Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав. Тус газрын мэдээлснээр голуудын мөсөн бүрхүүл ямар хэмжээн байгааг хүргэе.

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдсэн ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд голын хувьд 5-20 см их харин Бэлтэс, Бүгсий, Эг голын дагууд 5-15 см нимгэн байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир голд мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-25 см нэмэгдэж 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хангайн арын голуудын мөсний зузаан 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см бага харин Хойттамир, Идэр голын нийт уртын дагууд 5-20 см ахиу байна. Харин Урдтамир голд мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилж байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Шивэрт Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд 35-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдсэн бол Шарын гол, Улиастай, Сэлбэ зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Эдгээр голуудын мөсний зузаан нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 10-20 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд 40-70 см зузаан мөстэй ба энэ нь 12 дугаар сарын 11-ний өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн ерөнхий хандлагатай байна. Сэлэнгэ мөрний эхэн хэсэг болон адаг, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеэс 5-15 см ахиу бол Сэлэнгэ мөрний дунд хэсгээр 5-20 см нимгэн байна.

Тэгвэл Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 30-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдсэн байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеэс 5-25 см ахиу байгаа аж.

Харин Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн хугацаанаас 5-25 см нэмэгдсэн байна. Эдгээр голуудын мөсний зузаан нь өмнөх он болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн харин Турган, Чигэртэй голын хувьд 10-15 см зузаан байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Түй, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар усны гол, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба Яруу, Завхан /Гуулин орчимд /, Зүйл, Түй, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги /Сайхановоо/, Зэгстэй, Таац зэрэг голууд ёроолдож хөлдсөн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхээс 5-25 см зузаан байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 15-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба 2017 оны мөн үеэс 5-10 см ахиу харин олон жилийн дунджаас 5-20 см бага байна.

Categories
мэдээ нийгэм

​Төмөр замаар өнгөрсөн сард 23.4 мянган тонн ачаа тээвэрлэжээ

Төмөр замаар өнгөрсөн сард 23.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн бол зорчигчдын тоо 2.3 мянга байгаа аж. Ингэснээр ачаа тээвэрлэлт 13.8 хувиар өссөн бол зорчигчдын тоо 2.8 хувиар буурчээ. Харин дамжин өнгөрсөн ачааны тоо 289.4 мянган тонн байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 582.7 тонноор өссөн үзүүлэлт аж.

Түүнчлэн өнгөрсөн сард нүүрс, төмрийн хүдэр, барилгын материал, жонш, молибдений баяжмал, нефтийн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амаржин: Олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь шоунд ялахаас илүү чухал

“Авьяаслаг Монголчууд” шоуны финалийн шатны шалгаруулалт ирэх ням гаригт болно. Тус шоуны шилдэг 8 оролцогчийн нэг, “Univer­sal” сургалтын төвийн захирал, “UB Com­edy” клубийн гишүүн Н.Амаржинтай ярилцлаа.


-Таныг “UB Comedy”-гийн гишүүн гэдгээр тань үзэгчид сайн танина. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Намайг Амаржин гэдэг. 12 настайдаа гэр бүлийнхээ хамтаар Америкт амьдрахаар явсан. Тэндээ суралцаж байгаад 12 дугаар ангидаа Канадыг зорьж, “Баруун Канад”-ын ахлах сургуулийг төгсөөд дараа нь Колорадогийн их сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орсон. Улс төр, эдийн засгийн чиглэлээр 2012 онд бакалаврын зэргээ хамгаалсан. Одоогоор “Uni­versal” сургалтын төвөө ажиллуулан эхнэр, охины хамтаар амьдарч байна.

-“UB Comedy”-д хэзээ элсэн орсон бэ?

-2017 оны “Big Show”-ны дараа “Open mic”-т оролцсоноор “UB Comedy”-д нэгдэх суурь маань тавигдсан л даа. Энэ оны таван сард албан ёсоор үндсэн гишүүн нь болсон. Тэгээд л зургаан сард нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон доо.

