Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Баялаг бүтээгчдээ адалж, хувийн өмчид халдаад байвал Венесуэлийн араас л явна

“Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Засаг зүгээс хувийн өмчийг хураана гэсэн утгатай мэдэгдлийг ойрхон давтамжтай хийлээ. Эдгээр байр суурь эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Дэлхийн банкнаас Монгол Улсын бизнесийн орчны индекс гэж гаргадаг. Тэр индексээс харвал манай улс сүүлийн нэг жилд 12 байраар ухарсан байна лээ. 2016 оноос хойш 24 байраар ухарсан. Монголд бизнесийн орчин улам муудсаны шинж. Бизнес хийхэд ямар нэгэн шахалт дарамт байгаагийн илрэл. Энэ жил бүр муудаж гарах байх. Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлууд дээр энэ Засгийн газар нэлээд ширүүн хандахаа мэдэгдчихлээ. Захаас нь хураана, авна, нийгэмчилнэ гээд байна л даа. Иймэрхүү нөхцөл байдлыг харсан гадаадын хөрөнгө оруулагчид нэгмөсөн нуруугаа харуулаад явна. Дотоодын хөрөнгө оруулагчдад айдас төрнө. Цаад шалтгаан нь улс төрийн өшөө авалт уу, юу вэ гэдэг нь хамаагүй. Ямар ч байсан эдийн засагт хорлонтой үйл ажиллагаа болж байна.

-ЗГХЭГ-ын дарга Салхит дээр тусгай ажиллагаа маягийн юм явууллаа. Хөрөнгө оруулагчдад сөрөг мессэж өгсөн үйл явдал гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Салхит дээр татварын зөрчилтэй учраас лицензийг нь хураалаа гэсэн тайлбар хэлж байгаа. Ашигт малтмалын хуульд ийм заалт орсныг хэн ч мэдээгүй. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-нд батлагдсан хууль л даа. Төсөв орж байхад хэлэлцүүлэг хийхгүйгээр оруулж батлуулсан байдаг юм. Өмнө нь татварын маргаантай асуудлыг чиглэлийнх нь захиргааны байгууллагуудтай хэлэлцэж ярилцаад шийддэг байсан. Ингэж шийдэж байсныг лиценз хураах, цуцлах шийдвэр рүү оруулсан гэсэн үг. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийх орчин энэ мэт нууцаар оруулдаг заалтуудаас болж нэлээд сул, өрсөлдөх чадваргүй болчихлоо. Хэн нэг нягтлан татварын тайлангаа алдаатай гаргачихвал яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Компанийн эзний буруу биш, иймэрхүү механик алдаанаас болж олон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ашигт малтмалын ордуудыг нийгэмчлээд байвал хэцүү зураг үүснэ. Лиценз буцаалтын тухайд лицензийн төлбөрөө жил бүр төлөөгүй хоцроох, эсвэл компани өөрөө лицензээ буцааж өгөх гэсэн тодорхой хоёр гурван заалт л байсан юм. Лиценз цуцалдаг заалтаа жил бүр нэмээд яваа. Мэдээж уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээс хариуцлага шаардах нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлд оруулсан өөрчлөлтийн хувьд нам дамжсан бүлэглэлүүд биенээсээ өшөө авах зорилгоор хийсэн заалт гэж харагдаж байгаа. Тэр нь Монголыг гадаад ертөнцөд Венесуэл шиг харагдуулж байна л даа. Коммунизм руугаа эргээд явж байгаа мэт дүр төрхийг харуулчихлаа.

-Г.Занданшатарын үйлдлийг алга ташин дэмжиж суугаа нь олонх байна. Венесуэл ямар байгаад одоо яачихсан бэ, Монгол яг яагаад дэлхийд муугаар жишиг болж яригдаж яваа улстай харьцуулагдах болов гэдэг өнцгөөс нь ярилцлагаа үргэжлүүлэх үү, хоёулаа?

