Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

Хайр хэмээхийг ухаан хэмээн мэдрэмж ойлгоод Хүмүүн ухамсрын толионд үзүүр өчүүхэн гогдоод Хөврөх их эрмэлзэл нь сэтгэлийн алс руу одоод Хаа ч хүрэх нь үл мэдэгдэх сэтгэхүйн царааг хүрээлмүй…

Энэ бол залуу уран бүтээлч Ц.Мөнхтулгын Хайр шүлгийн мөрт… Тэрээр өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх тун дургүй, харин шүлэгч гэж хэлүүлэхийг хүсдэг. Гэсэн ч гүн гүнзгий утга агуулга бүхий түүний шүлгүүд хэн нэгэн сонирхогч “сараачсан” шүлгээс тэс ондоо болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Тэрээр өөрийн өвөрмөц шүлгийн дээжээсээ “Эс” үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэнг залуу уран бүтээлч С.Намуунцэцэг, Л.Золбоо нартай хамтран 11 сарын 30-ны өдөр Маршал арт галерейд нээсэн юм.

С.Намуунцэцэг цэцэг зурах дуртай ч түүний бүтээлүүд үүгээр хязгаарлагдахгүйг үзэсгэлэн дэх бүтээлүүдээс нь харж болно. Бүхий л бүтээл нь гайхшруулам, бас чадварлаг зураач болохыг илтгэнэ. Учир нь тэрээр хөлөөрөө эдгээрийг бүтээдэг юм. Монгол ахуй амьдрал, соёл, байгаль, тэр бүү хэл шүүмж зургуудаар нь Л.Золбоог танилцуулъя.

Тэднийг тархины саажилттай бидний хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй болохоор магтаж байна гэж бүү бодоорой. Бүтээлүүд нь эрүүл саруул энгийн уран бүтээлчдийнхээс ч хувь илүү санагдсан.

Өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнгүүдийг тус уран бүтээлчид хамтран гаргаж байсан бол энэ удаад “999+” аяны хүрээнд “Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босгох зорилгоор үзэсгэлэнгээ гаргажээ.

“999+” аян нь “999 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10,000,000₮ гаруй мөнгийг цуглуулж зогсоод байсан барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлсэн юм. “Эс” үзэсгэлэнгийн үеэр “999+” цагаан чихэр ба Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” ном худалдаалагдаж орлогыг зуун хувь “999+” аянд хандивлах юм. Мөн зураачдын зургаас худалдаалагдсан тохиолдолд орлогын тодорхой хувь нь хандивлах аж.

Уран бүтээлчид маань “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн минь өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэж хүссэн.

Categories
мэдээ улс-төр

ТОЙМ: Улсын Их Хурал – Өнгөрсөн долоо хоногт

ИНФОГРАФИК: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. http://www.parliament.mn/n/apmy

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг сайн нягталж судлах боломжийг гишүүдэд олгох үүднээс тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувь нь дэмжив. 2018.11.27 http://www.parliament.mn/n/aimy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр тогтов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Эл асуудлыг нягтлан судлах зайлшгүй шаардлагатай тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 09 цаг хүртэл хойшлуулах санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хойшлуулахаар боллоо.2018.11.28 http://www.parliament.mn/n/3tmy

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир “Засгийн газрын асуудал яригдаж буйтай холбоотойгоор гишүүд Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байна. Хуралдаанд оролцож байсан гишүүд хэлэлцүүлгийн явцад хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Ирц хүрэхгүй байна. Иймд хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах нь зүйтэй” гээд Байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв. 2018.11.28 http://www.parliament.mn/n/3bmy

УИХ-ын Тамгын газар 2018 оны 11 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд зөвлөх, референтүүдээ “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдэвт сургалтад хамруулав. УИХ-ынТамгын газар, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулсан уг сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Хууль зүйн нэр томьёо, хэрэглээ”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийх аргачлалыг хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 2018.11.28 http://www.parliament.mn/n/3fmy

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт тус дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна гэсэн санал танилцуулав. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ. 2018.11.29 http://www.parliament.mn/n/33my

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдсан зүйл байхгүй, Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа нэгдсэн чуулган эхэлнэ гэж мэдэгдэв. 2018.11.29 http://www.parliament.mn/n/4tmy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. 2018.11.30 http://www.parliament.mn/n/43my

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцэн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов. 2018.11.30 http://www.parliament.mn/n/47my

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль хамтран Цэвэр агаартай гэр хороолол – Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд болов. 2018.11.30 http://www.parliament.mn/n/5jmy

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу 45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. 2018.11.30http://www.parliament.mn/n/5pmy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

“Манлайлал ба сайн дурын ажил” уулзалт хэлэлцүүлэг боллоо

“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдөр болдог Олон улсын сайн дурынхны өдрийг угтан олон нийт болон хүүхэд, залуучуудад сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчлан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилготой “Манлайлал ба сайн дурын ажил” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулсан томоохон үйл ажиллагаа болсон юм.

Манлайлал гэдэг сэдвийг сүүлийн жилүүдэд ихээхэн ярьдаг болсон. Тэгвэл манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу? эсвэл сайн дурын ажил хийхийн тулд манлайлах уу? Мөн сайн дурын ажил, үйл ажиллагааг зөвхөн хандив эсвэл халамжийн үйл ажиллагаагаар ойлгох уу?Бусдад туслая гэсэн сэтгэлээс гадна өөрийгөө эерэгээр өөрчлөх, өөрийгөө илүү таньж мэдэж, өөрийгөө сорьё гэвэл БИ сайн дурын ажлыг хаанаас, юунаас эхлэх вэ? гэх мэт нийтлэг асуултад хариулах, сайн дурын үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал зэрэгт хариу өгөх зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд нийгмийн манлайлагч залуучуудаас суралцах, үлгэр дуурайл авах эрч хүчтэй, сайн дурын ажил хийх сонирхолтой 1000 орчим залуучууд хамрагдлаа.

