Categories
мэдээ эдийн-засаг

Долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 79,040,216 төгрөгийн үнийн дүн бүхий 294,330 ширхэг хувьцаа арилжсанаас долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал долоон компанийн хувьцааны ханш буурч дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мандал Даатгал” ХК-ийн MNDL хувьцаа 2.91 хувиар “Жинст Увс” ХК-ийн JIV хувьцаа 2.63 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК-ийн MBW хувьцаа 12.43 хувиар, “Дархан Нэхий” ХК-ийн NEH 2.56 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр “TOP 20” индекс 0.03 хувиар буурч 20340.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,405,706,377,680.67 төгрөг боллоо.

Categories
мэдээ спорт

“Эрчим” клуб 2018 оны Футзалын улсын аварга боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Футзалын УАШТ-ий медалийн эзэд болон шилдэг тоглогчдын нэр өчигдөр тодорч, “Эрчим” клуб 2018 оны Монгол Улсын аварга баг болов.

Хүрэл медалийн төлөөх тоглолт “Хан-Уул клуб”, “Замчин” багуудын хооронд болоход төмөр замчдын төлөөллүүд өрсөлдөгчөө 11:2-оор илүүрхэн, медалийн тавцанд гарах болзол хангасан юм. Аваргын төлөөх тоглолт “Эрчим”, “Капитрон” багуудын хооронд болоход хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн 12 удаагийн аварга “Эрчим” 4:2-оор хожиж, аваргын цомыг өргөлөө.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний шилдгүүдийн тодруулахад, Б.Ариунболд “Эрчим” шилдэг хаалгач, М.Энх-Од “Капитрон” шилдэг тэгш тоглогч, Б.Цогтбаатар “Хан-Уул клуб” шилдэг мэргэн буучаар тус тус тодорлоо.

Тэмцээний шилдгүүд футзалын УАШТ-ий медалийн энгэртээ гялалзуулснаас гадна “Би Си Эйч Лионс”, “Улаангом сити”, “Хан-Уул клуб”, “Замчин”, “Капитрон”, “Эрчим” гэсэн зургаан баг “Футзалын нэгдүгээр лиг”-ийн эрх авлаа. “Футзалын нэгдүгээр лиг” 2019 оны нэгдүгээр сарын 05-нд эхэлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж “Таны мэдлэгт” буланг нээж, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгнө

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь өөрийн цахим хуудасны бүтэц, зохион байгуулалт, агуулгыг сайжруулан шинэчилж ашиглалтад орууллаа.

Хувьцаат компаниуд болон гишүүн үнэт цаасны компаниудын мэдээ, мэдээлэл шинэчлэгдэх бүрт нүүр хуудсаар дамжуулан мэдээлэх болсноор мэдээллийг олон нийт цаг алдалгүй хүлээн авах боломжийг бүрдүүлжээ. Мөн иргэд хөрөнгө оруулагч нарын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Таны мэдлэгт” буланг нээж хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, арилжаанд хэрхэн оролцох тухай танилцуулга, хийсвэр арилжааны платформ, МХБ-ээс санаачлан зохион байгуулсан “Ногоон сум” реалити шоу нэвтрүүлэг зэрэг мэдээлэл, контентуудыг оруулсан байна. Хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргах сонирхолтой компаниудад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг нэгтгэн оруулснаар хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох тухай мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломж бүрджээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн концерт болно

Монголчуудын сэтгэлд хоногшсон түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ мөнхрөөд 30 жилийг үджээ. Уг ойг тохиолдуулан тус киноны хөгжмийн концертийг тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр болон маргааш улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, найрал дуучид, үндэсний хөгжимчид, уртын дуучид, хөөмэйчид хамтран Ч.Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь амилуулах юм.

Тус хөгжмийг анх 1987 онд тухайн үеийн дуурийн симфони найрал хөгжим, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад тэргүүтэй уран бүтээлчид оролцож, нэрт удирдаач Ж.Чулууны удирдлага дор бичлэгээ хийж байсан түүхтэй. Уг киноны хөгжим, давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут үргэлжилдэг юм. Энэ тухай ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хуучлахдаа “Энэ киноны хөгжмийг хийхэд өмнөх кинонуудаас өөрөөр хийхгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр өмнө нь “Түмний нэг”, “Тунгалаг тамир”, “Өглөө” гэх мэт кино хийсэн байсан. Эдгээрийн хөгжмөөс шал ондоо хийх шаардлагыг “Мандухай сэцэн хатан” кино шаардаж байсан. Үүнийгээ дагаад ямар нэгэн байдлаар монголын хөгжмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй байсан. Киноныхаа хөгжийг анх удаа үндэсний найрлыг, симфони найрал хөгжимтэй хамтран хийсэн. Нийт хөгжмийн багт 300 гаруй хүн ажиллаж байсан” хэмээв

Categories
мэдээ спорт

Э.Лхагвадулам дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоов

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конг улсад болж байна. Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд ОУ-ын их мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож энэ оны Геннисийн номонд бичигдэхээр болжээ.

Энэхүү тэмцээнд Монгол, Хятад, Орос, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах аж.

Дашрамд дурдахад манай улсын баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ.

Тус шалгалтыг ОБЕГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж, шалгалтад хамрагдсан байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна.

Төлөвлөгөөт бус шалгалт нь хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгөх, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн есөн дүүргийн зорилтот есөн хороонд хэрэгжүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү төслийг дахин хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны гадаад улс орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар оролцсон юм.

Төсөлд нийслэлийн есөн дүүргийн есөн хороо, Орхон аймгийн зургаан баг, дөрвөн байгууллага хамрагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,

Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх,

Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,

Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас 893 хүний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний 12 сарын байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 893 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2 хувиар учирсан хохирлын хэмжээ 28,6 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

2018 онд 20543 байгууллага, аж ахуйн нэгж, 144189 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 95203 зөрчил дутагдал илрүүлэн, 40219 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5820 заавал биелүүлэх албан шаардлага, 6269 мэдэгдэл, 292 танилцуулга, 890 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 85 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 185.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2647 удаа, дадлага 1841 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2720 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 556 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 814 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1059 гал 27.7 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 850 гал буюу 22.2 хувь,

Цахилгаанаас 687 гал буюу 17.9 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 421 гал буюу 11 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 226 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 216 гал буюу 5.6 хувь,

Бусад шалтгаанаас 187 гал буюу 4.8 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 76 гал буюу 1.9 хувь

Гагнуур, паялник, бамбараас 31 гал буюу 0.8 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.54 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.39 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.39 хувь,

Байгалийн үзэгдлээс 9 гал буюу 0.23 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу 0.1 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.1 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал болов

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлын хүрээнд томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, орны зохицуулалт, эмч ажиллагсдын хуваарилалт болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явц, цахим программын асуудлаар ЭТХ, НЭМХ-ийн зүгээс мэдээлэл өглөө.

Мөн холбогдох ажлын хүрээнд хийсэн хяналт үнэлгээний дүнг танилцуулж, өмнөх хурлаар өгсөн НЭМГ-ын даргын үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлтсийн дарга нар танилцуулсан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хурлын төгсгөлд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөн томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажил болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, “Сайн туршлага-2018” арга хэмжээг байгууллагынхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллахад анхаарахыг үүрэг болголоо.