Categories
мэдээ нийгэм

Хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хаслаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ удаагийн (2018.10.09) хуралдааныхаа үеэр Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хаслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны өргөтгөлийн барилгыг өмчөөс хасах тогтоол гаргав.

1976 онд ашиглалтад оруулсан тус барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дүгнэжээ. Тиймээс хуучин барилгыг буулгаж, шинээр өргөтгөл барихаар болсон байна.

Мөн 1988 онд ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн барилга,1961 онд барьсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст салбарын амбулаторийн барилгыг буулгаж, зориулалтынх нь дагуу шинэ барилга барих тул тогтоол гаргаж өмчийн жагсаалтаас хасав.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган эхэллээ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган өнөөдөр Манила хотноо эхэллээ.

Чуулганд Номхон далайн баруун бүсийн гишүүн 37 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы нээлтэд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус оролцож, үг хэлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ дэлхий дахинд тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өнгөрөгч нэг жилийн хугацаанд ДЭМБ-аас гаргасан тогтоол шийдвэр, авч хэрэгжүүлсэн нэлээдгүй арга хэмжээний талаар танилцуулан, Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр батлагдсан ДЭМБ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг богино хугацаанд боловсруулж, ДЭМБ-ын төв, бүсийн хэмжээнд болон гишүүн улсуудаар хэлэлцүүлж батлуулсан нь үр дүнтэй болсон талаар цохон тэмдэглэв. Мөн тэрбээр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлаар 2009 оноос хойш ажиллаж байгаа Др.Шин Ён-суд 10 жилийн хугацаанд дэлхий нийтийн болон бүс нутгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, талархал илэрхийлээд түүнд ДЭМБ-ын Хүндэт медаль гардуулж өгөв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су Бүсийн захирлаар ажилласан 10 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа товч тайланг танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Бүсийн улсуудын нийт хүн амын эрүүл мэндэд ахиц гарсан, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр томоохон амжилтад хүрсэн бол халдварт бус өвчин тулгамдсан асуудал болсоор байгаа талаар цохон тэмдэглэв. Гэхдээ Бүсийн улс бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тамхидалт зэрэг ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах чиглэлээр манлайлан ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Энэ удаагийн Бүсийн чуулганы үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын 5 жил тутам болдог ээлжит сонгууль болж, шинэ Бүсийн захирлыг сонгоно хэмээн ЭМЯ-наас мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

“Магнай трейд”-ийн захирлыг цагдан хорьжээ

“Магнай трейд”-ийн захирал Р.Ганзоригийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас саатуулан хорьжээ.

Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг үгсэн хуйвалдаж бензинийн үнийг нэмсэн гэсэн үндэслэлээр ийнхүү баривчилсан гэх мэдээлэл цацагдсан. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Р.Ганзоригийг цагдан хорьсон нь үнэн, гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан талаар мэдээлэл алга байна” гэсэн хариулт өглөө. Цагдаагийн байгууллагаас хэн нэгнийг баривчлан саатуулахын өмнө шүүхэд хандсанаар цагдан хорих эсэхийг шүүх хуралдаанаар шийддэг. Харин Р.Ганзоригийг хойшлуулшгүйгээр баривчилсан учраас өмнө нь шүүхэд хандаагүй байна. Энэ тохиолдолд цагдан хорих саналаа 48 цагийн дотор шүүхэд хүргүүлснээр түүнийг хорих эсэхийг шийдэхийг шийдэх шүүх хуралдаан болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Aм.доллар 2572 төгрөгийн ханштай байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2.566.33 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын валютын зах зээл дээрх дундаж ханш ийм дүнд хүрсэн гэсэн үг. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2563 төгрөгөөр худалдан авч, 2566 төгрөгөөр борлуулж байна. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуу бодлоор удирддаг дрон камер бүтээжээ

Австрали улсын “Күйнсландын Их Сургууль”-д суралцдаг Б.Билгүүн бодлоор удирддаг дрон камер бүтээжээ. Тэрээр хүний тархинд байдаг цахилгаан сигналуудыг ашиглан дроныг удирддаг байхаар бүтээлээ хийсэн байна.

Дрон бүтээхээсээ илүү удирдах нь түүнд хүндрэлтэй байсан тухайгаа ярьсан аж. Удахгүй эх орондоо ирэх гэж буй бөгөөд тэтгэлэг авах үедээ “Надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ” хэмээсэн үгэндээ хүрэхээр зорьж байгаа тухайгаа ярьжээ.

Дашрамд дуулгахад тэрээр тус улсад Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байна. Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцахын хажуугаар Австралийн арван жилийн хүүхдүүдэд компьютер программ болон роботокийн хичээл заадаг аж.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтад хамруулаагүй бол торгох асуудлаар энэ сарын 17-нд хэлэлцэнэ

Дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээлгэхээр заасан байна. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргажээ.

Уг мэдээлэл, гомдлын дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болно.

Өмнө нь дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулсан билээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол гэр үйлдвэрлэлийн 150 гаруй компани ажилладаг

Монгол Улс жилд 20000 гаруй иж бүрэн монгол гэр экспортолж, 6000 орчим гэрийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. Монгол гэр үйлдвэрлэлийн чиглэлээр “Хангай гэр” ХХК, “Дээдсийн гэр” ХХК, “Халх гэр хужирт” ХХК, “Монгол гэр хужирт” ХХК, “Зүүн сайн” ХХК, “Тэнгэрлэг өргөө” ХХК, “Өвөг дээдсийн гэр” ХХК, “Хорол өргөө” ХХК, “Их өргөө” ХХК, “Монгол гэр” ХХК, “Өнө монгол гэр” ХХК, “Батдэлгэрэх” ХХК, “Мөнгөн гэр” ХХК “Уянгын гурван эрдэнэ” ХХК, “Удунвара эрдэнэ” ХХК, “Уянга хийц” ХХК, “Сэлнэн” ХХК зэрэг 150 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани, хувь хүн аяны, отрын, малчдын, уул уурхай, зам барилгын ажилчдын, жуулчны баазын, хот суурин газрын, ресторан хүлээн авалт, хүндэтгэлийн, экспортын, тоглоом-бэлэг дурсгалын гэсэн 10 төрлөөр, 1,9-40 м хүртэл диаметртэй, 3 ханатаас 32 ханатай олон төрлийн зориулалтын гэр үйлдвэрлэж байгаа юм.

Цаашид гэрийн үйлдвэрүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, өөр материалаар орлуулан хийх, суурин болон нүүдлийн шинж байдалд тохирсон гэрийн шинэ загвар, хэрэглээний шинэ шийдлийг бий болгох, монгол гэрийн өвөрмөц хэв шинжийг олон улсад сурталчилж, экспортыг өсгөх шаардлагатай бий. Ингэснээр жилд 20000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой гэж үздэг. Дэлхийн улс орнууд, ард иргэд монгол гэрийг улам ихээр сонирхох болж, барьж ашиглахад хялбар байдаг тул байгаль цаг уурын гамшгийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой гэдгээр нь сайшааж байна.

Монгол гэрийн эрэлт хэрэгцээг даган эерэг сөрөг үр дагавартай үйл ажиллагаа идэвхжих боллоо. Франц, Польш, Канад зэрэг улсуудад монгол гэрийг дамжуулан борлуулдаг сүлжээ ажиллаж байна. БНХАУ, ОХУ-ын компаниуд монгол гэр урлаачдыг урьж аваачин гэр хийлгэх, гэр урлалын нууцыг тандан зөвшөөрөлгүйгээр гэр үйлдвэрлэн борлуулах явдал гаарч байна. Нүүдлийн соёл иргэншлийн ахуй орчныг бүрдүүлэн тээгч “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” ёс уламжлалыг хүн төрөлхтний үнэт зүйлс болгон 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэн авсан. Тиймээс ч монгол гэрийг бид өөрсдөө урлан үйлдвэрлэж, үндэсний ёс уламжлалаа дэлхий нийтэд түгээх учиртай юм.

Монгол туургатны үндэсний бахархал болсон Монгол гэр нь 3000-аад жилийн түүхтэй. Хүннү гүрний хаадын үеэс одоогийн гэрийн хэв шинжээ олж, өвөг дээдэс маань бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ. Монгол гэр нь уран барилгын үндэс бөгөөд орчин цагийн барилга нь уран барилгаас үүсэлтэй. Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилт амьдралын гол төв болж ирсэн бөгөөд Монгол гэргүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй.

Гэр нь нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээвэрлэхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан бөгөөд монгол үндэстний гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор нь хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхий нүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар өвөлд бэлэн

Өвлийн оргил ачааллын үед инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлыг инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай ажиллагааны бригадуудын бэлэн байдлын хангах, дадлага сургуулилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 08 ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургуулилтаар тухайн инженерийн хангамжийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, гарч болзошгүй аваар, саатлын үед техник хангамж, нөөцийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг болзошгүй гамшиг аваар саатал аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэж дараахи байгууллагууд оролцлоо. Үүнд:

1. “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК

2. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

3. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ

4. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ

5. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ

6. “Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ

7. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ

8. “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ

9. Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан 13 аж ахуйн нэгж

Дадлага сургуулилтын даалгавар болгож цагийн байдлыг 2019 оны нэгдүгээр сарын 10 ны өдөр гадна агаарын хэм -30, Салхины хурд 4-8 м/с байхад хүндрүүлсэн нөхцөлөөр үүрэг даалгавар өгч дараах ажлуудыг хийж гүйцэтгүүлэв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь гэмтлийг зохиомлоор үүсгэн дулааны шугамд даралттай ус шахаж гагнах, хомут тавих зэргээр гэмтлийг устгасан.

“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь автозам, замын байгууламж эвдэхгүйгээр газар доорх хүйтэн усны шугамын шинэ технологиор доторлов.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хувьд өвлийн хүйтэн цагт өндөр хүчдэлийн кабелийн гэмтэл гарахад хэрхэн муфт хийж гэмтлийг засварлав.

“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ цахилгаан эрчим хүчгүй болсон халаалтын зуухыг зөөврийн эх үүсвэр ашиглан сүлжээний насосыг ажиллуулав.

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-нь хөлдөлт үүссэн барилгыг хэрхэн сэргээх, халаалтгүй болсон айл өрхөд нэг удаагийн газ ашиглан түр халаалттай байлгах халаах хэрэгсэл хийж туршив.

Хотын гэрэлтүүлгийн хувьд аваарийн үед хэрхэн нэгдэж ажлын талбайг гэрэлтүүлэх гэм мэт байгууллага тус бүр өөр өөрийн онцлогийг харуулсан ажилбаруудыг хийж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрх зүйн сургалт, сурталчилгааны өдөрлөг үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгааны өдөрлөгийг 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар нь дөрвөн бүсэд хуваан шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа. Тухайлбал өнөөдөр гуравдугаар бүс буюу дүүргийн 6,13, 14, 15, 18, 25, 26 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар эрх зүйн сургалт, зөвлөгөө, мэдээллийн өдөрлөгт хамрагдлаа.

Дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн мэргэжилтнүүд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт орсон юм. Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго, ач холбогдол, үр нөлөөний талаар танилцуулга хүргэлээ.

Тус сургалтад 100 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд албан хаагчдад тус тасгаас боловсруулан гаргасан гарын авлага, таниулах материалыг тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы II хорооны Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы II хорооны үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 8-нд эхлэв. Эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг тус хороо нь тогтвортой хөгжил, макро эдийн засгийн бодлого, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын бага хурлуудын үр дүнгийн хэрэгжилт, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, ядуурлыг бууруулах, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг 15 багц асуудлын хүрээнд холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэж, батлах юм.

Хоёрдугаар хорооны хуралдааны нээлтэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, Ерөнхий нарийн бичгийн дарга Лиу Зенминь, АНУ-ын судалгааны Брүүкингс хүрээлэнгийн Дэлхийн эдийн засаг, хөгжлийн хөтөлбөрийн захирал Хоми Карас, Гватемал Улсын ахмад дипломатч Герт Росентал нар оролцож, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах арга замын талаар илтгэл танилцуулав.Тус хорооны ерөнхий санал шүүмжлэл 10 дугаар сарын 8-9-нд үргэлжлэх бөгөөд гишүүн улс орнууд эдийн засаг, хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал, Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграци, санаачлагад нэгдэх, хөрш болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйг онцлов.

Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлд Монгол Улс идэвхитэй ажиллаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйг тэмдэглээд, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв нь засгийн газар хоорондын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа Улаанбаатар хотноо бүрэн эхлүүлснийг мэдээлж, судалгааны төвийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай болгох тогтоолын төсөлд хамтран зохиогчоор орохыг гишүүн орнуудад уриалав.