Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төслийг батлав.

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Мөн “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Тогтохсүрэн гишүүн, “Засгийн газар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг 2020 он болгож хойшлуулсан. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй байсан хэмээн тайлбарлаж байгаа. Гэхдээ иргэдийнхээ тэтгэвэрт гарах боломж, нөхцлийг бүрдүүлэх үүднээс уг хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх эхлэх хэрэгтэй” хэмээв.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, “Засгийн газраас ирэх онд ОУВС-тай дахин уулзалт хийж, уг хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх асуудлаар хэлэлцээрт орж болно. Хэрэв ОУВС зөвшөөрөх юм бол хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой” гэсэн тайлбар өглөө.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг батлахыг дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Согоог янзагатай нь буудаж хөнөөсөн этгээдүүдийг шалгаж байна

Төв аймаг дахь Цагдаагийн газарт аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай ажиллаж, Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр жаргалан хэмээх газарт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг илрүүлсэн аж. Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний хугацааг хэлжээ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээх этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийг цуглуулахад Америйн эрх баригчдад хэдхэн долоо хоног хэрэгтэй байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “ KMOX” радиогийн хөтлөгч Марк Рирдоны нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. Саудын Арабд авах цаашдын арга хэмжээнүүдийн талаар түүнээс тодруулахад “Бид нөхцөл байдлыг тодруулсаар байгаа.Үнэхээр хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж чадах эсэхийг шийдвэрлэхэд бидэнд хэдхэн долоо хоног шаардлагатай байна. Гэхдээ бид үүнийг хийж чадна гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. М.Помпео АНУ болон Саудын Арабын эрх баригчдын харилцааг гүнзгий бөгөөд урт хугацааны хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн тэрбээр Турк дахь Ерөнхий Консулын газар Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг байж боломгүй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн сацуу энэ хэргийг хариу арга хэмжээ авалгүйгээр өнгөрөөхгүй гэж амлажээ.

Categories
мэдээ нийгэм

“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” аян эхэллээ

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян 11 дүгээр сарын 21-ийг дуустал үргэлжлэх аж.

Дашрамд сонирхуулахад, сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо 2017 онд 2.9 сая, 2018 онд 3.1 саяд хүрсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна.

Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах, тэдэнд сөрөг нөлөөтэй садар самуун, хүчирхийллийг сурталчилсан контентууд ихээр гарах болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас санаачлан хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Тэгвэл “Unfriend” хөдөлгөөний үргэлжлэл болгон “Цахим орчинг зөв болгоё” хэмээх дараагийн аянг өрнүүлж байгаагаараа онцлог аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд мал аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг танилцуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой дөрвөн асуудал багтсан байна. Тухайлбал,Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт” сэдвээр мэдээлэл хийнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.10 цагт, 50.7 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн, “АН-ын гишүүд хуралдаа орж ирэхгүй байна. Тус бүлэг Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа юм. Энэ асуудлыг эцэслэн шийдэхгүйгээр шууд төсөв батлах нь буруу. Тиймээс МАН болон АН зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй. Энэ хуульд төрийн удирдах албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохоор шүүхэд хандах асуудлыг таслан зогсоох заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, төр ямар ч хяналтгүй болно гэсэн үг” хэмээв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд, “Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт орон даяар амарна. Тиймээс төсвийг өнөөдөр батлахаас өөр аргагүй. Миний бие АН-ын бүлгийг хуралдаа суухыг хүссэн албан бичгээ хүргүүлсэн” гэсэн тайлбар өглөө.

Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Зарим хүнд мөргөж сөгдөөд ч олддоггүй зээл заримд нь өөрөө мэдээгүй байхад орчихсон байх юм

Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн зээл гэдэг асуудал Монголын нийгэм, улс төрийн амьдралд цаашлаад төр засагт ноцтой нөлөөлөх будлианы эхийг тавьж, бүр үймээн самуун дэгдээх магадлалтай болж байна. ЖДҮ-ийн зээл гаргадаг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. 1-3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээл нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар нь бодлогын хувьд зангидаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаараа дамжуулж зээл олгодог. Улсаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжихийн тулд жил бүр олон тэрбумыг төсөвт суулгадаг. Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гурван их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26.454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7.536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Харин 2018 онд 97.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. ЖДҮ-ийн зээлийн зориулалт бол үндсэндээ жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих. Маш бага, 1-3 хувийн хүүтэй энэ зээлийг авчихсан байхад 24 хүртэлх хувийн өндөр хүүтэй арилжааны банкнуудын зээлийн дэргэд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.

