Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх саналын хариуг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт хариу илгээв.

Зөвшилцөх саналын тухай албан бичигт:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-БСШУС-ын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

Зөвшилцөх саналын тухай албан бичигт:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал тооллого энэ сарын 7-ноос эхэлнэ

Ирэх баасан гарагт буюу энэ сарын 7-ноос улс орон даяар мал тооллогын ажил эхэлнэ. 12-р сарын 17 хүртэл үргэлжлэх мал тооллогоор мал сүргээс гадна тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн цэгийн тооллого нэгэн зэрэг болох юм. Энэ онд улсын хэмжээнд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Энэ оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. үнээс үхэр 4.3 сая, хонь 30.1 сая, ямаа 27.3 сая, тэмээ 0.434 сая, адуу 3.93 сая тооллогдсон нь өмнөх оноос 4.7 сая толгойгоор буюу 7.6 хувиар өсөж, үүнээс адуу 304.3 мянга, үхэр 307.6 мянга, тэмээ 32.8 мянга, хонь 2.3 сая, ямаа 1.8 сая толгойгоор тус тус өссөн нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болсон гэж үзэж буй.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын 2018 оны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг болон тэргүүний алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа.

НОБГ-ын 2018 оны “Тэргүүний хамт олон”-оор хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Мөн “Тэргүүний анги”-аар хошууч Ш.Мэндсайхан даргатай Нийслэлийн аврах анги 105, “Шилдэг удирдах ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Г.Баттөгс, “Шилдэг байцаагч”-аар БЗД-ийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Энх-Амгалан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр БЗД-ийн ОБХ-ийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, “Шилдэг ангийн захирагч”-аар Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Г.Ганзориг, “Шилдэг бүлгийн дарга”-аар Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Отгонбаяр нар шалгарсан юм.

Харин “Шилдэг санхүүгийн ажилтан”-аар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн нягтлан бодогч, ахмад Д.Ундрал, “Шилдэг техникийн ажилтан”-аар СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, “Шилдэг аврагч”-аар нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар, “Шилдэг жолооч”-оор Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, “Шилдэг гал сөнөөгч”-өөр” СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ф.Нарангэрэл, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг нарыг шалгаруулж, “Өргөмжлөл”, нэг сарын үндсэн цалингаар шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран сургалт хийв

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт сургалт, дадлага өнөөдөр ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.

Сургалт, дадлагад ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЭМЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, НЭМҮТ, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ, ЭМГ, МХГ-ын нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна.
Нээлтийн ажиллагаанд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Д.Нарантуяа, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцлоо.

Сургалт, дадлагын эхний өдөр буюу өнөөдөр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ш.Паламдорж “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн бодисоос үзүүлэх сөрөг нөлөөг багасгах нь Монголын нийгэмд тулгамдаж буй стратегийн асуудал болох нь” сэдвээр, доктор Б.Баяржаргал “Химийн хорт болон аюултай бодисын гамшгийн менежментийн асуудал” сэдвээр, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, ахмад, доктор П.Чимэдцэрэн “Химийн бодисын эрсдэлд суурилсан менежмент, ослын үеийн удирдлагын үйл ажиллагаанд цахим программ хангамжийг ашиглах” сэдвээр илтгэл тавих юм.

Мөн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Баярмаа “Химийн хорт болон аюултай бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, урьдчилан сэргийлэх, бууруулах арга зам” сэдвээр, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан захирагчийн орлогч, хурандаа Г.Буянтогтох “Химийн хорт бодисын холбогдолтой ослын үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт ба оролцогч талуудын харилцан ажиллагаа” сэдвээр, Анагаах ухааны доктор, профессор С.Юндэн “Уурхай, уулын үйлдвэрлэлийн ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн зарчим” сэдвээр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ерөнхий инженер, хошууч С.Батзориг “Нийтийг хамарсан химийн ослын үед цагийн байдлыг үнэлэх, тооцооллыг хийх” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт уралдаан зарлалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах,хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах утга агуулга бүхий “Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус уран бүтээлчид, иргэд, олон нийтийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах агуулгыг илэрхийлсэн байна. Үүнд:

