Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй орчинд үйлдвэрлэл явуулж байсан “Монгол Алтайн барагшун” ХХК-ий үйл ажиллагааг зосгоов

НМХГ-ын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу БГД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Монгол Алтайн Барагшун ХХК-ний Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авчээ.

“Монгол Алтайн Барагшун” ХХК-ий үйл ажиллагааг зогсоов


Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.32 цагт 57.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 21 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах шаардлагатай байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ийн хоёр тойрогт энэ оны гуравдугаар сард нөхөн сонгууль явуулна. Гэтэл намаас уг сонгуулийг хойшлуулахаар шүүхийн байгууллагад хандсан байна. Үүнээс үүдэлтэйгээр зарим тойргийн иргэд төрийн удирдах байгууллагад төлөөлөгчөө ажиллуулах боломжгүй болоод байна” хэмээв.

Мөн О.Баасанхүү гишүүн, “Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг өөрчилж, бусдыг гүтгэх асуудлыг хязгаарлах хэрэгтэй байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудлыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бид сар бүр нэг тэрбум гаруй төгрөг торгуульд төлж байна” гэлээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргалаа. Тэрбээр, “Энэ хуулийг нарийвчлан боловсруулах асуудлыг Засгийн газар дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм” хэмээв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн АТГ, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Тиймээс хуулийн байгууллагын шалгалт дуусаагүй байхад нийтэд мэдээлэл хүргэх нь тохиромжгүй” хэмээв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлыг шийдвэрлэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарах хэрэгтэй” гэлээ. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах талаар санал хураахад гишүүдийн 56.6 хувь дэмжлээ.

Ийнхүү чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсож байна. Тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын үeэр эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ. Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаварыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин үүрэг болгов. Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлын хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгав.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлбичгийн ЭЕШ-ын босго оноог 400 болголоо

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ. Монгол хэлбичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах юм байна.


Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын тэтгэлэгт зуучилна гэсэн зараас болгоомжлохыг анхаарууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, элчин сайдын яам хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг болно. 2019 оны гаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарч буй тохиолдол байна. Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг. Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Мөн манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшх нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг УИХ-д хүргүүлсэн. Энэ тайланг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Ерөнхийлөгч нэг жилийн хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд найман удаа оролцсон байна. Мөн УИХ-аас баталсан дөрвөн тогтоолд хориг тавьж, хууль, шийдвэрийн гурван төсөл санаачлан өргөн барьжээ. Түүнчлэн зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааны тайлантай танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

“Гамшигт тэсвэртэй хот” төсөл Орхон аймгийн 4 байгууллага, 6 багт хэрэгжинэ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хот” төслийг 2019-2020 онд хэрэгжүүлэхээр боллоо.

“Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд Хойд бүс болох Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн иргэдэд зориулсан “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, “Аюулгүй өрх”, “Аврагч мазаалай” хүүхдийн сургалтын кабинетыг тохижуулахад хамтран ажиллах юм.

Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн гамшигт өртөмтгий 6 баг хамрагдаж байна. Төсөл хэрэгжснээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах цаашлаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы ирц 56 хувьтай байгаа бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүдтэй холбогдуулан саналаа хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан билээ. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авлаа.

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байна. Мөн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогоор тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн амралтын өдрүүдээс шалтгаалж хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гариг буюу 2-р сарын 2-ны өдөрт шилжүүлж ажиллахаар болсон. Бямба гараг ажлын өдөр болсон хэдий ч тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах түр журам хэвээр мөрдөгдөнө .

Учир нь Нийслэлийн засаг даргын захирамжид зааснаар 1 сарын 26, 27, 2 сарын 2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн оронгоороо хязгаарлагдаж, хөдөлгөөнд оролцох юм.Харин ирэх Баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.