлж нисдэг хэмээх дайны хууль үнэн юм билээ. Эх орон баатар хөвгүүнээ таньж. Жанжин тугч болгосон ажээ.Ж.Ядмаагийн баатарлаг дүр төрх, амьдрал, уран бүтээлийн дайчин замнал “Улаан од” хэмээн түүхийн баринтагт мөнх үлдэж, цэргийн сэтгүүлчийн өнө удаан жилийн хөдөлмөр зүтгэлийг зуун дамжсан зузаан хуудаснаас уншиж болно. Эх нь амьд ахуйдаа Ж.Ядмааг “Ном сураарай, Гүнд багшийн шавь болоорой” гэж захисан нь хүний ганц хүүгийн хувь төөрөг байжээ. Ээжээс нь хойш Гүнд багш Ж.Ядмааг бичиг үсэгт сургаж, оюун санааг нь нээж өгчээ. Бичиг сурсан цагаасаа хойш Ж.Ядмаа өдий хүртэл ном эрдэмд суралцсаар 100 насны босгоор алхаж буй. Тэрээр социалист, капиталист ертөнцийн нүүрийг үзэж зуун насны зургаадай таяг тулвай.
Ж.Ядмаа абугай тэртээ 1920 оны төмөр бичин жилд Богд хаант Монгол Улсын Сайн ноён аймгийн Мэргэн гүний хошуу (одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг сум) Дэл хэмээх газар төрсөн бөгөөд 2019 оны шороон гахай жилд 100 насны босго алхана гэж Л.Тэрбишийн монгол зурхайн цаг тооны бичигт зуржээ. Түүний төрх байдал хорвоог элээж яваа хүний шинжтэй атлаа ухаан санаа нь цэцэн цэлмэг, он жилүүдийн үйл явдлыг яг таг тоочих нь гаргууд, ямар гайхмаар ой ухаан бэ? Сэтгүүлч Ж.Ядмаагийн 100 нас бол Нобелийн шагналт Г.Маркес зохиолчийн бичсэнээр 100 жилийн ганцаардал, аз жаргал, зол баяр, зовлон гуниг, дахин давтагдашгүй түүх авай. Эцсийн эцэст хүнлэг чанараар дэндүү цатгалан амьдарсан зуун настай сэтгүүлч Ж.Ядмаа абугайн дотоод ертөнц улаан өнгөтэй ажаам. Түүний зүс царай, ажилласан сонин нь улаан тодотголтой агаад улаан өнгө болбоос зориг баатарлаг, золбоо хийморийг илтгэнэ. Мөн улаан өнгөний нууц нь мохож цуцдаггүй зан чанартай Жавзангийн Ядмаа шиг хүнд оршин байдгийг сэтгэл зүйчийн адил тэмдэглэе.
Д.ЖАМЬЯН
Аргын тооллын нэгдүгээр сарын 31, Бархасбадь гариг. Билгийн тооллын 26, Эрхтний тэнгэрт одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8:19 цагт мандан, 17:50 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тах иа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Шодоргос” хэмээн өгүүлжээ.
“Улс төр” нүүрт НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлнэ гэв.
Дарханы дулааны цахилгаан станцын шинэ турбин ажиллаж эхэлснээр хүчин чадал нь 20 хувиар нэмэгдэнэ хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлэв.
“Улс төр” нүүрт Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл үргэлжиллээ.
Н.Алгаа: Өмч хувьчлалаар хөлжсөн бүлэглэлүүд уул уурхай руу орох арга хайсан үеэс өнөөдрийн муу муухай эхэлсэн хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.
“Баримт, үйл явдал” нүүрт У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нарын гарын бэлэг дуусчих вий гэж яарсан иргэд 83 настай хөгшнийг унасныг ч анзааралгүй дайрцгаажээ гэжээ.
Т.Аюурсайханыг хууль бусаар чагнасан уу хэмээн “Үйл явдал” нүүрт бичив.
“Урлаг” нүүрт Урлагт үнэнч амьдарсан стандарт бус сэтгэлгээтэй найруулагч хэмээв.
Ц.Гарамжав: Бие биедээ ухамсартайгаар шаардлага тавьж, шинэчлэл хийж байгаа нь сайн хэрэг хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.
“Багш” нүүрт Ш.Пүрэвсүрэн: Харийнхнаас авлига авч газар шороогоо өгнө гэдэг чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг хэмээжээ.
Америкийн дэмжлэг, Оросын эсэргүүцэлтэй нүүр тулсан Венесуэлийн хувьсгал хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготов: “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай” гэж Бавуугийн Лхагвасүрэн багш минь захисан хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.
“Нийгэм” нүүрт Эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ: Төр, хувийн хэвшилтэйгээ бизнест өрсөлдөж байгаа нь эдийн засаг хөгжихөд саад болж байна гэв.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэгдүгээр сарын 8-нд энэ оны анхны гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, Өмнөговийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү хоёр хүү, нэг охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ.
Одоо эх хүүхдүүдийн бие нь сайн, Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-д хэвтэж байгаа аж.
Сонирхуулахад, 2017 онд 11 эх, 2018 онд 13 эх гурван ихэр хүүхэд төрүүлжээ.