Categories
мэдээ нийгэм

Мал тооллого ирэх долоо хоногт улс орон даяар зэрэг эхэлнэ

Манай улсын мал сүрэг өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээгээр өсч 66.2 саяд хүрсэн. Тэгвэл энэ онд мал сүргийн тоо хэдэд хүрснийг албан ёсоор баталгаажуулах 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг тэжээлийн тооллого энэ сарын 7-оос 17-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна. Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод хамрагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Махны экспортоос 267.4 тэрбум төгрөгийн орлого олжээ

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар манай улс есөн улсад нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тодруулбал, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонныг экспортолсон байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад экспортолж буй мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим хуудсаар архивын лавлагаа авахад 2-5 хоногт гарна

Архивын ерөнхий газраас нь иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1000 гаруй албан байгууллага, 2300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч лавлагаа олгодог байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний төвөөс ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагааг биечлэн авахаас гадна www.archives.gov.mn цахим хуудсаар хандан захиалга өгч ажлын 2-5 хоногт хариугаа авах боломжтой ажээ.

Архивын ерөнхий газар нь хотын төвөөс хол байрладаг учраас иргэд лавлагаа авахын тулд багагүй цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдог. Гэвч заавал биечлэн очихгүйгээр дээрх цахим хуудсаар дамжуулан лавлагаагаа авах боломжтойг Архивын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Уулсын уулсаас өндөлзөх азын цэнхэр уул

Хүний сэтгэлийн хойморт хүндэт суудал эзлэн заларсан эрхэм хүмүүн орчлонг гэнэт орхилоо гэсэн гашуун мэдээ сонсоход өр зүрх өмөрч, ухааны чагтага мултрах шиг болдог юм байна. Ухаан санааны орон зайд олбог түшлэгтэйгээ заларсан Пүрэв баавай минь миний хувьд тийм л хүний нэг. Тэсгим өвлийн жавар тачигнасан тэр орой муу сураг сонсоод, дөнгөж өчигдөрхөн бид инээлдэж суугаагүй билүү гэж бодохоор үнэмшихэд бэрх санагдавч хуурамч хорвоогийн овлигогүй араншинтай эвлэрэхээс өөр яах ч билээ. Монголын их утга зохиолын эрдэнэсийн өв санг манлай бүтээлүүдээрээ арвижуулж ирсэн үргэлжилсэн үгийн зохиолын үнэт хүдэр олборлогч, өгүүлэхүүн уран дархан Санжийн Пүрэв эх орны аугаа их дайны түймэр дүрэлзсэн жилийн өвөл цаг дор Алтайн их уулсын салбар өндөрлөгт дуугаа хадаан төрсөн байдаг. Жирийн малчин ардын аргалын утаа бургилсан эсгий гэрт өсч торнин, хурга ишигтэй хөөцөлдөж, унага даагатай ноцолдон эрийн цээнд хүрсэн тэрбээр бичээч, нягтлан бодогч, слесарь, байлдагч, нүүрс малтагч, эвлэлийн ажилтан, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч гээд хийж үзээгүй ажилгүй, амьдралын урт замыг туулжээ. Нэрт зохиолч болтлоо өсөж өндийсөн Монголын утга зохиолын нэгэн ноён оргилд ийнхүү цасан нурлага болсноороо ажилчны алхны тогшилт, уурхайчны өрөмний нүргээн, байлдагчийн бакалийн чимээ, усны гудамж дахь хашгираан, усаа дагаж жаргах хонгор бүсгүйн инээмсэглэл, азын цэнхэр уулаа зүглэх малчны нүүдэл зогслоо гэсэн үг биш, харин ч уншигч түмний сэтгэл зүрхэнд улам бат хоногшин үлдлээ гэсэн үг юм.

Баавай бид хоёр нэг нутаг усны хүмүүс гэж би бардамнан ярих дуртай байлаа. Алтайн ноёлог уулсын үргэлжлэл Даривын хөндлөн хөх нуруу, тэр их хөглөгөр уулсын дунд орших Майханы хөндий бол бидний хүй цөглөсөн тоонот билээ. Манай Алтайчууд дандаа л Даривын цэнхэр нуруу гэж нэрлэдэг тэрхүү хөх уулсдаа Баавай минь дэндүү хайртай байв. Бага насны гэрэлт өдрүүд нь тэнд өнгөрсөн болохоор тэндээс л уран бүтээлийн урам зоригоо олж, ундарга арвин мөрөн шиг уншигчдынхаа сэтгэлийг цэнгүүлсэн, жинхэнэ монгол ахуй амьдралыг тагнайд амтагдаж, нүдэнд харагдтал урласан уран яруу бүтээлүүдээ хөврүүлдэг байсан юм шүү дээ. Баавайн олон зохиолд тэрхүү цэнхэртэн харагдах Дарив сумын минь миний мэдэх, сонсож дуулсан олон уул усны нэр дурдагдаж, таньж мэдэх олон хүний дүр төрх санагддаг нь хуучин танилтайгаа уулзах мэт сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов “Уулын хүн уулаа л дуулдаг юм” гэж хэлсэн байдаг. Үнэн ажээ. Гамзатов, Баавай хоёр адилхан уулын зохиолчид юм. Том улсын найрагч болохоор эрхэм Гамзатов дэлхийд нэр нь түгсэн болохоос бус Санжийн Пүрэв авьяас билгээрээ юу дутах байсан юм гэж би мунхагланам.

Уран зохиолын олон төрөл зүйлээр урлан бодож, ухааран сэтгэж бичих төрмөл онцгой авьяастай, Монголын уран зохиолын том төлөөлөгч энэ эрхэм бол ард түмэндээ азаар заяасан зохиолч байв. Түүнийг Монголын уншигчид хэрхэн хүндлэн хайрладаг нь зовохын цагт нөхрийн чанар танигдана гэгчээр гадагшаа явж эмчлүүлэх болоход нь илрэх шиг болсон доо. Алтайчуудаас эхлээд алс холын Америк, Австрали, хажуу дэргэдийн Япон, Солонгост суугаа монголчууд, өвөрлөгч нар гээд хэдэн зуун хүн өглөгийн гараа сунгаж, хайр халамжийн халуун алгаа дэлгэсэн юм. Монголын зохиолчдын хороон дээр Баавайн олон ном зохиолыг борлуулах ажил зохиогдоход мөнгөөр тусалж чадахгүй ч номыг нь худалдаж авъя гэсэн хүмүүс олноороо ирж байв. Энэ бүгдийн буянд эмчилгээний зардал нь амархан бүрдэж, урд хөршийг зорьсон ах минь удсан ч үгүй эрүүл сайхан болоод эргэж ирэн бичгийн ширээнээ суусан сан. Явахаас нь өмнө болон ирснийх нь дараа Гачуурт дахь гэрт нь өдөр бүхэн зочид гийчдийн хөл тасрахгүй байж, хэрхэн эрхэмлэн хайрлаж, энгүй ихээр хүндэтгэж байсныг нь ойр дотно байсны хувьд мэдэх болохоор эргэн санахад сайхан байна. Энэ бүхэн бол төрөөс олгоогүй гавьяа шагнал, алдар цолноос илүү эрхэм дээд хүндлэл байв.

Энэ сайхан хүнтэй би хувь заяаны төөргөөр мянган бээрийн аяллыг хэдэнтээ хамт хийжээ. Эрхэм ах минь намайг бараа болгож дагуулан олон ч удаа төрсөн нутгийн замд гарч, тэр бүхэнд хийморь заяатай, хоймор суудалтай явсан билээ. Хамт явахад ханилгаатай хүн сэн. Илүү дутуу зангүй, энгийн, хүн голно шилнэ гэж байхгүй, өнөөх л Баавай минь яг л байгаагаараа, хааяа ялимгүй халамцуу байхдаа тогоо нэрэхэд эхний ус авсан жалавч шиг тос даан хөлрөөд, зүлгэмэл хүрэн царайнд нь хөлс шууран, тугалынх шиг тунгалаг хар нүд нь эргэлдээд, тослог сайхан яриа өрнүүлж суух нь бахтай сан. Цагаан сүүний ундарга мэт санаа цагаан, хүнд гэмгүй, мөрөөрөө, өгөөмөр тусч, алсын ханилгаатай, монгол жудагтай эр хүн бол Баавай минь байсан даа. Монголын их утга зохиолд хоёрхон эрхмийг Баавай хэмээдэг. Тэр нь агуу их Сэнгийн Эрдэнэ, Санжийн Пүрэв хоёр юм. Энэ нь Баавайд минь оноосон хэр их үнэлгээ болох нь тодорхой. Хэнтийд болсон зохиолч-уншигчдын уулзалт дээр хөтлөгч нь: –Төрийн шагналт зохиолч Пүрэв үг хэлнэ гэжээ. Тэгэхэд нь Баавай: -Ээ базарваань, тэр чинь би биш “Зүрхний хилэн” роман бичсэн Жамбын Пүрэв шүү дээ хэмээн сандран өгүүлсэн гэдэг юм. Тийм л сайхан эгэл даруухан хүн байв.

Баавай бид хоёр ярилцаад Алтайн хэсэг зохиолчдыг манлайлан нутаг явж, улмаар аймгийн зохиолч нөхөдтэйгөө нийлэн цөөнгүй суманд очиж, зохиолч-уншигчдын уулзалт цэнгүүн зохион байгуулж аялсан нь 2014 он бөгөөд энэ аялал маань амжилттай болж, миний бие “Алаглан харагдах Алтай” хэмээх замын тэмдэглэл бичиж,”Өдрийн сонин”-д нийтлүүлсэн түүхтэй. Тийн явахдаа аймгийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүстэй нүүр тулан ярилцаж, сэтгэлээ нээлцсэний буянд зардал мөнгө нь шийдэгдсэнээр Говь-Алтай аймгаас төрж гарсан зуу гаруй зохиолчийн намтар түүх, шилмэл уран бүтээлээр “Тэнгэрийн мөнгөн Алтай” гэдэг жар гаруй хэвлэлийн хуудас бүхий тоосго лугаа том боть бүтээж, орон нутагт түгээсэн нь уншигчдын хүртээл болж, талархал хүлээсний дээр энэ ном одоо олдохоо больж, эрэл сурал ихтэй эрдэнэ болсонд баярлаад баршгүй. Энэ бол Баавайгийн минь нэр нүүрийн буян, алдар хүндийн нөмөр нөөлөг байсан юм. Дараа жилийн хавар нь бид хоёр дахин Алтайгаа зорьж, яруу найрагч, орчуулагч соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж агсны 85 насны ойд уригдан оролцож, энэ ойд зориулан бүтээсэн миний “Алтайн хөх салхи” номын нээлтийг ташралдуулан хийж, энэхүү арга хэмжээний талаар “Утга зохиол,урлаг” сонинд материал бэлтгэн өгч нийтлүүлж байв. Бид хоёр төрөлх Дарив сумынхаа түүхт ойн номыг бичих хүндтэй даалгавар хүлээсэн байсан тул энэ явалтаараа цэнхэр нутгийнхаа зүг хөлгийн жолоо залсан юм. Сумаа бүтэн тойрч, Баавайнхаа төрсөн бууц Их гашууны өвөлжөө хүрч, нутаг усны олон хүнтэй уулзаж, олон арван зураг дарж, сумын дарга нараас бэлтгэж өгсөн зочид буудалд хэдэн өдөр тухлан, биднийг зорьсон нутгийн хүмүүсийн хөлд дарагдаж, бичих номынхоо ноён нурууг босгож, тэр бүхнийхээ хүчинд “Цэнхэр нутаг” хэмээх уран нийтлэл, намтар судлалын томоохон ном бүтээж, нутгийн зон олондоо их ойгоор нь өргөн барьсан билээ. Баавай бидэн өмнө нь сумынхаа сургуулийн ойн номыг “Даривын сургууль” нэртэйгээр бүтээснээ тэмдэглэх ёстой. Манай Дарив хэзээнээс бичгийн мэргэд олонтой. Баавайгаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч С.Лочин, сэтгүүлч зохиолч Р.Чулуун, радиогийн нэрт сэтгүүлч, яруу найрагч М.Цагаан гээд гавьяатуудын араас зөгнөлт зохиолч Ярвааны Чулуун, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Шаравын Энхбаатар, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Шунхайн Цоодол гээд шүлэг зохиол туурвидаг олон хүн жагсана. Бидэн хоёр эд нарынхаа шилмэл бүтээлүүдийг сорчилж “Цэнхэр нутгийн эгшиглэн” хэмээх утга зохиолын эмхтгэл бэлтгэн хэвлүүлж нутгийн түмэндээ өргөн барьсан юм. Энэ ном өдгөө манай Даривчуудын нэрийн хуудас болж, айл бүхний хойморт залаатай байгаа.

Бидний хамтдаа аялах зам бас л үргэлжлэх учиртай байжээ. Алтай нутгийн суут хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойг Алтайчууд өргөн тэмдэглэх ёслолд Алтайгаар овоглосон зохиолчдын хамт оролцох завшаан өчүүхэн бичгийн хүн надад тохиосон билээ. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Ч.Лодойдамбатай холбоотой материалуудыг нэгтгэн миний бие “Сайхан хайр” гэдэг ном бүтээснийг минь Баавай бусдаас түрүүлэн уншиж дуусгаад “Сонирхолтой сайхан ном болсон байна” гэж надад урам хайрлаж байв.

…Аугаа их авьяас билигт, эрдэмлэг энэ зохиолчийн “Цэрэг эрийн тууж”-ийг аль далаад оны эхээр олж уншсанаас хойш түүний “Эх газрын чулуу” роман, “Айлын бүсгүйг мартахгүй” тууж тэргүүтнийг амтархан уншиж, энэхүү бичгийн их хүнийг өчүүхэн би далд сэтгэлдээ бишрэн шүтэж явлаа. “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн “Айлын бүсгүйг мартахгүй” хэмээх уянгалаг гэгээн туужийг уншаад зохиол гэж ийм л байдаг аж. Яаж ингэж бичдэг байна аа хэмээн гайхан биширч, гүн бодолд автаж байснаа одоо хэр мартдаггүй юм. Гэтэл эрхэм зохиолчийн Москвад оюутан байхдаа бичсэн “Азын цэнхэр уул” өгүүллэг, “Уулын намар” тууж нь хэвлэгдэж, өөрийг нь бишрэн шүтэгч миний зүрх сэтгэлийг бужигнуулж орхисон билээ. Нэг нутгийн хүмүүсийн хувьд нутаг усныхаа олон жилийн уламжлалт амьдрал ахуйг торойтол дүрсэлсэн “Азын цэнхэр уул” өгүүллэг надад дэндүү ойр байсан юм.

Хол газраас нутаг усаа, нутгийнхаа хүн ардыг санан гэгэлзэхдээ тэднийхээ энгүүн хэрнээ ёс жудагтай монгол амьдралыг уран сайхнаар дурайтал зурж үзүүлсэн нь уг өгүүллэгийн амин сүнс билээ. Тус өгүүллэгийн багахан хэсгээс дурдахад:

…Ханд нөхрөө гайхан харснаа:

– Чи чинь өнөөдөр юу болчихоо вэ гэв.

– Яачихсан байна. Ингэхэд чи санаж байна уу, Хандаа. Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. Сайхан байжээ, бид хоёр. Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засаж, нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хэрнээ:

-Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу гэж егөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан даа. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн хэмээн хайрлаж, нөгөө л ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь илбэв… гэсэн нь бий. Эндээс харахад аливаа нэг үйл явдал, үзэгдэл юмсыг оновчтой мэргэн үгээр урнаар хэлдэг нь харагдаж байна. Энэ сайхан өгүүллэгийг би одоо ч ахин дахин унших дуртай. Энэ гэгээн өгүүллэг бичигдсэнээсээ хойш 40 дэх жил дээрээ эзнээ орхиж буурал зохиолч минь номын агаар сэлгэжээ.

Ийн зохиол бүтээлд нь шунан дурлаж, эчнээ бишрэн шүтэж, хүндэтгэн хайрлаж явсан хүнтэйгээ олон сэжмээр ойртон нөхөрлөж, ах дүү шиг ижилдэн, хол ойрын олон аянд дөрөө нийлж, буурал ахынхаа үг сургаал, яриа хөөрөөг сонсон бэлгэшээж явсан минь их хувь заяа юм. Миний өгүүллэгийн анхны түүвэр “Будрах цасны гэгээ” номыг өлгийдэн, өмнөх үг бичиж, гар дээр ирэх хүртэлх бүх ажилд замчлан тусалж, “За, нутгийн дүү минь бичээд бай даа” хэмээн урам хайрлаж байсан нь хориод жилийн өмнөх явдал агаад түүнээс хойш олон ч номыг минь шүүн тунгааж, хянан нягталсан билээ. Над мэтийн олон хүний зохиол бүтээлд анхаарч, тусалж дэмжин, өгөөмөр сэтгэлээ дэлгэж байсан ч тэрээр хэзээ ч “тэр миний шавь” гэж сайрхаж байгаагүй билээ. Даруу гэхэд даанч даруухан, өгөөмөр гэхэд дэндүү өгөөмөр, Даривын нурууныхаа хөх уулс шиг бусдад нөмөр нөөлөгтэй сайхан л хүн явсан даа.

Дутуу насалсан ч дүүрэн амьдарсан эрхэм ахын минь туурвисан арван хэдэн роман, зуу гаруй тууж, хэдэн зуугаар тоологдох өгүүллэг, уран сайхны олон кино, олон арван дурсамж, хөрөг нийтлэл, яруу найргийн ном зэрэг үй түмэн бүтээл нь Монголын уран зохиол дахь нэгэн сүрлэг сайхан сүмбэр оргил болон үеийн үед дурсагдан, монгол уншигчиддаа сэтгэлийн цэнгэл хайрласаар байх биз ээ.

Нутгийн минь хөх уулс шиг нөмөр түшигтэй зохиолч ахын минь гайхамшигт сайхан зохиол бүтээлийг үе үеийн уншигчид уншсаар байх болно, олон сайхан уран сайхны кино нь үе үеийн үзэгчид сонирхон үзсээр байх болно… хэмээн бодохуй уран бүтээлч хүн хэзээ ч сэрүүн тунгалаг гэдгийг мэдэрнэм. Оюун билигт ахын минь бүтээсэн алсын алсаас өндөлзөх “Азын цэнхэр уул” үеийн үед хөхрөн цэнхэртсээр байх болно.

А.МОЛОМЖАМЦ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Элсэлтийн ерөнхий шалгалтыг анх тестээр авахад “Туршилтын туулай” болсон 10в ангийнхан

Цэцэглэж уясан туузаа аваад

Цагаахан хормогчоо тайлж эвхээд

Алаг хорвоогийн аяны нугачаанд

Алдаж оносоор 20 өвлийг угтаж байгаа “Ховд аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийн 10 в ангийг 1998 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буланд онцолж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сард Ховд аймагтаа төгсөлтийн 20 жилийн ойн баяраа хийжээ. Ангийнхныг төгсөлтийн баяраа хийсний дараа хүмүүс зургийг нь үзэж, сонирхож “Төгсөлтийнхөө 20 жилийн уулзалт юм уу. Үнэхээр үү. 25-туудын уулзалт шиг л харагдаж байна” хэмээн уулга алдаж байсан гэдгийг тус ангийн охин Ц.Мөнхцэцэг ярилаа. Тэрбээр багадаа сэргэлэн цовоо, хувийн ариун цэврийг сахихдаа сайн охин байж. Одоо Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй юм байна. Тэрээр “Манай үеийнхэн дэндүү олуулаа, хатуу ширүүн нийгмийн нүүр үзсэн. Нэг ёсондоо шилжилтийн нийгмийн “Туршилтын туулайнууд” юм шүү дээ” гэдгийг онцлов. Тэд олон янзын байгалийн шалгарлыг амжилттай давж, өдий зэрэгт хүрсэн нэг цаг үеийнхэн аж. Бүгд социалист нийгэмд төрж, өсөж, зах зээлийн нийгэмд сурч, боловсорчээ. Капиталист нийгэмд ажиллаж амьдарч яваа гурван нийгэм дамжсан нэгэн үеийнхэн юм байна. Тэдний хүүхэд насны түүхийг сонирхоход ангийнхан нэгэн дуугаар “Бидний хүүхэд насны түүхийг биднээс өөр хэн ч үл мэднэ. Өсвөр насны жаргал зовлон бүхэн дурсамжтай өнгөрсөн. Бид хүмүүжилтэй, цэгцтэй, аливаа зүйлд хариуцлагатай хандах ёстой гэдгийг сайтар суралцсан. Тиймээс одоо цагийн амьдралд тэмцэх ёстой гэдгээ ухаардаг” гэж байв. Арван жилд байхдаа л бие биедээ элгэмсүү, дотно, нийтэч, нөхөрсөг хамт олон байжээ. Иймээс одоог хүртэл бүгд нутагтаа, эх орондоо хэрэгтэй зүйлийг хийж, бүтээж яваа аж.

Тухайн үед пеонерт элсдэг цаг үе дуусаж, хамгийн анх гуравдугаар ангийн хүүхдүүдийг нэг үе алгасуулсан тавдугаар анги руу оруулж байжээ. Тиймээс тэр үед 1980, 1981 оныхон нэг цаг үед суралцах болжээ. Хамгийн анх монгол бичгийн хичээл эдний ангийн үеэс нэмэлт хичээл болон орсон байна. Мөн англи хэлний хичээлийг туршиж, анх нэвтрүүлсэн гэнэ. 10в ангийнхныг элсэн орохоос өмнөх үед орос хэлний хичээл ордог байсан. Тиймээс орос хэлний багш нарыг Улаанбаатар хотод 45 хоногийн түргэвчилсэн сургалтад бэлтгэж, англи хэлний хичээлийг заалгаж байсан талаар сонирхууллаа. Хамгийн анх тестээр элсэлтийн ерөнхий шалгалт авдаг болсон үед 10в ангийнхан арван жил заалгасан хичээлээ бататгах гэж биш, яаж тест бөглөж сурах тухай заалгаж байсан гэдгээ Ц.Мөнхцэцэг хуучиллаа.

Ангийн Б.Ганбат “Ер нь инээдтэй, хөгжилтэй цаг үеийг өнгөрөөсөн дөө. Нүдээ аньж тоолж байгаад тестээ дугуйлах нь бараг л тухайн үедээ онож байсан гэхэд хилсдэхгүй. Бидний үеэс эхлэн “Онц, сайн, дунд, муу” гэж нэрлэдэг байсан нь “Тав, дөрөв, гурав, хоёр” гэсэн тоонуудаар солигдож халаагаа өгсөн. Одоогийн сурагчдын сурлагыг үнэлдэг “100, 90, 80, 70, 60” гээд баахан өндөр тоонууд орон зайгаа эзэлсэн юм. Бид арван жилийн турш өнөө “Онц, сайн, дунд, муу” хэмээх дүндээ дасчихсан. Конкурсын шалгалтыг оноогоор үнэлэхэд, хэд аваад байгаагаа ч тухайн үедээ мэдээгүй өнгөрч байсан сан. Ийнхүү боловсролын тогтолцооны эмх, цэгч, уялдаа холбоогүй шийдвэрийн хамгийн том золиос бидний үеэр эхэлж, дуусах болтугай” гэж залбирахад хүргэж байсан даа хөөрхий” гэж инээмсэглэн ярив.

Эдний үеийнхнийг төгсөхөд олон хувийн сургууль байгуулагдсан аж. 10в ангийнхан бүгд их авсаархан, намхан, жижгэвтэр жигд размертай, өндөр 150-160 сантиметр орчимд хэлбэлздэг байж. Ганц нэг 165-170 сантиметр өндөртэй залуус хэвийнд тооцогдоно. 175-180 сантиметр өндөртэй хүмүүс үеийнхэн дундаа “Гозон тэмээ”, “Тэмээн хяруул” гэх хочоор дуудуулдаг байжээ.

10в ангийнхан 20 жилийн турш бие биеэсээ холдож, алсраагүй, амьдралын далай дунд гар гараасаа барилцаад, нэг нэгнээ дэмжиж, хоорондоо байнга харилцаа холбоотой байдаг гэнэ. Ингэж ангийнхан хоорондоо инээж, эрч хүчээ хуваалцдаг учраас 25-тууд шиг л харагддаг аж.

Ховд нутгийнхаа спортын их наадамд анх удаагаа оролцож эхэлсэн, цагаасаа л 10 в-гийнхэн “Шилдэг дэмжигч”-ээр шалгарчээ. Орсон төрөл бүрийн тэмцээндээ ангийн охид, хөвгүүд амжилт дагуулсан байна. Сагсан бөмбөгийн төрөлд спортын мастер Э.Болор-Эрдэнэ, Б.Цоморлиг, Б.Ганбат, гар бөмбөгийн төрөлд Спортын мастер Б.Батбаяр зэрэг мастерууд байдаг ажээ. Мөн сагсны спортын Отгонжаргал, Тогтохбаяр, Ганзориг хэмээх залуус ч бий. Эдний ангиас шатрын спортын түвшинд олон улсын зэрэглэлд амжилттай өрсөлдөж яваа Ц.Алтансүх, төр нийгэмдээ амжилттай хүчин зүтгэж яваа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Нямдаваа, Б.Ганзориг, Н.Цэжиддулам нар байдаг аж. Сэтгүүлч Б.Түвшинтөгс, барилгын салбарт Цэрэндорж, хэвлэлийн салбарт “Бүтэн бүрмэл” ХХК-ийн захирал Н.Идэрзаяа, “Урбан Женс” үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа Д.Соронзонболд, шүдний эмнэлгийн салбарт амжилттай ажиллаж яваа Цоодол, Модон тавилгын салбарт ажиллаж яваа “Ур ундрах” ХХК-ийн захирал Б.Алтаншоо зэрэг авьяастнууд салбар бүртээ амжилттай шижигнэж явна. Үсчин гоо сайхны салбарт амжилттай ажиллаж буй Б.Ганзул, Э.Гэрлээ, банк санхүү, татварын салбарт Ц.Байгальмаа, О.Цэнд-Аюуш, Ц.Түвшинжаргал, Б.Пүрэвдорж, Л.Нанзаддорж, Басан, Должинсүрэн, У.Цэцэгжаргал, Бямбахорлоо, Э.Энхзаяа, уул уурхайн салбарт “Сод-Ирээдүй” компанийн Түвшинжаргал, Д.Эрдэнэбат, Э.Уянга, С.Алтантунгалаг, Б.Оюунгэрэл, Ж.Түмэнжаргал, хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа Б.Батчулуун, М.Гэрэлтуяа, Б.Оюундулам, Г.Оюунбилэг, Цэнд-Аюуш, Б.Содномжамц, Ш.Амарбаяр, А.Авирмэд, Т. Жавзандулам, Д.Тунгалаг, М.Алтанхишиг нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байгаа юм. Цэрэг, армийн салбарт Г.Амгаланбаатар, Баатархүү, Цагаанцоож, улс төрийн салбарт Ариунтуяа, Б.Батсувд, сургалт судалгааны салбарт тэргүүлж яваа М.Алтансүх, Боловсролын салбарт Л.Мэндбаяр, Т.Бадамсүрэн, Дархан-Нэхий ХК-ийн эсгэгч мэргэжлээр амжилттай ажиллаж яваа Т.Туул нар эдний ангийнх. Тээврийн үйлчилгээний салбарт Г.Даваадорж, Х.Гантулга, Ганбат, Чимэд, П.Баясгалан, бүтээн байгуулалтын салбарт тэргүүлж яваа Н.Энхболд, орчуулгын салбарт амжилттай ажиллаж яваа “Морьт-Халиун”ХХК-ийн Ц.Мөнхцэцэг, Ц.Оюунтогтох, орон нутагтаа амжилттай ажиллаж байгаа Ш.Банзрагч, Цогтчимэг, Ц.Лувсанлхам гээд олон төгсөлтийн төлөөллийг нэрлэж болохоор байна.

10в ангийнхан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” 1998 оны төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс мод тарих их үйлсийг эхлүүлжээ. Төгсөлтийн 20 жилийн ойдоо зориулж Ховд нутагт амьдарч байгаа нөхөд нь 98 мод тарьж, арчилж тордон, харж хамгаалж, эргэж тойрч байгаагаа сонирхууллаа.

Нэгэн цаг үед амьдарч, бие биеэ хурцалж хөглөж байдаг үе тэнгийнхэн магадгүй 30, 40 жилийн уулзалтуудаа хийж, он жилийн түүхээ дурсамжтайгаар өнгөрүүлэх биз ээ.


Categories
мэдээ нийгэм

Виферон лааны сөрөг нөлөөтэй эсэхийг судалж байна гэв

“Виферон” лааг томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг.


ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛ 441 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН

ЭМЯ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Цогтбаатар “Монгол Улсад эм ханган нийлүүлэх 384 байгууллага байдаг. Улсад бүртгэлтэй 5880 эм байна. Үүнээс 67 хувь нь 59 улсын 3939 эм импортоор орж ирдэг. Үүний нэг нь Энто компани оруулж ирдэг виферон лаа юм. Зайлшгүй шаардлагатай буюу амь нас аврах эмийг иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд ЭМДСангаас хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаггүй эм ЭМДСангаас хөнгөлөлт авсан байна. 2017 оны статистикаар эмийн зах зээл бөөний үнийн дүнгээр 441 тэрбум төгрөгт хүрсэн. Иргэдийн эмийн хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо 200 гаруй тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Эмийн ханган нийлүүлэлт 100 хувь хувийн хэвшилд байгаа. Гэвч өсөн нэмэгдэж байгаа эмийн хэрэглээ, түүний чанарт хяналт тавих үүрэг төрийн нуруун дээр байдаг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд эдгээр асуудлыг хөндөж байна. Тухайн эмэнд процессийн алдаа гарсан. Давуу эрх олгогдсон нь үнэн. Бид ямар нэгэн хувийн хэвшил рүү хандаад, дайраад компанийн нэр хүндэд халдаж байгаа асуудал байхгүй. Эрүүл мэндийн сайд болоод яам эмийн зах зээлд ашиг сонирхлын зөрчилдөөнтэй асуудлуудыг зориглон гаргаж тавьж байгаагаараа буруутах ёсгүй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яамнаас вифeрон лааны эмчилгээ, чанар, аюулгүй байдлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг лааны талаарх дүгнэлт ойрын хугацаанд гарна” гэв.

ЭМДС-ГААС 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ВИФЕРОН ЛААНЫ ХӨНГӨЛӨЛТӨД ОЛГОСОН

ЭМД-ын сангийн дарга Л.Алтанхуяг “ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2016 онд виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 2016 онд 1,9 тэрбум төгрөг, 2017 онд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хоёр жилд 91 мянган хүн хөнгөлөлтөд хамрагдсанаар ЭМДС-гаас 3.9 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үүний 50-иас дээш хувь нь хүүхдүүд байсан. 2018 оны долдугаар сарын 15-наас хүүхдийн ангиллаас виферон лааг хассан ч насанд хүрэгчдийн 20 хувь хүртэлх хувиар хөнгөлөх нь хэвээр үлдсэн. Өнгөрсөн жилд ЭМД-ын сангаас 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг энэхүү лаанд үзүүлсэн тоо бий” гэв.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕД ВИФЕРОН ЛААГ ХОРИГЛОСОН

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний үед эмчилгээний зааврыг боловсруулахдаа ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн заавар зөвлөмжид үндэслэж ажилладаг. ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчинд вифероныг хэрэглэх зааварт ороогүй талаар бидэнд бичгээр мэдэгдсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан томуугийн эмчилгээний зөвлөмжид энэхүү лааг эмчийн заалтаар хэрэглэж болох ч толгой дараалан замбараагүй хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг” гэв.

МХЕГ, ШӨХТГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУДАД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН

Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг “Зар сурталчилгааны тухай хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэх тухай сурталчилгаа явуулж болно. Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасан байдаг. Сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчилгээний заавар удирдамжид ороогүй Виферон лаа хэлбэрийн эмийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Хууль бус зар сурталчилгааны асуудалд МХЕГ, ШӨХТГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд ЭМЯ-ны зүгээс хууль журмын хэрэгжилтэд яаралтай хяналт тавьж, шалгалт хийж хариуг ирүүлэх талаарх албан бичгийг дээрх газруудад хүргүүлсэн. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандана” гэв.

Эрүүл мэндийн яамнаас Энто компанийн оруулж ирдэг Вифeрон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэхгүй байхыг зөвлөсөн юм. Тэгвэл хариу мэдэгдлийг Энто компаниас хийлээ.

ВИФЕРОН ЛАА ХҮҮХДИЙН ДАРХЛААГ УСТГАДАГГҮЙ

“Энто” компанийн өмгөөлөгч Ш.Алтангадас “ЭМЯ-ны зүгээс хийсэн мэдээллийг та бүхэн харсан байх. Виферон лаа Монгол Улсын эмийн бүртгэлд 2010 онд бүртгэгдсэн. Эмийн бүртгэлд бүртгэсний дараа эмийн гаж нөлөөний судалгааг хийдэг. Эрүүл мэндийн яамны судалгаагаар 2010 оноос хойш виферон лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн. Анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ шаардлагатай бүхий л материалыг бүрдүүлсэн байсан гэж маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Яамны байр суурь маш олон удаа өөрчлөгдөж байна. Сайдын зөрүүтэй мэдээллээс болоод хохирогч нь хэрэглэгчид болж байна. Сайдын хэлсэнчлэн виферон лаа нэгээс хоёр жилд хүүхдийн дархлааг устгадаг уу гэвэл үгүй. Иргэд биднээс үнэн зөв мэдээлэл шаардаж байна” гэв.

МАНАЙД ВИФЕРОНТОЙ ХОЛБООТОЙ ГАЖ НӨЛӨӨ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Баянмөнх “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 25 дугаар суваг телевизээр мэдэгдэл хийхдээ “Виферон лаа аюулгүй нь нотлогдоогүй гэдэг нь Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллага, эрдэмтдийн судалгаагаар тогтоосон учраас Эрүүл мэндийн даатгалаас хасах төдийгүй, Монгол Улсад хэрэглэж болохгүй” гэсэн. Харин арваннэгдүгээр сарын 7-ны өдөр С1 телевизээр “Би эмчилгээнээс хасах тухай огт яриагүй” гэж байр сууринаасаа буцсан мэдэгдэл хийсэн.

Азийн хөгжлийн банк гэж дурдагдсанаар тухайн үед бид арваннэгдүгээр сарын 5-ны өдөр бичгээр хандсан. Харин энэ талаар Азийн хөгжлийн банкнаас олон нийтийн хэрэгслээр буюу өөрийнхөө пэйж хуудсанд ийм мэдээлэл байршуулсан. Энэ нь Азийн хөгжлийн банк ямар нэг эмийн үр дүн, гаж нөлөө, аюулгүй байдлын талаар судалгаа дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно. Харин эмийн даатгалтай холбоотой эмийн үнийн судалгаа хийхэд санхүүжилт үзүүлсэн” гэж албан ёсоор мэдээлсэн. Энэ бүтээгдэхүүн судалгааны шатанд 50 гаруй жил явсан. ОХУ-д 20 жил эмнэл зүйн практикт хэрэглэгдэхдээ ямар нэг гаж нөлөө байхгүй гэх баримт бий. Манайд виферон лаатай холбоотой ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгнээсээ буцаж “Виферон” лааг хэрэглээнээс хасах тухай огт дурдаагүй хэмээн тайлбарласан ба тус лааны сөрөг үр дүнгийн талаар ямар нэг баримт, нотолгоо байхгүй аж. Ийнхүү Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Виферон” лааны тухай олон талын зөрүүтэй, ташаа мэдээлэл нийгэмд тарааж байгаа нь тус лааг импортлогч “ЭНТО” компанийн нэр хүндэд халдаж байна гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гэвч мэргэжлийн бус сайд нийгэмд эргэлзээ үүсгэж, ташаа мэдээлэл түгээж байгаа нь энэ төрлийн өөр эм бэлдмэлийг оруулж ирэх гэсэн ямар нэг бизнесийг цэцэглүүлэхээр дэмжиж буй хэрэг биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд тархаад байна. Цаашлаад Эрүүл мэндийн даатгалын сан хэн нэгэн эрх мэдэлтнүүдийн дур зоргоор захиран зарцуулдаг дахин нэг “ЖДҮ” болох ч эрсдэл байна гэх хүн олон байгааг анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.


Categories
мэдээ нийгэм

Зулын 25-ны их дүйчин өдөр

Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдрийг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25 өнөөдөр тохиож байна.

Эл өдрийг монголчууд Зулын 25 хэмээн нэрийдэж, буян үйлдэж, ном хурж, зул өргөдөг.

“Соён гийгүүлэгч их билгийн хүн Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил жанч халсан түүхтэй. Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’ айлдахдаа есдүгээр бүлгийн ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг. Энэ нь ‘’Би ялгуусан Бурханы хүү болж төрлөө’’ гэсэн зарлиг юм. Тэр цагаас хойш жил бүр энэ өдрийг зулын 25 хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’ буюу мянган тахилын зул хүж өргөж их хурал ерөөл хурах болсон.

Мөн өдрийн бас нэгэн үйл явдал нь Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтны амь тасалсан нүглээ наминчилж, зулын 25-ны хурлыг даган баясдаг” хэмээн “Зулын 25-ны их дүйчэн өдөр’’-ийн тухай Гэгээн Гэрэл Номын Төвийн тэргүүн Д.Номундалай онцлов.

Эл өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай юм байна. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил бий. Энэ жилийн хувьд Зулын 25-ны хоёр өдөр дараалан тохиож буй аж. Тиймээс бүх гандан хийдүүд Зулын 25-ны хурал ном хурахын зэрэгцээ их номыг “UB Palace” болон МҮЭСТО-нд хурах юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Image result for Цасан шуурга

Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 3, 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР /2018.12.02-НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар цас, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 6-11 градус хүйтэн, өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар хүйтэрч 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 13-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгаас гарах замын хөдөлгөөнийг нээлээ

Image result for шуурга

Увс аймгаас гарах авто замын хөдөлгөөнийг өглөөний 08.00 цагаас эхлэн нээлээ. Увс аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн өдрүүдэд цас орж цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарч, улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл үүсч болзошгүй байсан юм. Иймээс Увс аймгаас гадагш гарах авто замын хөдөлгөөнийг өнөөдрийн 08.00 цаг хүртэл хугацаанд хязгаарлах тухай Увс аймгийн Засаг даргын захирамж гараад байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Баярбаясгалан: Эдийн засгийн хүчирхийлэлд өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврийг авахуулах ч багтдаг

Гэр бүлийн хүчирхийллийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэл, түүнийг үйлдэж буй хамаарал бүхий этгээд гэдэгт яг ямар хүмүүс багтдаг юм бол?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сард шинэчлэгдэн батлагдсан байдаг. Ингэхдээ гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд авч үзсэн юм. Тэгэхээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт эхнэр, нөхөр төрөл садангийн хүмүүс орохоос гадна, хамтран амьдрагч нар, хамтын амьдралтай байж байгаад салсан хүмүүс болон хамтран амьдраагүй ч дундаасаа хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулсан гэр бүл орно. Мөн ямар нэгэн хүний асрамж, халамжид байгаа этгээд, тухайн айл өрхөд ямар нэгэн байдлаар амьдарч байгаа хүмүүсийг авч үздэг. Тухайлбал, хот суурин газар хэн нэгэн айлын хажуу өрөөг хөлсөлж байгаа хүн хүртэл гэр бүлийн хамаарал бүхий этгээддээ ордог. Эдгээр хүмүүсийн аль нэг нь эрх мэдэл давамгай байдлаа тогтоохын тулд бэлгийн, эдийн засгийн, бие махбодын болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл үйлдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлээд буй. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь эрх мэдлийн тэнцвэртэй биш харилцааг хэлдэг. Энэ бол маргаан биш. Маргаанд нэг асуудлыг шийдэхийн тулд тэнцвэртэйгээр хэрэлддэг бол энэ төрлийн хүчирхийлэлд хэн нэгэн нь эрх мэдлийнхээ хүрээнд илтэд доогуурт үнэлэгддэг. Үүнээс болоод айдас, тэгш биш байдлыг үүсдэг юм.

-Гэр бүлийн хүчирхийллийн үйлдэгдэж буй хэлбэрүүд нь хоорондоо ямар ялгаатай вэ?

-Бие махбодын хүчирхийлэл гэдэгт зодож, тарчлаах буюу бие эрхтэнд нь зовиур үүсгэж буй бүхий л үйлдлийг хамруулна. Сэтгэл ханааны хүчирхийлэл гэдэг нь бусад төрлийн гэмт үйлдлүүдтэйгээ хамт явж байдаг онцлогтой. Байнгын зодуур дунд байгаа хохирогчид мөнхийн айдастай байдаг. Мөн гутаан доромжлох, мөрдөн мөшгөх, тагнах, чагнах, заналхийлэх болон бусадтай харилцахыг нь хязгаарлах зэрэг нь бүгд хүчирхийллийн хэлбэрт орно. Гэр бүлүүдийн дунд нэгнийнхээ утсыг шалгах, цахим хаягийг нь шалгах тохиолдлууд гардаг. Энэ бүгд нь хүчирхийллийн нэг төрөл. Харин эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд нь хязгаарлалт үүсгэхийг хэлээд байгаа юм. Манайд энэ төрлийн хүчирхийллийн гэмт үйлдэл нь тэтгэврийн зээл хэлбэрээр хамгийн их илэрч гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврийг тултал нь авахуулчихдаг асуудал бий. Энэ нь эдийн засгийн хүчирхийллийн төрөлд ордог. Яагаад гэхээр тухайн хүн өөрийн хөрөнгөө чөлөөтэй зарцуулах эрхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ хэдийнэ мөнгөгүй болсон ч аав, ээж нь үр хүүхдэдээ өглөө гэж өөрийгөө тайвшруулдаг юм. Бэлгийн хүчирхийлэл гэдэгт төрсөн болон дагавар хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орох, орохыг шаардах зэрэг бэлгийн эрх чөлөөнд нь халдаж буй үйлдлүүдийг хамааруулдаг.

-Хүчирхийллийн гаралт хэр байна вэ?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар 479 энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Хэдийгээр өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар буурсан байгаа ч хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо төдийлөн багасаагүй байгаа юм. 25-35 насныхан гэр бүлийнхний дунд бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн их үйлдэгдэж, гэмт хэргийн золиос болж буй. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн золиос болох тохиолдол бий. Энэ нь сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр илэрч байдаг. Тухайлбал, хамт олных нь дунд нэр хүндийг нь гутааж байгаа үйлдэл нь эрэгтэй хүнд хүндээр тусдаг. Гэтэл эмэгтэйчүүд ажил дээр нь очих хашигчиж, элдэв үгээр доромжилдог үйлдэл нь тэднийг сэтгэл санааны хүчирхийлэлд оруулдаг. Нийт хохирогчдын дөрөв орчим хувийг эрчүүд эзэлж байна.

-Хүүхэд энэ төрлийн хүчирхийллийн золиос болох тохиолдол гарсан уу?

-Одоогийн байдлаар таван хүүхэд хохирсон гэж бүртгэгдсэн байна. Үүний хоёр нь 0-7 хүртэлх насных байсан бол гурав нь 8-16 настай байсан. Гэхдээ энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад л бүртгэгдсэн мэдээлэл. Үүнээс далдуур хичнээн тохиолдол байгаа нь ил бус байна. Хүчирхийлэл үйлдэгдсэн гэр бүлд өсч, торнисон хүүхдүүдийн 72-84 хувь нь эргээд хүчирхийлэл үйлдэгч болдог. Гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдсээр байна гэдэг нь ирээдүйд хүчирхийлэгчийг бэлддэг гэсэн үг юм. Мөн байнгын асаргаа сувилгаанд байгаа хүмүүс мөнхийн айдас дунд байдаг тул хүчирхийллийг ил гаргаж чаддаггүй. Хэрэв илчлэх юм бол амьдралын наад захын хэрэгцээгээр хангагдаж чадахгүй байхаасаа эмээдэг. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүддээ хүчиндүүлсэн 14 тохиолдол бүртгэгдсэн.

-Ямар шалтгааны улмаас гэр бүлийн дунд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн архи уусан үед гардаг гэж хүмүүс буруу ойлгодог. Гэтэл нийт гарсан 479 хэргийн 27 хувь нь л согтуугаар үйлдэгдсэн байдаг бол үлдсэн нь эрүүл үедээ гарсан гэмт хэргүүд. Нийслэл өдөрт хотод 150-200 дуудлага ирж байна. Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн Х-г нөхөр Б нь хардаж, зодсоны улмаас биед нь хүнд гэмтэл учруулан хэргийн газраас зугтаасан тохиолдол бүртгэгдсэн. Хохирогчийн духны яс цөмөрсөн байсан. Мөн Багануур дүүрэгт нөхөр Г нь эхнэрээ хардаж, улмаар эхнэр, дүүгээ хутгалсан хэрэг гарсан. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн ихэнх нь дээд боловсролтой, 40 орчим хувь нь бүрэн дунд боловсролтой гэж бүртгэгдсэн байсан. Тэгэхээр энэ нь бүдүүлэг харанхуй хүмүүсийн дунд үйлдэгддэг гэмт хэрэг ч биш. Харин гэр бүлийн суурь хүмүүжилтэй шууд холбоотой юм.

-Гэмт хэрэгт өртсөн хохирогчдын сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан байдаг юм бол?

-Бусад төрлийн гэмт хэрэг нь зөвхөн хохирлоо барагдуулчихсан тохиолдолд шийдэгддэг бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хайртай хүмүүсийн дунд илүү их үйлдэгддэг тул дахин гарах магадлалтай, хүнд хэрэгтээ ордог. Хохирогчдоос харагддаг бас нэг зүйл нь хүчирхийлэлд өртөөд байгаа гэдгээ мэдэж байгаа хэрнээ хайртайдаа ийм үйлдэл хийсэн гэж бодоод гэмт хэрэгтэй эвлэрч улам наалддаг. Өөрөөр хэлбэл, зодох тусам улам наалдаад байдаг хам шинжээр өвчилчихдөг учир хүчирхийлэгчээсээ салж чаддаггүй.

-Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв ямар газруудаар үйлдэгддэг вэ?

-Энэ нь хүн амын нягтаршилтай холбоотой. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд ихээр суурьшсан газруудаар энэ төрлийн гэмт хэрэг бага. Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс нийслэлийн баруун зүгийн гэр хорооллын бүсчлэлд байх нийт 13 хороо хариуцдаг бол Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Зайсан, 120 19 дүрээх хороолол зэрэг таван хороог хариуцдаг. Гэтэл энэ хоёр дүүргийн дуудлага яг ижил түвшинд бүртгэгддэг. Тэгэхээр гэр бүлийн дунд гардаг гэмт хэрэг нь амьжиргааны түвшин үл хамааран үйлдэгдсэн гэсэн үг. Гэхдээ амьжиргааны түвшин дээгүүр хэсэгт сэтгэл санааны болон нүднээс далдуурах бие махбодын хүчирхийлэл их гардаг юм.

-Гэр бүлийн гэмт хэрэг даамжирснаар илэрч гарах сөрөг үр дагавар нь юу вэ?

-Энэ гэмт хэргийг таслан зогсоохгүй л бол нэгнийхээ аминд хүрнэ, эсвэл өөрөө амиа егүүтгэнэ. Үүнээс болж дунд нь байгаа хүүхэд хохирдог. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг багасгахын тулд боловсролын системээр нь дамжуулаад хүүхдэд багаас нь мэдээлэл олгох ёстой. Мөн ойр орчмын хүмүүс нь хүчирхийллийг нуун дарагдуулалгүйгээр яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй байна. Учир нь хайртай хүмүүсийн дунд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчид хэзээ ч үйлдэгчдийг ил гаргадаггүй юм.

З.МӨНХСУВД