Categories
мэдээ улс-төр

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг сүүлийн таван жилийн цалинг 60 сард хуваан тооцдог байжээ. УИХ-аас “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийг мөн өөрчилсөн байна. Ингэхдээ сарын дундаж цалинг 2019 оноос зургаан жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалингийн нийлбэрийн дунджаас тооцохоор болжээ. Энэ нь 2019 оноос тэтгэвэрт гарах алба хаагчдад хохиролтой хэмээн хууль санаачлагч С.Бямбацогт танилцуулав. Тухайлбал, тэтгэвэрт гаруй буй ахмад нэг сард 33512 төгрөг, офицер 48787-70081 төгрөг, ахлах офицер 35831 төгрөгийн алдагал хүлээнэ хэмээн тооцжээ. Тиймээс “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал Я.Санжмятав гишүүн хууль баталсан тохиолдолд хэзээнээс дагаж, мөрдөж эхлэхийг тодруулав. Мөн Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд энэ хуулийн хүрээнд зарцуулах хөрөнгийг тусгаагүй байгааг дурьдлаа. Хуулийн төслийг баталсан тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг С.Бямбацогт тайлбарлаад, “Энэ хуулийг нэн даруй батлах хэрэгтэй. Дараа нь шаардагдах хөрөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгах боломжтой” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд мөргөж гэмтээсэн жолоочийг шалгаж байна

Энэ сарын 02-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын урд замд явган хүний гарцаар зорчиж явсан хүүхдийг мөргөж улмаар хэргийн газраас зугтсан хэрэг гарсан. Хүүхэд мөргөж гэмтээн ослын газрыг орхиж явсан жолоочийг илрүүлжээ.

Одоогийн байдлаар цагдаагийн газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тухайн үед осол гаргасан жолооч хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсанаас гадна хохирогчийг зөөж өөр газар орхисон байна.

Categories
мэдээ нийгэм

Берлин дэх ЭСЯ-ны Нээлттэй хаалганы өдөр боллоо

Холбооны бүгд найрамдах Герман улсад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, ЭСЯ-ны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан холбоотой байх, иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 3-ны өдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2019 онд тохиож буй тул ирэх онд иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй “МИАТ”, “Говь”, “Монголиан Айртранс”, “Монголиан Айртранспорт”, “Эйрпасифик”, “Түвд агентур”, “ Usus Handmade” компаниуд болон “Монгол-Германы эдийн засгийн клуб”, “Спортын Цог клуб”, ”Майдар Холбоо” “Улаанбаатар Холбоо”, Берлин дэх оюутан залуучуудын “МАС” ТББ-ууд үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны саналуудаа танилцуулж, иргэдийн дунд сугалаа явуулан азтанг тодруулав.

Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд иргэдээ өргөнөөр оролцуулах үүднээс суугаа улсын нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу Герман улс нэгдсэний баярын өдөр зохион байгуулсан нь үр дүнтэй болж, зуу гаруй иргэд оролцсоны дотор 520 км зам туулан ирсэн иргэд ч байлаа. Арга хэмжээнд язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая дууныхаа дээжээс өргөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“МОРЬ ХАРАХ” зуур “ГАЙТАВЫН ЖАРГАЛ” эдлэхүй

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Хүн амьдралынхаа туршид дунджаар 1.5-2 жилийг жорлонд өнгөрөөдөг гэнэ. Ялангуяа тав тухтай жорлон буй болсноос хойш хүмүүс тэнд тухлан сууж ном уншин цаг нөхцөөх нь бүр илүү болжээ. Жорлон бол ном уншихад нэн тохиромжтой газар гэдэгтэй ихэнх хүн санал нэгдэх байх. Харин үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс жаахан нэрэлхдэг биз.

