Categories
мэдээ нийгэм

Зураасан кодны тайлбар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт УИХ хуралдахгүй

УИХ-ын чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт хуралддаг. Ирэх долоо хоногийн энэ өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн.Тиймээс УИХ-ын чуулган хуралдахгүй, гурван байнгын хороо хуралдах тов гарчээ.

Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.

Түүнчлэн Хууль зүй, Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг хийх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мөнгөншагай: Эх хүн хүүхдээ бүүвэйлж, хайрлаж өсгөдөг учир бурхны мөн чанартай байдаг

Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагайтай ярилцлаа.


-Намрын налгар өдрүүдээр найр хуримын урилга их байна уу?

-Хөдөө орон нутгаар явж байгаад ирлээ. Эрдэнэтийн Жаргалант сум хуучин Улаан толгойн дөчин жилийн ой болсон. Ойн арга хэмжээг найрууллаа. Мөн Ховд аймгийн Манхан сумын сургууль эмнэлгийн 80, 90 жилийн ойд ая дуугаа өргөлөө. Энэ жилийн наадмаар түрүүлсэн аварга Ш.Батсуурийн цолны мялаалга наадамд уригдаж дуулсан. Ойрын өдрүүдэд хотод байлаа. Хурим найрын цаг эхэлчихсэн. Өдөрт 3-4 хуримд уригдан дуулж байна даа.

-Жин их хаяжээ. Хэдэн кг-ийг хасав?

-“Гурван бүдүүн” хамтлаг гэж нэрэндээ туйлшраад их явсан. Одоо эрүүл мэндээ бодохгүй бол болохоо байлаа. Эхний соло уран бүтээлээ гаргах үеэсээ жингээ хасаж эхэлсэн. 100 гаруй кг байсан. 85-86 кг орчим болтлоо жингээ хаяж “Гуч хүрсэн бүсгүй” дууныхаа клипийг хийлгэсэн. Түүнээс хойш дахиад 2-3 кг хассан. 80 кг болох зорилго тавиад байгаа. Одоо өөх биш, булчинлаг болох тал дээр анхаарч байна. (инээв)

-Гуч хүрсэн бүсгүйчүүд удахгүй дөч хүрнэ. Дөч хүрсэн бүсгүйчүүдийг дуулах уу?

-Хүмүүс Шагай гоё сэдэв олсон. Сэдвээрээ гоё дуу хийчихлээ. Ая, хөгжим найруулга, үг нь цаг үеэ олсон сайхан тавилттай, шийдэл санаатай болсон гэж яриад байгаа. Түүний дагуу маш олон хүсэлт захиалга ирж байна. Одоо дөч хүрсэн бүсгүйг гарга гээд “Дөч хүрсэн бүсгүй” шүлэг ирсэн. Бүр 2-3 янзаараа ирсэн. “Дөч хүрсэн эр” гэдэг дуу гарга гэж санал тавиад нэлээд хэдэн шүлэг ирсэн байгаа. Бүр цаашлаад 50-тайчууд нь яаж зүгээр байх вэ бас захиалгаа өгсөн. Миний хувьд дөч, тавьтай бүсгүй гэсэн дуу гаргах бодолгүй гэдгээ хэлье. Хэрэв гаргахаар болбол “Гуч хүрсэн бүсгүй”-гээс илүү дуу гаргах ёстой. Нөгөө талаараа туйлшраад нас дуулдаг хүн болох гээд байна. Хүмүүст сайхан санагддаг байж болох. 40-тэй бүсгүйчүүд дөчин насаа дуулаад явах. Магадгүй хэдэн жилийн дараа надад “Гуч хүрсэн бүсгүй”-гээс сайхан ая аялгуу ороод ирж болох. Өөр сэдвээр уран бүтээл хийж байгаа. Одоохондоо тийм бодол алга. “Дөч хүрсэн эр” гэж дууны санал ирсэн. Ийм дуу хийхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл “38-тай аав” гээд манай хамтлагийн хит дуу байна. 38-тай аав нэг байхад болно. Гуч хүрсэн бүсгүй нэг байхад болно. “Гуч хүрсэн бүсгүй” хэзээ ч хоцрогдохгүй. Үе үедээ дуулаад л явж байх учраас. Энэ дууг хүмүүс “Гуч хүрсэн бүсгүй” ч гэдэг “Гуч гарсан бүсгүй” ч гэдэг. Уг нь бол “Гуч хүрсэн бүсгүй”. Зөвхөн гуч хүрсэн бүсгүйд зориулж байхаар гуч гарсан, гараад явж байгаа бүсгүйчүүдэд зориулъя гэж бодож хийсэн.

-Хурим найр, арга хэмжээнд уригдаж дуулахдаа энэ дуугаа хэр их дуулдаг вэ?

-Байнга. Үүнийг сонсох гэж л урьдаг байх. Хурим найраас гадна шинэ жилээр их уригддаг. Миний хамгийн оргил үе шинэ жил байсан. Бүсгүйчүүд л ихэвчлэн шинэ жилд ач холбогдол өгч оролцдог. Шинэ тэмдэглэж буй албан байгууллагын бүсгүйчүүдийн ихэнх нь гуч хүрсэн бүсгүйчүүд байдаг юм байна. Яагаад гэвэл нэр хүндтэй сайхан албан газар ажиллаж байгаа, байр сууриа олчихсон, өөрийн карьертаа хүрчихсэн. Бие сэтгэл, ажил үйлс нь бүгд жигдэрчихсэн байдаг юм байна.

-Ингэж дуулж явахдаа онцгой сэтгэлд үлдсэн дурсамжтай үе бий юу?

-Гучин насныхаа ойд хүмүүс их урьдаг. Нэг ойд дуулахаар ресторанд ирээд дуулж байтал тал талаас гарч ирээд бүжиглэсэн. Найзууд нь миний клипэнд гардаг шиг хувцаслаад намайг тойрч бүжиглээд. Тайз засал нь хүртэл миний клипний зураг авалт шиг. Миний клипэнд тоглосон охид шиг хувцаслачихсан. Би уг нь тэдэнд бэлэг барьж байгаа атал буцаад өөрөө шоконд орж сюрприз бариулж билээ.

-Дууныхаа санааг яаж олдог вэ?

-Орчин цагт бүх зүйл даяаршаад өөр болж байна. Хүмүүс шинэ сонин сэдэв хүсдэг болж. Бидний дуулдаг уянгын дуунуудаа дуулаад яваад байх цаг биш болжээ. Тиймээс гоё шинэ шийдэл, сэдэв санааг байнга эрэлхийлж байна. Анхны хийсэн соло уран бүтээл минь хүмүүст хүрч таалагдаж, амжилттай болсон учир үүнийгээ давах сайн уран бүтээл хийхийг зорино.

-Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Дэрвэгэр сормуус” нэртэй бүтээл дээр ажиллаж байна. Бас л бүсгүйчүүдийг магтан дуулсан уран бүтээл. Надад сүүлийн үед дандаа бүсгүйдийн гоо сайхан, бие сэтгэл, дурлал хайрыг магтан дуулсан шүлгүүд ирдэг болсон. Энэ дуу маань ч тийм л сэдэвтэй. Дуу маань ерөнхийдөө бэлэн болсон. Клипнийхээ ажилд удахгүй орно. Ирэх сарын 20-д гэхэд шинэ уран бүтээл маань үзэгчдийн хүртээл болох байх. Өөрийн уран бүтээлээс гадна хамтлагийнхаа ихэнх дууны аяыг өөрөө зохиодог. Сүүлийн үед нийтийн болон эстрадын дуучид захиалга өгөх болсон. Манай нийтийн дуу хөгжиж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр нэг нэг бадгаа дуулаад, дахилтаа нийлж дуулдаг цаг өнгөрч. Хөгжим найруулга, дугаралт, сэдвээ хүртэл ирэлхийлдэг хайдаг болж. Орчин үеийн эстрадлаг аяыг сонгодог болжээ. Тэр талаасаа ч юмуу над руу их хандаж байгаа. “Гангараа”-г дуулдаг Н.Мөнгөншагай “Андгайт нутаг”, Я.Гэрэлчулуун “Эрэмгий”, Д.Найдандорж, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Э.Чулуунчимэг нарт дуу зохиож өглөө. Авьяаслаг монголчууд нэвтрүүлгийн шилдгээр шалгарсан П.Хан-Уулд “Хань минь” гэдэг дуу зохиож өгсөн гэх мэтээр уран бүтээлээ завсаргүй хийж байна. “Флай” хамтлагт “Согтсон үедээ” гэдэг дуу зохиож өгсөн. Согтсон үедээ хүн ямар зан ааш гаргадаг. Юу ярьдгийг гаргахыг хичээсэн. Энэ мэтээр сонин сэдвийг эрэлхийлдэг болжээ.