Мөн энэ үйл ажиллагааны орлогыг бид “Өндөр настнуудын төсөл” болон “Зулзага инээмсэглэл” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгад хувь нэмрээ оруулна. гэж “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас мэдээллээ.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хоёрдугаар хороо,

Энхтайваны өргөн чөлөө, Гранд Плаза 804 тоот

Утас: 7011 7085

Цахим хуудас: http://www.vdc.org.mn

Цахим хаяг: vdcenter.ngo@gmail.com

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмч нар утсаар зөвлөгөө өгч байна

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ зэрэг зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалтын газрууд бодит агшны мэдээлэл солилцох боломжтой болов

Монгол Улсын хэмжээнд Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд “Лэнд менежер” хэмээх шинэ программ хангамжийг нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр “Тусгай хамгаалалттай газар нутагт нэгж талбарын ашиглагч нарын мэдээлэл нь өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжиж байна. Мөн улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбогдохоос гадна иргэн, ААН, байгууллагуудад үзүүлж буй газрын харилцааны үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэж, цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилж байна” гэж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл мэдэгдэж байна.Тус систем нь улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сантай холбож мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэд, ААН-үүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх ба нотариат, банк санхүүгийн болон бусад эрх бүхий байгууллагатай бодит агшны мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн нийт Тусгай хамгаалалтын 33 захиргаанд нэгдсэн стандарт бүхий нэг систем ашиглаж, 30 гаруй төрлийн өргөдлийн бүртгэл, түүний шийдвэрлэлт, 41 төрлийн тайлан мэдээ автоматжиж, 10 гаруй төрлийн хяналт шалгалтыг мөн автоматаар хийх боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

“Пээдгэр” бензин

БЕНЗИНИЙ ҮНЭ ЮУНААС БҮРДДЭГ ВЭ

Сүүлийн үед дэлхийн зах зээлд нефтийн үнэ буугаад, харин манайд түлшний үнэ өсөөд л… Монголчууд заяаны унаатай цөөн орнуудын тоонд ордог гэнэ. Тэр нь морь. Чингисийн үед олон морьтын дуу, тоос нь одоогийнхоор бол цөмийн зэвсэг шиг айдас төрүүлдэг байсан тухай Оросын хэвлэлд бичсэн байдаг. Харин өнөөдөр орчин цагийн автомашинууд монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Ингэснээр түлш, цахилгааны үнэ бидний амьжиргааны суурь үнийг тогтоодог болов. Цахилгааны хэрэгцээг 90 хувь дотоодоос хангадаг бол шатахууны хэрэгцээг 100 хувь гаднаас хангасаар ирэв. Энэ нь дэлхийн зах зээл дэх нефтийн үнээс монголчуудын амьдрал хамаарах шалтгаан болжээ. Улстөрчид “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн учраас манайд бензиний өсөөд байна” гэж тайлбарладаг. Харин дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурахад манай бензин яагаад буурдаггүй тухай хэн ч тайлбар хийдэггүй. Үнэн хэрэгтээ компаниудад үнээ бууруулах боломж байдаг ч түүнийг нь төр хаагаад хаячихдаг гэнэ. УУХҮЯ-ны газрын даргын тайлбараар бол дэлхийн зах зээлд бензиний үнээ буурахаар төр татвараа нэмнэ. Энэ тохиолдолд компаниуд буулгах боломжгүй болно. Бензиний үнэ худалдан авсан бензиний үнэ, тээвэрлэлт түгээлтийн зардал, төрийн татвар гурваас л бүрдэнэ. Бензиний татварын графикаас дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурах бүрт манай нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татвар нэмэгдсээр иржээ. Энэ нь төрийн хамгийн их оролцоо нефтийн бүтээгдэхүүнд байгааг илтгэнэ. Эндээс хэн бензиний үнэ өсгөөд байгааг харж болно. Гэхдээ бензиний үнэ буух магадлал маш бага. Нефтийн компанийн захирлууд үнээ зоригтой нэмэх, улстөрчид түүнийг нь хорих чадал гэхээсээ илүү хүсэл байхгүй. Учир нь өнөөгийн улс төрийн бүлэглэлүүд нефть, нүүрс, зэсийн салбарт хяналтаа тогтоосон гэдэг. Эрдэнэтийн зэс биш, зэс борлуулах нь гэрээнээс хангалттай ашиг олно. Таван толгойн нүүрс ачих гэрээ нь хэрхэн хэдэн тэрбумыг олдог нь Засгийн газар солигдох бүрт Таван толгойн захирлыг сольдог жишиг тогтсоноос харагдана. Гэхдээ эдгээрийн үнийн өсөлтийг дээгүүрээ л хувааж хүртэнэ.

Харин дуртай үедээ үнэ нь нэмэгддэг бензин монголчуудыг нийтээр хамарна. Сүүлийн жилүүдийн инфляци, үнэ өсөлт бүхний шалтгаан бензиний үнэ. Бензиний үнийн өсөлтийг хэн ч, яаж ч шүүмжлээд бууруулж чадахгүй. Бид сүүлийн арван хэдэн жилд түлшний экспортод 20 гаруй тэрбум доллар зарцуулсан судалгаа байдаг. Төр үнэхээр бензиний үнийг буулгах хүсэлтэй бол эхний ээлжинд онцгой албан татварыг тэглэчихэд л хангалттай буурах боломжтой.

