Categories
гадаад мэдээ

Фэйсбүүк компани халдлагад өртөөгүй гэв

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг хакерууд хамгийн багадаа 81 мянган хэрэглэгчийн фэйсбүүк хуудсыг нь хакердсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хакерууд хэрэглэгчдийн хувийн гэрэл зураг болон хувийн чатаар бичсэн зурвас зэргийг гартаа оруулсан ба тун удахгүй нэг нэгээр нь нийтэд дэлгэх болно хэмээн сүрдүүлжээ.

“Бидэнд 120 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл бий. Тун удахгүй шоу эхэлнэ” хэмээн тус хакерын баг ОХУ дахь ВВС агентлагт мэдэгдсэн байна.

Уг асуудлаар “Фэйсбүүк” компани “Манай аюулгүй систем хэвийн ажиллаж байгаа. Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалж байгаа. Хакерууд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хакердсан гэдэг нь худлаа” гэж мэдэгдэв.

Хакерууд ихэвчлэн олны танил эрхмүүд, улстөрчдийн мэдээллийг хакердсан гэнэ. Эдгээр мэдээллийг зарах зорилготой байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шинэ дүрмээр тэргэнцэртэй иргэд нэгдүгээр эгнээгээр зорчино

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр энэ сарын 01-нээс эхлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн унаж байгаа тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрсөн байна.

Мөн эдгээр тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”, ”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна.

Автомашин жолоодож буй тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд
1.Иргэний үнэмлэх
2. Жолооны үнэмлэх
3. Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг
4. 15000 төгрөгтэй “Цаг үргэлж” жолооны курсын оффис дээр очиж цахим бүртгэлд бүртгүүлэх юм байна. Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын түншлэл хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

Энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хувьд ч орон нутгийн бүх шатны удирдлага, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент эрсдэлийн үнэлгээний мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил хоорондын гамшгийн үеийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аюул, осол тохиолдсон үед аврах, хор уршгийг арилгах, үйл ажиллагаанд гарах хүндрэл, бэрхшээлд аймаг, орон нутгийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, зудын нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид маргаашнаас хичээлдээ орно

Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-нд эхэлсэн. Энэ улиралд нэг долоо хоног амрах хуваарьтай. Тиймээс сурагчдын хичээл арваннэгдүгээр сарын 5-нд буюу маргааш орно. Энэ жил идэр есийн хүйтний үед сурагчдыг амраах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн амрах хуваарь уян хатан байх онцлогтой аж.

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМРАЛТЫН ХУВААРЬ

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

1 дүгээр улирлын амралт:

Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наасIII-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно.

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх оны нэг сараас цалин, хоёр сараас тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр улсын төсөвт тусгасан. Үүнтэй холбоотой 267.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэхээр болсон байна.

Тэтгэвэр нэмэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвт тусгаж байгаа. Нийгмийн хамгааллын сангаас олгодог тэтгэврийн хэмжээ маш бага буюу амьжиргааны доод төвшнөөс ч доогуур байдаг. Иймд халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг ядаж амьжиргааны доод төвшинд хүргэх шаардлага байгаа аж.

Categories
гадаад мэдээ

​БНХАУ-д бензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг бууруулжээ

БНХАУ-д өчигдрөөс эхлэн бензин болон дизель түлшний жижиглэнгийн үнийг бууруулсан тухай тус улсын Хөгжил, өөрчлөлт шинэчлэлийн улсын хороо мэдэгдлээ. Энэ удаагийн үнийн бууралт нь 2014 оноос хойших хамгийн том хэмжээний бууралт болж байна.

Хятадын үнийн зохицуулалтын хороо дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өөрчлөлтийг тооцож, бензин болон дизель түлшний тонн тутмын үнийг 375 юань, 365 юаниар буулгаж байна.

Хэрвээ дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнийн хэлбэлзэл 50 юаниас дээш давж, ажлын 10 хоногт шинээр тогтсон үнэ хэвээр хадгалагдах тохиолдолд Хятадын дотоод зах зээлд бензин болон дизель түлшний үнэд зохицуулалт хийдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

Улсын хэмжээнд ургац хураалт дуусч урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа хураан аваад байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад 172.6 мянган тонн үр тариа илүү хураан авчээ.

Ингэснээр манай улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн талаар Ургацын төв штабаас мэдээлж байна.

Өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Өмнөх онтой харьцуулахад төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад нь тариаланчдад бүхий талын дэмжлэг үзүүлснээр энэ жилийн тухайд урьд онуудаас тариалалт эрс нэмэгдэн, арвин ургац хураан аваад байна. Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоон хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж ирсэн юм гэдгийг ХХААХҮЯ-наас онцолж байна.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн наадмын сонирхогчдын боксын шинэ жингийн ангиллыг зарлалаа

Олон улсын боксын холбоо (AIBA)-ны конгрессын хурал ОХУ-ын Москва хотод боллоо. Энэ хурлын үеэр тус холбооны Техникийн комиссын ахлагч Пет Фиако “Токио-2020” олимпийн наадмын сонирхогчдын боксын шинэ жингийн ангиллыг зарлажээ.

Тодруулбал, 52кг, 57кг, 63кг, 69кг, 75кг, 81кг, 91кг, +91кг гэсэн нийт найман жингийн ангиллаар нийт 214 эрэгтэй боксчин 2020 онд Японы нийслэл Токиод тулалдана. Харин эмэгтэй тамирчид 51кг, 57кг, 60кг, 69кг, 75кг гэсэн таван жингээр олимпийн наадамд өрсөлдөхөөр болж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн 2016 оны олимпийн наадамд эрэгтэй тамирчид 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91 кг, + 91 кг, эмэгтэй боксчид 51, 60, 75 кг-д өрсөлдөж байв. Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ноос Жендерийн тэгш байдлыг хангах зорилготой “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан билээ. Тус өөрчлөлтөөр боксын төрөлд эрэгтэйчүүдийн хоёр жинг хасан, эмэгтэйчүүдэд хоёр жин нэмсэн юм.

Categories
мэдээ улс-төр

​Ирэх онд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 218 тэрбум төгрөг төсөвлөжээ

Ирэх оны төсөвт нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг тусгажээ.

УИХ-ын гишүүдийн санаачилснаар хүсэлт гаргасан хүүхэд болгонд тэтгэмж олгоё гэвэл хэдэн хүүхэд хүсэлт гаргахыг урьдчилан хэлэх боломжгүй. Учир нь, Монгол Улсад нийт нэг сая 140 мянга хүүхэд байна гэсэн статистик бий. Эдгээрийн 80 хувь нь 912 мянган хүүхэд болж байгаа. Үүн дээр хүсэлт гаргасан хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно гэхээр нэг сая нэлээд гарах тооцоо байгаа аж. Хүүхдийн мөнгийг 10-15 хувь нь авдаггүй гэх судалгааг улстөрчид хэлдэг. Тэгвэл салбарын яамнаас хийсэн нарийн судалгаанаас 5-6 хувь нь авдаггүй аж.

Ингэхээр хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох нь гишүүдийн ярьж байгаагаас илүү хувиар нэмэгдэхээр байгааг салбарын сайд С.Чинзориг хэлж байна.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээг аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ

Олон улсын паралимпийн хорооноос “Рио 2016″ олимпийн паралимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээг аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ. Тус холбоо аравдугаар сарын шилдэг тамирчнаа санал хураалтаар тодруулах бөгөөд эл санал хураалт энэ сарын 8-нд дуусах юм байна. Олон улсын паралимпийн хорооны аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшиж буй Э.Содномпилжээд www.paralympic.org сайт руу орж “Athlete of the month” цэсэнд нэвтэрч Vote хийж, саналаа өгөөрэй.

Тэрбээр өнгөрсөн сард Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн паралимпийн наадмын 107 кг-ын жинд ур чадвараа сорьж, алтан медаль хүртсэн. Ингэхдээ 232.5 кг байсан Азийн рекордыг 7.5кг-аар эвдэж 240 кг болгосон. Мөн 243 кг байсан дэлхийн дээд амжилтыг нэг кг-аар эвдэж, 244 кг болгосон юм.