Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгов

Улсын гуравдугаар төв эмнэлэгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч ашиглалтанд орлоо. Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд хийсэн.

Ингэснээр Монгол улсын Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлэгийн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай болж байгаа юм. Тодруулбал өрөө тус бүр эрүүл ахуй, халдвар хамгааллын тал дээр бүрэн зохицуулагдсан. Мөн эмнэлэгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлж, агааржуулалтын иж бүрэн системийг суурилуулсан юм. Ингэснээр засвар тохижилт, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий төхөөрөмжүүдээр хангагдсан халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ.


Мөн өнөөдрийг хүртэл энэ төслөөр дамжин 1000 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэн, лаборант нарыг мэргэшүүлээд байгаа юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж, багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байгаа гэв.

2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн 2019 онд шинээр нэмэгдсэн 8 эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтэнд сургалт явуулах үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд цаашид эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг өнөөдөр шалгаруулж шагналыг гардуулан өглөө. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулан өглөө.

“Нийслэлийн тэргүүний фермер”-ээрСонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Л.Цэдэнсодном, Ш.Ганбаатар, Б.Даваахүү, 32 дугаар хорооны фермер С.Цэрэгбаатар

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны фермер С.Сонгууль, Н.Баттөр, 13 дугаар хорооны фермер Ч.Зулжаргал

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны фермер Д.Нармандах, 4 дүгээр хорооны фермер Ж.Загдсүрэн нар тодорлоо.

“Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тариаланч Ж.Базаррагчаа, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны тариаланч Г.Батбаяр нар тодруулж шагнал гардууллаа.

Нийслэлийн тэргүүний фермер, тариаланчаар шалгарсан иргэдэд баяр хүргэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үг хэллээ. Тэрээр “нийслэлийн шилдэг фермер, тариаланчаар шалгарсан нийт иргэд та бүхэндээ НИТХ, НЗДТГ-ы нэрийн өмнөөс баяр хүргэе. Өөрсдийн мэргэжил, ажил хөдөлмөрөөс гадна нийслэлийн нийт хүн ардын эрүүл аюулгүй хүнсийг бэлтгэхэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр өндөр юм. Үүнийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, ялангуяа хүнс хөдөө аж ахуйн салбарын нийт хамт олон та бүгдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлж НИТХ-аас шийдвэр гаргасан. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэе” гэлээ

Categories
мэдээ нийгэм

Хилийн харуулд гарч байсан цэрэг оргожээ

Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч оргожээ. Уг байлдагчийг Ц.Вангансүрэн нь гэх бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр морин уналгатайгаар хилийн харуулын байрлалыг орхин цэргийн албанаас оргосон байна.

Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат 2018 оны 10 дугаар сард цэргийн албанд татагджээ. Уг байлдагч 19 настай, чөлөө хүсч байгаагүй юм байна.

Эрлийн явцад ОХУ руу хил давсан нь тогтоогдож, энэ талаар ОХУ-д талд мэдэгдэж эрлийн ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Huawei” компанийн дэлхийн ухаалаг гар утасны борлуулалт нэмэгдсээр байна

БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компанийн дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувь хурдацтай нэмэгдсээр байна.

Тус компанийн бүтээгдэхүүнүүдийн өнгөрсөн оны борлуулалтын хэмжээ дэлхийн гар утасны зах зээлийн хоёр дахь том төлөөлөгч болох “Apple” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнд дөхөж очсон ажээ.

АНУ-ын судалгааны “IDC” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд БНСУ-ын “Samsung” компани дэлхийн гар утасны зах зээлийн 20.8 хувийг хангасан бол хоёр, гуравдугаарт “Apple” /14.9/, “Huawei” /14.7/ компани тус тус жагссан байна.

Түүнчлэн хямд үнэ бүхий ухаалаг гар утаснуудыг санал болгож буй БНХАУ-ын компаниудын бүтээгдэхүүний борлуулалт ихээхэн өсч, “Xiaomi” /8.7/, “Oppo” /8.1/ компани жагсаалтын дөрөв, тавдугаарт бичигджээ.

“2018 онд дэлхий даяар нийт 1.4 тэрбум ухаалаг гар утас худалдаалагдсан нь өнгөрсөн оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар буурсан” гэж “IDC” байгууллагын тайланд тэмдэглэжээ. Энэхүү үзүүлэлт нь хоёр дахь жилдээ дараалан буурч буй нь энэ бөгөөд 2019 онд ч мөн буурах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг ​МАН-ын Удирдах зөвлөлийн олонх гишүүн дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өөрийн нэрийг дэвшүүлсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн байна.