-Хагас финальд улс төртэй холбоотой сэдэв сонгох нь эрсдэлтэй биш гэж үү?

-Эрсдэл гэхээс илүү боломж гэж харсан л даа. Энэ шоуг монголчууд тэр аяараа үзэж байна. Одоо болж буй нөхцөл байдлын талаар олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь шоунд ялахаас илүү чухал гэж бодож байна. Тиймээс ч ЖДҮ-ийн асуудлыг хөндсөн.

-Зохиолоо бичихэд тань “UB Comedy”-гийн бусад гишүүд санаа өгч байна уу?

-Хоорондоо ярилцаж, зөвлөлдөх үе байна л даа. Гэхдээ зохиолоо бол өөрөө бичнэ. Сая хагас финалийн шатанд ярьсан хурдан морь тайлбарлагчийн тухай өмнө нь комеди шоун дээрээ ярьж байсан юм. Тухайн үед бичлэгээ олон нийтэд цацах гэж байхад маань манай Идэрээ “Дараа болох том зүйлд хадгал. Их гоё санаа байна” гэж хэлж байсан. Тэр нь ч зөв боллоо. Бусад маань ч байнга л тусалж, дэмжиж байдаг даа. Одоо бол намайг бэлтгэлээ сайн базаа гээд тайзан дээр гаргалгүй чөлөөлчихсөн байгаа.

-Та финальд үлдэж урьд жилүүдэд оролцож байсан комедчидийн амжилтыг ахиуллаа. Таны ялгарах онцлог юу байсан бэ?

-Батаа маань хамгийн анх “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож комедиг олон нийтэд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед үзэгчид комедиг хүлээж авахад бэлэн биш байлаа. Харин одоо бол үздэг, ойлгодог тэр ч бүү хэл дуртай болсон байна. Комедиг олонд таниулах гэж хичээж яваа бусад найзуудын маань хичээл зүтгэл намайг финальд шалгарч үлдэхэд багагүй нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

-Финалийн шатанд өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Одоо бол үзэгчдийн хүлээлт их өндөр болчихлоо. Мэдээж финальд шалгарчихсан хүн чинь түрүүлэх гэж л үзэх болно. Намайг дэмжин саналаа илгээсэн үзэгчдийнхээ итгэлийг алдаж болохгүй. Гэхдээ түрүүлэх магадлалтай олон шилдэг үзүүлбэрүүд байна. Тиймээс дотроо сэтгэлийн бэлтгэлтэй байгаа.

-Шоундаа бэлдэх, сургалтын төвөө удирдах гээд их ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Энэ бүхний ард эхнэр маань л байна шүү дээ. “Universal”-ийн бүх ажил, ар гэр гээд л бүгдийг нь манай эхнэр зохицуулдаг. Ар талдаа санаа зоволгүй шоундаа төвлөрч бэлдэхэд маань маш их түшиг болж байна даа.

-Финалийн шатны шалгаруулалт болоход цөөхөн хоног үлдлээ. бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Өчигдөр орой “Монгол” телевизийн нэвтрүүлгийн багтай уулзаж, ярилцсан. Одоо бол “UB Comedy”-гийн гишүүдтэй зөвлөлдөж, ярих зохиолоо бэлдэнэ дээ.

Э.МАРАЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.Од-Эрдэнэ: Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл

УНТЭ-ийн Бөөрний төвийн профессор, АУ-ны доктор, эмч Л.Од-Эрдэнэтэй ярилцлаа.


-Сүүлийн үед манайд бөөрний өвчлөл их байна. Энэхүү өвчлөлийн гол шалтгаан юу вэ?