Бид жил бүр 1.2 сая тонн нефтийн бүрээгдэхүүн хэрэглэдэг. Үүнд дунджаар 1.5 тэрбум доллар зарцуулна. Улстөрчид хүссэн бол нэг жилд нефтийн бүтээгдэхүүн авах мөнгөөр л нефть нэрэх үйлдвэр барьчих боломжтой. Үйлдвэр барьсан тохиолдолд нефтийн үнийг бараг 30 хувиар бууруулах боломжтой гэдэг судалгааг хэдэн жилийн өмнө хийсэн байдаг. Дээр нь валютын нөөц жил бүр 30-50 хувиар өсөх магадлалтай. Үйлдвэр барьсан тохиолдолд нефтийн түлшнээс үлдсэн шаарыг химийн үйлдвэрт боловсруулснаар 1000 төгрөгт багтаах боломж өндөрсөнө гэнэ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭ

Дэлхийд нефтийн экспортоор Саудын Араб, ОХУ, Иран, Ирак, Нигери, Арабын нэгдсэн Эмират тэргүүлж байна. Дээрх орнуудаас бид ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн авдаг. Тиймээс бидний дэлхийн зах зээл гэдэг нь ОХУ болж таарна. Энэ улсын ааш аяг ямар байна. Түүнээс манай хэрэглээ хамаарна. Хэрэв оросууд үнэ нэмбэл бид яаж ч тийчлээд бууруулж чадахгүй. Өөр ямар ч орноос авах боломжгүй. Гэхдээ оросууд бидэнд түлшийг дэлхийн зах зээлийн үнээр өгсөөр ирснийг мартах учиргүй. Харин оросуудад дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өсөх нь ашигтай байдаг гэнэ. Учир нь тэд урсгал зардал багатай түүхий нефтийг борлуулах ашигтай байдаг аж. Харин түүхий нефтийн үнэ буурахад өндөр ашигтай зарахын тулд түлш болгон зарах замаар ашиг олно. Монголчуудын хэрэглээ болсон сая гаруй тонн нефтийн бүтээгдэхүүний 70 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэнэ. Ердөө 30 хүрэхгүй хувь нь л ахуйн буюу иргэдийн хэрэглээнд зарцуулагддаг. Энэ тохиолдолд ахуйн хэрэглээний үнийг нэмэхгүйгээр дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг өндөр орлоготой уул уурхайн компаниудад тараан байрлуулж болох тухай эдийн засагчдын санал байдаг. Мөн нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглээд зэс, нүүрсний экспортод багахан хэмжээний татвар тавьчихад л төр 300 биш, 600 тэрбумыг олчихно. Монголчууд өнөөдөр малаа мотоциклоор хариулж байгаа тухай Японы нэгэн сонин хэдэн жилийн өмнө бичсэн гэдэг. Түүндээ 100 хувь гаднаас авдаг түлшээр малаа хариулж байгаа монголчуудыг хараад гайхсан тухайгаа бичсэн байдаг аж. Тухайн үед дэлхийн зах зээлд бензиний үнэ өсөөд япончууд хэрэглээгээ танаж эхэлсэн аж. Гэтэл Монголд танах нь бүү хэл улам нэмэгдэх хандлагатай байсан гэдэг. Энэ нь бид импортын түлшийг гамгүй хэрэглэдэг гэсэн санаа. Орос түлшинд монголчууд хар тамхинд орсон мэт дурладаг тухай оросууд ч бас бичиж байсан байна. Түүндээ “Бид өөрсдөө хямд түлш хэрэглэж чадахгүй байхад монголчууд хятад мотоциклоор бараг гэрээ нүүлгэдэг болж байна” гэсэн байдаг аж. Улстөрчид, нефтийн компаниуд үнэ өсөх бол жирийн л үзэгдэл гэх сэтгэхүйтэй болжээ. Нэгэн таксины жолоочийн ярьснаар бол бензиний үнийг буулгах гэж тэмцээд үр дүн гарахгүй. Түүний оронд км-ийн үнээ нэмсэн нь амар аж. Эндээс харвал дэлхийн зах зээл дээр үнэ яаж ч буурсан, манай засаг төр татвараа нэмээд буулгадаггүй аж. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэ ямар байх нь бидэнд хамаагүй болж таарч байна.

ЯАГААД ӨНӨӨГ ХҮРТЭЛ НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДААГҮЙ ВЭ

Төрийн сайд асан, доктор Т.Намжим 2014 онд япончуудтай жилд сая гаруй тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах тухай гэрээ байгуулжээ. Технологи япон санхүүжилт Японы компани, гүйцэтгэгч нь “Тоёо инженеринг” компани, менежмэнтийг алдарт “Марубени” компани. Уг төслийг хэрэгжүүлэх талаар УИХ тав, Засгийн газар дөрвөн удаа тогтоол гарсан боловч өнөөдөр усанд хаясан чулуу мэт сураггүй байна. Тэр бүү хэл 2013 онд Монгол Японы Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Абэ нар уулзалтынхаа үеэр тус үйлдвэрийг барихаар тохиролцсон байдаг.