-Засгийн газар шударга юм хийлээ гэж алга ташиж суугаа нь иргэдийн олонх гэдэгтэй тантай санал нэг байна. 1970-аад оны эхэн үед Венесуэл өнөөдрийнхөөс тэс өөр байсан. Газрын тосоор баян улс шүү дээ. Уго Чавес “Бидний баялгийг гадны гар хөл болсон хэдхэн олигарх эзэмшиж байна” гэж гарч ирсэн хүн. Яг тэр үед газрын тосны үнэ өндөр байсан юм. Тэр утгаараа Венесуэлийн эдийн засаг Өмнөд Америктаа хамгийн томд шахуу тооцогдож байсан. Уго Чавес төрийн эрхэнд гарч ирээд бүх ордоо нийгэмчилж, төрийн эзэмшилд авч хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн. Уго Чавесын залгамжлагч нь Мадуро. Боловсролгүй, үйлдвэрчний эвлэлээр явж байсан, жолооч хүн. Тэр нөхөр бас популизм хийдэг. Ард түмэндээ “Та нар ажил хийх хэрэггүй, байгалийн баялгийн ашгаа хүртээд амьдаръя” гэж ярьдаг хүн. Эдийн засагт ингэх боломж хэтээсээ байхгүй. Тухайн улсад хөрөнгө оруулалт хийгдэж байж үйлдвэрлэл хөгждөг, үйлдвэрлэлээ дагаж экспорт хийгддэг, экспорт хийгдэж байж вальют орж ирдэг. Өнөөдөр Венесуэл вальютаа гөвчихсөн. Намайг “Төлөөс” лекцээ унших үед 1.5 сая хувь болчихсон байсан. Одоо бол 15 сая хувь. Долоохон хоногийн дотор шүү дээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш нэг жилийн дотор ингээд уначихлаа. Венесуэлийн өмнөх жишээ нь Зимбабве. Яг Венесуэл шиг аашилсан. Ордуудаа нийгэмчилсэн. Засаглал муутай, иргэний дайнтай аж төрж байна. Зимбабве үндэсний мөнгөн тэмдэгтгүй болчихсон. Хөрөнгө оруулалтгүй, вальютгүй, ажлын байргүй. Венесуэл ч ялгаагүй болчихоод байна. Гудамжиндаа байгаа нохой, муураа барьж идээд дууссан. Мадуро ерөнхийлөгч нь туулай тэжээхийг түрүү жил иргэддээ зөвлөж байсан гээд бод доо. Одоо энэ улсын иргэд асар ууртай байна. Өчигдөр (уржигдар) гэхэд л цэрэг цагдаагийнхан, дотоодын байгууллагын 27 генерал босох гэж байгаад баригдсан тухай мэдээ үзлээ. Хөрөнгө оруулалтаа үргээж, эдийн засгаа сүйрүүлж, бүх юмыг төрд авна гээд зүтгэсээр яваа Венесуэлийн дундаж давхарга, боловсролтой иргэд нь улсаасаа дүрвэчихсэн. Жилийн дотор бараг гурван сая иргэн нь хөрш улс руугаа зугтсан. Нийгмээ чирч явах давхарга нь улсаасаа дүрвэж байна. Ийм байдалд орсон иргэдээ тогтоон байгаа ганцхан арга бий. Тэр нь зохиомол дайсан. Мадуро зохиомол дайсан бий болгосон. Америк гэдэг улс л биднийг ингэлээ, бүгдээрээ өлсгөлөнгөө давж гараад Америкийг ялан дийлье гэсэн уриатай амьдарч байна. Өөрөөр хэлбэл иргэдээ айдсаар нь барьж байна. Ямар нэгэн айдсаар нь айлгаж нэгтгэхгүй бол Мадурогоо хөмрүүлж хаячих гээд байна л даа.

-Манай төр засгийнхан бас айдсаар нь бариад байгаа юм биш үү, иргэдээ. “Цөөхөн хөрөнгөтөн хамаг баялгийг чинь авчихлаа” гээд?

-Цөөхөн олигарх хамаг хөрөнгө сороод та нарыг боолчиллоо гээд байна л даа. Яг Венесуэл шиг пиар. Үндэсний баялаг бүтээгч бизнесмэнүүдээ бүгдийг нь хараар будаж үндэсний дайсан болгож байна. Бас гадаадын хөрөнгө оруулалт руу их дайрч доромжилж байна. Төмөр зам баривал хятадууд танк бариад ороод ирнэ ч гэж байх шиг. Төмөр зам баривал нүүрсээ үнэгүй шахам урсгаад дуусна л гэнэ. Үнэн хэрэгтээ нүүрсээ үнэгүй урсгаж буй ганц компани нь төрийн өмчийнх байх жишээний. Нэг зүйлийг онцолъё. Би төрийн өмч гэж огт байх ёсгүй гэж яриагүй. Төрд өмч байж болно. Гэхдээ төр өмчөө Норвегийн сан шиг ухаалаг удирдвал асуудал байхгүй. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлаа харахаар ингэх боломж алга. Засгийн газар нь 1.2-1.5 жилийн настай, засаг огцрох бүрд төрийн өмчит компанийн захирлууд солигддог, өмнөх хойнох идсэн ууснаа ухалцдаг, бараг өдөрт нэг хүн баригдаж шалгагддаг ийм нөхцөлд төр өмчөө зөв удирдаж чадахгүй. Төрийн өмч гэдэг зүйл сүүлийн хэдэн жил АТГ-ыг хамгийн их ажилтай байлгалаа. Олон хүнийг шоронд явуулж, өчнөөн хүний шуналыг хөдөлгөж адын санааг нь гүйцэлдүүлэх зэвсэг боллоо л доо. Уул уурхайн салбар 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэн байна лээ. Үүний дийлэнх нь өнөө адлагдаад байгаа Оюу толгой, Энержи ресурс, “МАК”-ын татвар хураамжид төлсөн мөнгө. Үндэсний баялаг бүтээгчдээ харааж зүхээд байвал Зимбабве, Венесуэлийн араас явж байна гэсэн үг.