-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолойны ангинн, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Бөөрний түүдгэнцэр гэсэн оноштой бол эмчийн хяналтад байх ёстой. Гэтэл хүмүүс эмчилгээний хугацаагаа тогтвортой барьж чаддаггүй. Үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар бөөрний дутагдалд орчихдог. Түүдгэнцрийн үрэвсэл үүсгэдэг гол шалтгаан нь амны эрүүл ахуй. Энэхүү өвчний 60-70 хувь нь амны эрүүл ахуйнаас шалтгаалж байна.

-Бөөрний үрэвсэл бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү?

-Бөөрний үрэвсэл эмчлэгдэхгүй, хянагдахгүй байвал бөөрний дутагдалд орох аюултай. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлснээс олон өвчнөөс өөрийгөө хамгаалдаг гэдгийг хүмүүс хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ?

-Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг. Архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлэлгүй архагшуулчихсан. Мөн эмчилгээг бүрэн гүйцэд хийгээгүйгээс бөөрний дутагдалд ордог. Бөөр цус цэвэрлэдэг эрхтэн. Нэг бөөрөнд нэг сая орчим нарийн судас байдаг. Энэ нарийн судаснууд ямар нэг үрэвсэл, бактери, халдварын улмаас тоо нь цөөрдөг юм. Удаан хугацааны үрэвслээс дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй. Тиймээс бөөрний дутагдлыг даамжруулахгүй байх хэрэгтэй.

-Бөөрний дутагдлыг эрт оношлоод эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу?

-100 хувь боломжтой. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь оношлоод, эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гээд оношлогдоод эмчлүүлсэн тохиолдолд эмчийн хяналтад байх ёстой.

-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?

-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, өвчин хүндэрсэн тохиолдолд хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэсгэдэг. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал.

Бөөрний архаг дутагдал таван үе шатаар илэрдэг ч эхний гурван шатанд мэдэгддэггүй, ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйдэж эхэлдэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна эвшээхэд амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртдэг.

-Тэгвэл даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу?

-Бөөр хүний амин чухал хос эрхтэн бөгөөд нэг минутад 0.8-1.2 литр цусыг шүүдэг. Бодисын солилцооны явц дахь бүх хортой бодис шээсээр дамжин гарч хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Үүнээс гадна бөөр нь цусны даралтыг тогтвортой байлгаж биеийн шингэний тэнцвэрийг барьдаг цус төлжүүлдэг эрхтэн. Даралт ихсэх нь бөөртэй холбоотой. Залуу насанд даралт ихсэх нь ихэвчлэн бөөрний гаралтай. Бөөрний үйл ажиллагаанд үрэвсэл гарч ирэхэд даралт ихсэх шинж тэмдэг илэрдэг. Харин настай хүнд бол зүрх судастай холбоотой. Бөөрний гаралтай хаван ихэвчлэн өглөөгүүр нүүрээр буюу зовхиор хавагнаж эхэлдэг. Мөн уурагтай холбоотой. Зүрхний гаралтай бол хөлөөр хавагнадаг.

-Бөөр өвдлөө гээд хүмүүс дур мэдэн эм авч уудаг. Энэ зөв үү?

-Ямар ч эмийг эмчийн заавраар уух ёстой. Бүх эмийн 80-85 хувь нь бөөрөөр ялгардаг. Гэтэл энэ эмийг буруу хэрэглэвэл бөөр тэр эмэндээ хордоно. Хордлогоос шалтгаалсан бөөрний үрэвслүүд гарч ирдэг. Бөөрний сувганцрууд бөглөрдөг. Манай эмийн сангууд эмчийн жоргүй эмийг дураараа зарж болохгүй.

-Хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Тухайлбал, шорвог хоол байна. Бөөр цус төлжүүлэх эрхтэнээс гадна даралтыг зохицуулж, шингэнийг тэнцвэржүүлдэг. Их шингэн уусан тохиолдолд их шээлгэдэг. Шингэн дутагдах үед ам цангах мэдрэмж төрснөөр хүн ус уудаг. Хэрэв бид шорвог хоол идвэл шингэн дутагдана. Шингэний тэнцвэр алдагдахад даралт ихэснэ. Цусны даралт ихсэхэд зүрхэнд ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өөх тостой хоол идээд их хэмжээний таргалалттай байвал цусны хатуурал үүсдэг. Бөөр судаслаг эрхтэн. Гэтэл таргалалттай холбоотой судасны ханан дээр өөхөн дуслууд наалдаад судасны ханыг хатууруулдаг. Үүнээс болж даралт ихэсдэг. Тиймээс өөх тостой, шорвог хоол, архи дарс, буруу хооллолт нөлөөлнө. Шөнө хоол идэхгүй байх хэрэгтэй. Хоолны дэглэмийг сайн баримтлах нь чухал.

-Бөөрний дутагдал яагаад үүсдэг вэ?

-Бөөрний дутагдал үүсэхэд хэд хэдэн шалтгаан байна. Бөөрний үрэвсэл,чихрийн шижин, даралт ихсэх, эмийн хортой нөлөө, удамшлын өвчин гэх мэт байна. Үүнээс гадна бөөрний дутагдал үүсгэдэг бусад өөр олон шалтгаан бий. Манайд арван жилийн өмнө гэхэд чихрийн шижин ховор байлаа. Одоо нэг алхаад л чихрийн шижинтэй хүмүүстэй таарч байна. Чихрийн шижин илэрдэг гол хүндрэл нь бөөрний дутагдал.

-Танай эмнэлэг бөөрний өвчнийг эрт илрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай эмнэлгээс бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Зонхилон тохиолддог эмгэгүүдэд зориулсан эмч нарын зөвлөгөө видео бичлэг хийгээд сошиалаар цацаж эхэлсэн. Мөн богино хэмжээний кино бүтээж телевизүүдээр цацаж байна. Энэхүү төсөл хөтөлбөрөөрөө бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мессэжийг иргэдэд хүргэхийг зорьсон. Бид таван чиглэлээр гарын авлага хийн манай амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүстээ тарааж байгаа. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний архаг дутагдал гэх мэт зөвлөгөө гарын авлагууд гаргасан. Мөн бид дүүргүүдийн эмнэлгээр очиж өвчтөн, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийж байна. Энэ төслийнхөө хүрээнд амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүст судалгаа хийсэн. 350 гаруй хүн судалгаанд хамрагдсанаар 120 хүн идэвхтэй шинжилгээгээ өгөөд эмчийн хяналтандаа орсон. Үүний 50 хүн нь эрүүл гарсан. Харин бөөрний архаг дутагдалтайгаа мэдэхгүй явсаар энэ судалгаанд хамрагдахдаа мэдсэн байх жишээтэй. Мөн түүдгэнцрийн үрэвсэлтэй хүмүүс ч оношлогдсон байгаа.

Ийм хүмүүсийг бид хяналтдаа аваад хянаад явж байна. Манай эмнэлэг онош тогтоодог газар. Оношийг нь тогтоож тухайн харьяа газруудад сургасан эмч нарынхаа хяналт руу өвчтөнүүдээ явуулж байгаа.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Д.Далхжав: Нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгаа нь амиа аргацаасан зүйл болж байна

ХААИС-ийн эдийн засгийн бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, судлаач Д.Далхжавтай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэл он гараад нэг сараас нэг хувиар нэмэгдэнэ гэх хуулийн тогтоол гарчихлаа.

-Нийгмийн даатгалын сангууд алдагдалтай явж байгаа. Тэр дундаа Тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс 600 гаруй тэрбум төгрөгийн татаас авдаг. Татаасаа багасгахын тулд иргэдээс авах шимтгэлээ нэмж байгаа юм. Засгийн газраас мэдээлэхдээ тэтгэврийн сан алдагдалтай, орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй байгаа учраас нэмж байгаа гэх тайлбар хийх нь мэдээж. Энэ нь иргэд бидний халаасанд ирдэг бодит орлого буурна л гэсэн үг.