Харин Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ.

Одоо үргэлжлүүлэн МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж, УИХ-ын дарга болох эсэхийг эцэслэн шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Танхимын болон цахим сургалт зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг чадавхыг нэмэгдүүлэх, өрхийн бэлэн байдлыг хангах, ард иргэдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх онлайн сургалт явуулах, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор www.ontsgoisur.gov.mn цахим хуудсыг 2015 оноос хойш ажиллуулж байгаа билээ.

Тэгвэл гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж байгаа байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, иргэд, олон нийтэд сургалтын мэдээ, мэдээллийг нээлттэй цаг алдалгүй хүргэх зорилгоор тус цахим хуудсыг шинэчлэн сайжруулж “Цогц сургалтын нэгдсэн төлөвлөгөө 4W”-г байршуулаад байна.

Мөн цахим хуудсанд сургалт зохион байгуулсан байгууллагын мэргэжилтнүүдийн байршуулсан мэдээ, мэдээллээс гадна сургалт, сурталчилгаа хийсэн үзүүлэлтийн тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр нь графикаар хянах программ хангамжийг хийж гүйцэтгээд байгаа юм.

Тиймээс дээрх программ хангамжуудын талаар танилцуулга хийх, нэвтрэх эрх олгох, заавар чиглэл болон цахим хуудасны талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилготой сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс болон гамшгийн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл танхимаар, орон нутгийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд цахимаар хамрагдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар зонхилон тохиолдох эрсдлүүдээс сэргийлээрэй

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчин, хоол болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт зэрэг зонхилон тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газар “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа

Архангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлсэн зорилт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн 2018 оны ажлаараа тэргүүлж, аймгийн “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа.

Онцгой байдлын газрын алба хаагчид 2018 онд аймгийн хэмжээнд тохиолдсон нийт 113 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 126 иргэний амь нас, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ гамшгаас хамгаалах мэдлэг олгох нийт 88 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 20 гаруй мянган иргэнийг хамруулсан байна.

Мөн алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд нийт 19,3 сая төгрөгийн тохижилт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийг ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм.

Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ирсэн зочдын амар мэндийг айлтган мэндчилж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан: “Богд хааны ордон музейд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд, хүндэт зочид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Тэртээ XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний бэлгэт сайн өдөр монголчуудын үндэсний тэмцэл оргилдоо хүрч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхагласан билээ. Тэрхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн юм.

Энэ бол Хүннү гүрнээс эхтэй хүний ертөнцөд баатарлаг түүхээрээ гайхагдсан Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа.

Тэр өдөр монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, нийслэл хотыг Нийслэл Хүрээ хэмээн нэрлэж, эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласан юм.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бидний тэмдэглэж буй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр бол монголчууд Богд хаан, алтан ургийн хан ноёд, түшмэд, ихэс дээдэс, харц ард, лам хар бүгдээрээ их үйлсийн төлөө зориглон нэгдэж чадсаны үр дүн, монголчууд эв нэгдлийн гайхамшгийг үзүүлж, үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлсний илэрхийлэл мөн.

Энэ их түүхэн үйл явдлыг дурсаж, үндэсний баатруудаа эрхэмлэж, үеийн үедээ улс үндсээрээ бахархаж, эв нэгдэл, үндэсний эрхэм үнэт зүйлсээ дээдэлж байх зорилгоор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасныг өнөөдөр түүхэн ариун дагшин газар Богд хааны ордноос түмэн олноо сонордуулж, холбогдох байгууллагуудад гардуулан өгч байна.

Монголчууд бид эх түүхээ дээдэлж, үндэсний уламжлал, соёл, зан заншлаа эрхэмлэх учиртай болохыг сануулахын тулд энэхүү хааны ордныг сонгон, Ерөнхийлөгчийн зарлигийг Та бүхэнд хүргэж байгаа юм.

Ойн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн кино бүтээх, баримт бичгүүдийн эмхэтгэл, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргахыг Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон байгаа.

Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудалд Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буй XVII жарны шарагчин гахай жилд Монгол Улсад үндэсний эв нэгдэл, шударга ёс, эх оронч үзэл батжиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, айл бүр амгалан жаргалантай байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Баярлалаа” гэлээ.


