Categories
мэдээ нийгэм

Боловсролын яаманд шалгалт хийж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тушаалаар өнөөдөр ажлын хэсэг томилогдон БСШУСЯ дээр ажиллаж байна. Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу ажлын хэсэг гарч тус яаман дээр ажиллаж байгаа аж.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухайд тус яаманд гурав дахь сайдтайгаа ажиллаж байгаа нь энэ бөгөөд өмнө нь мөн л салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр Г.Чулуунбаатар сайдын үед Засгийн газрын тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан юм. Гэвч уг тогтоолыг эсэргүүцэн шүүхэд хандсанаар жил гаруйн дараа шүүхийн шийдвэр Б.Баярсайханы талд гарч тэрээр өнгөрсөн наймдугаар сард ажилдаа эргэн орсон ажээ. Ажлаа аваад хагас жил ч болоогүй байхад яамныхан нь дахин түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Түүнийг өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар өмчилсөн, төрийн өндөр албан тушаалтанд байж боломгүй ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан, яамны ажилчиддаа хууль бус шаардлага тавьж дарамталдаг, төрийн яаманд хувийн компанидаа байгаа мэт авирладаг гэх мэтээр хэвлэлээр шүүмжилч байв.

2019 оноос төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ шалгуураар Б.Баярсайхан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцэхгүй юм байна. Учир нь тэрээр өмнө нь төрийн албанд ажиллаж байсан мэдлэг, туршлагагүй. Шинэ хуулиар яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд тавигдах нэн тэргүүний шаардлага нь төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх шалгуур юм.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдын эрүүл мэндийг дэмжиж, эрүүл ажлын байр бий болгосон шилдэг байгууллагаар тодров

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас 2018 онд алба хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжиж, эрүүл ажлын байр бий болгох зорилтын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллав. Энэ ажлын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Онцгой байдлын газрын 130 гаруй алба хаагчийг долоон төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, дөрвөн төрлийн шинжилгээ оношлогоонд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 тоот тогтоолын дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ”-д нийт бие бүрэлдэхүүний 80 хувийг хамруулаад байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын А\96 дугаар тушаалын дагуу ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 35 алба хаагчийг сувиллын тусламж үйлчилгээ хийлгэлээ. Эрүүл ажлын байр бүрдүүлэх зорилтын хүрээнд Онцгой байдлын газрын гадна талбайд дөрвөн төрлийн 3140 ширхэг мод тариалан, ногоон байгууламжийг бий болгоод байна. Эдгээр ажил нь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөрт Эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилтыг хангасан тул аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарууллаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдэээллээ.


Categories
мэдээ улс-төр

Тайван жагсаалын аюулгүй байдлыг хангана

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, энэ сарын 27-ны 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд буй “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалын аюулгүй байдлыг хангах талаар ярилцлаа.

Энэ үеэр Л.Болд гишүүн, “Ардчилсан орон бүрт иргэд, олон нийт жагсаал, цуглаан хийж, төрдөө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл жагсаал, цуглааны үед бусдыг үймээн самуунд уриалах, өдөөн турхирах асуудал Монголд гарч байгаа. Үүний нэг жишээ нь 2018 оны долдугаар сарын 01-ний асуудал. Тиймээс маргааш болох жагсаалын аюулгүй байдлыг хангахын төлөө хичээнгүйлэн ажиллахыг та бүхнээс хүсч байна” гэлээ.

Харин Ж.Батзандан гишүүн, “УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, МАНАН гэх бүлэглэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэх энэхүү жагсаалд 100 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцоно. Цалин, хөлсний нэмэгдэл, агаарын бохирдол гээд олон асуудлаас үүдэн иргэд бухимдалтай байгаа. Тиймээс аюулгүй байдлыг сайтар хангаж, онцгой анхаарал хандуулан ажиллах нь зөв” хэмээв.

Бусад оронд аливаа жагсаалыг зохион байгуулахдаа үүнд оролцох хүн бүрийг металь шалгагчаар шалгадгаас гадна, цүнхтэй хүн нэвтрэхийг хориглодог байна. Тиймээс Монголд ч энэ жишгийг тогтоох хэрэгтэй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн цохон тэмдэглэв. Түүнчлэн Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуульд ч дээрх зохицуулалтыг тусгах нь зөв гэсэн юм.

Маргаашийн жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж, иргэдийг хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Цагдаагийн байгууллагын удирдлагууд хэллээ. Мөн иргэдийг өдөөн хатгах, гэмт үйлдэлд турхирах асуудал гарсан тохиолдолд жагсаал, цуглаан зохион байгуулагчдын зүгээс залруулга хийж, тайван байхыг уриалах нь чухал гэдгийг онцолж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.

Энэ хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбоно. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой байх юм байна. Барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхэлж 2023 оны зургаадугаар сарын эцэс гэхэд дуусгах, санхүүжилтийг “Тавантолгойн цахилгаан станц” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгажээ.

“Оюутолгой” компани ирэх оноос эхлэн цахилгаан эрчим хүчээ боломжит хэмжээгээр манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс авахаар тохиролцоод байна.

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаас гаргах юм. 2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 166,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Хөрөнгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоодыг чадавхижуулах, кластерын системд шилжүүлэх, өндөр ашиг шимтэй мал, амьтан импортлох, нутагшуулах, тэжээл, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, технологи нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхэд зориулна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

– Сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 35 хувиар нэмэгдэнэ

– Өсгөн үржүүлэх үхрийн тоо хоёр дахин, нэг малаас авах сүү, махны гарц 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээ 30 хувиар нэмэгдэнэ

– Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импорт 30, бусад сүүн бүтээгдэхүүний импорт 15 хувиар буурна

– Өндөгний импорт 90, зөгийн балны импорт 70 хувь буурна

– Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж 40, техник, технологийн шинэчлэл 30 хувиар нэмэгдэх юм.

Энэ хэрээр гадагшаа урсах их хэмжээний валют эх орондоо үлдэнэ гэж тооцоолж байна. 2016 онд манай улс гаднаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл авахад 41 сая ам.доллар буюу 98 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. 2017 оны байдлаар энэ тоо 1,6 дахин өсч 64 сая ам.доллар буюу 160 орчим тэрбум төгрөгт хүрчээ.

Ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов

Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3200, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6400 төгрөгөөр тогтоолоо.

Товч мэдээ

– Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 387,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 188, орон нутагт 646,7 тэрбум төгрөгийн 585 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр зохион байгуулж, төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр энд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

– Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хууль хэрэгжүүлэх үед тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хуулиудын зөрчил, хийдлийг арилгах, орхигдуулсан зарим зохицуулалтыг бий болгохоор төслийг боловсруулжээ.

– Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага”-ыг баталлаа. Улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн 10, архивын 28, нийт 86 төрлийн бүртгэлийн үйлчилгээг 42 төрлийн программ хангамж, систем ашиглан үзүүлж байна.

– “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-ийг батлав. Манай улс Бүгд Найрамдах Турк Улс, ОХУ, Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Украйн Улстай Боловсролын баримт бичиг харилцан зөвшөөрөх тухай гэрээ, хэлэлцээр байгуулаад байна. Энэ онд Засгийн газар хоорондын хэлэлцээр, Боловсролын зээлийн сангийн зээлээр манай 1332 оюутан гадаадын их, дээд сургуульд элсчээ.

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш Шаравын Бадамын гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардалд зориулж таван сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Бүтээлийн уралдаан зарлалаа

Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсч хөгжсөний түүхэн 80 жилийн ойн бэлэгдэл /лого/-ийг зохиох бvтээлийн уралдаан зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Салбарын онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой, өгүүлэмжтэй таваас ихгүй элементийг агуулсан, гурваас ихгүй өнгө хосолсон цогц утга агуулгатай бүтээл байна;
  • График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байж болно;
  • Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгvй үндсэн элементүүд харагдаж байх)
  • Бүтээлийг CD болон DVDдээр tiff, jpgөргөтгөлтэй файл, мөн 200х200 мм, 80х80 мм, 2х2 мм А4 форматаархэвлэжирүүлнэ;
  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдсон байна.
  • Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээлээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан тайлбарыг хавсаргана;

Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа бүтээлийг битүүмжилж ирүүлсэн дугтуйн дээр тодорхой бичсэн байна.

Уралдаанд оролцогчдын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл geo.rudn@gmail.com цахим хаягаар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 310 тоотод хүлээн авах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шагналын сан өндөр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн ахлах ангийн 500 сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдав

Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлан ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна. Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн 20 сурагчид /2018.12.24/ өдөр Захиргааны хэргийн шүүхийн танхимуудтай танилцаж, тодорхой хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо. Хүүхдүүд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхийн ногоон танхимтай танилцсан юм. Эдгээр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн Эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очир хүүхдүүдэд Захиргаа, Иргэн, Эрүүгийн хэргийн ялгаа болон ногоон танхимд шүүх хурал хэрхэн явагддаг талаар тайлбарлаж өглөө. Тэрбээр “Захиргааны хэргийн онцлог нь нэг талд нь заавал төр буюу төрийн байгууллага байна. Заавал нэг талд нь төр, нөгөө талд нь иргэн аж ахуй нэгж байгууллага буюу та нар ч байж болно. Харин Иргэний шүүх гэдэг нь та нарт ойрхон жишээ авч тайлбарлахад танай ангийн Батаа Цэцгээд мөнгө зээлээд Цэцгээ нь мөнгөө өгөхгүй тохиолдолд Иргэний шүүхээр явна. Харин Эрүүгийн шүүх нь хэн нэгэн этгээд таныг зодох дээрэмдсэн бол зөвхөн Эрүүгийн шүүхээр явна. Та нарыг 18 насанд хүрэхээр иргэдийн төлөөлөгчдөөр шүүхэд жил бүр дүүрэг, хороо бүрээс санамсаргүй байдлаар сонгодог. Тэр хүмүүс шүүхийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглана. Шүүхийн гурван индэрийн дунд суух шүүгч хурлыг даргална. Хоёр талд нь тухайн бүрэлдэхүүн орсон шүүгч сууна. Шүүгч нарын урд нарийн бичиг суудаг. Шүүх хуралдааны бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлдөг. Энэ танхим бол Монгол Улсдаа жишиг болсон танхим” гэдгийг онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 505 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын үйл ажиллагаагаа төлөвлөн явуулсан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 44104 обектод эрсдэлийн үнэлгээ хийж, их, дунд эрсдэлтэй обьёктын тоо өмнөх оноос 1.8 хувиар буурлаа. Нийт хяналтын 50.1 хувийг урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эзэлж байна. Хяналт шалгалтаар илэрсэн 4156 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 619 зөрчлийн хэрэг нээж, 2936 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. 14706 албан бичиг хүлээн авч, 4324 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байна.

Онцлох хяналт шалгалтууд:

  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй 29 эмнэлэг, 78 шүдний эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүллээ.
  • Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 6 аж ахуй нэгж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан согтууруулах ундаагаар үйлчилж буй 7 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлууллаа.
  • Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 629 өрхийн 16798 толгой малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн 547 өрхийн малын саравч, хашааг буулгаж, ариутгал халдваргүйтгэл хийлгүүллээ.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөнд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгаас 531 айлын 27 орон сууцыг буулгаж, дахин төлөвлөгдсөн 614 айлын 6 барилгад хяналт тавьж, ашиглалтанд ороод байна.
  • Хугацааны хувьд зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн 21 нэрийн 920 кг, 600 ширхэг 11 сая 300 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцааж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ.
  • Туул голын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа 1726 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлуулах тухай саналыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, 34 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлуулаад байна.
  • Агаар бохирдуулагч 6210 эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийлээ. Тус ажлын хүрээнд 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 56 халаалтын зууханд үнс баригч тавиулж, 13 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1940 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1706 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа. Тус ажлын үр дүнд жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийллээ.
  • Ашиглалтын хугацаа хэтэрсэн жижиг, дунд оврын 181 автобус, 192 том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг актаар зогсоолоо. 415 автобуст хаягдал утааны хэмжилт хийхэд 161 буюу 38,7 хувь нь тортогжилтын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их зөрчил илэрлээ.
  • Нийслэл дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт зарцуулалтанд хяналт шалгалтыг хийж 277 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд, нийгмийн халамжийн санд 15 сая төгрөгийг, 203 иргэнд 6 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгууллаа.
  • Үйлдвэрлэлийн осол өмнөх оныхоос 32,6 хувиар, шуурхай дуудлагаар ажилласан осол 16 хувиар, барилгын осол 15,4 хувиар буурсан байна.
  • Цацрагийн техник тоног төхөөрөмж бүхий 194 байгууллагын 909 ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулж, давхардсан тоогоор 8037 хэмжилтийн дүнг үнэлж, нэмэгдэл шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлсэн. Цацрагтай ажиллагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2018 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийнхээ хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авъяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг урамшуулан дэмжих, олон нийтэд алдаршуулах зорилгоор Нийслэлийн хөдөлмөрийн аваргыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар Төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбараас нийт 30 хүнийг шалгаруулсан байна. Тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, хамт олныхоо дотор нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал үзүүлэх чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулжээ.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж өнөөдөр намайг нийслэлийн 2018 оны хөдөлмөрийн аварга болгосон гэж бодож байна. Бүх санхүүгийн ажилтан, албан хаагчиддаа 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдээд ирэх 2019 оноо илүү их амжилттай угтахыг хүсэн ерөөе. Баярлалаа” хэмээв.

Батлан хамгаалах салбарын хөдөлмөрийн аварга болсондоо баяртай байна. Монгол Улсынхаа болоон нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулах, ирээдүй хойч үеэ эх оронч үзэлд төлөвшүүлэх нь зэвсэгт хүчнийхэний үүрэг байдаг. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн бүгд хүчин зүтгэж явдаг. Манай хамт олон болоод миний бие ч энэхүү үүргээ биелүүлэхийн тулд хүчин зүтгэж явсныг маань өнөөдөр ийнхүү үнэлж байгаа гэж бодож байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Тархины харвалт ба зүрхний шигдээс төслийн таван жилийн үр дүн” тайлан хэлэлцүүлэг хийв

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монголын Мянганы Сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэг туслалцаатайгаар 2010-2013 онд “Тархины харвалт ба Зүрхний шигдээс” төсөл амжилттай хэрэгжсэн билээ.
Уг төсөл нь Монгол хүн амын дунд тохиолдож буй тархины харвалт, зүрхний шигдээс өвчнийг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй сэргээн засах, дахихаас урьдчилан сэргийлэх, бүртгэх цогц тусламж үйлчилгээг бий болгох үндсэн зорилготой байсан бөгөөд төслийн хүрээнд тархины харвалт, зүрхний яаралтай тусламж эмчилгээний эмнэлзүйн удирдамж стандартуудыг шинэчлэн боловсруулж практикт нэвтрүүлэх, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээний оновчтой, өндөр үр дүнтэй аргуудыг практикт нэвтрүүлэх, ангиографи болон компьютер томографийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бусад эм эмнэлгийн хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн багийг өндөр хөгжилтэй орнуудад богино хугацаагаар оношилгоо эмчилгээний арга зүйд сургах, улсын хэмжээнд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн бүртгэлийн тогтолцоог бий болгож, мэдээллийг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд ашиглах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн юм.

Одоогоос яг таван жилийн өмнө амжилттай хэрэгжиж дууссан уг төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах хүрээнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн тархины харвалт ба зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээнд сүүлийн таван жилийн хугацаанд гарсан бодит үр дүн, өөрчлөлт шинэчлэлт, ололт, амжилт, туршлагаа эрүүл мэндийн салбарын хамтран ажиллагч байгууллагууд, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан холбогдох олон улсын байгууллагууд хийгээд иргэд олон нийтэд тайлагнах зорилгоор “Тархины харвалт ба зүрхний шигдээс төслийн таван жилийн үр дүн” сэдэвт тайлан хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ”Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Тайлан хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, Мянганы хөгжлийн сорилын сангийн эрүүл мэндийн төсөлхариуцсан захирал асан А.Мөнхтайван нар оролцож нээж үг хэлсэн бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн тусгай мэргэжлийн эмнэлэг, төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагын төлөөлөл, дүүрэг орон нутгийн эмнэлгүүдийн эмч эмнэлгийн мэргэжилтний төлөөлөлүүд, нийт 70 гаруй хүн оролцлоо.

Төслийн үр дүнд бий болсон тархины харвалт, зүрхний шигдээсийн цогц лавлагаа тусламж үйлчилгээний хүрээнд тус эмнэлэг сүүлийн таван жилийн хугацаанд 4158 хүнд тархины харвалтын, 7055 хүнд зүрхний цочмог шигдээсийн тусламжийг, 4435 хүнд зүрх, тархины судсан дотуурхи мэс заслын, 48 хүнд бүлэн хайлуулах эмчилгээ, 10414 хүнд зүрх, тархины судсан дотуурхи оношилгоо, 9990 хүнд тархи, зүрхний компьютер томографийн шинжилгээ, давхардсан тоогоор 8375хүнд харвалт, шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламжийг тус тус үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Залуучуудыг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа

Архангай аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын хамт олон “Залуучуудыг дэмжигч байгууллага”- аар шалгарлаа.

Байгууллагын залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, гэр бүлийг дэмжих, урамшуулах, хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, уралдаан тэмцээн, орон нутгийн оюутан залуучуудад чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнг үнэлж, ийнхүү аймгийн шилдэг байгууллагаар шалгаруулжээ.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 25 алба хаагчийг хөнгөлттэй үнээр, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр орон сууцтай болголоо.

Мөн 2018 онд нийт 88 удаагийн гамшгаас хамгаалах сургалт дадлагыг зохион байгуулж, 20130 гаруй иргэдийг хамруулан, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэгийг эзэмшүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.