Жорлонг англичууд “амрах өрөө”, францчууд “бодлогошрох өрөө”, хятадууд “хажуугийн байрлал” гэж өргөмжлөх аж. Бидний одоо “нойл нойл” гээд байх болсон нь Английн армид дарга нарт зориулсан жорлон тусдаа учир Officers Only гэснийг товчлоод давхар “ОО” үсэг (00 биш) тавин хаягладгаас үүдэлтэй гэнээ. Бидэнд ч “Гайтавын жаргал” гэж үг бий. Алдарт найрагч Гайтав гуайгаас “Ертөнцийн хамгийн жаргалтай мөч юу вэ?” гэж асуухад “Өндөрхөн довон дээр салхи дагуу харан суугаад хүндрэх. Араас зөөлөн салхи илбээд л, хамаг бие тавирч амраад л…” гэсэн гэнэлээ гэх ам дамжсан ярианаас энэ нэршил үүсэлтэй гэдэг.

Жорлон гэдэг үгийг сүүлийн үед цээрлэн “нойл”, ариун цэврийн өрөө”, “бие засах газар” гэх мэтээр эерүүлэх болж. Уг нь бие засах газар гэдэг маань жорлон гэсэн үгийн тайлбар юм л даа. Цээрлээд байх үг ч биш л дээ. Бөгс гэдэг үгийг цээрлэж байна гээд “өгзөг” гэж орлуулах болж. Өгзөг бол бөгс биш, хонгоны товгор хэсгийг ингэж нэрэлдэг. Бөгс ч тийм цээрлэмээр муухай үг биш, оочирын бөгс, бөгс мөнгө, уралдааны бөгс, цээж болон бөгс мөнгө (урьдчилгаа, үлдэгдэл) гэх мэт сүүлд нь, хойно нь, ард нь гэсэн утгаар ч өргөн хэрэглэдэг.

Жорлон гэдэг үг хаанаас хэзээ орж ирсэн нь мэдэгддэггүй. Өргөн уудам талд ганц нэгээрээ салангад суух нүүдэлчдэд тухайлсан жорлон хэрэггүй байж. Ер нь хотжил дагасан хэрэгцээ. Тавиад оны сүүлчээр Соёлын довтолгооны их хөдөлгөөнөөр хот байтугай талын малчин айлыг ч тусгайлсан жорлонтой болохыг дээрээс зааварлан албадсан юм. Ингээд хөдөөний айлууд гэрээсээ холгүй нүх ухаж, дөрвөн шон босгоод таараар тойруулж халх хийх болжээ. Түдэв гуайн “Нүүдэл суудал” романд ийм бие засах газар хөдөө нутагт хэрхэн үүссэнийг, ардууд түүнээс хэрхэн цэрвэж байсныг их хөөрхөн өгүүлсэн байдаг.

Магадгүй, энэ үеэс жорлон гэх үг өргөн хэрэглэгдэх болсон байх. Даам мэтийн зарим хөлөгт тоглоомд энэ үг байсан. Энэ нь тухайн даам бүх талаасаа бүслэгдэн нүүдэлгүй болохыг “жорлон болох” гэнэ. Мөнөөх таараар бүх талаасаа бүслэгдсэн нүхийг дүйцүүлэн ингэж нэрлэсэн байж болох. Таамаглал шүү.

Эрт эдүгээгийн соёлын харилцаатай байсан аль ч хэлэнд төстэй нэршилтэй үг хайгаад олсонгүй, дуудлагаас нь харахад ориг монгол үг биш бололтой, тиймээс хөлөгт тоглоомоор дамжиж ирсэн үг болов уу. “Морь харах” гээд нэг үг байна. Энэ нь юу юугүй “би гарч баачихаад ирье” гэж заваартаж байхаар гадаа чөдөртэй морио тайван байгаа эсэхийг нь хараадахъя гэж боловсноор мэдээлж буй хэрэг юм. Энэ үгийг өөрөө цаад утгыг нь ухаж ойлгоогүй хүмүүс гадаадынханд өөрийнхөөрөө тайлбарлаж өгснөөс болоод монголчууд өнөө юугаа “морь” гэж өхөөрддөг юм байна гэж ойлгосон гадаад хүн нэг бус байдаг төдийгүй бусад гадаадуудад сонирхуулан ярьж өхөөрдөн шоолох нь бий.

