Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш

“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.


-Улс төр тойрсон үйл явдлаар байр сууриа илэрхийлэх учиртай хүмүүсийн нэг учраас тантай энэ сэдвээр ярилцмаар байна. Сүүлд дуулиан тарьсан ЖДҮ гэхэд л улстөрчид ёс зүйгээ алдсаны тод жишээ болж харагдлаа. Уучлал гуйж толгой бөхийх хүн олдохгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Улстөрчийн этик ярихын өмнө улстөрч гэж хэн бэ гэсэн асуултад хариулах учиртай. Өнөөгийн улстөрчид гэвэл энгэртээ эрх мэдэл илэрхийлсэн тэмдэг зүүснээрээ л биднээс ялгардаг. Ямар ч байгууллага руу нэвтэрч ордог, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэх мэт ялгарах эрхтэй. Тэр эрхийнх нь оргил нь бас тодорхой. Бидний өдөр тутмын амьдралын хэв зарчим, тоглоомын дүрмийг буюу хуулийг бичиж баталдаг эрхийг нь хэлээд байна л даа. Энэ хүмүүст тэр эрхийг ард түмэн олгосон. Улстөрчид ёс суртахуунгүй, этикгүй, ичих нүүргүй байгаа бол ард түмэн өөрсдөө тийм гэсэн үг. Улстөрчид биднийг хуурсан байна гэж ярих юм. Хуурагдаж яваагаа мэдэхгүй сууна гэдэг дахиад л ард түмний асуудал. Үнэн, худлыг ялгаж чадахгүй болсон нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Уран ярьдаг, гоё морь уралдуулдаг, сайхан дуулдаг, шүлэг бичдэг, бэлэг мөнгө тараадагт нь хууртаж саналаа өгсөн нь хэний буруу вэ? Та хэл дээ.

-Саналаа өгч сонгосон ард түмний буруу гэж үү?

-Ерөөсөө л тэр шүү дээ. Эцсийн дүндээ гурван сая монголчуудын зонхилох хэсэг нь ямар байна гэдгээс хамаарч тэдэнд таарсан улстөрчид л төрд гарч ирдэг. Социализм хүчээр Монголд орж ирсэн. Тухайн үед түрүүлээд нийгмийн хөгжлийн илүү өндөр шатанд гарсан, бичиг үсэгт тайлагдсан, аж үйлдвэржсэн, шинжлэх ухааны салбаруудад шинэ нээлтүүд хийсэн, илүү юманд хүрсэн улс орнууд ямар нэг байдлаар бидэнд дэм болж, биднийг чирч тодорхой түвшинд авчирсан байдаг юм. Сүүлдээ, олон жилийн дараа социализм буруу тогтолцоо гэдгийг ойлгоод өөр нийгэм рүү шилжих сонголт хийсэн. Хуучин нийгмийн зөв буруу эсэхийг ярихаас урьтаад нэг зүйлийг онцолмоор байна.

Өнгөрсөн нийгмийн тухайд ёс суртахууны, эдийн засгийн, улс төрийн, хууль эрх зүйн, үзэл санааны иж бүрэн систем байсан. Машинаар зүйрлэвэл сайн муу нь хамаагүй, илүү тос шатахуун хэрэглэдэг ч, үе үе эвдэрдэг ч, тохь муутайхан ч, ямартаа ч унтарчихалгүй явсаар наяад оны сүүл хүрсэн байдаг. Ерэн онд бид улсаараа өөр машинд сууна гээд хуучин машинаасаа буусан. Сонгоно гэж зорьсон машиныхаа эд ангиуд хэрхэн ажилладаг гэх мэт нарийн ширийнийг мэдэлгүйгээр чиг багцаа нь зөв гээд суучихсан. Ерэн оноос хойш олон сонгууль боллоо шүү дээ.

Эхэндээ буюу 1990, 1992, 1996 онуудад гол төлөв номтой, боловсролтой, тодорхой систем, үзэл санаа, онол ярьсан хүмүүсийг илүүтэй сонгож байсан. Тэр үед дуу дуулна, хүнд таалагдана гэсэн асуудал бага байлаа. Нийгэм л юм чинь анхаарал татахын тулд янз бүрийн арга хэрэглэж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг алиа салбадай нар бага байсан. Гагцхүү арай боловсролтой, сууж яваа машиныхаа эд ангиудыг, ажиллагааг нь гадарладаг хүмүүс төрд гарч ирж байсан юм. Гэтэл өнөөдөр социализм, капитализм, либериализм, консерватизмаа ялгахаа байчихлаа л даа. Сууж яваа машинаа ойлгодог хүн дэндүү цөөхөн болчихлоо. Таны асуугаад байгаачлан ганцхан ёс суртахуун нь доголдсон юм биш гэж хэлэх гээд байна л даа. 76 дотор ичиж, зовж, шаналж яваа нь бий. Аль ч намд ичих булчирхайтай хүмүүс байгаа. Гэхдээ олонхыг нь өөр хүмүүс бүрдүүлчихсэн учраас тэдний дуу сонсогдохгүй байна. Этик бидний сууж яваа машины олон эд ангийн зөвхөн нэг нь. Ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрх мэдэлд очсон хүмүүс нь төр яаж ажилладаг, боловсрол, эмнэлэг, эрчим хүч, цөмийн энерги, нефть, газ, уурхай, барилга, экологи, түүх, генетик, гадаад харилцаа, зэвсэг, газарзүй, сансар судлал, роботын технологи, хими, биотехнологи гэх мэт салбарууд хэрхэн урагшилдаг зүй тогтлыг мэдэхгүй бол мянгантаа ичээд яах юм.

-Гэхдээ төрд бугласан идээ бээрийг шахах цаг боллоо гэж улстөрчид эхнээсээ дуугараад эхэлсэн нь сайны дохио байх шүү?

-Идээ бээрийг нь шахах ёстой гэж мянга яриад нэмэргүй. Хэн, яаж шахах юм. Нэгэнт буглачихсан хатигийг дуртай хүн очоод шахаад байдаггүй. Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш. ЖДҮ илэрсэн хугацаа болох хоёр сарын өмнөх асуудал ч биш. Асуудал юундаа байна гэхээр бид ямар машинд суухаа ч, явах зүг чигээ ч сонгоогүй байна. Хүн бүр өөр өөр машин унах сонирхолтой, тэр сонирхлоороо тал тал тийшээ үсчээд байна л даа. Зүйрлэж яривал гурван саяулаа нэг машинд, ядаж нэг цуваанд яваа машинд суугаад явах учиртай. Гэхдээ тэр машин нь хуучнаасаа илүү байх ёстой. Гэтэл одоо хүртэл машинаа сонгож чадаагүй байна. Үүнийг би шилжилтийн үе гэж хэлнэ.

-Шилжилтийн үе дуусаагүй гэх гээд байна аа даа?

-Тэгж ойлгож болно. Монголд том утгаар нь яривал социализмаас капитализм руу шилжих шилжилтийн үе дуусаагүй. Тийм учраас би таны асуусан этикийн асуудлыг бидний өмнө тулгамдсан олон асуудлын зөвхөн нэг хэсэг нь гээд байгаа юм. Өмч ямар байх ёстой юм гэдэг асуулт бас бий. Яагаад таны хөндсөн, сонирхсон асуудал үүсээд байна вэ гэдэг асуултын хариу уг нь их энгийн. Өнөөгийн Монголын төрд сонгогдсон олонх хүмүүс мэдлэг багатай, ном уншдаггүй, хэл усгүй, тархиа ажиллуулдаггүй учраас хоолоо хамгийн хялбар аргаар идэх гэж оролддог. Онцгой чадвартай хүмүүст бол уралдаан өрсөлдөөн хэрэггүй. Хэний ч хамааралгүйгээр хоолоо олоод урагшилдаг. Сайн эмч байлаа гэхэд өвчтөнүүд араас нь мөнгөө бариад гүйдэг нь жамын үзэгдэл. Чаддаггүй хүмүүсийн араас хэн ч хөөцөлддөггүй. Ийм хүмүүст хулгай хийхээс өөр арга олддоггүй юм. Хамгийн амархан мөнгөжих арга бол нэг удаа ихийг авах. Олон удаа хулгайлахаар баригдана гэсэн зовлон бий. Тэгэхээр эрх мэдэлтнүүд харьцангуй цөөхөн удаа томоор хулгайлахыг боддог. Харин хулгай хийх хүсэлтэй хүний бай нь эзэнгүй өмч. Эзэнгүй өмч зөвхөн төрд байдаг онцлогтой. Нийгэм хөгжөөд олонх гэгээрэх тусам улсын ч өмч байсан хулгайлж болохгүй гэсэн ойлголт ухамсар сууж эхэлдэг л дээ. Өнөөдрийн тухайд эзэнгүй үлдээд буй өмч гэвэл төрөл бүрийн сангуудын мөнгө байна. ЖДҮ цаанаа ийм шалтгаантай. Бас том үйлдвэрийн газруудын ашиг, зардал, худалдан авалт гэж эзэнгүй өмч бий.

-Эзэнгүй өмч төрд байдаг гэснээс сүүлийн үед хувийн өмчийг төрд хурааж авна гэж ярьдаг улстөрчид олширлоо. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийг төрд хурааж авна гэж ярьдаг. Саяхан танай намын Н.Алтанхуяг бас тиймэрхүү агуулгатай мэдэгдэл хийж харагдсан…?

-Дэлхийн түүхийг харахад төр нь хувийн өмчид халдсан улс орнуудын хөгжил урууддаг. Ойрхоны жишээ гэхэд л Венесуэл байна.Уго Чавесаас өмнө нефтийн асар их нөөцтэй, дэлхийд гэж яригдахаар хөгжиж урагшилж байсан улс. Гэтэл өнөөдөр нэг сая 300 хувийн инфляцитай болж эдийн засаг нь элгээрээ хэвтсэн. Бидний 70 гаруй жил түшиж, дагаж, зүг чигээ болгож ирсэн Орос улс сая дурдсан Венесуэл маягийн улсын шүтээн болж хувирсан гашуун үнэн бас бий. Зах зээлийн жамаар хөгжинө гэдэг өөр ойлголт л доо. Жишээ нь, өнөөдөр ХААН банкнаас ямар ч том сайд хулгай хийж чадахгүй. Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг томоохон банкуудад нэг сайн тал бий. Гадаадын өндөр зэрэглэлийн мэргэжилтэнд хангалттай цалин амлаж банкаа удирдуулдаг.Тийм ч учраас олон улсад банк яаж хөгжиж байна, яг тэр жишгээр урагшилж яваа. Өөрөөр хэлбэл, зах зээлийнхээ жамаар хөгжиж байна.

-Жаран тэрбумын цаад шалтгаан нь бас тогтолцоондоо байна уу?

-Суудал авах гэж намдаа мөнгө өгч, өчнөөн хөрөнгө зарцуулж сонгууль хийгээд орж ирсэн хүмүүс гарч ирснийхээ дараа шархаа нөхөх гээд зүтгэчихдэг нь нуугаад байх явдал биш. Хулгай нь баригдахаар “Тэгээд яачихаав” гээд гүрэлзээд байгаа нь цаанаа ийм учиртай. Товчхондоо ЖДҮ, жаран тэрбум хоорондоо холбоотой. Бүр цаашлуулж яривал ЖДҮ-ийн эхлэл нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой.

-Ойлгосонгүй, ямар сэжмээр “Эрдэнэт”-тэй холбогдоно гэж…?

-“Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээс хойш энэ үйлдвэрийн ашиг жил дарааллан 2-3 дахин нэмэгдэж гарлаа. Өнгөрсөн хугацаанд зэсийн үнэ огцом өсөөгүй, үйлдвэрийн өртөг зардал их хэмжээгээр буугаагүй, ажиллагсдынх нь тоо өөрчлөгдөөгүй, улс төрийн орчин нөхцөл янзаараа байгаа. Ийм байхад ашиг нь нэмэгдсэн нь ямар учиртай вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Хариу нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр хувийн компанийн хяналт ороод ирэхээр улстөрчид ил тодоор идэж чадахаа больсон хэрэг. Наад зах нь бүх худалдан авалтандаа тендер зарлаад эхэлсэн шүү дээ. Өмнө нь тендер зарладаггүй, бүх зүйл хөшигний ард өрнөж байсан юм. Хувийн компанийн хяналт орж ирснээс хойш үйлдвэрийн ашиг өсч эхэлсэн. Ашиг өсөх хэрээр төсөвт орж ирэх мөнгө ихэснэ гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ байгаагүйгээр ашигтай ажиллаж байхад улстөрчид эсэргүүцээд суугаа нь ийм л учиртай. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авчихаар камер тавьж, цоож зүүж, харуул хамгаалалтаа сайжруулж таарна. Ийм нөхцөлд хулгай хийх боломж нь хумигдаад ирэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн Оросын мэдлийн хувийг Монголын компани худалдаж авсаны дараа улстөрчид хараа хяналт султай, камергүй хашаа руу онилсон юм. Тэр хашаа нь ЖДҮ. Бүр тодруулж хэлбэл “Эрдэнэт”-ийн дараа идэх том хоол олдохгүй болсон учраас ЖДҮ рүү орсон. Давтаад хэлэхэд “Эрдэнэт” гэдэг том идүүр нь алга болонгуут ЖДҮ нүдэнд нь торсон хэрэг. Тэр утгаар нь би холбоотой гээд байгаа юм.

-ЖДҮ чинь саяхных, 49 хувийн хувьчлал хоёр жилийн өмнөх явдал биз дээ?

-Таны асуултад хариулахын өмнө нэг жижигхэн түүх ярья. Намайг 2008-2012 онд хотын орлогчоор ажиллаж байхад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг банкуудаар дамжуулж олгодог байсан юм. Банк бидний бодлогын хүрээнд дэмжиж явуулсан төслүүдийг санхүү талаас нь шалгаж яг ашигтай, хэрэгтэй гэж үзсэн төсөлдөө санхүүжилт олгож байсан. Гэтэл 2017 оноос ЖДҮ-ийн санхүүжилтийг банкуудаас салгаад эрх мэдлийг нь ХХААХҮЯ-нд өгчихсөн. “Эрдэнэт”-ийн хувьчлал 2016 онд тодорхой болчихсон байсныг бүгд мэднэ. Мөнгө саадаг үйлдвэрийнх нь 49 хувь хувийн компанид очих нь тодорхой болчихоор эрх баригчид сандарсан. Тэгээд тэр жилдээ буюу 2016 оны сүүлээр 2017 оны төсвийг батлахдаа ЖДҮ-ийн санхүүжилтийг өөрсдөдөө ашигтайгаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, найдвартай, итгэлтэй, дуулгавартай, үгнээс нь гардаггүй этгээд болох яамаар дамжуулж жижиг дундын зээлийг олгох шийдвэр гаргасан.

-Нээрээ хэдэн өдрийн өмнө Ц.Нямдорж ийм утгатай мэдэгдэл хийсэн шүү. Тэгэхээр ЖДҮ өмнөх Ерөнхий сайдын үед зориудаар эхлүүлсэн ажил болж таарах нь ээ?

-Сэдсэнээ ажил болгож амжаагүй байхад нь дараагийн засаг гараад ирсэн хэрэг. Аваагүй үлдсэн нь авсныгаа матсан учраас асуудал ил болсон хэрэг шүү дээ. Тийм учраас би ЖДҮ-ийн шуугиан өрнөх анхны шалтаг нь 49 хувь гээд байгаа юм.Тэр утгаараа төрд бугласан идээ бээрийг шахах шаардлага үүссэнийг олон нийтэд ил болгож өгсөн газар нь “Монголын зэс”корпораци. Тэгэхээр тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой.

-АН олонх болсон бол МАН шиг ийм процесс давтагдах байсан уу?

-Үгүй. Би өчнөөн сонгуульд нэр дэвшиж явсан. Хамгийн сүүлийн буюу 2016 оны сонгуульд л нэр дэвшээгүй. Манай намд ажил албан тушаалыг ингэж зардаггүй байсан. Одоо ч тийм. Өнөөгийн даргын өнгөнд нам дотор иймэрхүү хандлага анзаарагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм том объемоор биш л дээ. Мөнгөн дүнгийнх нь хэмжээ харьцуулахааргүй өчүүхэн.

Ц.БААСАНСҮРЭН

Үргэлжлэл бий8

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналын дагуу Ерөнхий хяналтын сонсгол зохиох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдахаар товлосон байна.

Тухайлбал, 09.00 цагт эхлэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналын дагуу Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцэх юм.

Харин 10.00 цагт Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гийн зээл, “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, Беларусь хооронд байгуулсан гурван гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ багтжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 22 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд эхэлж, 22 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар 2019 онд худалдан авах бараа ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай, Орон сууц хувьчлах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам батлах тухай, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага батлах тухай, Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм батлах тухай хэлэлцэх юм.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай”, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлах тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2019 оны хувь хэмжээг батлах тухай хэлэлцэхээр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 26-нд болох үйл явдал

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Дархан аварга Х.Баямөнх Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 98000307 88085308

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Эх орон, хөгжил, дэвшил” ТББ-аас шударга, Монгол төрд хариуцлага, ёс зүйг дээдлэн ажиллах боломжтой 76 улс төрчийн нэрийг зарлана.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Д.Лхагвасүрэн, Р.Ууганбаатар, М.Сайнбаяр нар “Эрдэнэс тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төслийг танилцуулна.

11.00 цагт Монголын Үндэсний Музейн Үзэсгэлэнгийн танхимд Соёлын гавъяат зүтгэлтэн, Г.Гонгоржавын “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэгийн нээлт болно. Утас: 99195447, 88816482

11.30 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 88989878

14.00 цагт Талст төвд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “10.000 маск” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн хүүхдүүдэд маск түгээнэ. Утас: 99039343, 88725000

15.00 цагт ЭХЭМҮТ-д МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн хамт олны тохижуулсан номын сангийн нээлт болно. Утас:99865208

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хорооны хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэснийг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Бие биенийхээ хулгайг илчилж байгаа нь сайн хэрэг боловч Монгол Улс тамирдах нь ээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын үйл ажиллагаа гацчихсан гэхэд хилсдэхгүй байдалтай байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс төртэй байх уу, үгүй юү гэдэг дээр санаа зовж байна. Учир нь Монгол Улс 26 тэрбум ам.долларын өртэй байгаа. Хэрвээ Парисын клубээр хэлэлцэх юм бол Монгол Улс хэд, хэдэн газар нутагаа өрөндөө алдана. Тиймдээ ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж валютын нөөцийг бүрдүүлэх гэж байна. Энэ үед Монголын төрийг чадамжгүй болгох гэсэн гадна, дотны явуулга яваад байх шиг харагдаж байна. Цаад зорилго нь биднийг саарал жагсаалтад оруулах гээд байна уу гэх хардлага байна. Бид ондоо багтаж маш их өр төлнө. Японоос санхүүгийн дэмжлэг авъя гэсэн боловч сайн ярих нь зүйтэй гэсэн байна. Ярья гэдэг нь өгье гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр бид буцаад эдийн засгийн хүнд байдалд орох вий гэсэн болгоомжлол байна.

-Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байгаа. Энэ нь хэр зөв зүйтэй алхам юм бэ?

-УИХ-ын гишүүдийн тэмцлийг хоёр утгаар ойлгох ёстой болов уу. Хуралдаа суухгүй бойкот хийж УИХ-ын даргыг огцруулна гэж байгаа. М.Энхболд дарга үүнийг улс төрийн шахалт, шаардлага гэж ойлгоод дэмжих нь зөв. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмний амьдрал ядуу хэвээр байна. Гэтэл улстөрчид нь нүдэн дээр нь хагартлаа баяжчихсан. Авлига хээл хахууль нь цэцэглэчихсэн, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглаж дур зоргоороо зээл авдаг. Эрдэнэтийн 49, 51 хувь, Оюу толгой гээд санаа зовмоор зүйлүүд олон байгаа. Энэ бүхэнд ард түмэн гомдчихсон. Гомдчихсон учраас Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарыг дэмжээд байна. Би ч гэсэн УИХ-ын гишүүн, шударга бусын хонгилд дургүй хүнийг дэмжмээр байгаа юм. Нөгөө талдаа УИХ-ыг чадамжгүй болгож, чуулганы хуралдааныг явуулахгүй гэж байна. Нэг зүйлийг би гайхаад байгаа юм. УИХ-ын дарга нэр бүхий гишүүдээс ирүүлсэн шаардлагыг хэлэлцэж, тодорхой дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Уг байнгын хороог хуралдаж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл өнөөх гишүүд уг хурлыг дахиад бойкотолж байгаа юм. Тэгэхээр энэ бүхний цаад зорилго нь Их хурлыг чадамжгүй зорилготой юм болов уу гэж хараад байна. Их хурлыг чадамжгүй болгоод сайнаар яривал Үндсэн хуулийн хувьсгал хийнэ. Саараар яривал Монгол Улсыг дефолт зарлахад хүргэнэ. Ингээд Монгол Улсын аль нэг газрыг гадныханд найр тавьж өгөх гээд байгаа юм болов уу гэж бодож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн ажлаа хийх хэрэгтэй. Энэ тухай би ил, далдаар хэлж, ҮАБЗ-ийн нарийн бичигт нь ч уламжилсан. ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх байсан. Энэ мэдээллийг зориуд гацаасанд би тун сэтгэл дундуур байгаа. ҮАБЗ-ийн тэргүүн юу ярихыг бид сонсох хэрэгтэй байсан. Энэ асуудлыг хүчээр зогсоосон залуучуудад тоглоом тоотой нь дээр шүү гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч ч гэсэн ингэж хэлэх цаг болсон. Л.Оюун-Эрдэнийг З.Энхболд сайн мэднэ. Х.Нямбаатарыг ямархуу хүүхэд гэдгийг бид ч, тэд ч мэдэж л байгаа шүү дээ. Эд нар цэвэрхэн хүмүүс биш шүү дээ. Цэвэрхэн хүмүүс гэдэг нь улс төрд удаагүй хүнийг хэлдэг юм. Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар хар багаасаа улс төрд явсан. Ах нарынхаа гар хөл болж явсаар ирсэн. Одоо ч гэсэн гар хөл нь болсоор байна. Одоо улстөрд тодрох цаг нь биш ээ. Тодорхой ажил хийх цаг нь ирчихээд байна. Бид цагаа үр ашиггүй, хоорондоо хэмлэлдэж өнгөрүүлж байна. Монголын төрд хэн хямрал үүсгээд байна гэдэг асуудал дээр тусгай албатууд байр сууриа нэгтгэх цаг болсон.

-Н.Номтойбаяр гишүүн “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан” талаар мэдээлсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан зарим гишүүдийг эгүүлэн татах тухай яригдаж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулинд УИХ-ын гишүүн хүний эхнэр, гэр бүлийн хүмүүс ЖДҮХС-гаас зээл авч болохгүй гэсэн хориг байхгүй. Мэдээж гишүүн хүн өөрөө ЖДҮХС-гаас зээл авч болохгүй шүү дээ. ЖДҮ-тэй холбоотойгоор 32 хүн шалгаж байгаа юм билээ. Урьдчилсан үзлэгээр 26 хүн нь сэжиг бүхий, есөн хүнд хавтаст хэрэг нээх бүрэн боломжтой байгаа. Үүнээс гурваас дөрвөн гишүүнийг нь эгүүлэн татах асуудал яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Ер нь бол ЖДҮХС-гаас зээл аваад түүгээрээ банкин дахь өрөө дарчихаж болохгүй. Жишээ нь, Засгийн газарт нөлөө бүхий байсан Б гэгч этгээд манай Эрдэнэтэд очоод Засаг даргаас нь газар авсан байна. Өнөөх газартаа зээл авч байгаад барилга барьжээ. Харин банкин дахь өрөө ЖДҮХС-гаас авсан зээлээрээ дарчихсан байгаа юм. Энэ бол гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр Н.Номтойбаярын ярьсан зүйл гэмт хэрэг мөн эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

Ер нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын тэмцэл, ЖДҮ, Л.Оюун-Эрдэнэ гэнэт ухаан ороод Монголыг хувьсгалжуулж байна гэх зэрэг зүйлүүд огт байхгүй ээ. Тийм үлгэр байдаггүй юм. Зүгээр л хотын фракц, зүүний хүчний фракц хоорондын эрх мэдлийн төлөөх дайн. Би чинь МАХН-ын хүн шүү дээ. Тийм учраас эдний түүхийг би маш сайн мэднэ. Энэ бол МАН-ын л хэрүүл. Үүнийг төрийн асуудал болгож байгаа нь зохимжгүй. Би Л.Болд гуайд л санаа зовж байна. Парламентын түүхийг ярих хэмжээний мундаг улстөрч хүн. Гэтэл өнөөдөр улс төрийн шахаанд орсноосоо болоод ийм тэнэг үйлдэл хийгээд явж байна.

-ЖДҮ, 60 тэрбумын асуудлын тухай цуурцгааж байна. Үүний цаана бонд, Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлууд дарагдаж үлдэх нь, том асуудлуудаа ярих хэрэгтэй гэдгийг хүмүүс хэлж байна л даа…

-Авлигатай тэмцэх газар авлигалыг 50 хувь бууруулъя гэвэл Эрдэнэтийг л судла. Үлдсэн хэсэг нь бусад жижиг асуудлууд байгаа байх. Н.Алтанхуяг “Ц.Элбэгдорж Эрдэнэтийг идэж дууссан бол ядаж шороог нь үлдээ” гэж зөв юм хэлсэн. Би өмнө нь Т.Ганболдтой уулзахад надад юу ч хэлээгүй. Яагаад тухайн үед нь яриагүй юм бэ гэж ард түмэн асууж л байгаа. Цаг нь болсон учраас л одоо ярьж байгаа юм байлгүй. Миний хувьд шударга бусын хонгил гэж зүйл байдаг юм бол нураая гэж бодож явсан шүү. Нүүрсний гэх хэргээр шоронд орсон Л.Гансүх, прокурорын өөдөөс чанга дуугарсан эмэгтэй нарын шүүх хурлыг телевизээр гаргах ажлыг би хийсэн юм. Л.Гансүх гарч ирээд “Намайг бүгд дэвслэх гэж байхад чи хэн бэ гэдгээ харууллаа. Баярлалаа” гээд хэлж байсан. Тэмцэнэ гэдэг нь цээжээ дэлдэхийг хэлдэггүй юм. Би Эрдэнэтийн луйварчидтай яс үзэж байгаа. Тулалдаж байгаа.

-Таны харж байгаагаар энэ тэмцэл хэзээ намжиж, парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бол?

-Ард түмэн МАН-ын 65 хүнийг сонгосон. Тэд Үндсэн хуулийг өөрчлөх ч эрхтэй хүмүүс шүү дээ. Гэсэн ч тэд улсаараа тоглож байна. Болохгүй гэдгийг би маш олон удаа хэлсэн. Жишээ нь, АТГ-ын даргыг томилж болохгүй гэдгийг би маш олон удаа л хэлсэн. М.Энхболдыг УИХ-ын дарга болгоно гэхэд нь би зөндөө л эсэргүүцсэн. Гэтэл өнөөдөр бүгд халаглаад л байх юм. Өөрсдийнх нь хулгай илэрчих гээд байгаа учраас л бие биенээ хэмлээд байна. Аль алиных нь хулгай илэрчих гээд байгаа хэрэг л дээ. Бие биенийхээ хулгайг илчилж байгаа нь сайн хэрэг боловч Монгол Улс тамирдах нь ээ. Улс эх орон минь дампуурчих вий гэж би их санаа зовж байна.

-Таныг МАХН-ын гишүүнээс нь хасна гэж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Би Н.Энхбаяр ахыгаа маш сайн ойлгож байгаа. Тэр хүн энэ намаас салах юм бол амиасаа салсантай адил болно. Гэхдээ ах мөнх настай биш. Бодлогоо нийлүүлээд, надаас уучлал гуйх хэрэгтэй. Намайг зөндөө л доромжилж, гутаалаа шүү дээ. Шоронд хийх гэж их л оролдлоо. Би тэр хүнийг шоронгоос гаргаж байхад, намайг шоронд хийх гээд байж болохгүй биз дээ. Шударга бусын хонгил байдгийг ах ч, би ч мэдэж байна. Одоо тэр хүн уучлал гуйгаад, намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийн дагуу даргынхаа эрх мэдлийг өг. Гишүүдээ хүндэл. Ингээд бид цаашаа явмаар байна. Нэмж хэлэхэд саяхан хошин шог шиг юм болсон. Саяхан Ерөнхий сайд суудалгүй намуудын удирдлагуудтай уулзсан. Тодруулбал, охин компанийнхаа төлөөллүүдтэй уулзсан гэсэн үг. Тухайн үед У.Хүрэлсүх Н.Энхбаяр даргыг урьсан чинь “Манайх суудалтай” л гэсэн байна лээ. Хөөрхий ах минь одоо улс төрийн орон зайгаа шударгаар тавьж өгөх цаг болсон. 1996 онд П.Очирбатыг намын дарга байхад нь Н.Энхбаяр тэргүүтэй 40 нөхөд орж албан тушаалыг нь авч байсан юм билээ. Харин 2016 онд нөхдүүдийг хөөх зорилгоор “Number one” хөдөлгөөнийхөн буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нар У.Хүрэлсүх ахаараа толгойлуулаад тэмцсэн. Ер нь заавал хэрэлдэж, зодолдож тэмцэх шаардлагагүй л дээ.


Categories
мэдээ цаг-үе

С.Сэрчмаа: “Шинэ жил ирлээ”-г 14 дэх жилдээ дуулж байна

Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.


-Та нэг хэсэг уран бүтээлээ завсарласан уу. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Би уран бүтээлээ завсарлаагүй л дээ. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд л явж байсан. Жилийн өмнө хоёр дахь охиноо төрүүлсэн. Амьдралын минь сайхан үеүдийн нэг байлаа. Уран бүтээлийнхээ хажуугаар том охиноо сургуульд нь хүргэж өгнө, авна. Бага охиноо асарна гээд эх хүний үүргээ гүйцэтгээд л явж байна. Хамгийн сүүлд “Хөхөөний үүр” киноны дуу “Үр минь”, “Хайр эргэсэн хавар” киноны дуу, “Амьдарлын нар” киноны дууг дууллаа. Мөн Freez­one хамтлагийн Төрөөтэй хамтарч Харангын Чука ахын ая, Х.Лхагвасүрэн ахын шүлэг “Цасан хаялга” дууг шинэчилж дуулсан. Ер нь хоёр цомог хийх хэмжээний 20 гаруй дуу бэлэн болгочихсон байна. Эхнээсээ дуунууд маань клиптэй болж байгаа. Би багаасаа л урлагт хөл тавьсан болохоор бүх юмаа өөрөө зохицуулаад сурчихсан. Бараг тоглолтынхоо арын бүх ажлыг нь өөрөө хийчихдэг байсан. Клип хийлээ гэхэд санааг нь өөрөө гаргачихдаг ч юмуу. Ер нь манай урлагийн бүсгүйчүүд, бүх зүйлээ өөрсдөө хийчихдэг, сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд байдаг гэж боддог.

-Тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Ирэх онд бодож төлөвлөсөн зүйл олон байна.

-Шинэ жил болохоор хамгийн түрүүнд юу санаанд тань буудаг вэ?

-Шинэ жилийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн сайхан баяруудын нэг. Миний хувьд шинэ жил болохоор чимэглэсэн гацуур мод, өвлийн өвөөгөөс бэлэг авч буй хүүхдүүд нүдэнд харагддаг.

-Таны “Шинэ жил ирлээ” дууг хүн бүхэн мэддэг шүү дээ. Монголын шинэ жилийн “Топ 10” дууны нэгээр шалгарч байсан. Энэ дуу хэрхэн бүтэж байв?

-Анх 2005 онд ая зохиогч Н.Санжаа, үгийг П.Хэрлэн бичиж надад энэ дууг дуулах санал тавьж байсан юм. Энэ дуугаа дуулаад 14 жил өнгөрчээ. Шинэ жилээ тэмдэглэж байгаа албан байгууллага хамт олон энэ дуугаар минь шинэ жилээ нээж, хаадаг.

-Шинэ жилээр хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Тэгэлгүй яахав. Арванхоёрдугаар сарын 31 дуустал өдөр болгон л шинэ жилтэй байна даа.

-Урлагийн хойч үеийнхэнд мэдсэн сурснаа өвлүүлэх зорилгоор сургалтын төв, эсвэл хөгжмийн сургууль байгуулахыг хүсдэг тухай ярьж байсан. Биелэлээ олчихсон уу?

-Сургуулиа нээж амжаагүй л явна. Нэг л өдөр биелэлээ олно гэж боддог. Бусад уран бүтээлчид маань өөр өөрсдийн хөгжмийн төвөө нээгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сайхан санагддаг.

-Урлагийн эмэгтэй хүн гэр бүл болон урлагийн амьдралаа хэрхэн хослуулж авч явч байна?

-Мэдээж ажил, хувийн амьдарлаа хослуулж л амьдрах болдог. Баярын үеэр уран бүтээлчид ачаалал ихтэй ажилладаг. Гэхдээ мэргэжил маань цагт баригддаггүй болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой байдаг шүү.

-Дуучин мэргэжлээсээ гадна таныг хийл тоглодог гэдгийг хүмүүс андахгүй. Охиддоо хийл хөгжмөө заах уу?

-Хийл хөгжмийг анх сурахад 8/1 гэсэн хэмжээтэй хийлээр тоглодог юм. Тэр хийл маань одоо хүртэл надад бий. Сүүлдээ 4/1, 4/4 гэсэн хэмжээтэй хийлүүдээр тоглодог. Эдгээр хийлүүд бүгд надад байгаа. Охиддоо хийл хөгжим заахад ямар нэг асуудалгүй гэж боддог.

-Та өөрөө хийлээ хэр их тоглож байна даа?

-Тоглолгүй яахав. Мэргэжлийн сургуульд нь сурсан болохоор хийл хөгжмөө дуулсан дуу бүртээ шингээхийг хүсдэг.

-Өөрөө зохиосон дуу байдаг санагдаж байна?

-Зарим нэг дууныхаа үг, аяыг өөрөө зохиох үе байдаг л даа. “Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг би өөрөө зохиосон.

-Өөрийнхөө дуулдаг жанраас өөр хэв маягаар дуулъя гэж боддог уу?

-Би өөрийгөө шинээр нээх, сорих дуртай. Уран бүтээлч хүний хувьд шинэлэг өнгө төрхийг ямагт эрж хайж байх хэрэгтэй болов уу гэж боддог.

-Та нэг хэсэг нэвтрүүлгийн хөтлөгч хийсэн. Телевизийн хөтлөгчөөр ажиллах ямар санагдав?

-Хөтлөгчийн ажил давгүй сайхан санагдсан. Гэхдээ хэд хэдэн удаа арга хэмжээ хөтлөн олон цаг тайзан дээр зогсох нь их хэцүү юм билээ.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Танаас үлгэр жишээ авдаг олон эмэгтэй бий?

-Эмэгтэй хүн аливаад уян хатан хандаж, хайраар дүүрэн дотроосоо гэрэлтэж байгаасай гэж хүсдэг. Ер нь бол эмэгтэй хүн дотоод гоо сайхнаараа гэрэлтэж, эрүүл байхад гаднах гоо сайхан цогцлон бүрддэг гэж боддог.

-Анх дуулж эхэлж байсан үеэ одоо дурсахад сайхан санагддаг уу?

-Монголд ганцхан байдаг урлагийн сургууль “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид зургаан настайдаа элсэн орж байлаа. Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Одоо ч чөлөө заваараа зураг зурах дуртай. Энэ үеэс миний урлагийн амьдралд хөл тавих гараа эхэлсэн.

Хамгийн анх олонд танигдсан дуу маань “Би явлаа”, “Торойсоор үлддэг миний ээж” дуунууд. Ер нь би бүх дуундаа хайртай. Тэр дундаас эхийн сэдэвтэй дуунууддаа хамгийн хайртай. Д.Нармандах ахын маань ээждээ зориулан зохиосон “Цайлган сэтгэлт миний ээж”, Ү.Хүрэлбаатар ахын үг, Б.Чинбатын аяар бүтсэн “Ижий ганцхан”, Г.Пүрэвдорж ахын ая “Эрх хонгор сэтгэл”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны дуу болох “Ангир ээж” гэх мэт эхийн сэдэвтэй олон сайхан дуу бий.

Би тавдугаар ангидаа ая, дуу зохиогч багачуудын уралдаанд хөгжмийн аялгуу, дуу зохиож нэгдүгээр байр эзэлж байсан юм. Энэ уралдаанаас урам их авсан. Түүнээс хойш дуулах сонирхол нэмэгдсэн гэж хэлж болно. Харин дуучин болоод өөрийн багш, хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн хамтлаг “Black and White jazz” хамтлагтай “River sound” амьд хөгжмийн клубт дуулдаг байлаа. Урлагт хайртай, үнэнчээр зүтгэсээр ирсэн минь өнөөдрийн энэ зэрэгт хүргэсэн гэж боддог.

-Та аль нутгийнх вэ?

-Би хангай нутгийн хүн шүү дээ. Аав маань Архангай аймгийн Батцэнгэл суманд, ээж Булганы Дашинчилэн суманд төрж, өссөн. Байгалийн үзэсгэлэн цогцолсон хангай нутагтаа очих дуртай.


Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар: Энэ янзаараа байвал чөлөөтийн багийнхан 2020 оны олимпоос нэг ч медаль авч чадахгүй

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Таны гарын шавь Түмэнбилэгийн Түвшинтулга насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Таны бэлдсэн хоёр дахь шавь бөмбөрцөгт нэрээ данслуулж байгаа нь энэ байх?

-Т.Түвшинтулга маань хүүхэд байхдаа Паламын Чулуунбаатар гэж дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаадаг байсан. 2009 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд Олимп сургуульд ирж миний удирдлагад бэлтгэл базааж эхэлсэн. Чулуунбаатар багш “Авьяастай хүүхдийг олон улсын тэмцээнд авч явмаар байгаа ч зардал мөнгө нь болохгүй юм. Та авч бэлд. Заах юм нь их байгаа биз” гэж миний гарт хүлээлгэж өгсөн түүхтэй. Тэр цагаас хойш нас насны ангиллын олон ч тэмцээнд оролцсон. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүртэл түрүүлсэн шүү дээ. Сая насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж багш нарыгаа баярлууллаа.

-Т.Түвшинтулгыг Бямбаренчингийн Баяраа багш та хоёр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө “Медаль бол авна, өнгө нь ямар байх нь уу” гэж хэлж байсан?

-Жингийн тамирчдынх нь барилдаанд судалгаа хийж тактикаа боловсруулсан. Үүний үндсэнд дүн шинжилгээ хийгээд медаль авна гэж үзсэн хэрэг л дээ. Медалийн өнгө өөр байж болох байсан ч шавь минь сайн барилдсан.

-Т.Түвшинтулга том тэмцээний туршлага тааруу шүү дээ. Хоёр дахь удаагаа том тэмцээнд оролцсон нь энэ оны ДАШТ байсан. Их л итгэлтэй байж дээ?

-Шавьдаа багш нь итгэхгүй бол хэн итгэх билээ. Чулуунбаатар бид хоёр хувийн зардлаараа Будапешт очиж гарын шавиа дасгалжуулсан. Медалийн найдвар өндөр байсан болохоор л тэр шүү дээ. Энэ жил хэн сайн байсан гэвэл Т.Түвшинтулга л сайн байсан.

-Оросын бөхийг хожчихсон бол медалийн өнгө өөр ч байж болох байсан?

-Багш, шавь хоёрын санаа тэрхэн мөчид жаахан зөрчихсөн. Би эхлээд ажилла гэж хэлсэн. Барилдах хүн маань “Багш аа, би төгсгөл дээр нэг явахад амархан хоёр оноо салгаад хожно” гээд л гарсан. Хэлж байснаараа төгсөл дээр ч явсан. Оноо ч авсан. Харамсалтай нь жаахан дутуудуулаад нэг оноо аваад ялагдсан.

-Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Гүржийн бөх Бека Ломтадзейтэй хүч үзсэн. Чука багш та хоёр шавьдаа юуг зөвлөв?

-Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, Европын тоглолтын мөнгөн медальтай том бөх шүү дээ Бека Ломтадзе чинь. Манай хүн өмнө нь 2015 оны дэлхийн цомоор хожиж байсан. Бид хоёр “Өөрийнхөөрөө яваад барилд, чи хожно” гэж хэлээд л гаргасан. Хожно гэдэгт нь итгэлтэй байсан.

-Та ид барилдаж байх үедээ тохой сөхөөд явахад хэнээс ч оноо салгадаг байсан. Таны шавь нар хийж байгаа харагдахгүй юм?

-Би Монголын тамирчдад заахад ном дүрмээр нь сурах хүн байхгүй байна л даа. Т.Түвшинтулга, Б.Номин, Г.Идэрхүү нар маань хааяа л хийх юм. Өөрийн болгож эзэмшиж дархалж чадахгүй байна. Хийхэд хамгийн амархан энгийн техник шүү дээ. Гадны тамирчид тэмцээний халаалтын үеэр хэд заалгаж сураад манайхныг тохой сөхөж хожсон удаа байгаа. Заагаад байхад эзэмшиж чаддаггүй юм аа гэхэд хамгаалалтыг нь сурахгүй бол хохь нь гэж хэлнэ. Сурчихвал найдвартай оноо авна.

-Таны хэвтэн цохио бас алдартай шүү дээ. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга болохдоо хийж байгаа харагдсан?

-Дэвжээ рүү шахаж байгаад хэвтэн цохидог техникийг Э.Бэхбаяр их зөв сурсан. Гэхдээ бий шууд хий гэж заагаагүй. Өрсөлдөгч довтолж байгааг мэдэрвэл л хийдэг техник. Шууд хэвтэн цохиод даруулчихаж байгаа хүн мэр сэр харагддаг. Гавьяат тамирчин Б.Номин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар нар энэ техникийг сайн эзэмшсэн. Мэх техникээ биеэрээ хийж үзүүлж байгаа нь миний онцлог юм даа. Зодог тайлснаасаа хойш жин төдийлөн нэмээгүй. Өнөөдөр ч шавь нарынхаа дунд ороод ноцолдоод явчихдаг юм.

-Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгөн медаль зүүсэн ч олимпоос медаль зүүж хараахан чадалгүй тамирчны замналаа өндөрлүүлсэн. 2000 онд медалийн боломж байсан л байх?

-2000 онд медаль авах боломж байсан уу гэвэл байсан. Эхний тойрогт Австралийн Кори Брайныг хожоод, хоёрдугаар тойрогт гоц мөргөсөн. Харин гуравдугаар тойрогт Беларусийн Гузовыг хожсон. Хэсгээс гарсан ч Беларусийн багийнхан эсэргүүцэл бичээд, дахин барилдахад Гузовыг 6:0-ээр дахиад л ялсан. Ингээд л нөгөө Дабиртайгаа учирсан даа.

-Дибарыг аргалж болоогүй юу?

-Хэвтээ барилдаанд илүүрхүүлчихээд байсан л даа. Хамгаалалт бэлдсэн ч чац дутаад л явчихсан. Дараа нь тун хүнд байсан шүү. Заалнаас гараад л уйлаад суучихсан.

-Та төрсөн өдрөөрөө Софигийн ДАШТ-нд финальдаж байсан шүү дээ?

-Тэр ДАШТ-ний барилдаанууд арваннэгдүгээр сарын 23-нд миний төрсөн өдөр таарсанд ихэд бэлгэшээж байлаа. Одоо л медаль авахгүй бол тамирчин гэж явахын хэрэг юу билээ гээд шүдээ зуугаад зүтгэсэн. Сугалаагаа харахад ч гол хүмүүс нь манай зоонд харагдаж байна. Эхний тойрогтоо гоц мөргөчихлөө. Дараа нь Беларусийн Александр Карницк, Эстонийн Янек Липсийг ялсан.

-Дараагийн тойрогтоо Сиссауригийн өмсгөлтэй дэвжээнд гараад хасагдах шахсан гэдэг?

-Казахын Абиль Ибрагимовтой учраа таарсан. Янек Липсийг ялчихаад буугаад ирэхэд Басхүү багш үдээс хойш барилдана гэхээр нь ордонгоос гараад буудлынхаа өрөөнд очоод хэвтчихсэн. О.Мөнхбат багш, Г.Ганхуяг харцага хоёр явж тэмцээн үзье гээд чирэх шахам л аваад гарсан. Ордонд очиход манайхан намайг хайгаад бөөн юм болж байна. Надтай барилдах Ибрагимов дэвжээнд гарчихсан хүлээгээд, харин надад трико байдаггүй. Танил нөхдүүдээсээ гуйсан чинь өгөх хүн байдаггүй. Аз болж тэр өдөр амрах байсан Сиссаури бэлтгэл хийхээр ордонд ирсэн байсан л даа. Трико, борцовкийг нь гуйж өмсөөд дэвжээнд гартал Канадын далбаатай гээд барилдуулсангүй. Тэгэхэд нь шархны лент нааж барилдаад хожсон. Дараа нь Кубийн Мигель Яндро Кинтана Рибалтаг 6:2, зооны аваргын төлөө Гүржийн Давид Погосяныг 5:1-ээр хожоод аваргын төлөө өнөөх Сиссауритайгаа таарсан даа.

-Шигшээ барилдааны шүүлт ч асуудалтай болсон шүү?

-Барилдааны үндсэн цаг дуусахаас найман секундын өмнө оноо 2:2 байхад би нэг оноо авсан. Дэвжээний шүүгч ч Сиссаурид торгууль өгсөн. Хэвтээ байрлалаас би оноогоо хамгаалахад л дэлхийн аварга болж байгаа газар шүү дээ. Гэтэл хажууд суусан АНУ болон Армений шүүгчид надад оноо өгөөгүй. Сиссаури Канадын нэр дээр барилддаг гүрж хүн байхгүй юу. Америк нь Канад, Армен нь Гүржийг дэмжээд л өнгөрсөн. Цаг сунгахад би хутгаад давж унаад хожигдсон доо.

-Та зодог тайлахдаа “Авч чадаагүй медалиа шавь нараараа авахуулна” гэж амлаж байсан. Таны бэлтгэсэн шавь нар ч өнөөдөр таны дутууг гүйцээх хэмжээнд хүрсэн байна?

-Медаль авах хэмжээнд барилдаж байгаа хэдэн залуус байгаа. Хүрч чадаагүй оргилдоо тамирчдаараа дамжиж гарах гээд л хөдөлмөрлөж явна.

-Та өнөөдөр ямар байгууллагад харьяалагдаж шавь нараа бэлтгэж байна?

-Бид нар “Аваргууд” академийг байгуулаад шавь нараа бэлтгээд явж байна. Одоогоор цалин цагаа гэх юм алга. Тэмцээн уралдаанд өөрсдийнхөө зардлаар л явж байна.

-Цалин хөлсгүй ажиллаж байхаар гадагшаа гарч ажиллая гэсэн бодол төрж байв уу. Ажлын санал ирдэг л байх?

-Санал ирдэг. Гэхдээ хар багаас нь бэлдсэн шавь нараа орхиж хар амиа бодоод явчихаж бас чадахгүй байна л даа. Би шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллая гээгүй. Шавь нартайгаа тэмцээнд явж дасгалжуулахад зардлын асуудал л шийдээд өгөөч гэсэн санал тавьсан. За гэсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй.

-2012-2016 оны олимпийн мөчлөгт та эрэгтэй шигшээ багтай амжилттай ажилласан. Тасраад байсан дэлхийн аваргын медалиудыг ар араас нь авсан даа?

-Өөрийгөө дөвийлгөх ганц л юм байна. Манай багш нар бэлтгэл их хийлгэхэд цөмөрнө гэж яриад байдаг. Энэ асуудал дээр багш нартай зөрж “Та нар надад 21 хоног л өгчих. Би тамирчдыг чинь амьсгаагүй болгоод өгье гээд Б.Баяраа ах бид хоёр аваад гарсан”. Тэр бэлтгэлээс хойш л шигшээ багийнхан ядрахаа больсон. Өглөөний бэлтгэл сайн хийсэн байхад өдрийн бэлтгэл хүртэл хувь тамирчин ядраад унтна. Унтна гэдэг чинь сэргэлтээ авч байна гэсэн үг л дээ. Ус буцалгаад, хөргөөд яваад байна гэсэн үг. Нэг буцалсан ус хөрөхдөө удаан байдаг. Үүний ижил өндөр ачаалал авсан тамирчин муудах нь бага.

-Олимпийн аварга болно гэж тооцоолж байсан П.Орхоноос допинг илэрлээ. Энэ асуудлын талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл хийгээгүй байна?

-Энэ асуудалд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой. Тэр хариуцаж яваад л ийм асуудал дэгдсэн шүү дээ. Тамирчин хүн хариуцаж яваа багшийн зөвшөөрлөөр л хоол идэж, ус уудаг. Баттулга үүргээ биелүүлж чадаагүй. Энэ хүн сая болох байсан улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сар хүртэл хойшлуулсан. Зорилго нь өөрийн шавь нараа Иван Ярыган болон Борис Будаевын нэрэмжит тэмцээнүүдэд оролцуулахад оршиж байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээн хугацаандаа явагдсан бол амжилт гаргасан бөхчүүд нь л тэмцээнүүддээ оролцоно шүү дээ.

-2020 оны олимп хаяанд ирлээ. Гол найдвар чөлөөтийнхөн маань хоорондоо хэрэлдээд л байдаг?

-Өнөөдрийнх шиг байвал чөлөөтийн багийнхан нэг ч медаль авч чадахгүй гэж баттай хэлэх байна. Эмх цэгц, зохион байгуулалт алга.


Categories
мэдээ нийгэм

Үнэг одтой, хар луу өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26, Буд гариг. Билгийн тооллын 19, Үнэг одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Д.Оюунхорол: Зөвшилцөж, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Төв банк” хэмээх нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Зөвшилцөж, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй хэмээн “Улс төр” нүүрт ярижээ.

“Баримт, үйл явдал” нүүрт АТГ-ын ахлах комиссар Ч.Жаргалбаатар: Ерөнхий сайдын дүүгийн ЖДҮ-тэй холбогдсон хэргийг шалгаж байгаа гэжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын 40 гишүүний саналаар М.Энхболдыг чөлөөлөх боломжгүй гэв.

“Цаг үе” нүүрт Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд юу ярьдаг байснаа санадаггүй зантай бололтой гэв.

“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд: МАН тасралтгүйгээр найман жил засаглах үед Монголын олигархиуд төрсөн хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Өд бэх” нүүрт Нум сумтай баривч хэмээн бичлээ.

“Stay with me” дууны эзэн Н.Энхлэн: Хүний мэдрэмжид хүрч чадсан дуу л хамгийн чанартай хэмээн “Цаг үе, залуус” нүүрт ярив.

“Спорт” нүүрт Улсын аварга С.Мөнхбат: Монгол бөхийн оргил цолонд хүрч энэ их уламжлал соёлын том тээгч болчихоод хаана ч хамаагүй очиж барилдаад байж болохгүй гэжээ.

М.Мандхай: “Сүү” компани 60 жилийн түүхт ойгоороо “Энтрепренер-2018” Гран При хүртлээ гэж “Нийгэм” нүүрт өгүүлэв.

Галт уул дэлбэрснээс 429 хүн амиа алдаад байна гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“1000 инженер” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутнуудын нэрс батлагдлаа

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудын нэрс, 2019 оны эхний хагаст Зэргийн бус хөтөлбөр болон Зочин судлаач хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын нэрсийг батлав. Коосэн хөтөлбөрт 34 оюутан шалгалт өгснөөс 30 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 75 оюутан шалгалт өгснөөс 51 оюутан тэнцэж, Япон улсад суралцах болзол хангасан тул нэрсийг баталлаа. Мөн Удирдах хорооын 24 дүгээр хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутныг дэвшин суралцах, дадлага хийхэд зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. “Коосэн хөтөлбөрт суралцаж буй оюутан тухайн Коосэн сургуулийн харьяа Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” гэсэн заалт байсныг хүрээг нь өргөтгөж “Японы Үндэсний технологийн хүрээлэнтэй хамтран ажилладаг Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” хэмээн өөрчиллөө. Мөн Коосэн болон бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутны сурлагын үнэлгээ нь нийт авах ёстой үнэлгээний 90 хувиас дээш байх гэсэн заалтыг 80 хувь ба түүнээс дээш хэмээн өөрчиллөө. Ингэсээр голч дүн өндөртэй суралцсан илүү олон оюутанд хөтөлбөрийн дараах сургалт, дадлага ажилд давуу боломж олгож байна гэсэн үг.

УИХ, Засгийн зараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн нэгжийг цөөн чадварлаг хүний бүрэлдэхүүнтэй, чанартай гүйцэтгэлтэйгээр ажиллуулах, үр дүн, өгөөж, явцын талаар олон нийтэд маш сайн ойлголт мэдээлэл өгч ажиллах үүрэг чиглэлийг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өглөө. Мөн төслийн 2018 оны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцсан юм. 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах саналаа МУИС, ШУТИС нарийвчлан гаргаж танилцуулахыг Удирдах хорооны дарга үүрэг болголоо.