Энэ үйлдвэрийг барихад Японы талаас жилийн 3.76 хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай 1.5 тэрбум доллар гаргана. 2015-2018 онд япончууд үйлдвэрийг түлхүүр гардуулах журмаар Монголд хүлээлгэн өгөх гэрээтэй.Энэ үйлдвэр баригдсан бол жилд сая тонн дизелийн түлш, 600 мянган тонн АИ 92 бензин үйлдвэрлэх байв. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол өнөөдөр Дархан хотод япончууд түлхүүр гардуулж өгөх байсан аж. Энэ үйлдвэрт оросууд нефть нийлүүлэх тухайгаа ч мэдэгдэж амжсан гэдэг. Энэ үйлдвэр яагаад төрөөс дэмжигдээгүй тухай лавлахад яамны зүгээс “Тухайн үедээ санхүүжилт нефтийн хангалтын асуудал шийдэгдээгүй байсан” хэмээн барин тавим худал хариулт өгч байх юм. Японы ерөнхий сайд Ш.Абэ түүхий асуудал дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гэдэгт манай УУХҮЯ-наас өөр газрын итгэх болов уу даа. Төр энэ үйлдвэрт хориг тавьсан шалтгааныг МҮХАҮТ- ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Стратегийн том салбарууд улстөрчдийн мэдэлд байдаг Түүндээ хэн дуртай хүнийг оруулахгүй л дээ” хэмээн ярьж байна. Жилийн өмнө Т.Намжим гуайг нас барахад Японы элчин сайд эмгэнэл илэрхийлэхдээ хүү Т.Итгэлд “Бид байгуулсан гэрээндээ үнэнч хэвээрээ байгаа шүү” хэмээн сануулжээ. Гэхдээ үйлдвэр байгуулах оролдлого зөвхөн энэ биш аж. Хэдэн жилийн өмнө манай нэгэн үйлдвэрлэгч залуугийн үйлдвэр дээр өнжсөн юм. Тухайн үед тус үйлдвэр хоолны хаягдлаар сард хэдэн тонн дизель үйлдвэрлэж байв. Харамсалтай нь үйлдвэрийн эзэн нас бараад тухайн үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлджээ. Мөн Эрдэнэт хотод хаягдал дугуйнаас дизель түлш гаргаж авдаг үйлдвэр байдаг гэсэн мэдээ бий. Түлш үйлдвэрлэх зөвшөөрлийг төрөөс хэд хэдэн хүнд олгосон гэдэг. Гэхдээ үйлдвэр байгуулах боломж бүрдүүлсэн Т.Намжим, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү Хүдэр-Янд л зөвшөөрөл олгоогүй өнөөг хүрчээ. Энэ нь зүгээр л бензин “пээдийгээд” байгаа юм биш. Дуртай үедээ үнээ нэмдэг “пээдгэр” бензиний ард улстөрчид байгаа учраас ард түмэнд аймшиггүйгээр “пээдийдэг” аж.

ТӨРИЙН БЕНЗИН

УУХҮЯ-наас хамгийн сүүлд доорх мэдээг гаргажээ. Тус мэдээнд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд энэ сарын 15-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, хүлээн авсан юм. Өргөтгөсөн хуралдаанд төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ТЭЗҮ-ийг боловсруулсан БНЭУ-ын Зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, инженерүүд оролцож төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулав. Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мян.тн автобензин, 800 мян.тонн дизель, 40 мян.тонн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагдсан. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явж байна. НТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежмэнтийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын “Эксим” банктай хамтран зохион байгуулах юм” гэжээ. Дээр дурдсан олон боломжуудаас төр гаднаас зээл авч нефть боловсруулах үйлдвэр барихыг сонголоо. Оргүйгээс охинтой нь дээр гэсэн хачин хэлц үг байдаг. Түүнтэй адил төр засаг маань Энэтхэгээс тэрбум доллар зээлж нефтийн үйлдвэр Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барих ажлыг эхлүүлсэн. Зарим мэргэжилтний үзэж буйгаар тус үйлдвэр түүхий нефтиэ 500 гаруй км-ийн зайнаас татах нь асуудал үүсгэх аж. Улмаар тус үйлдвэр төрийн мэдэлд очих бололтой юм. Энэ тохиолдолд бас нэг Эрдэнэт үүсэх нь гарцаагүй. Үйлдвэр ашиглалтад ороод үнэ буурна гэдэг нь маргаантай. Үйлдвэр цаашдаа улсын мэдэлд байвал үнэ буурахгүй тухай таамаг бий. Харин үйлдвэр явуулсан нэртэйгээр хоёр дахь Эрдэнэттэй байснаас шууд хувьцаа гаргах замаар хувьчилбал Энэтхэгийн зээлийг төлөхөд хялбар болох аж. Харамсалтай энэ бүрхэг үйлдвэрийн хувьцааг хэн ч авахгүй болов уу. 2022 онд л энэ үйлдвэрийн хувь заяа хэрхэхийг харах үлдэж байна.


Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 03-нд болох үйл явдал

08.00 цагт Төрийн ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган” болно. Утас: 91915340, 99931551

09.00 цагт МҮЭСТО-нд Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал болно. Утас: 88002923

09.00 цагт ГХЯ-нд Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно. Утас: 99179899, 86885060

10.30 цагт ЦССҮТ-д доноруудыг алдаршуулах, сурталчлах өдөрлөг эхэлнэ.

11.00 цагт “Norphei art gallery”-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн “БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99095302

11.30 цагт ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 80019000

13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнөөс “Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу” сэдвээр мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Норовын Гантулгын “Эх орон” шүлэг дэх монгол ахуйн дүрслэл хийгээд, сэтгэлгээний мөн чанар

“Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын “Голын цаана” бүтээлийн тухай утга зохиолын магистр П.Отгонбаярын бичсэнийг хүргэе.


“Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын “Голын цаана” бүтээлтэй танилцаад хүн байхын утга учир хийгээд, хүний амьдалын жам ёсны тухай өгүүлэх олон сайхан шүлгийг шимтэн уншиж, яруу найрагчийн сэтгэлийн догдлол, тэмүүлэл, мөрөөдөл, мөнхийн хүслэнг мэдэрлээ.

Түүний шүлгүүд нэг л ер бусын тансаг аялгуу, уянгалаг болоод эрчимлэг хэмнэлтэй бөгөөд гүн утга найрсан байгаа нь миний сэтгэлийн утсыг хөндөж, дотоод сэтгэлд минь нуугдан байх ч, хэзээ мөдгүй илэрхийлмээр байсан тэр л мэдрэмжийг хөндөж чадсан нь өчүүхэн судлаач миний яруу найргийн тансаг сайхныг мэдрэн, уншиж ойлгож чаддагт бус ерөөс түүний шүлгээ тийнхүү урлаж бичдэг, бичлэгийн чадварт байгаа нь ажиглагдлаа. Монгол ахуй, соёл, зан заншлын нандин эрхэмсэг хийгээд нууцлаг чанд олон зүйлсийн цаад мөн чанар, монгол хүмүүний л олж харж, мэдэрч, хүртэж хүлээн авч болохуйц сэтгэлгээ, эрэлхийллийн өвөрмөц тусгал түүний шүлэг бүтээлд нэвт шингэжээ.

“Хаан Чингисийн хүлэг амгай даран ергүүлэхэд

Халтар тоос нь тэнгэрт босох эх орон минь юм

Хаврын зэрэглээн дунд хөллөж тэнцсэн унага

Халуун сүүгээ садартал хөхөх эх орон минь юм…”хэмээн эхлэх “Эх орон” шүлгийг сурагчдадаа уншиж өгтөл алга нижгэнүүлэн таших нь би өөрийн зохиосон шүлгээ дуудан уншиж, талархал хүлээж байгаа юм шиг л сайхан санагдлаа.

Ингэж л сонсголонтой, утга уянгатай бичих нь түүний төрөлхийн авьяас билгийн охь, дээж гэлтэй. Монгол хүний эрхэмлэн дээдэлж, сүлдэндээ залсан молор эрдэнээ Чингисийн хүлэг хэмээн өргөмжлөх нь уншигчдын омогшлыг төрүүлээд зогсохгүй, түүхийн улбааг шингээсэн чухаг санааг гаргажээ.

“…Хэрлэнгийн шугуйд далиа сэгсэрсэн өвгөн бүргэд

Хээр талд газардаж, Өгөдэйн бууцанд шингэх эх орон минь юм

Дэлүүн болдогийн оройд азарган чоно улих

Дэргэд суугаа ижий минь Алунгоон сургаал хайлах эх орон минь юм…” гэсэн мөртөөс эх орон хэмээх ойлголт энгийн хэрнээ эрхэмсэг, түүх шаштир нь энэ газар нутагтаа шингэн үлддэг төдийгүй энэхүү ойлголт нь “Чонын улиан”, “Эхийн сургаал”-аар дамжин бидэнд уламжлагдаж, цаашид ч үл тасрах гэгээн, мөнхийн аялгуу юм гэсэн санааг гаргасан бололтой.

“…Нууц товчооны алтан хуудас дэргэтэл янцгаах

Найман шаргын сул намирсан дэл сүүл эх орон минь юм

Нуураа цалгитал ниссэн шувуудын аранзал улаан ганганаа

Намаржаан дээгүүр минь нулимс цэлэлзүүлж буцах эх орон минь юм…”

“…Наран ургах тэртээгээс эцэг минь хөтөлгөө морьтой давхиж

Намрын зүсэрсэн бороо хөх өвгөд шиг минь буцах эх орон минь юм

Дурлан цэнхэр үдэш амрагаа санаж гансрах

Дуран хар нүднийх нь талимаанд буцахаа хүртэл мартах эх орон минь юм…” хэмээн хэтрүүлэл, зүйрлэлийн ур маягийг их чадмаг ашиглан, содон дүрслэл бүтээжээ. Улирал бүхэн л өөр өөрийн онцлог, мөн чанартай бөгөөд хүний сэтгэл ч түүнийг даган хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Ийм ч учраас сэтгэлийн утсыг хөндөн, уярал, бодрол, санаашрал, уйтгар гуниг, баяр баясгаланг мэдрүүлж чаддаг биз ээ.

Намрын улирлын нам гүм, анир чимээгүй яруу найрагчийн зүрхэнд хүрч, сэтгэл санааг нь бөмбөрүүлээд зогсохгүй асар их уярал, ухаарлыг төрүүлсэн нь дамжиггүй юм.

“…Замбуулин цууртал хашхирсан нялх хүүхдийн дуу

Занабазарын урласан Ногоон дарь эх эх орон минь юм

Эрдэнийн хос загас морин хуурын чавхдас

Эхийн сүү нэвчсэн зурхайгаас морьд эргэх эх орон минь юм…”хэмээн зуун зууны туршид өртөөлөн ирсэн өв соёлоо эх орны амин зүрх гэж тодотгоод ерөөс хүн байгалийн хүйн холбоо болоод нандигнан хайрлах, уламжлан хөгжүүлэх учиртайг ч сануулах мэт.