Бас өтгөн шингэн “мөр харах” гэдгээс үүссэн тухай тайлбар ч байдаг.

“Нойль нойльдоо” ”хажуугийн байрлалаар” ”амран” ”бодлогширч” ”Гайтавын жаргал” эдэлж суух явцад хөнгөн мөртлөө зугаатай, болж өгвөл ”мэдлэгт дусал нэмэр” болохуйц ном зайлшгүй хэрэгтэй болдог. Тав тухтай жорлон буй болсноос хойш энэ талаар зохиолч, сонирхогч, хэвлэлийн газрууд санаа тавьдаг болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Иймээс ч “Жорлонгийн ном” (Toilet book) гэсэн төрөл жаанар ч буй болсон. Зарим нь бүр даваадуулаад, жишээ нь япончууд жорлонгийн цаасан дээр сонирхолтой үйл явдлууд, онигоо, комикс хэвлэн гаргах болжээ.

Монголдоо ийм ном бүтээх санаа эндээс төрөн сонирхолтой явдлуудын цуглуулга хийгээд нэн таашаалтайгаар “морь харах” ном бүтээснээ та бүхэндээ толилуулж байна.

Энэ номд сонирхолтой, хачирхалтай, зарим нь үнэмшихэд бэрх мөртлөө үнэхээр болсон явдал болон мэдүүштэй сонин болгоноос цуглуулан эмхэтгэлээ. Сэдэв болгон нь 1-10 мөрд багтахуйц богино, тусгайлан сэдэвчлэн ангилаагүй болохоор аль тааралдсан хуудаснаас сөхөн уншихад огт төөрч будилахгүй, гарын дор ойр байхыг нь бодож ямар ч, тэрбайтугай модон жорлонд ч хадаасанд өлгөчиж болохуйц оосортойгоор хэвлэлээ.

Мэдээж ийм сонирхолтой фактуудыг цуглуулдаг болохоос зохиодоггүй учир эмхтгэгч маш олон номноос түүвэрлэсэн болно. Уншигчид ямар нэг эргэлзээ төрөх вий гэж болгоомжлох үүднээс, бас давхар нягталж шалгаах боломж олгохын үүднээс гол төлөв монгол хэлээр нэгэнт хэвлэгдсэн номнуудаас эшлэн түүвэрлэсэн болно.

“Соёлын хувьсгал”ын сүүлээр Мао дарга залууст хандан нэг үг хэлжээ. ”Хувьсгал бол маш сайхан зүйл. Гэхдээ хичнээн хувьсгалч байгаад нэг нүх рүү ямар нэг юм хийж нөгөө нүхээр гаргаж байхгүй бол хувьсгал хийх бололцоогүй”.

Хүн ямар ч үзэл бодолтой, юу руу ч тэмүүлдэг, хичнээн ухаантай байгаад амьдралынхаа 2 жилийг жорлонд өнгөрөөж л таарна.

Жирийн нэгэн биологийн процессыг “морь харахын жаргалан” болгон хувиргахад нэмэр болох болов уу хэмээн энэ номыг түүвэрлэн эмхэтгэсэн БААБАР.

2018.09.15

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн өсвөрийн шилдгүүдийг тодруулна

2018 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба, ням гарагт буюу 10 дугаар сарын 13, 14-нд Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болно.

Тус тэмцээн гурван насны ангиллаар болох бөгөөд 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүргийн 30 хүүхэд уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдана. Тодруулбал, 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалтай иргэний үнэмлэхээ гардсан хөвгүүд барилдах эрхтэй. 2002 оны 10-р сараас-2003 оны 10-р сард төрсөн хөвгүүд бага насанд, 2001.10-2002.10 сард төрсөн бол дунд насанд, 2000.10-.2001.10 сард төрсөн хөвгүүд дээд насанд тус тус барилдана.

