Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулжээ

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”, мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон даяар өрнүүлж, ерөнхий боловсролын 778 сургуулийг хамруулаад байна. Энэ аян нь өсвөр үеийнхнийг байгаль орчинд ээлтай дадал, төлөвшлийг бий болгоход чиглэж байгааг онцлоод Байгаль орчны сайдад баяр хүргэлээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Хэрэв гишүүн өөр гишүүний өмнөөс кноп дарсан нь Үндсэн хуулийн цэцээр нотлогдвол, батлагдсан хууль хүчингүй болно

УИХ-ын гишүүн асан А.Бакей ХААИС-ийн харьяа Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөглийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр эдийн засгийн ухааны доктор, академич цолтой, 2004-2008, 2012-2016 онуудад АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан юм.


-Саяхан АН-ын их хурал хуралдлаа. Та суусан уу?

-Суулгүй яахав.

-Ямар үр дүн гарсан гэж үзэж байна?

-Ямар ч байсан. АН их хурлаараа өмнөхөөс гайгүй, дорвитой бичиг баримтууд гаргаж чадсан.

-Хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүнд өнөөгийн УИХ ямар харагдаж байна?

-Ард түмнээс мандат авч төрийн бодлогыг тодорхойлох бүрэн эрхтэй байгууллага шүү дээ. Гэтэл энэ байгууллагын чанар чансаа улам л муудаад байгаа харагдаж байна. Би хэдийгээр АН-ын гишүүн боловч 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авахад хэрүүл уруул багасч, төрийн бодлого гацаагүй явах нь гэж бодож байсан. Иргэн хүний хувьд олон жил шийдэгдээгүй төрийн томоохон асуудлыг шийдэх боломж гарч байна гэж харж байсан. Гэтэл энэ бүхэн талаар болчихлоо. Тийм учраас хоёр удаа сонгогдож байсан хүн, жирийн сонгогчийн хувьд ч үнэхээр харамсаж байна.

-Өмнө танай нам ч хоёр хуваагдаж байсан. Гэхдээ өнөөдрийн МАН-ын хуваагдал төрийг гацаах аюул авсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хувийн тойргийн, намын фракцийн эрх ашгийг хамгаалах ёсгүй. Тангараг өргөхдөө тийм ёс баримталдаг. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа нэг намын гишүүд хэсэг бүлгээрээ хуваагдаад төрийн ажлыг гацааж байна. Энэ нь тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг л дээ.

-Юунаас болж байна гэж үзэж байна?

-Эрх мэдэл, эд баялгийн сонирхлоос болж зөрөлдөж байна. Зөрчилдөө ард түмний эрх ашиг, шударга ёсны нэрийг барьдаг. Би бол түүнд нь итгэхгүй байгаа. Цаашид эдгээр гишүүд ард түмний нэрийг барих нүүргүй болж байх шиг байна.

-Эд баялгийн төлөө тэмцэл гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэх мэт том төслүүдэд хэсэг бүлгээрээ хяналт тогтоох гэсэн оролдлогыг хэлж байгаа юм. Том маргааны цаана ийм л асуудал явж байгаа юм.

-Гишүүн байхдаа байнгын хорооны дарга болж байсан. Өнөөгийн ийм зөрчилдөөн гардаг л байсан.

-Тэр үед би арга эвийг нь олох гэж их л зүтгэдэг байсан. Өөрийгөө багагүй зовж байна гэж үзэж байсан. Харин өнөөгийн УИХ-ыг хараад миний тэр үеийн зовлон өнөөгийнхтэй харьцуулахад бараг жаргал байсан юм шиг санагдаж байна. (инээв).

-Хуучин гишүүд л зөвлөгөө өгмөөр юм.

-Намайг байнгын хорооны дарга болсны маргааш хууль Б.Чимид гуай өрөөндөө дуудсан юм. Яваад ортол “Чи гишүүдийг дөрөв ангилдгийг мэдэх үү” гэж асууж байна. Би хариуд нь “Мэдэхгүй. Та надад хэлж өгөөч” гэсэн. Тэрээр нэгдүгээрт олон удаа сонгогдсон хуулиа сайн мэддэг, туршлагатай гишүүд бий. Гэхдээ тэд энэ мэдлэг, туршлагаа эх орон ард түмнийхээ төлөө биш, буруу зүйлд ашиглах гээд байдаг юм. Хоёр дахь хэсэг нь нэгээс хоёр удаа сонгогдсон дээр шинэ гишүүд гэдэг бүлэг. Тэд эхний туршлагатай бүлэгт дөрлөгдөөд явж байдаг. Гурав дахь хэсэг нь том улстөрчийн татаасаар орж ирсэн. Зөвхөн түүнийгээ л шүтээд явж байдаг. Дөрөв дэх бүлэг нь хэт их попроод явдаг. Үнэн хэрэгтээ тэр үгнээсээ зөрүүтэй хэсэг. Гэхдээ бас шударга хэсэг бий гэж хэлж өгсөн. Ийм байхад УИХ дээр асуудлыг зөв шийдэх боломж бага тухай ярьж байсан юм. Түүний хэлсэн үнэн л байсан. Нэгэнт гишүүнээр сонгогдсон бол шударга л байх хэрэгтэй.

-УИХ-ын гол асуудал байнгын хорооны хурал дээр шийдэгддэг гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-УИХ-ын байнгын хороо бол үндсэн бүтцийн нэгж. Тухайн хуулийг хамгийн их мэтгэлцэж, асуудлыг боловсруулах гол талбар нь байнгын хороо байдаг. Сайн боловсруулж, зөв шийдсэн бол УИХ-аар асуудалгүй шийдэгдээд явдаг. Байнгын хорооны хурал дээр дутуу дулимаг түүхий шийдэгдсэн бол УИХ дээр асуудал үүсгэдэг байхгүй юу.

-Өнөөдөр намууд УИХ-д мөнгөтэй хүнийг дэвшүүлж мөнгө авдаг гэсэн шүүмжлэл байна.

-1990 оноос хойш манай улсад нааштай олон зүйл гарсан. Ганц л зүйл дээр ахиц гарсангүй. Энэ нь намуудын төлөвшил. Энэ бол хуучин шинэ намуудад бүгдэд нь хамаатай. Нам төлөвшинө гэдэг бол улс төрийн маш том соёл байдаг юм байна. Нам гэдэг бол улс орноо хөгжүүлэх үзэл дээр тулгуурласан хүмүүсийн эв нэгдэл. Гэтэл энэ байгууллагыг хувийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болгон ашиглаж байна. Нөгөө талаар том намууд улс орон даяар үйл ажиллагаа явуулахад санхүүгийн асуудалд гарцаагүй тавигдаж байгаа юм. Ийм учраас мөнгөтэй хүмүүст хандахаас аргагүй болно. Тэгэхээр нөгөө санхүүжилт авсан хүнээ нэр дэвшүүлэхээс эхлээд буруу мэхэнд автах замд хүртэл орно. Санхүүжилтийг улс төрөөр хариулахаар дахиад намын төлөвшилд нөлөөлөөд эхэлнэ.

-Энэ гажуудлыг засахын тулд юу хийх ёстой вэ?

-Энэ УИХ-ын хувьд ярихад үлдсэн хоёр жилд нэг их сүйдтэй юм хийж чадахгүй гэж бодож байна. Харин ганц гавьяа байгуулах боломж бий. Энэ нь Үндсэн хуулиа тогтолцооны саадыг арилгах өөрчлөлт оруулах. Намууд болон сонгуулийн тухай хуулийг сайжруулах хэрэгтэй. Энийг хийчихвэл тарсан болно гэсэн юм бодогдоод байх болсон. Өөрчлөлтийг хийж чадсан тохиолдолд энэ УИХ Монголын түүхэнд гавьяа байгуулснаар бичигдэх болно. Эс чадвал хамгийн муу УИХ-аар түүхэнд үлдэнэ.

-Та Үндсэн хуулийн гол өөрчлөлтийг юу байх ёстой гэж үзэж байна?

-Гол нь эрх мэдлийн хуваарилалт. Шүүхийн хараат бус байдал. Шүүх аль нэг субьектийн гар, хөл болохгүй байх нөхцөлийг эхний ээлжинд бүрдүүлэх ёстой. Мөн хууль тогтоох болон болон гүйцэтгэх засаглал нэгдмэл байдлаар шийдвэр гаргах нөхцөл бүрүүлэх шаардлагатай.

-Жишээлбэл?

-Магадгүй, манайх шиг жижиг оронд байнгын 76 гишүүн жилийн турш суугаад хуралдаад байх шаардлага байна уу, үгүй юу.

-Та ямар хувилбарыг санал болгож байна?

-Дээд танхим нь УИХ, доод танхим цэвэр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байнгын ажилтай танхим байж болно гэж үзэж байна.

-1990-1992 оны тогтолцоог хэлж байна уу?

-Түүнтэй төстэй. Дээр нь гүйцэтгэх засаглалаа жаахан бэхжүүлж өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд нь шууд кабинетийн сайд нартаа хариуцлага тооцдог эрхтэй байх ёстой.

-Ерөнхий сайд УИХ-ын дээр гарчихлаа гэсэн шүүмж байгаа шүү дээ.

-Тэр яах вэ. Хувь хүний харах өнцгүүдийн л нэг. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа л гүйцэтгэх засаглал шүү дээ. Яагаад нэгтгэж болохгүй гэж.

-Ерөнхийлөгчийн засаглал уу?

-Үгүй ээ. Парламентын засаглалтай ч Ерөнхийлөгч нь Засгийн тэргүүн байж болно. Манайх шиг цөөн хүн амтай оронд байж болох хувилбар шүү дээ.

-Сүүлийн үед улстөрчдийн ёс зүй гэдэг юм байхгүй боллоо гэсэн шүүмжлэл газар авч байна.

-Улстөрчид хоёр шалгуураар амьдарна. Нэг хууль. Нөгөө нь ёс зүй. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ёс зүй нь улстөрчийн дотоод үнэмшил. Хүмүүжлийн хэр хэмжээ. Дээд шатны улстөрчид өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын гишүүд хууль зөрчөөд ирэхээр тэдэнтэй ёс зүйн тухай ярих орон байхгүй болчхож байгаа юм. Дахиад л намуудын төлөвшлийн асуудал яригдаж байгаа юм. Улстөрчдийн ёс зүйн хэм хэмжээ нь намуудыг төлөвшлийн хэмжүүр болж байгаа юм.

-Таныг УИХ-д байхад ЖДҮХС-гаас хулгай хийдэг байсан уу?

-Байгаагүй.

-Яагаад?

-Тэр үед зээлийг банкаар тараадаг байсан. Банк хариуцлагатай байдаг байхгүй юу.

-Жаахан эвгүй байж магадгүй. Сүүлийн үед казах түмнээс сонгогдсон улстөрчид хэл аманд орох үзэгдэл гарч байна. Жекей, Мурат, Солтан гэх мэтээр. Өмнө нь Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүдийг өндөр суртахуунтай гэдэг байсан шүү дээ.

-Энэ нь бас л жижиг тойрогтой хамааралтай. Мөнгөтэй хүн жижиг тойрог дээр ажиллах боломж бүрддэг.

-Та гишүүдийг хурууны хээгээр санал өгөх санаа гаргаад бараагүй. Өнөөдөр хүний өмнөөс санал өгөх үзэгдэл газар авлаа.

-Бид тийм санал гаргаад яваагүй. Гэхдээ хэрэв Үндсэн хуулийн Цэцээр хүний өмнөөс санал өгсөн нь нотлогдвол тухайн хууль хүчингүй болох хууль бий.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 25-нд болох үйл явдал

09.30 цагт Тусгаар тогтнолын ордонд 21 аймгийн 300 аварга малчин нэгдэн “Малчдын нэгдэл” байгуулах уулзалт зохион байгуулна. Утас: 90006676, 99990672

10.00 цагт Корпорейт зочид буудалд Тээврийн цагдаагийн албаны тайлангийн хурал болно. Утас: 70119921, 86048200

11.00 цагт АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.

11.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны тайлангийн хурал болно. Утас: 99071339

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэний нийгмийн байгууллагууд хамтран “МАНАН дэглэмийн толгойлогч М.Энхболдыг огцруулъя” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт Нийслэлийн цагдаагийн газарт цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88767828

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Шатахууны үнийг тогтворжуулж, ам.долларын ханшийг барих гарц бий юу?

Төв банк төгрөгийн ханш огцом сулрахгүй гэж дуугарлаа. Гэхдээ ам.долларыг яаж, ямар бодлогоор хазаарлах, доллар дагаад өсдөг шатахууны үнийг хэрхэн барих, инфляцийг тавиад туучихгүйгээр яажшуухан аж төрөх тухай гарц, гаргалгаатай мэдэгдэл хийхгүй байна. Долларын ханшийн хувьд Н.Баяртсайхан ямар байр суурь барихаа тов тодорхой хэлчихсэн. Ирэх жилүүдэд нүүр тулах бондын өрийг дарахын тулд валютын нөөцөө өсгөнө, ОУВС ч тийм шаардлага тавьж байгаа гэсэн тайлбарыг төв банкнаас өгч буй. Энэ мэдэгдлийг ухаж ядах юмгүй. Бүдүүн тоймоор хэлбэл компаниудын хамагаа зарж олж ирсэн долларыг зах зээлээс хамна гэсэн үг. Товчхондоо интервенцэд их мөнгө зарахгүй гэдгээ тойруугаар хэлчихэж байгаа хэрэг л дээ. Интервенцийг тодорхой хэмжээгээр хийж байгаа ч богино хугацааны арга, урт хугацаанд ногоон валютын ханшийг хазаарлаж чадахгүй гэсэн эдийн засагчдын сануулгыг энд онцолъё.

Төв банкны байр суурь ийм бүдэг байгаа нөхцөлд ногоон валютын зохиомол хомсдол газар авч, ханш чангарах эрсдэл үүснэ гэсэн сануулга ч давтамжтай дуулдаж байна. Инфляци хоёр оронтой тоо руу ороогүй гэсэн мэдээллийг ҮСХ-ноос өгсөөр өнөөг хүрсэн. Гэсэн хэдий ч иргэдийн халаасан дахь төгрөгийн ханшийн уналт, дэлгүүрийн лангуун дээрх өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй харьцуулаад харахаар аль хэдийнэ арав давсан гэх тооцоог эдийн засагчид хийгээд эхэлчихлээ. Импортын багагүй хэсгийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ бүтээгдэхүүний үнэ манай улсын суурь инфляцид шууд нөлөөлдөг. 2009-2010 оны Дэлхийн банкны судалгаанд ч энэ талаар онцолж, “Нийлүүлэлтийн гаралтай инфляцитайгаа тэмцээч ээ” гэж зөвлөсөн удаатай. Инфляциа бууруулж чадсан үе бий юу гээд түүх сөхөхөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжих жилүүдэд л инфляци нам дор байжээ. 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянах, хязгаарлах хуулийн балгаар төлбөрийн тэнцэл огцом муудаж долларын ханш төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт нүүр буруулсан тэр үед экспортын гол бараа болох зэс, нүүрсний үнэ хоёроос гурав дахин унаж даарин дээр давс нэмж байв. Бүр тодруулж хэлбэл 2012-2014 оныг валютаар ангасан цаг гэж тодотгож болно. Доллар хомсдох хэрээр дотоодын бензин, шатахууны жижиглэнгийн үнэ өсч эхэлснийг уншигчид санаж байгаа байх. 2012 оны өмнөх Засгийн газар сонгууль угтаж Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтээс баахан мөнгө урьдчилаад зээлчихсэн шалтгаан ч нэрмээс болж байсныг онцлох учиртай. Таван толгойн нүүрсээ барьцаанд тавиад “Чалко”-гоос зээлчихсэн мөнгөө буцааж төлөх гэж нэлээд юм болсон нь саяхны түүх. Эдгээр өрийг тухайн компаниудын орлогоос суутгаж төлөхөөс аргагүй болсон нь нөхцөл байдлыг бүр ч даамжруулж байсан юм. Тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол долларын ханш, шатахууны үнээ тавиад туух байсныг дээрх баримтуудаас түвэггүй харчихаж болно. Харин хөтөлбөр хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн гаралтай инфляци гурван жилийн дотор тэг болсон юм. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци 14 хувиас 1.9 хувь болж буурч байв.

Эдийн засагч Ч.Отгочулуу “2010-2012 онуудад бид дэлхийн дунджаас өндөр үнээр буюу нэг литр бензинийг ойролцоогоор 1.4 ам.доллараар авдаг байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн эцэст энэ үнийг 70 цент рүү буулгаж чадсан. Дэлхийн дундаж ойролцоогоор 1.2 ам доллар байдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ЖДҮ-тэй харьцуулаад байх юм. Маш том ялгаатай шүү дээ. Банк Монголбанкнаас авсан зээлийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжид хөтөлбөрийн зээл олгохдоо агуулах дахь бүтээгдэхүүний нөөц болон бусад хөрөнгийг нь барьцаална. Аж ахуйн нэгжид олгосон зээлийн эрсдэлээ банк хариуцна. Компаниуд банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр агуулах дахь бүтээгдэхүүний нэмэлт нөөцийг бүрдүүлнэ. Агуулах дахь бүтээгдэхүүний нөөц нь хөтөлбөрт заасан нөхцөлийн дагуу, дотоодын зах зээлд улирлын чанартай борлуулагдаж дуусна. Тэгээд борлуулалтын орлогоосоо банкны зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна.Монголбанк арилжааны банкинд олгосон зээлийг хугацаанд нь бүрэн төлүүлнэ. Үгүй бол данснаас нь үл маргах замаар шууд суутгаад авчихна. Ийм л зарчим үйлчилсэн. Тэгээд ч энэ хөтөлбөр олны өмнө ил хэрэгжсэн зүйл. Гэтэл ЖДҮ огт өөр. Нэг сайдын тушаалаар л бүх юм хөшигний ард шийдэгдчихсэн байх жишээний. Ийм зарчмын ялгаатай асуудлыг хольж хутах хэрэггүй л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онуудад нийт инфляцийн дунджаар 33.4 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд 18 хувь, 2014 онд 4.5 хувь болж буурсан нь бодитой үнэн. Сүүлдээ бүр доошлоод тэг болсон шүү дээ. Нийлүүлэлтийн гаралтай инфляци байхгүй болсон” гэж онцоллоо. Тэгэхээр ам.долларыг хазаарлах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед инфляциа алдчихгүй аж төрөх нэг гарц байна. Тэр нь инфляцид нөлөөлдөг суурь шалтгаан болсон шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнээ цойлуулчихгүй амьдрах гарц шийдэл хайх. Ам.долларын ханш хатуу байх тэр үед шатахууны үнийг тогтворжуулж инфляцийг аргамжиж чадсан арга нь тун энгийн. Шатахууны үнийг хоёрхон аргаар барьсан юм. Нэг нь хөнгөлөлттэй зээл, нөгөө нь валютын форвард хэлцэл. Монголбанкнаас арилжааны банкуудад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгож, арилжааны банкууд шатахуун импортлогчдод бага хүүтэй зээл олгож байв. Бага хүүтэй зээл авсан импортлогчид шатахуунаа их хэмжээгээр импортолж дээд талдаа 30 хоног байсан нөөцийг 80-90 хоног болгож өсгөж байлаа. Тэр үед авсан зээлээ бултаараа төлчихсөн, өөрөөр хэлбэл хэн нь ч хэндээ өргүй гэсэн үг. Долларын ханш савлагаатай байсан тухайн цагт валютын форвард хэлцэл хийж ханшийн эрсдлийг тойрч гарсан түүхтэй. Монголбанкнаас арилжааны банкуудтай, арилжааны банкууд нь импортлогчидтой валютын форвард хэлцэл хийсэн учраас долларын ханшийн галзуурал шатахууны үнэд нөлөөлөөгүй юм. Ийм хэлцлийг хоёр сар тутам хийж байв. Долларын өнөөгийн ханш 2630 төгрөг байхад хоёр сарын хугацаатай форвард хэлцэл хийчихлээ гэж бодъё. Хоёр сарын дараа доллар 3000 төгрөг хүрсэн ч хэлцэл хийсэн гэх шалтгаанаар нэг долларыг 2630 төгрөгөөр тооцож шатахууны худалдаагаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл долларын ханшийн өсөлт шатахууны үнэд шууд нөлөөлөхгүй гэж ойлгож болно. Ийм хоёр арга хэрэглэсэн учраас шатахууны үнэ 2012-2016 оны хэцүү үед өсөөгүй юм. Өнөөдрийн тухайд ч ялгаагүй. Доллар чангарсан янзаараа, хөрөнгө оруулалт гацсан хэвээр байна. Ирэх жил нүүрсний экспорт төсөвт төлөвлөсөн шиг 43 сая байтугай өнөө жилийн хэмжээгээ нөхөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Төсөв өндөр алдагдалтай батлагдсан гэсэн анхаарлын тэмдэг бас бий. Бүр цаашлуулж яривал 1.5 их наяд төгрөг төсвийн хөрөнгө оруулалтад явах нь тодорхой болчихсон. Энэ санхүүжилтийн 40-60 хувь нь шууд импорт болж хувирна. Тодруулж хэлбэл, сонгуулийн өмнөх жилийн төсвийн нэлээд мөнгөөр барилга олноор нь барина, барилгын компаниуд импортоор бараагаа татна гэсэн тайлбарыг өчнөөн эдийн засагч хэлж байгаа. Тэр чинээгээр доллар хомсдож, гадаад валютын албан нөөц багасах эрсдэл бий. Ийм нөхцөлд инфляциа алдчихгүй, доллар, шатахууны үнэд дарлуулахгүй аж төрөх гарц хувилбарыг гаргах үүрэг төв банк, засгийн өмнө ирээд байна.

Бид долларын ханшийг барих гарц, шатахууны үнийг тогтвортой байлгах шийдэл, инфляцийг хөөргөчихгүй амьдрахын тулд яах ёстой талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ: Долларын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгах хэд хэдэн гарц бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Төмөр замын бүтээн байгуулалт, том Таван толгой, Гацууртыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэргийг дурдмаар байна. Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг аж ахуйн нэгжүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах бас нэг арга байна. Хайгуулын лиценз олгох ажлыг идэвхжүүлэх замаар гадны хөрөнгө оруулагчдыг геологи хайгуулын салбарт татах шаардлага бий.

Шатахууны үнийн тухайд импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөц бүрдүүлэхэд нь дэмжих зорилгоор эргэлтийн хөрөнгийн зээлийг гадаад валютаар олгох гарцыг санал болгомоор байна. Үүнээс гадна рубль ба төгрөгийн свап хэлцэл нэвтрүүлэх боломжтой. Нийлүүлэлт их байвал үнэ аяндаа тогтворжино. Ингэхийн тулд валютын зохиомол хомсдол үүсэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

“Эгүлэ капитал” судалгааны компанийн судлаач О.БААСАНСҮРЭН: Валютын ханшийн хувьд Монголын валютын орох болон гарах урсгал, эрэлтээс хамаарч тогтдог. Нэг талаасаа, Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас хэрэглээний тодорхой хэсгээ импортолж авах шаардлага үүсдэг. Энэ нь “төгрөгийн тогтвортой байдлыг хангах” зорилготой Монголбанкинд валютын ханшийн огцом хэлбэлзлийг интервенц хийх замаар бууруулж, ханшийн инфляцид үзүүлэх нөлөөг багасгах сорилтыг бий болгодог. Гэвч энэ арга нь зөвхөн богино хугацаанд нөлөөлнө. Урт хугацааны нөлөө багатай. Мөн 2021 оноос бондуудын үндсэн төлбөр хийгдэж эхлэх тул гадаад валютын нөөцөө өсгөх даалгавар Төв банкинд давхар оногдож байна. Нөгөөтэйгүүр, эрэлт талаас Холбооны нөөцийн банкны бодлогын хүүний өсөлтөөс шалтгаалсан ам.долларын өгөөжийн өсөлт, ирэх онд хүлээгдэж буй сангийн тэлэх бодлого зэрэг нь Төв банкийг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх буюу бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого баримтлах нөхцөлийг үүсгэсэн. Тэгэхээр Монголбанк ирэх онд бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр байна. Эндээс харахад төв банк одоогоор богино хугацааны, огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ бол үр дүн багатай арга. Иймээс ханшийг тогтворжуулах гол гарц нь ерөөсөө л эдийн засгийн суурь асуудлуудаа цэгцлэх урт хугацааны арга хэмжээ авах. Тодруулбал, эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж, засаглалаа сайжруулах, хээл хахууль, тодорхой бус байдлаа бууруулж хөрөнгө оруулалт татах таатай, шударга нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цэвэр экспортоо өсгөх, валютын албан нөөцөө өсгөх гээд олон зүйлс байна. Шатахууны үнийн хувьд үнийн огцом өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сааруулах буюу аажмаар шингээх арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.

Эдийн засагч, судлаач Г.ГАНЗОРИГ: Долларын ханшийг урт болон богино хугацаанд гэж ангилж харах ёстой. Богино хугацааны хувьд төв банкны оролцоо чухал. Валютын ханшийн хөдөлгөөн өндөр савлагаа үзүүлээд эхэлбэл төв банкнаас илүүдэл хэрэгцээг хангах буюу интервенц хийх замаар тогтворжуулдаг. Түүнчлэн үүнд бас иргэдийн оролцоо чухал. Ам.доллар, төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс ашиг олох гэж хиймэл эрэлт үүсгэдэг байдлыг бууруулах тухай яриад байна л даа. Сүүлийн 14 жилийн хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг хэрхэн өөрчлөгдөж байсныг судалж үзэхэд, төгрөг долларын эсрэг жилдээ дунджаар зургаан хувиар суларсан байдаг юм. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулалтын аятай сайхан хэрэгсэл мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ ийм хэмжээний ашиг өгөх өөр олон боломж байгаа, тэдгээрийг сонирхоод үзэх нь чухал. Богино хугацаанд ашиг олж болох санхүүгийн олон хэрэгсэл байхад заавал эдийн засагтаа хортой замыг сонгохгүй байхыг л хүсч буй хэрэг. Харин урт хугацааны хувьд төв банкны интервенц, иргэдийн хүлээлт төдийлөн нөлөөгүй. Эсрэгээрээ Монгол Улсад хангалттай хэмжээний ам.долларын урсгал байгаа эсэх тухай асуудал яригдана. Энгийнээр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ёстой. Үүнийгээ бид олон арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж болно. Зардаг болон худалдан авдаг бүтээгдэхүүнүүд дээрээ үнийг тогтворжуулах үүсмэл хэрэгсэл авч болно, мөн өөр бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ дэмжих ёстой. Экспорт гэхээр нэг бол зэс, нүүрс бодоод үгүй бол ноолуур, эсгий бодоод байдаг. Үүнийг давж харах учиртай юм л даа. Шатахууны үнийн тухайд үүсмэл хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй. Энэ нь үнэ огцом хөдлөхөөс өмнө хийдэг арга хэмжээ. Тэрнээс бүх юм болоод өнгөрсөн хойно бослого хийж, хэдэн хүнийг зэмлээд асуудал шийдэгдэхгүй.


Categories
мэдээ нийгэм

Энэ онд Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.

Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм.

Гол идэвхжилт Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу явагдаж байгаагаас гадна Мөнгөнморьтын хагарал, Зүүнхараа орчим идэвхжилт өмнөх жилүүдээс харьцангуй илүү байгаа нь ажиглагджээ. Энэ хагарал 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн бөгөөд нарийвчилсан судалгаа хийх, энэ хагарлаас Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшиг, аюулыг дахин үнэлэх шаардлагатай гэж эрдэмтэд, судлаачид дүгнэсэн байна.

Байнгын ажиллагаатай зөвлөл энэ онд аймгуудад салбар зөвлөл байгуулж, орон сууцны барилгуудыг паспортжуулах, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг тогтоож тохижуулах, аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох зэргээр ажиллажээ.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад багагүй хэмжээний хөрөнгө шаардлагатай тухай хурлын үеэр хөндөгдлөө. Тухайлбал ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга, байгууламжийг буулгах, шинээр барих, шинэчлэхэд нэг тэрбум 280 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Хөрөнгийг төсөвт тусгах, бусад эх үүсвэрээс санхүүжилт босгох, хийсэн ажлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах зэргээр хариуцлагатай ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болгов.

Улсын хэмжээнд 6,627 орон сууц байдаг бөгөөд 1051 нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Үүний 455-ыг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглахыг хориглосон дүгнэлт гаргажээ.

Байнгын ажиллагаатай зөвлөл ирэх онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг сургаж дадлагажуулах зэрэг чиглэлээр 40 гаруй ажил хийхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Манай одон орон судалгааны тоног төхөөрөмжүүд шинэчлэгдээгүй удаж байгаа

Шинжлэх ухааны Академийн Их чуулган өнгөрөгч баасан гаригт болж өнгөрсөн юм. Энэ үеэр Академич хэргэмд 14 нэр дэвшигчээс 50 хувь нь буюу долоон хүн академич хэргэм хүртсэн юм. Мөн ШУА-ийн гадаад гишүүнээр БНХАУ-ын нэг, ОХУ-ын хоёр эрдэмтэн сонгогдсон юм.


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-ШУА-ийн их чуулганаар академич цол хүртсэнд баяр хүргэе. Шинжлэх ухааны ямар салбараас академич хэргэм хүртсэн бэ?

-Геофизикийн судалгаа, түүний дотор Газар хөдлөл судлалын чиглэлээр анх удаа академич цолыг хүртлээ. Шинжлэх ухааны бүхий л салбараас Монгол Улсад тухайн чиглэлээрээ тэргүүлэх нэрд гарсан 14 эрдэмтэн акедемичийн шалгаруулалтад орсон. Эдгээр эрдэмтдээс нэг нь болж энэхүү нэр хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Би ШУА-ийн геологи, газарзүйн салбараас нэр дэвшсэн. Судалгаа маань бүс нутгийн геодинамик, неогеотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн судалгаа, газар хөдлөлтийн аюулыг үнэлэх чиглэл байсан юм.

-Танай хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид газар хөдлөл чиглэлийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэдэг. Ер нь та анх шинжлэх ухааны салбарт хэрхэн хөл тавьж байсан бэ?

-1983 онд сургуулиа төгссөний дараа ерөнхий шинжлэх ухааны академид ажиллаж эхэлж байлаа. Түүнээс хойш 36 жил тасралтгүй ажиллаж байгаа минь энэ салбартай салшгүй холбоотой. Энэ хүндтэй цолыг хүртэхэд манай үе үеийн эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, орон нутаг дахь газар хөдлөлтийг бүртгэх станцуудын ажиллагсдын нөр их хөдөлмөрийн үр шим шингэсэн. Миний эрдмийн ажлыг үр бүтээлтэй амжилттай гүйцэтгэхэд манай байгууллагын захирал асан доктор Б.Бэхтөр, доктор Ү.Сүхбаатар болон манай газар хөдлөл судлалын эрдэмтэн судлаачид доктор Т.Дугармаа, Г.Баяр, ахмад ажилтан Д.Мөнхөө, Л.Сэлэнгэ, М.Адьяа нарын тус их бий. Өнөөдөр надтай хамт хүрээлэнгийн хамт олныг удирдан ажиллаж байгаа эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ч.Одонбаатар, Газар хөдлөл судлалын салбарын дарга доктор М.Өлзийбат нар бүхий л талын дэмжлэг үзүүлсний нөлөө энэ болов уу гэж бодож байна.

-Таны судалгааны ажлын гол онцлог юу байв?

-Судалгааны ажлынхаа хүрээнд Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг нэгтгэн боловсруулж, газар хөдлөлтийн голомтын динамик параметрүүдыг тодорхойлсон Монгол орны газар хөдлөлт, чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал, хэв гажилтын төлөв байдлыг Байгалын рифтийн систем дэх геологи, геодинамикийн процесстой уялдуулан судалж үр дүн гаргаж авсан. “Монгол орны газар хөдлөлтийн голомтын механизмийн зураг”, “Монгол орны кайнозойн эриний идэвхтэй хагарлууд ба тэдгээрийн сейсмик потенциал”-ын зургууд нь газар хөдлөл судлалын онолын хувьд чухал ач холбогдолтой.Манай хүрээлэн дээр 2016 – 2018 онд хэрэгжсэн “Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын 1:1 000 000-ын хэмжээст зураг зохиох” шинжлэх ухаан-технологийн төслийг би удирдан гүйцэтгэсэн. 1983 оноос хойш манай улсын барилгын норм дүрмэнд ашиглагдаж байгаа тухайн үеийн ЗХУ, Монголын эрдэмтдийн хамтран зохиосон ерөнхий мужлалын зургийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлага гарсан юм. Сүүлийн жилүүдэд хуримтлагдсан судалгааны мэдээлэл, шинэлэг суурь болон магадлалт үнэлгээний арга зүйг ашиглан энэ зургийг шинэчлэн боловсруулах ажлыг манай эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэсэн. Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын энэхүү зураг болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудын дагуу хийж буй судалгааны үр дүн нь манай орны газар хөдлөлтийн аюулыг үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга байгууламж барих норм дүрэм боловсруулахад чухал нөлөөлтэй. Мөн хот төлөвлөлтийг оновчтой шийдвэрлэх ажлуудын суурь мэдээлэл болж байдгаараа практикийн хувьд чухал ач холбогдолтой болсон гэж бодож байгаа.

-Танай хүрээлэнгийн судалгааны ажлын бас нэг чухал чиглэл нь одон орон судлал байдаг. Монголд одон орны шинжлэх ухаан хэр хөгжиж байна вэ?

-Манайх одон орон судлалын хувьд астрометр, астрофизик гэсэн хоёр үндcэн чиглэлээр судалгаа явуулдаг. Астрометр гэдэг нь одон орныг дуран авиагаар дэлхийн тойрог замыг судалж, дэлхийд аюул учруулж болзошгүй эрчимт биетүүдийг ажигладаг юм. Эрчимт биетэд бага гариг, солирын биетүүд хамаарна. Астрафизик гэдэг нь хүрэл тогоотод байдаг дурангаар наран дээр өрнөж байгаа идэвхтэй процесс үүсгэдэг зүйлс дээр ажиглалт хийн түүнийгээ боловсруулж, тухайн процесуудын талаарх шинэ мэдлэг мэдээллийг манай нар судлаачид гаргадаг юм. Монгол Улсад анх 1957 онд одон орон судлах төв байгуулагдсан. Энэхүү төв дэх одон орон судалгааны тоног төхөөрөмж шинэчлэгдээгүй нэлээд удаж байгаа. Мэдээж одон орны багаж тоног төхөөрөмжүүд өртөг өндөртэй. Уг нь одон орны талаарх хийж байгаа судалгаа хүн төрөлхтөнд шинэ мэдлэг мэдээллийг хүргэж байдаг. Хамгийн сүүлд 1967 онд манайд нарны дуран суурилагдсан. Түүнээс хойш одон орны чиглэлээр дуран шинэчлэгдээгүй байна. Манай хүрээлэн гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөн хүрээтэй. Судалгааны ажлаар манай хүрээлэнгийн судлаачид солонгосын одон орон сансар судлалын хүрээлэнтэй хамтарч 2015 онд бүтэн робот дуран нийслэл хотын ойролцоо байрлуулсан. Энэхүү дуран туршилтаар явагдаж байна. Хэрвээ амжилттай болчихвол цаашлаад хамтарч ажиллах боломжтой.

-Орчин үед одон орон судлалын салбарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Одон орны судалгааны ажилд нэн тэргүүнд дурангууд яригдах юм. Одон орны судлал улам бүр хөгжиж байна. Түүнийг судлах маш том хэмжээний судалгааны шинэ дурангууд хийгддэг болсон. Одон орны ажиглалт хийхэд тохиромжтой газруудаар том дурангууд байрлуулж судалгааны ажил хийдэг.

Хүн төрөлхтний хамгийн ойрхон очиж үзсэн сансрын биет бол сар. ОХУ-аас өөрөө явагч багажийг саран дээр буулгаж сарны дээжийг авч байсан. Өнөө үед хятадууд одон орон сансар судлал тал дээрээ идэвхтэй ажиллаж байгаа. Одон орны ажиглалт хийхэд тохиромжтой олон улсын төвийг байгуулж байгаа.Агаар мандлын нөлөө хамгийн бага байх тохиромжтой газруудаар үнэтэй том дурангууд байрлуулж тэндээ судалгааны ажлууд хийж байна. Сүүлийн жилүүдэд сансарт одон орон гаригийн төхөөрөмжүүдийг гаргаж эхэлсэн. Сансар судалгааны ажил хийгдэх тусам сансраас мэдээ мэдээллийг бид их авдаг болно. Хамгийн сүүлд ангараг гариг дээр судалгааны аппаратууд буулаа гэх мэдээллийг бид авсан. Ингэснээр бидний мэдэх нарны аймгийн мэдээ мэдээллийг илүү тэлж байгаа юм. Мөн ангараг гариг дээр ямар нэгэн зүйлийг нарийвчлан мэдэхэд илүү нээлттэй болж байна л гэсэн үг. Тэнд байгаа мэдээллийг судлаачид нягтлаад хүмүүст хүргэж байгаа юм.

-Астраномийн талаар хүүхдүүд мэдлэг мэдээлэл хэр авч байна вэ?

-Астраномийн хичээлийг дээхнэ үед хичээлийн хөтөлбөрт оруулж үздэг байсан. Тодорхой хугацааны өмнө бие дааж хичээлийн хөтөлбөрт оруулахаа больчихсон л доо. Астрономийн талаар хүүхдүүдэд мэдээ мэдээлэл олгодог гэж ойлгодог. Манай хүрээлэнгийн харьяа Астрапарк байгуулагдаад таван жил болж байна. Парк маань дотроо шинжлэх ухаан танин мэдэхүй монгол хүн анх сансарт ниссэн талаарх бүхэл бүтэн мэдээллийг харуулсан үзүүлбэрийн танхимтай. Мөн хүүхэд багачуудад зориулсан сансар судлалын талаар кино үзүүлдэг танхим тусгай зориулалтын харанхуй өрөөнд тусгай багаж хэрэгслийг байрлуулаад одод тэнгэрийг дүрслэн үзүүлэх танхим гээд нийт гурван танхимтай. Астрапаркийг барьж байгуулахад сансрын нисгэгч, улсын баатар Ж.Гүррагчаа маш их хувь нэмэр оруулсан. Энэхүү Астрапаркаар түшиглээд бид одон орон сансар судлалын талаарх мэдлэг мэдээллийг нийгэмд түгээх ялангуяа хүүхэд багачуудад түгээх зорилготой. Манай хүрээлэнгээс одон орны чиглэлийн олимпиадыг улсдаа зохион байгуулаад нэлээд хэдэн жил болж байна. Манай хүүхдүүд олон улсын бүс нутгийн астраномийн талаарх уралдаан тэмцээнд оролцоод медаль хүртсэн ч тохиолдлууд бий. Одон орон судлалын шинжлэх ухаан гэдэг хүний танин мэдэхүйн шинжлэх ухааны нэн тэргүүн эгнээнд байдаг шинжлэх ухаан юм. Одон орон судлал нь байгалийн бүхэл бүтэн зүйлс “Яагаад ийм байдаг юм” гэх асуулт тавьснаас энэхүү шинжлэх ухаан үүссэн болов уу гэж олон эрдэмтэд санал дэвшүүлдэг. Шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээг тэлж байгаа шинжлэх ухаан бол одон орны шинжлэх ухаан. Манай эрдэмтэд судлаачид тодорхой чиглэлээр өөрсдийн дуран авиа дээр суурилаад судалгаа хийж байна. Хүүхдүүдэд шинжлэх ухаанд дуртай, шинжлэх ухаанд суурилсан хүмүүжил олгох асуудал нэн чухал. Астрапарк дээр үндэслээд хүүхдүүдэд шинжлэх ухааны талаар мэдээ мэдээллийг өгөхөд анхаарч ажиллаж байна. Одон орон судлалын хичээлийг дунд сургуульд оруулах нь зүйтэй. Астрапарк маань нийслэлийн хүүхдүүдийн ирж үзэх дуртай шинжлэх ухааны сонирхолтой төвүүдийн нэг болсон гэж боддог. Хүүхдүүдийн насны хувьд бага ангийн хүүхдүүд одон орны талаар мэдлэг хүлээж авах түвшин хүрээгүй байдаг. Хамгийн их яагаад гэж асуулт тавьдаг хүүхдүүд дунд ангийнхан байдаг.

-Шинжлэх ухаанд маш олон нээлтүүд бий болж байна. Бойжер хөлгийн талаар мэдээлэл хэр ирдэг вэ?

-Одон орон сансар судлалд гарах шинэ нээлтүүд нь олон дуран авианы дэвшилттэй шууд холбоотой. Бойжер хөлгийн талаар интернэтээс хүн дуртай мэдээллээ авч болно. 1977 онд хоёр хөлөг сарын зайтай дэлхийгээс ниссэн. Хиймэл дагуул учраас улам цаашаа ниснэ. Биднээс улам л холдож байгаа. Хамгийн ойрхон байсан гаригуудыг мэдээллээд өнгөрдөг. Нарны аймгуудын хувьд бархасбадь гаригтай ойрхон очин бархасбадийн зургийг аваад дараа нь санчир гаригтай ойртож зургийг нь авсан байдаг. Цаашлаад далайван гээд явсан байгаа юм. Нарны аймгуудын талаарх мэдээллийг өөрийнхөө багаж дээр аваад эх дэлхий рүү дамжуулж байгаа юм. Энэ нь бидний нарны аймгуудыг мэдэх мэдээлэл нэмэгдэж байна л гэсэн үг. Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн харилцаа нягт уялдаа холбоотой болсон. Дуран авиаг хэдий чинээ хол нисгэж чадна мэдээ мэдээллийг төдий чинээ өргөн цар хүрээтэй авч чадна. Бид нарны аймгийн оддын айны нэг хэсэгт амьдарч байгаа. Энэ олон оддын ай орчлон ертөнцийг бүрдүүлдэг. Бид амьдралын хэмжигдэхүүнээ жилээр тоолдог. Хүн төрөлхтний түүхийг яривал хэдэн мянган жилээр ярьдаг. Гиологийн процессийг яривал хэдэн зуун мянган жилээр ярина. Тэгвэл одон орныг бид хэдэн сая зуун жилээр ярина. Нарын аймаг үүсээд 4.5 тэрбум жил болж байна. Ахиад 4.5 тэрбум жил оршин тогтноно. Хүний нас хамгийн ихдээ 100 жилээр тоологддог. Шинжлэх ухаан орчлон ертөнцийн үүсэл хөгжлийг яриад байх юм бол олон зүйл бий. Бидний амьдарч байгаа цэг хумхын тоос шиг л зүйл юм. Орчлон ертөнцөөр харвал бид маш жижигхэн хумхын тоос шиг амьдарч л байна гэсэн үг.

Одон орны түүхэн хөгжлийн талаар тунгаагаад бодох юм бол бидний амьдрал маш бага хугацаанд үзэгдээд өнгөрч байгаа жижигхэн хэсэг л юм.


Categories
мэдээ нийгэм

Найралт эх одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 25, Ангараг гариг. Билгийн тооллын 18, Найралт эх одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улай гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Хоорондоо алалцаж байхаар хоёр булайгаасаа салаач ээ, МАН-ын залуусаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хоорондоо алалцаж байхаар хоёр булайгаасаа салаач ээ, МАН-ын залуусаа” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засгийн газрын тэргүүн “Маскаа сайн зүү” гэж хэлсэн нь л утааны эсрэг хийсэн ганц ажил хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад: Монголын домогт уран бүтээлчдийн дууг би бараг аялсан даа, аялсан хэмээн “Ардын цолтон” нүүрт ярьжээ.

“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ- ийн гишүүн Да.Ганболд: Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Хэтэрхий бага зайнд хэт олуулаа амьдарч байгаа учраас бидний ажил үр дүнд хүрэхгүй байна хэмээн “Улс төр” нүүрт ярив.

Нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, Уушгины тасгийн их эмч Ц.Батцэнгэл: Хатгаа өвчнөөс үүдэн нас барах тохиолдол нэмэгдэж байна гэж “Эмч” нүүрт ярив.

“Зул сарын баяр” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт өгүүлжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ж.Мэттис: ОХУ, Хятад улс өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөрш орнуудынхаа хувь заяагаар гүйцэлдүүлж байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт бичив.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар: Хар тамхины гэмт хэрэгтнүүд сэм хий, сэм ав гэсэн аргачлалыг ашиглаж байгаа хэмээн “баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Агаарын хөлгийн гэмтэл машины дугуй хагарахаас өөр шүү дээ” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Гэр” үзэсгэлэн олны хүртээл болно

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, залуу зураач, гэр бүлийн авьяаслаг уран бүтээлч Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын хамтарсан “ГЭР” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэхэд бэлэн болжээ. Өөрийн гэсэн өнгө төрхөө олж, орон зайгаа тодорхойлж чадсан авьяаслаг уран бүтээлчдийн үзэсгэлэнд монгол гэрээс монгол оюунаар түүчээлсэн 50 гаруй бүтээлийг оюуны хүртээл болгохоор бэлтгэжээ. Үзэсгэлэн нь МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 2018.12.26-нд нээлтээ хийх бөгөөд 2019.01.04-нийг дуустал дэлгэгдэнэ.

Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нар нь Дүрслэх урлагийн Од сургуулийн уран зургийн ангийг 2004 онд төгссөнөөс хойш бодит зургийн суурьтай орчин үеийн чиг хандлагатай зургийг дагнан зурж байгаа бөгөөд ихэвчлэн монгол язгуурын дүр дүрслэлийг европ уран зургийн аргаар зурдгаараа уран зураг сонирхогчдод танигдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт хоолны хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ

Энэ сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. Хөнгөн хордлого авсан хүүхдүүдийг нь дотуур байранд эмчийн хяналтад тусгаарласан бол хүндэвтэр хүүхдүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Аягүлээр ахлуулсан баг халдварын голомтод ажиллаж байна. Эхний ээлжинд клиникийн шинж тэмдэг хурц илэрсэн 47 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн. Үлдсэн 12 хүүхдийг дотуур байранд тусгаарлан, жижүүр эмчийн хяналтын дор эмчлүүлж байна. Хүндэрсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ. Өнөөдрөөс эмчлэгдсэн эхний хүүхдүүдийг эмнэлгээс гаргасан аж. Лабораторийн шинжилгээгээр хүүхдүүд ишрихаколи буюу хоолны хордлого үүсгэдэг гэдэсний халдварт өвчний нян илэрсэн. Үүнийг цааш нь ялган, ямар хэв шинж байгааг гаргахаар болжээ.