-Нийгмийн даатгалын хувийг нэмэхгүй байх өөр боломж байсан уу?

-Нийгмийн даатгалын хувийг нэмэхгүй байх боломж байсан уу, гэвэл байсан. Одоо ч боломжтой. Судлаачид шимтгэлээ нэмэхгүйгээр Тэтгэврийн санд шийдэх арга зам бий талаар хэлдэг. Харамсалтай нь улстөрчид шийддэгт л учир байгаа юм. 2017 онд Тэтгэврийн даатгалын санд ажил олгогч долоон хувь, даатгуулагч долоон хувь нийтдээ 14 хувиар шимтгэл төлж байсан. 2018 он гараад найман хувь болгочихоор ажил олгогч болон даатгуулагчид16 хувийн шимтгэл төлөх болсон. 2019 он гарахаар 8.5 хувь болж, 2020 он гэхэд 9.5 хувь болно. Зөвхөн Тэтгэврийн сан 19 хувь болж байгаа юм. Дээр нь Эрүүл мэндийн даатгалын сан ажил олгогч даатгуулагчаас дөрвөн хувь, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн сан нийлээд нэг хувь, Үйлдвэрийн ослын сан ажил олгогчоос 1-3 хүртэлх хувь бий. Нийт дүнгээрээ 29 хувьд очих гэж байна. Цалингаасаа бид 29 хувийг шимтгэлд төлөх болж байгаа юм. Анх 1995 онд Нийгмийн даатгалын багц хууль батлахад энэхүү шимтгэлийг 29 хувиар тогтоосон байсан. 1999 онд Тэтгэврийн сангийн 19 хувийг бууруулаад өнөөгийн мөрдөж байгаа 14 хувь руу шилжүүлчихсэн.Тухайн үед Тэтгэврийн сан хэт их алдагдалд орно гэдгийг судлаачид хэлж л байсан. Шимтгэлийн 29 хувь гэдэг олон улсын дунджаас үзэхэд дундаас дээш түвшний хувь. 10 хувиар доош нь татдаг нь дундаас доош хувь болдог. Тэр үеийнхээр явсан бол Тэтгэврийн сан ийм их алдагдалд орохгүй байх боломж байсан. 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг батлан хэрэгжүүлээд эхлэхэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн 230 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан. Тэр хүмүүсийн тэтгэврийг шууд өнөөгийн шимтгэл төлж байгаа иргэдэд үүрүүлсэн. Тухайн үед бид энэ хүмүүсийнхээ тэтгэврийг улсын төсөв рүү авах хэрэгтэй гэдгийг хэлж байсан.1995 оноос хойш шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгө нь сандаа хуримтлагдаад явах боломж байсан. Мөн янз бүрийн хөнгөлөлтөө зогсоох хэрэгтэй байсан. Учир нь хүнд хортой халуун нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн эхэд таван жилийн өмнө тэтгэвэрт гардаг болгосон. Энд олгогдож байгаа мөнгө бол халамжийн шинж чанартай арга хэмжээ тийм ч учраас улсын төсөвтөө авах хэрэгтэй байсан. Энэ чинь ерөөсөө халамжийн бодлого шүү дээ. Харин тэдгээр хүмүүсээ 55 , 60 насанд нь Тэтгэврийн даатгалын санд шилжүүлэн мөнгийг олгох хэрэгтэйг судлаачид хэлж байсан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр халамжаас тэтгэвэр авагчид эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 насанд хүрэнгүүт Тэтгэврийн санд шилжүүлчих ёстой байсан юм. Өнөөдөр энэ хэрэгжээд явсан бол тэтгэвэрийн сан алдагдалд орохгүй байлаа. Өнөөдөр Тэтгэврийн санг төрийн санд нэгтгээд төсвийн дутагдсан эх үүсвэрийг агшин зуурт нөхөөд байдаг. Угтаа санхүүгийн зах зээл дээр чөлөөт эх үүсвэр нь эргэлтэнд орж өсч байх учиртай. Гэтэл төр маань Тэтгэврийн сангаа менежмэнтийн бодлогоор өсгөхийн оронд иргэдийнхээ халаас руу явах арга зам руу шилжиж байгаа юм.