Энэ жилийн хувьд улсын хошой аварга Дарханы Нацагдоржийн Чиеэгүнбаатар аварга цолоо гурав дахиа хамгаалахад ойрхон байгаа юм. Бага онооны системээр шилдэг багийг гурван насны нийлбэр дүнгээр тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Улиастайд “Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдааны шалгаруулалт болно

Завхан аймагт энэ сарын 10-15-нд “Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалт болно. БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбооноос эрдэмтэн, зохиолч Э.Оюуны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй улсын уралдааны Баруун бүсийн шалгаруулалтад таван аймгийн театрынхан оролцох ажээ.

“Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор, Завхан аймгийн театрууд 2018 онд шинээр тайзнаа тавьсан бүтээлүүдээрээ оролцохоор бүртгүүлжээ. Харин Завхан аймгийн тухайд Хөгжимт жүжгийн театр 2018 онд уран бүтээлийн олз омог ихтэй ажиллаж байгаа. Энэ онд хоёр томоохон уран бүтээлийг туурвин үзэгчдийн хүртээл болгосон. Монголын их соён гийгүүлэгч, шашин төр урлагийн нэрт зүтгэлтэн анхдугаар богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазарын амьдрал уран бүтээлээс сэдэвлэн бичсэн Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатарын найруулга “Өндөр гэгээн” хэмээх түүхэндуулалт жүжиг юм.

Тус жүжгийг нийт 32 удаагийн тоглолтоор 12470 хүн үзсэн байна. “Өндөр гэгээн” жүжгийн уран бүтээлчид 2018 оны тавдугаар сард болсон “Гэгээн Муза” олон улсын театрын их наадамд оролцож “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналуудыг хүртсэнийг дуулгахад таатай байна. Манай уран бүтээлчид дөрвөн жилд нэг удаа зохиогддог орон нутгийн театруудын дундах “Шилдэг бүтээл –2018” улсын уралдаанд бэлдээд завгүй байгаа.

Бид Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” жүжгийг сонгож оролцоно. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баярсайхан, ерөнхий зураачаар МУСТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор МУСТА Э.Хүрэлбаатар нар ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин МУГЖ Т.Цэцэгээ, дуучин Д.Бат-Ундрах, бүжигчинП.Адъяадулам, бүжигчин Н.Авирмэд нар тоглож байна. Энэ жүжигт Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын 45 уран бүтээлч оролцон тоглож байгаа талаар тус театраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Казиногийн тухай хуулийг боловсруулсан ажлын хэсэг хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланг сонсох юм.

Харин 11.00 цагт болох Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх аж.

Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо, Цахим бодлогын түр хороо хуралдана. Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөө, Төрийн албаны хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай юм.

Мөн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд, Автобензин, дизелийн түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд болохоор товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод охиноо үлдээсэн эцэг эхийг эрэн сурвалжилж байна

БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, хүүгээ орхиод ор сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан талаар мэдээлсэн билээ.

Мөн өнгөрсөн зургаадугаар сард охиноо хараа хяналтгүйгээр хоёр сар орчин үлдээсний улмаас өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол ч гарчээ. Урд хөршид барьцаанд үлдсэн гурван хүүхдийг эх оронд нь авчрахын тулд ГБХЗХГ-аас тодорхой зардал гаргасан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн зочид буудалд барьцаанд үлдсэн хүүхдийн төлбөрт 3,5 сая төгрөгийг төлж байж хүүг авчирчээ.

Харин авчирсан хүүхдүүдийн биеийн байдал нь хэвийн, нөхөн сэргээх эмчилгээнд явуулж, сургуульд оруулсан талаар эх сурвалж хэлэв. Хүчирхийлэлд өртсөн охины эцэг эхийн сургийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь Баянзүрх дүүргийн харьяат юм байна. Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажлыг хийж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт 17 асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлэн байдал, олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачаа нэвтрүүлэх үйл ажиллагааны талаар мөн ялтан шилжүүлэх тухай гэх мэт асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйтэй танилцана уу.