-МАК-ийн өмчийг хураана, уул уурхайн баялаг бол ард түмнийх гэсэн утгатай үгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь унагачихлаа. Томоохон их сургуулийн багш нэг том компанийн хувьчлалыг буруу явагдсан, хөрөнгийг нь хураах ёстой гэх маягийн зүйл ярьсан харагдсан. Ингээд харахаар төр засаг мөнгөтэй салбарыг онилоод байна, хувьчлалаас хөрөнгөжиж чадаагүй улстөрчид баялгийн дахин хуваарилалт хийх нь гэсэн хардлага ортой ч юм шиг…?

-Улс төр дэх бүлэглэлүүд сүүлийн арваад жил баялгийн дахин хуваарилалт хийх гэж дажин зарласаар ирсэн нь үнэн шүү дээ. Та анзаарч байгаа бол хайгуул, ашиглалтын лиценз олгохыг зогсоосон. Өчнөөн жилээр түгжлээ. Урт нэртэй хууль гэж гэнэт баталж, өчнөөн компанийн хөрөнгийг түгжсэн. Улс төр дэх нөлөө бүхий этгээдүүд дээрэм хийх гэж л улсын хөгжлийг гацаасан ийм шийдвэрүүд гаргасан. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй шиг байгаа юм. Хөрөнгө оруулалтыг ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт эрсдэл гэдгийг ухаж бодох учиртай. Хайгуул гэхэд л тэр чигээрээ эрсдэл. 100 сая ам.доллараар хайгуул хийчихээд ордынхоо нөөцийг олж чадахгүй байх тохиолдол өчнөөн. Жишээ нь, Оюу толгой 500-600 сая ам.долларын өрөмдлөг хийсний эцэст сүүлийн өрөмдлөгөө хийх үедээ өнөөгийн нөөцөө олж тогтоосон. “Айвенхоу майнз” гэдэг компани хамаг мөнгөө гөвж байж ийм нөөцтэй орд олсон учраас бид өнөөдөр Оюу толгой гэдэг том төсөлтэй сууж байна. Сая та МАК-ийн тухай хөндлөө. Цагаан суваргын хувьд ЗХУ-ын үед хайгуул хийсэн. Геологийн мэдээлэл нь олддоггүй байсан орд. Энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Австрали, Канадынх шиг олон улсын стандартын нөөцийн тайлан, туршилт судалгаануудыг шаарддаг. Иймэрхүү судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрийн барилга байгууламж барихад тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй, үүнээс 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгосон. Дахиад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж эхний бүтээгдэхүүн гарна гэсэн мэдээллийг би энэ компанийн цахим хуудаснаас авсан. УИХ хуралдаад “Монгол Улс мөнгөгүй учраас энэ эрсдэлийг нь Нямтайшир гэдэг хүнд үүрүүлье” гээд шийдвэр гаргачихсан. Засгийн газар нь энэ шийдвэрийн эсрэг ажиллах гээд байгаа юм шиг тодорхойгүй зураг харагдаж байна л даа. Хэрвээ буцааж авахдаа тулбал гаргасан эрсдэлийг нь, оруулсан хөрөнгө оруулалтыг нь төлөх асуудал зүй ёсоор яригдана. Урт нэртэй хууль яг ингэсэн. Хууль гарсаны дараа төр засгаас компаниудын хэрэгжүүлсэн төсөлдөө гаргасан зардал, хөрөнгө оруулсан мөнгийг төлж чадаагүй. Ийм шалтгаанаар шийдвэртээ дахиж өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл төлж чадахгүй учраас өөр арга гарц хайсан. Тодруулж хэлбэл энэ бол бидний нэгэнт туулчихсан зам.

-Нэгэнт хувьчлагдсан салбар, бизнесээ өсгөж томруулсан хувийн компаниуд руу хандаж, өмчийг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хийж, захирлуудыг нь хорьж цагдах нь таныхаар хэр зөв хандлага вэ. Энэ үзэгдэл гадаад ертөнцөд яаж харагдах бол. Зах зээл жамаараа хөгжиж яваа улсад байдаг л үзэгдэл үү, эсвэл…?

-Гэр дотроо үймээн, самуунтай айлд хүн ордоггүй. Сэжиглээд тойроод явна. Тийм болоод эхэлсэн нь судалгаагаар харагдаад байна. Авлигын түвшин өссөөр байгаа. 60 тэрбум, ЖДҮ-чид л “Төрийн өмчийг л тахин шүтэх ёстой, төрд бүх юм байх учиртай” гэж хамгийн их ярьж байна. Ингэж чанга ярьж суугаа улстөрчид улсад хэдэн төгрөгийн татвар төлж, хэнийг ажилтай болгосон юм бэ. Жижиг дундын бизнесийнхний хоолыг л булааснаас өөр ид шидгүй улс шүү дээ. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа баталсан зарчмаараа явъя гэж байгаа бол эдийн засгаа коммунизм руу чирч, Венесуэлизм хийх шаардлагагүй. Манай улс төрийн систем чөлөөтэй хэрнээ эдийн засаг маань коммунист хэвээрээ байгаад байна.

-Нэг талд улстөрчид популизм хийгээд байна. Нөгөө талд бизнес эрхлэгчид, судлаач, эдийн засагчид үгээ хэлмээр санагддаг. Эрхэндээ халдуулаад суугаа хэсэг нь хэтэрхий идэвхгүй байгаа юм биш үү?

