Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар, амбулаторийн 62.489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1867 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, агаарын хэм, хур тунадасны хазайлт, одоогийн цасны бүрхэц, зузаан, нягт, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргийг харгалзан, зудын эрсдэлийн зургаас үзэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байсан. Энэ нь нийт нутгийн 20 гаруй хувьд тохиолдож болох эрсдэл бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм. Арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 0-5 см, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 18 суманд 6-10 см, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 9 суманд 11-18 см зузаан цастай байна. Энэ жилийн хувьд мал сүргийг эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэхэд нилээд анхаарч ажилласны үр дүнд 2018 оны эхний 10 сарын байдлаар манай улс нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, үүнээс 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Энэ нь өмнөх жилүүдээс 5-6 дахин их өссөн дүн юм. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн, мах бэлтгэл сайн явагдаж байна гээд нийт дүнгээр нь харвал байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг сайшаав

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусын ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусын эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусын эсрэг таван төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай хоёр нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттой худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг ДЭМБ сайшааж, Хепатитын дэлхийн өдрийг “Илрүүлье-эмчилье” уриан дор манай улсад анх удаа зохион байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Магнай трейд” ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Тодруулбал, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Содмонгол” групп ХХК, “М-Ойл” групп ХХК, “Жаст-Ойл” групп, “Синчи-Ойл” ХХК, “Монсуль” ХХК, “Ойн бирж” ХХК-ийн шатахууныг шинжилгээнд хамруулсан байна. Гэтэл шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 гэж тодорхойлогджээ. Мөн хэд хэдэн аж ахуй нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахууны октан тоондоо хүрээгүй байна. Энэ нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн тогтоолоор “АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй байна гэж үзнэ” гэж заасан байдаг.

Марганец нь авто машины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгардаг хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэгтэй бөгөөд энэ нь эд ангид муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаарт шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Тиймээс Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон есөн аж ахуй нэгжид тус бүрд есөн сая төгрөгийн шийтгэл, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна. Харин дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй шатахуунд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй. Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн шатахууныг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн тус газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов.

Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3200, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6400 төгрөгөөр тогтоолоо.

Товч мэдээ:

-Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 387,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 188, орон нутагт 646,7 тэрбум төгрөгийн 585 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр зохион байгуулж, төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр энд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хууль хэрэгжүүлэх үед тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хуулиудын зөрчил, хийдлийг арилгах, орхигдуулсан зарим зохицуулалтыг бий болгохоор төслийг боловсруулжээ.

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-“Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага”-ыг баталлаа. Улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн 10, архивын 28, нийт 86 төрлийн бүртгэлийн үйлчилгээг 42 төрлийн программ хангамж, систем ашиглан үзүүлж байна.

-“Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-ийг батлав. Манай улс Бүгд Найрамдах Турк Улс, ОХУ, Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Украйн Улстай Боловсролын баримт бичиг харилцан зөвшөөрөх тухай гэрээ, хэлэлцээр байгуулаад байна. Энэ онд Засгийн газар хоорондын хэлэлцээр, Боловсролын зээлийн сангийн зээлээр манай 1332 оюутан гадаадын их, дээд сургуульд элсчээ.

-УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш Шаравын Бадамын гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардалд зориулж таван сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдааны талаар өнөөдөр тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийв.

Тэрбээр “ТББ-ын статусаар ажиллах манай холбооны анхдугаар хуралдаанд 21 аймаг, нийслэлээс 205 төлөөлөгч оролцсон. Холбооны дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн, Удирдах зөвлөлд Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нарын 13 хүн багтсан. Мөн анхдугаар хуралдаанаар намын нийт гишүүддээ хандаж, нэг зарчим, санаа бодолтой, эв нэгдэлтэй байх уриалга гаргалаа. Мөн МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрыг үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан. Ирэх холбооны үйл ажиллагааг сайжруулах үүднээс нэгдүгээр сараас гишүүд, дэмжигчдээ сонсох, санал, хүсэлтийг нь намын үйл ажиллагаан; тусгах ажлыг зохион байгуулах болно” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдэд талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа.

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монголын уртын дууны холбоо, Монгол Улсын Консерваторийн дуулаачийн факультетын Ж.Дорждагвын нэрэмжит танхим, Соёл урлагийн их сургуулийн Н.Норовбанзадын нэрэмжит танхимтай хамтран “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслол, тоглолтыг зохион байгуулсан юм.

Энэ тоглолтын үеэр Төрийн хүндэтгэлийн уртын дуунуудыг 94 уртын дууч, 6 морин хуурч нийт 100 уран бүтээлч монгол түмэндээ толилуулсан билээ.

Тэгвэл олон жилийн судалгаа хийсний үндсэнд Төрийн хүндэтгэлийн гэх уртын дуунуудыг эмхэтгэн “Монгол төрийн айзам уртын дуу” номыг хэвлүүлж, цаашид энэхүү номд бичигдсэн нот, үгийн дагуу Монгол төрийн айзам уртын дууг дуулж заншихаар болж байгаа юм байна.

ЭНЭ ТАЛААР МУГЖ, МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ДУУЛААЧИЙН ФАКУЛЬТЕТЫН БАГШ Д.ТҮВШИНЖАРГАЛ:

“Юун түрүүнд Монгол төрөө хүндэтгэж, бидний өвөг дээдсийн олон мянган жилийн турш тээж ирсэн өв, энэ өвийг бидэнд авчирч өгсөн эрдэмтэн, оюутан, багш нартаа баярлаж байна. Монголын алдарт дуучин Магсархурцын Дугаржав Зууны манлай уртын дууч Жигзавын Дорждагва багшид янз бүрийн нийгмээс болж яруу найраг нь их өөрчлөгдсөн дуунуудыг, жишээлбэл “Эртний сайхан” гэж Эзэн Чингис хааны төрийн сүлд дууг социализмын үед дуулж байгаагүй. Тухайн үед “Залуу баатрын ялалтын түүх” хэмээн нэрийг өөрчилсөн. Харин аялгуу нь яг хэвээр олон алдарт уртын дуучдаар дамжин, өртөөлөн бидний үед ирсэн.

Энэ номд есөн айзам уртын дуу орсон. Төрийн холбоотой дуунууд агуу их оюун ухаан, өвөг дээдсийн нандин өв сан, яруу найраг, аялгуугаараа гүн хүндэтгэлийн эгшиглэнтэй бүтээлүүд байдаг. Тиймээс Төрийн ёслолын алба болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтраад Төрийнхөө их хүндэтгэл, баяр цэнгэл, наадмын үеэр Монгол төрийн айзам уртын дууг эгшиглүүлж байхаар Төрийн ёслолын журамд оруулж, эхний ёслолоо Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр хийсэн юм. Энэ бол эхлэл. Цаашдаа уламжлал болгох зорилготой байгаа.

Бидэнд их хариуцлага, үүрэг оногдож байна. Цаашид номд орсон эдгээр дуунуудаа гурван хэлээр орчуулж, тайлбар бэлтгэнэ. Мөн дууныхаа утга, чанарыг тайлбарлаж, одоогийн өндөр чадвартай хүмүүсээр нотлуулж, Монгол туургатандаа эхний ээлжинд хүргэх зорилготой байгаа” гэлээ.

МӨН СТА, МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ДУУЛААЧИЙН ФАКУЛЬТЕТЫН БАГШ Ц.НАСАНБАТ:

“Монгол төрийн айзам уртын дуу” номд багтаж буй есөн дууг судлахад маш их цаг орсон. Миний хувьд гэхэд 2005 оноос хойш судалж байгаа. Олон эрдэмтэн, мэргэд судалсаар ирсэн бүтээлүүд юм. Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, Соёл, урлагийн их сургуулийн уртын дууны багш нар гээд олон хүний судалгаа, хөдөлмөрийн үр шим юм.

Энэ номыг судалгааны хэрэглэгдэхүүн болохоос гадна, Монгол уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны тогтоолоор “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг дахин нягталж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтсон юм. Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулжээ.

Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгасан байна. айнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, уг журмын төслийн “Нэр дэвшигчид тавигдах шаардлага” гэсэн хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсгийг “төрийн албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “ажлын 15-аас доошгүй” гэсний “ажлын” гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “тэдний мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлагад” гэснийг тус тус хасахаар болов. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Уг тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлахаар эхний дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон.

Иймээс 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх тов тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн байна.

Уг албан бичигтэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж боломжийг хангах үүднээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд бүлгийн гишүүдээ бүрэн хамруулж, ирц бүрдүүлэх шаардлагатайг уг албан бичигт дурдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, дадлага” олгох сургалтыг нийслэлийн зургаан дүүргийн 12 сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг хамруулан зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах танхимын болон дадлага сургалтыг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, 32, 49 дүгээр цэцэрлэгийн 50 гаруй багш, ажилчдад хийж, сургагч багшийн гэрчилгээ олголоо.

Сургалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн багш ажилчид нь сурагч, хүүхдүүдийг аюулгүй амьдрах ухаанд сургах ажлыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.