Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 02-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Төрийн удирдлага” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуульд болно. Утас: 99079520

10.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам болно. Уас: 88012976, 89844589, 80001323

10.00 цагт Монголын хүүхдийн ордон “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99049991, 70113039

13.00 цагт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99945858

13.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Монгол өв соёл” дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад болно. Утас: 11321052, 99189454, 88444845

13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

14.00 цагт “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018” тус сургуулийн Оюутан театрт болно. Утас: 99237173

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: Төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал дутагдаж байна

УБТЗ, ГЕГ, МХЕГ-аас төмөр замаар ачаа тээвэрлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хамтарсан зөвлөгөөн өчигдөр болж өнгөрлөө. Зөвлөгөөний үеэр төмөр замын тээврийн тариф, зүтгүүр, вагоны хангалт, цемент болон аюултай ачаа, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт зэрэг олон асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр УБТЗ-ын орлогч дарга Г.Ганболдтой ярилцлаа.


-Энэ жил төмөр замаар 25 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна. Төмөр замын хүчин чадал ямар түвшинд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жилд 32 сая тонн тээвэрлэгдэх ачаа байна. Үүнээс бид өөрсдийнхөө бүх хүчин чадлаа ашиглан 25 сая тонн ачаа тээвэрлэнэ. Үүнийг цааш нь нэмэгдүүлэхийн тулд УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жилээс эхлэн Дохиолол холбооны төслийн ажлыг эхлүүлсэн. Энэ төслийн ажил нэг жилийн дараа дуусна. Уг төсөл амжилттай дуусах үед манайх 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Түүнээс цааш 30, 40 сая тонн болж нэмэгдэж байгаа ачааны хэмжээнд хүрч нэвтрүүлэх чадвартай болохын тулд УБТЗ-ын суурь бүтэц, техникт шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд нэлээд хэмжээний хөрөнгө шаардана. Орос, Монгол хоёр улсын холбогдох төрийн байгууллагуудын гаргах шийдвэрээс энэ бүрэн шалтгаална. Түүнээс биш бид өөрсдийн орлогоор энэ ажлыг хийж чадахгүй.

-Нэвтрүүлэх хүчин чадал гэдэгт юу хамаарах вэ?

-Өртөө, зөрлөгийн хоорондох замын хос болгох, нэмж өртөө, зөрлөг барих, цахилгаанжуулах зэрэг ажлууд бүгд орно. Хөдлөх бүрэлдэхүүн буюу вагон зүтгүүрийг нэмлээ гээд нэвтрүүлэх чадвараа сайжруулахгүй юм бол бид явж чадахгүй.

-Зөвлөгөөний үеэр зүтгүүрүүдийг засвар үйлчилгээнд хамруулах шаардлагатай байна гэсэн асуудлыг хөндөж байсан?

-Өнөөдрийн байдлаар УБТЗ-д 10 мянга орчим вагон эргэж байгаа. Эдгээр вагоны 3000 нь УБТЗ-д харьяалагддаг. Бусад нь Монголын төмөр зам компани, хувийн хэвшил, ОХУ-аас тээвэрт оруулж ирж буй гадны эзэмшлийн вагонууд юм. Цаашдаа УБТЗ өөрийн вагоны тоог нэмэгдүүлэхээсээ илүү замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг л зохион байгуулна. Зүтгүүрийн аюулгүй байдлыг бид хангах ёстой. Энэ үүднээсээ зүтгүүрийг шинэчлэх, хангах асуудлыг хийж байна. Ирэх жил 10 орчим зүтгүүрийг шинээр түрээслэх шаардлага бий. Үүнийг үргэлжлүүлнэ. Ирээдүйд зүтгүүрийн паркийг цахилгаанжуулах асуудал яригдана. Түлшний үнэ, валют өсч байхад манайх нэг ч тарифаа хөдөлгөөгүй. Хөдөлгөе гэсэн шаардлагаа тавьсан. Дээр нь манайх нийгмийн өмнө хүлээх үүргийнхээ дагуу зорчигч, нүүрс тээвэр хэдий алдагдалтай байсан ч зогсоолгүй үргэлжлүүлж ажиллаж байгаа.

-Орон нутгийн зорчигч тээвэр жилд хэдий хэмжээний алдагдалтай ажилладаг вэ?

-Энэ жил гэхэд 40-өөд тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Дотоодын цахилгаан станцуудын нүүрсний тээвэрт ч мөн адил хэмжээний алдагдал гардаг. Эдгээр алдагдлыг голцуу транзит, экспортын тээврээс олсон ашгаараа нөхдөг. Үлдсэн хэсгийг нь ажилчдынхаа цалинд өгөөд л таардаг. Биднийг асар их орлоготой гэж ойлгоод байдаг. Тийм биш.

-Одоогийн байдлаар хэдий хэмжээний вагон хэрэгтэй байгаа вэ?

-1400 орчим вагон, 13 зүтгүүрийн шаардлага бий. Үүнийг шийдэхээр оролдож байна. Вагоны асуудал хүнд байгаа. ОХУ-аас шинээр вагон захиалж авья гэхээр үйлдвэрүүд 2025 хүртэл захиалгатай болчихсон. Тиймээс манайд хоёр, гурван мянгаар нь вагон үйлдвэрлэж өгч чадахгүй гэдэг. Нөгөөтэйгүүр шинээр вагон худалдаж авдаг мөнгө нь хаана байна. Өнгөрсөн жил 2000 вагон авъя гэсэн тохиролцоо ОХУ-тай хийсэн. Үүний түрүүч 600 вагоныг авсан. Гэтэл янз бүрийн улсуудын ашиг сонирхол байсан уу яасан бүгдийг нь таслан зогсоосон. Өнөөдөр үлдсэн 1400 вагон ОХУ-д алга. Учир нь тэр зах зээлийн эрэлт, хэрэгцээ байгаа учраас эдгээр вагонууд аль хэдийнэ зарагдчихсан. Тэгэхээр ирэх жил экспорт хийдэг хүмүүст төмөр замын вагоны асуудал хүндхэн тусах байх.

-Одоо тээвэрт явж байгаа вагоны насжилт, ашиглалтын талаар?

-Түрүүчийн вагоны насжилт 35 жил болж байна. Бидний хамгийн шинэ вагон гээд байгаа маань 18 жилийн настай. Таван вагон бид өөрсдөө угсарч, тээвэрт оруулсан. Энэ угсралтын ажлаа бид цаашдаа үргэлжлүүлнэ. Гэхдээ өнөөгийн зорилтыг гүйцээж чадахгүй шүү дээ.

-Төмөр замын аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болжээ. Аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ерөөсөө төмөр замын тээврийн нэг номерын асуудал бол аюулгүй байдал. Хөдлөх бүрэлдэхүүн, замын их засвар энэ бүгдийг хийхгүй бол аюулгүй байдал өдрөөс өдөрт муудна. Аюулгүй байдлаа хангахын тулд дахиад л хөрөнгө шаардагдана. Үүнээс гадна дүрэм журмаа баримтлан ажиллах ёстой. Төмөр замчид аюулгүй байдлаа орхигдуулаагүй. Бүх дүрэм журмын шаардлага хангасан хөдлөх бүрэлдэхүүн замд гарах ёстой. Тэр замд гарах ёстой шаардлагыг ханган ажиллаж байна гэв.

Зөвлөгөөний үеэр төмөр замын тээврийн тарифын асуудал хөндөгдөж байлаа. Барилгын материалын үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвшөөрлөөр тээврийн тарифыг 3-21 хувиар өсгөх асуудлыг шийдсэн байгаа юм. Зөвлөгөөнөөр дахиад өсөх тухай хэлж байна. Бидний зүгээс энэ шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн тариф нэмэгдсэн. Жишээлбэл, 2012-2014 онд тариф 50 хувиар өссөн. Үүнийг тогтворжуулахгүй хэвээр орхивол үйлдвэрүүд төмөр замд өрд орж, ачаагаа тээвэрлүүлж чадахгүй болно. Нөгөө нэг асуудал нь барилгын материалаас хамгийн их ачаа тээвэрлэдэг нь цементийн үйлдвэрүүд байдаг. Сүүлийн дөрвөн жилд томоохон үйлдвэрүүд ашиглалтад орчихсон. Эд нарыг тарифын хөнгөлөлтөд оруулж өгөөч ээ гэж хэлж байгаа. Экспортоор жилд 2.5 сая тонн цемент гаргах бололцоотой болчихлоо. Тэгэхээр ОХУ-аас үзүүлдэг гаалийн тарифын хөнгөлөлтийг бид эдлэх юм бол экспорт хийх боломж бүрдэнэ. Өмнө нь бага хэмжээгээр экспорт хийж байсан туршлага бий. Зах зээл ч бий. ОХУ Олон улсын худалдааны байгууллагын гишүүн болсон. харьцангуй аажмаар олон улсын хэлэлцээрийн дагуу хил гаальтай холбоотой бүх төрлийн асуудлуудаа цэгцэлж байгаа. Тиймээс хойд хөрш маань манай асуудлыг нааштай шийдвэл бидэнд зах зээлгүй байгаа өнөө үед томоохон дэмжлэг болох юм” хэмээн өөрийн саналаа дэвшүүллээ.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Их морь одтой, шар нохой өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 2, Сугар гариг. Билгийн тооллын 24, Их морь одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 7:38 цагт мандан, 17:37 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ер нь парламентаа тарааснаас Ерөнхийлөгчөө өлсгөсөн нь Монголын ард түмэнд гарз багатай болов уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ер нь парламентаа тарааснаас Ерөнхийлөгчөө өлсгөсөн нь Монголын ард түмэнд гарз багатай болов уу” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн , Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Цаашид Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй гэж “Улс төр” нүүрт ярив.