-Сард 800 мянган төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодоход нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр иргэдэд гар дээр хэдэн төгрөг ирэх вэ?

-Сард 800 мянган төгрөгнөөс 10 хувиар шимтгэл суутгагдаж 80 мянган төгрөг төлж байсан. Одоо энэ жил иргэд шимтгэлээ 11 хувиар төлж байгаа. Жилдээ нэг хувиар нэмэгдэхээр 96 мянган төгрөгийг илүү төлж байна. Он гарангуут 11.5 хувь болохоор жилдээ 144 мянга төлөх болж байгаа юм. Даатгалын алтан зарчим байдаг. Хэн даатгуулна тэр хохирлоо нөхүүлнэ гэдэг. Манайд нөхөн даатгал гэх сонин зүйл гарч ирсэн. Эрсдэл үүссэний дараа даатгаж болдог юм уу? Дэлхийн даатгалын зарчимд байдаггүй зүйл яриад улс төрчид явж байх юм.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг илүү ихээр төллөө гэхэд иргэдэд ямар ашиг байна вэ?

-Нийгмийн даатгалд даатгуулж яваа хүн хэд наслахаа мэдэхгүй. Ирээдүйд ямар хэмжээний хувь хишиг хүртэхээ мэдэхгүй. Гэтэл амьдралын даатгалд даатгуулсан хүн бол гэрээн дээрээ тодорхой зааж болно. Өнөөдөр иргэд нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлээ хэдэн төгрөг болж ирээдүйд тэтгэврээ яаж тогтоохыг мэдэхгүй байна. Хуулийн хүчээр л иргэдийг нийгмийн даатгалд хамааруулж байгаа болохоос даатгуулагчдын сонирхлыг татсан хөшүүрэг энд алга.

-Тэтгэврийн санг баяжуулахын тулд нийгмийн даатгалын хувийг нэмж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар иргэд нэг хувийн шимтгэл нэмж төллөө гэхэд ирээдүйд авах тэтгэвэр нэмэгдэхгүй ээ гэдгийг баттай хэлж чадна.240 мянган төгрөгөөр цалинжиж байгаа хүний шимтгэлийг нэг хувиар нэмлээ. Тэр хүн 10, 20 жилийн дараа тэтгэвэр тогтоолгоход нэг төгрөг ч тэтгэвэр дээр нь нэмэгдэхгүй.

-Хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргаж байгаа нь санг алдагдалд оруулж байна гэж үзэж болох уу. Тэтгэврийн санг эргэлтэд оруулах боломж бий юу?

-Энэ бол Тэтгэврийн сангийн алдагдалд нэмэр болж байгаа нэг л хүчин зүйл юм.Төр засаг халамжийн бодлогоо нийгмийн халамжийн санаар дамжуулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь Тэтгэврийн сангийн хэмжээг нэмэгдүүлэхийг сайд нь ч, иргэд ч хүсч байгаа. Гэтэл цаана нь эх үүсвэр мөнгө гэж нэг зүйл хязгаарлаад байдаг. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдээс авах шимтгэлийг нэмж байгаа нь зохилтой арга хэмжээ биш. Тэтгэврийн даатгалын санд улсын төсөвөөс өгч болох дээр дурдсан эх үүсвэрийг гарган өгч санг мөнгөжүүлснээр Тэтгэврийн санг эргэлтэд оруулах боломжийг бага ч гэсэн нээж өгөх учиртай.

-Нийгмийн даатгалын шимтгэл цаашдаа бүр 20 хувь болно гэж яригдаад байгаа. Тэгэхээр бид нийгмийн даатгал төлөх гэж л ажиллаад байна уу гэлтэй?

