Categories
мэдээ цаг-үе

Онгоц яагаад агаарт тогтож, нисээд байдаг вэ

Асар хүнд жинтэй онгоц яагаад агаарт дүүлж, доош уначихалгүй нисдэг бол гэж өөрөөсөө асууж үзээгүй хүн байхгүй л болов уу. Хүмүүс ихэнхдээ маш өндөр тийрэлт, хурдны хүчээр онгоцыг газраас хөөрч тэр эрчээрээ агаар үүлийг зүсэн хурдалдаг гэж ойлгодог. Хэрэв тийм бол онгоц хэдий чинээ хол ниснэ, төдий чинээ хурд нь нэмэгдсээр байх ёстой болно. Тэгэхээр яг энэ зарчмаар Улаанбаатараас хөөрсөн онгоц Баян-Өлгийд хүрэхийн тулд км тутамд хурд нь нэмэгдсээр Ховд хавьцаа очиход хурд нь бараг хэдэн зуун мянган км цагийн хурдтай байх шаардлагатай болно. Тэгэхээр онгоцыг газраас хөөргөдөг гол хөдөлгөгч хүч нь зөвхөн моторын тийрэлт биш юм. Онгоцны нисэх, агаарт тогтож хөөрөх, урагшлах зэрэг нь өргөлтийн хүч, хүндийн жин, таталцал, түлхэлцлийн хүчнээс хамааралтай. Энэ дөрвөн хүч нэг нэгтэйгээ харилцан үйлчилснээс онгоц агаарт тогтож нисдэг юм байна.

Бүр энгийнээр тайлбарлавал далавч онгоцыг агаарт тогтоож байхад, мотор буюу хөдөлгүүр онгоцны хөдөлгөөнийг зохицуулна. Онгоцны далавчны дээвэр налуу байдаг учраас өөдөөс ирсэн агаар далавчийг түргэн нэвчин өнгөрдөг. Харин далавчны доод тал нь тэгш гадаргуутай учраас агаарын хүнд даралт дээш хөөрөхөд тусална. Ингэж л онгоц газарт уначихалгүй, агаарт тогтож хөөрөн нисдэг.

Тиймээс асар өндөр, галзуурам хурд хэрэггүй. Газраас хөөрөөд тодорхой өндөрт гарангуут онгоцны моторын ачаалал эрс буурч нэгэн жигд хурдаар урагшилдаг. Энэ нь зорчигчдод сонсогддог. Нэгэнт агаарт дөрвөн хүчний үйлчлэлээр тогтсон бол цааш хэрхэн нисэх, чиглэл, замаа моторын тусламжтайгаар удирдана. Онгоцыг анх хүн төрөлхтөн ашиглаж эхлэхэд “агаарыг аргадсан” тээврийн хэрэгсэл гэдэг талаас нь зарим судлаачид тайлбарлаж байсан гэдэг. Агаарыг өндөр хурдаар сөрвөл юу болохыг хүмүүс мэднэ. Харин онгоц нь яг л тэдгээр судлаачдын хэлснээр агаарыг аргадсан, эвийг нь олсон, дэлхийн татах хүч, түлхэлтийн хүч зэргийн тэнцвэрийг олсон гайхамшигтай тээврийн хэрэгсэл.

Онгоц агаарын урсгал, салхи, хар салхины үед өнөө л дөрвөн хүчээ тэнцүү мэдэрч гэмээнэ аюулыг туулан гарч ирнэ. Холын нислэг хийж байгаа олон улсын онгоцууд манай орны нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрдөг. Тийм онгоцнуудаас утаа гэмээр цагаан үүлэн зам тэнгэрт үлддэг. Үүнийг хараад зарим хүмүүс машин шиг утаа гаргадаг гэж ойлгож “Онгоцны мотор ч масло тос, бензинийг “залгидаг” байх” гэцгээдэг. Гэтэл тэр нь утаа биш уур. Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүрээс уур гарч, хүйтэн агаарт задрахдаа цагаан мөр татуулна. Өвөл хүний амнаас уур гардагтай яг адил үзэгдэл юм.