Зарлигийг:

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
  4. Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,
  5. Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар,
  6. Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,
  7. Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо,
  8. Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нат гардуулж өгөв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ГАРГАСАН “НАЙМДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН МЭНДЭЛСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГ:

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай

Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах монгол түмний чин хүсэл, олон арван жилийн тэмцлийн үр дүнд харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон, түүхт төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинаа зарлаж, үндэстний сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололт, амжилтыг үеэс үед дурсан бахархаж, үйл хэргийн зорилгыг өнө мөнхөд ухамсарлан сахиж, аливаа түвшинд үл огоорон дээдэлж, хором бүрдээ хүндэтгэн, хянаж хичээвээс зохилтой.

Үүний тулд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг тэргүүлэн удирдсан, манлайлан оролцсон, амь биеийг үл хайрлан зүтгэсэн баатарлаг эх орончид, төр нийгэм, шашны зүтгэлтнүүд, хүнд цаг үед зориг ухаан, тэсвэр хатуужил, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, тууштай тэмцсэн эгэл ард, иргэдийн түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн, тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах ухамсрыг цэгцлэн төлөвшүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүн мөн.

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын баатарлаг түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, бодитоор мөнхлөн алдаршуулахын чухлыг онцолж байгаа түүхч эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх хүрээнд дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

a) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны ордон, музейн дэргэд /орчимд/ байгуулах;

б) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;

в) наймдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх;

г) наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхэтгэл бүтээх.

3.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг угтаж санаачлан сэдэх, бүтээн туурвих, ахих дэвжихийн идэвх гаргаж, бүх нийтийн ариун үйлс өрнүүлэн ажиллахыг ард иргэд, албан байгууллага бүрд уриалсугай.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаарх танилцуулгыг сонсов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад эхэлж, Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 21 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар нэг сарын дотор хэлэлцэнэ”, 36.3-т “Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж болно” гэж заасан.

Иймээс хуулийн холбогдох заалтын дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-аас 2017 оны наймдугаар сарын 10 хүртэлх нэг жилийн үйл ажиллагааны тайландаа нэгд, төрийн байгуулал, улс орны удирдлагын, хоёрт, Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орныг батлан хамгаалах, гуравт, гадаад харилцааны талаарх бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн ажлууд, мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний бусад асуудлууд болон Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, арга хэмжээг тусгасан 70 гаруй хуудас материалыг Улсын Их Хуралд ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулиа дээдлэн сахиж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай харилцан ажиллажээ. Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай харилцан ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 8 удаа оролцож, Улсын Их Хурлын баталсан 4 тогтоолд хориг тавьж, шийдвэрийн 3 төсөл санаачлан өргөн барьж, 6 албан тушаалтныг томилох асуудлаар Улсын Их Хуралтай зөвшилцжээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан 4 шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан ч Улсын Их Хурал хүлээж аваагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлж, гадаад бодлого, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах чиглэлийг барьж ажилласан. Үүний үр дүнд олон улс болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын байр суурь, нэр хүндийг бэхжүүлэх, сурталчлан таниулах, Монгол Улс тогтвортой хөгжих гадаад таатай орчныг бэхжүүлэхэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой ахиц гарсан гэж дүгнэж буйгаа тайланд дурдсан байна.

Тайлант хугацаанд Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг 6 удаа хуралдуулж, 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 21 зөвлөмж, 15 тэмдэглэл гарган Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж, үүрэг даалгавар, чиглэл хүргүүлжээ.

Мөн 21 байгууллага, 14353 иргэнийг төрийн дээд цол, одон, медалиар, 637 албан хаагчийг энхийн төлөө медалиар, 8636 эхийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнасан бол уучлал үзүүлэхийг хүссэн 62 өргөдөл хүлээн авч, хянан үзээд шаардлага хангаагүй 21 өргөдлийг буцааж, бусад 41 өргөдлийг судалж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын харьяат болох 17, Монгол Улсын харьяатаас гарах 561 хүсэлт, Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох 104 хүсэлт хүлээн авч судалж үзээд Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлигаар 543 иргэний хүсэлтийг, Монгол Улсын харьяат болгох тухай зарлигаар 3 хүний хүсэлтийг шийдвэрлэжээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгч хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг, баяр ёслол, иргэдтэй хийсэн уулзалт дээр болон ард түмэндээ хандаж 93 удаа үг хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.