Энэ зээлийг авах нь ашигтай учраас Монгол Улсын төр засгийг барьж байгаа сайд, УИХ-ын гишүүд гараа дүрж, тэдний гараар энэ зээл ороод дуусах юм байна. Үүнтэй холбоотой хэрэг, дуулиан сүүлийн үед илэрч олны анхаарлын төвд ороод байна. ЖДҮ-ийг дэмжих зээл авах санаатай хөөцөлдсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хоосон хоцордог гэнэ. Үүнээс үзэхэд зээл авах эрэлт их ч, нийлүүлэлт нь бага байгаа мэт харагдана. Гэтэл үнэндээ нийлүүлэлт нь зээл хүсэгчдийн ядаж тал хувьд нь хүрэх бололцоотой байдаг ч дээгүүр нь дарга, сайд нар, УИХ-ын гишүүд “тоншчихдог” учир жижиг, дунд үйлдвэрлэгчид хоосон хоцроод байдаг. Тэгэхээр зээл хөөцөлдсөн иргэдийн 20 хүрэхгүй хувь нь тэнгэрийн умдаг атгадаг бол бусад нь хүртдэггүй, бүгдэд нь хүрдэггүй. Зарим нь мөргөж сөгдөөд ч олж чаддаггүй зээл заримд нь мэдээгүй байхад нь данс руу нь орчихсон байдаг юм байна.

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би мэдээгүй. Тийм юм байна билээ. Яриа гараад байхаар нь шалгасан чинь өчнөөн мөнгө орчихсон байна лээ. Би шалгарсан гэдгийг сүүлд мэдсэн” гэж ард түмнээр даажигналаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн Б.Батзоригоос авахуулаад УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн энэ сангаас зээл авсан хэрэгт холбогдоод байгаа. Энэ бол эрхэлсэн албан тушаал, эрх мэдлээ ашигласан шударга бус хэрэг.

Үүнийг Эрүүгийн хуулийн “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гэх 22.2 дугаар зүйлд “Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасч дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байсан юм байна билээ. Гэтэл энэ заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-нд Эрүүгийн хуулиас хасч хүчингүй болгосон талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттерт жиргэсэн байсан.

Гэхдээ өөрийн давуу байдлыг ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан дээрх нөлөө бүхий нөхөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг зөрччихөөд байгаа юм. Уг зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасч таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэлх хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж бэлээхэн заачихсан байна. Тийм учраас ХХААХҮ-ийн сайдыг огцруулж, ЖДҮ-ийн зээлийг өөрсдийнхөө компанидаа авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах хэрэгтэй болох нь. Монголын нийгэм ядуудаа, тарчигтаа бухимдаад байгаа нь бас чиг гайгүй шүү. Гэхдээ бухимдах нь бухимдаж байгаа, үнээн. Хамгийн гол нь энэ болж байгаа үйл явдалтай адилхан шударга бус үйлдэл, нийгмийн шударга бус байдалд л асар их бухимдацгааж байгаа. Дээрх гишүүн, сайд, эрх мэдэлтэй хүмүүсийн увайгүй үйлдэл энэ нийгмийн бухимдлыг гал дээр тос нэмэх мэт улам дүрэлзүүлж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг нэг яам, нэг сайд, даргын харьяанд оруулчихаар тэр эрх мэдэлтэн л өөрийнх юм шиг хуваарилж, хувьдаа завших, эсвэл өөрийнхөө сонгогдсон тойрог руу илүүтэй гулсуулах үзэгдэл яваад байж мэднэ. Шударга, зарчимч үйл ажиллагаатай арилжааны аль нэг банк руу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө олгох процессыг шилжүүлж даалгаж өгөх нь хамгийн зөв. ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулж олгох нь хэн нэг даргын нөлөө, эрх мэдлээ ашиглаж өөртөө болон хамааралтай хүмүүс рүүгээ төсвийн мөнгийг шилжүүлэх шударга бус үйлдэл алга болно. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч энэ талаар тусгаж эрх мэдэлтнүүд жирийн иргэд, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулж төсвөөс гаргадаг мөнгө рүү гараа дүрдэггүй болгох цаг нь болчихоод байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр зөвшилцөх, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Уг үйл явдал нь Монгол Улсад анхны тохиолдол учир хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна л даа. Энэ нь хэр зөв шийдвэр гэж та харж байна вэ?

