Categories
мэдээ нийгэм

Соёл урлагийн байгууллагууд давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болно

2018 онд соёл, урлагийн салбарт хийгдсэн бодлогын чанартай шийдвэрүүдийн нэг нь соёл урлагийн улсын байгууллагууд ирэх оноос давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөө захиран зарцуулах зохицуулалт хийгдсэн явдал. Энэ нь соёл, урлагийн байгууллагуудад маш таатай шийдвэр. Өмнө нь давсан орлогыг нь хураагаад авчихдаг байсан бол цаашид энэхүү орлогоо өөрсдөө захиран, зарцуулдаг болно. Ингэснээр соёл, урлагийн байгууллагуудын бие даасан байдал нэмэгдэж, менежмент, өрсөлдөөн бий болох хөшүүрэг болно гэж салбар яамны зүгээс үзэж байна.


Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баярыг сонирхолтой тэмдэглэдэг долоон улс

Христийн шашинтай орнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бол дэлхийн бусад орнууд Шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэхдээ орон бүрт өөр өөр сонирхолтой уламжлалын дагуу энэ өдрийг өнгөрүүлдэг юм байна. Ингээд шинэ жилийг хамгийн сонирхолтой тэмдэглэдэг долоон улсын уламжлалыг сонирхуулъя.

Ирландчууд цагаан борз /mistletoe/ дэрэн доороо хийдэг

Хэрэв та ирэх жил шинэ хайр дурлалыг хүсэж байгаа бол Ирландчуудын шинэ жилийн уламжлалыг туршаад үзээрэй. Тэд арванхоёрдугаар сарын 31-ний орой унтахдаа дэрэн доороо цагаан борз эсвэл саваа мод хийж унтдаг юм. Энэ нь мөрөөдлийн хайртайгаа учрахад тус болно гэж тэд итгэдэг ажээ.

Бразилчууд тэнгисийн бурхан Еменжад хүслээ шивнэдэг

Бразилчуудын хувьд шинэ жилийн баярын хамгийн чухал, түгээмэл уламжлал нь тэнгисийн бурхан Еменжад хүслээ шивнэх юм. Шинэ жилийн шөнө хүслээ шивнэснээр биелэнэ гэж үздэг ажээ. Тэд ингэхдээ тэнгисийн усанд цагаан өнгөтэй цэцэг хөвүүлдэг гэнэ. Харин хүсэл нь биелвэл эмэгтэйчүүд өөрийн хэрэглэдэг гоо сайхны зүйлээсээ тэнгист өргөдөг байна.

Шотландад хар хувцастай, өндөр эр аз авчирна гэж итгэдэг

Шотландчууд шинэ оны эхний өдөр гэрт нь хар хувцастай, өндөр, царайлаг эр орж ирвэл аз ирнэ гэж итгэдэг ажээ. Хэрэв ийм дүр төрхтэй эр орж ирж байгаа тохиолдолд ирэх 12 жилийн турш аз жаргалаар бялхана гэж үздэг байна.

Италичууд хуучин тавилгаа цонхоор гаргаж хаядаг

Халуун цуст италичуудын шинэ жилийн баяр сонирхолтой уламжлалаар баялаг. Үүнээс хамгийн сонирхолтой нь тэд өнгөрснөө мартаж шинэ зүйлийг бэлгэдэл болгож гэрийн хуучин тавилгуудаа цонхоор гаргаж хаядаг байна. Иймээс Италид шинэ жилийн үеэр гудамжинд хаясан тавилгатай их тааралдах ажээ.

Филиппинчүүд полка хээтэй хувцас өмсдөг

Тэдний итгэдгээр бөөрөнхий дүрс нь баян чинээлэг байдлыг авчирдаг ажээ. Тиймээс филиппинчүүд шинэ жилийн баярын өдөр полка хээтэй хувцас өмсөж, жүрж идэж, бөөрөнхий зоосоор халаасаа дүүргэдэг гэнэ. Энэ нь ирэх ондоо улам баян чинээлэг болохыг билэгддэг юм байна.

Чиличүүд шинэ жилийн орой оршуулгын газарт очдог

Эртний уламжлал биш ч гэлээ сүүлийн 15 жил Чиличүүд шинэ жилийн оройгоо оршуулгын газарт өнгөрөөдөг болжээ. Учир нь ингэснээр тэд хайртай хүмүүстэйгээ ахин уулзаж байна гэж үздэг. Мөн энэ зан үйл нь амьдралын үнэ цэнийг мэдрүүлэхийн зэрэгцээ сэтгэлд амар амгалан бий болгодог гэнэ.

Испаничууд усан үзэм аз авчирна гэж итгэдэг

1909 оноос хойш Испанид бий болсон нэгэн сонирхолтой уламжлал бий. Тэд шинэ жилийн орой хонх дуугарахаас өмнө 12 ширхэг усан үзэм иддэг. Энэ нь ирэх 12 сарын турш азтай байхыг билэгддэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүд орны ачааллыг зохицуулан ажиллаж байна

Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа 1 хүртэлх насны хүүхдүүд их хэвтэж байна. Ачааллын үед Нэгдсэн эмнэлэг дотоод зохион байгуулалтын ажлуудыг хийж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
1. Мэдрэлийн тасгаа бүрэн чөлөөлж хүүхэд хүлээн авч байна. Мөн сургалтын өрөө, тоглоомын өрөөг суллан нэмэлт ор тавин тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2. Хүлээн авахаар үзүүлэхээр ирж байгаа хүлээгдлийг бууруулахын тулд хүлээн авах дээр 3 ээлжээр тус бүр 3 эмч ажиллуулж байна. Мөн 2 газар хүүхэд хүлээн авч эрэмбэлэн ангилалтыг хийж байна.
3. Өрхийн ЭМТ-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа нь ачааллыг хуваалцаж байгаа хэдий ч ажил тарсанаас хойш, амралтын өдрүүдэд хүүхдүүд их ирж байна.

Өглөөний байдлаар 7 хүүхэд эмнэлгээс гарсан, 14 хүүхэд шинээр хэвтсэн тул коридорт эвхдэг ор тавин ор чөлөөлөгдтөл хүүхдүүдийг хүлээж авч байна.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 165 орон дээр 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн долоо хоногт 250-аас буугаагүй байна. 30 ортой хүүхдийн 3-р тасгийг нээж ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл нийт ирж үзүүлж байгаа хүүхдийн 30% нь хэвтэж, 70%-д зөвлөгөө өгч буцааж байна. Нийт ирж байгаа хүүхдийн 90 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Оношийн хувьд 30% нь хатгалгаа, 60-70% нь ларингит, бронхоспазм, бронхит оношоор эмчлэгдэж байна.

Хүлээн авахын ачаалал маш их байна. Хүлээн авах дээр эмч, сувилагч нэмэлтээр ажиллуулж байна. Тэтгэвэрт гарсан болон резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байгаа. Эм тарианы нөөц, тоног төхөөрөмж хангалттай байгаа талаар удирдлагууд ярьж байв.
Хүүхдийг өдөр бүр үзэж эмнэлгээс гаргаж байгаа хэдий ч хэвтэлт их байгаагаас ялангуяа амралтын өдрүүдэд хүүхдийг коридорт эвхдэг орон дээр авч байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн салааны замд явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийг хүлээн авжээ.

Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба үүний 3 нь бага насны хүүхэд байсан байна.

Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөсөн, 34 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 5, явган зорчигч хоёр бүртгэгджээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, СХД-ийн нутаг Зүүн салааны замд T.Corolla маркийн автомашин нь хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон ослыг шалгаж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад явган зорчигчийн амь насыг хамгаалах зорилгоор “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” иргэн бүр, хуулийн этгээдэд үүрэг болгосон нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Иймээс байгууллага аж ахуйн нэгж, найз нөхөд, хамт олон, иргэн бүр энэхүү заалтыг хэрэгжүүлж, анхаарах шаардлагатай байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх оны нэг сарын 6-нд нар хагас хиртэнэ

Ирэх 2019 оны нэгдүгээр сард нар, сар хиртэх үзэгдэл тохионо. Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр нар хагас хиртэх юм байна. Нар хиртэлт Улаанбаатарын цагаар 07.36 цагт эхэлж, 09.42 цагт дуусах аж. Уг үзэгдлийг Номхон далайн бүсийн хойд хэсэг, зүүн өмнөд Сибирь, Камчатка, Сахалин, зүүн өмнөд Азийн орнуудад сайн ажиглаж болно.

Мөн нэгдүгээр сарын 21-ийн өдөр сар бүтэн хиртэнэ. Америк, Африк, Европын орнууд, оросын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой.

2019 онд нар сар хиртэх өдрүүд

  • Долдугаар сарын 2. Нар бүтэн хиртэнэ.
  • Долдугаар сарын 17. Сар хагас хиртэнэ.
  • Арванхоёрдугаар сарын 26. Нар цагираглан хиртэнэ.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар гадаадын гурван иргэнийг Монгол Улсын харъяат болгожээ

Энэ онд Гадаад иргэн харъяатын газарт Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гурван улсын 13 иргэн, харьяалалгүй 8 хүний нийт 21 хүсэлтийг шинээр хүлээн авсан байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 удаагийн зарлигаар 2 улсын 3 иргэн Монгол Улсын харьяат болсон байна. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэдээс тус байгууллагаас хуулийн болон ёс уламжлал, зан төлөвийн шалгалт авдаг байна. Тус шалгалт нь Монгол Улсын жирийн нэг иргэн өгсөн ч унаж мэдэхээр хүнд шалгалт гэдгийг удирдлагууд ярьж байлаа. Монгол Улсын харьяатаас гарч гадаадын 11 улсын харьяат болох хүсэлт гаргасан 270 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, 235 иргэний хүсэлтэд холбогдох газраас санал авах ажиллагааг хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд зэрлэгшсэн 195 нохойг устгажээ

Энэ оны арвандүгээр сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохойг устгажээ.

Нэг сар үргэлжилсэн аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулж нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа аж. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн аяныг өрнүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Зул сарын баярын хамгийн шилдэг 23 дуу

Хэрэв та дуучин Мэрайя Кэригийн “All I Want for Christmas is You” болон “Wham!” хамтлагийн “Last Christmas” зэрэг дуунд дуртай бол танд тохирох хамгийн шилдэг дуунуудын жагсаалтыг танилцуулж байна.

Эдгээр дуунууд нь таны зул сарын баярын үдэшлэг болон хүлээн авалтад тань ид шидийг авчраад зогсохгүй дэлгүүр хэсэж, гэр лүүгээ харихдаа сонсоход хүртэл сэтгэлийг тань хөдөлгөх болно. Тун удахгүй зул сар болон шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Их Британийн долоо хоног тутмын “Hello!” сэтгүүлээс энэхүү жагсаалтыг гаргажээ.

1. “Slade” хамтлаг – Merry Xmas Everybody

2. “The Pogues” хамтлаг – Fairytale Of New York

3. Лили Аллен – Somewhere Only We Know

4. Мэрайя Кэри – All I Want for Christmas is You by

5. “Wham!” хамтлаг – Last Christmas

6. Деан Мартин – Let it Snow! Let It Snow! Let It Snow!

7. “Band Aid” хамтлаг – Do They Know It’s Christmas?

8. Крис Ри – Driving Home For Christmas

9. Леона Льюис – One More Sleep

10. Шакин Стивенс – Merry Christmas Everyone

11. “Destiny’s Child” хамтлаг – 8 Days of Christmas

12. Бренда Ли – Rockin’ Around the Christmas Tree

13. “Cocteau Twins” хамтлаг – Frosty the Snowman

14. “Жексон 5” хамтлаг – Santa Claus Is Coming to Town

15. “The Temptations” хамтлаг – Rudolph the Red-Nosed Reindeer

16. Бритни Спирс – My Only Wish (This Year)

17. Майкл Бубле, Пуппини эгч дүүс – Jingle Bells

18. Эрта Китт – Santa Baby

19. Жуди Гарланд – Have Yourself a Merry Little Christmas

20. Бобби Хелмс – Jingle Bell Rock

21. Берл Айвз – A Holly Jolly Christmas by Burl Ives

22. “Wizzard” хамтлаг – I Wish It Could Be Christmas Everyday

23. Деан Мартин: Baby it’s Cold Outside

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн тэргүүний байгууллагаар Дотоодын цэргийн 5 дугаар анги шалгарав

Дотоодын цэргийн штаб /ДЦШ/-ын энэ оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнгөрсөн баасан гарагт /2018.12.21/ “Сүлд” чуулгын танхимд болж, бусдыгаа хошуучлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулав.

“Хөдөлмөрийн тэргүүний байгууллага, хамт олон”-оор хурандаа Ц.Гансүх захирагчтай Дотоодын цэргийн 05 дугаар ангийнхан, “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар мөн ангийн салбарын захирагч, дэд хурандаа М.Баттулга, “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салааны харуулын дарга, ахмад Н.Эрдэнэ, “Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн салбарын захирагч, ахмад Г.Мөнхбаяр, мөн ангийн жолооч, ахлах ахлагч О.Отгонтөгс, Орхон аймаг дахь 816 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Л.Ганзориг, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн үйлчлэгч О.Энхцэцэг, “Оны онцлох харуулч”-аар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч З.Буянбат, “Оны онцлох тамирчин”- аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Н.Энхтуяа нар шалгарав.

Тайлангийн хуралд ДЦШ-ын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, мөн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, ангийн захирагч нар, анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцов.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас арван хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэв

АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Энэ дунд Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж рүү 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээл олгосон, зар сурталчилгаа хийлгэхээр 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, ашигт малтмалын ашиглалтын талбайг хууль бусаар нэмэгдүүлсэн, шунахайн сэдэлтээр нэр бүхий компанид илт давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, суманд хэрэгжих төслийг сонгон шалгаруулалтгүйгээр Засаг даргын ах, дүү нарт олгосон зэрэг үйлдэл, холбогдолтой хэргүүд байна.