Categories
мэдээ улс-төр

Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргав

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа. Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төсвийг батлах НИТХ-ын ээлжит хурал хойшлов

Нийслэл хотын ирэх оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батлах байсан НИТХ-ын ээлжит ХХ хуралдаан өнөөдөр болох байсан боловч НИТХ дах МАН, АН-ын бүлэг, асуудлыг өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлтийг ирүүлээд байна.

Тиймээс хуралдааны дэгийн 4.6 дэх заалтыг үндэслэн Хурлын дарга НИТХ дах хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн НИТХ-ын ээлжит хуралдааныг 12 сарын 5-ны лхагва гарагт буюу маргааш хуралдуулахаар тогтоод байна. Мөн завсарлага аваад байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Засаг дарга С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайдад гаргасантай холбоотойгоор 12 сарын 5-ны лхагва гарагт хуралдахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Монголын төр хүүхдийн тоглоом биш, дахин огцруулах бичиг өргөн барихгүй

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхий сайдыг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд өргөн барьж, түүнийг нь УИХ хэлэлцлээ. Засгийн газар уналгүй үлдлээ шүү дээ. Тань руу одоо ямар нэгэн дарамт шахалт ирэх болов уу?

-Дөрвөн хүнээр л Засгийн газар үлдлээ шүү дээ. Энэ удаагийн Засгийн газрыг огцруулах асуудал үндсэндээ 14 хоногийн турш үргэлжиллээ. Засгийн газрыг огцуулах хүрээнд маш олон гишүүнд санал бодлоо илэрхийлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний кабинетийнхан үүнээс маш том сургамж авсан байх.

Яагаад гэвэл засаг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр алдаатай бодлого явуулдаг, хувь хүний харьцаа, ажлын арга барил, нам дотор байгаа элдэв зүйлсээс эхлээд олон зүйлийг ярьсан. Нийгэм ч мөн олон зүйлийг олж авсан байх. Тиймээс Ерөнхий сайд болон засгийн кабинетийнхан энэ бүгдээс сургамж авч цаашдын ажилдаа онцгойлон анхаарч хичээж ажиллаасай гэж бодож байна.

-Засгийн газар огцроогүй ч үнэхээр том сургамж болж чадсан гэж та үзэж байна уу?

-Өөр нэг чухал зүйл нь Монголд парламентат ёс устах гэж байсныг бид зайлуулж чадсан нь том амжилт. Түүнчлэн эрх мэд-лийн төлөө нийгмийг, ард түмнийг жагсаал цуглаанд уриалан дуудсан, үймээн шуугиан гаргах гэж байсныг бид зогсоож чадсан. Энэ хоёр том асуудал нийгмийг цочроох гэж байсныг бид зогсоож чадсан. Засгийн газарт өгсөн сануулга үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа.

-Хуулийн хариуцлага тооцуулна гэдэг зүйлийг танай намын дарга ярьсан шүү дээ?

-Сая Ерөнхий сайдын үгнээс харж байхад занасан, зүхсэн, хууль хяналтын байгууллагад хариуцлага тооцно гэсэн зүйлсээ ярьж байна. Миний хувьд үүнээс нь айгаад байх юм байхгүй. Хуулийн өмнө очиход айх зүйл алга. Намынхаа хариуцлагыг тооцвол тооцно биз. Энэ бүхнээс У.Хүрэлсүх гэдэг хүн ухаарал авсан бол цаашид ухаан зарж ажиллах байлгүй дээ. Үнэхээр энэ хүний толгой ажилладаггүй бол цаашид ямар үйлдэл гаргахыг нь ард түмэн харах байх.

-Дараагийн алхам юу байх вэ?

-Дараагийн алхам гэж байхгүй. Засгийн газар ажлаа хийнэ, Улсын Их хурал нь ажлаа хийнэ. Өөр юм байхгүй шүү дээ.

-Ерөнхий сайд нам дагасан олигархын бүлэглэлтэй тэмцэнэ. Улсын Их хурлын даргыг огцруулна гэдэг зүйлийг ярьсан л даа?

-Өөрийнх л ярьж байгаа зүйл. Олигархын бүлэглэлтэй тэмцэнэ л гээд байгаа юм. Би тэр олигархын бүлэглэлд нь байдаггүй болохоор мэдэхгүй байна.

-МАН-ын дотоод талцал хуваагдал цаашид улам эрчимжих юм биш үү?

-Гайгүй байлгүй дээ. Манайхан чинь бас ухаантай шүү дээ.

-Цаашид чуулгандаа суух уу?

-Бид чуулгандаа суухгүй гээгүй.

-Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин өргөн барих уу?

-Дахиж өргөн барина гэдэг асуудал байхгүй. Монголын төр хүүхдийн тоглоом биш, дахиж огцруулах бичиг өргөн барина гэж юу байхав.

-Таныг намаасаа хөөх гээд байгаа юм биш үү?

-Хөөвөл хөөнө л биз. Хориннэгдүгээр зуунд намаас хөөнө гэдэг тийм ч том асуудал биш.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 04-нд болох үйл явдал

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ- анализ” онол, практикийн бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудлд “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” нээлттэй хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Эрхзүйн боловсролын академийн байранд “Мэдээлэл авах эрх чөлөө ба Байгууллагын нууц” сэдэвт сэтгүүлч, хуульчдын ээлжит уулзалт болно.

09.45 цагт “Туушин” зочид буудалд “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88177718

10.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Буянт ухаа-2 хорооллын барилгын ажлын явцтай танилцана.

11.00 цагт “Арцат апартмент”-д “Ардчиллын өргөө II” байрны шав тавих ёслол болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

16.00 цагт “Новотел” зочид буудалд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Берлин-Бранденбургийн Нисэх онгоцны буудал, Берлин хотын Аялал жуулчлал болон сурталчилгааны байгууллага хамтран “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээ зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12.00 цагт МСНЭ, МУИС-ийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас:99002019

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хороо Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагт эхлэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Монгол, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Харин 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцэнэ. Уг байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах болон Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл багтжээ.

Categories
мэдээ цаг-үе

П.Нямцэрэн: Ротавирусийн халдварын үед антибиотик хэрэглэхийг хориглоно

Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэнтэй ярилцлаа.


-Ротавирус гэж юу вэ?

-Ротавирус нь нарийн гэдсийг халдварлуулж, суулгалт бөөлжилт үүсгэдэг вирус юм. Халдвар авсан хүн бөөлжиж суулгах үед эмч нар вирусийн гаралтай суулгалт гастроэнтерит гэж нэрлэдэг. Ротавирус нь ихэвчлэн бага насны хүүхдэд вирусийн гаралтай ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Энэ нь гадаад орчинд тэсвэртэй. Агаарын замаар дамжиж байгаа учраас уушгинд үрэвсэл үүсгэх юм шиг боловч гэдэс ходоодны замд үрэвсэл үүсгэдэг. Гэдэсний хананд байрлах өнгөр гэх ашигтай нян бактерыг устгах аюултай. Мөн улайлт үрэвсэл үүсгэдэг юм.

-Ямар замаар дамждаг юм бол?

-Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх мөн бохир гараар хоол хүнс идэж, ууснаар уг өвчин халдварладаг. Ихэвчлэн хүүхдэд халдварладаг. Насанд хүрэгчид ротавирусийн халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол насанд хүрэгчид ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг учраас халдвар авах нь бага байдаг.

-Ротавирусийн халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бөөлжих, усархаг зүйлээр суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн огцом халуурах, хоол унд идсэний дараа шингэн зүйл уухаараа бөөлжиж эхэлдэг. Хүүхэд бөөлжиж, эсвэл суулгаж байна гэдэг их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Нярай хүүхэд шингэн алдалтад орсон үед зулай нь хонхойж харагддаг. Энэхүү халдварын суулгалтын онцлог нь амархан хордлогонд оруулахаас гадна бусад эрхтэнүүд шингэн дутагдаж эхэлснээр хүндрэлүүд үүсдэг. Хүүхэд нэг удаа бөөлжихөд 10 суулгацтай тэнцдэг гэдэг. Гэтэл эцэг эхчүүд нэг л удаа бөөлжсөн. Нэг удаа гэсэн утгаар нь гайгүй гэж бодоод хүүхдээ хүндрүүлэх тал бий. Энэ халдварын үед эрт эмнэлэгт хандаж илрүүлэг хийлгэх хэрэгтэй. Суулгалт өвчин дотроо олон янз байдаг. Үүнд нян бактер, вирусийн халдвар, эгэл биетэн, хоол хүнсний гаралтай гэх мэт. Шууд хүүхдийг хараад ротавирусийн халдвартай гэж хэлэх боломжгүй. Хүүхдийг үзэж, илэрч байгаа шинж тэмдэг, зовиурт үндэслэн ротавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх эсэхийг хэлнэ.

-Ротавирусийн халдварыг хэрхэн эмчилдэг вэ?

-Хэрэв хүүхэд бөөлжиж байгаа бол, хэдэн минутын зайтай цайны халбагаар шингэнийг бага багаар уулгана. Хөхөөр хооллодог бол хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтад орсон бол эмнэлэгт заавал хандах ёстой.

-Ротавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Ихэвчлэн ротавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах нь үр дүнтэй гэж үздэг. Ротавирусийн вакцин хоёр төрөл байна. Вакцины төрлөөс хамаарч хоёр, эсвэл гурван удаагийн тунг тодорхой хугацааны давтамжтайгаар хийдэг.

-Ханиад томууны үеэр хүүхдэд ямар хоол хүнс түлхүү хэрэглэх шаардлагатай вэ?

-Эрүүл ахуйн болоод гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Мөн хоол хүнс бэлтгэхдээ ариун цэвэр сахихаас гадна хүүхдийн угж соосог зэргийг сайн угаах хэрэгтэй. Эрт илрүүлсэн үед тухайн хүүхдийг тусгаарлах ёстой. Хүүхдийн дархлааг сайжруулахын тулд жимс ногоо, аминдэмтэй хүнс хэрэглэх нь зүйтэй. Энэ өвчний үед хоолонд тулгуурсан шингэнүүдийг өгдөг. Жишээ нь хярам, буцалсан ус, шингэн байхуу байж болно. Энэ халдварын үед антибиотикийг хориглодог. Үрэвслийн эсрэг эмчилгээ хийж болохгүй харин вирус устгах эмчилгээ хийж болно. Хамгийн гол нь витамин Д-г сайн уулгах ёстой. Витамин Д-г авахад хүний биеийн 40-70 хувь ил гарсан байх ёстой байдаг. Тэгэхээр бид өвлийн улиралд биеэ ил гаргах боломжгүй. Тиймээс хүүхдүүддээ витамин Д-г авч өгч хэрэгтэй. Манайд дөрөвдүгээр сард витамин Д-г хамгийн их хангалттай тунгаар авах боломжтой байдаг. Витамин Д-гийн дутагдлаас бага насны хүүхэд их цочимтгой болох, хөхөө хөхөхдөө толгойн хэсэгтээ хөлөрнө. Үүнээсээ болж толгойгоо шилгээснээс арынх нь үс халцардаг. Энэ нь рахитын шинж. Мөн шээс нь хурц үнэртэй болдог. Витамин Д дутагдахаар кальци бас дутагддаг. Кальци дутагдсанаас хүүхдүүдэд янз бүрийн таталт өгөхөөс гадна хоолой нь сөөдөг. 7-8 нас хүрчихээд сүүн шүд нь унахгүй байна гэдэг нь витамин Д-гийн дутагдлаас болж байна. Үүнээс болж шүд нь хэврэг, цоорно. Ер нь витамин Д-г нөхөхгүй болохоор хүүхэд хичээлдээ идэвхгүй, уур уцаартай болдог.

-Эмийн санд витамин Д-гийн олон төрөл байдаг шүү дээ?

-Д-гийн төрлийн олон эм бий. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд 500, өсвөр насныхан 1,000, насанд хүрэгчид 2,000 мг-тайг ууна. Харин хөхүүл ээжүүд 5,000-аас илүүг ууж болохгүй. Жирэмсэн ээжүүд 2,000-4,000 мг-тайг эмчийн заавраар заавал уух ёстой. Төрөн төртлөө уухад витамин Д-гийн нөөцтэй хүүхэд төрнө. Хүмүүс витамин Д-гийн гадаад, дотоод хүчин зүйлүүд ямар байдгийг мэдэхгүй яваад байна. Зун витамин Д ямар ч шаардлагагүй гэж боддог нь буруу юм.

-Энэ вирусаар хэр их хүүхэд халдварлаж байна вэ?

-Өвлийн улирал тэр тусмаа ханиад томууны үед энэ вирусийн тархалт өндөр байна. Эцэг эхчүүд хүүхдээ бөөлжөөд, суулгаад ирэхээр хоол унднаас хордсон байна гэж ойлгоод байдаг. Дэгдэлт гарч байгаа энэ үед ротавирусийн халдвар л байгаад байгаа. Энэ үед хүүхдийн өтгөнийг шинжилж үзэх хэрэгтэй байдаг. Бөөлжсөн суулгасан хүүхдийн ихэнх нь энэ халдварыг авсан байна. Халдвар авч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 1-5 насныхан байна.


Categories
мэдээ цаг-үе

Н.Сарнай: Тайз хэзээ намайг голно, тэр хүртэл загвараа өмсөнө гэж боддог

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2019” наадам өнгөрөгч баасан гаригт Соёлын төв өргөөнд боллоо. 31 дэх удаагийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулав. Тус наадмаас жил бүр топ загвар өмсөгчдийг тодруулдаг. Энэ жил “Топ модель”-иор загвар өмсөгч Н.Сарнай тодорч, шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардууллаа. Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харьяалагддаг бөгөөд загварын салбарт 14 жил ажилласан туршлагатай загвар өмсөгч юм.


“Гоёл 2019” наадмын топ модель Н.Сарнайтай ярилцлаа.

-“Гоёл” наадам загвар өмсөгч, загвараар яваа хүмүүсийн гарах сан гэж хүсдэг тайз. Энэ наадамд та түрүүллээ. Баяр хүргэе?

-Баярлалаа. Маш их баяртай байна. 14 жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд топ модель болсондоо баяртай байна. Гэнэтийн цочирдмоор сюрприз байлаа. Би хоёр хүүхдээ ойрхон зайтай төрүүлж дөрвөн жил завсарлаад өнгөрсөн жилээс ажилдаа орсон. 14 жилийн хугацаанд Дизайнеруудын холбооны бүхий л үйл ажиллагаанд оролцож ирсэн. Намайг дэмждэг хүн болгонд баярлалаа гэж хэлмээр байна. Миний амьдралдаа гаргасан хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл байсан. Шагналаа аваад тайзан дээр уйлчихсан. Би нулимсаа их тэвчдэг хүн л дээ. Хүмүүсийн дэргэд нулимсаа ил гаргахыг хүсдэггүй. Нэр минь дуудагдахад өөрийн эрхгүй нулимс асгарсан. Амьдралдаа авсан сайхан мэдрэмжүүдийн нэг байлаа.

-Загвар өмсөгч хүмүүс багаасаа загвар өмсөж эхэлсэн байдаг. Хэдэн наснаасаа загвар өмсөж эхэлсэн бэ?

– “Ганга гоёл” агентлагт 12 настайгаасаа эхэлж загвар өмссөн. Би багадаа бөгтгөрдүү, газар ширтэж явдаг хүүхэд байсан юм. Ээж маань миний нурууг засахын тулд загварын агентлагт оруулсан гэж ярьдаг.

-Ямар сургууль төгссөн бэ?

-Би 52 дугаар дунд сургуульд долдугаар анги хүртлээ сурсан. Наймдугаар ангиасаа Хөх хотын 14-дүгээр сургуулийг төгссөн. Буцаж ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний орчуулагчаар төгссөн. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагаар суралцаж дүүргэсэн. Загвар өмсөгчийн мэргэжлээс гадна төрийн албанд ажилладаг. Манай нийгэмд 100 хувь загвараар амьдарна гэдэг хэцүү. Загварын ертөнц ганц загвараар амьдруулах чадвартай салбар биш.

-Аав, ээж, гэр бүлийнхээ хүний талаар танилцуулахгүй юу?

-Манайх энгийн л амьдралтай айл. Миний аав, ээж оёдолчин. Гутал, шуб оёдог байсан. Загварын ертөнцөд ээж минь хөтөлж оруулж байсан гэдгийг дээр дурдсан. Тухайн үед шөнийн хоёр, гурван цаг хүртэл бэлтгэл хийдэг байлаа. Тэр үед ээж намайг үүдэнд хүлээгээд гарч ирэхээр аваад явдаг байсан. Тэр утгаараа энэ шагнал маш үнэ цэнэтэй, олон жилийн хөдөлмөр шингэсэн болохоор ээж маань маш баяртай байгаа. Манай нөхрийг Б.Азжаргал гэдэг. Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч, гоёлын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан. Бид гэрлээд зургаан жил болж байна. Хоёр хүүхдийн аав, ээж болоод амьдарч байна даа.

-Өөрийн тань нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би хоёр хүүхдээ ойрхон зайтай төрүүлсэн болохоор зав маш бага. Том маань он гараад дөрвөн нас хүрнэ. Бага маань энэ сард хоёр нас хүрнэ. Ойрхон төрчихсөн учраас хоёр хүүхэдтэйгээ л өдрийг өнгөрөөдөг. Өглөө цэцэрлэгт нь хүргэж өгнө, орой авна. Амралтын өдрүүдээр ээж, эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Нөхрийн маань туслалцаа их байдаг болохоор хажуугаар нь ажлаа хийдэг.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Би хамгийн түрүүнд эмэгтэй хүнийг өөрийнхөөрөө байх ёстой гэж боддог. Хэний ч хажууд өөрөөрөө л байх хэрэгтэй. Би ер нь эршүүд, өөрийнхөөрөө хүн л дээ. Худлаа хуурамч харьцаа онцгүй санагддаг.

-Таны биеийн харьцаа, жин хэд вэ?

-Би одоо 57 кг жинтэй. Шоу давхцаад ажил их байх үед ер нь турчихдаг. “Гоёл” наадмын үеэр хоёр, гурван кг хангалттай хасдаг. Миний хувьд энэ жил “Гоёл” наадамд оролцож байгаа моделуудынхаа бэлтгэлийг хангаж ажилласан. Энэхүү наадамд орохын тулд есдүгээр сараас эхлээд жингээ барьж эхэлдэг.

-Эмэгтэй хүмүүс төрсний дараа таргалах тохиолдол их байдаг. Загвар өмсөгчид олны нүдэнд ил болохоор төрсөн ч жингээ барьсан харагддаг. Ямар аргаар жингээ хаядаг вэ?

-Эмэгтэй хүн бүхэн л адилхан. Би анхны хүүхдээ төрүүлээд 58-98 кг болтлоо 40 кг жин нэмсэн. Охиноо нэг нас хүрэхэд буцаад 61 кг болсон байсан. Би хоолоо сойж турсан л даа. Охиноо нэг нас хүрэхэд жирэмсэн болсноо мэдсэн. Хүүгээ төрүүлэхдээ мөн адил 93 кг болж байлаа. Хүүгээ найман сартай байхад хэвийн жиндээ оччихсон байсан.

Би эрүүл хооллолтыг илүүд үздэг. Анхны хүүхэд дээрээ 40 кг жин хаяад арьс их унжсан байсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа турах их хэцүүг мэдэрсэн. Эрүүл зөв хооллолтоос гадна фитнессээр хичээллэсэн. Хүнсэндээ гурил, будаа, төмс хэрэглэхээс татгалздаг.

-Загвар өмсөгчдийн гэр бүлийн амьдрал олны нүдэнд ил байдаг. Харин таны хувийн амьдрал тийм ч ил биш санагддаг?

-Манай гэр бүл нам гүм амьдралыг илүүд үздэг. Олны хүрээнээс холуур байхыг эрмэлздэг. Тийм байхыг ч хүсдэг. Дөрвөн жил завсарлаад ажилдаа орсон болохоор шинэ загвар өмсөгч шиг л байна. Миний хувьд хэвлэл мэдээллээр янз бүрээр бичигдэж байсан нь ховор л доо. Цаашдаа яахыг мэдэхгүй л байна. Залуу хүмүүсийн адилаар зээл төлдөг бол төлнө. Залуу гэр бүлүүдийн жишгээр амьдардаг.

-Хэдий хүртэл загвар өмсөнө гэж боддог вэ?

-Топ модель гэсэн эрхэм алдрыг хүндэтгэж, үнэ цэнийг алдагдуулахгүйгээр амьдарна даа гэж бодож байна. Би “Гоёл 2014” наадмын оны шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан. Таван жилийн дараа топ модель гэх шагналыг хүртлээ. Тайз хэзээ намайг голно, тэр хүртэл загвараа өмсөнө.

Номинациуд

Шилдэг эрэгтэй моделиор О.Хэрлэн,

Шилдэг эмэгтэй моделиор Ц.Алтантуяа,

Дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул,

Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг,

Керасис брэндийн шагнал дизайнер Б.Батзогсоол, модель Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг,

Cesar’s брэндийн шагнал Болор-Эрдэнэ,

Шилдэг make up artist Crystal salon Болор,

Тусгай байр дизайнер Б.Гэрэлмаа,

Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер “Bortua” Б.Балжинням,

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Б.Гантболор,

Гоёлын хувцасны шилдэг дизайнер “GEM” Ч.Болормаа,

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Ц.Уянга “Black swan” коллекц,

Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер Бажуна,

Шилдэг загвар зохион бүтээх товчоо “Дархан минж” компани тус тус тодорсон юм.

Categories
мэдээ нийгэм

Салхины эх одтой, цагаан морь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:21 цагт мандан, 17:06 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Монголчууд хамгийн их аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ хамгийн их бухимдалтай байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголчууд хамгийн их аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ хамгийн их бухимдалтай байна” хэмээн өгүүлжээ.

“Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ” хэмээн нэгдүгээр нүүрт өгүүлэв.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэв” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

Л.Болд: Би АН-ын бүлгээс гарна гэж “Улс төр” нүүрт ярив.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: Би чөлөөлөгдөх өргөдлөө сайн дураараа өгсөн хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Хаан банкны шимтгэл нэртэй луйвар иргэдийг бухимдуулж байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Дарангуйллын сод жишээ болсон хүний төлөө санал өгсөнд гайхаж байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Олон улсын харилцааны судлаач-эрдэмтэн Д.Баярхүү: БНХАУ, АНУ-ын худалдааны дайн ойлголтод хүрч, маргаанаа харилцан хүндэтгэх зарчмаар шийдвэрлэлээ хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Шинэ жил дөхөөд ирэхээр “Өөрийгөө уядаг морь” шиг л бэлдэж байна даа хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Орос америкууд хамтран иргэдийг 30-40 сая доллараар сансарт аялуулж, 2030 оноос Ангарагт жуулчлах боломж нээгдэнэ” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт бичсэн байна.

Ц.Цогзолмаа: Засаг чинь үлдчихлээ, намайг аваад үлдээч гэж би хэлэхгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Хүүхдийн шүдний эмч, тулгуур эдийн эмч, гажиг засалч, амны хөндийн нян судлаач Ц.Базаррагчаа: Буйлны үрэвсэл 200 гаруй төрлийн өвчин, хорт хавдрын шалтгаан болдог хэмээн “Эмч ” нүүрт ярьсан байна.

Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр: Азийн наадмын үеэр П.Орхоны хоолонд допинг хийсэн гэж хардаж байгаа хэмээн “Спорт” нүүрт ярьсан байна.

Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир: Сумын Засаг даргын Тамгын газар, сургуулийн хичээлийн байрыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай хэмээн “Завханы мэдээ” нүүрт ярьжээ.

Завханмандал сумын Засаг дарга Т.Дэлгэрсайхан: Сум хөгжүүлэх сангийн зээлийг 156 иргэнд олгож, энэ жил 26 ажлын байр шинээр бий болголоо гэж “Завханы мэдээ” нүүрт ярьжээ.

“Эмх замбараагүй байдлын улмаас Францад гурван хүн амиа алдаад байна” гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

“Шинэ жилийн сурталчилгаагаа сониноор хийвэл ч…” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар малчдад цаг агаарын мэдээллийг утасны мессежээр хүргэж байгаа бол ирэх оноос мал болон малын түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүний үнийг мөн мессежээр хүргэдэг болно. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн Дарко Петрович, олон улсын “Мерси Кор”байгууллагын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг нартай уулзлаа.Уулзалтаар малын болон малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг малчдад мессежээр хүргэдэг болох талаар санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ОБЕГ, олон улсын “Мерси Кор” байгууллага, ЦУОШГ-тай хамтран цаг уурын мэдээллийг малчдад утасны мессежээр хүргэж байгаа юм.