Categories
мэдээ спорт

Бүх ард түмний спортын ХV наадмыг зохион байгуулна

БСШУС-ын тушаалаар 2019 онд Монголын бүх ард түмний спортын ХV наадмыг өвлийн төрлөөр Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Спортын наадмуудыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийлээ. Зохион байгуулах хорооны хурлаар Бүх ард түмний спортын XV, Хүүхдийн спортын VI наадам зохион байгуулах нэгдсэн зааврыг хэлэлцэн баталлаа.

Биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэх, хүүхэд залуусыг уриалах, биеийн тамир, спортын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой наадмуудын зохион байгуулах хороог БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр даргалдаг бөгөөд наадмыг онцлог байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хонины махны дундаж үнэ 7100 төгрөг байна

Нийслэлийн хэмжээнд хонины ястай мах килограмм нь дунджаар 6733, хонины цул мах 7100 төгрөг байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.76 хувиар буюу 78 төгрөгөөр өсчээ. Үхрийн цул мах “Меркури” зах дээр хамгийн үнэтэй буюу 12000 төгрөг байгаа бол “Хархорин” зах дээр хамгийн хямд буюу 9500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин “Хүчит шонхор” зах дээр 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн статистикийн газрын үнийн судалгаагаар адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.16 хувиар буюу 75 төгрөгөөр өссөн, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.85 хувиар буюу 100 төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын урамшууллын азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр буюу 12 дугаар сарын 23-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баяраар анхаарах зүйлс

Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан дээрэмдэх гэмт хэргийн тоо нэмэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Тухайлбал, иргэдийг шинэ жилээ тараад явж байхад нь эд зүйлсийг нь булааж зугатах, таксинд суусан иргэнийг дээрэмдэх гэх мэт гэмт хэргийн тоо энэ сард нэмэгдсэн байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас салют буудуулахаас зайлсхийх, архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнээ архи, согтууруулах ундаагаар шахахгүй байхыг зөвлөлөө. Түүнээс гадна баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор Томуу, томуу төст өвчин, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг.

Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших хэрэгтэй. Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, шошгыг нягтлах, хоол хүнсний хадгалалт, ялангуяа өндөг, өндгөн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдэд аливаа өвчний шинж тэмдэг /халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөсөн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Эрдэнэбаяр: Хямд импортлосон шатахууныг худалдаанд гарахаас өмнө үнэ буулгах арга хэмжээ авсан

Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Роснефьттэй гэрээ хийхдээ шатахууны үнийг буулгасан гэх мэдээллийг танай газраас өгсөн. Тонн тутамд нь хэдэн ам. доллараар буулгасан бэ?

-“Роснефьт” импортлогч компаниудтай таван жилийн урт хугацааны тогтвортой байдлын гэрээ хийдэг. Энэ гэрээ анх 2014 онд хийгдэж байсан. Сингапурын хөрөнгийн бирж дэх үнийг үндэслээд “Роснефьт” компани тухайн сарынхаа үнийг бидэнд өгдөг. Бирж дээр ханш нь 80 ам доллар болон өсөхөд Роснефьт үнээ өсгөж байсан бол сая үнэ нь буурахад дагаад үнээ бууруулж байна. Энэ л гол зарчим нь юм. Өнгөрөгч тавдугаар сард болсон Санктпетербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гэрээгээ шинэчилж, 2023 он хүртэл хугацааг нь сунгасан. Сингапурын хөрөнгийн бирж дээрх үнийг үндэслэж Роснефьт компани өөрийн үнээ тогтоодог. Он гарсанаас хойш дэлхийн зах зээл дээрх баррель тосны үнэ байнгын өсөлттэй байлаа. Аравдугаар сарын сүүл арваннэгдүгээр сарын эхээр газрын тосны үнэ бууралттай орж ирсэн. Тонн тутамдаа 80 гаруй ам доллар байсан бол өдгөө 59 ам долларын үнэтэй байна. Арванхоёрдугаар сарын эхэн үеийн үнэ бол арваннэгдүгээр сарын 25-31 хүртэлх нь “Роснефьт”-ээс орж ирсэн үнэ. 80 гаруй ам доллар байсан үнэ нь өнөөдөр 60 орчим ам доллар болсон. Өөрөөр хэлбэл тонн тутамдаа 88-144 ам доллар болж байгаа гэсэн үг юм.

-Тонн тутамд нь буулгасан энэ үнийн бууралт шатахууныг үнийг хэдэн төгрөг болгож буулгах боломжийг бүрдүүлж өгч байгаа вэ?

-Тонн тутамд буурсан үнэ бол мэдээж шатахууны үнэд нөлөөлнө. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ахалдаг Үнийн хамтарсан зөвлөл гэж бий. Үнийн хамтарсан зөвлөл хуралдаж гадаад зах зээл дээр жижиглэнгийн үнэ буурсан тохиолдолд дотоод зах зээл дээр ч үнийг буулгана гэсэн зөвлөмж өгсөн. Үүний дагуу энэ сарын долооны өдрөөс эхлээд нийслэл орон нутаг гээд бүхий л хэмжээнд АИ-92 ийн жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр буулгасан. Өөрөөр хэлбэл буурсан үнийн дүнгээс хамаарч ийм хэмжээний бууралт жижиглэнгийн шатахуун дээр гарч байгаа гэсэн үг.

-Хямдруулсан түлшээ худалдаанд гаргаж эхэлсэн үү?

-Хараахан эхлээгүй байна. Одоогийн тухайд өнгөрсөн сард импортолсон бүтээгдэхүүн зах зээл дээр худалдаанд гарч байгаа. Арванхоёрдугаар сарын бүтээгдэхүүн сарын дунд, дундаас хойш орж ирнэ. Тэгэхээр ирэх оны нэг сараас худалдаанд гарч эхэлнэ. Түүнээс наана арга хэмжээ авахын тулд үнийг 100 төгрөгөөр бууруулан ажиллаж байгаа юм.

-Шатахууны үнийн өсөлттэй холбоотой таамаг байна уу?

-Шатахуун гэдэг бол стратегийн онцгой бүтээгдэхүүн. Үнэ ямар байх нь дэлхийн зах зээлтэй уялдаатай байдаг. ОПЕК-ийн холбооны гишүүд, Ираны хориг арга хэмжээ гээд АНУ тэргүүтэй газрын тос олборлогчдын тоглолтууд үнэд нөлөөлж байдаг. Өнгөрөгч оны сүүлээр Роснефьт компани газрын тосны үнийг баррель тутамдаа 55-60 орчим ам доллар байх болов уу гэж төсөөлж байсан. Гэтэл одоо 80 орчим ам долларын үнэтэй байх жишээтэй. Бидний хувьд шатахууны үнэ цаашдаа 60 орчим ам долларын ханштай байх болов уу гэсэн таамагтай байгаа. Саяхны Ираны хориг арга хэмжээ, ОПЕК олборлолтоо нэмэгдүүлэх эсэх, ам долларын ханш зэрэг нь шатахууны үнэд мэдрэгдэхээр нөлөө үзүүлнэ.

-Ам.долларын ханшийн өсөлт шатахууны үнэд айхавтар нөлөөлнө гэж эдийн засагчид хэлж байна. Ногоон валютын ханш чангарвал шатахууны үнэд хэр нөлөөлөх бол?

-Шууд жишээ авч үзвэл нэг ам.долларын ханш 2630 орчим төгрөг, нэг литр дизель түлшний үнэ 2400 төгрөг орчим гэж бодъё. Энэ хоёр үнийн харьцаа маш ойрхон байгаа биз. Тэгэхээр долларын ханш гучин төгрөгөөр нэмэгдлээ гэж бодоход шатахууны үнэ литр тутамдаа хорь орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Харьцуулсан дүгнэлтээр үнэ нь өөрөө ойролцоо байна. Үүнийг бол эдийн засагчид тооцолно.

Манайд одоогоор хэдэн өдрийн шатахууны нөөц байгаа вэ?

-Одоогоор АИ80, АИ 92, дизель болон онгоцны түлш гээд нийтдээ хорь орчим тонн буюу 30 хоногийн нөөц байна.

-Шатахууныг нөөцлөхөд шаардлагатай агуулах сав дутмаг гэх асуудал яригддаг. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Компаниуд өөрсдийн хувийн агуулах савтай. Улсын эзэмшилийн агуулах савны хэмжээ бага шүү дээ. Бид нийт багтаамжийнхаа хэмжээг тооцоолохоор ажиллаж байна. Монгол Улсын шатахууны жилийн хэрэгцээ 1.5 орчим сая тонн байдаг. Энэ жилийн хувьд 1.6 сая тонн байлаа. Хувь, хувьсгалын гэлтгүй улсын хэмжээнд ашиглах боломжтой нөөцийн савны хэмжээг тодорхой болгохоор ажиллаж байна.

Э.МАРАЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг хийсэн ажлынх нь төлөө яллах бус зөв зарчмаар ёс зүй рүү нь хөтлөх хэрэгтэй

-ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 10 САРД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН “ГҮТГЭХ” ЗААЛТАД ҮНДЭСЛЭН 180 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН-

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Өдөр тутмын сонинуудын холбоо зэрэг 10 гаруй байгууллагууд “Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмж”-ийг хууль тогтоох байгууллагад өргөн барих талаар хэлэлцлээ.

Учир нь сэтгүүл зүйн салбар дахь ажилчдын мэргэжлийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхийг Зөрчлийн хууль зөрчиж байгаа аж. Энэ хууль батлагдан, мөрдөгдөж эхлээд нэг жил зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд сэтгүүл зүйн эрх үүргийг үндэслэлгүйгээр зөрчиж, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсдыг хууль, хяналтын байгууллагад зүй бусаар шалгуулж, эдийн засгийн аргаар цензурдэх нөхцөл бүрдээд байгаа гэнэ.

2018 оны эхний арван сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн сэтгүүлчдэд хамаатай хэсэг болох 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчлөөр 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, хоёр хуулийн этгээдийг 118 сая төгрөгөөр торгосон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийг хүчингүй болгож, иргэний нэр, нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг илүү нарийвчлан тодорхойлж, Иргэний хуулиар шийдвэрлэдэг болгохыг санал болгож байгаа аж. Зөвлөмжид ирсэн хэвлэл мэдээллийн төлөөллүүд “Сэтгүүлчдэд мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд дарамт, саад учруулж байна. Зөрчлийн тухайн хуулийн 6.21 дүгээр заалт нь дотоодын болон олон улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байгаа. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос “Сэтгүүлчид айх айдасгүй мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах ёстой” гэсэн заалт бүхий зөвлөмжийг 2015 онд манай улсад ирүүлсэн үүнийг зөрчсөн байдаг. Эрх зүйн хувьд гүтгэх, доромжлох гэсэн хоёр ялгаатай ойлголтыг нэгтгэж, нэг өгүүлбэрээр энэ хуульд оруулснаар хуулийн оноож болох шийтгэлийн цар хүрээг ерөнхий болгосон. Түүнчлэн, хэргийг хянан шийдвэрлэж байгаа байгууллага нь улс төр, эдийн засгийн аливаа ашиг сонирхол, нөлөөллөөс хараат бус байх ёстой гэсэн хэм хэмжээг зөрчиж байна. Яаж гэхээр цагдаагийн холбогдох албан тушаалтан буюу Засгийн газрын хамаарал бүхий этгээд үзэмжээрээ тухайн асуудлыг гүтгэлэг эсэхийг нь шийдэн мөнгөн торгууль оноох боломжийг нээж өгсөн. Харин оноож байгаа шийтгэл нь оновчтой, хохирлын үр дагаврыг нь харгалзсан байх ёстой. Гэтэл цагдаа л хэргийг гүтгэлэг гэж үзсэн бол шууд мөнгөн торгууль онож байна. Өөрөөр хэлбэл, гарч байгаа үр дагаврыг нь тооцож үзсэн хуулийн зохицуулалт байхгүй болчихоод байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн гүтгэх гэсэн заалт нь ерөөсөө болохгүй байна гэж үзээд байгаа юм. Үүнийг өөрчилж хасах, оронд нь Иргэний хуулиар болон хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтаар, дотооддоо үүсэх асуудлыг шийдэх нь зүйтэй” гэж үзэж байгаа аж.

Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Сэтгүүлчийн үйл ажиллагааг сэтгүүл зүйн салбарын талаар ямар ч ойлголт байхгүй цагдаагийн албан хаагч хянаж, шийдэн торгож байна. Гэхдээ бидний зүгээс гаргаж буй энэхүү зөвлөмжийг мэргэжлийн хууль хяналтын байгууллага шууд хүлээж аван, хэрэгжүүлнэ гэдэгт чин үнэнийг хэлэхэд итгэхгүй байна. Гэвч бид өөрсдийн үндэслэл, шаардлага, хэрэгцээг илэрхийлэх ёстой” гэв.

Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Зөрчлийн хууль нь сэтгүүлчдэд хэрхэн нөлөөлөөд байгаа юм бэ?

-Зөрчлийн хууль нь нийгэмд маш их алдаа, завхралыг бий болгож, олон зүйл дээр энэхүү хуулийг буруу гэдгийг нотлон харуулж байгаа. Тиймээс энэ хуулийн бидэнд хамаарах хэсгийг өөрчлүүлэх хэрэгтэй байна. Ердөөсөө Зөрчлийн хууль нь хэвлэл мэдээллийнхний суурь асуудал болчихоод байгаа. Хэвлэлийн хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүл зүйн хөгжлийн асуудал, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хамгаалж үлдэх зэрэг маш олон асуудал, эрх ашиг энэ цэг дээр ирээд гацчихаад байна. Үүнийг цаашаа хэрхэн залахаас салбарын хөгжил, суурь яригдана. Гүтгэх, доромжлох гэдэг асуудлыг шийдэхдээ хэвлэл мэдээллийн зөвлөлийн асуудлыг суурь болгож ярих ёстой. Энэ нь бидний асуудлыг эрүү, иргэн, зөрчлийн хуулиар шийдэх бус сэтгүүл зүйн салбарт өөрт нь үлдээж болох юм гэдэг чиглэлийг баримтлуулах юм. Түүнээс биш бид чонын амнаас гараад барын аманд орно гэдэг шиг, Эрүүгийн хуулиар бидний асуудлыг шийдээд байгаагийн төлөө 10 жил тэмцчихээд дараад нь Зөрчлийн хуулиар шийдэгддэг болж болохгүй. Энэ нь эдийн засгаар дарамталдаг, шүүхгүйгээр цааз сонсгодог илүү том мангастай тулгаруулснаас ялгаагүй. Тэгэхээр энэ асуудлыг Иргэний хууль руу оруулчихдаг. Гэтэл Иргэний хуулиар ТВ8 телевиз 100 сая төгрөгөөр торгуулчихсан. Одоо энэ өр нь нэхэгдээд байгаа. Яг ийм нөхцөлд орох тул хуулийн зүйл заалтаа зөв болгох тал дээр чамбай хандахгүй бол болохгүй байна.

-Сэтгүүлчдийн хувьд гүтгэж доромжлохгүйгээр бичиж болдоггүй юм уу. Эсвэл ёс зүйн зөрчлөөсөө болоод торгуульд өртөөд байна уу?

-Мэдээж, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа сэтгүүлч бусдыг гүтгэж, доромжилж, гутааж болохгүй. Үүнийг сэтгүүл зүйн салбарынхан бүгд мэднэ. Гэхдээ алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хуулийн дагуу тодорхой хариуцлагаа хүлээх л ёстой. Гэхдээ шийтгэх гэж байна гээд сэтгүүлчийг шууд хоёр саяар, хэвлэл мэдээллийн байгууллагыг нь 20 сая төгрөгөөр торгоод байна. Үүний цаана алдаа гарч байгаа. Бид зөвхөн сэтгүүлчдээ өмөөрөөд байгаа юм биш. Гэвч, үнэндээ хүссэн улстөрч, бизнесмэн, байгууллага нь чи намайг гүтгэсэн гэдэг үндэслэлээр сэтгүүлчийг эдийн засгийн аргаар боомилж, дууг нь хураах гэсэн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм байдалд орж, торгуулж байгааг бид мэдэж байгаа. Сэтгүүлчийг хоёр удаа Зөрчлийн хуулийн дагуу торгоход хагас жилийн цалингаа алдах хэмжээнд хүрдэг бол хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр нэг л удаа торгоход багахан шиг бүрэлдэхүүнтэй редакц хаалга барихад хүрдэг. Сонгууль ойртох тусам энэ асуудал улам аймшигтай болно. Тиймээс мэдэх эрхийнхээ төлөө үүнийг яг одоо л шийдэх хэрэгтэй.

