Categories
мэдээ улс-төр

2019 оны төсвийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж батлав. Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ирэх оны төсөвт цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг тусгасан. Мөн ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг эхлүүлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгажээ. Харин төсвийн алдагдлын 1.9 их наяд төгрөгийн дийлэнхийг гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх нийслэлийн шинэ цэвэрлэх байгууламж, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын төсөл зэрэг эзэлж байгаа юм.

Монгол Улсын 2019 оны төсвийн зарлага 2018 оныхоос 700 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүний дийлэнхийг ирэх онд нэмэх цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн зардал эзэлж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв болон мөнгөний бодлого харилцан уялдаагүй явж ирснийг шүүмлэв. Тэрбээр, “Ирэх онд иргэдийн цалинг нэмэхээр төсөвт тусгасан. Харин сүүлийн өдрүүдэд инфляци ихээхэн өсч байгаа. Тэгэхээр цалин нэмсэн ч иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөхгүй байна. Тиймээс Засгийн газар, Монголбанк хамтран төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах, иргэдийн амжиргааг сайжруулах, инфляцийг бууруулах чиглэлд бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй” юм.

Ийнхүү Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрллөө. Хуралдаан 15.00 цагт Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *