Categories
мэдээ нийгэм

Мэдлэг, чадавхийг бэхжүүлэх сургалт хийгдэв

МХЕГ-аас “Статистик мэдээлэлэд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг удирдах арга зүй” сэдвээр орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, эрсдэлийн удирдлага хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулав.

Бодлого, зорилтуудтай уялдуулан эрсдэлийг бууруулах, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалттай холбогдсон өгөгдлийг боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг удирдах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор тус сургалт хийгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Болор цом” наадам Говьсүмбэр аймагт болно

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой ирэх 2019 онд тохиож байна. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 7-нд “Алтан-Өд” наадам болох бол Эрдэм шинжилгээний хурлыг 08-нд нь МУИС-ийн номын санд зохион байгуулахаар болжээ. Тус хурлаар сүүлийн 20-иод жилд Монгол Улсад уран зохиол ямар замаар явж ирэв, цаашид хэрхэн ажиллах ёстой вэ, дэлхий нийтийн сонорт хэр их хэмжээнд хүрсэн байна вэ гэдэг хүрээнд хэлэлцэх аж. Харин оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болохоор тов нь тодорхой болжээ. Энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирж оролцохоор бүртгүүлсэн байна.
Харин нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ байгуулагдсан өдрөө ойн баярын хурлаа хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Ноттингхам дахь Монгол сургуулийн үсэглэлийн баяр болов

Британи дахь монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо өвлүүлэх зорилготой Монгол хэлний сургалтын төвүүд Лондон, Манчестер, Ноттингхам зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулдаг. Ноттингхам дахь Монгол сургуулийн хүүхдүүд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэж, эцэг эх, багш нартаа сурсан эрдмээ танилцууллаа. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга “Үсэглэлийн баяр”-т оролцож, монгол хүүхдүүдийн төрөлх хэл, өв соёлоо суралцаж буй үйл явцтай танилцан тэдэнд сурлагын өндөр амжилт хүслээ.



Categories
мэдээ нийгэм

Ханхын боомт энэ сарын 28-аас ирэх сарын 8 хүртэл амарна

Оросын холбооны улсын Засгийн газраас 2019 оны 1-дүгээр сарын 1-8-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан учраас Ханхын боомт энэ сарын 28-аас ирэх сарын 8 хүртэл амарна. Монгол улс ОХУ-ын хооронд байгуулсан “Монгол-Оросын улсын хилийн дэглэм сахиулах” тухай гэрээний дагуу 2 улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцсон байна. Иймээс Ханх Мондын хилийн боомтоор зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн архивын газраас 2018 онд хийж xэрэгжүүлсэн ажлууд

1. Нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа 1124 гаруй байгууллагын 17.429 хэрэглэгч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн нэгдсэн хяналтын тогтолцооны “eDoc” систем, байгууллагын архивын баримтыг цахимжуулах, тоон мэдээний нэгдсэн бүртгэлийн “Archive eDoc” системүүдийн нэмэлт хөгжүүлэлтийг хийлгэж, төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн.

2. Нийслэлийн хэмжээнд төрийн болон байгууллагын архивт хадгалагдаж буй нийт цаасан суурьт захирамжлалын баримт бичгийн 99.0 хувийг бүрэн цахимжуулж, “Төрийн архивын нэгдсэн систем”-ийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийлгэж төрийн албан хэрэг хөтлөлт, архивлалтын үйл ажиллагааг боловсронгуй болгосон.

Уг зорилт хэрэгжсэнээр төрийн архивын лавлагаа үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгож, нийслэлийн Архивын газраас 2018 оны байдлаар нийт 11.108 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 5 минутаас 2 цагийн дотор бүрэн шийдвэрлэж ажилласан.

3. Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид шилжүүлэх зорилтын хүрээнд архивын үйлчилгээг нийслэлийн 7 хороонд шилжүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран xэрэгжүүлж буй “Xотын Засаглалыг сайжруулаx төсөл”-ийн хүрээнд төрийн үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажлыг үе шаттайгаар xэрэгжүүлж байна.

4. Нийслэлийн Засаг даргын “Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгын хүрээнд төвийн бүсийн Дархан-Уул, Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архивын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, үйл ажиллагаатай танилцаж, орон нутаг болон салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүн туршлагаас хуваалцан саналаа солилцож 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

5. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номыг хэвлүүлэн нийтэлсэн бөгөөд уг эмхтгэлд Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүд болон нийслэлийн түүхэнд холбогдох баримтуудыг багтаасан юм.

Нийслэлийн түүх судлалыг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр сонирхон судалдаг эрдэмтэн судлаач төдийгүй төрийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдын мэдлэг, мэдээллийг тэлэхэд үнэлж баршгүй түүхэн эх сурвалж болсон юм.

6. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зорилгын хүрээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Нэгдсэн сургалтын хүрээнд “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн нэмэлт хөгжүүлэлт, ашиглалт хэрэглээ”, “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэгдэн ирсэн бичиг, түүний шийдвэрлэлтийн хяналт”, “Байгууллагын архивын системийн шинэ хувилбарын ашиглалт”, “Хөмрөг үүсгэгч байгууллагуудаас архивын тоон мэдээ авах тухай” сэдвүүдээр давхардсан тоогоор 888 байгууллагын 1786 албан хаагчийг хамруулсан.

7. “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Нийслэлийн болон салбарын удирдлагууд болон их, дээд сургуулиудын төлөөлөл, салбарын ахмад ажилтнууд, нийслэлийн төр захиргааны, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудын шилдэг тэргүүний 300 архивчид анх удаагаа чуулж оролцлоо.

Зөвлөгөөнөөр нийслэлийн байгууллагуудад ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, нээлттэй зөвлөлдсөн ба зөвлөгөөний явцад гарсан санал, цаашид авах арга хэмжээний талаар тэмдэглэл хөтөлж, нэгдсэн санал дүгнэлтийг холбогдох байгууллагад уламжилж ажиллалаа.

8. Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн архивын салбарын түүхэн хөгжил – 60 жил” номыг эмхтгэн хэвлүүлсэн, Нийслэлийн архивын салбарын түүхийг бичилцсэн үе үеийн ажилтнуудын дурсамж, мэдлэгийг солилцох “Ахмад, дунд, залуу үеийн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ” зохион байгуулсан, 60 жилийн түүхэнд хийж бүтээсэн, үр дүнд хүрсэн үйл ажиллагааг нийт салбарын ажилтнууддаа тайлагнаж, алдаршуулсан “Баярын хурал- хүндэтгэлийн арга хэмжээ”-г тус тус зохион байгууллаа.

9. Нийслэлийн Архивын газрын шинэ барилгын хөрөнгө оруулалтыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XX хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, нийслэлийн 2019 оны үндсэн чиглэлд тусгуулснаар төрийн архивын зориулалтын байртай болох эхлэлийг тавилаа.

Уг барилга нь нийт 6025 м2 талбай бүхий Архивын хадгалалт, хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн оффис, захиргаа, үйлчилгээний болон лаборатори, хадгаламжийн сан, техникийн зориулалт бүхий өрөөнүүдээс бүрдсэн орчин үеийн архивын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн архивын барилга бөгөөд нийслэлийн Архивын газрын шинэбарилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах холбогдох техникийн нөхцөлүүд бүрэн гарсан.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Нислэгийн удирдагчдийн ажлын ачаалал зарим цагуудад өндөр байна

Иргэний нисэхийн ерөнхий газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төвтэй хамтран “Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежмент/хамтын шийдвэр гаргалт” сэдвээр Улаанбаатар хотноо 2018 оны 12-р сарын 11-14 өдрүүдэд хамтран ажиллагч болон харьяа албадуудын нийт 50 гаруй төлөөлөгчд хамрагдсан сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтыг ИКАО-Ази Номхон далайн орнуудын бүсийн төвийн Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн мэргэжилтэн ноён Hiroyuki Takata, Li Wenxin нар удирдан явуулсан юм. Ноён Hiroyuki Takata нь 2003 оноос Осака дахь магадлан итгэмжлэлдсэн НХУ-ын төвд Нислэгийн удирдагчаар ажиллаж байсан тэрээр одоо ОУИНБ-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн НХМ-т хариуцсан бүс нутгийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ноён Li Wenxin нь IATA-д 2014 онд Аюулгүй ажиллагааны болон нислэгийн үйл ажиллагааны бүс нутгийн захирлаар ажиллаж байсан ба одоогоор ОУИНБ-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн НХМ-т хариуцсан бүс нутгийн мэргэжилтнээр ажиллаж байна.

Нислэгийн Урсгал Төлөвлөлтийн Менежментийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ОУИНБ-ын төлөөлөгчидтэй ярилцлаа.

  • Юуны өмнө та бүхэн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн талаар ерөнхий ойлголт өгөхгүй юу?
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент гэдэг ойлголт нь Иргэний нисэхийн системд хэрэглэгдээд 20 жил болж байна. Энэ нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хамгийн гол үйл ажиллаагны нэг бөгөөд агаарын зайн багтаамжид нийцүүлэн нислэгийн урсгалыг зохицуулах үйл ажиллагаа юм. Ази-Номхон далайн бүс нутагт нислэгийн урсгалын эрчимжилт жил ирэх тутам хурдацтайгаар нэмэгдэж байна. Иймд энэхүү өсөн нэмэгдэж буй урсгалыг үр ашигтай, аюулгүйгээр удирдан зохицуулахад нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Монгол Улсад нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг юу гэж харж байна?
  • Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Анх 2015 онд “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент/хамтын шийдвэр гаргалт” сэдвээр сургалт зохион байгуулж байсан. Монгол Улс нь Ази-Европыг холбосон улс бөгөөд сүүлийн жилүүдэд нислэгийн тоо мэдэгдэхүйц өсөн нэмэгдсэн. Мөн БНХАУ-ын зүгээс Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн арга хэрэгсэл болох нислэгийг хөрш зэргэлдээ НХУ-ын бүсэд хүлээргэх аргыг хэрэглэж байгаа талаар ИНЕГ-ын танилцуулгад дурдагдаж байна. Мөн нислэгийн удирдагчийн ажлын ачаалал зарим цагуудад өндөр байгаа юм байна. Өглөөний 04-07 цагийн үед нислэгийн урсгалын ачааллыг оргил үе. Иймд танай улсад Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах зүйл юу байдаг вэ?
  • Олон улсын баримт бичиг DOC9971-д Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг нэвтрүүлэх 7 алхам гэж заасан байдаг. ИНЕГ нь 2018 оны 7 дугаар сарын 4-нд Нислэгийн урсгал төлөвлөлтийн албыг байгуулсан нь эхний алхамаа хийсэн байна гэж бодож байна. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх бие даасан нэгжтэй байгуулсан нь маш алхам гэж ойлгож байна.

Дараагийн чухал алхам болон чадвардлаг хүний нөөцийн асуудал байгаа. Хүний нөөцийн байнгын дадлага, сургалт хамгийн гол ажлуудын нэг бөгөөд үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Үүний дараа Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, үнэлгээ хийх, шаардлагатай баримт бичиг боловсруулах гэх мэтээр олон улсын баримт бичигт зөвлөсөн шаардлагуудыг хэрэгжүүлэх нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд илүү хялбар, дөхөм болох юм. Үүний дараа нислэгийн урсгалын төрлөөс хамааруулан Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэлбэрээ сонгох хэрэгцээ үүснэ.

  • Нислэгийн урсгалын төрлөөс хамаарна гэж та бүхэн сая хэллээ. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн төрлийг хэрхэн сонгох талаар тодруулж өгнө үү?
  • Тэгэхлээр зарим нэг жишээ авахад Индонез улсын хувьд 70 орчим хувь нь орон нутгийн нислэг байдаг тул дотоодын Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлж эхэлж байна. Танай улсын хувьд 90 орчим хувь нь Олон улсын өнгөрөлтийн нислэг тул Хил-дамнасан буюу CROSS-BORDER AIR TRAFFIC FLOW MANAGEMENT-г хэрэгжүүлэх нь тохиромжтой юм. Түүнчлэн Монгол улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгийн урсгал нь Солонгос, Хятад, Японы чиглэлд үйлдэгддэг ба БНХАУ-ын зүгээс хязгаарлалт хийдэг тул зөвхөн БНХАУ-тай бус Солонгос, Япон зэрэг улсуудтай харилцан Бүс нутгийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай болно.
  • Нислэгийн хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгсэл болон хамтын шийдвэр гаргах талаар ерөнхий ойлголт өгнө үү?
  • Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэрэгсэлийн хувьд ойрын ирээдүйд Автоматжуулсан систем шаардлагатай. Автоматжуулсан системийн ач холбогдол нь Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг зөв зохистой хэрэгжүүлэхэд оршдог. Иймээс өөрийн орны үйл ажиллагаа, цар хүрээнд тохируулан шийдвэрлэх хэрэгтэй. Олон улсад олон төрлийн автоматжуулсан систем байдаг бөгөөд системийн шаардлагууд нь DOC9971-д заагдсан байгаа. Жишээлбэл Сингапур улсад “METRON” компаний систем сонгосон байдаг. Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлох шаардлага гарах болно. Хамтын шийдвэр гаргах, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн арга хэрэгслүүдийг үйл ажиллагаанд ашиглахад оролцогч талууд үүрэг оролцоогоо сайн мэдэх нь чухал юм. Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн шийдвэр гаргахад оролцох ажилтнуудад сургалт зохион байгуулах, онолын мэдлэг болон практик дадлага олгох нь чухал.
  • Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Categories
мэдээ улс-төр

“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг дахин нягталж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтсон юм.

Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулжээ.

Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, уг журмын төслийн “Нэр дэвшигчид тавигдах шаардлага” гэсэн хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсгийг “төрийн албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “ажлын 15-аас доошгүй” гэсний “ажлын” гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “тэдний мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлагад” гэснийг тус тус хасахаар болов. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Уг тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлахаар эхний дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юмгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Б.Энхбаяр нь 2016 оны 8 сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон өнөөдрийг хүртэл ажилласан юм. Хууль зүй, Дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх, УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх, УИХ-ын дахь МАН-ын бүлгийн Хуулийн зөвлөх зэрэг ажлыг эрхэлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын “хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран нийслэлийнхээ хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авьяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг урамшуулан дэмжих, олон нийтэд алдаршуулах зорилгоор “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбараас нийт 30 хүнийг шалгаруулсан байна.
Тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, хамт олныхоо дотор нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл үзүүлэх чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулжээ.
Энэ хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн салбараас Амгалан амаржих газрын нярайн сувилагч Д.Лхагвадулам, Хүрээ амаржих газрын Сувилахуйн албаны дарга С.Даваасүрэн, Энэрэл эмнэлгийн ариутгалын сувилагч А.Заяабат нар “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” боллоо.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх оны нэг сараас хэрэглээний зээлийг хязгаарлана

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлээс сэтгүүлч тодруулжээ. Хязгаарлана гэхээр огт олгохгүй гэсэн үг биш банк хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно. Хэрэглэгчид зээлээ авдгаараа авч болно. Харин ямар хязгаарлалт тогтоосон бэ гэвэл, өнгөрсөн зургаа болон есдүгээр сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар өр орлогын харьцаанд 70 хувь гэдэг хэмжээ тогтоож өгсөн. Хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Тодорхой хэлбэл, харилцагч банкинд очоод, сард өөрийнхөө олдог орлого буюу татварын дараа авдаг мөнгөнийхөө 70 хувиас хэтрүүлэхгүйгээр эргэн төлөлт хийхээр л зээл авах боломжтой гэсэн үг. Сая төгрөгийн цалин татварын дараах байдлаар авдаг бол сард 700 мянгаас дээш төгрөгийн эргэн төлөлттэй зээл авч болохгүй л гэсэн үг. Хоёрдугаарт, 30 сарын хугацаанд л зээлээ багтаан төлөхөөр болж байна. Зургадугаар сард бид судалгаа хийж үзэхэд, банкуудын зээлийн дундаж хугацаа 28 сар байсан. Тиймээс 30 сараас илүүгүй хугацаанд зээл олгоход болох юм байна гэж үзэж, хязгаарлаж өгч байгаа юм. Банкууд 30 сараас дээш хугацаатай хэрэглээний зээл өгөхгүй л гэсэн үг.

-Хэрэглээний зээл гэдэг ангилалд ямар зээл багтаж байгаа вэ. Иргэдэд мэдээлэл өгвөл?

Хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд гэвэл цалин, тэтгэврийн зээл, лизингийн үйлчилгээ байна. Машин, гар утас, тавилга барьцаалсан гэх мэт иргэдийн хамгийн их авдаг зээл гэсэн үг.