Categories
мэдээ цаг-үе

Долларын ханшийн галзуурал шатахууны үнэд нөлөөлж байна

-ТӨВБАНК ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХАЗААРЛАЖ БАЙЖ ИРГЭД ШАТАХУУНЫ ҮНЭД ДАРЛУУЛАХГҮЙ АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДЭХ НЬ –

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Бензиний үнэ 60-80, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдсэний гол шалтгаан нь долларын ханшийн чангаралт гэж эдийн засагчид хэлж байна. Өнөөхөндөө шатахууны үнээ нэмээгүй “Сод Монгол”, “Синчи ойл” зэрэг компаниуд ногоон валютын ханш чангарч байгаа учраас тун удахгүй үнээ нэмэхээс аргагүй гэсэн хариуг хэвлэлийнхэнд өгсөн юм. Найман шарга валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2563 төгрөгөөр авч, 2568 төгрөгөөр зарж байлаа. Зургадугаар сараас хойш ам.долларын ханш 160 гаруй төгрөгөөр чангараад байна. Арилжааны банкныхан ам.долларын ханш ирэх өдөр, саруудад чангарна гэсэн таамаг гаргажээ. Том төслүүдээ дэмжиж, татвараа буулгаж, Америкт үйлдвэрлэсэн барааг нэгдүгээрт тавьж буй Д.Трампын бодлого цэнхэр гаригийн улс орнуудад эргэлдэж буй ам.долларыг АНУ руу татаад эхэлчихсэн. Хятад, АНУ-ын дунд өрнөж буй худалдааны дайны эрчимжилт ч долларын ханш чангарахад нөлөөлж байгаа. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиар өссөн, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байгаа, зэс нүүрсний үнийн өсөлт дажгүй хэвээр яваа, Төв банкин дахь алт тушаалт буураагүй өссөн гэх мэт эерэг үзүүлэлт олон бий. Өөрөөр хэлбэл доллараар дутахгүй аж төрж яваа улсын нэг нь Азийн Монгол. Засгийн газар, Төв банк бодлогоо уялдуулчихад л ноён ногооны ханшийг хазаарлах боломж бий гэсэн тайлбарыг эдийн засагчид өгч байна. Гэхдээ одоогоор долларын ханшийг сулруулж, төгрөгөө чангаруулах ямар нэгэн оролдлогыг Төв банк, Засгийн газрын аль аль нь хийхгүй суугаа.

Манай улс шатахууны хэрэглээнийхээ 95-аас дээш хувийг ОХУ-аас импортолдог. Шатахуун импортлогчид “Роснефть” компанитай авах, зарах үнээ хэрхэн яаж бодохоо тохирсон гэрээг 2014 онд анх байгуулж байж. Саяхан гэрээгээ сунгасан юм байна. Хоёр тал өгөх, авах шатахууны үнээ Сингапурын биржийн баррель нефтийн үнэтэй уяж тооцох тохироо хийжээ. Сингапурын бирж дээрх баррель нефтийг тонн руу хөрвүүлж байгаад нефтийн ханшаа гаргачихдаг юм байна. Ингэж тооцсон үнэ дээр “Роснефть” өртөг зардлаа нэмээд манайд зарах ханшаа тогтоодог аж. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогчид дөрвөн жилийн өмнөөс дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа худалдаж авдаг болжээ.

Эндээс дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хэрээр хойд хөршөөс авах шатахууны ханш өсдөг гэсэн гаргалгааг түвэггүй хийчихэж болно. Өнгөрсөн жил 54-55 ам.долларт хэлбэлзэж байсан газрын тосны үнэ өдгөө 80 ам.доллар даваад байна. Түрүү жилийн зунаас хойш түүхий нефтийн үнэ өсч эхэлсэн юм. Тэгэхээр “Роснефть”-ийн манайд зарах шатахууны үнэ энэ циклийг дагаад өнөөг хүртэл нэмэгдсээр ирсэн гэсэн үг. Шатахуун импортлогчид энэ оны нэгдүгээр сараас үнээ бага багаар хоёр гурван удаа нэмсэн шалтгаан нь ерөөсөө энэ.