“…Нялхад эцгийн минь үргээсэн сэвлэг үнэрээ гээж

Насны мөнгөн хяруу шанханд минь буух эх орон минь юм

Надад бүтнээр нь өгсөн эрх чөлөөг хязгаарлаж тэнгэрийн зүг одоход

Нар сарны алтан заагаар харвах ганц од эх орон минь юм”

хэмээн хүний амьдралын жам ёсны тухай хийгээд мөнх, мөнх бусын тухай өвөрмөц гаргалгааг харж болох юм. “Насны мөнгөн хяруу шанханд минь буух”, “Надад бүтнээр нь өгсөн эрх чөлөөг хязгаарлаж тэнгэрийн зүг одоход” гэх мэт дүрслэлүүд нь шинэлэг болоод найрагчийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний цар хүрээг илтгэх бөгөөд монгол ухаан, шүлэгчийн ухаарал билээ. Ийнхүү түүний шүлэг бүтээлийг нарийвчлан судлах, түүний сэтгэлгээний ертөнцөд улам гүн нэвтэрч, бүтээлч унших хүсэл төрлөө.

Яруу найраг шимтэн уншдаг, шүлэг зохиол бичдэг, шавь нартаа, оюутан залуус, мэргэн уншигчид Та бүхнийг Норовын Гантулгын “Голын цаана” бүтээлтэй танилцан, “Шувуудаа үгүйлсэн сансрын тойрог зам”, “Ямархан газрын эрх чөлөө”, “Хөхрөгч аглагийн тэнгэр” тэргүүт бүлэг шүлгүүдийг уншин, яруу найргийн тансаг сайхныг мэдэрч, түүний ертөнцөөр аялахыг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Тогтохбаяр: Бид хувийн даатгалын компаниудын нэр нүүр нь байж, итгэл төрүүлэх үлгэр жишээ болсон гэж боддог

Даатгалын өдрийг тохиолдуулан “Ард даатгал” ХХК-ийг үүсгэн байгуулагч, даатгалын салбарын ахмад ажилтан, “Блью Планэт” ХХК-ийн зөвлөх Ц.Тогтохбаяртай ярилцсанаа хүргэж байна.


-Манай даатгалынхан чинь даатгалын өдөртэй юм байна аа. Маргааш болох даатгалын өдрийг тохиолдуулан танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийнхөө талаар товч танилцуулаач?

-Би хувь, хувьсгальд нийлээд 47 жил хөдөлмөр эрхэлсэн. Үүнээс 35 жил нь даатгалын салбарт, 10 гаруй жил нь эрүүлийг хамгаалах салбарт ажилласан. Социализмын үед Найрамдалын Район гэж байхад мөн 10 гаруй жил нийгмийн даатгал, даатгалын мэргэжилтэн, татварын улсын байцаагч зэрэг ажлуудыг хийж байлаа. Ардчилсан хувьсгал ялаад 1990-ээд оны эхээр хүн бүр хийж чаддаг зүйлээ хийх нь эрх чөлөөтэй болох нь эргэлзээгүй болсон үе л дээ. Тэгээд 1994 онд Ард Даатгал ХХК-ийг үүсгэн байгуулж цаашид болох эсэх тухай туршиж гурван жилийн турш тун цөөхөн гуравхан орон тоотой ажиллаж байлаа. Тэр үед төрийн өмчит Монгол Даатгал компани байлаа. Удахгүй тэж 1996 оноос даатгалын компаниуд борооны дараахь мөөг шиг олноороо байгуулагдсан. Манай компани эхний 3 жилд юм, юм үзсэн. Улсын, том компани гэдэг утгаараа Монгол Даатгал манайх руу их давшилна аа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ муу хувийн компани” гэдэг байсан. Гэхдээ тэр үед тийм үг сонсоод ухраагүй, нугараагүй. Залуу ч байж, гараа зангидаад л явж байлаа. Дараа нь ганц нэгээр боловсон хүчнээ нэмэгдүүлж, өөрийн унаатай болж, жилээс жилд өнгө төрхөө олоод, албан газрын хэмжээнд харагдаж эхэлсэн. Нэг л мэдэхэд 10 жил өнгөрч чадварлаг боловсон хүчинтэй болж хэзээний нийгэмд танигдсан, тэргүүлэх зэрэглэлийн нэр хүндтэй компани болтлоо өссөн байсан.

-Сонин болгон асуухад, эхлэл үедээ машингүй мөртлөө машинтай юм шиг байдаг гэсэн хошин яриа явдаг юм байна лээ?

-Тийм ээ. Тэр үед Монгол Даатгалын дөрвөн дүүргийн салбарын захирлууд бүгд цоо шинэ цэнхэр өнгийн УАЗ-469 машин унаад л албан газруудаар явна. Манайх машин аваагүй.Тэр машинтай захирлуудтай өрсөлдөж томоохон харилцагч нартай уулзалт хийхдээ автобусаар дөхөж очоод голдуу лада машин хөлсөлж унаад нөгөөдүүлтэй чинь зэрэгцэж зогсоож байгаад л орох жишээтэй. Одоо бодох нь ээ инээдтэй ч юм шиг. Тэр байтугай даатгалын салбарт зориулсан дуу хүртэл төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгээр шүлэг зохиолгон ая хийлгэж гаргаж байлаа. Энэ дуу бол зөвхөн Ард Даатгалд биш, даатгалын салбарт зориулж хийсэн дуу байлаа. Нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгэдэг нь монголчуудын нэг зан юм даа. Одоо бодох нь ээ шал дэмий зүйл хийж байсан ч юм шиг.

Тухайн үед даатгалын тухай хууль гэж гараагүй байлаа. Сангийн яамнаас гаргасан түр журмыг л үндэслэн компанидаа мөрдөх дүрэм журам боловсруулаад түүнийгээ мөрдөж ажиллана. Даатгал чинь хувийнх байж болдог юм уу гэх хүмүүс их таардаг байсан. Зах зээл тун бүрхэг мөртлөө шинэлэг салбар байлаа шүү дээ.

-Танай компанийн 10 жилийн ой болж байхад миний бие төгсөх курсийн оюутан байлаа. Их л том компани гэж хардаг байсан. Монгол даатгалын хувьчлалд оролцоод л. Одоо чинь танай Ард даатгал компани он гараад 25 жил болох нь ээ?

-Тийм. Он гараад гуравдугаар сарын 22-нд ойн өдөр тохиох юм. 25 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж болно. 2004 он компанийн түүхэнд их онцлог сайхан үйл явдлууд ихтэй он байсан. Монгол даатгалын хувьчлалд дөрвөн субьект нийлж нэг консерциум болж орсон. Манай техникийн нөхцөл сайн байсан хэдий ч үнийн саналаар унаж Монгол даатгалыг “Чингис Хаан” банк авсан. Манай консерциумд орсон Английн Омни Виттингтон групп манайд хөрөнгө оруулалт хийснээр Ард Даатгал ХХК нь даатгалын салбартаа гадны хөрөнгө оруулалт татсан анхны компани болж байсан.

2011 онд Гранд Даатгал гээд жижиг компанийг нэмэлт хувьцаа гаргаж нэгдсэнээр улам хүчирхэгжиж ирсэн. Энэ нь салбартаа мөн л анхны үзэгдэл болсон юм. Даатгалын компани бусад салбартай ижилхэн олсноо зараад байдаг салбар биш юм. Санхүүгийн хувьд хүчирхэг болох тусам хувьцаа үнэ хүрнэ, үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Ард Даатгал ХХК хурдны зам дээр гарч ирсэн шүү гэж хэлж байснаа санаж байна. Миний хамгийн амь бөхтэй ойлголт бол хөрөнгө оруулагчид тогтвортой, алсыг харсан хатуу бодлого барьж байж хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна даатгалын хамгаалалт үүснэ гэж ойлгодог.

-Таны энэ ойлголт үр дүндээ хүрсэн юм биш үү?

-Ялангуяа гүйцэтгэх удирдлага компанийн өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлага маш өндөр байх ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Компанийн удирдлага менежмэнтийн баг тогтвортой байх ёстой. Би үнийг л хатуу баримталдаг байсан. Миний энэ бодлого өнөөдөр Ард Даатгал ХХК-ийг хувьцаат компани болоход, барилгаар төсөөлбөл суурь карказыг нь цутгасантай зүйрлэж болох бөгөөд дараагийн хүмүүс засал чимэглэлийг хийж байна даа.

-Тэгвэл Ард Даатгалын хөрөнгө оруулагчдын бүтцэд том өөрчлөлт орсон юм байна, тийм үү?

-Аль эрт 2016, 2017 оны үед хуучин хөрөнгө оруулагчид бүгд гарсан. EIT компани Ард Даатгал ХХК-ийг авсан. 2014 онд 20 жилийн ойн баяр болсон. Ингээд удалгүй бүгд өөрчлөгдсөн. EIT компани нэрээ өөрчилж Ард гэсэн нэртэй болж, 10 гаруй жижиг компаниуд бүгд Ард гэдэг нэрийг урдаа бичиж өөрчлөгдсөн. Энэ 25 жил бага хугацаа биш юм. Тэгэхээр Монголд Даатгалын зах зээл хөгжиж байна аа гэсэн үг гэж бодож байна. Шинэ хүмүүс компаний түүхийг огт мэдэхгүй байна. Манайхаас 2, 3 хүн тэтгэвэрт гарсан. Тэд хаана яваа юм бол, би мэдэхгүй байна. Энэ дашрамд нэмж хэлэхэд манайд арай олон даатгалын компаниуд байгаад байна. Нэгдэж нийлээд хүчирхэгжин хүчээ нэгтгэж бие биендээ захирагдаж сурах, бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах соёл хэрэгтэй байна.

-Ард Даатгал ХХК даатгалын хөгжилд анхдагч байгаагаараа нөхөн төлбөрт мөн л анхны томоохон эрсдэлүүд тулгарч байсан байх даа?

-Тийм ээ. Манай харилцагчдаас анхны томоохон эрсдэлүүдэд Засгийн газрын авто баазад болсон нуралт, Дарханы өвсний фондод гарсан гал, сүүл рүүгээ Анун төвд гарсан гал, Hugo Boss-ын инженерийн шугам сүлжээний эрсдэл зэрэг томоохон хохирлууд багтдаг. Тухай бүрт нь даатгуулагчдын хохирлыг нэр төртэй, нэр хүндтэйгээр барагдуулж байлаа. Сүүлд сонсоод байхад тухайн үед дээрх даатгуулагчид хувийн даатгалын компани яах бол гэсэн болгоомжлол байсан юм билээ. Бид хувийн даатгалын компаниудын нэр, нүүр нь болж итгэл төрүүлэх сайхан үлгэр жишээ болсон байх гэж боддог. Бараг тэр үеэс эхлээд Монгол Даатгал хувьчлагдсаны дараагаас төрийн, хувийн гэсэн өрөөсгөл ойлголт байхгүй болж даатгалын зах зээл жинхэнэ өрсөлдөөний хэлбэрт орж энэ зах зээл эрүүлээр хөгжих болсон.