-Таны бодлоор гүтгэх гэсэн заалтыг Зөрчлийн хуулиас авчихлаа гэж бодоход өөрөөр яаж шийдэх боломж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын салбар энэ асуудлыг шийдвэрлээд явах боломж бий. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр дамжуулан сэтгүүлчийн гаргасан алдаа, ёс зүйн зөрчлийг нь зөвөөр шийдэж болно. Заавал үүнийг Эрүүгийн эсвэл Зөрчил, Иргэний хуулиар шийдвэрлэх ёсгүй. Иргэний хуульд бусдын нэр хүндийг гутаах юм бол гэсэн зүйл заалт бий. Энэ нь өнөөдрийг хүртэл хэрэгжээд л явж байгаа. Тэгэхээр бид өөрсдөө санаачлан “гүтгэх, доромжлох” гэдэг үгийг энэ хууль руу хийх санаачилгыг гаргаж болохгүй. Мөн Эрүүгийн хууль руу үүнийг буцааж оруулахаар бол хатуу тэмцэл хийх хэрэгтэй.

-Өөрийн зохицуулалтаараа явахаар ёс зүйгүй сэтгүүлч алдаа гаргаад байвал яах вэ?

-Чөлөөт хэвлэл өндөр хөгжсөн орнуудад ёс зүйн зарчмаа сахихгүй байгаа сэтгүүлчид зах зээлийн зарчмаараа нэр хүндээ алдаж, салбараасаа аажмаар шахагддаг. Хэрэв сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлахгүй байгаа нь хэвлэл мэдээллийн зөвлөлөөр тогтоогдох юм бол тэр сэтгүүлчийн бичсэн, нийтэлсэн зүйлд хүн итгэхгүй болж, олон нийт бичсэн зүйлийг нь хүлээж авахгүй. Энэ зүйл нь сэтгүүлч хүнд ногдуулж буй хамгийн том шийтгэл. Үүнийг яагаад заавал хууль, эрүүгийн зарчмаар шийдэх ёстой гэж. Сэтгүүлчдийг хийсэн ажлынх нь төлөө яллах бус зөв зарчмаар ёс зүй рүү нь хөтлөх хэрэгтэй байна.

-Сэтгүүлчид шийтгүүлэн санхүүгийн дарамтад ороод ирэхээр энэ салбарын төлөөлөл болох танд ямар бодол төрж байна вэ?

-Албан байгууллагаа 20 сая төгрөгөөр торгуулахгүйн төлөө хувь сэтгүүлч өмнүүр нь орж хоёр сая төгрөгөөр торгуульж байна. Тэгэхээр хувь сэтгүүлчийн нэр хүнд, халдашгүй дархан байдал, мэргэжлийн онцлог болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ асуудал дээр хатуу байр суурьтай байхгүй, жаахан хугацаа алдах л юм бол сэтгүүл зүйн салбар буруу зүг рүү явах гээд байна. Гэхдээ сэтгүүлч баримтгүйгээр нийтэлж, нотлохгүйгээр хүн шүүмжилж болохгүй.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хагацашгүй

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хагацашгүй” хэмээх шинэхэн роман хэвлэгдэж, олны хүртээл болоод удаагүй байгаа. Тэгвэл энэхүү романыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. 1937 оны хэлмэгдлийн үед үйл явдал нь өрнөх тус романд монгол бүсгүйн үнэнч хайрын тухай өгүүлсэн агаад бодит хүний намтраас сэдэвлэн бичжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийг 1990-ээд оны эхээр Эрхүү хотод сурч байхад ангийнх нь нэгэн орос охины эмээ нь хэлмэгдсэн нөхрөө хайж очоод тэндээ орос хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэй гэдгийг сонссоноо роман болгон бичсэн нь энэ аж.

“Амраг хосуудыг хагацуулж, алаг үрсийг өнчрүүлж, айл гэрийг нулимсан далайд живүүлсэн аюулт хэлмэгдлийн хядлага эхлэхээс хоёр жилийн өмнө, хөхөгчин гахай жилийн зуны тэргүүн сарын тэр нэгэн бүрхэг өдөр сэтгэлд минь тов тодхон байна. Би тэгэхэд дөнгөж 17 настай байлаа…”хэмээн гол баатар Сүнжидмаагийн дурсамжаар зохиол эхэлдэг.

Тэр жилийн зун Сүүжийн голын хөндийг шар эрвээхэйн зуд нөмөрсөн байлаа. Сүнжидмаа тэр зуны нэг өдөр тугалаа шавраас гаргах гэж яваад зохиолын гол дүр болох цэргийн дэслэгч Чулуунтай таардаг. Анхны харцаараа Чулуунд сэтгэлтэй болж түүнийгээ мөрөөдөн өдөр хоногийг өнгөрөөсөөр зохиолын үйл явдал өрнөдөг. Тухайн үед Сүнжидмааг ээж нь баян тайжийн хүүгийн эхнэр болгохоор шийдэж, түүнтэй гэрлэхийг ятгасаар тэдний хуримын өдөр товлогддог. Сүнжидмаа хайргүй хүнтэйгээ гэр бүл болохгүйн тулд хуримын өмнөх өдрөө зугтсанаар түүний амьдрал орвонгоороо эргэсэн гэхэд хилсдэхгүй. Хайргүй хүнээсээ зугтаж, ижийгээ ганцааранг нь орхиод явах түүнд амар байсангүй. Сүнжидмааг хотод очих хамаатан садан байхгүйг Чулуун мэдсэнээр гэртээ авчирдаг.

Сүнжидмаа хотод ирж ажилд орон Чулууны амьдардаг хашааны эзний нэг өрөөг түрээслэн суудаг ч удалгүй нутагтаа орхиод ирсэн ээжийнх нь бие муудан тэрээр нутаг буцах болдог. Түүнийг нутагтаа ирсний дараа ээж нь амьсгал хурааснаар Сүнжидмаа хорвоо дээр ганцаараа үлддэг. Нутгийн панзчин Дүвжирийг Сүнжидмаагийн аав гэдгийг нутгийнхан хар багаас нь л түүнд хэлсэн байдаг.

Ижийгээ нутаглуулаад гэртээ ирэхэд түүний аав болох Дүвжир панз ирж уулздаг. Өнгөрсөн бүх болсон явдлыг охиндоо тайлбарлаж, түүнд нууцаар хураасан алт, мөнгөн эдлэлийг өгч охиноо нийслэл рүү гаргаж өгдөг. Сүнжидмааг нутаг руугаа явсныг дуулаад Чулуун түүнийг үгүйлж хайртай болсноо мэддэг. Үүгээр тэдний аз жаргалт өдрүүд басхүү олон сэтгэл эмтлэм зүйлийн эхлэл тавигддаг юм. Гэвч тэдний хайр сэтгэл хэлмэгсдийн шуурганд өртсөн олон зуун гэр бүлийн нэг нь болдог. Зүүд зэрэглээ мэт өнгөрсөн өдрүүд нэг л өдөр орвонгоороо эргэнэ. Тэр л өдрөөс Сүнжидмаа хайртай хүнтэйгээ уулзахын тулд олон бартаат замыг туулж эхлэх болдог юм. Хайр сэтгэлийнхээ төлөө хол нутгаас хэн ч танихгүй хотод ирсэн нь түүний хувьд эмэгтэй хүнээс гарамгүй зориг. Бүсгүй хүний зориг тэвчээр, үнэнч сэтгэл хичнээн хүчтэй гэдгийг харуулахаас гадна хэлмэгдүүлэлтийн хар шуурга олон хүмүүсийн хувь заяаг хэрхэн өөрчилснийг “Хагацашгүй” роман тод томруун харуулжээ.


Categories
мэдээ цаг-үе

Лимбэний тенор Димаш

Өнгөрсөн жил Хятадад зохиогдсон “Би дуучин” нэртэй олон улсын дуучдын уралдаанд Казахстаны оролцогч Димаш Кудайберген гэх залуу оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Арван шаттай уг уралдааны турш Димаш Хятадыг тэр чигээр нь байлдан байгуулж олон сая шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Тэрээр тус улсын алдартай бүхий л телевизийн шоунд уригдан оролцож хоолойныхоо цар хүрээг гайхуулж, Азийн шинэ од гэх тодотголыг олж авсан юм.

Димаш Кудайберген доод өнгөнөөс дээд өнгө хүртэл зургаан өнгөөр чөлөөтэй, гайхалтай дуулдаг нь олон хүнийг бишрүүлдэг. Оросын дуучин Витасыг хүмүүс мэднэ. Дээд өнгөөр ямар гайхамшигтай дуулдаг билээ. Гэтэл Хятадын “Би дуучин” шоуны үеэр Димаш Витасын “Опера 2” дууг дуулсанд Витасын менежерүүд ихэд дургүйцэж дуучныхаа дууг дахин дуулахгүй байхыг хатуу сануулсан юм. Энэ үйл явдал нь түүний рейтингийг улам өсгөж, олон улсын хараанд өртүүлсэн гэж болно.

Димаш, Витас хоёрыг харьцуулсан мэдээлэл их тархаж, “Витасын хоёр дахь хувилбар нь Димаш” гэх шүүмжлэгчид ч гарч ирсэн юм. Харин үүнд Димаш ихэд дургүйцэж “Би зөвхөн өөрөөрөө, өөрийнхөө л байдаг. Хэнийг ч дуурайдаггүй. Энэ бол надад байгалиас заяасан хоолой” гэсэн тайлбар хийсэн юм. Димашийн дуулж байгаа дуунууд нь өөрийнх нь хоолойны өнгө, цараанд нягт таарсан бөгөөд оргил болон төгсгөл хэсэгтээ хоолойныхоо чадлыг илтгэж дээд өнгөөр дуулахдаа амьсгалаа ч сурмаг удирдаж чаддаг нь мэргэжлийн хүмүүсийн зүгээс өндөр үнэлгээ авдаг. Дууны үг нь ухаарал, харамсал, гомдол, хайрыг илэрхийлсэн байдаг нь хоолойны өнгөтэй нь яв цав нийлнэ. Түүний дуулахыг сонссон үзэгчид нулимс дуслуулах нь энгийн үзэгдэл. Димаш ч дуулахдаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулахаа мэдэх бөгөөд жүжиглэлт, биеийн хөдөлгөөнөө дууны өргөлттэйгөө тааруулдаг. Тиймээс ч түүнийг “Шоу”-ны дуучин гэх нь бий. Учир нь Димаш дэлхийн аль л алдартай шоу байна, тэр болгоны тайзан дээр гарч гайхамшигт дуу хоолойгоо хүргэсээр, дэлхийг бишрүүлсээр явна. Дэлхийн алдартай продюсер Саймоныг манайхан “Х Fac­tor” шоуны шүүгч гэдгээр нь мэднэ. Димаш Саймоны өмнө тайзан дээр гарахдаа ч өнөө л өөртөө итгэлтэй байдлаараа, хоолойны цараа гайхуулан дуулахад үзэгчид нам гүм болж, нулимсаа арчицгаажээ. Хатуу, чанга гэдгээрээ олон хүнээс зэмлэл хүртдэг Саймон шүүгч хэдийнэ мэлмэрчихсэн сууж Димашийн хоолойг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн юм.

Димашийн гадаад төрх, биеэ авч яваа байдал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж К-поп буюу Солонгосын поп хамтлагуудын гишүүн залуусыг санагдуулам болсныг “Мэс засал хийлгэсэн” гэж тайлбарлах хүмүүс ч бий.