1.Би, бид өөрсдөө хүний эрхийг зөрчихгүй байх, хүний эрхийг зөрчсөн үйлдлийг үл тэвчих, таслан зогсоох;

2.Хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулахгүй байх, өөрийн хувь нэмрээ оруулсан байх;

3.Хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээсэн, уриалсан өнгө аясыг илтгэж байх.

Бүтээлд тавигдах шаардлага:

·Хүний эрхийн үндсэн зарчим, ёс зүйд нийцсэн, асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой, уран сэтгэмжит бүтээл байх;

·Үндэсний хууль тогтоомжболон улсын гэрээ, конвенцид нийцсэн байх;

·Гэрэл зураг нь дижиталболон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу, JPG форматбайх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аасдээш үзүүлэлттэйбайна.

·Шторк нь 60 секундаас илүүгүй хэмжээтэй, дуу, дүрсний нягтаршил сайтай, үг үсгийн алдаа мадаггүй бичигдсэн бүтээл байна. Бүтээлд техник, технологийн дэвшлийг ашигласан бол давуу тал болно.

·Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг, дүрс бичлэгбайх ёстой бөгөөд байгууллага, болон бусдын оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй, эрхийн зөрчилгүй, өмнө нь зар сурталчилгаанд ашиглаагүй байх;

·Гэрэл зураг болон шторк нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй, хүчирхийлэл, садар самуун, өдөөн хатгалга агуулаагүй байх;

·Бүтээлийн нэр, тайлбарыг хавсаргах, тамга, тэмдэг тавиагүйбайх;

·Уралдаанд оролцох бүтээлийн тоог хязгаарлахгүй.

Уралдаанд оролцогч хүний эрхийн дараах чиглэл бүрт хамаарах асуудлыг бүтээлдээ тусгасан байвал сайн. Үүнд:

·Халдашгүй дархан байх эрх

·Амьд явах эрх

·Иргэдийн мэдэх эрх

·Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

·Сонгох, сонгогдох эрх

·Өмчлөх эрх

·Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх

·Сурч боловсрох эрх

·Хөдөлмөрлөх эрх

·Шүтэх, эс шүтэх эрх чөлөө

·Эд мөнгөний тусламж авах эрх

·Ядуурал ба хүний эрх

·Эрүүл мэндээ хамгаалуулах эрх

·Хохирогчийн эрх

·Хүний эрхийг хамгаалагчдын эрх

·Зүй зохистой хоол хүнсээр хангагдах эрх

·Ахмад настны эрх

·Хүүхдийн эрх

·Охид, эмэгтэйчүүдийн эрх

·Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх

·Үндэстний цөөнхийн эрх

·Бизнес ба хүний эрх

·Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх

·Жендэрийн тэгш эрх

·Бэлгийн цөөнхийн хүний эрхийн асуудал

·Авлига ба хүний эрх гэх мэт.

Бүтээлийг тайлбарын хамтz.badmaarag@mn-nhrc.org, g.zolzaya@mn-nhrc.orgхаягаар, эсвэл “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” фэйсбүүк хуудсын чатаар явуулна. Мөн Монгол Улс, Улаанбаатар хот 15140, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, 5 давхар, 504 тоот шуудангаар илгээх болон дээрх хаягаар биечлэн авчирч өгөх ба уралдаанд ирүүлсэн бүтээлийг “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” фэйсбүүк хуудаст байршуулж, уншигч, үзэгчдийн хамгийн олон хандалт, дэмжлэг авсан бүтээлүүдийг шалгаруулах тул уралдаанд оролцогч нь тухайн хуудаст байршуулсан өөрийн бүтээлийг олон нийтэд түгээх, идэвхжүүлэлт хийж оролцоно.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг эргүүлж олгохгүй бөгөөд шалгарсан бүтээлүүдийн зохиогчийн эрхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эзэмшиж, хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;

Бүтээлийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн16.00 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 511, 504 тоотод) хүлээн авна.