Онгоцны хөдөлгүүрээс маш өндөр хэмийн халуун хий гадагшилдаг. Уг халуун уур нь агаартай холилдож онгоцонд өргөх хүчийг үүсгэнэ. Онгоцны хурдаас хамаарч их хэмжээний үрэлтийн хүч үүсэхэд онгоцны гадаргуунд соронзон орон үүссэнээр дэлхийн татах хүчнээс онгоцыг тусгаарлаж өгнө. Энэ үед далавчны талбайн хэмжээнээс хамаарч онгоцны давших хурд ихэснэ.

Онгоц хэдий их хурдтай байх тусам өргөх хүч ихэсдэг бол хурд нь багасахад өргөх хүч буурна. Далавчны дээгүүр урсан өнгөрөх агаарын урсгал доод талаар нь урсан өнгөрч буй агаарын урсгалаас их хурдтай байна. Ингэснээр далавчны хоёр талд даралтын зөрүү үүснэ. Гэхдээ далавчны доод талд илүү их даралт үйлчилдэг. Энэ процессийн тусламжтай л онгоц хэмээх хэрэгсэл газраас хөндийрч явдаг. Далавч зүүгээд өндөр дээрээс хүчээ авч гүйгээд нисэх оролдлого хийж байсан анхны хүмүүс энэ үйлчлэлийг мэддэггүй байсан нь туршилтыг нь нурааж байсан гэдэг шүү.


Categories
мэдээ нийгэм

Бага морь одтой, шарагчин гахай өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Санчир гариг. Билгийн тооллын 26, Бага морь одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7:39 цагт мандан, 17:35 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм

Архангайн Цагаан давааны замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Архангай аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Цагаан давааны замд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан аж.

Иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргууны нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажууллаа

Эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн тогтолцоо, татварын зохицуулалт, хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх зорилго бүхий 85,6 сая ам.долларын санхүүжилттэй тус бүр хоёр зээл болон буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулав. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газрын төлөөлөгчид байлцав.

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийнэ.

Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй цахилгаан авдаг баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260,000 орчим иргэн байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчээр хангагдана. Төсөлд АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттөй зээлээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас 14,6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Япон Улсын хамтарсан кредит олгох сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг тус тус зарцуулна гэв. Харин Татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг сайжруулах төслөөр удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Улмаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн ерөнхий агуулгатай эдгээр төслийн зорилго явц цав нийцэж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цохон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Газар зүйн хичээлийг бүх их дээд сургуульд оруулъя гэв

“Газарзүйн боловсрол-багшийн оролцоо” сэдэвт форум боллоо. Форумаар газар зүйн боловсролын чиг хандлага,өнөөгийн сургалтын байдал, багшийн хөгжлийн талаарх асуудлыг их дээд сургууль, ШУ-ны байгууллага, ЕБС-ийн багш нарын дунд хэлэлцэнэ. Байгаль орчинтой холбоотой дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эдгээрийн уялдаа холбоог ойлгож, дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд газарзүйн шинжлэх ухаан чухал хэмээн форумд оролцогчид онцлов.

Форумын талаар МУИС-ийн Газар зүй тэнхмийн эрхлэгч В.Батцэнгэлээс тодрууллаа.

2009 оноос хойш ЕБСийн газар зүйн хичээлийн цагийг хассан шийдвэр гарсан. Энэ нь сурагчдын газар зүйн мэдлэгт нөлөөлөх үү?

Хүн бүхэн ЕБС-иар боловсрол эзэмшдэг. Тэр дундаа газар зүйн хичээлийн боловсролыг олгох нь хамгийн чухал асуудал. Бүх төрлийн мэргэжлийг эзэмшихэд газар зүйн мэдлэг шаардлагатай. Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн газарзүйн хичээлийн цаг багассан. Үүнтэй холбоотой хүүхдүүд улс орны газар зүйн талаар дутуу мэдлэг эзэмшсэн. Ирээдүйд сөрөг үр дагавар нь гарна. Насанд хүрсэн хойно эх орон дэлхий нийтийн үйл явдлыг таниулах нь амар биш. Тиймээс хүүхдүүдийг багаас нь эх орныг нь таниулж, байгаль дэлхийгээ хайрлаж сурахад газар зүйн хичээл их нөлөөтэй.

Энэ шийдвэр газар зүйн багш мэргэжлийг сонгож буй оюутнуудад нөлөөсөн үү?

ЕБС-ийн газар зүйн хичээлийн цаг багассанаар заах багш нарын орон тоо ч багассан. Мөн ажлын байр хомсдож, оюутны тоо ч цөөрч байгаа. Тэгэхээр бэлтгэж буй мэргэжилтний тоог зохицуулах шаардлагатай.Гэхдээ багшийн мэргэжлээр суралцах оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх эерэг хандлага байгаа. Харин цаашдаа хуучин заасан үндсэн агуулгаа заах боломжгүй учраас энэ талын мэдлэг сурагчдад дутуу олгогдож байна гэлээ.

47р сургуулийн Газар зүйн хичээлийн зөвлөх багш Ч.Батням хэлэхдээ Газарзүйн боловсрол бүх мэргэжилтэй холбоотой учраас хамгийн чухал гэж үзэж байна. Та бүхний сэтгүүлч мэргэжилтэй холбовол цагийн хүрд нэвтрүүлэгийн ард эргэлддэг дэлхийн бөмбөрцөгийг зөв эргүүлчихсэн олон телевиз байдаг. Уг нь дэлхий буруу эргэдэг шүү дээ. Тэгээд телевиз рүү утасдаад хэлэхээр манай программ ингээд хийчихсэн гэдэг. Үүнийг программ хийдэг хүмүүс ч мэдэхгүй байна. Тэгвэл телевиз үзэж буй сурагчид ямар боловсрол эзэмших вэ? Дэлхий нар зөв эргэдэг юм байна гээд ойлгочихно. Сургууль дээр багш заахдаа дэлхий нар буруу эргэдэг гэж хэлдэг. Би энэ тал дээр их санаа зовдог шүү. Газар зүйн хичээлийг бүх их дээд сургуульд оруулах хэрэгтэй” гэв.

Э.АНУЖИН

Categories
мэдээ нийгэм

“Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” өдөрлөг боллоо

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өчигдөр “Номин Холдинг” ХХК-ийн Эрх зүйн газартай хамтран хувийн хэвшлийн таван компаний 150 гаруй удирдах албан тушаалтанд “Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” уриан дор өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөр тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав нээлтийн үг хэлснээр өдөрлөг албан ёсоор эхэлсэн.

Тус өдөрлөгөөр Иргэдийн төлөөлөгчөөр ямар хүн шүүх хуралдаанд оролцох, түүний эдлэх эрх, үүргийн талаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын талаар мэдээлэл олгов. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын товч дүн мэдээ, Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар танилцуулж, гарын авлага холбогдох материал тараан сурталчилжээ.

Үүнээс гадна дээрх сургалт, өдөрлөгийг хүрээнд иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, өөрт тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн хүнээс асууж тодруулан зөвлөгөө авсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ гүүр замын ачааллыг 2-3 дахин бууруулна

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил 2017 онд эхэлсэн. Тус барилгын ажил хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг нээлээ. Гүүрэн байгууламж нь дөрвөн эгнээ 250 метр урт, 20.5 метр өргөн, Д-рамп шинэ гүүр нь 276 метр урт, 8.5 метр өргөн, хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урт тунелтэй. Нээлтийн үеэр төслийн захирал Ши Зи Хуан ярихдаа “Хятад ажилчид 150, Монгол ажилчид, инженерийн албаны 290 хүн хамтран гүйцэтгэлээ. Төслийн хугацаа 28 сар, барилгын ашигтай хугацаа 18 сар үүний таван сар нь өвөл байсан. Хүндрэлтэй хоёр зүйл тулгарсан эхнийх нь газар чөлөөлөлт, газар доорх шугам сүлжээг шилжүүлэх асуудал байсан. Үүнд их хугацаа алдлаа. Дараагийн асуудал нь замын хөдөлгөөнийг зохицуулах. Ажлын хажуугаар замаа хааж, барилгын ажлаа үргэлжлүүлэхэд бэрхшээл тулгарч байсан” гэлээ.

Шинэ давхар гүүрэн зам нь Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол юм. Шинээр баригдах Яармагийн дэд төв, хотын захиргаа, орон сууцны барилгын бүтээн байгуулалтыг дэмжих, шинээр ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг хотын төвтэй холбоно. Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодрууллаа.

-Шинэ гүүр ашиглалтад орсноор замын ачаалал хэдэн хувь буурах вэ?

-Ачааллын хувьд гурав дахин илүү авах даацтай. Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрэх чадвар сайжирна. Тэр хэрээр замын ачаалал 2-3 дахин буурна.

-Энэ бүс нутаг зам тээврийн ослын эрсдэлтэй бүсд ордог. Зам тээврийн ослыг хэрхэн тооцоолсон бэ?

-Зам тээврийн осол маш ихээр гардаг. Энэ гүүр гурван түвшинтэй болж баригдснаар зам тээврийн осол гархааргүй болгож төлөвлөж барьсан. Ямар нэгэн огтлолцол байхгүй учир зам тээврийн осол тэг үзүүлэлтэй байна гэж төвлөсөн.

-Тус гүүрийг барьсан гүйцэтгэгч компанитай дахин төсөл хэрэгжүүлэх үү?

-Энэ компани маань замын цагдаагийн гүүрэн гарцыг бас барьж байгаа. Дараа дараагийн төсөлд хамтран ажиллах байх.

-Замын цагдаагийн гүүрийн барилга хэдэн хувьтай явж байгаа вэ? Тухайн үедээ хугацаанаасаа өмнө ашиглалтад орно гэж мэдэгдэж байсан.

-Одоогоор яг хугацаандаа явж байна. Ирэх хаврын цаг агаараас шалтгаалан хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөө байна.

Categories
мэдээ нийгэм

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг санууллаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч аймгийн Засаг даргатай гурвалсан хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна.

Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өглөө.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав. Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй техник технологи ашиглаж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг стандартын дагуу боловсруулан, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ-ын ХБОГХТТ, болон Дорнод аймгийн Байгаль орчны газар, Усны сав газрын холбогдох мэргэжилтнүүд ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ

Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ. Энэхүү өргөмжлөл нь Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог. Гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.

2004 онд Монгол Японы дипломат харилцааны 30-н жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, нэрт морин хуурч Ардын жүжигчин Ц.Батчулуун агсанд Японы Эзэн хааны шагнал “Мандах нар” одонгийн Сарнай цэцгэн хэлбэрт товч бүхий “Нарны алтан туяа” зэрэглэлийн одон олгож байсан бол 15-н жилийн дараа Морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгож буй явдал нь хоёр улсын харилцаанд Морин хуурын чуулгын оруулсан хувь нэмрийг бататгасан хэрэг болж буйг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцоллоо.

Тус чуулга 1992 онд байгуулагдсан цагаас хойш, төр засгийн өндөр хэмжээний айлчлал болон олон улсын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон “Морин хуурын олон улсын наадам”, “Дэлхийн соёлын нээлттэй наадам”, “Азийн дуу хөгжмийн наадам”, “Дэлхийн соёл, Азийн хөгжим” зэрэг дуу хөгжмийн наадамд тогтмол амжилттай оролцож тэргүүн байр, Гран При шагналуудыг хүртэж байсанаас гадна гадаадын 30 гаруй орноор аялан тоглолт хийсэн бөгөөд тэр дундаас НҮБ-н Төв танхим, UNESCO-н чуулганы танхим, Австрийн филармон, АНУ-н Карнегийн танхим зэрэг дэлхийн нэр алдартай олон тайзнаа үндэснийхээ хосгүй өв соёлыг сурталчлан таниулж соёлын Элчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ

Image result for УИХ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийг батлав.

Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 407.6 тэрбум, зарлагыг мөн 407.6 тэрбум байхаар тусгасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, байнгын хороо болон ажлын хэсгээс ирүүлсэн хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Дараагаар нь дээрх хоёр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Түүнчлэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороо шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Одоо Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг эцэслэн батлах юм.