-Үндсэн хуулиараа ч тэр, Ерөнхийлөгчийн тухай хуулиараа ч тэр төрийн тэргүүн УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй. Эрхийнхээ хүрээнд санал гаргасан гэж ойлгож байгаа. Хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдгийг Үндсэн хуулиараа УИХ өөрөө шийднэ. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь таръя гэсэн санал гаргавал тарах Үндсэн хуулийн заалттай. Тийм учраас УИХ хэлэлцээд шийдвэрээ гаргах болов уу. Ерөнхийлөгийн албан бичигт дурдсанаар болон C1 телевизээр ярьж байгаагаас нь харахад хоёр үндэслэлтэй юм билээ. Нэгдүгээрт, “УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж хөнгөлөлттэй зээл авч, өөртөө болон гэр бүлдээ давуу байдал олгосон байна. Уг асуудал нь олон түмний шүүмжлэлд өртөж байна. Энэ нь байж болохгүй зүйл. Тиймээс УИХ тарах хэрэгтэй байна” гэдэг үндэслэл гаргасан байна лээ. Одоогийн байдлаар ЖДҮХС-гаас өөрийнхөө хамаарал бүхий компанид тав, зургаан гишүүн зээл авсан гэж яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн албан бичигт 50 гишүүн гэсэн байсан. Миний хувьд л гэхэд ЖДҮХС-гаас зээл аваагүй. Үүнийгээ албан ёсоор хэлье. Өмнө нь авч байгаагүй, авах тухай бодол ч байхгүй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч “Хөдөө аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрүүдийг олноор бий болгомоор байна. Хөдөө аж ахуйг Монголын хөгжлийн гарц болгох хэрэгтэй. Тийм учраас энэ асуудалд мөнгө төсөвлөх ёстой” гэдгийг голлож ярьсан байна лээ. Манай намын бүлэг дээр ч энэ тухайгаа ярьсан. Уг санаа нь бол зөв. Бид ч дэмжиж байгаа. Хөдөө аж ахуй бол цаашдаа уул уурхайн дараа орох манай улсын хөгжлийн гол салбар мөн. Гэхдээ 500 сая ам.доллар буюу 1.2 орчим их наяд төгрөг улсын төсөвт суулгах шаардлагатай. Монгол Улсын өнөөгийн төсвийн байдал энэ мөнгийг нэг дор суулгах боломж бага. Хоёрдугаарт, тэр үйлдвэрүүдийг төр өөрөө барьж болохгүй. Бизнес эрхлэгчид л барих ёстой. Бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор л дэмжинэ. Иймд цаашдаа “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Хөгжлийн банкаар” дамжуулж энэ зээлийг олгох эсэх талаар ярилцаж байгаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч “Гишүүн бүр тойрогтоо найман тэрбум төгрөг хуваарилаад авчихсан, түүнийгээ өөрсдөө зарцуулж байгаа” гэж ярьсан байна лээ. УИХ-ын гишүүн бол хөрөнгө зарцуулдаг, томилгоо хийдэг хүн биш. Хөрөнгө зарж, хүн томилдог нь Засгийн газар, аймаг орон нутаг. Ерөнхийлөгч 2004-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүний хувьд сайн мэдэж байгаа. Тэгэхээр нийгэмд буруу ойлголт өгөх хэрэггүй л болов уу.

-Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараахыг хүсч байгаа юм бол өөрөө ч огцрох ёстой гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлж байгаа. Ер нь ийм нөхцөл байдал үүсгэх нь хэнд ашигтай юм бэ?

-Бид барьцаанд орчихсон юм шиг зүйл ярьж болохгүй л дээ. УИХ огцрохгүй, харин та огцор гэх зүйлийг ярьж болохгүй. Хувь хүний гэхээсээ илүүтэйгээр хариуцлагын тогтолцоог бид хууль эрх зүйдээ бүрэн суулгаж өгөөгүйтэй холбоотой гэж харж байна. Өмнөх дөрвөн жилд ч гэсэн УИХ-ыг тараая, Засгийн газраа огцруулъя гэж ярьж байгаад л орхисон. Манай өнөөдрийн Үндсэн хуулиар УИХ тарах тун хэцүү. Тиймээс бид бие биеэ огцруулна гэж барьцаж байхаар одоо болохгүй байгаа засаглалын хямралыг яаж даван туулах уу, яаж төр засагт сонгогдож, томилогдож байгаа хүмүүсийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх үү гэдэгт хамтарч, хүч гаргаж ажиллах хэрэгтэй.

Ер нь засаглалын хүрээнд өнөөдрийн энэ болж байгаа үйл явцтай холбогдуулаад цаашдаа засах, сайжруулах, өөрчлөх шаардлагатай олон асуудлууд бий. Үүнийг УИХ тарснаар шийдэхгүй. Энэ асуудал Үндсэн хуульд өөрчлөлт орсноор л шийдэгдэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цаашдаа засаглалын хямралыг гаргахгүй байхад чиглэсэн өөрчлөлт хийж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр УИХ дангаараа бие дааж төсвийн шинэ зардал үүсгэхгүй байх, төсвийг өндөр алдагдалтай батлахыг хориглож байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалыг сайжруулах, УИХ-ын эрхийг хязгаарлаж Засгийн газрын эрхийг нэмэгдүүлэх, орон нутгийн томилгоог иргэд рүү чиглүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох, шүүхийг хараат бус болгох чиглэлээр хийгдэнэ. Тиймээс УИХ-ыг тараая гэхээсээ илүүтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хурдан хийж цаашдаа засаглалын хямрал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. УИХ-ыг тарааж болно. Дахиад шинэ УИХ гарч ирнэ. Эрх зүйн орчин нь адилхан юм чинь яг л ийм байдалтай явна. Өнгөрсөн 28 жил ч ингэж явсаар ирсэн. УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр Ерөнхийлөгч, УИХ-ын зүгээс зөвшилцөх, ярилцах, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой. Дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ч хийх хэрэгтэй. Ингэж байж 2020 онд бүрдэх парламент үүсээд байгаа асуудлыг дахиж гаргахгүй болов уу.