Аав ээжтэйгээ

Димаш Кудайберген 1994 оны тавдугаар сард Казахстаны Актобе хотод төржээ. Аав Канат Кудайберген, ээж Светлана Айтбаева нар нь дуучин бөгөөд аав нь хотынхоо Соёлын ордны дарга, ээж нь “Актобе” чуулгын дуучнаар ажилладаг аж. Урлагийн гэр бүлд өсч төрсөн хүүхдүүдийн орчин нь тэр чигээрээ дуу хөгжим байдгийн адил Димашийн бага нас ч тэр хэмнэлээр өнгөрч, зургаан настайдаа төгөлдөр хуурын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож, арван настайдаа бүсээсээ шалгарч байжээ.

Түүний дуучны замнал 16 настайгаас нь тавигдсан бөгөөд 2010 онд “Baikonur of Voice” олон улсын наадмаас алтан медаль хүртэж, 2012 онд “Жас Канат” үндэсний уралдаанд түрүүлжээ. Тэр жилдээ Дорнод Базарын телевизийн тэмцээнд түрүүлж жилийн дараа Азийн фестивалиас шилдэг дуучны шагнал хүртжээ. Димаш төрөлх хотынхоо хөгжмийн коллежийг 2014 онд төгсч Казах үндэстний урлагийн их сургуулийн Жазз хөгжмийн тэнхимд элсэн орсон байна. Сургуулийнх нь багш нар “Димаш зургаан октаваар дуулдаг. Манай шавийн хоолойг Лимбэний тенор гэдэг юм” гэж бахархан ярьжээ.

Аав ээж нь Казахстаны олны танил дуучид бөгөөд хүүгийнхээ авьяасыг багаас нь хөгжүүлж тэмцээн, уралдаан бүрт дэргэд нь байж дэмждэг юм байна. Димаш аль хэдийнээ тоглолтоо Астанд тавьж, аялан тоглолтоор яваад амжсан бөгөөд Азийн хөгжмийн наадмын “Азийн шилдэг дуучин” шагналыг хүртээд байна.

Өргөн цар хүрээтэй, зургаан октавтай хоолой нь баритон хоолойны хамгийн доод цэг хүрч, тэгснээ дээд сопранд хүрдэг болохоор Казахстаны дуурийн томчуул Димашт дуурийн театртаа дуулахыг санал болгоход орчин үеийн хөгжмөөр карьераа өсгөнө гэж сонгодог урлагаас татгалзжээ. Казахын уламжлалт хөгжмийн элементүүдийг, поп хөгжимтэй хамтатгаад казах, орос, англиар дуулдаг бөгөөд одоогоор мандарин хэл сурч байгаа гэнэ. Димаш “Би Казахстаныг дэлхийд танилцуулахыг хүсч байна” гэсэн нь нутаг нэгтнүүдийнх нь сэтгэлд нийцдэг аж.

Эцэг эх нь өвөө эмээтэй нь хамт амьдардаг байсан нь Димашийн хүмүүжилд эерэгээр нөлөөлж казахын уламжлалт зан заншлын дагуу түүнийг маш хүмүүжилтэй нэгэн болж өссөнийг эргэн тойрныхон нь ярьдаг юм байна. Эмээ нь биологийн багш бөгөөд залуудаа дуулдаг нэгэн байжээ. Харин өвөө нь домборчин. Димашийн аав ээж нь казах хэлээ сайн мэддэг бөгөөд домбор зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгээр гарамгай тоглодог юм байна. Димашийн аав ээж нь тоглолт хийхэд Димашийг өвөө эмээ нь дагуулж очоод тоглолтыг нь заавал үзүүлдэг байсан нь өөрийг нь урлагийн хүн болгох замыг тавьсан гэж үздэг юм байна. Димаш “Эмээ, өвөөтэйгөө хамт суугаад харж биширдэг байсан тайзнаа одоо гарч дуулж байгаадаа үргэлж баярладаг юм. Тийм ч болохоор би тайзандаа мөргөж, талархаж байгаагаа үргэлж илэрхийлдэг” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Доктор С.Эрдэнэмаам: Орос хэлний мэргэжлээр дөч гаруй жил ажиллаж байна даа

Орос хэлээр овоглосон С.Эрдэнэмаам, С.Галсан нар

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэл, арга зүйн тэнхимийн профессор, хэл бичгийн ухааны доктор Сосорбарамын Эрдэнэмаамтай уулзаж хөөрөлдлөө.Тэрээр 1971 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1972 онд ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийн бэлтгэл факультет, 1977 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, 1995 онд Москва хот дахь А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын аспирантурыг эчнээгээр тус тус төгссөн, “Хэл судлаач-орос хэл, уран зохиолын багш” мэргэжилтэй нэгэн аж. С.Эрдэнэмаам 2007 онд Монгол Улсын Боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогджээ. Эдүгээ тэрбээр БСШУСЯ-ны дэргэдэх ЕБС-ийн сурагчдын орос хэлний олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга, Боловсролын үнэлгээний төвийн тест боловсруулах багийн эксперт. 1996 оноос МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.


-Таныг Монголын сэхээтнүүд “Орос хэлний Эрдэнэмаам” гэж тодорхойлдог. Ингэхэд ус нутаг хаанахынх билээ?

-Би Баянхонгор аймгийн Жинст суманд 1954 онд төрсөн хүн. Манай нутаг говьтой, талтай сайхан газар. ЗХУ-д 1977 онд сургууль төгсөж ирүүтээ Монгол Улсын их сургуульд доктор С.Галсан багшийн тэнхимд багшаар хуваарилагдан дөрвөн жил ажилласан. Түүнээс хойш дөчин нэгдэх жилдээ орос хэлтэй зууралдаж байна. Тиймээс “орос хэлний” гэж тодотгох болсон юм бол уу даа. (инээв) БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зохиолч Дондогийн Цэвэгмид гуайн нарийн бичгийн даргаар 1981-1988 онд ажиллалаа. Даргыг тэтгэвэрт гарахаар 1987-1989 онд МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст зааварлагчаар очлоо. Тэгж байтал ч цагаан морин жил болж ордныг гороолоод эхэлсэн.

-Д.Цэвэгмид гуайг монголчууд Монгол Улсаа НҮБ-д элсүүлэхэд хичээнгүйлэн зүтгэсэн тэргүүний сэхээтэн гэдгийг мэднэ. Тэр их хүний дэргэд ажиллаж байхдаа их зүйл сурч мэдсэн байж таараа. Ер нь ямаршуухан хүн байв?

-Ёстой бурхан шиг хүн байсан юм. Би одоо хүртэл зүүдэлдэг юм шүү дээ.

-Еэ, бурхан минь…

-Намайг ажилд авахдаа “За, Эрдэнэмаам аа, би уурлаж үзээгүй, харааж мэдэхгүй, хүн рүү муухай харж үзээгүй. Нэг өгсөн үүрэг даалгавраа “Юу болсон бэ” гээд асуучихвал намайг багтарч үхтлээ уурлаж байна гэж ойлгож байгаарай” гэсэн юм. Найман жил туслахаар нь ажиллахдаа нэг ч удаа шаардуулж үзээгүйдээ баярладаг. Даалгавар бүхнийг нь цаг хугацаанд нь л өгдөг байсан. Хэдэн жил хамт ажиллалаа. Хэзээ уурлах бол гээд хүлээгээд байсан чинь ерөөсөө уурлаагүй шүү. Найман жил ажиллахдаа уурлахыг нь ганцхан л удаа харсан.

-Та их л том алдаа гаргаж дээ?

-Уурлахдаа харааж загнах үйлдэл ганц ч гаргахгүй. Хэдийд уурласан бэ гэхээр нэг удаа хонх дуугарахаар нь яваад ортол А.И.Филатоватай утсаар ярьж байна. Тэгээд надад утсаа сонсголоо. Цаадах нэг орлогч сайдын нэр хэлээд “Одоохон тэрийг ажлаас нь хал. Халахгүй бол чамайг өөрийг чинь хална. Сайхан мэдээрэй” гэж байна. Мань эрийн царай нь улайчихсан “Хорошо Анастасия Ивановна” гэсээр утсаа тавихдаа хэлээ жигтэйхэн том гаргаж билээ. Уурлаж байгаа нь ердөө тэр. Авгай хүний гараар могой бариулах гэж байхгүй юу. “Гурав хоноод мартчихдаг юм сан. Юу болох нь вэ” гэж дарга хэлж байсан. Нөгөө хүн үнэхээр тэгээд л мартсан даа. Цэвэгмид гуай тийм бурхан шиг хүн байсан. Манай авгай гайхдаг юм.

-Юу гэж гайхах вэ?

-“Чи намайг зүүдэллээ гэж ярих юм. Даргаа зүүдэлсэн гэх юм” гээд. (инээв)

-Үзэл суртлын хэлтэст зааварлагчаар ажиллахад хэцүү байв уу?

-Соёл хариуцсан зааварлагч хүн чинь кино, концерт хянадаг юм байна. Энүүхэндээ гэхэд мэдлэг хүрдэггүй. “Мандухай сэцэн хатан” киног хяналцаж байлаа. Ардын уран зохиолч С.Дашдооровын “Саруул талын ерөөл” гэж их зохиолч Д.Нацагдоржийн тухай уран сайхны киног бас хянасан. Тэгээд концерт хянана. “Яаж нэг мэргэжлийнхээ ажилд очъё доо” гэж бодож явтал ашгүй хувь заяаны эрхшээлээр ажлаа өөрчлөх боломж гарсан. Ингээд 1989-1991 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын Улаанбаатар хот дахь салбарын орлогч захирлаар ажиллаж, 1991-1992 онд Боловсролын яамны боловсролын мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч, 1992-1995 онд Хөгжмийн коллежийн захирал, 1995 онд Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн захирал, 1995-1996 онд Боловсролын яамны дэргэдэх Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-2013 онд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэл, арга зүйн тэнхимийн эрхлэгч, 2013 оноос тус тэнхимийн профессороор ажиллаж байна даа.

-Та Монголын Орос хэлний холбоог удирдаж байна уу?

-Монголын Орос хэл-уран зохиолын багш нарын холбоо гэж албан ёсны нэршилтэй байгууллага л даа. С.Галсан багш маань Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад бурхан болсон. Би Ерөнхий нарийн бичгийн даргаар нь үлдчихээд, одоо болтол сонгууль хийж чадахгүй л яваад байна. Ерэн оноос хойш л энэ ажлыг хийлээ. Энэ холбооныхоо үйл ажиллагааг орчин үеийн шаардлагын хэмжээнд удирдах, эрхэлж буй тэнхимийн багш нараа эрдэмжүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг цаг үедээ нийцүүлэн шинэчлэн боловсруулах, орос хэлний мэргэжлийн ангийн оюутны хэл-орон судлалын дадлагыг ОХУ-д үр дүнтэй хийлгэх зэргээр хэрдээ хөөрхөн юм санаачлах гээд байдаг ухаантай. Яах вэ, үүний ч үр дүн юм уу, орос хэлний мэргэжлийн ангийн оюутнууд ОХУ-ын аль нэг их сургуульд нэг улирлын турш хэл-орон судлалын дадлага хийж байгаа нь ирээдүйн мэргэжилтний эзэмших мэдлэг чадварт сайн нөлөө үзүүлж л байгаа байх. Орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, орос хэлний ангийг амьд авч үлдэх гээд иймэрхүү юм хийж байна даа.

-Орос хэлийг хэчнээн их, дээд сургуульд зааж байна?

-Бүх их, дээд сургуулийн хэмжээнд орос хэлний хичээлийн хөтөлбөрийг хаачихсан. Зөвхөн МУБИС-д л зааж байна. Ерөнхий боловсролын сургуульд долоогоос есдүгээр ангид долоо хоногт зөвхөн хоёрхон цагийн л хичээл орж байгаа. Арваас арванхоёрдугаар ангид сонгон болгочихсон шүү дээ. Сургуулиудын орос хэлний багш бэлтгэдэг тэнхим тэгэхээр зөвхөн манайх болчихож байгаа юм. Энэ тэнхимдээ би хорин жил болж байна. Арван долоон жилд нь эрхлэгч хийж дээ. Энэ хугацаанд тэнхимийнхээ бүх багш нарыг докторын зэрэгтэй болгож дээ.

-“Орос хэлний” хэмээн овоглогдон, эрдэм мэдлэгээрээ гайхагдсан ардын багш Сэрээнэнгийн Галсан академичийн талаар танд ярих зүйл их байгаа байлгүй?

-Ээ, ярилгүй яахав. Далан долоон онд тэнхимд нь багшаар ирэхэд тэнхимийн багш нарын олонх нь орос багш нар байсан. Орос багш нарын хичээлд сууж гарч ирээд алдааг нь хэлдэг гайхамшигтай хүн шүү дээ. “Заах арга гайгүй байна. Наад яриагаа цэнэж яриарай” гэхэд “Юу вэ, би Эрхүүгийн унаган орос хэлтэй хүн шүү дээ” гээд маргах гэхэд нь “Та сая ингэж хэлсэн үү. Хэлсэн. Тэгээд тэр чинь буруу ш дээ” гэхэд л “Тийм байна ш дээ” гээд буруугаа хүлээнэ. Хоёр гурван удаа орос багшийн алдааг засаж байхыг би мэднэ. Оросоор ярьж байгаа нь эх хэлээрээ ярьж байгаа юм шиг чөлөөтэй сэтгэж, зүйр сэцэн үг энэ тэр хэрэглэх нь гайхамшиг даа. Намайг Эрхүүгийн их сургуулийн бэлтгэлд очиход манай багш “Та нар Галсан багш шигээ орос хэлийг сураарай. Ярианд нь ч, бичигт нь ч алдаа байхгүй үнэхээр гайхамшигтай хүн” гэж байсан.

-Таны эрдэм бүтээлийн ганзага богц их дүүрэн байдаг биз?

-Одоо ЕБС-д хэрэглэж буй орос хэлний бүх сурах бичгийн редактораар ажилласан. МУБИС-ийн орос хэлний багш мэргэжлийн ангийн оюутанд зориулсан хэд хэдэн сурах бичиг, гарын авлагын зохиосон тал бий. Гурван докторант, 20 гаруй магистрантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж хамгаалуулж, орос хэлнээс роман, тууж, өгүүлэл, уран сайхны болон баримтат кино 40 гаруйг орчуулсан. Оросын нэрт зохиолч А.Лихановын “Миний генерал” хэмээх өсвөр насны хүүхдэд зориулсан романыг 1982 онд орчуулан нийтийн хүртээл болгосон юм. Тэгсэн энэ роман 2005 онд дахин хэвлэгдэж БСШУЯ-наас баталсан сурагчдын заавал унших номын жагсаалтад орлоо. Үүнээс илүү баяр гэж юу байх вэ. “Дүнсгэр мөрөн”, “Нисдэг Честмир”, “Валентин, Валентина хоёр”, “Хонгорхон Зинуля”, “36-80-ын хавтгайд тохиолдсон явдал” зэрэг хэд хэдэн кино орчуулсаан. Одоо ОХУ-ын ШУА, Монгол Улсын ШУА-иас хамтран хэрэгжүүлж буй “Орос-Монгол их толь бичиг” зохиох олон улсын эрдэм шинжилгээний төсөлд хамтран гүйцэтгэгчээр оролцож байна даа. “Монголын орос хэл судлаач эрдэмтэд” ном бичсэн. Удахгүй хэвлэгдэх л байх.

-Таны орос хэлний мэдлэг, хэмжээлшгүй их зүтгэлийг Монголоосоо илүү гадаадынхан их үнэлдэг гэж сонссон?

-Тун ч даруу биш сонсогдох үг байна. Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо 2002 онд Вашингтон хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейнхаа шийдвэрээр байгууллагынхаа дээд шагнал “А.С.Пушкины нэрэмжит алтан медаль”-иар шагнасан удаа бий. ОХУ-ын Буриадын Улсын их сургууль 2003 онд, Новосибирскийн Улсын багшийн их сургууль 2013 онд, Эрхүүгийн улсын их сургууль сая 100 жилийн ойгоороо “Хүндэт профессор” цол хүртээсэн.

-Таныг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нэрэмжит шагнал хүртсэн л гэсэн дээ?

-Арай л ташаа мэдээлэл байна. 2013 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар төрийн дээд шагнал “Найрамдлын одон” авсан.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-тай хамтарч ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд заасны дагуу НЭМГ болон АШУҮИС-ийн зүгээс анагаахын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа оюутан, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт ихээхэн анхаарал хандуулж байна.

Тухайлбал эмнэл зүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, хөтөлбөр, стандартын дагуу чанартай зохион байгуулж үндсэн, төрөлжсөн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эмч, сувилагч, бусад мэргэжилтнийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамруулан чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллах юм.

Уг үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон АШУҮИС-ийн удирдлагууд, албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ хүрээнд нийслэлийн Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР