Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоосон байна. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” гэжээ. Уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А нь буруугүй болохыг тогтоосон байна.

Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 13 хүн архины хордлогын улмаас, долоон хүн осгож нас барсан

ЦЕГ болон бусад холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. “Сүүлийн үед цахим орчинд “Шуурхай мэдээ: Ноцтой осол гарч 30 хүний амь нас хохирлоо” гэсэн мэдээлэл тархах болсон. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Яаралтай шалгахад хуурамч хаягаас худал мэдээлэл тараасан байсан. Энэ мэдээллийг нээж үзсэн хүмүүсийн цахим хаягны нууц үг, админ нэр нь тухайн хортой программд бүртгэгдэж гэмт этгээдийн мэдэлд таны нууц үг орох эрсдэлтэй юм. Мөн “Ч амь нас хохирсон хэрэг дээр ноцтой баримтууд дэлгэгдлээ” гэсэн цагдаагийн байгууллагын мэдээлэл хийж байсан зургийг ашиглан худал мэдээлэл цацагдсан. Урд нь хэлсэнчлэн талийгаач Ч амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан хэргийн газарт олдсон нотлох баримт эд зүйлүүд алдсан, алга болсон зүйл байхгүй. Хэрэг хуулийн хүрээнд прокурорын хяналтад шалгалтын ажиллагаа дуусах шатандаа явагдаж байна. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ” гэсэн юм.

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтраад хэд хэдэн хэрэг илрүүлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Цомбо” бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу харуулын хүзүүнд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг энэ сарын 18-19-нд шилжих шөнө гарсан. Ингэхдээ иргэн Б-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллааг явуулж байгаа. Мөн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүнд зодуулсан. Хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байхдаа нас барсан. Уг хэргийг шуурхай эрэн сурвалжлахад хамгаалалтын албанд ажилладаг 25 настай У гэгч хамт олонтойгоо дуу дуулуулсангүй гэх шалтгаанаар хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй байдал тогтоогдоод байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах% олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, “Энэ сар гарсаар хүний амь нас хохирсон 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан бол зургаан иргэн амиа хорлож, бусад 105 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 4,598 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагддаг үеийг угтан “Шинэ жил-2018″ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт бие алба хаагчид болон сонсогчдыг дайчлан ажиллаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Related image

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 26-ны өдрийн 13.30 цагт Шадар сайд асан Ц.Оюунбаатар, О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох аж. Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас шалгасан бөгөөд өнгөрөгч VI сард прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Ц.Оюунбаатарыг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Тэрбээр “Тэмээн поло-2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна, нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гаргаж, дээрх мөнгийг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” ТББ-ын дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бий. Анхан шатны шүүх хурлын тов 14 хоногийн дотор гарах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Танд хэрэгтэй мэпээлэл

No automatic alt text available.

Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн зураг, хаяг, байршил

Categories
мэдээ нийгэм

“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна.




Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсье гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” төсөлд иргэд, олон нийтийн саналыг тусгана

“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” төсөлд иргэдийн саналыг тусгана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” дунд хугацааны баримт бичгийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгууд болон түүнийг Улаанбаатар хотод нутагшуулах хүрээнд боловсруулагдсан “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч, тусгахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн төлөөлөл болон НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа зэрэг албаны төлөөллүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа, “Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх ерөнхий танилцуулга”, Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн Ш.Мөнхцэрэн “Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтууд бодлогын баримт бичгийн төслийн танилцуулга”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэний оролцоо” сэдвүүдээр илтгэл тавилаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 оны есдүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг 193 гишүүн орны хамтын шийдвэрээр баталж, үүнтэй уялдуулан манай улс “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийг 2016 онд УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан юм. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот орон нутгаа манлайлан, хотынхоо онцлогт тохирсон Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, түүнд хүрэх арга замыг тодорхойлох ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж, түүнийгээ сайжруулахаар үе шаттай хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын 49300 гаруй иргэн БНСУ-д ажиллаж, амьдардаг

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн нийтийн сонсголын зохион байгуулалтын талаар туршлага судаллаа. Төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, БНСУ -Монголын найрамдлын бүлгийн дарга Канг Чанг Ил, дэд дарга Ким Доо Гван болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Эх орончдын намын дарга Чо Вон Жинтой уулзан тус улсын нийтийн сонсголын зохион байгуулалт болоод зорилго, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар харилцан санал солилцож, тус ассамблейн Хүрээлэн буй орчин, байгалийн зохицуулалтын байнгын хорооны нийтийн сонсголын зохион байгуулалтын үйл явцтай танилцлаа. Төлөөлөгчид энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар тодруулан, холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо. 2018 оны 12 дугаар сарын байдлаар манай улсын 49,300 гаруй иргэн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байна.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд шүүх хуралдаанд оролцох 14530 иргэний нэрсийг баталлаа

Image result for шүүх

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 2019 онд шүүх хуралдаанд оролцох 14,530 иргэний төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг баталлаа. Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх ажиллагаа иргэдийн оролцоо тэгш, хүртээмжтэй байх, шүүх дэх олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангалаа.

Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тусгай програм ашиглан шүүхийн иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгосны үндсэн дээр анхан шатны шүүхийн тамгын газраас тухайн шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн мэдээллийг нягталж, Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх иргэдийн ял шийтгэлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газраар гаргуулан хуулийн шаардлага хангасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталжээ. Тогтоол 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх тул шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдэгдэх, сургалтад хамруулах, гарын авлагаар хангахыг анхан шатны журмаар хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэдэг шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй

Image result for МАН

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Өнөөдөр тус бүлгийн хуралдаан дахин товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо. МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь өөрийн хүсэлтээр огцруулах улс төрийн шийдвэрийг гаргасан. Үүнийг УИХ дээр ярилцаж, ажлыг нь өгүүлэх асуудлаар бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж байсан билээ. УИХ-ын чуулган ч бас дөрвөн долоо хоногийн хугацаанд ирц бүрдээгүйн шалтгаанаар хуралдаж чадаагүй.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Цэргийн штабаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа 2018 оныг бид бүхэн “Хууль тогтоомж, дайчилгааны бэлэн байдлыг хангах жил” болгон үндсэн таван зорилтыг дэвшүүлэн ажилласан гэдгийг онцолж байв.

Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр, Хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Дэд хурандаа Л.Мөнхбат даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттай дүгнэгджээ.

Цэргийн штабын 2018 оны “Тэргүүний офицер”-оор Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад О.Батсүрэн шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч-жолооч, ахлах ахлагч Б.Дэмбэрэлбалжинням шалгарч хамт олноо хошуучилжээ.

Түүнчлэн ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Нямгэрэл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав нар шалгарчээ.

Тус Цэргийн штабаас 2019 оныг “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж байна.

Тайлангийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүнд хандаж үүрэг, чиглэлийг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.