-Төр, хувийн ялгаагүй ямар ч байгууллага бодлогын институц гээчийг хөгжүүлэлгүй хаясаар ирсний гай гарч байна л даа. Ард түмэн ажилгүй болж, өлсөөд уурлаад ирэхээрээ хувьсгал хийдэг. Тэрэн дээр нь тоглодог хүмүүс нь иргэдийнхээ хоолыг булааж идсээр яваа улстөрчид. Венесуэл, Зимбабвегийн араас явах, 1932 оны Гитлерийн Германы нөхцөл байдал үүсчихээд байна. Гитлерийн үед Германы парламент нь яг манайх шиг нөхцөл байдалд орчихсон. Бүр хэд хэдэн удаа тарсан байдаг. Манайх тараагүйгээрээ ялгаатай. Гэхдээ тарахад ойрхон болчихсон. Улс төр нь бужигнаантайгаас гадна эдийн засаг нь хямралтай. Ийм тохиолдолд ядарч цөхөрсөн ард түмэн өлсч уурлахаараа хэт үзэлтнүүдийг дэмжээд байна л даа. МАН, АН-ын алинд ч Гитлерийн амилсан дүрүүд байгаа.

-Хувийн өмчид халдана гэж дайрсан засаг, тарахдаа тултлаа бужигнасан парламент, ЖДҮ, жаран тэрбумаас гарах гарц гэвэл та юуг онцлох вэ?

-Ганц л гарц байна. Тэр нь тогтолцооны өөрчлөлт. УИХ тарах ёстой. Намуудын тухай, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад тарах нь бараг зөв байх. Бид сүүлийн 30 жил дандаа хүн сонгосон. Мажоритар системээр явсан. Ингэсний үр дүнд 76 төсөвтэй, 76 тийш харсан хэрүүлтэй улс болчихлоо. Эдийн засгийн өчнөөн гоё төсөл хөтөлбөр байдаг ч хэрэгждэггүй. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хэчнээн ч жилийн ойг тэмдэглээд байгаа юм, бүү мэд. Венесуэл манай 2012-2016 оны сонгуулийн тогтолцоогоор олон жил явсан улс. 70 хувь нь мажоритар, 30 хувь нь пропорционалиар сонгодог тогтолцоогоор. Норвеги дэлхийн хөгжлийн индексээр номер нэг байгаа. Засаглал нь бусдаас өндөр оноотой учраас эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, хувийн хэвшлийг дээдлэх гэх мэт бусад үзүүлэлт нь сайн гардаг. Ийм учраас эдийн засаг нь тэлчихэж байгаа юм. Тэнд тогтвортой урт хугацаанд институц бий болж байна гэсэн үг. Венесуэл манайх шиг мажоритор системээр яваад байгаа учраас бодлого сонгохгүй байна. Популистуудыг сонгох хөрс нь болчихоод байна л даа. Дэлхийн улсуудын индексийг харахаар Монгол сайн, муугийн голд яваа. Венесуэл руу хөлбөрөхөд ойрхон болчихсон. Засаглалын индексүүд унаад байгаа эрсдэл манайд бий. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, бодлого ярьдаг институц тогтолцоотой намуудыг бүрдүүлж байж л өөрчлөлт хийгдэнэ. Үнэнийг хэлэхэд манай хоёр хөрш хоёулаа хаант засаглалтай болчихлоо. Хязгааргүй сонгогддог ерөнхийлөгч нартай. Бид өмнө нь далан жил нэг хүний засаглалаар явсан. Тэр тогтолцоо руугаа дахиж орох учиргүй. Тийм учраас сонгодог парламентын засаглалтай, бодлогын нам сонгодог пропорционалиар явах хэрэгтэй.

-Дахиад тодруулъя. Нэгэнт хувьчилсан салбар руугаа төр нь дайрах хэр зөв хандлага вэ?

-Бүр муугаар яривал одоо байгаа төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулж байж хувийн хэвшлээ хурааж дээрэмдэх рүүгээ орсон нь дээр байх. Ер нь гадаад зах зээлийн хэт богино үнийн өсөлтийн үед төрийн өмчит компаниуд өндөр ашигтай ажилладаг. Зардлын мэдрэмжгүй болчихдог. Байнгын супер орлоготой байх юм шиг төсөөлдөг. Венесуэл ингэж халуурч байгаад хальтирсан.

-Засаглалаа сайжруулаад одоо яригдаж байгаа сайн төслүүдээ хөдөлгөөд явбал эдийн засаг томрох ирээдүй байна уу. Энэ чигийн тодорхой тоо, судалгаа хийж үзсэн үү?

-Миний хийсэн тооцоогоор Цагаан суварга, Оюу толгой, Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэсэн дөрөвхөн төсөл хэрэгжихэд 2030 оныг зураглаж болж байна лээ. 26.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо байна. Монголын экспортын орлого 7.5 тэрбум ам.доллар байгаа. 2019 онд найман тэрбум давчих байх. Энэ төслүүд хэрэгжээд эхэлбэл 2025 он гэхэд экспорт 16 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ. Тэгэхээр бид Зимбабве чиг рүү явж улсаа баллах уу, засаглалаа өөрчлөөд улсаа тогтвортой өсөлттэйгөөр хөгжүүлж авч явах уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн.