-Нийгмийн даатгал таван төрлийн сантай. Таван төрлийнхөө дүнгээр л 20 биш бүр 29 хувьд хүрэх гэж байгаа юм. Үүний талыг нь ажил олгогч, нөгөө талыг нь даатгуулагч төлнө. Ингээд ирэхээр чадан ядан хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа ажил олгогчдод ирэх ачаалал нэмэгдэж ажлын байрны эсрэг чиглэсэн замыг засч байгаа юм.

-Тэгвэл ямар гарц байна?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдээ хоёр ангилах хэрэгтэй. 1995 оноос хойш цоо шинээр нийгмийн даатгалд даатгуулж яваа иргэдээ нэг хэсэг болгоод1995 оноос өмнөх шимтгэл төлж байсан хүмүүсээ нэг хэсэг болгоод ангилчих хэрэгтэй. 1995 оноос өмнө тэтгэврийн эрх үүссэн хүмүүст олгосон тэтгэврийн мөнгийг 100 хувь төр хариуцна. 1995 оноос хойш цоо шинээр шимтгэл төлж эхэлсэн иргэд 20, 30 жилийн дараа тэтгэврээ тогтоолгоход эх үүсвэр нь хуримтлагдчихсан байх болно. Өөрөөр хэлбэл тэд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явахад дөхөж очно.

Шимтгэл төлөгчдийн энэ их мөнгийг нийгмийн даатгалын байгууллага цааш нь хуримтлалаа үүсгээд санхүүгийн зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой. Монголын хүн ам 1960-1980 оны хооронд маш эрчимтэй өсч байсан. Тэр үеийн хүмүүс хөдөлмөр эрхлээд түрүүч нь тэтгэвэртээ гарч эхэлж байна. 1990 оноос хойш нэг хэсэг манай төрөлт буурсан. Тэр буурсан үеийн хүмүүс хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байна.Төрөлт өндөр байсан үеийн хүмүүс тэтгэвэр лүү шилжинэ. Тэгэхээр тэр цөөн хүний шимтгэлийн орлогоор тэтгэврийг өгч эхлэх гэж байна. Ингэснээр тэтгэврийн сангийн ачаалал улам ихэснэ. Тэтгэврийн сангийн мөнгө ч улам хомсдоно.


Categories
мэдээ нийгэм

Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсана гэв

Өнгөрсөн есдүгээр сард багш ажилчид цалингаа нэмэгдүүлэх талаар харьяа яаманд шаардлага хүргүүлж, жагссан. Тэд шаардлагын үр дүн бүрэн хэрэгжээгүй гэдэг шалтгаанаар ирэх даваа гарагаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам болон БСШУСЯ-ны гадаа жагсахаа мэдэгдээд байна.

Тодруулбал, өчигдөр МҮЭХ-ноос багш болон шинжлэх ухааны ажилчдын цалингийн нэмэгдэл одоог хүртэл олгогдохгүй байгаа талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Есдүгээр сард бидний хийсэн ажил хаялтын үр дүнд бид Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж ажил хаялтыг түр завсарлуулаад байсан. Гэсэн хэдий ч тэр хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй, байгуулсан гэрээ, хэлэлцээр хэрэгжихгүй байна. Есдүгээр сарын 14-нд манай үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам болон Засгийн газрын гаргасан саналыг үндэслэн хэлэлцээр байгуулсан. Үүнд энэ оны аравдугаар сарын 1-нээс багш болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Гэвч он дуусах гэж байхад уг нэмэгдэл ажилчдад олгогдоогүй байна” гэсэн юм. Мөн тэрбээр, нийслэлийн зарим сургуулиудын багш нар нэмэгдлээ дөнгөж авч эхэлсэн ч хөдөө орон нутаг болон нийслэлийн үлдсэн ажилчид аваагүй байна. Олон сарын турш бид цалинг нэмэгдүүлэх гэж гуйж, шаардаж явсан, гэвч ямар нэгэн үр дүнд одоог хүртэл хүрээгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Зэрлэгшсэн нохдыг устгажээ