-Монголд дампуурсан, эсвэл татан буугдсан компани байдаг уу?

-Би сүүлийн үед зах зээлийн гүн рүү орохоо больсон. Миний мэдэхийн 10 гаруй компани ихэнх нь дампуурч цөөхөн хэд нь тусгай зөвшөөрлөө өгөөд татан буугдсан байдаг.

-Тийм олон компани үйл ажиллагаагаа зогсоосон байх нь ээ?

-Монголчууд цөөхүүлээ болохоор хэн юу хийж байна, юу хийх гэж байна гэдэг нь нээлттэй шахуу юм даа. Юу нууц вэ гэвэл дансан дахь мөнгөө л нууцалдаг байх. Даатгал гэхээр сан хөмрөг ихтэй газар байдаг юм байна, орлого санхүү нь ч хуульчлаад өгчихдөг юм байна гэдэг ч юм уу, бие биентэйгээ өрсөөд олон компаниуд ялангуяа 1996 онд бүртгэгдсэн. Даатгал нь бизнес утга агууллаач олсоноо тэр болгон зараад байж болохгүй, ихэнх нь нөөцийн санд төвлөрч нөхөн төлбөрт зарцуулагдана. Хуулиар бол хөрөнгө оруулагчид төвлөрүүлсэн дүрмийн сан гэж бас төвлөрүүлдэг. Нэр төртэй бизнес хийдэг хүмүүс компани байгуулж даатгалын салбартаа шинэ гэмээр хөрөнгө мөнгөтэй хүмүүс орж ирсэн. Зарим тогтвортой бодлого барьдаг компаниуд 10 гаруй жил болоод маш сайхан туршлагатай компаниуд Ард Даатгал компанийн урдуур тэргүүлэх зэрэглэлд ород актив хөрөнгө нь маш их өссөн компаниуд байна лээ.

-Нэг асуулт хоцорчихлоо. Та яагаад 20 гаруй жил бодлогыг нь барьж хөгжиж чадсан компаниас гарах болов?

-Миний хувийн зорилго мөнгөтэй болъё гэж энэ компанитай 20 гаруй жил уягдсангүй. Хийж чаддаг зүйлээрээ даатгал хөгжүүлье. Яагаад гадаадад олон зуун жил даатгалын хөгжил байгаад байна, түүнтэй ижилхэн урт хугацааны хөгжлийг түлхүү анхаарсан. Бүтээн байгуулалт байхад аяндаа түүний үр дүн өгөөж нь ирнэ гэж л ойлгосон хэрэг. Ийм ч учраас дандаа манлайлагч байсан Ард даатгал компанийг цаашид даатгал хөгжүүлэх ирээдүйтэй хүмүүсийн гарт оруулъя гэж шийдэж урт хугацаанд энэ компанитай зууралдаж байсан билээ. Ард Даатгалыг өөрийн гэсэн 5 давхар оффис барилгатай, чадварлаг 20-иод боловсон хүчинтэй тэргүүлэх зэрэглэлд олон жил тогтвортой болтол нь хөгжүүлсэн. Үүнээс илүү юм яримааргүй байна.

-Одоо хувьцаат компани болчихлоо.

-Тэгсэн гэнэ лээ.

-Та одоо юу хийж байна. Таны эрүүл мэнд харахад сайхан байна?

-Би бараг сонин уншихаас илүү гарахгүй байна даа. Охиныхоо эрхэлдэг жижиг компанид зөвлөх хийж байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нэлээд муудлаа. Харин энэ он гараад арга хэмжээ авснаар босоод ирдэг юм байна. Одоо эрүүл саруул сайхан байна.

-Та тэмдэглэлт өдрийг тохиолдуулан мэргэжил нэгт нөхдүүд болон залуучууддаа юу уриалмаар байна?

-Даатгалын хамгаалалтыг нийгмийн хамгаалалт болтол нь хөгжүүлж даатгуулагчдын амьжиргааны түвшинг хамгаалалтад авч Монгол Улсад даатгал хөгжүүлэх үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллахыг хүсэж даатгалын өдрийг тохиолдуулан залуучууддаа амжилт бүтээл амар амгалан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим гишүүдийн багийг хууллаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим гишүүдийн багийг хууллаа” хэмээх нийтлэлийг уншина уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

Улстөрч нүүрс хэмээн “Эдийн засаг” нүүрт бичжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир: Хулгайлсан эд зүйлсийг барьцаанд авсан ломбардын ажилтан мөнгө угаасан хэрэгт орно гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

Дэлхийд үнэлэгдсэн ч төрдөө тоогдоогүй тамирчин бүсгүйн нэг өдөрт “Танайд өнжье” нүүр зочиллоо.

“Улс төр” нүүрт МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Х.Болдмандал: Тав биш, зургаан гишүүнийг намаас хөөх асуудал яригдсан гэв.

NBA-гийн багууд эхний хорин тоглолтоо дуусгалаа гэж “Дэлхийн спорт” нүүрт өгүүлэв.

“Гоёл 2019” наадмын топ модель Н.Сарнай: Тайз хэзээ намайг голно, тэр хүртэл загвараа өмсөнө гэж боддог хэмээн“Гоёл, соёл” нүүрт өгүүлсэн байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Их хорь” төгсгөлийн тунхаг бичгийг баталлаа гэжээ.

Дуучин О.Болдбаатар: 1960-80 оны залуусаа дээдлэн хүндэтгэх цэнгүүнийг зохион байгуулна хэмээн “Уран бүтээлч” нүүрт өгүүлэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