-Саяхан та “Төлөөс” нэртэй лекц уншсан. Популизмын эсрэг ганц удаагийн арга хэмжээ юу, эсвэл үргэлжлүүлэх бодол байна уу?

-Судалгаагаар арван хүний дөрөв нь Монголоос явахыг хүсч байна. Жилд 13-15 мянган хүн гадаадын улсын иргэн болж байгаа.

-Хаанаас авсан тоо вэ?

-Үндэсний статистикийн хорооны эх сурвалжаас авсан тоо. Сүүлийн гурван жилийнх нь тоог та хараарай. Та бид хоёрын яриад суугаа тоо эх орон гэсэн ойлголтыг өөрчлөх гээд байна л даа. Тэгэхээр УИХ, Засгийн газар, Монголын төр иргэдээ эх оронд нь яаж сайхан амьдруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж, хувьсгалын шинжтэй тогтолцооны өөрчлөлтийн юм бодож олохгүй бол хэцүү болчихоод байна. “Төлөөс” лекц уншсан минь тодорхой зорилготой. Хатуухан хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд хийсэн сонголтынхоо төлөөсийг хийж байгаа. Миний лекц ингээд зогсохгүй. Цаашдаа нэлээд судалгаа, тооцоо, баримт факттай мэдээллийг гаргаж, олонд хүргэнэ. Сэхээтэн хүний хувьд нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж харж байгаа. Популистуудтай баримт, факт, судалгаагаар үзэхээс өөр арга байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

П.Баярцэнгэл: Миний дуунд дуртай, дууг маань сонсдог хүмүүст зориулж тоглолтоо хийнэ

Дуучин, жүжигчин П.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Үзэгч, сонсогчдыг удаан хүлээлгэсний эцэст “Санахдаа” хэмээх анхны тоглолтоо хийх гэж байна. Санаандаа тултал чанартай тоглолт хийхийг хүсдэг гэж хэлж байсан. Тоглолтын талаар яриагаа эхэлье?

– Би 2010 оноос эхлээд уран бүтээлээ хийж эхэлсэн. Ингээд бодохоор есөн жилийн хугацаанд нэг ч удаа тоглолт хийсэнгүй л дээ. Үзэгч, сонсогчдоос маань тоглолтоо хийгээч ээ гэх хүсэлт олон удаа ирж байсан. Угтаа тоглолт хийх гэж хэд хэдэн удаа төлөвлөсөн л дөө. Тухайн үед ямар нэгэн шалтгаанаар өөр ажлууд давхцаад нэг л болж өгөөгүй. Миний дуунд дуртай, дууг маань сонсдог хүмүүст зориулж ирэх гуравдугаар сарын 2-нд Crocus Event Hall-д тоглолтоо хийх гээд ажиллаж байна. Хэдэн цагийн турш маш гоё уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьж байгаа. Мэдээж тоглолтод маань хамтлаг, дуэт дуулсан дуучид оролцоно. Гэхдээ хэн хэн ирэх нь нууц байх юм. Хүмүүсийг татахын тулд бусад хамтлаг дуучдыг зарлах сонирхол надад алга. Зөвхөн надтай цуг байх, миний дууг сонсох дуртай хүмүүсийг ирээсэй гэж хүсч байгаа. Энэ удаа эргэлт буцалтгүй бүх ажлаа хойш нь тавиад тоглолтын ажилдаа орчихсон явж байна даа. Тоглолтод маань 20 гаруй дуу дуулагдана. Саяхан “Хөгжим л намайг” дуугаа дүрсжүүлсэн.

-Баярцэнгэл “Universe best songs” наадмаар дуучин болох замналаа эхлүүлж байсан байх, тийм үү?

– Тэгсэн. 2007 онд би оюутан болж байлаа. Сурахын хажуугаар дуулах хүсэл, тэмүүлэл их байсан. “Nature sound” студи дээр дуулаачийн курст сурч байхдаа энэ тэмцээнд бэлдэж орсон. Би хоёр удаа “Uni­verse best songs” наадамд оролцсон юм. Анх 2009 онд орж, дөрөвдүгээр шатнаасаа хасагдаж байлаа. Дараа жил нь ахин орж шилдэг 25-т шалгарч байсан. Шилдэг 25–аараа бид тоглолт хийж, Мама мия кинонд тэр зунаа тоглосон. Ингэж л урлагийн зам маань эхэлж байжээ.

-Танайхнаас урлагийн хүн бий юу?

-Би Дорнодынх л доо. Аав ээжийн авьяасыг илүүтэйгээр өвлөж авсан нь ах бид хоёр юм болов уу гэж боддог. Би эхээс тавуулаа. Хамгийн бага нь ах бид хоёр. Гэхдээ манайхан их авьяастай, бүгдээрээ дуулна. Манай аав СТА дуучин хүн байсан. Хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад дуучин байсан. Сүүлд багш болоод урлагаасаа хөндийрсөн л дөө. Ээж маань ч сайхан дуулчихдаг. Нутагт маань хөгжмийн мэргэжлийн 12-р сургууль гэж байдаг.Тэнд л ахтайгаа дуу хөгжимтэй холилдож өссөн. Бид хоёр морин хуур тоглодог байсан. Сүүлийн үед морин хуураа тоглохгүй болохоор зэвэрнэ гэдэг шиг мартагнасан байна лээ.

-Баярцэнгэл жүжигчин мэргэжилтэй. Хүмүүс харин дуучин гэдгээр тань илүү мэддэг шүү дээ. Жүжигчин мэргэжлээрээ ажиллах бодол байдаг л байх даа?

-Мэдээж номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан учраас жүжигчний мэргэжлээрээ ажиллах сонирхол их бий. Өөрт тохирох дүрээ л бүтээхийг хүсдэг. Надад дүр өглөө гэж бодоход тэр дүрээр би яаж амьдрах вэ, би өөрөөсөө юу гаргах вэ гэдгээ л харна. Бусдаар би учиргүй Чингис хаан ч юм уу, нэг их баатар эрийн дүр бүтээх гээд байх нь юу юм. Би баатар эрийн дүр бүтээхгүй шүү дээ. Жүжигчин хүний мэргэжлийн онцлог бол өөрийгөө мэдэрчихсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь дүрээр дамжуулж ямар мэдрэмж өгөх гэж байгаа, хаана, юуны чиглэлийн юм бүтээвэл болох вэ гэдгээ мэдэрчих хэрэгтэй. Би эерэг талын, инээд хөөртэй, аз жаргалтай, хөгжилтэй дүрд л тохирох байх гэж боддог. Одоогоор дуучны мэргэжлээрээ түлхүү ажиллаж байна. Мэдээж жүжигчнээрээ ажиллах санал ирвэл дуртай хүлээн авна. “Аз жаргалын эрэлд”, “Миний хайр”, “Анчид” сүүлд “Single ladies 3” зэрэг кинонуудад тоглосон юм байна. Жеки Чан Монголд ирэхэд би ёодол дуулсан. Тэгээд зурагаа хамт авахуулсан. Тэр өдөр миний мөрөөдөл биелсэн гэж болно. Би Жеки Чаны ясны шүтэн бишрэгч. Бүр жаахан хүүхэд байхаасаа харж дуурайж, байнга шинэ киног нь үздэг байсан. Би дэлхийн аугаа жүжигчин, тамирчин хүнийг, тэр тусмаа Жеки Чантай уулзана гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Тэр хүний адилаар жүжигчин болох сон гэж мөрөөддөг. Шүтэж биширч явсан хүнтэйгээ өөд өөдөөсөө гар бариад, тэврэлдээд зогсож байхад үнэхээр сонин мэдрэмж төрдөг юм билээ.

-Ахтайгаа уран бүтээл хамтарч хийдэг гэсэн?

-Миний ахыг П.Отгонцэнгэл гэдэг. Дууны инженер мэргэжилтэй хүн бий. Ахтайгаа одоог хүртэл хамт уран бүтээл хийдэг. Нэг хүн шиг санал нийлнэ. Миний уран бүтээлүүд дээр хөгжмийн найруулга, мастеринг, хоолой бичнэ. Миний уран бүтээлийн арын албанд ажилладаг нэг номерын хүн дээ. Өөрөөр хэлбэл, миний продюсер юм уу даа. Ихэнх дууныхаа үгийг би өөрөө бичиж ирсэн. “Хийморьтой бай” дуугаа харин хүнээс авч дуулсан шүү. Ах минь хөгжмөө голлож бичнэ. Аль ч уран бүтээл дээр бид хоёрын хэн хэнийх нь санаа туссан байдаг. Өөд өөдөөсөө харж сууж байгаад л бүх юмаа хийчихдэг дээ.

-“Ёодол”-ыг манайд таниулсан хүн бол та. Нэг талаараа П.Баярцэнгэлийг таниулсан урлаг гэж хэлж болох байх?

– Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг бавари үндэстний дууг ёодол гэдэг юм билээ. Энэ хэсэг уулархаг, хөдөө нутаг тул хоньчин ард хонио бэлчээн, нэгэн өвөрмөц аялгуут дуу дуулдаг. Энэ бол нутгийн хэллэгээр “ёодол” юм. Манайхаар ардын урлаг буюу уртын дуу, хөөмийтэй төстэй гэсэн үг. Үгийн хувьд орчуулдаггүй, утгачилдаггүй. Ёодол бол ямар ч стрессгүй урлаг. Зөвхөн инээд хөөр, аз жаргалын тухай л дуулдаг. Хэзээ ч муу муухай үг ёодол дуунд байдаггүй нь сайхан.

-Ер нь ёодлыг анх яаж сурсан юм бэ?

-Миний ёодолын багш бол Youtube. Би “UBS” телевизийн “Universe best songs” тэмцээнд оролцож байхдаа ёодлын төрлийг сурч эхэлсэн. Тухайн үед манай улсад ёодол гэх урлагийн төрлөөр уран бүтээл гарч байгаагүй. Хамгийн анхны дуугаа 21 хоногийн дотор сурч байлаа. Түүнээс хойш “be hap­py” ,”holly dolly” зэрэг монгол ёодол дуунуудаа хийсэн. Мөн ёодол урлагаар хийсэн CD-гээ ч гаргаж байлаа. Тэгэхээр би ёодолтой салшгүй холбоотой. Ер нь миний уран бүтээлийг хүмүүс сонсож байгаа нь мөн энэ л урлагтай холбоотой гэж би ойлгодог. Би ёодлын төрлөөр дуулаагүй байсан бол миний уран бүтээлийг хүмүүс сонсох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Энэ төрлөөр дуулдаг алдартай олон дуучид байдаг. Тэдний клипийг үзэж байгаад дууг нь байн байн ухрааж сонссоор байгаад сурсан.

-Мэргэжлийн дуучин биш хэрнээ энэ урлагийг сурна гэдэг хүнд байх л даа?

– Швейцарьт очоод дуулж сонирхуулахад хүмүүс “Яаж сурсан юм бэ” гэж асууж байсан. Би харин миний багш бол “Youtube” гэж хариулсан. Хүмүүс сонсоод л сурах боломжгүй дээ гэж байсан. Гэхдээ миний дуулдаг ёодол, тэдний дуулалт хоёр ялгаатай. Миний дуулаад байгаа ёодлын төрөл бол техник, хурд хоёрын нийлбэр. Харин Швейцарьчууд дуулалтандаа голлон анхаардаг. Өөрөөр хэлбэл миний дуулж байгаа ёодол бол орчин үеийн ёодол юм. Австри талынх. Надад Швейцарийн үндэсний ёодол уйтгартай санагдсан. Олон хуурцаг сонсох санаатай авч ирсэн ч бүтэн сонсолгүйгээр больсон доо. Уйтгартай, хэмнэл удаан, гингэнэсэн санагдсан.

-Ёодлоор хэр удаан уран бүтээл туурвина гэж бодож байгаа вэ?

-Бодсон, санасан зүйл их байна . Ёодлоо бол хэзээ ч орхихгүй.

-Тоглолтын билет хэзээ худалдаанд гарах вэ?

-Яг тэдийд гэсэн тов гараагүй байна. Менежмэнтийн баг маань хариуцан ажиллаж байгаа.

-Уран бүтээлч хүн мэдээж бүх л бүтээлдээ хайртай. Тэр дундаас хамгийн нандин, дурсамжтай бүтсэн дуу бий юу?

– Мэдээж бүх уран бүтээлдээ хайртай. Тэр дундаас “Санахдаа” дуундаа их хайртай байдаг. Энэ дуугаа эхнэртээ зориулж зохиож байсан, тиймээс ч тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн. Харин “For you” дууг ах маань эхнэртээ зориулж зохиосон юм. Энэ дуу гарсны дараа олон хүмүүс надтай холбогдож байсан л даа. Хуримаа хийхдээ таны дууг дуулсан. Бид хоёр таны дууг сонсоод учирсан, бид маргаантай байж байгаад таны дууг сонсоод эвлэрсэн зэрэг олон сайхан дурсамжууд сонсож байсан.

-Хамтлаг дуучидтай хамтарч дуулъя гэж боддог уу?

-Энэ талаар харин боддог шүү. Ид уран бүтээл хийж байгаа сайхан залуучуудтай хамтарч дуулах хэрэгтэй гэж боддог. Энэ үеийн залуучууд нэгдэл гэдгээ олон түмэнд харуулж байх ёстой. Хамтарсан уран бүтээл хийх ёстой гэж боддог.

-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Би энэ оныг тоглолтын жил болгочихсон. Хотод тоглолтоо хийчихээд, гадаадад амьдарч сурч байгаа хүмүүстээ очиж тоглоно. Мөн 21 аймгаа тойрно гээд л төлөвлөчихсөн. Урлагийн хүн байна гэдэг их сайхан. Урлагийн хүмүүс нийгэм болоод хүмүүсийн сэтгэл зүрх, бодлыг гэгээрүүлж, үргэлж зөв зүг чиг рүү хандуулж байх ёстой гэж боддог.

-Гэр бүлийн хүнийхээ талаар танилцуулахгүй юу?

-Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэртэйгээ арван жилийн нэг ангийнх. Одоог хүртэл он жилийг хамтдаа туулж байна даа. “Be happy” дууг эхнэр, хүүхдээ бодож байгаад бичсэн. Тэр өдөр яагаад ч юм бэ, гэртээ орж чадалгүй дөрөв, таван цаг алхсан. Гэрээ тойрч алхаж явахдаа тэднийхээ тухай бодож зохиосон болохоор энэ дуундаа ч их хайртай байдаг шүү.


Categories
мэдээ нийгэм

Онгоц одтой, улаагчин туулай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 30, Буд гариг. Билгийн тооллын 25, Онгоц одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8:20 цагт мандан, 17:48 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улай гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Баабар: Би шинэ үеийнхэнд найддаг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Баабар: Би шинэ үеийнхэнд найддаг” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт М.Энхболд огцорч, төрийн тамга УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд шилжлээ гэв.

Анаболик стероидыг хэрэглээгээ болгосон тамирчид 40 хүрэлгүй нас бардаг хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн А.Ундраа: Өнгөрсөн хориод жилийн бүх л болохгүй, бүтэхгүй үйл явцыг нэг хүн дээр тохож байгаа нь ёс бус үйлдэл гэв.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа: АНУ-ын хөдөө аж ахуйд ажиллах монгол залуусын тоог хязгаарлахгүй хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт хуульч Ц.Цогт: Шүүх эрх мэдлийн байгууллага улс төрөөс хараат байгаа нь авлигад нөлөөлдөг гэжээ.

Шар нохой жилийн тэргүүн шилдэг номоор Д.Урианхайн бүтээлийн чуулган шалгарлаа хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт бичив.

М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

“Өд бэх” нүүрт “Аргамгийн тоног чимэг”, “бүсгүйн сайхан”-ы аль нь ч биш хэмээжээ.

Орос, Хятад худалдааны маргаантай асуудлаар хэлэлцэнэ хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн баталлаа

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг танилцууллаа. Тус бүсэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4306.6 га газар /Мал бордох, Төмөр замын 384 дүгээр гарам, Баруун турууны хэсэг/, мөн дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар цэцэгт орчмын газар, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4493.8 га газар /Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад газар/, Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр 1488.7 га газар /Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол/ зэрэг газрууд хамрагдаж байгааг мэдээллээ. Эдгээр нэр дурьдагдсан газруудад мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг 2019 оны III улиралд багтаан нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлж тогтоолын төслийг дэмжиж баталлаа. Ингэснээр дээр дурдагдсан газар нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэд 2019 оны III улиралд багтан тухайн газар нутгаас нүүн шилжих шаардлагатай болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ном унших танхим Сонгинохайрхан дүүрэгт нээгдлээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дах Соёмбо кино театрын дэргэд салбар номын сан шинээр үйл ажиллагаагаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй номын санг шинэчлэн засварлах, номын фонд шинэчлэх, шинээр уншлагын танхим байгуулах, номын сангийн системийг цахим болгох зэрэг тодорхой заалтууд тусгагдсан. Энэхүү заалтын хэрэгжилт болон биелэлт амжилттай байгаагийн тод жишээ нь тус номын санг шинэчлэн засварлаж, уншигчид тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна” хэмээн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцлов.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд номын сангуудын үйл ажиллагааг чанаржуулах ажилд 2018 онд 500 сая төгрөгийг төсөвлөсний дагуу эхнээсээ ийнхүү ажил хэрэг болж хэрэгжиж байна. Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, тэдний чөлөөт цагаа зөв соёлтой өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдсэнд баяртай байна” гэв.

Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгино-Хайрхан дүүрэг дэх салбар номын сан нь 1991 онд ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн засвар огт хийж байгаагүй. Номыг хадгалах орчин нөхцөл хэвийн бус, уншигчид тав тухгүй орчинд үйлчлүүлдэг байсан тухай номын сангийн ажилтнууд хэлж байлаа. “Хүүхэд залуучууд, олон нийтийг номын сангаар үйлчлүүлж ном уншаарай гэж урихад үнэхээр хүндрэлтэй байсан ч одоо энэхүү тохилог танхим нээгдсэний дараа хүн бүхнийг ирж үйлчлүүлэн, ном унших соёлыг дэлгэрүүлээсэй хэмээн хүсэж байна” гэж Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудалд зохион байгуулав

Харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өгөх зорилгоор ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудалд зохион байгууллаа.

2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төслийн үндсэн зээлийн гэрээний хүрээнд баригдсан барилга байгууламжийн гүйцэтгэл 98,9 хувьтай, нэмэлт зээлийн хүрээнд баригдсан барилга байгууламжийн ажлын явц 98,6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр баригдаж байгаа Аэродромын болон Ачаа шуудан үйлчилгээний, Захиргааны барилгуудын гүйцэтгэл 90,6 хувьтай байна. Мөн Агаарын хөлгийн ангар барих төсөл 27,77 хувь, Катерингийн барилга барих ажил 10 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тус олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад ороход дотоодын 4, гадаадын 8 агаарын тээвэрлэгч, төрийн тусгай чиг үүргийн 6, ИНЕГ-ын харьяа 6, нийт 21 байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэх юм.

Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөний үеэр харьяа алба, салбаруудад хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл сонссоны дараа ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом холбогдох үүрэг даалгавар өглөө. Дараагийн үйлдвэрлэлийн шуурхай Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд болно.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

Categories
мэдээ нийгэм

Өглөөний цайг өөртөө зориулаарай

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн цэргийн штаб 2 жил дараалан МУ-ын тэргүүний штабаар шалгарчээ

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг сайн хэрэгжүүлж, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай 2018 онд хийсэн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг 90,6 хувьтай гүйцэтгэсэн амжилтаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2018 оны МУ-ын ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ШТАБААР шалгарсан байна.

2013, 2014 онд жил дараалан тэргүүний Цэргийн штаб болсон бол 2017, 2018 онд амжилтаа бататгаж мөн жил дараалан МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ШТАБААР шалгарчээ.