-Хамтлагтайгаа нийлсэн уран бүтээл хийж байна уу?

-Хамтлагтайгаа уран бүтээлээ хийж л байгаа. Хамтлагаараа олон газар уригдаж тоглож байна. Хамтлагийнхаа тоглолтод оролцоно. Өөрийнхөө бүтээлийг ч давхар хийнэ. Сүүлийн үед олон газар уригдаж тоглодог болсон. Асуудалд орох үе ч гарна. Хамтлаг тоглолттой үе гарна. Би бас урилгатай таарна. Давхцах үе зөндөө гардаг. Заримдаа хамтлагтаа тоглож амжихгүй үе гарна. Заримдаа өөрийнхөө тоглолтыг хаяад хамтлагтайгаа дуулна.

-Энэ их ажлын хажуугаар ар гэрээ яаж зохицуулж, аавын үүргээ гүйцэтгэж байна?

-Амжуулахаас өөр арга байхгүй. Амжуулна даа. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Эхнээсээ сургуульд орлоо. Бүр л завгүй болох байх. Аав маань хөдөө байдаг аавыгаа байнга эргэнэ. Асарч тойглохоос эхлээд, ар гэр хувийн ажил их дээ. Аль алийг нь амжуулах гээд л их зүтгэдэг. Ер нь амжихгүй шүү. Хоногийн 24 цаг багадна гээч л болдог. Өглөө хэдэн ажил төлөвлөөд гэрээсээ гарна. Тэгээд замд түгжирч зогсоод тавин хувийг нь амжуулаад, тавин хувь нь дахиад л маргааш гээд үлдэх жишээний.

-Багаасаа хийдэд шавилан суусныг тань цөөнгүй хүн мэднэ. Гүшиг дацан хийдийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа гэсэн. Шинэ хийдийн ажил хэр явагдаж байна?

-Хийдийн барилгын ажил эхлээд дөрвөн жил болжээ. Одоогоор шинэ хийдийн маань барилгын ажил далан хувьтай явагдаж байна. Ирэх жил гэхэд ашиглалтад орно гэж төлөвлөсөн.

-Шашин номын ажлаа хажуугаар нь хийх үү?

-Шашин номын ажил заримдаа орхигдоно. Хийд орны бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа. Сууж шавилдаг нь уран бүтээлийн ажил хийж эхэлснээс, тэр дундаа соло уран бүтээл хийдэг болсноос хойш ховор болсон. Түүнээс би уншлага, бясалгал, номын ажилдаа байнга явдаг.

-Сул чөлөөтэй үедээ жишээ нь жолоо барьж байхдаа маань мэгзмээ уншдаг уу, дуугаа дуулах нь их үү?

-Аль алийг нь хийнэ дээ. Намайг хүмүүс гайхдаг. Зарим нь мэднэ. Хийд орны ажилтай, бясалгал, уншлага байнга хийдэг гэж. Зарим нь дуу дуулж байснаа гэнэт лам болчихлоо гэдэг. Миний бодлоор бөө болно гэдэг амархан. Яагаад гэвэл хэдэн настайдаа ч хамаагүй, эрдэм мэдлэгийн ч хэрэггүй, онгод тэнгэрээ аваад хувцас хунараа бэлтгээд, дасгал сургуулилт хийгээд болчихдог санагддаг. Шашны эрдэм боловсрол тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Хийд оронд багаасаа шавилан сууж лам болно гэдэг нь жинхэнэ эр хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг. Нийгэм их сөрөг болж. Сайн талаас нь харахаасаа илүү сөрөг муу талаас нь дүгнэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө бурхан номын үйл бүтээж, буян номыг үйлдэж байгаа хүмүүс гэж харахаас илүү шар хувалз, зүгээр суугаад мөнгө олдог гэж дүгнэдэг болжээ. Би 1990 оноос хойш хийдэд суусан. Аав маань Увс аймгийн харьяат. Өвөө минь лам байсан. Эрдэм боловсролтой. Тухайн үедээ их шуугиулдаг. Байн байн эсэргүүний хэргээр баригддаг хүн байлаа. Ээжийн талаас ч мундаг гавж хүмүүс байсан. Бага байхад аав их зааж сургасан. Манайх бурхан тахил ихтэй айл байлаа. Сургуульд байхдаа 3-4 дүгээр ангиасаа сургуулиа хаяад хийдэд суусан. Анх хийдэд сууснаас хойш 25 жил болсон байна. Энэ хугацаанд би хэзээ ч уншлага номоо хаяагүй. Өөр олон ажилтай байсан ч өдөр тутмын зан үйл, уншлага номоо байнга уншдаг.

-Цээжээр хэдэн ном мэдэх вэ?

Цээжээр олон ном мэдлээ гээд бурхан номын ажил суралцаад дуусдаг зүйл биш. Байнга л суралцдаг. Суралцаж дуусахгүй. Библи ч юмуу, Корон судрыг хэд хоног уншиж, судлаад ард нь гарчихдаг. Буддын шашны сургааль хэзээ ч дуусахгүй. Эрдэм нь хязгааргүй учраас сурч дуусна гэж байхгүй. Тиймээс өдөр бүр өөрийгөө дайчилж, эрдэм номдоо шамддаг. Байнгын хийдэг зан үйлээ хийдгээрээ хийнэ. Орой бүр зулаа өргөхөөс эхлээд, оройны уншлагаа унших, олон түмэн, эх болсон зургаан зүйл хамаг амьтан, бүх л хүмүүс сайн сайхан амьдраасай хэмээн залбирдаг даа. Түүний хажуугаар оройдоо гитараа бариад сууна. Шүлгээ бичнэ, аяа зохионо. Би дуулдаг байж байгаад лам болж жүжиглэсэн юм биш. 25 жил шашныхаа номыг хаяагүй, хажуугаар нь 15 жил тасралтгүй хамтлагийнхаа уран бүтээлийг хийж. Ая, шүлгээ зохиогоод явж байна. Шашин номын тал дээр төгс болчихсон мундаг хүн биш л дээ. Гэхдээ хаана ч очоод ламын дээлээ өмсөөд, орхимжоо хаяад суухад өдөр тутмын уншлага номоо уншихад асуудалгүй уншина. Лам хүний эзэмших ёстой ойр зуурын эрдэм боловсролыг эзэмшсэн гэж боддог.

-Хийд орны ажлаа хийж байхад тань хүмүүс хэр таньдаг вэ, яаж хүлээж авах уу?

-Заримдаа танина, гайхна. Бүр асуух тохиолдол бий. Өдөрт маш их хүмүүс ирнэ. Надтай уулзаж зөвлөгөө авна. Шашин номонд итгэдэг хүмүүс зүг чиг, өдөр судраа асууна. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Асууна, ярилцана. Тэр тал дээр өдөрт 5-10 хүн тогтмол цаг авч уулздаг. Уран бүтээлийн ажил ихтэй хөдөө орон нутгаар явчихвал амжихгүй үе гарна.

-Хүү нь хэрвээ лам болно гэвэл хэр дуртай хүлээж авах вэ?

-Манай хүү лам ч болохгүй, урлагийн хүн ч болохгүй байх. Хүүхдийн байр байдал багаасаа харагддаг даа. Өөрийнх нь буян заяа түшээд лам болно гэвэл дуртай хүлээж авна. Лам болох чинь маш хэцүү. Зүгээр дээд сургууль төгсөөд лам болчихдог юм биш. Багаасаа бэлтгэгдэнэ, хичээнэ. Маш их хатуужлыг давж, туулна. Лам болох хүний буян заяа гэж байдаг. Өөрийнх нь сүсэг бишрэл гээд цаанаасаа нэг юм байдаг. Түүнээс аав ээж нь ярилцаж байгаад лам болгоно гээд шийдчихдэг асуудал биш. Өөрийн бодол санаа, бие сэтгэлээ бусдын сайн сайхны төлөө зориулна. Эмч цагдаагийн ажил хэцүү л гэнэ. Тэгтэл хамгийн муу муухай бүхэн дээр л лам очдог. Зоригтой, хатуужилтай, хүнийг сонсож чаддаг байх ёстой. Өвчтэй зовлонтой, хүн нас барсан газар очно. Хамаг зовлонг нь сонсоно. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хүмүүс хэр сайнаар хүлээж авах уу?

-Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг хүний сэтгэлийн маш том засал. Бид сэтгэл зүйч дээр очоод зөвлөгөө авдаг. Гэхдээ монголчууд олон жилийн өмнөөс лам багшдаа очдог. Ноён нуруу, цаг, зүгээ асууна. Сангаа тавиулж номоо уншуулаад бурхан шүтээндээ мөргөөд тайвшираад гардаг. Энэ бол монголчуудад дархлаа тогтсон асуудал. Хамгийн том сэтгэлийн засал юм. Би сэтгэл судлалын чиглэлээр МУИС-д сурч байгаад гадагшаа явахаар болоод гарчихсан. Тэгэхэд манай багш хэлж байсан. Та нар том мундаг сэтгэл зүйч болчихлоо гээд хэн нэгнийг үзүүлдэг харуулдаг лам, бөө, удган хэн байдаг юм түүндээ очоод үзүүлээд ирлээ гэхэд битгий хориглоорой. Тэр бол хүний хамгийн том сэтгэл зүйн засал болдог юм шүү гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр хүн лам бөөдөө үзүүлж байж сэтгэл нь амардаг. Тэр хүнээсээ зөвлөгөө авч байж тайвширдаг. Цагаан сараар номоо уншуулсан хүн би жилийнхээ заслыг хийлгэчихсэн гээд сэтгэл тэнэгэр явдаг түүнтэй л адил.

-Урилгаар дуу дуулахад 1.5 сая төгрөгөөр дуулдаг гэсэн үнэн үү?

-Үнэн. Том том мундаг дуучдыг бодвол гайгүй ханш байгаа биз.

-Хүмүүст дуу зохиож өгөхдөө үнэ ханш тогтоодог уу?

-Байлгүй яахав. Нэг сая төгрөгөөр л хийдэг. Би жижүүрийн хэдэн дуу зохиогоод дуулдаг бол аль хэдийн 10-20 дуутай болчих байсан. Анх гаргасан ганц соло дуу маань хүн бүрийн сэтгэлийг татсан сайн уран бүтээл болсон учир түүнийгээ гүйцэхүйц сайн бүтээл хийхийг эрмэлздэг. Мэдээж ард нь миний нэр гарах учир муу юм хийхийг боддоггүй. Урд урдныхаа уран бүтээлийг чанаржуулсан сайн бүтээл хийнэ л гэж зүтгэдэг. Хүмүүс нэг юмны илч дуучин гэж их зарлуулдаг. Өөрсдөдөө нэр өгөөд. Саяхан нэг тоглолт дээр намайг “Яагаав нөгөө гурван бүдүүний дуучин Шагай”. Бүсгүйчүүдийн илч дуучин гэж зарласан.

-Ойрын үед хамтлагаараа ч юмуу, ганцаарчилсан тоглолт тавих бодол бий юу?

-2017 онд манай хамтлаг тоглолт хийсэн. Энэ жил манай хамтлагийн 15 жилийн ой болж байна. Ирэх намраас жижиг VIP хэмжээний цөөхөн үзэгчтэй тоглолт хийнэ гэж төлөвлөж байгаа. Олон хүн биш, цөөн тооны үзэгчтэй. Цомхон тэгээд үнэтэй тоглолт л болох байх.

-Монгол туургатны наадамд Монголоо төлөөлж оролцсон гэсэн. Таны уран бүтээлийг хэр хүлээж авдаг вэ?

-ОХУ-ын Тувад болсон аялал жуучлалын наадамд оролцлоо. Монголоос хэд хэдэн уран бүтээлчид явсан. Монгол туургатан биднийг сайн мэддэг, сонсдог. Саяхан Өмнөд Монголд тоглоод ирсэн. Манай хамтлагийн дуунууд, миний дуу ч хит болчихсон. Туургатан дундаа дуулдаггүй, сонсдоггүй газар байхгүй. Гадаадад амьдарч буй монголчууддаа зориулж олон удаа тоглолтоор явсан. Энэ жил Европ руу хоёр удаа яваад ирлээ. Ер нь монголчууд амьдардаг бүх л газар тоглосон. Ганц Англид тоглоогүй үлдсэн байна. Удахгүй хамтлагаараа Солонгос явах төлөвлөгөөтэй байна.

-Манай уншигчдад зориулж хэлэх үг байна уу?

-“Өдрийн сонин”-ы уншигчдад тэр болгон хүмүүст дэлгэж ярьдаггүй ажил мэргэжлийнхээ талаар ярилаа. Би уг нь ярьдаггүй. Хүмүүс төөрөлдөнө гээд. Анх намайг хүмүүс дуучнаар маань хүлээж авсан. Дуучнаараа л үлдье гэж боддог. Намайг “Гуч хүрсэн бүсгүй”-г дуулах гэж байхад хүмүүс хэлж л байсан, хийд оронд шавилж байсан хүн бүсгүй гээд л дуулах хэрэг байна уу гээд л. Харин ч хэрэгтэй. Эмэгтэй хүнийг Дарь-Эх гэдэг. Дарь-Эхийн бүрэлбаатай гэж хүртэл гарч байгаа. Бурхны шашинд эх хүнийг маш их хүндэлдэг хайрладаг, дээдэлдэг. Дарь-Эх хэмээн өргөмжлөөд тэр бурхнаа шүтдэг. Эхийгээ шүтэж сурчхаад бурхнаа шүт гэдэг. Шууд ертөнцийн эзэнд итгэ гэж тулгадаггүй. Эхийгээ хүн бурхан мэт шүтэх ёстой. Эх хүн хүүхдээ бүүвэйлж, хайрлаж өсгөдөг учир бурхны мөн чанартай байдаг гэсэн. Ээжийгээ хайрлаад сурчихсан хүн бусдыг хайрладаг. Бусдыг хайрлана гэдэг маш том буян. Тиймээс ээжийгээ хайрлаж сураарай.

Шагай хичээж байгаа. Дараагийн шинэлэг, соргог, темптэй, хөнгөн ритмтэй дуунууд хийхийг зорьж байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзъя.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн хойд Азийн том орнууд Монголоос эрчим хүч авна гэцгээв

Зүүн хойд Азийн аварга зах зээлүүд Монголоос сэргээгдэх эрчим хүч худалдаж авахыг сонирхоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэднийг цахилгаанаар хангах том станцуудыг барихад хэдэн тэрбум ам.доллар шаардлагатай. олзуурхмаар нь Хятад, орос, Япон, Солонгос гэсэн чадалтай эдийн засгууд “Станц барих мөнгийг чинь өгье” гэцгээж буй. Өгсөн мөнгөөр нь нар, салхины цахилгаан станцууд босгочихоод өөрсдөд нь зарах ховор боломж бидний өмнө ирчихэж.

Боломж хажууд ирснийг өчигдөр Корпорэйт конвейшн центрт эхэлсэн форум баталлаа. Дэлхийн хориод орны 200 орчим оролцогч зорьж ирсэн энэ форумын зохион байгуулагч нь НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс. “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа” форумын эхний өдөр Хятад, Японы судалгааны байгууллага, дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллага, Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яам гэсэн дөрвөн газар хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Дэлхийд анх удаа нэг дор дөрвөн том судалгааг танилцуулсан явдал боллоо гэж эрчим хүчнийхэн онцолж байв.

Б.БЯМБАСАЙХАН: ДЭЛХИЙГ ХЭРСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭ ҮҮСЭХ ЦАГ ОЙРХОН БАЙНА

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн зохицуулагч Б.Бямбасайхан “Судалгаа танилцуулсан бүх тал нэг л зүйл ярилаа. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ улс бүрт ашигтай гэж байна. Дэлхийн болон бүс нутгийн нэгдсэн сүлжээнд нэгдэх нь Монгол, Солонгос, Япон, Хятад, Орос бүгдэд нь эдийн засаг санхүүгийн үр ашигтайг баталчихаж. Энэ төсөл шинэ хөрөнгө оруулалтыг татна. Шинэ төслүүд хэрэгжүүлнэ. Шинэ ажлын байруудыг бий болгоно. Хэрэгжүүлэхийн тулд улс төрийн түвшний ойлголцол заавал шаардлагатай. Монгол энэ тал дээр түрүүлж яваа. Төрийн тэргүүний хувьд анхны санаачилгыг гаргаж түлхэж дэмжиж байгаа нь маш чухал. Нэмж хэлэхэд олон улсын ийм арга хэмжээнүүд зайлшгүй хэрэгтэй. Ингэж байж л бид биенээ ойлгоно. Асуудлын гүн рүү орж, ойлголтын зөрүүгээ арилгаж нэгдсэн зорилготой болно. Зүүн хойд Азийн улсууд Монголоос цэвэр эрчим хүч авах хүсэлтэйгээ илэрхийлж байгаа нь том давуу тал. Холбох технологийн шийдэл нь гараад ирлээ, одоо дараагийн шат руу оръё, хаана ямар төслүүд хэрэгжүүлэхээ хэлэлцье гэж байна” хэмээн ярилаа.

Түүнээс Азийн супер сүлжээ төслийн судалгааны явц, Монголд ирэх өгөөжийн талаар сонирхоход “Хамгийн дэвшилтэт дамжуулах сүлжээний технологийг ашиглаж энэ зах зээлүүдэд нийлүүлэх эдийн засаг, техникийн бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан байна. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг бүс нутагтаа хөгжүүлж яваа, өдөр тутамдаа хэрэглээд дадчихсан ард түмэн. Бидний өнөөдрийн яриад суугаа экспортын зах зээл бол Япон, Солонгос, Хятад, Оросын хэрэглэгчид. Тэд манайхаас цахилгаан авч хэрэглэснийхээ төлөө төлбөрөө төлнө. Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн 25 хувь, хүн амын 25 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг эзэлдэг. Эрчим хүчнийх нь хэрэглээ асар өндөр гэсэн үг. Үүнээс гадна нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр үйлдвэрлэдэг бүс нутаг. Өөрөөр хэлбэл цэвэр эрчим хүчийг ашиглаж байж нүүрсхүчлийн хийгээ багасгах боломжтой. Япон, Солонгос, Хятадын хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж экспорт хийхийн тулд өнөө маргаашдаа судалгаа үргэлжилнэ, хэлцэл хийгдэнэ. Зөвхөн нэг тивийн нэг бүс эрчим хүчний сүлжээгээрээ холбогдох нь наад захын хэрэг. 2030 онд дэлхийг хамарсан эрчим хүчний сүлжээ бий болно гэсэн хандлага, таамаг хүчтэй байна” гэсэн хариу өгсөн юм.

ХУАН ХАН: ТАНАЙ УЛСЫН ДАВУУ ТАЛ БОЛ НАР, САЛХИНЫ ИХ НӨӨЦ

Форумд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний оролцогч улсуудын Засгийн газрууд, эрчим хүчний корпорациуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрчим хүчний салбарт хамтарч буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм. Тэдний нэг нь Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил хамтын ажиллагааны Эдийн засаг судалгааны институтын дэд дарга Хуан Хан. Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол үндсийн нэг нь сэргээгдэх эрчим хүч л дээ. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй нь Монголын маш том давуу тал. Ялангуяа говийн хэсэгтээ онцгой их нөөцтэй. Одоогийн байдлаар говьтой холбогдож буй томоохон сүлжээ бий ч илүү томруулах боломж бий. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний өндөр эрэлт бий. Сүүлийн таван жилд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа эрчим хүчний сүлжээн дээр хурдацтай эрчимжсэн. Манай улсаас гадна бусад орны сонирхол өндөр байна. Илтгэлүүдийг харахад Япон, Солонгос, Хятад, Орос, Монгол гээд бүх улс Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ төсөл дээр адилхан ойлголттой яваа нь тод анзаарагдлаа. Хэнээс хэн худалдаж авах вэ гэдэг дээр нь ойлголт ижил байна. Сэргээгдэх эрчим хүчин дээр яаж нэгдсэн сүлжээ бий болгох тал дээр хамтын ажиллагааны нэгдсэн платформ хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

ИРЭХ ХАВРААС ТӨСЛҮҮДХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний нарийвчилсан ТЭЗҮ хийх ажил эцэслэх шатандаа оржээ. Ирэх оны тавдугаар сард дуусах гэнэ. Монголын газар нутгийн 40 хувь нь сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөцтэй гэсэн тоо лав тодорхой болчихож. Судалгааны багийнхан нар, салхины нөөцийг хамгийн сүүлийн үеийн аргачлалаар шинэчлэн тогтоожээ. Хаана, ямар газарт эх үүсвэрээ барих шийдэл ч гарчихсан юм байна. Уг төсөлд зөвлөхөөр ажилласан “Монхорус интернэшнл” компанийн эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва “Хятадын зүүн сүлжээний эрчим хүчний мэдээллийг нарийвчилсан байдлаар ашиглаж, тэнд нь Монголын эрчим хүчний системийн нарийвчилсан өгөгдлүүдийг оруулж, ОХУ, Солонгос, Японы сүлжээг хялбаршуулсан модел байдлаар багтааж горимын тооцоо судалгааны ажлуудыг хийсэн. Энэ бол маш чухал тооцоо. Бүс нутгийн хэмжээнд том чадлын цахилгаан дамжуулах хэт өндөр хүчдэлийн шугамуудаар хооронд нь холбож горимын тооцоо хийсэн юм. Жинхэнэ утгаар нь горимын тооцоо, статик, динамик тогтворжилтын тооцоог нь хийж шалгасан гэсэн үг. Үндсэндээ техникийн талын хувьд боломжтой байна уу гэдгийг тооцсон хэрэг л дээ. Дээр нь тогтмол гүйдлийн ямар технологиуд хэрэглэх шаардлагатай болохыг тооцож гаргасан. Хэт өндөр хүчдэлийн технологиуд нь их хэмжээний чадлыг алс хол зайд дамжуулах боломж бүрдүүлдэг. Бүр цаашлуулж хэлбэл ямар технологиор дамжуулах вэ гэдгээ судлаад сонгочихсон. Үндсэндээ нарийвчилсан судалгааны ажил дуусахаар шууд хөрөнгө оруулалтын төслүүд яваад эхлэх боломжтой. Хамгийн том суурь судалгааны ажлууд хийгдээд дуусч байна гэж ойлгож болно. Үүгээрээ өндөр ач холбогдолтой” гэж онцоллоо.

Нарийвчилсан ТЭЗҮ хийх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Европын хамгийн том эрчим хүчний компани Францын EDF гээд ажиллаж байгаа аж. Мөн Хятадын төрийн өмчит үндэсний сүлжээ болох ”Стэйт грийт”-ийнхэн ч идэвхтэй оролцоотой гэнэ. Оросоос эрчим хүчнийх нь том компаниудын нэг “Россети”, Солонгосоос “Кепко” компани ажиллаж байна. Харин Японоос Эрчим хүчний судалгааны институтын оролцоо өндөр байгаа юм байна. Монгол талаас “Новотерра” компани оролцож буй. Тус компанийн бие даасан зөвлөхүүдэд манай улсын эрчим хүчний урдаа барьдаг инженер, мэргэжилтнүүд багтжээ.

Т.ГАНТУЛГА: АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ САНААЧИЛГЫГ ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Зүүн хойд Азийн улсууд газраар хэт өндөр хүчдэлийн шугамуудаар холбогдох бол далай доогуураа 3000 метрийн гүнд хэт өндөр хүчдэл дамжуулах кабелиар холбогдох юм байна. 3000 метрийн гүнд кабель татаж холбогдох боломж саяхнаас бий болжээ. Технологи ингэж хөгжихийн өмнө хоёр улсыг холбохдоо нэлээд даялж тойрох маршрут гаргаж байж. Одоогоор далай доорх ийм холболт 1500 метрийн гүнд хийгдсэн байдаг аж. Энгийнээр хэлбэл 1500 метрээс дооших далайн гүн хэсгүүдийг тойрч шугам барих таамаг төлөвлөгөө гаргаж байсан гэнэ. Харин одоо хоёр дахин гүнд кабель тавих боломж нээгдчихээр улсуудыг холбох зам дөтсөж, зардал хэмнэгдэх нь тодорхой болжээ.

Өнөөдөр өндөрлөх “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа” форумд Японы сэргээгдэх эрчим хүчний институт, ОХУ-ын “Евросибэнерго” компанийн төлөөлөл оролцож байна. Мөн Монголын эрчим хүчний яам, Хятадын үндэсний эрчим хүчний газар, БНСУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөл ч хуралд ач холбогдол өгч оролцож буй. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд Засгийн газраас онцгой анхаарч байгаа хэмээн онцолсон юм. Тэрээр “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн арав, хорин жилд 40 хувиар өссөн. 2040 он гэхэд өнөөдрийнхөөс хоёр дахин өсөх хандлага бий. Ийм шалтгаанаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилга гарсан юм. Санаачилгын хүрээнд хийгдэж байгаа хамгийн чухал зүйл бол нарийвчилсан ТЭЗҮ хийх судалгаа. УИХ-аас 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргасан. 2030 он хүртэл 15 жилийн хугацаатайгаар. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Засгийн газар төрөөс эрчим хүчний талаар дэмжих бодлогын хүрээний дунд хугацааны хөрөнгө оруулалтынхаа хөтөлбөрийг баталчихлаа. Энэ хүрээнд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод зургаан том зорилт бий. Зургаан зорилтын нэг нь бүс нутгийн орнуудтайгаа эрчим хүчний салбарт хамтран ажиллах юм. Монголын Засгийн газар хоёр зүйлд нь голлож анхаарна. Түүний нэгд нь бүс нутгийнхаа орнуудтай эрчим хүчний салбарт үр ашигтай хамтрах хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн зорилт багтаж байна. Азийн супер сүлжээ санаачилгыг Засгийн газар бодлогоор дэмжиж оролцоно” гэлээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Даваасүрэн: Удахгүй нийслэлийн махны зах зээлийг хүнсний аюулгүй байдалд бүрэн нийцүүлнэ

Өчигдрөөс E-MART-ийн сүлжээ дэлгүүрээс худалдан авах махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн тухай мэдээлэл авах боломж нээгдлээ. “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ” төслийн хүрээнд дээрх боломж бүрдсэн юм. Энэ талаар ХХААХҮЯны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэнгээс тодрууллаа.


-Мах худалдан авахдаа үүх түүхийг харах боломж яаж нээгдэв?

-Мал аж ахуйн салбарт нэг хуулиар зохицуулагдаж байсан асуудлыг хоёр хуулиар зохицуулах шаардлагатай болсон. Нэг нь “Малын генетик нөөцийн тухай”, нөгөө нь “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан. “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулиар малын чанар, аюулгүй байдлыг зохицуулах зорилготой. Эдгээр хуулийн хүрээнд малаа бүртгэлжүүлэх, малын мах малчны хотоос гараад хэрэглэгчийн гар дээр хэрхэн очихыг хянах боломжтой болно.

-Өнөөдөр бүх мал бүртгэлтэй болж чадсан уу?

-Бүгд бүртгэлтэй болж чадаагүй. Мал бүртгэлжүүлэх ажил 2011 оноос эхэлсэн ч алдаа, оноо гарсан. Гэхдээ дэлхийн түвшинтэй харьцуулахад дунджаас дээгүүр байгаа. Өнөөдөр бүртгэлжүүлэлтийг боловсронгуй, хялбар болгох ажил явагдаж байна. Малчин, малын мэргэжилтэн, худалдан авагч, үйлдвэрүүд аль болох богино хугацаанд зардал багаар мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ. Өнөөдөр байгаа 66 сая малаа бүгдийг бүртгэлжүүлэхгүй. Эхний ээлжинд цөм сүрэг, үржлийн болон хээлтэгч малыг бүртгэлд оруулна. Түүн дотроо үхэр сүргийг бүгдийг имжүүлнэ.

-Бүртгэлд ороогүй малаа зарах шаардлага гарвал яах вэ?

-Малын эмч дуудлагаар очиж ээмэгжүүлнэ.

-Ээмэгжүүлэх, имжүүлэх нь ямар ялгаатай вэ. Төлбөрийг хэн хариуцах вэ?

-“Малын генетик нөөцийн тухай” хуулиар төлбөрийг малчид хариуцахаар заасан байгаа. Гэхдээ бид шинэ юм хэрэгжүүлж байгаа учраас эхний ээлжинд төлбөр дээр уян хатан хандана гэж төлөвлөсөн. Одоохондоо төсөл хэрэгжүүлж байхад үйлдвэрүүд төлбөр хийж байна. Үнэ нь 800-1000 орчим төгрөг. Бод малд им, бог малд ээмэг зүүж байгаа юм. Гэхдээ бод малд ээмэг зүүж болно. Харин адуунд чип суулгаж байгаа.

-Үүх түүх нь харагдсан мах авахын тулд би юу хийх ёстой вэ?

-Эхний ээлжинд та гар утсан дээрээ “Мал эмнэлгийн үйлчилгээ” гэсэн аппликейшныг татна. Тэгээд E MART-ын сүлжээ дээр очиход худалдаж байгаа махнууд дээр зураасан бар код тавьсан байгаа. Утсаараа түүнийг уншуулахад 1-2 секундын дараа худалдан авах махны тухай мэдээлэл гарч ирнэ.

-Яг одоо болох уу?

-Дэлгүүрт очоод шалгаж болно.

-Түүхээс юу харж болох вэ?

-Аль аймгийн хэний мал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг мэдээлэл, бүртгэл гарч ирнэ. Бүртгэлд орсон байна гэдэг нь тухайн малын мах эрүүл гэдгийг малын эмч баталгаажуулсан гэсэн үг. Тухайн мах бар кодгүй бол малын эмч баталгаа өгөөгүй гэсэн үг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

-Бар кодыг хуурамчаар үйлдэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Би маш олон янзаар туршилт, шалгалтыг явуулсан. Технологи өндөр хөгжсөн учраас хүн бүр дураар хийгээд байх боломжгүй юм билээ. Тэр бүү хэл хэн сервирт орох нь хүртэл нарийн хяналттай. Программыг өндөр мэргэжлийн хүмүүс удирдаж байгаа.

-Энэ мах хаагуур зарагдах вэ?

-Өнөөдөр E-MART-ийн сүлжээгээр, маргаашаас бас өөр газрууд нэмэгдэнэ. Удахгүй Номин тэргүүтэй том супермаркетуудаар зарагдана. Энэ төслийн хэрэгжилтийн туршилт арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл явагдана. Дараа засах, нэмэх юу байгаа нь харагдах байх.

-Супермаркетууд ажиллагааны зардал гээд үнэ нэмчихгүй байгаа?

-Тэдэнд баталгаатай орлого орж ирэх учир үнэ нэмэх тухай ярихгүй л дээ. Төсөл хэрэгжиж жигдэртэл үйлдвэрүүд ээмэгний үнийг хариуцахаар болж байна.

-Малчдад ямар ашигтай юм бэ?

-Хүмүүс эрүүл хүнс рүү тэмүүлдэг болсон. Ээмэгтэй махыг үйлдвэрүүд авна. Үйлдвэрүүдийн баталгаатай махыг супермаркетууд авна. Иргэд эрүүл махтай газрыг зорино биз дээ. Малчид ченжүүдэд биш. Үйлдвэрт өгөх давуу талтай.

-Цаашдаа бусад хүнсний аюулгүй байдлыг ийм аргаар хянах боломж бий юу?

-Бууз, баншны мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хянах боломжийг судалж байна.

-Одоохондоо хүнсний захуудаас гарал үүсэл нь тодорхойгүй махаа идэж л байх уу?

-Эхний ээлжинд дэлгүүрүүдээр зарагдана. Яваандаа хот руу орж байгаа маханд хяналт тавина. Шинэ зүйл учраас нэг өдөр Монгол даяар хэрэгжихгүй л дээ. Та санаж байгаа бол гар утас эхлээд Улаанбаатарт, дараа нь аймгуудад, сүүлд нь сумдад орсон. Тийм маягаар өргөжнө. Систем бол хөгжиж байна. Анх бүртгэл хийж эхлэх үед малыг тус бүрээр нь гараар оруулдаг байсан. Одоо апплейкшнээр бүх хөдөлгөөний хянаж болно. Тэр сумаас төдөн мал тийм машинаар гарсан гэх мэт нарийн мэдээллүүдийг шууд авна.

-Малчны хөрөнгийг бас шууд тоолоод явна гэсэн үг үү?

-Тийм. Дорж гуай өнөөдөр сүлжээгээр 300 хонь зарлаа гэхэд малын “А” данснаас шууд хасагдаад явна.

-Экспортод гарах махыг яах вэ?

-Энэ системээр хянагдана. Бидэнд гадныхан хорио цээрийн дэглэмээр хориг тавьдаг. Харин өнөөгийн байдлаар өвчлөл харьцангуй буурлаа. Энэ түвшиндээ барьчихвал экспорт хийж болно л доо. Одоо махны экспорт квотгүй байгаа. Яваандаа Засгийн газраас квот тогтооно.

-Яагаад?

-Шинжлэх ухааны үндэстэйгээр сүргийн бүтцээ сайжруулах шаардлагатай. Өнөөгийн байдлаар хонь, ямааны экспорт илүү зөв гэж үзэж байна.

-Өнгөрсөн жил махны холбооныхон малыг сар хашиж байгаад экспортод гаргах хашаа барьж байгаа тухай ярьж байсан.

-Апартамент гэдэг юм л даа. Малыг 45 хоног хашиж, эмчээс эхлээд бүх мэргэжилтнүүдийн хяналтад байлгаж байгаад гадагш гаргах зориулалттай хашаа. Энэ ажил хийгдэж байгаа.

-Малын шим ашгийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар хаана, ямар мал үржүүлэхийг заана гэсэн яриа байна.

-Засгийн газар дээшээ харж сууж байгаад “Тэр малыг тэнд үржүүл” гэхгүй л дээ. Мэргэжлийн байгууллагуудын саналаар л шийдвэр гаргана. Учир нь малчид дам сургаар сайн үүлдэр, угсаа гэж тэжээгээд сүргийн бүтцээ эвдээд байгаа юм. Үүнээс болоод малын чанар муудаад тоо толгой нь өсөөд байгаа байхгүй юу.

-Хүнсний зах дээр юм шахсан, вакцины үлдэгдэлтэй мах зардаг тухай мэдээ байсан. Тэр мах үүх түүхтэй махтай холилдохгүй гэсэн баталгаа байна уу?

-Махны үйлдвэрүүд, сүлжээнүүдтэй бид хатуу тохироо хийж байна. Ийм асуудал гаргавал хатуу хариуцлага тооцно.

-Малын тоо баталгаатай бол тоогоор хянаж болно биз дээ?

-2003 онд нүд харж тоолдог байснаа больсон. Зарим малчид зээл авах зорилгоор ахиу тоо гаргадаг гэсэн хардлага бий. Зарим УИХ-ын гишүүд нүд харсан тооллого явуулах санал гаргадаг.

-Сум бүрт нэгж бий юу?

-Өмнө нь Мал эмнэлэг үржлийн тасаг гэж гурван хүнтэй салбар байсан. Одоо хоёр хуваагдаж, нийтдээ таван хүнтэй болсон.

-Мэргэжилтэн хүрэлцэх үү?

-Хүртээмж муутай байгаа.

-Яаж хангах вэ?

-Өмнөх үеийн ХАА-н техникум төгссөн иргэдэд эчнээгээр бакалаврын зэрэг олгож байгаа. Мөн бакалавр зэрэгтэй байж худалдагч, хамгаалагч хийж байгаа залуусыг 2.5 жилээр мэргэжил эзэмшүүлнэ.

-Хөдөө очоод амьдралын баталгаа юу?

-Хуульд тодорхой заагаад өгчихсөн.

-Хөдөө ажиллах хүсэлт ирж байна уу?

-Цөөн ч гэсэн ирж байна.

-Мэргэжлийн хүсэлтээ хаана гаргах вэ?

-Манай байгууллагад.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Физикт сургах зүйн үндэс”


Физикматематикийн ухааны доктор, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Цэдэндамбын Содов болон профессор М.Гонгор, доктор Л.Удвал нарын хамтын бүтээл “Физикт сургах зүйн үндэс” ном хэвлэгдэн гарлаа. Физикийн боловсролын өнөөгийн хэрэгцээ, практик шаардлага, өөрсдийн дунд, дээд сургуульд физикийг олон арван жил судалж заан сургаж ирсэн явцад сурагч, оюутныг физикт хэрхэн сургах талаарх санаа бодол, сурган хүмүүжүүлэх эрэлт хайлт, эргэцүүлэл, шинжилгээ, хуримтлуулсан туршлага, практик арга барилдаа тулгуурлан эрдэмтэн профессорууд энэхүү номыг туурвижээ. Мөн манай улсад физикийн боловсрол сургалт хөгжиж ирсэн товч түүх, физикч эрдэмтэн багш нарын бий болгосон тэргүүн туршлага, сургамжид дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бичсэн нь тодорхой харагдаж байна.

“Физикийн шинжлэх ухаан, боловсрол, соёл”, “Физикт сургах зүйн үндсэн асуудлууд”, “Монголын физикийн боловсрол, сургалтын систем дэх судалгаа, туршлага, тулгамдсан асуудлууд”, “Физикт сургах зүйн зарим жишээ” гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн энэхүү номд зохиогчид судалгааасуудлын шинжтэй лекцийн материалыг суралцагчдын идэвхтэй оролцоотойгоор эх сурвалжуудтай ажиллан системчлэх, физикийн бодлого бодох, лабораторийн туршилтыг бие даан хийх, физикийн үзүүлэх туршилтад бэлтгэх, төгсөгчдөдөө дээрх арга зүй, барилыг төлөвшүүлэх асуудлыг авч үзсэн байна.

Физик бол хөдөлж буй материйн энгийн хэрнээ хамгийн нийтлэг шинж чанар, түүний бүхий л төрөл, төлөвийн бүтэц, харилцан үйлчлэл, хувиралтай холбоотой тооны болон чанарын өөрчлөлтүүдийн тухай орон зайцаг хугацааны бодит хуулиудыг судалдаг шинжлэх ухаан юм. Иймийн тул физикийг судалснаар аливаа хүн:

Янз бүрийн систем, үзэгдлүүдийг нэгдмэл арга судлалын үүднээс судлах, ертөнцийн олон талын нэгдлийг нээх,

Ертөнцийн шинжлэх ухааны дүрслэлийн талаар төсөөлөлтэй болж, хүрээлэгч бодит орчин, бие хүний үйл ажиллагааны зорилго, ахуйн мэдлэгүүдийн тухай субьектив систем төлөвших,

Суралцагчдын логик сэтгэлгээ, индукци, дедукци, оюун дүгнэлтийг ашиглах чадвар хөгжиж, физикийн онолын загварыг хэрэглэх мэдлэгтэй болох,

-Төрөл бүрийн үзэгдлийн зүй тогтлыг олж, судалж буй процессуудын хоорондын шалтгаанүр дагаврын холбоог тогтоож, үүсэх зөрчлийг илрүүлэн танин мэдэхүйн шинэ түвшинд хүрдэг байна.

Энэ номын өөр нэг онцлог бол физикийн тасралтгүй боловсрол Монгол Улсад үүссэнээс хойших ер орчим жилд физикийн сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийн агуулга яаж хөгжиж, хэн хэн гээч зохиогч ямар сурах бичгүүдийг орчуулж, зохиож хэрэглэж ирснийг баримтаар нотолж, залуу үеийг физикт сургах зүйн олон тулгамдсан асуудал, тухайлбал сургалтын арга, арга зүй, технологи, хэрэглэгдэхүүн, ахмад үеийн багш нараас туршин хэрэгжүүлсэн сурган хүмүүжүүлэх туршлагад шинжилгээ хийж, заримыг нь “Физикт сургах зүйн зарим жишээ” бүлэгт дэлгэрэнгүй оруулсан явдал юм. Физикийн дунд, дээд боловсролын залгамж холбоо, тэрчлэн физикийн багш бэлтгэж буй байдал, физикийн боловсролыг Монгол Улсад шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй холбон хөгжүүлэх талаарх судалгааны үр дүнгээ ном зүйд буй эх сурвалжуудын хамт эшлэл болгон бичиж, цаашид боловсронгуй болгох талаар тодорхой саналууд дэвшүүлжээ. Номыг шинжлэх ухааны доктор, академич Б.Жадамбаа, доктор, дэд профессор Х.Дондог нар хянан тохиолдуулжээ.

Физикийн хичээл зааж буй багш нар, багш болохоор суралцаж буй оюутан үйлийн явцдаа бүтээлчээр суралцахад нь туслах зорилгоор бичсэн энэхүү номын үнэ 18000 төгрөг бөгөөд 99912430 утсаар ярих буюу Sod­ov_Ts@yahoo.com хаягаар зохиогч нартай холбоо барьж, захиалгаа “Физикийн боловсрол” сэтгүүлийн Голомт банкин дахь 1410014435 тоот дансаар шилжүүлэн, худалдан авч болох юм байна.


Categories
мэдээ цаг-үе

“А”, “Б”-ээрээ ялгараагүй, “70-аад он”-ы арвынхан

Булган аймгийн Хялганат тосгон. “Олимп” амралт 2018.07.31

Манай ангийнхан анх 1968 оны намар эрдмийн мөр хөөнө гэсэн тэмүүлэлтэй, Булган аймгийн ХутагӨндөр, ХишигӨндөр, Сэлэнгэ, Сайхан сумдын найман жилийн сургуулиудыг дүүргэсэн хөдөөрхөг, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн наймдугаар ангийг төгссөн төвөрхөг угшилтай 60 гаруй охид, хөвгүүдийг цуглуулан хоёр бүлэгт хуваан, эрэмбэлсэн үсгийн эхний хоёроор хаяглаж, эмхэлсэнээр бүрдэл болж билээ.

Ангийн маань “А” хэсгийг, алтан медальтай сургуулиа дүүргэсэн Алимаагийн маань аав, алгебрийн Н.Дашдэлгэр, “Б” хэсгийг хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хувилахуйн ухааны Д.Цэрэн гээд эрдмээрээ гайхуулсан багш нар дааж, үрээ гэх эцгийн сэтгэл, үүргээ гэх багшийн зүтгэлээр зүглүүлж, чиглүүлж өгсөөн. Суралцаж төгссөн төрөлх сургууль маань 1924 онд Түшээт хан аймгийг, Богд хан уулын аймаг болгон Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошуунд тэнхим байгуулагдсанаар нь тулгаа тулан галаа ноцоож, 1925 онд 20 сурагч, хоёр багш, хоёр ажилчинтай үүдээ нээж үйл ажиллагаагаа эхлээд өргөжин тэлж, өнөржин үржсээр П.Е.Щетинкиний нэрэмжит Нэгдүгээр бүрэн дунд сургууль гэх авьяас билгийг ундруулагч, алдар цуутныг төрүүлэгч эрдмийн уурхай, эрлийн хөтөч болсон алдартай сургуулийн 19 дэх төгсөгч болсондоо бид ч таатай, ачийг хариулах, нэрийг нь сэвтээх гэм хийхгүй гэсэндээ ажил, мэргэжилдээ “А” нь байх гэж мэрийж л явцгаана.

Биднийг сургуулиа төгсөх үед их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг орон нутагт нь авах журам гараад удаагүй, конкурс гэдэг шалгалтыг хол явахгүй, хонхортоо өгч эхэлсэн үе байсан. Тэр жил төвөөс ирсэн 30 орчим хуваарийг шалгалтад нь тэнцэж оноог хангасан бидний зарим нь томилолтоо гардаж замаа заалгасан бол үлдсэн хэд маань бараг бүгдээрээ адилгүй цаг хугацаанд сургууль ном дүүргэцгээж, бүгдээрээ л, ажилдаа “ас”, амьдралдаа “босс”ууд болцгоожээ.

…Салаа замнах нь хорвоогийн жам

Санан дурсах нь хүмүүний зан

Ойртож дотносох нь учралын үр

Ойлголцож нөхөрлөх нь ухаарлын ур … юм болохоор цагийн аясаар “намынхаа даалгавар, эх орныхоо дуудлага”аар хэрэгцээт газарт нь хэрэглэгдэхүүн болон очоод ажиллаж, амьдарч байв.

2010 он. Улаанбаатар хот

Эхний хэдэн жилдээ ч “танай”, “манай” гэлцэж, тааралдах үедээ дохилцож явсан ч ухаан тэлээд, учраа олоод ирэхээрээ талсахаа татаж, “А”, “Б”ээрээ ялгарахаа болиод, хаа сайгүй өрнөсөн ардчиллын давалгаа түгэн дэлгэрч ангилан ялгах зарчмыг халахтай “ангижав”ууд бид санаа нийлж, аймгийнхаа хэмжээнд 63уулахнаа (30 банди, 33 охин) ав адилхан 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн “70 оныхон” гэж тохиролцоод энэ тэр гэж ондоошихгүй, эвээ гагнаж, амьхандаа боловсорч, эрдмийн оргилын бэлд нь тонгочиж, бэлчээрт хүрэх гэж сарвалзаж байсан үеийнхээрээ үерхье гээд “манай” гэсэн хаяганд санаа нэгдэн хамарч, сүүлийн хэдэн уулзалтууд маань сайхан болсон.

Бидний дундаас шинэ үхэр, “Сэлэнгэ үүлдэр” бүтээлцсэн Төрийн соёрхолт зоотехникч О.Мэдэхгүй, төгсөөд л төрийн албанд хоёргүй сэтгэлээр гуйвалтгүй зүтгэсэн, зүйрлэж жишвэл “генерал”ын энтэй, Монгол Улсын төрийн захиргааны тэргүүн зэрэг, тэргүүн түшмэл цол, зэрэгтэн Ш.Бүүвэйбаатар, нийслэлийн санхүү, нийгмийн даатгалыг нэлээд хэдэн жил залж захирсан, санхүүч Д.Гонгор, Улаанбаатарынхаа байгалийг удаан жил хамгаалж эвийлсэн, усжуулахын Л.Лувсандаваажав, анагаахын шинжлэх ухааны доктор, клиникийн профессор эмч Д.Алимаа, салбартаа “тэргүүний”дэж, самбарт заларч, сайшаалаар булуулж явсан “ургаа” модны ой зүйч Ж.Төмөрбаатар, “унагасан” модны технологич Ж.Дашням, худаг усны Д.ПүрэвОчир, хайгуул шинжилгээний Л.Базарсад, Ильичийн гэрлийг энд тэндгүй түгээсэн, эрчим хүчний Н.Жамбалсүрэн, Д.Бадамгарав, Ж.Алтангэрэл, нефть хангамжийн мэргэжилтэн, дипломат албаны дадалтан, улс төрийн зүтгэлтэн С.Дашдондог, “машин зүйч” Б.Нямаа, мал зүйч Ж.Дулмаа, Д.Мягмар, “шатах тослох”-ын Д.Цэгмид, аймаг сумуудад сургууль захирсан, ардын хүүхдийг эрдэмд хөтөлсөн ачит багш Б.Давааням, Г.Батсайхан, Д.Хишигбадрах, Д.Лхагваа, Д.Сүнжидмаа, Д.Хандсүрэн, Ж.Янжмаа, Б.Бүдбазар, С.Хорлоо, Г.Сэрд, Н.Бямбасүрэн, Д.Мягаа, Ж.Оюун, Г.Цэцгээ, Д.Тавхар, Н.Алгаа, цэргийн хурандаа, цаначин тамирчин Ш.Баатарчулуун, Ж.Оюунбат зэмтэн гэмтэнг ялган ялладаг, шүүгч Х.Оюунсүрэн, зөрүү бурууг нягтлан шалгагч, нямбайлан тооцогч П.Пүрвээ, М.Гомбосүрэн, Н.Оюумаа, С.Жавзандулам, Г.Чанцал, С.Баасансүрэн, эрүүлийг хамгаалахын Ц.Хайрии, П.Доржпагма, ая тухыг хангах гэж ахуйд нь үйлчилсэн Н.Чулуунбат, түмний төлөө сэтгэлээ зольсон, төр засгийн ажилтан Д.Дугар, Н.Пүрэвсүрэн, П.Эрдэнэбат, уйгагүй хөдөлмөрч, улсын аварга ногоочин Г.Дорж, Д.Тогоо, утсан шаглаач Г.Уранцэцэг, уран үйлч Л.Дашдулам, ээрмэл, нэхмэлийн Б.Шуураа, урлагийн авьяастан Ж.Жагварал, уралдвал түрүүлдэг, тамирчин Г.Төмөрбат, арга, эв сайтай, ахмадын дарга Г.Лхагваа, ааль намуун, ажил хэрэгч Н.Хишигсүрэн, агаарын хөлгийн Ш.БатЭрдэнэ, “Осолгүйн манлай” Т.Гонгор, оюун түгээгч О.Гүнчин, “Сайхан” нутгаа сахиж суугаа Ч.Тогтоо… гээд олон олон найз нарынхаа энгэр чимж, төрийн олгосон “металл цэцэг”үүдээр нь, эзэмшсэн мэргэжлийн онцлог, эрхэлсэн ажлын амжилтаар нь, нутаг усаа гэсэн сэтгэлээр нь бахархаад, овойлгон тодотгож, товойлгон магтмаар байна.

Бид “эрийн цээ”, “эмийн эн”-д хүрэх гэж ирэх хугацааг хүсэн хүлээж, ирээдүйн сайханд тэмүүлж байсан нь саяхан мэт санагдавч өдгөө хагас зууныг ардаа орхиж, 70аад насны хаалга тогшоод цагийн хүрдээ арга нь олдвол арагш нь ухраачих юмсан хэмээн алиалж суух нь насны намраа үдэж өтлөхийн өвөлтэй уулзах гэж байгаа хэрэг.

Сурагч насыг үдсэн сургуулийн мөнгөн хонхны жингэнээ нь он оныг өртөөлөн одсон ч өнөөг хүртэл өр зүрх, өөдрөг сэтгэлд цангинасаар байх.

Юм учиртай, сум гичиртэй гэгчээр:

Ангийн маань зарим нь

Ааль хөнгөн насандаа

Ассан дурлалаа бадраалцаж

Амраг сэтгэлээ нээлцэж

Айл гэр бололцож

Амьдралын суварга босгосон

Ш.Бүүвэйбаатар Д.Алимаа, Ж.Төмөрбаатар Д.Сүнжидмаа гээд “баатар” болоод “маа”нууд азай болтлоо хослон амьдарч, жаргаж л сууна. Цаг хугацаа эргэж буцахгүй элэн одохдоо гэнэн насыг минь гээгдүүлж, ертөнцийг тэмтэчсэн егзөр санаатан, үзсэн сонссон үлгэрлүүлэх санаатай, сургаал айлдсан өвөө, эмээ нарыг үлдээдэг боловч хүүхэд насны гэгээн цайлган төрх, гэнэн аашаараа л нэг нэгнийхээ сэтгэлд мөнхөрдөг юм байна.

“Дурсамж дурдатгал бол тухайн цагийн гэгээн толь. Өмнөх үеэ тойлсон хүн юм юмтай хоцордог” гэдэг болохоор дурсамжаа сэргээж, намтар баяжуулах найдвартай зам нь үе үеийнхний уулзалт, чөлөөт хөөрөлдөөн байдаг бололтой. Ажил амьдралын баян түүхээ, адал явдлын гүн дурсамжаа, хүүхэд насаа, хөглөсөн будилсанаа сэргээн хөгжилдөж, арван наймтны гэнэхэн үеэ, далаад настны егзөр ухаанаар цэгнэн жинлэхэд, нас нь өндөрсөж, намтар нь зузаарсан хүмүүст хүүрнэх ярианы сэдэв нь арвин, хундаганд дайсан үг нь ашдын ерөөлтэй, амгалангийн билэгтэй байх юм. Уулзахаараа эргэж дурсах мэдрэхүй илт сэргэж, ойр ойрхон уулзалдаж ойр холын сонин онигоо мэт дурсамжаа ам булаалдан хүүрнэлдэх хүсэл төрөх, хүүхэд насаа санагалзах, хөгжөөнт мөчүүдээ дурсах дуртай болох нь ахимаг хүмүүний араншин. Нутгийн гүүш Д.Урианхай гуайн шүлэглэсэн,

… “Элээдэггүй хорвоод, мөнхөрдөггүй заяанд

Эртний билгээр учирч, нарны гэгээ хуваалцсан”…бид

… “Санаа алдахад л сэтгэл хөнгөрдөг

Сайхан нас минь хөтөл давж байгаа”… үедээ хааяа хааяа цуглаж уулзалдан санаанд ургаж, уяралаар ивэлсэн гэгээн бодол дурсамжаа ичихээ умартан, илчилж асгах амттай агшин хааяа хааяа тохиож байх таатай. Тэгээд л,

…Томоогүй насаа дурсах гэж ирлээ

Томчуудын дэргэдээс сэмхэн холдох гэж ирлээ…

…Байгаа байхгүйн зовлонг мартан

Бага настайгаа нэг уулзах гэж ирлээ….

…Үнэнчийн тангараг шиг сэтгэл нь ариун

Үүрийн туяа шиг хүүхэд насандаа

Өхөөрдөн хайрлан эргэж ирлээ. ..

Ангиараа бид ирлээ…гэсэн Б.Энхтуяа найрагчийн шүлгийн мөрүүдийг санагдуулан ирцгээж, хуучилцгаана. Энэ замнал, заншлыг ч бид тойроогүй, туулаад л явж байна.

Идэр залуухан, ирлэсэн тонгорог шиг хурцхан үедээ ажлын амт, амьдралын шаардлагад сатаараад, цаг элээж, мөрөө хөөгөөд явдгаас салшгүй найзууд л уулзалдаж, салгуу хэсэг нь хаа нэг тааралдах төдий сургийн чимээтэй, арван жилийн багцаатай уулзалтын зартай л явцгаажээ. Алхаа аажуурч, амьдрал тэгширч, ажилд туршлагажаад ирэхээр бага насаа дурсамтгай, байсан үеэ яримтгай болж, “Нэг ангийнхан”аа эргэн дурсаж, эв таарвал уулзаж хуучлахсан гэх сэдэл нь сэдэрдэг юм даг аа. Харин одоо уулзалтын зайгаа ойртуулж арваа тав, таваа 23 жил болгон багасгаж, ойрхон ойрхон олон удаа болгож, зохион байгуулалтаа чанаржуулан, хариуцах эзэн, харгалдах газраа сонгон, ууж идэхээсээ сууж хөөрөлдөх нь ихсэж дээ. Энэ жилийн уулзалт товлосон газраа тухайлсан хугацаандаа уул, ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газар, Хялганат тосгонд болж энэ нутагт олон жил идээшин сууж, аж ахуйүйлдвэрлэл, ардын боловсролоос өгсүүлээд засаг төрийг нь хүртэл тэргүүлэн зүтгэл, сэтгэлээ шингээж явсан Төмөрөө, Сүнжээ хоёр маань гардаад, хаяа залган суудаг Ингэтийн Давааням, Янжмаа, Эрдэнэтийн Пүрэвсүрэн… гээд энэ хэд маань гар, сэтгэл нийлээд гайхамшигтай зохион байгуулж, зочин болж залагдсан биднийгээ сэтгэлийн таашаалд автуулж, эмгэрэх өвгөрөх насыг эргүүлчих шиг санагдсан. Ажлын шаардлага, амьдрал, ахуйн шалтгаас хамаараад нэлээд маань ирж амжаагүй ч тэднийгээ үгүйлэн “Тэр хэд маань ирсэн бол” гээд үгээр ташуурдан, инээдээр булж сууцгаасан даа. Бас хорвоогийн жамыг сөрж эс чадахаас хойш, цагийн саалтаар бидэндээ нэр, дүрээ үлдээгээд бурхны орондоо буцсан тэднийгээ гашуудал, харамслын үгээр дурсаж байлаа. Дайраад ирэх, аваад явах жам тэр л юм чинь. Ер нь “Манай ангийнхан” чинь,

…Биеэ даасан амьд ертөнц

Билиг аргын сав ертөнц

Бичил орчлонгийн бяцхан одод.. гэж давраачихаад,

…Тавиад оны “төл”одод

Далан оны “төгсөлт” одод

Дал руу авирсан “архаг”одод.

Алдар нэртэй “бурхи”одод

Аяндаа бөхөх “хүн” одод…гэж дарсхийгээд,

…Цаг үедээ асч цацарсан

Цар бяраараа алдаршиж гялалзсан

Тэрсэлдэх дайсан, хажиглах хөршгүй

Тэнгэрийн “луу”, лусын“могой”-нууд…

…Хүсэл зоригоор хийморилож

Бүтээхийн оргилд мацжээ

Нас намбаар хойморлож

Бурхадын суудалд заларна. “Миний ангийнхан” гэж… тайвшруулъя.

Бид чинь хоёр зуун дамжих он цагийн, хоёр нийгэм солигдох хувьсал хөгжлийн амьд гэрч болсон онцгой үеийн, сондгой хувь заяатай хүмүүс бололтой.

Энэ булангийн бичвэрээ түмэнд түгэж, сэтгэлд хоногшсон ангитай, бас багштай хүүхэд, настан бүрийн сайн мэдэх,

“…Хүүхэд гэдэг сонин байдаг ч

Хүний чихэнд сонин дуулдана

Наадаж өссөн багын нөхөд минь

Насаараа нэгэндээ ангийн хүүхдүүд..” гэх дууны үгээр өндөрлөв. Насаараа бид нэг ангийнхаан.

Ангийн анд Л.Базарсад

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан нам гишүүдээ сонсох аян эхлүүллээ

Ардчилсан намын “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аяны нээлт өнөөдөр /2018.11.03/ боллоо. “Гишүүдээ сонсъё” уриан дор зохион байгуулагдаж, ирэх сарын 10-ныг хүртэл орон даяар үргэлжилнэ. Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтын хүрээнд “Монголоо сонсъё” аяныг амжилттай зохион байгуулсан. Тус аяны үргэлжлэл болж “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аян зохион байгуулагдах юм. Энэ удаагийн аяныг угтаж аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж, ҮБХ-ны гишүүд, аймаг, дүүргүүдийн намын дарга нарыг хамруулж, аяны талаарх мэдээлэл, гарын авлагаар хангажээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын 400 гаруй ҮБХ-ны гишүүд, аймаг, дүүргийн намын дарга нар анхан, дунд шатны гишүүддээ хүрч, мэдээллээр хангахад бэлэн болоод байна.

Гишүүн бүртээ хүрч ажиллах нь энэ удаагийн аяны зорилго бөгөөд Ардчилсан намын бодлого, эрх баригчдын бодлого, шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар анхан, дунд шатны гишүүддээ мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсох юм.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг дахин сунгав

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг сунгуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.11.01-ний өдөр хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2018.11.02-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын баталдаг билээ. УИХ дахь намууд хуваарийн дагуу даваа гаригт хуралдана. Мөн даваа гаригт ажлын хэсгийн хуралдаанууд болдог. Харин мягмар гаригаас эхлэн байнгын хороод, чуулганы хуралдаанууд үргэлжлэх юм.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: арваннэгдүгээр сарын 06-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
– Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
– Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
– Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэл /үргэлжилнэ/.

Арваннэгдүгээр сарын 07-ны Лхагва гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
– Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.