Шагналын сан:

Шагналыг Хүний эрхийн Олон Улсын өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд гардуулна.

Шторкийн төрөлд:

·Нэгдүгээр байр-өргөмжлөл, 800 000 төгрөг, тус бүр нэг

·Хоёрдугаар байр- өргөмжлөл, 600 000 төгрөг, тус бүр нэг

·Гуравдугаар байр-өргөмжлөл, 400 000 төгрөг, тус бүр нэг

Гэрэл зургийн төрөлд:

·Нэгдүгээр байр-өргөмжлөл, 600 000 төгрөг, тус бүр нэг

·Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг, тус бүр нэг

·Гуравдугаар байр-өргөмжлөл, 250 000 төгрөг, тус бүр нэг

·Тусгай байр – өргөмжлөл, дурсгалын зүйл, 10 бүтээл шалгаруулна.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Утас:(976-51) – 262902, 80050100(Референт З.Бадмаараг);

(976-51) – 262751, 89020099 (Референт Г.Золзаяа);

Цахим шуудан:z.badmaarag@mn-nhrc.org

g.zolzaya@mn-nhrc.org

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Categories
мэдээ спорт

Спортын шилдгүүд энэ сарын 14-нд тодорно

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 14-нд Соёлын төв өргөөнд болохоор товлогджээ. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай тамирчид тив, дэлхийн болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон. Тиймээс шилдгүүдийн шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирнаар боксчин Д.Отгондалай, жүдоч Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар шалгарч байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын ээлжит өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.

ЗГХК-ын хуралдааныг Эрүүл мэндийн сайд, Комиссын монголын хэсгийн дарга, Д.Сарангэрэл, Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг нар ахалж оролцов.
Тус хуралдаанаар Монгол, Лаосын харилцааны өнөөгийн байдал, ЗГХК-ын 10 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцэн дүгнэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Талууд Монгол, Лаосын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улсад хөдөө аж ахуйн зориулалтаар 10.000 га газар түрээсээр ашиглуулах тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах тухай хэлэлцэв. Мөн Монгол, Лаосын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зам, тээврийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжаар БНАЛАУ-д 1050 хонь бэлэглэсэнд лаосын тал талархал илэрхийлэв.
Монголын тал гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Лаос Улсад нийлүүлэхтэй холбогдуулж Хүнсний хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол байгуулах саналыг тавив.
Хоёр улсын орон нутаг, аймаг, хотуудын хооронд харилцаа холбоо тогтоох санал санаачлагыг дэмжижажиллах нь зүйтэй гэж талууд үзэв.

Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцуудад нэгдэх, АСЕАН-ы зах зээлд орох, худалдаа хийхэд лаосын тал дэмжихээ илэрхийлэв.
Энэ үеэр Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах ЭМЯ хоорондын протокол, ЗГХК-ын 11 дүгээр хуралдааны протоколд тус тус гарын үсэг зурж, Комиссын ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 онд Вьентьян хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонгийг хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан нь Монгол, Лаосын найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Categories
мэдээ нийгэм

Эрдэм шинжилгээний бага хурал болов

Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос нийслэл дэх “Нийтийн биеийн тамир, спортын хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдааныг 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Уралдааны нийслэлийн дүүргийн Биеийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн биеийн тамирын багш, их дээд сургуулиудын оюутан гэсэн ангилалд 20 хүн 17 илтгэлээр өрсөлдлөө.

Хурлын үеэр биеийн тамирын арга зүйч, мэргэжилтэн, багш, оюутнууд биеийн тамир, спортын тухай хууль (шинэчилсэн найруулга), биеийн тамир, спортын төсөв; биеийн тамирын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн санал санаачилга, туршлагуудыг дэвшүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Уралдааны “Нийслэлийн дүүргүүдийн БТСХ-ны арга зүйч” ангилалын

Нэгдүгээр байранд:

– Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн С.Сувд “Бүтэц зохион байгуулалт хүний нөөц төсөв” сэдвээр

Хоёрдугаар байранд:

– Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн арга зүйч Д.Соёлмаа, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Н.Дэлгэрдалай, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан Х.Бямбасүрэн нар “Цэргийн насны залуучуудын биеийн бүтцийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн” сэдвээр,

Гуравдугаар байранд:

– Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Д.Намжил “Нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа, иргэдийн оролцоог харьцуулсан судалгаа” сэдвээр

“Дүүргийн цэцэрлэг, ЕБС-ийн биеийн тамирын багш” ангилалын

Нэгдүгээр байранд:

– Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуулийн багш Б.Цагаанцэцэг “Бүтэц зохион байгуулалт хүний нөөц төсөв” сэдвээр

Хоёрдугаар байранд:

– Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Б.Минжиннаваа “Дугуйлан секц, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хүүхдийг хөгжүүлэх нь” сэдвээр,

Гуравдугаар байранд:

– Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн багш С.Гэрэлмаа “Сурагчдын алжаал тайлах дасгалаар нийтийн биеийн тамирыг дэмжих нь” сэдвээр,

“Их, дээд сургуулийн оюутан” ангилалын

Нэгдүгээр байранд:

– Монгол улсын Боловсролын их сургуулийн оюутан Г.Болормаа “Сурагчдын “харах”-ын тухай өмнөх төсөөлөл” сэдвээр

Хоёрдугаар байранд:

– Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан М.Цэдэнсодном “Их, дээд сургуулиудын оюутны хичээл таслалт, түүний шалтгааныг илрүүлэх нь” сэдвээр,

Гуравдугаар байранд:

– Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Алтанцацрал “Оюутнууд өөрийгөө хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг судалсан нь” сэдвээр тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын Гуравдугаар төв эмнэлгээс анагаах ухааны гурван шинэ доктор төрөв

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн гурван эмч 2018 оны 11 дүгээр сард шинээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалав. АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хурлын тогтоолоор тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнаран “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” сэдвээр, 2018 оны 11 сарын 22-ны өдөр Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Х.Батмягмар “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр, 2018 оны 11 сарын 29-ний өдөр Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболд “Тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн” сэдвээр тус тус Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүндэт доноруудад шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр сайн дурынхны олон улсын өдрийн хүрээнд ЦССҮТ, Монголын донорын холбоо, Сайн дурын байгууллагууд хамтран уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгууллаа. Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө ариун цусаа сайн дураараа бэлэглэдэг хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан олон хүн сайн дурынхны эгнээнд нэгдэж цусаа бэлэглэдэг уламжлал тогтжээ. Сар бүрийн 3-ны энэхүү үйл ажиллагааг олон байгууллага, иргэн дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлдэг аж. Харин энэ удаад “ДОБУДА” ХХК дэмжиж ажилладаг байна. Тус компани цусаа бэлэглэсэн доноруудад бүтээгдэхүүнийхээ дээж энергийн ундаа бэлэглэж байсан юм. Уламжлал ёсоор донор Г.Хишигжаргал, Ч.Гантулга, Н.Намжилмаа нарт “Хүрэл донор” цол хүртээж алдаршуулсан бол “Бахархал-20” тэмдгээр донор Л.Энхтүшиг, “Бахархал-30” тэмдгээр донор Э.Дашгарав, “Бахархал-40” тэмдгээр донор Э.Чимэдцэрэн, “Бахархал-50” тэмдгээр донор Б.Бямбажав нарыг тус тус шагнаж, хүндэтгэл үзүүлсэн юм.