“Эдийн засаг” нүүрт Дэлхийн банкнаас хил дамнасан худалдаанд гардаг хүндрэлүүдэд анхаарахыг зөвлөв гэжээ.

Д.Ангар: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих мөнгө ББСБ руу орсон байх өндөр магадлалтай гэж “Цаг үе, үйл явдал” нүүрт бичжээ.

“Улс төр” нүүрт Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийн асуудлаар учраа олохгүй л явна гэв.

“Нэг ангийнхан” нүүрт Сэтгүүл зүйн салбарт “манлайлагч” олонтой нэг ангийнхан оржээ.

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар: Хар тамхи, мансууруулах бодист хэт залуугаараа уруу татагдаж, хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Үзэл бодол” нүүрт Дэлхий даяараа тоглож буй ПАБЖИ хэмээв.

Хишигтогтохын АлтАнгэрэл: Дан хөгжмийн олон бүтээл минь улсын санд орсон хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

“Дэлхийн мэдээ” нүүрт Daily Mirror: Хатан хаан Елизавета хүү Чарльзыг гурван жилийн дараа хаан ширээнд суулгана гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд тус системийн ашиглалтын талаарх сургалт өнөөдөр боллоо.

Дээрх 47 үйлчилгээний тоонд багтсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/30 дугаар тушаалаар байгуулан, туршилтын хувилбарыг бэлэн болгож, сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчдын дунд зохион байгуулсан юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /eservice.ulaanbaatar.mn”/ нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй болж, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж УБЗАА-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Эрүүл мэндийн даатгалын санд цахим систем нэвтрүүлнэ

Ирэх оны Улсын төсвийн урсгал зарлагад хийх шинэчлэлүүдийг танилцуулвал, цахим бүртгэл хяналтын талаар төрийн албан хаагчдын орон тоо, цалингийн нэгдсэн цахим систем, Эрүүл мэндийн даатгалын санд мөн цахим систем нэвтрүүлэхээр болоод байна.

Мөн төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр үзүүлэх үйлчилгээний тоог нэмэгдүүлэхээр болжээ. Хэрэглээний зардлын хэмнэлтийн тухайд төрйн захиргааны байр ашиглалтын зардлыг бодит хэрэглээгээр төлөвлөх, тоолууртай болгох, шатахууны зардлын зохистой хэрэглээг хэвшүүлж, ухаалаг систем нэвтрүүлэхээр болжээ. Байгууллагын үйл ажиллагааны зардлын тэлэлтийг хязгаарлаж технологи нэвтрүүлж ашиглана гэсэн байна.

Ижил сургууль, цэцэрлэгт харилцан адилгүй төсөв хуваарилдаг байдлыг арилгаж санхүүжилтийг ил тод болгоно гэсэн байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт сум, өрхийн эмнэлэгт ЭМД-ын сангаас санхүүжилт олгож, Улсын 2-р төв эмнэлэг, ХСҮТ-ийг бие даалгаж хүрэх үр дүнгээр нь тооцон санхүүжүүлэхээр болжээ Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үе шаттайгаар ялгаваргүй олгохоор төлөвлөжээ. Боловсролын салбарт багшийн үр дүнгийн урамшууллыг элсэлтийн ерөнхий шалгалт болон анги дэвших шалгалтын үнэлгээтэй уялдуулан олгохоор ирэх оны төсөвт төлөвлөөд байна. Ижил сургууль, цэцэрлэгт харилцан адилгүй төсөв хуваарилдаг байдлыг арилгаж санхүүжилтийг ил тод болгоно гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчнийг устгах олон талт асуудлыг хэлэлцлээ

Сүрьеэ өвчин дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн тархалтыг таслан зогсоож, 2035 он гэхэд нас баралтыг 95%, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлэн тавьсан юм.


Сүрьеэ өвчинтэй тэмцэх асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Оросын Холбооны Улсын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сард Дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг Москва хотноо зохион байгуулж, “Москвагийн тунхаглал”-ыг баталсан. Мөн энэ оны есдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганаар сүрьеэгийн асуудлыг тусгайлан хэлэлцэн, “Сүрьеэтэй тэмцэх Улс төрийн тунхаглал”- ыг баталсан юм.
Сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж, УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдан, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүрьеэтэй тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага, манай улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, зөвлөмж гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы зорилт

  • Сүрьеэ өвчнийг устгахад улс төрийн тогтвортой дэмжлэгийг авах
  • Эрүүл мэндийн бус салбарын үр дүнтэй оролцооны талаар хэлэлцэх,дэмжлэгийг хангах
  • Хувь хүн, гэр бүл, нийгэм, эрүүл мэнд болон эдийн засгийн дарамт учруулж буй сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянахад үйлчлүүлэгч төвтэй, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр Монгол улсын болон бусад орны тэргүүн туршлага, сургамжийнтухай мэдээлэл солилцох
  • Монгол улсад сүрьеэ өвчнийг устгахад чиглэсэн олон талт хамтын үйл ажиллагааг тодорхойлох
  • Хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн ажилтан, шийдвэр гаргагчид, өвчтөний төлөөлөлөөр дамжуулан сүрьеэгийн тухай нээлттэй ярилцах, нийт хүн амын дунд сүрьеэгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх

Хүрэх үр дүн

  • Монгол улсадсүрьеэ өвчнийг устгахад чиглэсэн олон талт хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагаа тодорхойлно.
  • Сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянахад үйлчлүүлэгч төвтэй, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тэргүүн туршлага, сургамжийнтухай мэдээлэлтэй болно.


Сүрьеэгээс сэргийлэх, хянах талаар нийт хүн амд мэдээлэл түгээнэ
Чуулганд Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн Иргэдийн Хурал, Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 220 гаруй хүмүүс оролцож байна. Чуулган маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл”-ийн дэд зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус дэд зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдан зохион байгуулдаг. Үндэсний өгөх өдрийг угтан Засгийн газраас манай яаманд ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй хоёр өрхийн ахуй амьдралыг дэмжих хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.

Яамны нийт албан хаагчид, дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамт олон оролцож сэтгэлийн хандив цуглуулсан юм.

Үндэсний өгөх өдөрт зориулан өрнүүлсэн БСШУСЯ-ны хамт олны сайн үйлийн аяныг Шинэ анагаах ухаан их сургууль, Идэр их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль, Улаанбаатар Олон улсын их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн удирдлага, хамт олон дэмжин гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гардууллаа. Их дээд сургуулийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй Р.Болджаргал, Б.Энхбаатар нарын хүүхдүүдийг үнэ төлбөргүй суралцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Аяны хүрээнд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан Ранжинхүүгийн Болджаргалд иж бүрэн тавилгатай гэр бэлэгллэсэн юм. Тэрээр эхнэр таван хүүхдийн хамт хадам аавындаа арав гаруй жил амьдарч иржээ. Удахгүй зургаа дахь хүүхэд нь мэндлэх гэж байгаа аж. Мөн Балдангийн Энхбаатарт төмөр эдлэл хийх төхөөрөмж, суурь машин худалдаж авахад нь зориулж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Харааны бэрхшээлтэй тэрээр өөрөө бие даан төмөр эдлэл хийхэд суралцаж, түүгээрээ өрхийнхөө амьжиргааг залгуулдаг байна. “Суурь машин худалдаж авах нь миний мөрөөдөл юм. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсондоо баяртай байна” хэмээн Б.Энхбаатар ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн бүсчилсэн сургалт боллоо

“Уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны хохирол тооцох аргачлал” сэдэвт бүсчилсэн сургалт Дорноговь аймагт эхэллээ. Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчид, аймгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд Дорноговь аймгийн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ийн үеэр мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбоотой 17 албан тушаалтны нэрс

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс зохион байгуулсан билээ. Энэ уулзалтын үеэр их хэмжээний мөнгийн хувьдаа завшсан байж болзошгүй, тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудын нэрс ил болж эхэллээ. Үүнд хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум, ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг шамшигдуулсан гэх хэрэг байна. Уг нь Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн тухай өнгөрсөн 6-р сард олон нийтэд танилцуулж байсан.

Тухайн үед АСЕМ-г зохион байгуулахдаа их хэмжээний буюу 290,8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэгдэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар болсон гэж байсан боловч чухам хэн хэн байсныг нууцалсан.

АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнуудын нэрсийг уншигчдад хүргэе.

Үүнд:

  • 1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
  • 2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан
  • 3. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар
  • 4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг
  • 5. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан
  • 6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан
  • 7. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа
  • 8. Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж
  • 9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх
  • 10. Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан
  • 11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат
  • 12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал
  • 13. Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
  • 14. НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун
  • 15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал
  • 16. НХААГ-ын дарга С.Ганбаатар
  • 17. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

нарын нэр бүхий 17 албан тушаалтан 290,8 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байна.