-Ерөнхийлөгчийн уг саналыг УИХ-аар хэлэлцэх үү?

-Үндсэн хуулиараа бол УИХ-ын даргатай зөвшилдөх ёстой. УИХ дарга зөвшилдөх эсэхээ УИХ-тайгаа ярих байх. Ганцаараа шууд хариу өгчихгүй болов уу гэж бодож байна. УИХ-ын дарга зөвшилцөхгүй гэж үзвэл парламент руу орж ирэх юм билээ. Парламентаар хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна. Хэлэлцэгдэх нь ч зөв байх. Үндэслэл зэргээ ч ярих хэрэгтэй. Энэ нь дарагдаад өнгөрчихгүй харин ч засаглалынхаа болж, бүтэхгүй байгаа зүйлийг засч, сайжруулах ёстой юм. Ингэхгүйгээр хоорондоо байлдаад байх нь зохисгүй. Энэ хямралаас гарах эрх зүйн орчин л бүрдүүлэх хэрэгтэй.

-Сайд, УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Холбогдсон нэр бүхий хүмүүст ямар хариуцлага ногдуулах ёстой гэж үзэж байна?

-Манай гишүүдийн хувьд ЖДҮХС-гаас зээл авсан нь буруу гэж харж байгаа. Энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Цаашдаа ийм байдлыг манай гишүүд гаргадаггүй байх ёстой. Үүнийг тэвчдэг байх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийн зээлд зарим нь санаатай ч холбогдсон байх. Зарим нь санамсаргүй ч холбогдсон байгаа болов уу. Гэхдээ л энэ хүмүүс ард түмнээсээ уучлал гуйж, мөнгийг нь буцааж төлөх хэрэгтэй. Төсвийн мөнгийг шамшигдуулж, концесс гээд аваад давхичихсан биш, хүүтэй нь зээлсэн гэж харж байгаа хүмүүс байгаа л байх. Энгийн агуулгаараа бол тэгж харагдаж байгаа. Түүгээр нь бодох юм бол буцаагаад төлчих хэрэгтэй. Дахиж ийм зүйл давтагдах боломжгүй болтол нь гарах гарцуудыг нь хаах ёстой гэж бодож байна.

ЖДҮХС-гийн зээлийг нээлттэй болох чиглэлээр санал гишүүдийн нэг нь би. Өнгөрсөн жил ч би “ЖДҮХС-гийн зээлийг орон нутагт өг. Тэд бизнес, төрийн бус байгууллага, банкныхаа төлөөллийг оруулаад шийдэх ёстой. Мөн ЖДҮХС-гийн мөнгийг банкаар дамжуулах хэрэгтэй. Ингэж байж зээл эргэн төлөгдөнө” гэдгийг хэлж байсан. Сангийн яам жижиг, дунд үйлдвэр дээр мөнгө төсөвлөдөггүй гол учир нь банкаар дамждаггүйтэй холбоотой. Төсвийн мөнгийг эрсдэлтэй зүйлд үрж болохгүй гэж үздэг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохын тулд ЖДҮХС-гийн УИХ-ын гишүүдийг 950 саяас нэг тэрбум төгрөгийн зээлээр хахуульдсан гэх яриа байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ хоёр жилийн хугацаанд нэг ч төгрөг жижиг, дунд дээр тавиагүй. Банкаар дамждаггүй, эрдсэлтэй учраас тэр. Өнөөдрийн байдлаар 315 тэрбум төгрөг улсын төсвөөс гарчээ. Түүнийг 180 гаруй тэрбум төгрөг нь банкаар дамжаагүй учраас эрсдэлтэй байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлт энэ намрын чуулганаар амжиж хэлэлцэгдэх үү. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар “Нийтийн санал асуулга” явуулах хэрэгтэй, одоогийнхоор баталж болохгүй гэж байсан. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг хугацаа нь болчихоод байгаа юм. Бид шинэ үндсэн хуулиа судлаад 27 жил болчихлоо. Дэлхий нийтийн парактикийг хараад байхад Үндсэн хуулийг 20-25 жилийн хугацаанд өөрчлөөд байгаа юм. Үндсэн хууль баталж байсан үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад тэмээ, ямаа шиг ялгаатай болжээ. Тэр үед зохицуулж байсан харилцаа өнөөдөр тэс ондоо болсон. Мөн дутуу орхисон, тухайн үед гардаггүй байсан үйл явдлууд гарч ирж байгаа. Энэ нөхцөл байдлаа бодож үзэх шаардлагатай. Тиймээс Үндсэн хуулийн асуудлыг одоо л шийдэх хэрэгтэй. Орон нутгийн Засаг дарга нар л гэхэд ИХТ-ийнхөө барьцаанд л орчихсон байна шүү дээ. Огцрохгүйн тулд тэр төлөөлөгчдийн хүнийг ажилд томилдог, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нь шийддэг, газар олгодог болчихсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Засаг дарга нарыг ийм байдлаас гаргах юм.

