Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдын амралтанд орсон өөрчлөлт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталлаа. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх”
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэл
  • Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох”
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны санал.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

1 Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

  • 2 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

  • 3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

  • 3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

  • Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

2 Нийслэлийн сурагчдын:

  • 2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо

  • 3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 1 долоо хоног

  • Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Categories
мэдээ нийгэм

“Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль хамтран Цэвэр агаартай гэр хороолол – Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн инженерийн факультетийн декан, доктор, профессор Гунтер Штер болон албаны бусад хүмүүс, тус хорооны иргэдийн төлөөлөл оролцов.

Улаанбаатар хот агаарын бохирдол хамгийн их үедээ ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын стандартаас даруй 35 дахин өндөр байдаг. Нийт агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллын яндангаас гарч буй утаа эзэлж байна. Агаарт ялгарч буй утааны гол бохирдуулагч нь нарийн тоосонцор байдаг бөгөөд үүнээс үүдэн уушгины хорт хавдар, зүрх судасны өвчнөөр нас барах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Иймд Монгол, Германы инженерүүдийн хамтран бүтээсэн “Электростатик тортог баригч”-ийг Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны 100 өрхөд туршиж эхэллээ. Уг төхөөрөмж нь гэр болон байшинд аль алинд нь тохиромжтой, янданд суурилуулах зориулалттай юм. Туршилтыг дээрх 100 өрхөд өвлийн турш хийж, хавар үр дүнг шалгахаар төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд талбайн тест болон агаарын бохирдлыг хэмжин анализ шинжилгээг хийх юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Манай Сонгинохайрхан дүүргийн 7,9,24,25 дугаар хороо нийслэлийн хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт ордог. Агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зуух, түлш тарааж байсан ч үр дүнгүй байсаар байна. Энэ удаагийн төсөл Европт хэдийнэ туршигдсан технологийг Монгол, Герман инженерүүд хамтран монголын хөрсөнд буулгах, газар дээр нь туршиж, сайжруулах боломжтой учраас амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Монголдоо өөрсдөө үйлдвэрлэж, болохгүй зүйлийг нь тухай бүрт нь засаж шинэчилнэ. Хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээг цаг алдалгүй авна гэдэг том давуу тал. Энэ төслийн үр дүн амжилттай болоход эсэхэд иргэдийн оролцоо туйлын чухал юм. Хэмжилт хийх цаг тухайд нь хэмжилтээ хийж, хамтран ажиллахын иргэд Та бүхнээсээ хүсье” хэмээн онцлов.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел агаарын бохирдлыг бууруулах, шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн дулаан алдалтыг бууруулах зорилгоор 64 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

Электростатик тортог баригч нь цахилгаанаар ажиллана. Янданд суурилуулснаар утаанд агуулагдаж байгаа нарийн ширхэгт тоосонцор уг тортог баригчаар дамжин цугларч, бие биетэйгээ наалдан том хэмжээтэй хөө тортог болох юм. Энэ хөө тортогийг гар аргаар цэвэрлэх боломжтой бөгөөд тогшиж унагаагаад хаяна. Ингэснээр гэр хорооллын яндангаас гарч буй утаанаас үүсэх агаарын бохирдол мэдэгдэхүйц буурахыг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн инженерийн факультетийн декан, доктор, профессор Гунтер Штер танилцуулгадаа дурдлаа.

Тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд хамтран Цэвэр агаартай гэр хороолол – Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” төслийн тортог баригчийн туршилтын загварыг өнгөрөгч зургадугаар сард техникийн хувьд бүрэн ажиллаж байгааг баталгаажуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын салбарт Тува Улстай хамтрана

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газар хоорондын “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г байгуулах ажлын уулзалтыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр, Увс аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга, ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Соднам Владимир Александрович, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн даргын орлогч, дэд хурандаа Игнатенко Иван Александрович, Иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарын улсын хяналт болон урьдчилан сэргийлэх тасгийн дарга Тарыма Юрий Валерьевич нар оролцсон юм.

Талууд ирэх 2019 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2019 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөөнд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газрын сургалтын төвд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид болон удирдах албан тушаалтны ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар тусгажээ.

Мөн уулзалтын үеэр Ховд аймгийн Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа гал унтраах техник хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмж болоод газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судалсан байна.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дарханы ирээдүй 2018” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 40 оюутан тодорлоо

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар “Болд сан”-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй оюутан, залуучуудын дунд явуулдаг тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэгүүд тодорчээ. “Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг оюутнуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой ажээ.

“Болд” сантай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Дарханы ирээдүй 2018” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 40 оюутан тодорч, баасан гарагт Төрийн ордонд батламжаа гардан авлаа.

Энэ жил тухайд Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод суралцаж байгаа 1-5 дугаар курсын нийт 280 гаруй оюутны материал ирснээс 1, 2 дугаар курсынхны дунд хүчтэй өрсөлдөөн явагдаж дараах нэр бүхий оюутнууд шилдгээр шалгарсан аж.

Үүнд:

1. Э.Хос-Уянга – АШУҮИС Био анагаахын сургууль
2. О.Тэмүүлэн – МУИС Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
3. Т.Хонгорзул – Санхүү, эдийн засгийн их сургууль
4. Н.Лхамаа – Үндэсний батлан хамгаалахын их сургууль
5. Г.Оюунгэрэл – ШУТИС Барилга, архитектурын сургууль
6. Х.Хулан – ШУТИС
7. О.Анужин – МУИС Бизнесийн сургууль
8. Г.Батбаяр – Дархан-Уул аймаг дахь ШУТИС
9. А.Марал – МУИС Шинжлэх ухааны сургууль
10. С.Тайшир – ШУТИС Мэдээлэл, холбооны технологийн сургууль
11. Б.Аривдах-Од – МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
12. Б.Бямбанаран – ШУТИС Эрчим хүчний сургууль
13. Д.Дашмаа – МУИС Шинжлэх ухааны сургууль
14. М.Аминхүслэн – Сити их сургууль
15. К.Номин-Эрдэнэ – “Их засаг” ОУИС
16. Б.Гангамаа – Монгол улсын эрдмийн их сургууль
17. Б.Мөнх-Оргил – Санхүү, эдийн засгийн их сургууль
18. З.Ууганчимэг – Хүмүүнлэгийн ухааны их сургууль , Дархан салбар сургууль
19. П.Оюунсувд – МУИС Шинжлэх ухааны сургууль
20. О.Тамир – МУИС Хууль зүйн сургууль
21. Б.Золзаяа – МУИС Бизнесийн сургууль
22. Д.Сарангэрэл – МУБИС Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
23. Н.Шаргацэцэг – МУБИС Багшийн сургууль
24. Б.Амин-Эрдэнэ – АШУҮИС Био анагаахын сургууль
25. Б.Энхтуяа – МУБИС Багшийн сургууль
26. Э.Отгонтүлхүүр – АШУҮИС
27. М.Мандахгэрэл – МУБИС Багшийн сургууль
28. Э.Энхжаргал – МУИС Шинжлэх ухааны сургууль
29. О.Өлзийхутаг – Дархан-Уул аймаг дахь ШУТИС
30. Д.Чимидзаяа – АШУҮИС Нүүр ам судлалын сургууль
31. Б.Мандахзаяа – Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль
32. Э.Ганзориг – “Мандах” ИС-ын Дархан-Уул аймаг дахь салбар
33. С.Уянга – ХААИС Агроэкологи бизнесийн сургууль
34. Б.Даваасүрэн – МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
35. А.Ижилмарал – ШУТИС Барилга, архитектурын сургууль
36. Г.Мөнхцолмон – МУИС Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
37. Б.Номин-Эрдэнэ – МУИС Шинжлэх ухааны сургууль
38. Б.Бэххүслэн – СУИС
39. М.Жанар – Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль
40. М.Анужин – ХААИС Агроэкологи бизнесийн сургууль

Тэтгэлэгт хамрагдсан залуусын хувьд голч дүн, сурлагын амжилтаараа, нийгмийн идэвх зүтгэлээрээ, өөрийн хүч хөдөлмөрөөр эцэг эхиийнхээ нуруун дээрх санхүүгийн ачаанаас хөнгөлж, гэр бүлдээ, өөртөө үнэтэй хөрөнгө оруулалт хийж чадсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Тэтгэлэгт шалгарсан болон материалаа ирүүлж оролцсон бүх шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг минь” уран бичлэгийн бүсийн аварга шалгаруулах уралдаан боллоо

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр–2”, Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүсийн хэмжээнд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, уран бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний бүтээлийг сурталчлах, дэмжих, туршлага солилцох зорилготой бүсийн аварга шалгаруулах Монгол бичгийн калиграфийн бүтээлийн уралдаан Дархан-Уул аймагт боллоо.

Тус тэмцээнийг Дархан сумын нэгдүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш С.Буянжаргал санаачлан шавь нартайгаа хамтран зохион байгуулж, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сурагч, 8 багш ур чадвараараа өрсөлджээ.

Сурагчдын төрөлд Сэлэнгэ аймгийн сурагч С.Мөнхзул тэргүүлж удаах байруудад Орхон аймгийн сурагч Г.Энх-Од, Булган аймгийн сурагч М.Буянзаяа нар орсон бол багш нарын төрөлд нэгдүгээр байранд Булган аймгийн багш Д.Мөнхчимэг орж удаах байруудад Сэлэнгэ аймгийн багш А.Баяржаргал, Дархан-Уул аймгийн багш Б.Булганчимэг нар орсон байна.

Дашрамд Дархан-Уул аймагт Монгол бичгийн калиграфийн төрөл хурдацтай хөгжиж байгаа төдийгүй багш сурагчдын хамтын бүтээлүүд олноор төрөх болжээ. Номын баяр, сургуулийн тэмдэглэлт өдрүүдээр энэ төрлийн уралдаан үзэсгэлэн гаргаж, монгол хэл, бичиг, уран зохиолд сонирхолтой сурагчид өөр хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ 1,18,15,30 дугаар сургуулиудад дугуйлан хичээллэж байна.


Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд тодорхой болоогүй байна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаж дараагийн долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг батладаг. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй бололтой. Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг бүтэн өдөр цаг сунган хэлэлцсэн юм.

Тэгэхээр даваа гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах нь ээ.
Categories
мэдээ спорт

МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид татамид зодоглоно

Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох “HONG KONG ASIAN OPEN 2018” тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд 29 орны 232 жүдочид хүч үзэх ба манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид татамид зодоглоно. Уг тэмцээн нь Дэлхийн чансааны оноо өгөгддөг тэмцээн тул зөвхөн Ази тивийн жүдочид бус бусад тивүүдээс ч жүдочид олноор хамрагддаг нэр хүндтэй тэмцээн юм.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна

Хүйтний улирал эхэлж, ханиад томуу гарч буйтай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна.Ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд дараах утсаар зөвлөгөө өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үзэж буйгаар бол мал аж ахуйн салбар нь 2030 он гэхэд бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгосон тогтвортой үйлдвэрлэлийг явуулдаг болох юм байна. Энэ талаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар онцолсон юм. Дээрх зорилтод хүрэхийн тулд 2030 оноос өмнө мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөр хөнгөлөлт, техникийн шинэчлэлийг одоогийн түвшнээс 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай ажээ. Одоогийн байдлаар мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Мөн нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг гэсэн судалгааны дүн гарчээ.

Categories
гадаад мэдээ

Сэтгүүлч Жемаль Хашоггийн хэрэгт холбогдуулан 15 хүнийг баривчилна

Стамбулын эрүүгийн хэргийн шүүх сэтгүүлч Жемаль Хашоггийн амь насанд халдсан хэрэгт буруутгагдаж байгаа Саудын Арабын 15 хүнийг баривчлах зөвшөөрлийг Прокурорынхонд өгчээ. Стамбул хотын Ерөнхий прокурорын газрын хүсэлтийг шүүх хэлэлцээд ийм шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбоотойгоор Анкара Эр Риядад хандаж Туркийн нутаг дэвсгэрт хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа Саудын Арабын иргэдийг шилжүүлэн өгөх хүсэлт тавьсан байна. Тэдэнд Туркийн эрүүгийн хуулийн дагуу санаатайгаар, зэрлэгээр хүний амь насанд халдсан хэргээр зэм тулгаад байгаа аж.

Эдгээр 15 хүнийг өнгөрсөн 10 дугаар сарын эхээр Саудын Арабаас Туркийн Стамбул хотод ирж Ерөнхий консулын газартаа сэтгүүлчийн амийг хороосон гэж Туркийн тал үзэж байна. Туркийн хэвлэлүүд мөн эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хэвлэж, Стамбул дахь нисэх онгоцны буудал болон Саудын Арабын Ерөнхий консулын газарт орж байгаа зургуудыг нь ч нийтэлсэн бөгөөд Туркээс гадна АНУ, Герман, Франц зэрэг улс орнууд энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа 15 хүний эсрэг хориг арга хэмжээ авсан байна.