“Роснефть” Сингапурын биржийн хөдөлгөөнийг дунджилж, өртөг зардал, ашгаа нэмсэн үнийг сар бүрийн 25-нд манай улсын шатахуунд импортлогчдод ирүүлдэг. Аравдугаар сард шатахуун нийлүүлэх үнээ өнгөрсөн сарын 25-нд өгөхдөө дизель дээр 80 гаруй ам.доллар, бензин дээр 40 гаруй доллараар өсгөсөн дүн ирүүлжээ. Үнэ нь өссөн шатахуун түрүүчээсээ бууж, худалдаанд гарч эхэлсэн учраас дизель, бензиний үнэ хоёр өдрийн өмнөөс нэмэгджээ. Дашрамд дурдахад түүхий нефтийн үнэ энэ сараас огцом өөрчлөгдсөн юм. Баррель нефтийн ханш өнгөрсөн сард 77-78 ам.доллар байсан бол ганцхан сарын дотор 81-82 ам.доллар болж өссөнийг статистикаас харж болно.

Түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр цаашид ч өсөх зурагтай байна. 100 ам.доллар давна гэсэн таамаг давамгайлж эхэлжээ. Ираны хориг цуцлагдах ч юм уу, ОПЕК-ийн орнууд өдөрт сая баррель тонн нефть илүү олборлоё гэсэн мэдэгдэл гаргахгүй л бол шатахууны үнэ буух ямар ч шалтгаан байхгүй. Дэлхийн өнөөдрийн байдлыг ажиглахад улс төрийн ийм эерэг шийдвэр, шийдэл хэзээ ч гарахгүй гэж шинжээчид онцолсоор байгаа. Харин ч Ираны хоригийн асуудал улам хүндэрнэ гэсэн таамаг голлож эхэллээ.

Гадаад зах зээл дээрх түүхий нефтийн үнийн чангарлын эсрэг бидний хийж хүчрэх зүйл мэдээж байхгүй. Дотооддоо хийх ёстой хоёрхон шийдэл байна. Нэг нь эдийн засгийн таатай давуу орчиндоо дулдуйдаж долларын ханшийг суллах, нөгөө нь А-95, дизелийн онцгой албан татварыг тэглэх.

Долларын ханш энэ янзаараа чангараад байвал ногоон валютаар худалдаж авдаг шатахууны үнэ буух ямар ч боломжгүй. Импортлогчид арилжааны банкуудаас зээлсэн мөнгөө сар бүрийн 15-нд “Роснефть” рүү шилжүүлдэг. Энэ үеэр ногоон валют чангарах үзэгдэл анзаарагддаг нь ийм учиртай. Манай улс жилдээ 1.4 сая тонн шатахуун хэрэглэж байна. Шатахуунд хичнээн ам.доллар зардагийг тооцохын тулд хамгийн багаар буюу нэг сая тонн шатахуунаар багцаалдъя. Нэг сая тонн бүтээгдэхүүнийг дунджаар нэг тонныг нь 700 мянган ам.доллараар авлаа гэж бодъё. Тэгвэл нэг сая тонн шатахуун худалдаж авахын тулд бидэнд жилд 700 сая ам. доллар хэрэгтэй. 700 сая доллараа 12 сард хуваахаар сар бүр 60 сая ам.доллар гадагшилдаг гэсэн аварга тоо гарч байна. Өнөөдрийн хэрэглээгээр тооцвол ойролцоогоор сар бүр 80 гаруй сая ам.доллар гадагш урсдаг гэсэн үг.

Доллар чангараад байхад шатахууны нөөцөө ахиухан бэлдэж болдоггүй юм байх даа гэсэн шүүмжлэл дуулддаг. Ахиухан шатахуун импортлохын тулд овоохон мөнгө хэрэгтэй. Арилжааны банкуудаас зээл авсан импортлогчдын хувьд дажгүй хэмжээгээр шатахуун нөөцөллөө ч долларын ханш өсөх хэрээр үнээ өсгөхөөс аргагүйд хүрнэ. Учир нь тэд зээлийн хүүгээ сар бүр төлдөг. Сар бүрийн хүү нь 1.5-1.6 хувиар хэмжигддэг. Ханшийн савлагаа ийм огцом хэлбэлзэлтэй үед жилийн 18 хувийн хүү гэдэг бол чанга тоо. За тэгээд агуулахад ажиллаж байгаа хүмүүс, агуулахын цахилгааны хэрэглээ гэж ирээд яривал урсгал зардлууд өчнөөн. Шинээр агуулахууд барьж байж ахиу шатахуун нөөцлөх боломжтой гэсэн тайлбарыг импортлогчид хэлдэг. Уул уурхайн салбар унаж, дизелийн хэрэглээ эрс хумигдсан 2014-2016 онд ахиу шатахуун нөөцлөх боломж байж. Уул уурхай сэргэж 1.1 сая тонн байсан хэрэглээ 1.4 сая тонн хүртэл өссөн өнөөдрийн хувьд ахиу шатахуун авъя гэсэн ч нөөцлөх сав хүрэлцэхгүй гэсэн шалтгаан байгаа аж.

Онцгой албан татварын хувьд өдгөө 80, 92 бензинийг татваргүй импортолж байгаа. Харин 95, 98-аас Засгийн газар онцгой албан татвар авсан хэвээр байна. Валютын сантай зөвшилцөж байж шийднэ гэсэн тайлбарыг эрх баригчид хэлж буй. Татвартай, татваргүй гэсэн ялгаанаас болж 80, 92-оос бусад бензин дизелийн үнэ хоорондоо 400 гаруй төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байна. Эндээс анзаарахад Засгийн газар ирэх оны төсөвт дизель, 95 бензиний онцгой албан татварыг хасч тооцох шаардлага нэгэнт үүсчихэж. Гэхдээ онцгой албан татварыг чөлөөллөө гээд долларын ханшийн чангарал, дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнийн галзуурлаас болж өндрөө авсан шатахууны үнэ мэдрэгдэхүйц бууна гэдэг боломжгүй зүйл. Харин ам.долларын ханшийг хазаарлаж чадвал шатахууны үнэд дарлуулахгүй амьдрах боломж бий.

Өмнөх засгийн үе шиг Үнэ тогтворжуулах хөтөлбөр зарлахгүй гэдгийг Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгч нь мэдэгдчихсэн болохоор долларын ханшийг суллаж, төгрөгөө чангалах гарц л үлдээд байгаа юм. Долларын урсгалыг гадагшлуулахгүйн тулд иргэдийнхээ хэрэглээний зээлийг хумиад эхэлсэн засагт бас нэг гарц бий. Тэр нь төсвийн зардлаа багасгаж, төсвөөс санхүүжих эх үүсвэрүүдийг цөөлөх. Товчхондоо иргэд нь сард авдаг хэдэн төгрөгөө долларын чангарлаас болж үнэгүйдүүлчихээд бүсээ чангалж чардайж явахад төр ч бас бүсээ чангалмаар байна. Улсын төсвийн мөнгийг дэмий юманд зарцуулахаа эрс багасгавал төгрөг долларын харьцаа харьцангуй зохистой түвшинд хүрнэ гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлж байна. Бултаараа төгрөгөө чангалах энэ мэт арга чарга хэрэглэвэл бага ч гэсэн нэмэртэй л шийдэл.

Шатахууны үнэд улсаараа нэрвэгдэхгүй байх бас нэг гарц бий. Шатахууны нийт хэрэглээний багахан хэсгийг буюу 32-33 хувийг жижиглэнгийн буюу энгийн иргэдийн хэрэглээ эзэлдэг гэсэн тооцоо бий. Жижиглэнгийн хэрэглээ 92, 80 дээр төвлөрдөг. Засгийн газар шатахууны үнийн өсөлтөд хамгийн их өртдөг энэ эмзэг хэсгээ онилж өмнөх засгийн хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй төстэй арга хэрэглэмээр байна.