Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан цуврал хэлэлцүүлэг хийнэ

Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах юм. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд 12 дахь удаагаа тэмдэглэж байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол практикийн бага хурлыг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулна. Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөнө.

“Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн номын санд болно. Хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй, Үндсэн хуулийн боломж, хууль зүйн шинэчлэл, албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар, хүлээлгэх хариуцлага, төрийн албаны эрх зүйн шинэчлэлтийн асуудлын талаар сэдэв хөндөж ярилцана.

“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг АТГ төрийн болон болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Блю скай тауэр Даймонд” танхимд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, хийгдсэн аудитын дүн танилцуулга, нийслэлийн боловсролын байгууллагуудад сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл зэрэг сэдвийг хэлэлцүүлэхээр тусгажээ.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд хийх бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зориулалт, эх үүсвэр, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцууалтын ил тод байдлын хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МҮХАҮТ болон бусад байгууллага, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд шударга ёсны хичээл заах багш нарын уулзалтыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өөр ирээдүй” өдөрлөг зохион байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Үндэсний бодлогын хорооны V хуралдаан Төрийн ордонд болно

Image result for АН туг

АН-ын Үндэсний бодлогын хорооны V хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно. Тус хуралдаанаар энэ сарын 5-ны өдөр болох IX Их хурлаар шийдвэрлэх асуудлыг эцсийн байдлаар тодорхой болгох юм. АН-ын ҮБХ нийт 380 гишүүнтэй бөгөөд намын их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцох аж. Энэ удаагийн их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлана. ҮБХ-ны V хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

-ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах,

-Намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх,

-Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдөр V хуралдаанаас гадна хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд тус, тус зохион байгуулагдана.

Categories
мэдээ эдийн-засаг

“Материалимпекс” ХК-ийн хувьцаа хамгийн их өсөлттэй байна

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Тодруулбал, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Материалимпекс” ХК MIE хувьцаа 13.6 хувиар, “Женко Тур Бюро” ХК-ийн JTB хувьцаа 13.3 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хэрлэн Хивс” ХК-ийн HRL хувьцаа 14.3 хувиар, “Увс Чацаргана” ХК-ийн CHR хувьцаа 12.5 хувиар хамгийн их уналттай байв. Энэ өдөр “TOP 20” индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ соёл-урлаг

Германд сурдаг Монгол иргэн бүжгийн дэлхийн аварга болжээ

Энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Гэхдээ ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол улсын иргэн Нэргүй овогтой Онондарь оролцож дэлхийн аварга болжээ.

Н.Онондарь нь 21 настай “Спортын сэтгэл судлал”-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж

Өмнө нь буюу зургаан жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй баяртай байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

​Малын хулгайтай тэмцэх “Малчин лавлах-109” ажиллаж эхэллээ

Малын хулгайтай тэмцэх, цаашлаад малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард “Малчин лавлах-109” утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны есдүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд завсарласан юм.

Малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 24 цагийн турш шуурхай авч, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй дамжуулах, шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон малчдад шаардлагатай бусад мэдээллээр хангахын тулд “Малчин лавлах 109” мэдээллийн төв нэртэйгээр дахин ажиллуулж эхэллээ.

“Малчин лавлах 109” мэдээллийн төв нь малчин танд үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авлаа

Монголбанк 2018 оны 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. Харин Монголбанк 2018 оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Төслийн дэд зохицуулагч Р.Ганбат, Олон улсын зөвлөх, доктор Иан Фернис Вайлдерспин нар оролцсон юм.

Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулах бөгөөд сургалтанд ОБЕГ, НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Булган, Төв, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдийн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, иргэдийг гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Сургалт маргааш буюу энэ сарын 05-ныг хүртэл үргэжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сургагч багш нарыг бэлтгээд байна

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгээд байна. Сургагч багш бэлтгэх сургалтад дүүргийн 13 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 20 гаруй нийгмийн ажилтныг хамруулсан юм. Эдгээр сургагч багш нар дүүргийн хэмжээнд бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, өөртөө болон бусдад хэрхэн анхны тусламж үзүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах талаар мэдлэг мэдээллийг түгээх чадвартай боллоо гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хорват хөлбөмбөгчин Л.Модрич Баллон д’Ор шагналыг хүртлээ

Өчигдөр Францын Парис хотноо Баллон д’Ор шагналын эзнийг тодруулах үйл ажиллагаа явагдав. Энэ жилийн Баллон д’Ор шагналын эзнээр Испаний Реал Мадрид клуб болон Хорватын шигшээ багийн 33 настай хагас хамгаалагч Л.Модрич шалгарсан байна. Ингэснээр 11 жилийн дараа анх удаагаа К.Роналдо болон Л.Месси нараас өөр тоглогч тус шагналын эзэн болж байна. Хамгийн сүүлд 2007 оны Баллон д’Ор шагналын эзнээр тухайн үедээ Италийн АС Милан клубт хүчин зүтгэж байсан Бразил хөлбөмбөгчин Кака шалгарч байсан бөгөөд түүнээс хойш зөвхөн 2 тоглогч тус шагналыг хүртэж байжээ.

Өдгөө 33 настай Л.Модрич 753 хүний санал авсан бол К.Роналдо 478 оноо, А.Гризманн 414 оноогоор эхний 3-т бичигдсэн байна.

Хорват хагас хамгаалагч Л.Модрич өнгөрч буй 2018 онд шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамт Аваргуудын лигт 4 дэх удаагаа түрүүлсэн юм.

БАЛЛОН Д’ОР ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД:

  1. Л.Модрич (Хорват, Реал Мадрид клуб) – 753 оноо
  2. К.Роналдо (Португал, Реал Мадрид болон Ювентус клуб) – 478 оноо
  3. А.Гризманн (Франц, Атлетико Мадрид клуб) – 414 оноо
  4. К.Мбаппе (Франц, ПСЖ клуб) – 347 оноо
  5. Л.Месси (Аргентин, Барселона клуб) – 280 оноо
  6. М.Салах (Египет, Ливерпүүл клуб) – 188 оноо
  7. Р.Варан (Франц, Реал Мадрид клуб) – 121 оноо
  8. Э.Азар (Бельги, Челси клуб) – 119 оноо
  9. Де Бройне (Бельги, Манчестер Сити клуб) – 29 оноо
  10. Х.Кейн (Англи, Тоттенхэм Хотспур клуб) – 25 оноо
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын улс төрийн халуурал хэтэрч дэмийрэлдээ шилжлээ

Сүүлийн хэд хоног Монголын улс төрийн халуурал ёстой нэг дээд цэгтээ тулж байх шиг байна. Маш өндөр хэмээр халуурсан хүн халуун нь дэндэхээр дэмийрч солиороод, хаа хамаагүй юм яриад эхэлдэг. Түүн шиг улс төрийн халуурал хэрээс хэтэрч дэмийрэлдээ шилжсэн энэ үед төрийн түшээд юу ч хамаагүй ярьж, газар сайгүй ойж буух боллоо. “Та нар хууль бусаар төрийн эрхийг авах гэж байгаа бол хуулийн дагуу төрийн эрхээ буцааж авахаар байлдана. Цус асгаруулаад ч тэмцэхэд бэлэн” гэж Их хурлын индэр дээрээс ээлж дараалан орилолдож байна. Эрхэм гишүүд огтоос хамааралгүй зүйлийг ч улс төрийн халууралтайгаа хутган олон нийтийн өмнө инээдтэй байдалд орох болсон. Түүний бэлээхэн жишээ яруу найрагч Ж.Мөнхбат. Өмнөх засгийн үед Монгол Улсын сайдаар ажиллаж Засгийн газрынхаа гал тогоог барьж байсан тэрээр яасан ч хөнгөхөн юм бэ дээ. “Засгийн газрыг огцор гэж гарын үсэг зурсны төлөө миний зөвлөхийг орцонд нь үл таних хоёр хүн төмрөөр толгойг нь хага цохин, тархинд нь хүнд гэмтэл учруулж амь насанд нь ноцтойгоор халдлаа” гээд сүр дуулиан болгосон. Гэтэл зөвлөх нь үеэлтэйгээ л муудсан байдаг.

Улстөрчид дундаас хамаагүй ухаалаг харагддаг, Монголын сэтгүүл зүйн салбараас гаралтай бичгийн хүн, парламентад хэд хэдэн удаа сонгогдож байгаа, үзэж дуулснаараа бол бусдаасаа толгой дээгүүр байх ёстой Л.Энх-Амгалан гишүүн “Ерөнхий сайд намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэг тэмцэл бослогод уриалж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манай улсад ирээд зэвсэг нийлүүлжээ” гэж хүртэл Их хурлын индэр дээрээс ярих юм даа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын төлөөх фронтыг тэргүүлж байгаа нэгэн бол Дарханы Д.Хаянхярваа. Төрийн аппаратад анхан шатнаас нь зүтгэж аймгийн Засаг даргаар найман жил ажилласан нэгэн. Дараа нь Их хуралд гурван удаа сонгогдож төсвийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Сангийн сайд, намынхаа бүлгийн дарга гээд төрийн өндөр албыг хашиж ирсэн жинхэнэ төрийн хүн. Гэтэл тэрээр “Засгийн газар Ерөнхийлөгчтэй нийлээд парламентын засаглал руу дайрч байна. Монголын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул учруулах явдал өнөөдрөөс эхэлж байна. Ерөнхийлөгчийн засаглал руу гулсан орж парламентын засаглалыг таслан зогсоох хамгийн сүүлийн боломж энэ Засгийн газрыг унагаах юм” гэж чуулган дээр мэдэгдэхээр юу болох билээ. Монголын улс төр халуунаа дийлэхээ байгаад дэмийрч солиорч байгаагийн илрэл энэ. Яг жинхэнэдээ бол эрхэм түшээдийн хэлээд байгаа шиг зүйл болоогүй. Хамгийн наад захын бодит жишээ гэхэд Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу ороогүй байгаа. М.Энхболд даргатай парламентын танхимынхан ийм халуурал дэмийрэлтэй байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынхан бүр хэрээс хэтэрсэн.

Эрх барьж буй намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд хүн “Хөх монгол”, “Даяар монгол” гээч гудамжны нөхдийг цуглуулж төрийн ордонд хүлээн авч уулзан доошоо орохыг бид харлаа. Тэдгээр нөхөд нь бослого тэмцэлд уриалсан жагсаал цуглаан зохион байгуулж, завсар зайгүй хэвлэлийн хурал зарлан сүржигнэж байна. Мөн эрх баригч намын дарга Ерөнхий сайд маань чөлөөнд гарсан цэргийн офицеруудтай гүйж очин намынхаа байранд уулзаад, босч тэмцэн, дайрч давшлахыг нь өөрийнх нь хэлснээр зогсоож намжаасан юм байх. Ийм л хийрхсэн солиорол Монголын төрд өнөөдөр ид өрнөж байна. Төрийн солиорлыг дагаад нийгэм галзуурчихжээ, янз нь. Ямар сайндаа л дөрөвдүгээр цахилгаан станцын ойрхон цэргийн сургуулилт болж байхыг харсан хүмүүс “Зэвсэглэсэн цэргүүд төрийн ордон руу дайрах бэлтгэлээ хийж байна” гэж нийгэм даяар цуурах билээ.

Ардын намынхны бүлэглэл хоорондын хагарал хэрээс хэтэрч бүр сүүлдээ хүмүүсийн хувийн амьдрал, бэлгийн амьдрал чиг хандлагад хүртэл халдаж төрт ёсыг гутаан доромжиллоо.

Ингэж их дэмийрч, элдэв дээдээр нэгнээ хэлж, бузар булайгаа дуудалцчихаад Монголын улстөрч, эрх баригчид цаашид улс орноо хэрхэн яаж удирдах юм бол доо. Гэхдээ улс төрийн энэ их балайрал дэмийрэл нийгэмд ашиг тустай байна. Бүлэглэлүүд нууж хаасан хуйвалдаан бүхнээ ээлж дараалан дэлгэцгээж байна. Сүүлийн үеийн улс төрийн халуурлын үр дүнд ард түмэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар нь мөнгө хүүлсэн улстөрчдийг мэдэж авлаа. Их хурлын гишүүд, дарга сайдууд төрийн мөнгийг хувьдаа хэрхэн яаж завшдагийг бүлэглэлүүдийн хагарал дэлгээд өгчихлөө. Ард түмэн одоо улам хэрсүү болсон. УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлснээр бузар булайгаа улам л дэлгэлцээд бай, тэр нь магадгүй Монголын ард түмэнд ашигтай гэсэн нь үнэн болж байна. Уул нь бол Монголын төрд өрнөж буй уг үйл явц парламент засаглалын хувьд ердийн үзэгдэл юм. Засаг солигдох, намууд дотроо хагарах, улстөрчид муудалцаж сайдалцах, эрх ашгийн төлөө нэгдэх, нэгнээ бөөрөлхөж байгаад унагах, нэгнийхээ “но”-г нийтэд дэлгэх энэ бүхэн байдаг л зүйл. Парламент засаглал ийм л өнгө төрхтэй явдаг. “Юм яаж ч муудсан сайжрах тийшээгээ явдаг” гэж эрэлхэг цэрэг Швейкийн хэлснээр парламентын засаглал сайн тал руугаа явж байгаа.

“Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэгчээр улс төрийн энэ бужигнаанаар их сайндаа л сонгууль наашилна биз. Гэхдээ тиймдээ тултал ч өдий л дөө. Үүнээс аюултай юм нэг хүний засаглалд орж гадны нөлөөлөлд автан тусгаар тогтнолоо алдах. Энэ бол хамгийн том аюул. Нэг хүний засаглал буюу авторитар дэглэм тогтож улс оронд эмх замбараагүй байдал үүсэхэд гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирдэг.

Ингэж тухайн улс аажмаар тусгаар тогтнолоо алддаг. Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстан гээд дарангуй дэглэмд шилжээд сөнөсөн орнуудыг бид сайн мэднэ. Тэгэхээр хамгийн аюултай зүйл бол нэг хүний засаглалд орох гэдгийг дахин онцолмоор байна. Түүнээс улс төрийн энэ бужигнаан бол байдаг ердийн зүйл.

Харин улс төрийн бужигнааныг дагаад эдийн засаг хямардаггүй байх хэрэгтэй. Эдийн засаг улс төрөөс улам бүр хол байх нь зөв юм. Нэг үеэ бодвол эдийн засаг улс төрөөс холдсон нь ажиглагддаг. Хуучин бол төр бужигнахад хэвийн ажилладаг албан газар гэж байдаггүй байсан. Төрийн үймээнийг дагаад эдийн засаг хямралд ордог байсан. Одоо бол өөр болжээ. Яамных нь сайд “ЖДҮ”-ийн хэргээр огцорсон байхад хөдөө аж ахуйн ажил явдгаараа явж байна. Манай улс 444 мянган тонн үр тариа, үүнээс 428 мянган тонн улаанбуудай, 167 мянган тонн төмс, 99 мянган тонн хүнсний ногоо хурааж авснаа саяхан салбарын яамнаас нь мэдээлсэн. Дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангана гэдгээ хэлсэн. Хүн бүр худалдаа наймаагаа эрхлээд, бараа таваараа зараад дор бүрнээ ажиллаж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийж М.Энхболдыгоо газрын наймаачнаар нь цоллон, жаран тэрбумыг нь дахин сөхөөд сүржигнэж байх хойгуур хар баасан гаригийн хямдрал зарлагдаад их хотын амьдрал бужигнаантай байх жишээний. Энэ мэт улс төрийн бужигнаан, эрх баригчдын албан тушаалын төлөөх тулаан ард түмний амьдрал болоод эдийн засагт тийм ч хамааралтай зүйл биш. Улстөрчид өөрсдөө харин бужигнаан үүсгээд олон түмний анхаарлыг татаж чадахгүй болохоор “Долларын ханш тэнгэрт туллаа, нүүрс зарагдахаа болилоо. Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ” гэж хий хоосон сүржигнэдэг. Тэгэхээр улс төрийн солиорол дээд цэгтээ тулж байсан ч эдийн засаг дархлаагаа улам бататгаж, аливаад гуйвж дайвдаггүй байх хэрэгтэй.