Зэрлэгшсэн ноход гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал цөөнгүй гардаг. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад, зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаа талаар албаныхан ярьж байна. Тиймээс Хан-Уул дүүргийн IV, VIII, XI, Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулжээ. Дээрх хугацаанд нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрснээс 845.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ


Он гарснаар манай улс 49.4 мянган тонн нүүрс олборлож, 41.9 мянган тонныг нь борлуулжээ. Үүнээс 33.4 мянган тонныг нь экспортод гаргаад байна. Ингэснээр нүүрснээс 845.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Коксжих нүүрсний дундаж үнэ дэлхийн зах зээл дээр өнгөрсөн сард 138.5 ам.доллар байжээ. Харин эрчим хүчний нүүрснийх 32.69 ам.долларын ханштай байсан байна. Энэ онд уул уурхайгаас улсын төсөвт 1.7 их наяд төвлөрүүлэхээр зорьсноос төлөвлөгөө давж биелж 1.9 их наядад хүрлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулна

Шатахууны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж, иргэдийг бухимдуулж, Засгийн газрыг шахамдуулсаар жилийн нүүрийг үзжээ. Онцгой албан татварыг тэглэж, импортлогчдод найр тавьсан ч тэд үнээ нэмсээр иргэдийн өргөн хэрэглээний шатахууны үнэ 2000 төгрөгт хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн сард улсын хэмжээнд АИ 80 шатахууны дундаж үнэ 1931, АИ 92 2068, АИ 95 2342, ДТ 2443 төгрөгийн үнэтэй байжээ.

Харин сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурч “Брэнт” маркын газрын тос гэхэд 56 ам.доллар руу унасан. Ингэснээр манай улсад шатахууны үнэ буух боломж үүссэн юм. Засгийн газраас ч тэр энэ тал дээр анхаарч, шатахуун импортлогчидтой тохиролцож, иргэдийн өргөн хэрэглээни АИ 92 төрлийн шатахууны үнийг энэ сарын 7-ноос эхлэн 100 төгрөгөөр, цаашлаад дахин 100 төгрөгөөр буулгахаар болсон. Тэгвэл нийслэлд АИ 92 1886, АИ 95 2328, ДТ 2377 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт Дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана

“Мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдан 10 удаа ялсан (9 КО) Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг болох ажээ.

Энэ тулааны талаар дуулгахад: “Төгсцогт-Маррерогийн “дуэль”-д хэн ялсан нь IBO буюу International Boxing Organization холбооны 57,2 кг -ийн эзэнгүй байгаа Дэлхийн аварга цол бүсийг эзэмших юм. Энэ тухай IBO албан ёсоор мэдээллээ. Мөн дараа нь WBC-ийн Дэлхийн аваргын цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй ч болно “ хэмээн АНУ дахь “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээллээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “KING TUG” Нямбаярын Төгсцогт 2019 оны нэгдүгээр сарын 26-нд WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдах тулааны талбар нь “Өндөр чацтай хот” Нью Йоркийн НБА-ийн ” “Бруклин Нэтс”,НХЛ-ийн “Нью Йорк Айлендерс” багуудын тоглолтоо хийдэг 17 000 хүний суудалтай алдарт “Barclays Center” ордон юм.

Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Америкийн баруун эргийн 17:00 цагаас FOX ТВ сувгаар шууд дамжуулна. Энэ оройн гол тулаан нь WBA-гийн 66,8 кг-д Дэлхийн аваргын төлөөх Кэйт Турман-Хосесито Лопес нарын тулаан байх бөгөөд энэ оройн тулааны тасалбар 57$-757$ үнэтэй ticketmaster.com -оор зарагдаж байгаа аж.