УИХ-д 50-иас дээш суудалтай байснаар Үндсэн хуулийн асуудлыг шийднэ. Өмнө нь АН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гээд гарын үсэг цуглуулаад л байсан чадаагүй. Тухайн нам 50-иас доош суудалтай учраас өөрчлөлтийг хийх боломжгүй юм. Харин одоогийн Их хурал өөрчлөлт оруулах боломжтой бүрэлдэхүүн юм. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар нийгмээрээ хэлэлцүүлэх ёстой. УИХ хоёрдугаар хэлэлцүүлгээ хийчихээд Журмын тухай хуулийн дагуу гурав дахь хэлэлцүүлгээ ард түмнээр хэлэлцүүлэх ёстой гэж бодож байна. Иргэд зөвшөөрвөл цааш явах нь зөв.

-Ерөнхийлөгчийн саналтай холбоотойгоор төсөв дээр өөрчлөлтүүд гарах байх гэсэн таамаг их байна л даа…

-Засгийн газраас өргөн барьсан төсвийг дэмжиж байсан. Орон нутгийн хөрөнгө оруултад гэхэд 189 тэрбум төгрөг тавьсан. Харин үүнийг Ерөнхийлөгч шүүмжилснээр УИХ-ынхан ч уухайн тас танасан. Миний хувьд УИХ дахь Төвлөрлийг сааруулах ажлын хэсгийн ахлагч юм. Тиймдээ ч орон нутгийн дарга нар тэрхүү хөрөнгө оруулалтыг суулгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. УИХ ингээд шийдчихсэнд сэтгэл дундуур байгаа. Эдийн засаг өсөөд төсвийн орлого нэмэгдээд ирэхээр олж байгаа таван төгрөгөө хуваарилах гээд л дайрчихаж байгаа юм. Уг нь төсвийн орлого нэмэгдэж байгаа энэ үед бид төсвийнхөө алдагдлыг бууруулах ёстой. Өмнөхөө бодвол наймаас 5.4 болж буурсан л даа. Гэхдээ алдагдалгүй, эсвэл хоёр хувь руу оруулах боломж байгаа. Алдагдал гэдэг чинь өр шүү дээ. Зээлээр л авна. Дараагийн жилүүдэд төлж л таарна. Төсвийн алдагдлаа багасгачих байсан л гэж бодож байгаа. Яахав хөрөнгө оруулалтууд сайн хийгдэж байна. Ингэснээр сумдууд руу хөрөнгө оруулалт сайн хийгдэнэ. Энэ нь жигд хөгжүүлэх бодлого явж байна гэж харж байгаа юм. Улсын төсөв батлагдаагүй байна. Ерөнхийлөгчийн тавьсан саналтай холбогдуулаад ирэх оны төсөв дээр асуудлууд нэлээн яригдах юм байна гэж бодож байна.


Categories
мэдээ улс-төр

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн танилцуулга болон холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байна.

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Уг хууль 5 бүлэг, 39 зүйлтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тодорхойлсон бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульд шинээр тусгасан болно. Үүнд:

2003 онд баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэдэггүй байсан бол шинэчлэн баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэснээр газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон.

Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг хуульд тусгасан.

Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгалаа.

Газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан.

Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар иргэд төрөөс чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн талаар улсын нэгдсэн бүртгэлтэй болох, улсын хэмжээний статистик мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарах, газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах ач холбогдолтой.

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга Н.Батсуурь: Надад улсын арслан болохоос аймгийн арслан болох нь хэцүү байсан

Монгол Улсын 23 дахь аварга удамт бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу аварга аа. Баяр наадмаас хойш бэлтгэлдээ орж амжсан уу?

-Сайхан намаржиж байна. Баяр наадмаас хойш цолны найр наадам, урилга заллага гээд зав зай тааруухан л явлаа. Увс аймгийн ховд сумандаа очиж цолны наадмаа хийсэн. Барилдааны бэлтгэлдээ аравдугаар сарын эхээр орсон. “Увс нуур” дэвжээнийхэнтэйгээ бэлтгэлээ хийж байна.

-Улсын аварга цолоо дуудуулж барилдаж амжсан уу, та?

-Одоогоор ямар нэгэн барилдаанд зодоглож амжаагүй л явна. Бэлтгэл жигдрээд ирэхээр удахгүй барилдана даа.

-Наадмын өмнө таныг түрүүлнэ гэж тааварласан хүн цөөхөн байсан. Заалны барилдаануудад төдийлөн сайн барилдаагүй?

-“Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулагдсан барилдаануудад төдийлөн сайн барилдаж чадаагүй болохоор биз. Миний тухайд заалны барилдаанд зориулж бэлтгэл сургуулилтаа базаагаагүй л дээ. Уналттай үедээ, сэргэлттэй үедээ ч барилдаан алгасалгүй зодоглож байсан. Тийм болохоор доогуур унах тохиолдол байсан л даа. Өнгөрсөн тавдугаар сард хүчний бэлтгэл түлхүү хийж байгаад Япон явж дэлхийн хошой аварга шохо Оногийн сургуульд 10 хоногийн жүдогийн бэлтгэл хийсэн нь үр өгөөжөө өгсөн. ирээд аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлж, галынхаа наадмын сорилгод өнгөлөөд л баяр наадамдаа зодоглосон.

-Түрүүлж 23 дахь аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Улсын арслан цолтой бөх үзүүрлэнэ гэж барилдахгүй шүү дээ. дотроо бодсон юм байсан.

-Баяр наадмын даваануудынхаа талаар?

-Өнөө жилийн баяр наадмыг эргээд дурсахад ямар нэгэн будлиангүй сайхан болсон шүү. Ид барилдаж яваа хүчтэнүүд бүгд зодоглож үзэгч олноо баярлуулсан. Миний хувьд гурвын даваанд Хөвсгөлийн аймгийн арслан Л.Нямбаярыг амлаж давсан. Оноолтын даваанд Хөвсгөлийн Ц.Сандагдорж гэж залуутай нугарсан. Өмнөх жил энэ даваанд өвдөглөсөн болохоор нягт барилдаж туг тойрсон. Тавын даваанд Булганы Д.Амарсайхан, зургаагийн даваанд шинээр начин цол хүртсэн Говь-Алтайн Ц.Бямба-Очир нарыг амлаж аваад хаясан.

-Долоогийн даваанд Баянхонгорын Н.Золбоо харцагатай хүч үзсэн. Хүнд барилдаан болсон байх?

-Улсын наадмын өндөр даваанд амар барилдаан гэж юу байх вэ. Н.Золбоотой хийсэн барилдаан эвгүй болсон шүү. Би толгойгоо уургалуулж дөрвөн хөллөөд л. Урагш нь дугтраад хоёр алхчихсан бол тохойлдчихоор байсан. Манай хүн хутгахад нь босоод ирсэн. Улмаар шоо шидэхэд миний талаар бууж боломжоо ашигласан даа.

Улсын аварга цолны болзол хангасны дараа аав Г.Намсрайжавын хамт

-Наймын даваанд хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг улсын заан Н.Жаргалбаяртай тунаж барилдсан?

-Наймын даваанд Ч.Санжаадамба аварга С.Мөнхбат аваргыг амлаад Жагаа бид хоёр тунасан. Барилдаан нэлээн удааширч баруун давхар золгооноос мордоход нь толгой зөрүүлж, сунгаж татаад түрүү үзүүрт шалгарсан даа. Барилдааны явцад Жагаа унаж өгөхгүй биеэ суллаад л хүнд байсан шүү.

-Наадмын үзүүр түрүүнд өхийлдөх мэх хийж давсан тохиолдол байхгүй байх. Наадмын бэлтгэл дээр бэлдсэн мэх үү?

-Энэ их сонин л доо. Цагаан сарын өмнө МҮБХ-ноос түрүүлэх магадлалтай бөхчүүдийг онцлоод барилдаануудыг нь харуулсан нэвтрүүлэг хийж байсан. Ховдын Б.Бат-Өлзий харцага гол даваанууддаа өхийлдөж даваад байхад нь солгой талтай би хийж болох юм байна гэж тооцоолсон л доо. Бэлтгэл дээр залуу сумын заануудад туршиж үзэхэд болж байсан. Тэгээд л наадмаар өндөр даваанд үеийн арслангуудтай тунахдаа хийнэ гээд л хадгалчихсан. Би ямар өмнө нь өхийлдөж хүн хаясан биш хүний санаанд буухгүй шүү дээ. Хадгалсан мэхээрээ л Ч.Санжаадамбыг хаясан даа.

-Та “Соёл-Эрдэм” дээд сургуульд сурч байхдаа Япон руу явж хэсэг хугацаанд суралцсан. Ирэхэд тань таны үеийн бөхчүүд бүгд цол аваад олонд танигдчихсан байсан. Тэр үед юу бодогдож байв?

-Япон руу явж хоёр жил гаруй болоод ирэхэд эн тэнцүү барилдаж байсан үеийн бөхчүүд аймгийн арслан болчихсон, олонд танигдчихсан байлаа. Тэднээсээ хоцрохгүйн тулд илүү бэлтгэл сургуулилт хийж, илүү хөлс урсгах шаардлага гарсан. Дөнгөж 80 гаруйхан кг жинтэй байсан бол 117-118 кг жинтэй болон хувирч ирсэн. Хоёр жил барилдаагүй болохоор форм алдагдчихсан байдаг. Бүгдийг эхнээс нь эхэлсэн дээ. Тэгээд жүдогийн шигшээ багтайгаа хичээллэж эхэлсэн. Өдөрт гурван удаа бэлтгэл хийсний үрээр барилдаан маань ч чанаржлаа. Тэгээд л үндэсний бөх рүүгээ эргэлт буцалтгүй орсон.

-Аймгийн начин цолтой шуугиулж байгаад, арслан болох гэж олон наадамд барилдсан байх. Олон ч удаа тунаж унасан санагдаж байна?

-Надад улсын арслан болохоос аймгийн арслан болох нь хэцүү байсан шүү. Аймгийн начин цолтой заалны барилдаанд сайн барилдаад байдаг. Аймгуудын наадамд очиход л нэг болж өгөхгүй уначихна. Сүхбаатарын наадамд аймгийн арслан болно гэж очоод хоёрын даваанд Дундговийн Х.Батбаярт унаад гол харлаад буцаж байсан удаа ч надад бий. Жилд зургаагаас долоон наадамд барилдана гол төлөв тунаад л унана. Би аймгийн начин цолтойгоор гурван жил дараалан улсад зодоглосон. 2009 онд Д.Батболд харцага, 2010 онд Х.Мөнхбаатар арсланд дөрвийн даваанд өвдөг шороодож байлаа. 2011 онд Д.Ганхуяг арсланд унасан. Ер нь л түрүүлэх хэмжээний арслангуудтай дөрвийн даваанд таараад болдоггүй.

-Хүссэн цолоо Дарханы дэвжээнээс л авах байж дээ?

-Дарханы наадамд улсын баярын дараа зохион байгуулагдсан болохоор улсын цолтой бөхчүүд олон цугларсан. Хүн барилдаанууд хийж байж л арслан болсон доо.

-Та гурван үе дамжсан бөх хүн. Таны өвөө улсын начин Ж.Гэлэг Ш.Батсуурь аваргыг давж улсын начин цол хүртсэн гэдэг?

Манай хөгшин аав Жотойн Гэлэг улсын аварга Ш.Батсуурьтай цэрэгт цуг байсан онжавууд юм билээ. Цэрэгт байхдаа Ш.Батсуурь аваргыг хаядаг байж л дээ. Хөдөө амьдарч байхдаа “Надад унадаг хүн улсад түрүүлээд байгаа юм чинь би очвол сайн барилдаж цол авч болох юм” гэсэн итгэл төрсөн хэрэг. Дөрөв даваад гараад ирэхэд Ш.Батсуурь аварга амласан юм билээ. Ингээд л аваргыг давж улсын цол хүртэж байсан түүхтэй. Зургаагийн дваанд “Дэрэн бор” хэмээх улсын арслан Самданжигмэдтэй барилдсан гэдэг. Арслан нүд рүү нь гараа хийчихсэн чинь бүлтрээд гараад ирсэн гэдэг. Тэгээд нүдээ гарын алган дээрээ нааж байгаад буцаагаад хийгээд авч. Барилдах гэсэн боловч эмчийн магадлагаагаар хасагдсан учиртай. Өвөө маань алс хол баруун хязгаараас тэр бүр ирж барилдаж амждаггүй байсан гэдэг. Сүүлд нас өндөр гарсан хойноо би улсад заан цолны өртэй хүн гэж хуучилж байсан.

-Аавыгаа анх баярлуулж байсан нь хэзээ бол?

-2007 онд санагдаж байна. Аав бид Ховдын наадамд очиж барилдсан юм. Гэтэл дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг юм байна. Маргааш нь тавын даваа эхлэхэд Ховдын Шинэзориг гэж ахтай тунаж барилдаад давж аймгийн начин болж байсан түүхтэй. Аав тэр барилдааныг саравчны араар орж зогсоод хараагүй гэсэн. Их л неревтсэн байх л даа. Тэрнээс хойш гайгүй болсон байх.

-Бөхийн орчинд өснө гэдэг сайхан биз?

Тэгэлгүй яахав. Бөхийн гэр бүлд төрнө гэдэг их өөр. Наадамд барилдах гээд явахад нь цүнх, малгай, хувцсыг нь барина. Бэлтгэлд гарахад нь байнга дагаж, аавынхаа хажуугаар гудас дэвсээд, бөхчүүдийн хоолноос цугтаа иднэ. Тэдний бэлтгэл хийх, ярилцахыг сонсоно. Бөх гэдэг үнэхээр бахархал юм гэсэн үзэл бага багаар ой тойнд шингэнэ шүү дээ. Тэднийхээ зараалд гүйхдээ аль болох захисан зүйлийг нь хурдан авчирч чадвал өөрийгөө бөх болчихсон мэтээр төсөөлж баясна. Ер нь бөхчүүдийн гар хөлийн үзүүрт гүйх гэж наадмын бэлтгэл рүү тэмүүлнэ шүү дээ..

-Бөхийн барилдаан алгасалгүй үзнэ биз?

-Тийм. Одоогийн дархан аварга А.Сүхбат Б.Гантогтох гарьд, Б.Ганбат арслан нарын ид сайн байсан үе. “Зургаан залуу заан” гарч ирэх үед ухаан орчихсон хүүхэд хамт байдаг байлаа. Барилдаан эхлэхэд заануудын яг ард очиж сууна. Хоорондоо юм ярьж инээлдэж байснаа сүүлийн даваануудад тунаж барилдахаараа чимээгүй болчихно. Хоорондоо мөн ч ширүүн барилддаг байсан даа.

-Бөхийн замд ямар хүсэлтэй орж байв?

– Сайн барилдана, оргилд нь гарна л энэ замыг сонгосон. Аавтайгаа наадам үзэхээр явна. Наадамд түрүүлсэн бөхийг нутгийнхан нь мөрлөөд индэр лүү гарахыг нь хараад мөн ч их догдолно. Харьж явахдаа монгол хүн болж төрснийх наадамдаа түрүүлээд арслан гүйж байх юм сан гэж мөрөөднө. Тэр үеийн наадмууд сэтгэлд тод томруун үлдсэн байдаг.

-Аварга болсны дараа танд шагналын хур буухад хүмүүс янз бүрээр л хүлээж авч байсан?

-Бөхийн спортод хөл тавьснаас хойш урсгасан хөлс хөдөлмөрийн минь үр шим гэж боддог. Би дундаж амьдралтай л гэр бүлд төрж өссөн. Спортоор хичээллэж оргилд нь гарчихвал сайхан амьдрх хүсэл зорилготой байсан. Гэнэт нэг өдөр барилдаад л энэ бүхнийг авчихсан биш шүү дээ. Аварга цолд хүрэхийн төлөө олон ч саад бэрхшээлийг туулсан. Дорнодод өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд очоод 10 удаа барилдаж 10 унаад буцаж байсан үе хүртэл надад бий. Энэ бүхнээсээ суралцаж өдий зэрэгт хүрсэн дээ

-Сая Монголын Үндэсний бөхийн холбооноос эрэмбэ гаргасан байсан. Хоёр удаа ес давж түрүүлсэн аваргын нэг удаа 10 давж түрүүлсэн аваргын доор эрэмбэлсэн байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг удаа арав давж түрүүлэх, хоёр удаа ес давж түрүүлэх гэдэг өөр ойлголт. Хоёр удаа түрүүлсэн бөхийг нэг түрүүлсэн хүний доор эрэмбэлэх нь хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг шүү дээ. Олимпийн наадамд нэг алтан медаль авсан улс хоёр мөнгөн медальтай орны дээр эрэмбэлэгддэг. Наадамд түрүүлсэн амжилтыг үнэлэх ёстой. Энэ гажуудлыг даруй засч үнэн зөвөөр эрэмбэлэх нь хойч үеийн бөхчүүдэд хэрэгтэй.

-Ааваасаа ямар мэхийг нь өвлөж авсан бэ?

-Бусгах мэх юм уу даа. Манайхан удмаараа энэ мэхийг хийдэг. Манай хамаатны барилддаггүй залуучууд хүртэл ганц ноцолдохоороо энэ мэхийг гаргуун хийчихдэг юм. Аливаа юм удамшдаг юм байна гэдгийг энэ мэхнээс ойлгосон гэж хэлж болно. Ургийн баяр болоход л жирийн залуучууд бусгах мэхийг янз бүрээр хийнэ шүү дээ.

-Та хэзээ зодоглохоор төлөвлөж байна?

-Бэлтгэл гайгүй жигдэрч байна. Ирэх сарын 8-нд болох барилдаанд зодоглох бодолтой байгаа.

Үргэлжлэл бий

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА